Д.МЯГМАР
Манай улсын урдаа барьдаг сургуулиудын нэг ШУТИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга бүсгүйн ажлын үүдийг сахиж ярилцлага авчих санаатай хүлээлээ. Түүний өрөөгөөр байсхийгээд л хүн шагайж, завсар чөлөөгүй л оюутнууд, багш, эрдэмтэд орж, гараад л хөдөлгөөн ихтэй аж. Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын-8 ШУТИС-ийн залуус бүсгүйчүүдээ хэрхэн баярлуулах талаар яриа өрнүүлж байлаа. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан дэд захирал, дэд профессор Д.Ганчимэгийг “Ярилцах цаг” булангийн зочноор урьж энгийн яриа өрнүүллээ. Тэрээр олон зүйлд анхдагч болсноо бурхны зурсан зураг юм хэмээн даруухан өгүүлэх юм билээ.
-Хүн бүр өөрийн гэсэн амьдралын жимийг бий болгодог болов уу. Эрдэмтэн хүний хувьд та амьдралын өнгийг аль өнцгөөс хардаг вэ?
-Бурхны зурсан зургаар л би аж төрж яваа гэж боддог юм. Дунд сургуульд байхдаа би багш мэргэжилтэй болно. Насаараа л эрдэм, номын мөр хөөнө гэж санаж байсангүй. Аз, эз гэх үү нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн орос хэлтэй анхны төгсөгч болж байлаа. Өнөөдөр шавь нартайгаа зэрэгцээд л өөрийгөө хөгжүүлээд, цаг ямагт шинийг суралцаад л явж байна.
-Орос хэлний багш болох гараагаа та д унд сургуулиасаа эхэлсэн гэж хэлж болох уу?
-Өнөөх л зурсан зургаараа л би орос хэлний багш мэргэжлийг сонгосон байх гэж боддог. Тухайн үед манай улс орос хэлийг бодлоготойгоор сургахаар хүүхдүүдээ багаас нь бэлтгэж эхэлсэн юм билээ. Тиймээс 1975 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг орос хэлтэй анхны 20 хүүхэд онц, сайн дүнтэй төгссөн. Тэдний нэг нь би. Бид Орос хэлний мэргэжил эзэмшихээр ОХУ-ын Уралын их сургуулийн хуваарь авсан юм. Тухайн үед Свердловск хаалттай хот байсан. Тэнд хөл тавьсан зургаан монгол оюутны нэг болж Уралын их сургуулийн босго алхсан нь амьдралын маань сайхан мөчүүдийн нэг юм. Мөн тэндхийн анхны гадаад төгсөгчдийн нэг болж 1980 онд сургуулиа төгсөж эх орондоо ажиллахаар ирсэн. Ихэнх хүүхэд авсан хувиараа тухайн үед сольсон доо.
-Их, дээд сургууль төгсөөд ажлын гараагаа эхлүүлэх амаргүй байдаг. Таны хувьд ямар ажилд хуваарилагдав?
-Сургуулиа төгсөөд Хөнгөн үйлдвэрийн яамны Гадаад харилцааны хэлтэст ажилд орсон. Тухайн үед Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн ажлын албан ёсны хэл нь орос хэл байлаа. Орос хэлтэй хүмүүс эрэлт, хэрэгцээтэй, аятайхан ажил олддог байж. Энэ зөвлөлийн нарийн бичгийн дарга болох магадлалтай санагдаад. Тиймээс яаманд референтээр ажиллах болсон.
1990 онд нийгэм, цаг үе солигдож, бүтцийн өөрчлөлт гэж сүрхий зүйл хийсэн. Тэр үед би яамны харъяа ТМС-д багшлах болсон. 1995 онд ШУТИС-д багшилж шавь нараа сургах болсон. Хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж байсан болохоор үйлдвэрээр их явна. Тэр хэрээр мэргэжлийн үг, хэллэгээ улам арвижуулна даа. ШУТИС-д ажиллахад тэр үед сурч байсан зүйл их хэрэг болсон. Тиймээс залуус маань хаана ч ажилласан их зүйл сурч аваасай.
-Шавь нараараа бахархана биз?
-Манай сургууль төгсөгчид ер нь л их дажгүй ажиллаж, амьдардаг юм. Шавь нар маань их сүрхий яваад би баярладаг. Багш хүний бүтээл нь шавь нар шүү. Тиймээс би хэрхэн ажиллаж байгаагаа төгсөгч нарынхаа ажлын амжилтаас харж болно.
-Эрдэмтэн нарийн бичгийн дарга гэхээр ном шагайж, хурал, чуулган хийсэн завгүй хүн байх болов уу. Энэ их ажлын хажуугаар ажилсаг эзэгтэй, сайн ээж, халамжит хань байх амаргүй биз?
-Би нэг их мундагтаа эрдмийн мөр хөөчихсөн гэж бодогддоггүй юм. Амьдралын шаардлагаар хүн ном үзэж, зэрэг цолоо ахиулдаг байх. Тэрнээс биш би бусад хүнээс илүү гарч, сүрхийдээ эрдэмтэй болж, ном бичээгүй болов уу. Их сургуульд багшлахаар аандаа ном бичих шаардлага гардаг юм билээ. Багш хүн мэргэжил, мэдлэгээ байнга дээшлүүлж байх ёстой. Цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахгүй бол горьгүй шүү. Ажилдаа гүнзгий орж байгаа маань бусдад эрдмийн өндөр зэрэг цолонд хүрсэн сүрхий хүн болж харагдуулдаг байх. Өргөн мэдлэгтэй байхгүй бол шавь нартаа гологдоно. Тэднийгээ хэнээс ч дор оруулахгүй эрдэмтэй хүн болоосой гэж ямар ч багш хүсдэг. Би гадаад хэлтэй гэж онгироод бусад зүйлийг суралгүй орхиж хэрхэвч болохгүй. Дахин гадаад хэл үзэж, мэдлэгээ бататгаж, улам лавшруулах хэрэгтэй. Энэ бүхнээс болж бид нэг л мэдэхэд эрдмийн зэрэг, цолд зарим нь оргилд хүрдэг байх.
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийг би санаж явдаг юм. Хүн хоёр, гурван гадаад хэлтэй байх юм бол хоёр, гурван хос морьтой юм шиг болж хол, хүнд хэцүү ямар ч замыг туулж болдог гэж. Багаасаа орос хэл шамдан үзэж байсандаа би сэтгэл хангалуун амьдарч байна. Хүмүүсийн уншаагүй гээд хэлчихвэл биеэ тоосон болчих байх, оросын утга зохиол, сонгодгуудыг эх хэл дээрээ байгаа мэт шимтэн уншиж танилцаж байлаа. Гадаад ямар ч хэлтэй байсан хүнд их мэдлэг, амьдралын олон боломжийг нээж өгдөг. Хүүхэд, залуус маань монгол хэлнийхээ зэрэгцээ гадаад хэлийг шимтэн судлаасай гэж хүсдэг.
-Залуус маань 1970, 1980-аад оныхон шиг мэргэжилд дурлахаасаа илүүтэй цалинг нь харж ажлаа сонгож хийдэг болж. Таны хувьд цалин хөөсөн хүмүүсийг юу гэж боддог вэ?
-Өнөөгийн залууст ололттой авчихаар тал олон бий. Хажуугаар нь саар зүйл ч бий. Аль ч нийгэмд гэрэл, сүүдэр зэрэгцэн оршдог шиг нийгмийн хөгжлөө дагаад сайн, муу зүйл олонтаа гарч ирнэ. Түүнээс сайн талыг нь олж харж залуус маань нэг нэгэндээ үлгэрлэдэг болоосой. Нийгмийн өөрчлөлтийн бурууг эрх мэдэлтнүүд хүүхэд, залууст бүү тохоосой. Үнэхээр алдаатай зүйл байвал төр, засаг нь тэр бүхнийг их, бага гэж ялгалгүй засч, залруулаасай. Нийгэм өөрөө хүний бүтээл байдаг учраас бид өөрсдөө л тэр алдаа, мадгийг засна шүү дээ. Тэгж байж бидэнд амжилт, бүтээл арвин ирнэ. Залуусын хошуурдаг цалин ихтэй ажлын байр бий болно
-Таны “дурласан” мэргэжлийг сүүлийн жилүүдэд Монголд нэг их тоохгүй болсон байх шиг. Орос хэл сурах, судлах ажил хоцрогдож англи, солонгос, хятад хэлийг сонирхдог болоо юу. Таны хувьд ямар сэтгэгдэл үлдсэн бэ?
-Үүнийг би нийгмийн шаардлага гэж харж байгаа. Гэхдээ монгол хүмүүс 1990-ээд оныг хүртэл орос хэлээр ярьдаггүй, оросоор ойлгодоггүй хүн ховор байлаа. Орос хэлний сургалтыг өндөр төвшинд хүргэж чадсан шүү, монголчууд. Харамсалтай нь орос хэл судлаж өндөр мэдлэгтэй болсон. Тэр төвшнөөсөө сүүлийн хэдэн жил буурчихлаа. Би үүнд их харамсч явдаг. Болж өгвөл монголчууд хоёр, гурван хос морьтой гэдэг шиг хүүхдүүдээ хос хэлтэй болгоосой. Шавь нараа ч би бас хос хэлтэй бол гэж шахдаг.
-Шавь нараа сургахын зэрэгцээ та хүүхдүүдээ орос хэлэнд ус, цас болгосон биз?
-Миний зүтгэл гэж юу байх вэ. Харин миний хань айхтар анхиатай тулдаа хоёр хүүхдээ орос, англи хэлтэй болгосон байх шүү. Манай нөхөр сэтгүүлч. Баярынх нь өдөр жаахан магтаж хөөргөж болно биз дээ.
-Бололгүй яах вэ. Та манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний хань “Ардын эрх” зэрэг олон сонин, хэвлэлд ажиллаж байсан Д.Цэдэн-Иш гэж сэтгүүлч бий. Сэтгүүлчид ер нь ямарваа зүйлд их няхуур ханддаг, бусдын төлөө явдаг, сүрхий улс байдаг шүү. Өнөөдөр үндэсний сэтгүүл зүй үүсч, хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Хань маань “Баяртаа оролцохоор явлаа” гээд өглөө гэрээсээ гарсан. Дөрөв дэх засаглалын халуун ам бүлийнхэнд нь ханийнхаа өмнөөс баярын мэнд хүргэж, үг нь хурц, үйл нь ариун бүтэмжтэй байхын ерөөлийг өргөе.
-Баярлалаа. Хүүхдүүд тань та хоёрын мэргэжлийг эзэмшсэн үү. Эцэг, эхчүүд мэргэжлээ хүүхдүүддээ өвлүүлэх гэж хүсдэг шүү дээ?
-Манай хүү Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж аавынхаа мэргэжлийг нь өвлөсөн. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаад 2012 оноос АНУ-ын Элчин сайдын яаманд хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн болсон.
Би багш хэрнээ хүүхдүүдээ сургахад ердөө ч цаг гаргаж байгаагүй. Загасчны морь усгүй гэдэг шиг л. Азаар хоёр хүү маань англи, орос хэлэнд шамдаж, гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг болсонд би их баяртай байдаг. Аавынхаа нөлөөгөөр тэр хоёр маань хос морьтой болсон доо. Манай хүн аливаа зүйлд их чамбай ханддаг. Тиймээс хүүхүүд нь бас сүрхий мэрийлттэй болдог юм байна.
-Сэтгүүлч хүний гэргий байх ямар санагддаг вэ. Зарим нь гэрийн бараа харахгүй, бусдын төлөө явлаа гэх мэтээр ад, шоо үздэг?
-Хорвоо сайн муу, сайхан, муухайг тэнцүүлдэг шүү дээ. Тиймээс бид ямар ч байсан сайхан аж төрж байна. Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдаж байхад би бага хүүгээ төрүүлсэн юм. Нөхөр маань намайг нялх биетэй гэж тэр үед гэр лүүгээ гүйгээгүй юмдаг. Би нялх хүүхэдтэй гэртээ суудаг байхад манай хүн сэтгэл амар ажлаа хийж оройдоо л ирдэг байж. Тэгсэн хэрнээ хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжлийг анхаарч бусдын дор орохооргүй хүн болголоо. Сэтгүүлчдийн ажил, хөдөлмөр цаг, наргүй юм даа.
-Танай гэр бүл хоёр оюутан төгсгөж хоолны захад хүргэсэн юм байна. Оюутны төлбөрийн тал дээр ээж, дэд захирал хүний хувьд таны байр суурь зөрөлддөг үү?
-Хэн ч байсан оюуны хөдөлмөрийг үнэлэх ёстой гэж би боддог. Технологийн инженер гэхэд их нарийвчилсан зүйл судалдаг. Хүнсний, үйлдвэрийн гэх мэтээр олон салбарладаг. Ийм инженер өндөр төлбөртэй, сайн сургалттай сургуульд л бэлтгэх ёстой. Өнөөдөр мөнгөтэй хүн бүр хүүхдэдээ дунд боловсрол эзэмшүүлэх гэж дунджаар 1000-5000 ам.доллар төлж сургаж байна. Гэтэл яагаад нарийн мэргэжлийн инженер болох гэж байж оюутны сургалтын төлбөрөө бууруул гэдэг юм бол. Ийм шаардлагыг би ер ойлгодоггүй юм. Ийм хүмүүсийг улсын нэгдсэн бодлогоор, өндөр төлбөртэй сургуульд сайн бэлтгэх хэрэгтэй. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардал их гардаг. Ядаж л оюутнуудыг эрдэм, номтой болгож, шинжилгээ, судалгааны ажилд дурлуулахын тулд элдэв хурал зохион байгуулна. Хавар болохоор эрдэм шинжилгээний ажил эхэлж илтгэл, хурлын цаг нэмэгддэг юм. Ингээд л манайхны ажил ундарч байна.