М.ЦЭЦЭГ
Төрийн ордноо зохион байгуулж буй Монголын эдийн засгийн форумд оролцохоор ирсэн Голландын Ерөнхий сайд асан Вим Кокийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр хүлээн авч уулзлаа. Голланд улсын уул уурхайн салбарт тохиолдсон, дэлхий даяараа “Голланд өвчин” хэмээн нэрлэдэг хямралыг хэрхэн даван туулсан тухайгаа ноён Вим Кок жишээ болгон яриад монголчууд ийм хямралыг давтахгүй байх, энэ салбарын хөгжлөө зөв удирдан чиглүүлэхэд зайлшгүй анхаарах асуудлын талаар харилцан санал солилцлоо. Уул уурхайн салбарын орлого өсөхийн хэрээр тэнд ажилчдын цалин хөлс нэмэгдэж, энэ нь бусад салбарт ихээхэн нөлөөлөх нь хямрал үүсгэх үндсэн нөхцөл болдгийг ноён Вим Кок онцолж байв. Хоёр ч удаа Ерөнхий сайдаар сонгогдон ажиллахдаа өөрийн орны эдийн засгийн хүнд нөхцлийг амжилттай даван гарч чадсан түүнийг манай оронд ирж, арвин туршлагаасаа хуваалцаж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд “Хөдөө аж ахуй, уул уурхай гээд эдийн засгийн гол салбарын хувьд манай оронтой олон талаараа ижил төстэй Голланд улсын хөгжлийн бодлого болон тулгамдсан асуудлаа оновчтой шийдсэн туршлагаас судлах шаардлага бидэнд бий. Иймд цаашид илүү ойр дотно хамтран ажиллая” гээд ноён Вим Кокийн Монголд хийж байгаа айлчлалд амжилт хүслээ.
Мөн Вим Кок Монголын эдийн засгийн чуулганд тавьсан илтгэлийнхээ хүрээнд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 1994-2002 онд Голланд улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдон ажиллах хугацаандаа тэрээр эдийн засгийн томоохон реформыг удирдаж, ажилгүйдлийн эсрэг урамшууллын арга механизм хэрэгжүүлж, нийгмийн өргөн салбарын үйл ажиллагааг тогтворжуулсан байна. Dutch disease буюу “Голланд өвчин” гэх нэр бий болтлоо олон улсын анхааралд өртөж байсан уул уурхайн салбараас үүдэлтэй хямралын эсрэг тус улсаас авч хэрэгжүүлсэн гол алхам нь “Ductch polder model” хэмээн хожим нь нэрлэгдсэн хариу арга хэмжээ байжээ. Polder гэж далангаар хамгаалан голын усыг тогтмол болго хэсгийг хэлдэг. Яг үүн шиг нийгэм, эдийн засгийн тодорхой хэсгийг төрийн бодлогоор хамгаалан тогтворжуулснаар хямралыг даван туулсан байна. Эдийн засгийг өсгөхдөө нийгмийн асуудлыг хамт шийдэхэд чиглэсэн энэ бодлогыг Хойд Европын орнуудад туршин хэрэгжүүлж, үр дүнд нь өрсөлдөх чадвараа дээшлүүлсэн байдаг. Монголтой харьцуулахад байгалийн баялаг хомс хэдий ч “Голланд өвчин”-ий улмаас эдийн засгаа төрөлжүүлэх шаардлага тулгарч, ийм бодлогоо ч амжилттай хэрэгжүүлжээ. Тэр дундаа худалдааны салбарыг хөгжүүлэхэд тусгайлсан бодлого хэрэгжүүлсэн байна. 1980-аад оны эхэн үе гэхэд өнөөгийн Африкийн орнуудтай харьцуулахад ч өрсөлдөх чадвар султай байсан тус улс өнөөдөр оёдол, усан онгоц үйлдвэрлэл зэрэг үнэ ханш өндөртэй салбарт ганхашгүй байр сууриа аль хэдийнэ эзэлжээ. Эдийн засгийн гол түлхүүр болох эдгээр салбарынхаа үр ашгийг дээшлүүлэхийн тулд мэдээлэл технологийн дэвшлийг дорвитой хөрөнгө гарган нэвтрүүлсэн нь амжилтын үндэс болсон гэж ноён Вим Кок тайлбарлаж байв.