- Цэцийн дээр хөх тэнгэр биш Ардын нам байдаг -

Б.ГАРЬД

 

Ардын намын гомдол тайлагддаггүй ээ. Удтал эрх мэдэл, албан тушаалд умбаж явсан энэ намын удирдлагууд сонгуулийн дүнд өнөө хэр нь итгэж чадахгүй байгаа нь сүү­лийн хэдэн өдрийн үйл явдлаас харагдав.

Гомдоод л, гомдоод л... Уг нь Монгол төрийн үйл хэрэг гэдэг хэн нэгэн Батаа, Хүрэлээ нарын хоорондын асуудал биш. 800 гаруй жилийн түүхтэй Их Монголын улбаа, гур­ван сая шахам иргэний бүр­дүүлж буй өнөөгийн Мон­гол Улсын хувь заяа. Төрт ёсонд гомдол байх учир­гүй. Тиймдээ ч “... Хаа­ны алба халаа­тай...” гэдэг үг “төрсөн” биз.

Халаагаа өгөлгүй УИХ-ыг даруй хэд хоно­гоор гацааж, яг одоо хү­лээл­гэн өгч буй намын удирд­­лагын албан тушаал­тай­гаа зууралдсан МАН-ын дарга нарын царай олон нийтэд ийм л ойл­голтыг төрүүлж буй.

Энэ зуурт АН болон МАХН-ын эвсэл, бас ИЗНН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд чуул­ганыг үргэлжлүүлэн, УИХ-ын даргыг сонгож, Монголын төрийг гацаа­наас гаргав

Энэ утгаар, тэд ард түмний төлөөлөл болсон үүргээ сайн гүйцэтгэлээ. Гэвч өнөөх МАН-д таа­лагд­сангүй. Бага хурлаа зарлан, албан тушаалаа булаалдан хэрэлдэж бай­сан эрхмүүд УИХ-ын дар­гыг сонгосон даруйд Тус­гаар тогтнолын ордноосоо гүйхээрээ гарч ирэн, мэ­дэгдэл хийв. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдоод удаагүй Н.Энх­болд “Та нарыг Үнд­сэн хуулийн Цэцэд өгнө дөө” гэв. Түүний тайлбараар бол УИХ-ын чуулган зөвхөн Д.Дэм­бэрэлийн удирдлагаар яваг­дах ёстой. Тиймээс З.Энхболд хууль бус УИХ-ын дарга гэсэн юм. Айлын хүүхэд шоглуулахаараа, аавдаа хэлнэ дээ гэдэг шиг сонсогдов.

Уг нь Монгол Улсын Их хурлын чуулганы ху­ралдааны дэгийн тухай хуульд заасныг харвал, МАН-ын Д.Дэмбэрэлээр анхдугаар чуулганыг дар­галуулна гэдэг нэг ч үг алга. Үгчилбэл, энэ хуу­лийн хоёрдугаар бүлгийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийг тан­гараг өргөх ёслол дуустал, Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-ын насаар хамгийн ахмад гишүүн чуулганы хуралдааныг зохион бай­гуулж даргална” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, МАН-ын Үндсэн хуулийн цэц рүү барьж очих хуулийн заалт бол энэ.

Дээрх заалтаар бол Д.Дэмбэрэл гуай гишүү­дийг тангараг өргүүлээд, дараа нь Их хурлын дар­гыг сонготол анхдугаар чуулганыг үргэлжлүүлэх учиртай байжээ. Гэтэл МАН-ын Бага хурал гээд УИХ-ыг гацаагаад алга болов. Ерөнхийлөгч нь дуудаж уулзаад ч Д.Дэмбэ­рэл гуайгаар хурал дарга­луулж чадаагүйг ард түмэн телевизийн дэлгэцээр хар­сан. Харин хоёр хоног МАН-ын гишүүдийг хү­лээж суусан 62 хувийн ирцтэй эрхэм гишүүдийн дундаас хамгийн ахмад нь Л.Цог байсан нь үнэн. Хуульд  анхдугаар чуул­ганыг Ардын намын Бага хурлын дараа үргэлжлүүл­нэ гэсэн үг байхгүй. Харин ч УИХ-ыг санаатайгаар гацаасан Д.Дэмбэрэл бо­лон МАН-ын гишүүдэд Эрүүгийн хууль дахь Тө­рийн эсрэг гэмт хэрэг гэсэн зүйлчлэлд хам­руу­лан шалгах нь зөв гэсэн санал олон нийтийн дун­даас гараад эхлэв.

МАН-ын гишүүд ин­гэснээрээ бусад нам эвс­лийн гишүүдийг төлөөллөө болгосон олон мянган сон­гогчдын эрх ашиг хөндөж байгаа нь шууд харагдаж байна. Монгол Улсын Үнд­сэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д “Шууд буюу төлөөлөгчдийн байгуулла­гаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгуул­лагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаард­лагыг харгалзан хуу­лиар тогтооно” гэж заасан.

Энэ заалтаар бол МАН-аас бусад намын гишүүдийг сонгосон сонгогчид эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байж.

Эрхийг нь эдлүүлж, төрийн ажлыг хэвийн үр­гэлжлүүлсэн УИХ-ын шийд­вэр, даргын томил­гоо аль ч талаараа ард түмний тусын тулд, харин ч Үндсэн хуулийг дагаж биелүүлсэн явдал хэмээн хуульчид, улстөрчид үзэж буй аж.

Харин МАН-ын ги­шүүд Үндсэн хуулийн цэцэд найдвар тавин илт зүйлийг өөрсдийнхөө талд гаргана гэсэн тийм их итгэлийн цаана ямар хол­боос нуугдаж байгаа нь эргэлзээ төрүүлж буй. Цэ­цэд найдаж болох тодор­хой шалтгаан байдаг аж. Өдгөөгийн Цэцийн ги­шүү­дийн дийлэнх нь МАН-ын голдуу бүрэлд­сэн Их хурлаар батлуулж, энэ ажилд тохоогдсон байдаг.

Тиймээс МАН тэд­нийг ач хариулна гэж үзэж буй гэнэ.

Ер нь Үндсэн хуулийн цэц сүүлийн үед баахан улстөржих болсон. Ур­жигдар Бага суудлын ху­ралдаанаараа иргэн Н.Энх­баярын гомдлыг хянан хэлэлцэх шаард­лагагүй. Энэ бол эцсийн шийд гэсэн мэдэгдлийг хийв.

Үндсэн хуулийн цэ­цийн түүхэнд төдийлөн байгаагүй эцсийн ший­дийг сая л гаргаж байх шиг. Түүхийг нь харвал хэн нэгэн иргэний гомдлыг Их суудлын хуралдаан хүртэл хэлэлцэж ирсэн аж. Нө­гөөтэйгүүр энэхүү эцэслэ­сэн асуудал нь их сонин. Хаанаас нь ч харсан Үнд­сэн хуулийн дээр дурдсан 16 дугаар зүйлтэй холбоо­той.

Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаярын сон­гогдох эрхийг хязгаарлах­даа, ЦЕГ, ШШГЕГ-аас зан байдлын тодорхойлолт гэв үү дээ, нэг иймэрхүү утгатай мэдээлэл авч, түү­нийг үндэслэл болгосон гэдэг. Гэтэл Сонгуулийн тухай хуульд нэр дэвших эрхийг хязгаарлах тухай маш тодорхой заасан. Уг хуулийн зургадугаар зүй­лийн,

“...6.1.Сонгуульд сон­гуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн га­рал, байдал, хөрөнгө чи­нээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр орол­цох эрхтэй.

 

6.2.Энэ хуульд заасан шаардлагыг хангасан хо­рин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн Ул­сын Их Хурлын гишүү­нээр сонгогдох эрхтэй.

6.3.Монгол Улсын ир­гэн /цаашид “иргэн” гэх/-ий сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хяз­гаарлахыг хориглоно.

 

6.4.Эрх зүйн чадамж­гүй нь шүүхийн шийд­вэрээр тогтоогдсон, эсхүл хорих газар ял эдэлж бай­гаа иргэн сонгуульд орол­цох эрх эдлэхгүй.

 

6.5.”Эрх зүйн чадамж­гүй нь шүүхийн шийдвэ­рээр тогтоогдсон” гэж Ир­гэ­ний хуулийн 18.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүү­хэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141-143 дугаар зүйлд заасан жур­мын дагуу шүүхээс иргэ­нийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсоныг ойлгоно.

 

 6.6.”Хорих газар ял эдэлж байгаа” гэж шүү­хийн хүчин төгөлдөр шийт­гэх тогтоолоор хорих ял эдэлж байгаа иргэнийг ойлгох бөгөөд үүнд хорих ял эдлэхээс зайлсхийж яваа, хорих байгууллагаас түр чөлөөгөөр гарсан иргэ­нийг нэгэн адил хамаа­руулна...” гэсэн заалт байна.

Н.Энхбаярын хувьд дээрх заалтын аль нэгд хамаарагдахгүй бөгөөд шүүхээр гэм буруу нь эцэс­лээгүй, шалгагдаж байв.

Гэвч Сонгуулийн ерөн­хий хорооноос хуульд заа­гаагүй баримтлалаар нэр дэвших эрхийг нь хассан.

Н.Энхбаяр чухам үү­нийг л эсэргүүцэж, бас Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан сонгогдох эрхээ эдлэх гэж  Цэцэд ханджээ. Гэтэл Үндсэн хуулийн манаач гэгддэг Цэцээс “Энэ асуудал ма­найд хамаагүй” гэж.

Ингэхдээ яаран санд­ран “Эцэслэн шийдэв” гэсэн нь Цэцийн дээр хэн нэгэн, үүний цаана улс төрийн шалтгаан байна гэх хардлагыг нийгэмд төрүүлж буй. Тэгж үзэхээс ч өөр аргагүй юм. Шуудхан хэлэхэд Н.Энхбаярыг улс төрөөс хол байлгах, бас бус шалтгаар нухчин дарах гэсэн улс төрийн бүлэглэл байгаа нь нууц биш. Гэтэл Үндсэн хуулийн цэц бодит байдлыг гуйвуулан, тэд­ний эрх ашиг, сонирхолд нийцсэн шийдвэр гаргаж, Үндсэн хуулийг манах үндсэн үүргээ зөрчин, хэн нэгэн намын өгсөн үүр­гийг гүйцэтгэж буй нь тодорхой байгаа тухай учир мэдэх хүмүүс хэлж байна.

Анх гавьяат хуульч Г.Совд агсанаар дарга­луулан ажиллаж эхэлсэн Үндсэн хуулийн цэц өдгөө есөн хүний бүрэлдэхүүн­тэй. Дарга нь Хууль зүйн сайд асан Ж.Амарсанаа. Орлогч дарга нь Цэцэд олон жил болж байгаа Н.Жанцан. Гишүүд нь Ерөнхийлөгч асан П.Очир­бат, ТӨХ-ны дарга асан Д.Сугар, мөн Т.Лхаг­ваа, Ц.Сарантуяа, Д.На­ранчимэг, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нар. Дийлэнх нь МАН-ын голдуу ги­шүүнтэй Их хурлын үеийн Цэцийн манаачаар томи­логдож байсан. Гэхдээ намынх нь угшлыг яривал бас л МАН-ын голдуу ги­шүүн байх.

Ийм бүрэлдэхүүнтэй Цэцийн сүүлийн үед гар­гаж буй шийдвэр, тогтоо­лууд нь ямар нэг шалт­гаанаар улстөржиж эхэл­сэн. Мөн МАН эцсийн найдвар, хамгаалах эз­нээрээ Цэцийг сонгоод байгаа нь дээрх хардлагыг улам гүнзгийрүүлж буй.

Уг нь Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэг. Гэтэл МАН байдаг бололтой. Тэгэхээр Цэц Үндсэн хуулийг биш МАН-ын хамгаалагч болж таарах нь.

Чухамдаа бол Үндсэн хуулийн цэц гэдэг үүрэг гүйцэтгэдэг байгууллага биш ажээ.