Э.ОРХОН, Э.ӨНӨР 
Боловсролын салбарт хийж байгаа “Зөв Монгол хүн”. “Эрдэм мэдлэгтэй Монгол хүн” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилт, явцын талаар 21 аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нар чуулж байна. Хүүхэд, багш нэг бүрийг хэрхэн хөгжүүлж, яаж зөв хүн болгох, өнөөгийн боловсролын салбарт тулгарч байгаа олон асуудлыг энэ хурлаар хэлэлцэв. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор Боловсролын газрын дарга нарын 60 орчим хувь нь солигджээ. Албан тушаалын халаа, сэлгээ нь ажиллах орчин нөхцөл, хийж байгаа ажилтайгаа танилцахаас эхлээд багагүй цаг хугацаа уядаг гэдгийг аймгийн дарга нар хэлж байв. Харин салбарын шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажлыг дэмжиж аймаг бүр хөтөлбөр боловсруулж ажиллаж байгаа гэдгийг тэд онцолсон юм.
Тус салбарт шинэчлэл хийж эхэлснээс хойш БШУЯ-наас олон ажлыг хийж эхэлсэн байна. Тухайлбал, улсын хэмжээний 7000 гаруй багшийг хамарсан сургалтыг зохион байгуулжээ. Энэ тухай БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр илтгэл тавьсан юм. Тэрээр энэ сургалтад багш өөрийн заах арга барил, хандлагаа хэрхэн өөрчлөх, хүүхэд бүрийг ямар аргаар хөгжүүлэх боломжтой, бага болон дунд ахлах ангид ямар хичээлийг түлхүү үзэх ёстойг тусгасан. Мөн хүүхдэд бага боловсрол олгохдоо зөвхөн сурах арга барил эзэмшүүлэх ёстой бол ахлах ангийн сурагчдад илүү биеэ даасан, шинжлэх ухааны хичээлийг түлхүү оруулах ёстой гэдгийг чухалчилсан юм. Харин суурь боловсрол буюу дунд ангид энэ хоёр аргаа хослуулах нь илүү үр дүнтэй байх болно гэсэн юм.
Мөн Боловсролын салбарт хийж байгаа шинэчлэл богино хугацаанд үр дүнгээ өгөх ажил биш. Харин 10-20 жилийн дараа өнөөдрийн хийж байгаа ажлын үр дүн харагдах болно гэдгийг албаны хүмүүс ярьж байсан. Энэ үеэр яамны болон зарим аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нартай уулзаж аймаг, орон нутагтаа хийж байгаа шинэчлэлийнх нь талаар сонирхлоо.
БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр: 
МОНГОЛ УДАХГҮЙ ФИНЛЯНД ШИГ БОЛНО
-Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт зориулсан хоёр өдрийн сургалтыг яамнаас зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтын зорилго, чиглэл нь юу байв?
-Өнөөдрийн хуралд аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёлын газрын дарга нар оролцож байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуультай холбоотойгоор нийт газрын дарга нарын 60 орчим хувь нь шинээр томилогдсон байна. Мөн хичээлийн шинэ жил эхлээд гуравдугаар улиралдаа хичээллэж байгаа зэрэгтэй холбоотойгоор боловсролын салбарт хийж байгаа шинэчлэл хэрхэн хэрэгжиж байгаа. Цаашид хамтарч ажиллах чиглэлээ танилцуулах зорилгоор хуралдаж байна. Аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол соёлын газрын дарга нар нь боловсрол чанарын шинэчлэлийг орон нутагт хариуцаж хийдэг хариуцлагатай хүмүүс байдаг учраас сайд өөрийн үүрэг чиглэлүүдээ өгөх юм. Мөн тухайн орон нутгийн онцлог, нийтлэг зүйлээс хамаараад бодлого, хэрэгжилт, хууль эрх зүйн орчин ямар байх зэрэгт мэдээлэл өгнө. Үүний дагуу буцаагаад орон нугийн мэдээллээ авах үндэсний хэмжээний уулзалт, сургалт болж байна.
-Өнөөгийн боловсролын салбар дэлхийн төвшинтэй харьцуулахад ямар төвшинд байна вэ. Монгол хаана нь явна?
-Өнгөрсөн нэгдүгээр сард дэлхийн 100 гаруй орны боловсролын сайд нарын уулзалт болсон. Мөн саяхан ЮНЕСКО-гийн Азийн бүсийн орнуудын уулзалт боллоо. Энэ уулзалтууд дээр ярьсан ганц зүйл нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй технологи, хэрэглэгдэхүүн, орчин үүнтэй холбоотой идэвхжүүлэлт. Манай улсын хувьд дэлхийн хэмжээнд хэрэгжиж байгаа бодлоготой зэрэгцэж очсон байна. Боломжийн хувьд ч илүү байгаа нь харагдсан. Яагаад гэвэл 500 мянган хүүхдийн тухай ярьж байгаа болохоос биш таван сая хүүхдийн тухай яриагүй. Тиймээс хүүхэд нэг бүр нь хөгжих гэдэг асуудал манайх шиг цөөхөн хүн амтай ард түмэнд боломжтой. Эдгээр хүүхдэд 27 мянган багшаа авч үзэхэд нэг багшид 20 хүүхэд ноогддог. Энэ харьцаа нь бусад оронтой харьцуулахад их боломж байгаа юм. Тиймээс бид хүүхэд бүрийг хөгжүүлэх технологийг багш нарын хандлага, арга зүйг сайжруулах ажил бодит байх болно. Мөн олон жил ажилласан сайн багш нарынхаа туршлагыг нийтийн болгож, болохгүй зүйлээ хамтарч шийддэг байх ёстой. Тиймээс Монгол тодорхой хугацааны дараа Финлянд шиг хүүхдээ хөгжүүлсэн, хөгжлийг нь дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн байх болно. Гэхдээ энэ асуудал өнөөдөр яриад маргааш үр дүн нь гардаг асуудал биш. Харин 20 жилийн дараа үр дүнд хүрсэн байна.
Өмнөговь аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Ч.Буянжаргал: 
ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ЗАРЖ БАЙГАА
-Боловсролын салбарт шинэчлэл хийж эхлээд хагас жил боллоо. Танай аймгийн хувьд шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ?
-Манай аймгийн хувьд боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт эрчимтэй явж байна. Аймгийн Засаг даргын зүгээс ч гэсэн боловсролын салбараа дэмжиж орон нутгийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулахаар тусгасан. Үүний нэг нь Цогтцэций суманд сургууль, цэцэрлэгийн томоохон цогцолборыг барилаа. Мөн сум, аймгийн төвүүдэд орон нутгийн санхүүжилтээр цэцэрлэг барьсан. Тиймээс боловсролын салбартаа бүхий л талаасаа анхаарал хандуулан ажиллаж шинэчлэлийг орон нутагтаа нутагшуулах бодит ажлыг санаачлан хийж байна. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард шинэчлэлийн бодлогын баримт бичиг боловсруулж түүнийгээ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцүүлж баталсан. Үүнийгээ Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж шинэчилж өөрчлөн хэрэгжүүлэх чиглэлээр нэлээд ажил хийж эхэлсэн.
-Багш бүрийг хийсэн ажлаар нь үнэлж байх тухай салбарын сайдын тушаал өнгөрсөн сард гарсан. Энэ тушаал хэрхэн хэрэгжиж байна. Багш нараа ямар аргаар дүгнэн урамшуулж байна вэ?
-Сайдын тушаалыг бүх сургуульдаа танилцуулсан. Үүний дагуу багшийг үнэлэх, тухайн сургуулийн бодит сайн зүйлийг ил гаргах чиглэлээр ажиллаж байна. Тодорхой чиглэлээр ажил явуулж байгаа сургуулиуд бий. Мөн удирдах ажилтнуудынхаа зөвлөгөөнийг хоёр удаа зохион байгуулж бид ямар байх ёстой, яаж ажиллах талаар ярилцсан. Удахгүй цэцэрлэгийн эрхлэгч нарын зөвлөгөөнийг зохион байгуулж дээрх нөхцөлд бид яаж ажиллах ёстой вэ гэдгээ хэлэлцэх гэж байна.
-“Авъяас”, “Ном” хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийж байна. Саяхан нээлтээ хийсэн технологийн сандаа шинэ технологи бүртгүүлж амжсан уу?
-Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажлууд хийж байгаа. Тухайлбал, ардын авъяастнуудыг түшиглэн хүүхдээ хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байна. Ханбогд суманд циркийн дугуйлан хичээллэж эхэлсэн. Мөн ардын авъяастнууд энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж, уртын дуу, морин хуур, өсвөрийн зохион бүтээгчдийн дугуйланг хичээллүүлж байна.
Булган аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Л.Эгиймаа:
БИДЭНД ШИНЭЧЛЭЛ ХИЙХ СУУРЬ НЬ БАЙНА
Боловсролын салбарын шинэ бодлого, хөтөлбөрүүдтэй танилцаж байна. Үүнийг ажил болгох, үр дүнгийг нь үзүүлэх даалгаварыг бидэнд өгсөн. Шинэ бодлого, хөтөлбөрийг аль болох богино хугацаанд хүнд хүргэх нь чухал асуудал. Хүүхэд бүрийг хөгжүүлэх гарц боловсролын салбарт олон үгүйлэгдсэн. Багш шавийн хоорондох, эцэх эхчүүдийн учраа олохгүй явсан асуудлыг ярьж эхэллээ. Энэ хүмүүсийн хүлээж байсан зүйл учраас хэрэгжүүлэхийг, үр дүнг нь хүлээж байгаа хүн олон байгаа. Хүүхэд бүрийг хөгжүүлэх аргыг аймаг, сум, багтаа нутагшуулахыг хүсч байгаа багш олон бий. Харин үүнийг бодит ажил болгоход бидний санаачлага, зүтгэл чухал юм байна. Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх хөрс суурь нь байгаа гэдгийг энд онцолъё. Энэ шинэчлэлийг манай аймаг эхлүүлсэн. Бага ангийн багш нарын анхдугаар зөвлөгөөнийг хийж, сургалтыг сайжруулах хөтөлбөрөө баталсан. Бага ангийн боловсролыг хариуцна гэдгээ хариуцлагатайгаар аймгийн Засаг дарга мэдэгдсэн байгаа. Хүүхдийн авъяасыг нээх, хөгжүүлэх ажилд аймгийн удирдлагууд нэмж 30 сая төгрөгийг төсөвлөсөн.
Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Д.Одгэрэл:
БИД ЭНЭ ШИНЭЧЛЭЛД ТУРШЛАГАТАЙ
Дөрвөн жилийн өмнө манай аймаг хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байсан. Үүний хүрээнд хүүхэд бүрийг шатар, мэдээлэл харилцааны технологи, морин хуур хөгжимд сургах үүргийг боловсролын ажилтнууд авсан. Энэ ажил үр дүнгээ өгсөн. Аймгийн хэмжээнд нийт хүүхдийн 70 хувь нь шатар тоглож сурсан. Үүнийг дагаад хүүхдийн сэтгэх чадвар ч өссөн. Орон нутгийн хүүхэд гэхэд харьцангуй мэдээллийн технологийн мэдлэгтэй, цахим орчинд ажиллах чадвар манай хүүхдүүдэд бий. Боловсролын салбарын шинэ бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд манай аймагт бэрхшээл байхгүй гэж бодож байна. Бид энэ ажилд туршлагатай.