Э.ӨНӨР

Өмнөх “Миний багш” булангаараа ахмад багшийн амьдрал, шавийнх нь онцлогыг хүргэж байсан. Харин энэ удаад бага ангийн багш, сурагчийн өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдгийг сонирхуулъя. “Миний багш” булангийн энэ удаагийн зочноор нийслэлийн II сургуулийн бага ангийн багш Ж.Наранзул оролцлоо. Тэрээр 22 жил хүүхдийн цангинасан инээд, цагаан сэтгэл дунд ажиллаж байгаагаа их хувь хэмээн онцолсон. Амьдралын шаардлагаар өндөр цалинтай ажил хийхээр томчууд дунд нэг жил ажиллахдаа насанд хүрэгчдээс л муу, муухай зүйл гардгийг  ухаарсан. Тэр үед хүүхэдтэй ажиллах л хамгийн гэгээн, амар амгалан, сайхан гэдгийг мэдэрснээ тэрээр дурсав.

-Таны ажлын бахар­хал, бэрхшээл юу вэ?

-Хүний хамгийн гэ­гээн, цайлган үед нь хамт байж, түүний баяр баяс­лаас хуваалцаж, инээ­дээс нь идэлцэж явдгаараа бага ангийн багшийн жаргал. Харин бидний мэргэж­лийн бахар­хал бол хүн сайн явах, сайхан амьдрах, хүн байхын эхлэлийг тавьж өгөх байдаг. Хэдий бага ангийн багш хүүхдэд юм сургах үүрэгтэй боловч ээж шиг байхыг тэдний нас байнга биднээс шаард­даг. Багад нь ээж шиг ханддаг, ээжийнх нь зарим үүргийг гүйцэтгэдэг байсан хүнийг хүн бүр сэтгэлдээ тээж, бодолдоо хүндэлж явдаг шүү дээ. Миний ажил өдөрт хэдэн хором  ч амсхийдэггүй. Ажил тараад гэртээ харих замд, гэртээ очсон ч үргэлжилж байдаг. Харих замдаа маргаашийн хи­чээ­лийг хэрхэн сонирхол­той бол­гох, хүүхдийг яаж өөртөө татах, тэд юунд дурлахыг бодно. Гэртээ ирээд хүүх­дүүдийн дэвт­рийг засна, аав ээжид нь захиа бичнэ, хичээлийн үзүүлэх мате­риал бэлдэнэ, нөхрөөсөө  ангидаа хув­цас­ны өлгүүр хийлгүү­лэхээр гуйна ингээд л дахин нэг шинэ өглөөтэй учирна. Гэхдээ энэ бүхнээс би өөрөө су­ралцдаг болохоор үүнийг бэрхшээл гэж боддоггүй.

-Хүүхэд ямар хүн болох нь бага ангийн баг­шаас шалтгаалдаг гэлээ. Тийм болохоор тэдэнд их цаг зарцуулна биз?   

-Хүүхэд ямар хүн болох суурийг бага ангид нь бид тавьдаг боло­хоор хувийн амьдралаа төлөвлөж, зохион бай­гуулах хэрэгтэй болдог. Энэ ангиа л төгсгөөд авъя. Дахин шинээр авсан ангиа дунд ангид нь шил­жүүлчихье. Түүний дараа хувийн амьдралдаа ан­хааръя гэж явсаар оройтож хүнтэй суух, хүүхэд гаргах тохиолдол олон бий. Түм­ний хүүхэдтэй ажиллаж байх хооронд өөрийн хүүхдийн асуудал ард үлдэх үе ч байдаг.

-Та багшаас өөр ажил хийж байсан уу. Сүүлийн үед багш нарын цалингийн асуудлаас болж багш нар өөр ажил хийдэг болж?

-Багшийн цалин үнэ­хээр амьдралд хүрэлц­дэг­гүй. Амьдралын шаард­лагаар энэ ажлаасаа гарч байсан үе бий. Нэг жил сургалтын менежер хий­сэн. Гэхдээ энэ ажлын цалин өндөр байсан ч хамт ажиллаж байсан хүмүүс, эргэн тойрныхон муу зүй­лээр хүрээ­лүүлсэн. Том хүмүүстэй ажил­лахаар өдөр бүр мөнгө ярина, зэрэг зиндаа тогтооно, нэгнээсээ илүү гарах гэж баярхана, хов хөөнө, худал ярина, нэг нэгэндээ атаар­хаж жөтөөрхөнө, албан тушаал, эрх мэдэл булаа­цалдана, удирдлагадаа таалагдах гэж хэн нэгнийг муулна, долгиноно. Ер нь хүний хамгийн муу аран­шин томчуудаас гардгийг тэнд ажиллаж байхдаа мэдэрсэн. Хүү­хэд­тэй ажил­лаж байхдаа энэ бүхнээс ангид байснаа ухаарсан. Тэгээд л муу муухай зүйлээс хол байдаг хүүхэдтэй л ойр байсан нь  амар амгалан амьдрал болно гэж дүгнээд буцаж ажилдаа орсон доо. Тэр бол миний зөв сонгол­туудын нэг байсан.

-Багш хүн сурагчийн­хаа сэтгэл санаа ямар байгааг нүднээс нь уншдаг гэдэг. Гэтэл зарим эцэг эх хүүхдийнхээ юу хүсч, мөрөөдөж байгааг анзаарах сөхөөгүй явдаг?

-Өглөө ангид орж ирээд тэднийг харахад хэний гэр бүлд юу то­хиолд­сон, хэний нь бие тааруу байгаа, хэнд нь асуудал тулгарсан нь нүднээс нь мэдэгддэг. Юу болсныг асуухаар аав, ээж хоёр маргалдсан, манай аав архи уусан гээд ярина. Тэд юу ч нуудаггүй , худал ярьдаггүй. Харин аав, ээж нь худал ярина. Хүүхэддээ заана. Өглөө хичээлдээ хоцорч ирсэн хүүхэддээ аав, ээжүүд “Багшдаа эмнэлгээр яваад ирлээ гэж хэлээрэй” гэж худал хэлэхийг нь заагаад ангид нь оруулдаг. Тэд гэнэн цайлган болохоор яриан дундаа үнэнээ хэлчихдэг. Аав ээжүүд хүүхэддээ хангалттай цаг гаргаж чадахгүй байна. Үүнээс болж хүүхдээ юу хүсч мө­рөөдөж байгаа ямар авъяастайг мэддэггүй. Энэ бол хамгийн харамсалтай.

 

“ЗУРГААН НАСТНУУДТАЙ АЖИЛЛАХАД ЗУГААТАЙ”

 

Зургаан настнууд сургуулийн босго алхдаг болсноор бага ангийн багш нарын ачаалал улам нэмэгдсэн талаар боловс­ролын салбарынхан ярь­даг. Зургаан настнууд хичээл зааж байгаа багш нар тэднээр хүчээр юм цээжлүүлэх биш тоглуулж байгаад юм сургах арга байгааг онцолж буй. Цэцэр­лэгээс дөнгөж хувцасаа өмсөж, хоолоо идэх чадвартай ирдэг тэдэнд өдөр тутмын амьд­ралд хэрэгтэй бүх зүйлийг зааж байгаагаа Наранзул багш хэлсэн. Яаж бие за­сах, үдийн цайгаа хэрхэн уух, зам гарахдаа юуг анхаа­рах, гараа хэрхэн угаах гээд хичээлээс гадна олон зүйлд тэднийг сур­гадаг байна. Бие засахаар явсан сурагч нь алга болохоор араас очиж арчилна. Ширээн доогуур халааслаж ирсэн маши­наараа тоглох нэг­нийг нь аргадана. Хичээл дээр юу хийх ёстойг эвлэж хэлнэ. Энэ бүхнийг хийхэд хичээл заах цагаас нь хорогддог ч зургаан наст­нуудын үйлдэл, үг бүр зугаатай байдгийг Наран­зул багш хэллээ. Харин түүний шавь нар баг­шийн­хаа талаар, ангид нь амьдрал хэрхэн өрнөдгийг ярьсан. 

 

Ц.Анар-Эрдэнэ: БАГШИЙН НӨХӨР БИДЭНД НОМЫН ТАВИАР БЭЛДЭЖ ӨГСӨН

 

Анги болгон номын сантай болж байгаа. Манай анги ч гэсэн номын сантай болсон. Бид нар номоо ээлжилж гэртээ авч очиж уншдаг. Манай ан­гийн номын сан 40 гаруй номтой. Багш бидэнд номын сангийнхаа номыг яаж гамтай хэрэглэх, унш­сан номынхоо баат­руудыг зурах, нэг нэгэндээ ярьж өгөхийг зааж өгсөн. Гэртээ байгаа номоо бас ээлжилж уншдаг. Манай ангийн номын сангийн тавиурыг багшийн нөхөр хийж өгсөн. Би баярлаж байгаа. Багш үлгэрийн ном уншиж өгөхөд нь бид дуртай байдаг.  

 

н.Номундарь: БАГШ БИД ХОЁР ААВЫГ ТАМХИНААС ГАРГАСАН

 

Манай багш долоо хоногт нэг удаа “Тамхины хор уршиг” гэж хичээл заадаг. Энэ хичээл дээр заримдаа аав ээжүүд суудаг. Манай аав хоёр удаа суусан. Хааяа эмч ирж энэ талаар хичээл заана. Тамхинд хэр их мөнгө зарцуулдаг талаар багш тоо бодуулдаг. Энэ хичээлээр биднийг тооны хичээлдээ сайжирна гэж хэлсэн. Нэг өдөр би багшид ааваа там­хинаас гаргах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Багш надад туслана гэсэн. Багш “Ангид үзсэн хичээлээ гэртээ очоод аавдаа зааж өгч байгаарай” гэсэн. Би багшийн заасан хичээл, эмчийн хэлсэн зөвлөгөөг бүгдийн аавдаа ярьж өгдөг. Бас тамхинд хэр их мөнгө зарцуулдаг талаар бодсон тооны хичээлээ үзүүлсэн. Одоо аав тамхи татдаггүй. Багш, бид хоёр аавыг тамхинаас гарсан гэж боддог.