Ч.ЗОТОЛ, Д.БОЛОР

Монголд үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, энэ салбарын туулж ирсэн замнал, ирээдүйн хөгжлийн тухай бодол, эргэцүүллээр дүүрэн оюуны том хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Сэтгүүлч мэргэжил эзэмшиж, шувуугаар бол ойн тоншуул шиг нийгмээ эмчилж ирсэн үе үеийн сэтгүүлчид эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн иржээ. 100 жилийн өндөрлөгөөс сэтгүүлчид салбарынхаа алдаа оноо, хэвлэл, мэдээлэлд юу тулгамдаж байна, сэтгүүлчдийн нийгмийн асуудал гээд олон талаас дүгнэж, ярьж байна. Хүн болгон, сэтгүүлч бүр, энэ салбарын биш эрхмүүд ч гэсэн эндээс дотроо нэгийг бодож, хоёрыг тунгаасан гэдэгт итгэнэ. Тэр дотроо сэтгүүлчид өөр өөрсдийн тархи, зүрх, сэтгэлд шинийг сэрж, мэдэрсэн гэдэгт найдна. Хурлын ач холбогдлыг олон хүн ийнхүү дүгнэж байлаа.
100 жилийн ойд зориулсан ёслол, хүндэтгэлийн их хурал УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн мэндчилгээгээр эхлэв. Улс орны, нийгмийн, ард түмний хөгжлийн хөтөч болж бүхний түрүүнд алхаж явдаг учраас сэтгүүлчдийн их хуралд онц ач холбогдол өгөх нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, нэгэн зууны турш тэдний оруулж ирсэн хувь нэмрийг онцлон тэмдэглэх учиртай. Энэ л үүднээс төрийн өндөрлөгүүдээс эхлээд бийр янтай агссан бичгийн их хүн С.Эрдэнэ агсны хүү, өдгөө хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй бусад эрхмүүд баярын мэндчилгээ ирүүлсэн биз.
Энэхүү 100 жил, тэр дотроо ардчилал бий болсон сүүлийн 20 жилээс өдгөө зах зээл, даяарчлалын эрин зуунд Монголын сэтгүүл зүй үзэл суртлын зэвсгээс, үнэний дуу хоолой, шударга үнэний төлөөх тэмцэгч гээд түүхээ өнгө өнгөөр бүтээж ирсэн байна. Тэр дотор бахархам амжилт ч , шүүмжлэх зүйлүүд ч бий гэдгийг Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид их хурлын индэр дээрээс онцолсон. Гэхдээ бидний явж ирсэн замд цаашид өөрчлөх ёстой зүйлүүд, тэр дотроо хэвлэл, мэдээллийн эрхийн тухай асуудал, хууль эрхзүйн орчныг зөв бүрдүүлэх, нийгмийг эмчлэгчид өөрсдөө эрүүлжих асуудал бий гэдгийг ч хэлсэн. Тэр нь харин ямар байх вэ, ямар гарц байна гэдэгт сэтгүүлчид энэ их хурлаас өмнө асуудал дэвшүүлж эхэлсэн билээ. Сэтгүүлчдэд эрхийг нь өгчихвөл, хэвлэл, мэдээллийн байгууллага эзний бус сэтгүүлчийн өмч байгаа тохиолдолд тэр боломжтой. Бас “Галын шугаманд зоригт шонхорууд л нисдэг” гэдэг үгийг мартаж болохгүй байх. Учир нь сэтгүүлчээс огт хамаарахгүй зүйлүүд ч бас байдаг билээ. Гэхдээ сэтгүүлч Ерөнхийлөгчийн маань их хурлын дундуур давхиж орж ирээд индэр дээрээс үзэг нэгтнүүд рүүгээ дайрч давшилж байгаачлан сэтгүүлчид бүгдээрээ авлигач, ариун бус гэдэгтэй санал нийлэхгүй. Хэрэв тийм байсан бол өнөөдөр “Ардчиллын алтан хараацайнууд” хэмээн цээжээ дэлдээд байгаа, “Олуулаа төр, засгийн эрхийг авлаа” гээд байгаа эрхмүүдээс өмнө Монголын сэтгүүлчид ардчиллын тухай ярьж, бичсэн юм шүү гэдгийг сэтгүүлчид нэгэн дуугаар хэлэх болов уу. Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлэх нэрээр “Та нар авлига авсан, ариун эсэхээ сана” хэмээн үзэг нэгтнүүдээ зандарснаараа өөрийнхөө зүтгэж, бүтээж ирснийг үгүйсгэж байна гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Сэтгүүл зүйд алдаа, оноо бий ч түүнийг Ерөнхийлөгч загнаж, зандарснаар арилчихгүй биз. 100 настай энэ салбар зуун түмэн нүдтэй. Үүнийг ч хурлын төлөөлөгчид хангалттай ярьж хэлж байгаагаас харж болохоор байна. Тэдний байр суурийг хүргэе.
Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар: МАНАЙ СЭТГҮҮЛЧИД УЛАМ ЧАДВАРЖИЖ БАЙНА
-Монголын сэтгүүлзүй өнгөрсөн хугацаанд түүхийн ямар шат дамжлагыг туулж ирэв?
-Өнөөдрийн хөгжилд хүрэхийн тулд гурван үеийг үджээ гэж болно. 1913-1921 оны Ардын хувьсгал хүртэл “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэлийн сонин бичиг”-үүд нийтлэлийн бодлогодоо ямар нэг хэмжээгээр ардчилсан үзлийн элементийг шингээсэн, өдөр тутмын шинжтэй хэвлэгдэн гарч байжээ. 1921 оны ардын хувьсгал ялснаас хойш социалист, коммунист үзлийг тунхаглахын тулд сонины бүхэл бүтэн бүтцийг өөрчилсөн нь гайхамшигтай. Тэгэхээр 1921 оноос хойш 1990 оныг хүртэлх сэтгүүлзүй бол коммунист тогтолцооны үеийн сэтгүүлзүй гэж хэлж болно. Үзэл суртлыг нь авч хаячихаад сэтгүүлзүй талаас нь харах юм бол их олон зүйл шинээр хийгджээ гэж үзэж болохоор юм. Жишээлбэл, үндэсний өдөр тутмын сонины тогтолцоо бий болж, Монголын радио, телевиз, мэдээллийн үндэсний хэмжээний агентлаг үүссэн. Өөрөөр хэлбэл, сэтгүүлзүйн бүтэц бий болжээ. Гагцхүү энэ бүтцийг ашиглаад коммунист үзэл суртлыг түгээн дэлгэрүүлж байснаас үүдээд нэг үзэл сурталд баригдсан сэтгүүлзүйн үе байв гэж болохоор байна. 1990 оноос хойших үеийг чөлөөт сэтгүүлзүй гэсэн нь одоо ч нүдээ олсон томъёолол юм. Тэгэхээр энэ бүх хугацааны хамгийн талархууштай он цагийг сүүлийн 23 жилийн түүх гэж болохоор байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн М.Зулькафиль: БИД ГУРВАН ҮЕИЙГ ҮДЖЭЭ
-100 жилийн ойгоо тэмдэглэж буй сэтгүүл зүйн салбарын хамгийн том ололтыг та хэрхэн дүгнэж байна?
-100 жилийн хугацаанд ололт, бэрхшээл аль аль нь байсан. Олон сонин, сэтгүүл байлаа. Түүний зэрэгцээ үзэл суртлын зэвсэг ч байлаа. 1990 оноос хойш чөлөөт сэтгүүл зүйн суурь тавигдаж, харьцангуй богино хугацаанд буюу 20 хүрэхгүй жил хагас чөлөөт хэвлэлтэй орны тоонд багтаж чадсан. Энэ бол том ажилт. Яагаад гэвэл манай урд, хойд хоёр том хөрш хоёулаа чөлөөт хэвлэлгүй орны тоонд байгаа. Жинхэнэ чөлөөт хэвлэлтэй орон болохын тулд Скандинавын орнууд, баруун Европын орнууд өчнөөн жил тэмцэж байж амжилтад хүрсэн. Манайх богино хугацаанд ийм амжилтад хүрсэн нь асар том үзүүлэлт.
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким: МУУ ХЭЛЭХ ТУСАМ НЬ САЙН БИЧ
-Сэтгүүл зүйн түүхэнд амаргүй замыг туулж ирсэн ахмад сэтгүүлчийн хувьд өнөөдөр 100 жилийн өндөрлөгөөс юуг онцолж хэлэх бол?
-Монголын сэтгүүлчдийн улс орны хөгжилд оруулсан хувь нэмэр бол агуу. Ард түмнээ гэгээрүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд хэн зүтгэсэн бэ Монголын сэтгүүлчид л зүтгэсэн. 100 жил зүтгэлээ шүү дээ. Өнөөдөр би их баяртай байна. Амьд явбал улсын наадам үзнэ гэдэг шиг амьд явбал 100 жилийг үздэг юм байна. Бид 1990-ээд онд ардчилалтай золголоо гэж ярьдаг. Хэн ардчилалтай золгуулсан юм бэ. Нээлттэй нийгмийн тухай, чөлөөт ардчиллын тухай хэн анх ярьсан юм бэ, сэтгүүлчид. Заримдаа биднийг муу хэлдэг л дээ. Тэгэхээр энэ түүхт өдөр би залуу сэтгүүлчид, дүү нартаа юу гэж захих вэ гэвэл муу хэлэх тусам нь сайн бич.
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Дашзэвэг: МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ АРДЧИЛАГДАЖ ЧАДААГҮЙ
-Монголын сэтгүүл зүйн 100 жилийн замнал нийгмийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан гэж та үзэж байна?
-Монголын сэтгүүлзүйн 100 жилд бартаат замыг туулсан. Баяр бахархалтай замыг туулсан. Түүний дотор бахархал нь дийлэнх. Яагаад гэвэл, хуучин тогтолцооны үед өөрийнхөө дайчин үүргийг биелүүлсэн. Одоо ардчилал, зах зээлийн үед, даяарчлалын эрин үед үүргээ амжилттай биелүүлж байна. Монголын сэтгүүл зүй дэлхийн олон судлаач ардчилсан сэтгүүл зүй гэж үнэлж дүгнэдэг. Ардчилал, зах зээлийн явцад ялангуяа эхний шуурганд Монголын сэтгүүл зүй бас социализмын үеийнх шигээ дайчин байсан гэдэг юм. Монголын сэтгүүл зүйг мөн жинхэнэ ардчилсан, чөлөөт сэтгүүл зүй мөн үү, биш үү гэдэгт анхаарал тавьдаг. Учир нь би Европын холбоонд сурвалжлагч байсан. Дэлхийн олон сэтгүүлчдийн дунд ажиллаж байсан. Одоо ч тэдэнтэйгээ холбоотой байдаг. Тэд Монголын сэтгүүл зүй бол жинхэнэ утгаараа ардчилсан чөлөөт сэтгүүл зүй болж чадаагүй гэж үздэг. Хэвлэл, мэдээллийн хууль эрхзүйн орчин нь ардчилсан байна. Сэтгүүлчид нь ажиллахдаа ямар нэгэн нам, улстөрч, пүүс компанийн эрх ашгийг илэрхийлээд байх шиг байна. Энэ нь сэтгүүлчийн үйл ажиллагаанд хортой байна гэж гадаадын сэтгүүлчид, бидний зэг нэгт нөхөд маань дүгнэдэг. Би ч бас үнэнтэй гэж үздэг. Гэхдээ Монголын сэтгүүл зүй хөгжлийн явцад сэтгүүлчдийн ур чадварын хувьд үнэхээр хөл нийлүүлэн алхаж чадаж байна.
“Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр: СЭТГҮҮЛЧ БОЛ ТҮМНИЙ ҮЗЭЛ БОДЛЫГ ИЛЭРХИЙЛЭГЧ ЮМ
-Сэтгүүлч гэдэг бол онцгой мэргэжил. Ард түмэнд мэдээлэл дамжуулах үүргийг гүйцэтгэж яваа арми юм. Өнөөдөр дугаар хорооны иргэн Хорлоог орчин тойрныхон нь сонсдог. Харин сэтгүүлч Хорлоогийн бичсэн нийтлэл, бэлтгэсэн нэвтрүүлгийг нь Монголын ард түмэн үзэж, уншиж, сонсч байна. Олон нийтийн санаа бодлыг тээгч, иргэдийн мэдэх эрхийн төлөө мэдээлэл цуглуулагч гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг амьдрал дээр хэрэгжүүлэгч нар бол сэтгүүлч юм. Гагцхүү энэ үүргийг гүйцэтгэгч нарыг мэдээлэл дамжуулсных нь төлөө сүрдүүлэх, хэрэг үүсгэн дарамтлах нь учир дутагдалтай. Мэдээлэл дамжуулсан уу эсвэл өөр эрх ашгийн үүднээс хандав уу гэдгийг нь ялгаж салгах хэрэгтэй. Энэ утгаараа энэ нийгэмд Хэвлэлийн эрх чөлөөний хууль зайлшгүй шаардлагатай юм.
Нийтлэлч Д.Болдхуяг: НЭГ ТАЛААС БАЯР, НӨГӨӨ ТАЛААС БОДОХ АСУУДАЛ
-Хөгжлийн тодорхой үе шатыг туулаад хөгжиж байгаа салбар. Мэдээж 100 жилийн ой бол нэг талаас баяр. Нөгөө талаас шийдэх асуудал, бэрхшээлээ ярих цаг үе. Учир нь өнөөдөр 100 жилийн өмнөх нийгмээс огт өөр болсон. Хэвлэл мэдээллийн салбарт шинэ урсгал хүч түрэн орж ирээд хөгжиж байна. Тодруулбал, цахим хаяг гарч ирснээр Монголын сэтгүүл зүйд хурд, шийдэх асуудал, давах зам ачаа нэмэгдэж байгаа юм. Мэдээж түүнийг дор дороо тунгаан бодож байгаа байх. Дээрээс нь 1913 онд үндэсний сэтгүүл зүйг үүсгэсэн өвөг дээдэс үеийн үед зүтгэж явсан хүн бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлж байх ёстой. Яагаад гэвэл аливаа зүйл өчигдөр, өнөөдөр, маргааш гурван цагийн алтан хэлхээс дээр оршиж байдаг юм. Өчигдөргүйгээр өнөөдөр үгүй. Өнөөдөргүйгээр маргааш үгүй юм.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Т.Сайнжаргал: СЭТГҮҮЛЧИД ҮҮРГЭЭ ХАНГАЛТТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН
-Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний баярын мэндийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад хүргэж байна. Ардчилсан нийгэмд шударга ёсыг тогтооход сэтгүүлч нарын үүрэг асар их байдаг. Ер нь сэтгүүлчид маань түүхэн үйл явдлын 100 жилд үүргээ нэр төртэй биелүүлж иржээ. Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага ухамсарлаж, иргэдэд үнэн зөв бодит мэдээлэл хүргэхэд манай сэтгүүлчид уйгагүй хүчин чармайлттайгаар зүтгэж ажилладаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Цаашид сэтгүүл зүйг хөгжүүлэхэд тэр дундаа мэдээлэл олж авахад тустай, сэтгүүлчдийн ажиллах нөхцлийг бүрдүүлсэн, нийгмийн хамгааллыг бий болгосон тийм хууль гараасай. Цагдаагийн байгууллагаас Хэвлэлийн эрх чөлөө болон бусад холбогдох хууль тогтоомжид тодорхой санал хүргүүлсэн. Ялангуяа, сэтгүүлчдийг бичсэн нийтлэлийнх нь төлөө янз бүрээр дарамтлах, гүтгэн доромжилж байгаа учраас үүнээс нь хамгаалах ёстой.
Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн: ЛУТ АМЬТДЫГ ДАГАЖ ЯВУУЛСАН НЬ НАМАЙГ ХАТААСАН ХЭРЭГ
-Сэтгүүл зүй үүсч хөгжсний 100 жилийн ой болж байна. Та энэ салбарын нэгэн түүхийн үеийг нь бичилцэж ирсэн сэтгүүлч. Би багадаа таны хөдөө аж ахуй, байгаль орчин, түүх соёлын талаарх нэвтрүүлгийг сонсох дуртай байсан?
-Би МУИС-ийн Цаг уурын ангийг дүүргээд 1975 онд Дорнод аймагт цаг уурын инженерээр хуваарилагдан очиж байлаа. Тэр үеэс орон нутгийн хэвлэл болох “Дөл” гэдэг сонинд сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн юм. Энэ л сониноос сэтгүүлч болох мөрөө гаргасан гэж бодож явдаг юм. Харин хожим МҮОНР-д ажилд орсон. Радиодоо 20 гаруй жил ажиллаад 2011 онд тэтгэвэртээ гарсан. Одоо бол телевизийн сэтгүүл зүй руу орсон гэх үү дээ. “Роял” телевизээр “Малчин” нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна.
-Радиод ажиллаж байсан алтан үеэ дурсаач. Тариан түрүү, малын төл гээд л хөтөлж байсан нь сэтгэлд тань үлдсэн байх?
-Өө, тэр айхтар үе. Монголын радио намайг авахдаа гурван жил туршилт хийсэн гэж боддог юм. Нэг жил алдарт сэтгүүлч, Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Амбасалмаа эгчийг дагуулж явууллаа. Хойтон жил нь Монголын радиогийн “бүдүүн дуут” гэж алдаршсан Б.Цэдэндамба ахыг дагуулж явууллаа. Гурав дахь жилд нь Монголын радиогийн ахмад сэтгүүлч Д.Галсан гэж акулын акул сэтгүүлчийг дагуулж явуулжээ. Дөрөв дахь жилдээ үндсэн сэтгүүлчээр авсан юмдаг. Тэдний арга барил нь өөр, өөр. Эдгээр лут амьтдыг дагаж явуулсан нь намайг хатаасан хэрэг л дээ. Үүнийхээ ачаар ч би өөрийгөө чамгүй зүйл сурсан гэж боддог юм.
МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн Ерөнхий редактор Х.Эрдэнэбулган: МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ДЭЛХИЙН СЭТГҮҮЛЧ БОЛОХ ЁСТОЙ
-Өнгөрсөн 100 жилийн түүхээс алдаа, оноо сургамжийг нь аваад ирээдүйд бүтээх, үндсээ ярилцах хэрэгтэй. Бид 200 жилийн ойгоо тэмдэглэхэд ямар үр дүнтэй байх вэ гэдгээ өнөөдрөөс бодож эхлэх хэрэгтэй гэсэн үг. Миний хувьд юунд анхаарал хандуулах шаардлагатай вэ гэж боддог гэхээр сэтгүүлчдийн боловсролд юм. Өнөөдөр Монголын сэтгүүл зүйд дэлхийн сэтгүүл зүйд дөхөх цаг нь болсон байна. Тэр ч утгаараа Монголын сэтгүүлчид дэлхийн сэтгүүлч болох шаардлагатай. Амбалаа багшийн хэлсэн нэг үг бий. “Сэтгүүлчийн хөдөлмөр, авъяасыг юу ч нухчин дарж чадахгүй. Монголын сэтгүүлчид хөдөлмөрлөж, авъяас билгээ гаргаж ажиллавал дэлхийн сэтгүүлч болж ажиллаж чадна” гэж. Ингэж чадах юм бол энэ нь өөрөө эрх чөлөөнийх нь баталгаа, хараат бус байдлын баталгаа болно.
Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа: СЭТГҮҮЛЧИД ЭЭ, АМЬДРАЛЫГ МАГТАЖ ЯВААРАЙ
-Монголын сэтгүүлчид гэдэг бол маш том арми. Сэтгүүлчдийн үг Монголын ард түмнийг олон зуун жил нүд, чихтэй байлгаж иржээ. Ард түмнийхээ сэтгэл зүрхийг баярлуулж сайхан бүхнийг хамгийн түрүүнд мэдээлж байсан сэтгүүлчдийн энэ их гавъяаг дуурсаад ханашгүй. Өнөөдөр энэ баярыг тэмдэглээд суух олон ажлыг сэтгүүлчдийн байгууллага гүйцэтгэсэн байна. Тухайлбал, үе, үеийн гэрэл зурагчдын бичиж үлдээсэн зураг дэлгэжээ. Энэ сайхан үйл явдлыг нүдээр үзэж байгаад талархаж байна. Сэтгүүлчиддээ амьдралын үнэнийг магтан дуулж, хорвоо дэлхийн сайхныг ард түмэндээ илтгэж байгаарай гэж хүсэх байна.
Сэтгүүлч Н.Дуламсүрэн: ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУШААГ ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ
-Миний хувьд сэтгүүл зүйн 30 жилийн түүхийг бичсэн нэгэн. 1990 онд “Үнэн” сонинд Монголын сэтгүүл зүйн алтан үе, эцэг гэж тодорхойлдог Х.Цэвлээ, Түдэв нарын шавь нь болоод ажиллаж явсандаа одоо ч бахархаж явдаг. Ер нь тэр үед “Үнэн” сонин чадварлаг сэтгүүл зүйн лабортари нь байлаа. Төв хорооны тогтоолд нөлөөлөхүйц хэмжээний хүчтэй нийтлэл бичиж байсан үе юм. Хүчтэй нийтлэл “Үнэн” сониноос эхэлсэн гэхэд болно. Өнөөдөр Монголын сэтгүүл зүй харьцангуй хөгжиж байна. Гэвч шийдэх ёстой олон асуудал байна. Ялангуяа, эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжихөд чөдөр тушаа, улс төрийн мэдээ, нийтлэл бичдэг сэтгүүлчид эрсдэл их байна. Энэ утгаараа тэдний бичиж нийтлэх эрхийг нь хангасан хууль зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа, аюулгүй байдлыг нь хангасан хууль хэрэгтэй байна.
УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан С.Отгонцэцэг: АХМАД ҮЕИЙНХЭЭ БИЧСЭНИЙГ ЭРГЭЖ ХАРААРАЙ
-Юуны өмнө мэргэжил нэгт нөхөддөө баярын мэнд хүргэе. Ойн баярын хуралд оролцож байгаадаа баяртай байна. Миний хувьд сэтгүүлчдийн байгууллагад 30 гаруй жил ажиллажээ. Тэр дундаа өдөр тутмын сонинд олон жил ажилласан байна. Харин миний ажиллаж байсан үетэй харьцуулахад сэтгүүлчдийн арми боловсон хүчнээрээ шинэчлэгдсэн. Миний үед эрчүүд байсан бол одоо залуу охидын арми болжээ. Залуу хүн гэдэг утгаараа асуудлыг өөр өнцөгөөс нь олж хардаг онцгой чадвартай. Гэвч аргагүй туршлага дутагдах зүйл байна. Тэр утгаараа ахмад үеийнхээ бичсэн нийтлэл, нэвтрүүлгийг эргэн сөхөж хараасай гэж боддог юм.
Б.Эрдэнэсолонго: АЛДААНААСАА ОНОСОН НЬ ИЛҮҮ БАЙГААСАЙ
-100 жилийн ойн босгон дээр сэтгүүл зүйн салбарын хөгжлийг хэрхэн дүгнэж байна?
-Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. 100 жил гэдэг бага хугацаа биш. Энэ хооронд сайн муу, алдсан оносон олон зүйл бий. Гэхдээ муугаасаа сайн нь олон байгаасай. Цаашид алдаанаасаа оноо нь илүү байх гэж итгэж найдаж байгаа. Үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан үзэг нэгт, үйлс нэгт сэтгүүлч нөхөддөө баярын мэнд хүргэе. Тэр дотроо “Зууны мэдээ” сониныхоо хамт олонд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.



