Ч.ҮЛ-ОЛДОХ

МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн сэтгүүлзүйн танхимийн эрхлэгч, доктор Ж.Батбаатартай ярилцлаа.

-Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жи­лийн босгон дээр энэ сал­барынхан бүхий л асуудлаа тал бүрээс нь ярьж, дүг­нэж цэгнэж байна. Сэт­гүүлчдийг бэлтгэж сэт­гүүлзүй гэдэг өргөн фронт руу, нэг ёсондоо тэр зах зээл рүү нийлүүлж байдаг мэргэжлийн сур­гуу­лийн­хан, багш нар өнөө­дөр ямар байр суурь­тай байгааг сонирхъё. Ой тэм­дэглэж бужигнахаас илүү юуны тухай түлхүү яриасай гэж та бүхэн хүсч байна вэ?

-100 жил гэдэг урт хуга­цаа. Энэ хооронд Монго­лын сэтгүүлзүй үүсч хөгж­сөн, уруудаж доройтсон, өөдлөн мандсан.

Ойн босгон дээр  ор­чин үеийн сэтгүүлзүй ямар байна гэвэл олон зүйлийг ярьж болно.  Тэр дотроо  чөлөөт хэвлэл үүсч хөг­жөөд 20 гаруй жил болсон байна. Энэ нь  хэвлэлийн 200 гаруй жилийн түүхтэй дэл­хийн бусад улс, ба­рууны орнуудтай харьцуу­лахад мэдээж нялх балчир байх нь мэдээж. Гэхдээ бид өнөөдөр юуг онцолж үзэх ёстой гэвэл мэр­гэжлийн сэтгүүл зүй гэдэг зүйлийн тухай тогтож ярих ёстой юм. Үнэндээ манай сэтгүүл зүйн 100 жилийн түүхийн 60-70 жил нь хувьсгалт, коммунист, зөвлөлт маягийн хэвлэ­лийн он жилүүд байсан. Хэвлэл, мэдээллийн онолд  зөвлөлт маягийн онол гэд­гийг их өөрөөр авч үздэг. Өөрөөр хэлбэл, социалист систем, үзэл сурталтай холбоотой сэтгүүл зүйн түүх. Тэгэхээр юу бидэнд тулгамдаж байна гэвэл үзэл суртлын  сэтгүүл зүйн уламжлал амь бөхтэй ор­шоод байгаа юм. Энэ нь бидэнд саад болж чөлөөт хэвлэл, мэргэжлийн сэт­гүүл зүйн хөгжлийг чө­дөрлөж байна. Нэг хүн, хэсэг бүлгийн ашиг со­нирхлыг хамгаалдаг, шу­дарга үнэний дуу хоолой байх, бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, мэ­дээллийн үүрэг гэдэг энэ чиг шугамаасаа татгалздаг байдал хамгийн бэрх­шээл­тэй асуудал болчи­хоод байна. Өнөөдөр хүн болгон ярьж байна шүү дээ. Хэвлэл, мэдээлэл худалдагдсан, хэн нэгний ашиг сонирхолд үйлчилж байна, эздээс хараат бай­на, үнэний төлөө биш мөн­гөний төлөө явж байна гэж нийгмийн зүгээс  би­дэнд хүлээлгэж буй шүүмж­лэлийг хүлээж авахгүй байхын аргагүй. Уг нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл тэнцвэртэй бодит мэдээллийг хүргэх үүргийг л хүлээх ёстой. Гэтэл үзэл сурталжсан зорилготой тэдэнд ямар нэгэн байд­лаар нөлөөлөх гэсэн мэ­дээллийг хүргэдэг хэрэг­сэл болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэвлэл, мэдээллийн хүч чадлыг буруу зүйлд, эсрэг тийш нь ашигладаг байдал тү­гээмэл болчихсон. Үүнээс үүдэж, сэтгүүлчид болох­гүй байна, хэвлэл, мэ­дээлэл болохгүй байна, авлигад автлаа, суртал ухуулга хийлээ гэсэн шүүмж­­лэлийн бай болоод байдаг. Энэ  бидний  өмнө тулгамдаж буй хамгийн бэрхшээлтэй асуудал.

-Ямар гарц байна?

-Сэтгүүлзүй өөрийн гэсэн тоглолтын дүрэмтэй. Өөрийн дүрэмтэй, хэдэн зуун жилийн түүхтэй, туршлагатай энэ талбарт  мэргэжлийн тоглогчид л тоглох ёстой. Мэргэж­лийнхэн байх ёстой. Энэ  явцуу хүрээний үг биш л дээ. Сэтгүүлзүй онцлогтой салбар. Эйнштейний харь­цангуйн онол гарснаар сонгодог философи унал­тад орсон. Яагаад гэвэл сонгодог философичид биш байгалийн ухааны­хан, физикчид ноёлох бол­сон. Өнөөдөр ч гэсэн бай­галийн ухааныхан гол салбаруудыг  удирдаж, манлайлж байгаа. Түүн­тэй адил хэвлэл, мэдээл­лийн салбарыг мөн тэгж үздэг. Өөр, өөр ажил мэр­гэжлийн хүмүүс энэ сал­барт ажилладаг. Олон ул­сын байгууллагын судал­гаанаас үзэхэд 48 хувь нь сэтгүүлч мэргэжлийн дип­ломтой биш өөр мэргэж­лийн хүмүүс ажиллаж бай­гаа. Манайд хоёр жи­лийн өмнө хийсэн су­далгаагаар ч гэсэн мөн  47-48 хувь нь өөр мэргэжлийн хүмүүс ажилладаг. Хэв­лэл, мэдээллийнхэн ямар шаардлага тавьдаг вэ гэвэл, энэ салбарт  ямар ч ажил, мэргэжлийн хүмүүс ажиллаж болно, сэтгүүлч хийж болно гэдэг. Давуу тал ч олон байдаг. Тухайн хүн эдийн засаг сайн мэд­дэг, энэ чиглэлийн сэтгүүл зүйг сайн хийдэг гэдэг утгаараа давуу талууд олон байгаа юм. Олон улс оронд  давтан бэлтгэдэг. Суурь мэргэжил нь өөр хүнийг сэтгүүлзүйн чиглэлээр 1-2 жил богино зайн сур­галтаар бэлтгэж ажил­луул­даг. Гэхдээ тэр хү­мүүст мэргэжлийн дүр­мийн шаардлагаа тавьдаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн шалгуур, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг  нийлүүлэх ёстой. Сэтгүүл зүйн дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Ёс зүйн шалгуурыг сахин  мөрдөх  ёстой гэсэн шаардлагууд тавьдаг. Тэр тохиолдолд тухайн хүний мэргэжил ямар байх нь өөр асуудал. Тэгэхээр түрүүнд ярьсан бэрхшээлүүдээс гарах гарц ямар байх ёстой вэ гэвэл, сэтгүүлчид мэр­гэжлийн байх ёстой. Мэр­гэжлийн шаардлагуудаа биелүүлж ажиллах ёстой. Мэргэжлийн шалгуур, шаардлага хангасан бү­тээг­дэхүүнийг хэрэг­лэгч­дэд, хэвлэлийн зах зээл рүү нийлүүлдэг байх учир­тай. Үүнийг нийгэм бид­нээс шаардаж байгаа. Гэ­тэл зүйрлэж хэлэхэд   сайн дурын уран сайханч шиг юм уу, эсвэл юмыг уламж­лалт аргаар гоёчилж  үзүүл­­дэг, үзэл суртал хий­дэг сэтгүүл зүй манайд хо­лилдчихоод байна шүү дээ.

-Уран сайхнаар дүр­сэлдэг  уянгын сэтгүүл зүй хөгжиж байна гэх гээд байна уу?

-Уран  сайханжсан, үзэл сурталжсан сэтгүүл зүй холилдоод байна. Наад зах нь  мундаг сэтгүүлд­чийн амнаас мэдээний хүүхэд гэсэн нэр томъёо  гардаг. Мэдээний хүүхэд гэж хэнийг хэлж байна гэхээр мэдээ хийх төвш­ний сэтгүүлч гэж үзээд байдаг. Гэтэл мэргэжлийн сэтгүүлзүйн үүднээс авч үзвэл мэдээ сэтгүүлзүйн үндсэн цөм нь болж явдаг хамгийн гол зүйл нь бай­даг. Сэтгүүл зүйн үүрэг нь өөрөө мэдээлэл дамжуу­лах, мэдээлэх, иргэний мэдээлэл авах эрхэд үйл­чилдэг. Бидний үзэл ойл­голт үүнээс зөрөөд  давхи­чихдаг. Сэтгүүл зүйн үнд­сэн шаардлага нь ямар нэгэн уран сайханжилтаас хол бай. Тэр байтугай ямар нэгэн тэмдэг нэр, чимэг үг, гоёчилсон үг хэллэг хэрэглэхээс болгоомжил. Хэрэв чи ямар нэгэн тэм­дэг нэр хэрэглэх бол зайлш­гүй хэрэгтэй тохиол­долд л хэрэглэ гэдэг. Гэтэл манайхан энэ ерөөсөө бо­лохгүй байна, “Мон­цамэ”-гийн модон хэл гэж яриад байдаг. “Моцамэ”-гийн буюу мэдээллийн  хэл гэдэг өөрөө уран сай­ханжсан, ерөөдөг, магт­даг, гоё сайхнаар илэр­хийлдэг  уянгалдаг  хэл­нээс өөр юм. Өөрөөр хэл­бэл, “Монцамэ”-гийн мо­дон хэл гэдэг мэдээллийн хэл мөн. Сэтгүүлзүй яа­гаад гоё сайхан үг, уян­галсан хэлнээс татгалздаг вэ гэвэл мэдээллийн бодит утгад сөрөг нөлөө оруулдаг гэж үздэг. Иймээс чимэг үг, гоёчлол болон мэдээл­лийн мөн чанарыг гуй­вуулдаг, субьектив утга оруулдаг үгнээс татгалз­даг. Тэгэхээр манай улам­жлалт ойлголт, сэтгүүл зүйн  мөн чанар хоёр зө­рөөд байгаа учраас төвөг­тэй байдал үүсч байгаа юм.

-Тэгэхээр 100 жилийн түү­хийн 20 гаруй жилд хөг­жиж ирсэн чөлөөт  сэт­гүүл зүй жинхэнэ утгаараа явж чадаагүй гэж болох байх. Энэ талаар юу хэлэх вэ?

-Манайх бүрэн чөлөөт хэвлэлтэй орны тоонд 2000 оны үед орж байсан. Түүнээс хойш сүүлийн жилүүдэд, дэлхийн 200-гаад улс орны хэмжээнд авч үзэхэд түүний зуун хэдэд яваа хагас чөлөөт хэвлэлтэй орны тоонд орж яваа. Нэг талаас авч үзэ­хэд, хэвлэлийн эрх чөлөө байгаад байдаг. Хэн ч хэв­лэл, мэдээллийн хэрэгсэл байгуулж болж байна. Би­чих гэснээ бичиж болж байна. Гэхдээ хэвлэл, мэ­дээллийн  эрх  чөлөө жин­хэнэ утгаараа байгаад бай­на уу гэвэл учир дутаг­далтай, бэрхшээлтэй зүй­лүүд ч олон бий. Хамгийн түгээмэл байгаа нэг зүйл бол эздээс хараат байдал. Санхүүгийн хараат байд­лын тухай асуудал. Жи­шээ нь, олон улсын хэв­лэлийн эрх чөлөөний тун­хаг бичгүүдэд энэ тухай тусгасан. Хэвлэл санхүү­гийн хувьд бие даах­гүй­гээр хараат бус байх тухай ярих боломжгүй гэдэг. Тэгэхээр манай өнөөгийн нөхцөлд хэд хэдэн онцлог зүйл байна. Наад тал нь зах зээлийн онцлог бай­даг. Хүн ам цөөн, өргөн уудам нутагт тархан сууд­гаас шалтгаалж зах зээ­лийн багтаамж  муутай. Энэ байдлаас болж хэв­лэл, мэдээлэл санхүүгийн хувьд бие дааж ажиллах, өөрөө өөрийгөө санхүү­жүүлэх боломжгүй. Энэ нь эргээд эзэд санхүүжүү­лэгчдээс хэвлэл, мэдээл­лийн байгууллага хараат байх нөхцлийг бүрдүүлдэг.

-Тухайлбал?

-Нэгэнт хэвлэл, мэ­дээлэл өөрөө өөрийгөө санхүүжүүлж чадахгүй учраас хэн нь мөнгөө төл­нө, тэр хөгжмөө захиалдаг зарчим үйлч­лээд байгаа юм. Хэвлэл, мэдээлэл ийм байх ёсгүй. Бид энэ талд нэлээд туйл­ширч ханддаг. Хэвлэл, мэдээлэл бол бизнес гэж үздэг. Үнэндээ тэр бизнес мөн. Гэхдээ нийгмийн өмнө хариуц­лага хүлээдэг онцгой биз­нес. Саяхан хэвлэл, мэ­дээллийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн ба­рихад манай сони­ны эзэд өргөх бичиг бичиж байгаад татуулчихсан. Хуу­лийн  8.1-ээс 8.3 ду­гаар зүйлд редакц эзнээс хараат бус нөхцөлд үйл ажиллагаагаа явуулна. Редакц, эзэн хоёр гэрээ байгуулж ажиллана гэсэн заалтуудыг ч хүчээр  татуу­лаад авсан. Тэгээд юу гэж хэлж байна гэвэл, сонин бол өмч, хүний хувийн өмчид халдах гэлээ гэж байгаа юм. Тэгвэл би тү­рүүнд хэлсэн, энэ өмч бол онцгой өмч. Бид юуны өмнө нэг зүйлийг  ойлгох ёстой. Өмчийн хариуцлага гэж байдаг. Өмчийн нийг­мийн өмнө хүлээх ха­риуц­лага гэж бий. Өмч юм чинь болохгүй гээд халдашгүй байж болно. Жишээлбэл, нийгмийн эрх ашиг, бус­дын эрх ашигт харшилж байвал, эрх зөрчигдөж бай­вал тэр өмчийг сөрөг байдлаас нь гаргах ёстой. Хариуцлага тооцох ёстой. Үүнийг өмчийн хариуц­лага гэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр хүний эрх, өмчийн эрх, нөгөө талд үүрэг хариуцлагын асуу­дал өмчийн үүрэг, хүний эрхийг давхар авч үзэх учиртай. Хэвлэл, мэдээ­лэл  ямар нэгэн саван юм уу, гутлын бизнесээс өөр, нийгэмд асар хүчтэй нөлөө үзүүлж байдаг хэрэгсэл. Энэ утгаараа чөлөөт хэв­лэл, хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрмийг сахиж мөр­дөж байхыг шаардаж бай­даг. Үүгээрээ онцлогтой.

-Хуулийн төсөл  хой­шилсноор сэтгүүлчид өнөө­дөр 100 жилээ эрхээ хам­гаалуулах юмгүй “нүцгэн”  угтлаа. Цаашид яах бол?

-1998 онд батлагдсан хэвлэлийн эрх чөлөөний хууль бол үүргээ гүйцэт­гэсэн. 20 гаруй жил үйл­чил­лээ, тухайн үед нэг нийгмээс нөгөө рүү шилж­сэн шилжилтийн онцгой үед хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж чадсан. Хэвлэл дэх өмчийн хэлбэрийг халж, өөрчилж чадсан. Төр, засгийн мэдлээс гар­гаж , хэвлэл, мэдээллийн цензурыг халсан гэдэг утгаараа асар их үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл өнөө­дөр нийгэм хөгжиж, сэт­гүүл зүй төлөвшихийн хэ­рээр маш нарийн зохи­цуулалт шаардлагатай болж ирсэн. Энэ зохицуу­лалтыг хийх хууль нь Ерөн­хийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл байсан. Харамсал­тай нь болсонгүй. Шулуухан хэ­лэхэд олон эрх ашгийн зөрчлөөс үүдэж ямар нэгэн байдлаар хойшилчихлоо.  Цаашид энэ байдлаар үр­гэлж­лэх юм бол сэтгүүлч­дийн эрх ашгийг хамгаал­сан, хуульчлан баталгаа­жуул­сан хууль эрх зүйн орчинтой болно гэхэд учир дутагдалтай.

-Хуулийн төсөл хой­шил­сон учраас сэтгүүлч­дийг айлган сүрдүүлдэг, дарамталдаг, барьж хорь­дог, эрүүдэн шүүдэг бай­дал хэвээр үлдлээ. Гэхдээ өргөн баригдаад байсан хуулийн төсөл  хэр сайн болсон гэж үзэж байна. Зарим хүн шүүмжлэлтэй хандаж байсан?

-Маш сайн төсөл бай­сан. Олон улсын жишиг, хандлагуудыг харсан, тэд­ний туршлагыг авсан, өөрийн­хөө онцлогт тохи­руулсан. Гэвч  нөгөө тал­барт мөнгөө төлөөд хөгж­мөө захиалаад сонсч байгаа тэр нөхдийн эрх ашигт хамгийн түрүүнд нөлөөлөх гээд байгаа уч­раас  хуулийн төсөл бат­лаг­даж чадахгүйд хүрээд байгаа юм. Энэ нь гол шалтгаан болж байна. Хуу­­лийн төсөл цаашид,  ер нь ойрын хугацаанд тийм ч амархан батлагдчихна гэдэг эргэлзээтэй. Мэ­дээж 100 жилийн хуга­цаанд Монголын сэтгүүл зүй өсч хөгжсөн үү, сүү­лийн 20 жилд чөлөөт хэв­лэл ямар төвшинд хүрсэн бэ гэдэг өөр асуудал. Сэт­гүүл зүй хөгжиж төлөвш­сөн. 1990-ээд онд ямар байлаа, 2000 онд ямар болов. Тухайн үед хэчнээн сонинтой байв, зөвхөн тооноос нь  харахад л одоо хэд болсон байна. Ча­нарын хувьд ч гэсэн ахиц дэвшил гарсан. Сэтгүүлч­дийн мэргэжлийн төвш­нөөс эхлээд техник, техно­логийн хөгжил гурван жи­лийн өмнөхөөс өөрчлөг­дөж, шинэ хандлага руу, орчин үе рүү, мэргэжлийн шинж рүүгээ явж байгаа. Гэхдээ энэ нь хангалттай биш. Бид яг чөлөөт хэв­лэлийн эрхзүйн орчныг бүрдүүлсэн, чөлөөт хэв­лэлийн мэргэжлийн дүрэм шаардлагад нийцсэн ийм хэвлэл, мэдээллийг ний­гэмд, хэрэглэгч олон ний­тэд хүргэж байж үүргээ баттай биелүүлэх, ийм үндэс бүрдэх учраас үл үзэгдэх гар зохицуулж бай­даг гэдэгт найдаж ор­хих боломжгүй.

-Тэгвэл сэтгүүлзүйг нийтэд нь авч үзэхэд дэл­хийн сүүлийн үеийн чиг хандлага  ямар байна?

- Бидний яриад байгаа Монголын хэвлэл, мэдээ­лэл, сэтгүүлзүйд байгаа асуудлууд ганц манайд байгаа юм биш. Бидний хувьд чөлөөт хэвлэлийн уламжлал, туршлага бага­тай, тулгамдсан асуудлууд манай онцлогоос  гараад байгаа нь нэг асуудал. Нөгөө талд хараат байдлын тухай гэх юм уу, түүнтэй холбоотой бусад асуудлууд дэлхийн хэвлэл, мэдээл­лийн салбарт байж л бай­гаа зүйлүүд. Сүүлийн жи­лүүдэд дэлхийн хэвлэл, мэдээллийн чиг хандлагыг төвлөрлийн үйл явц давам­гайлж байгаа. Өөрөөр хэл­бэл, хэт олон хэвлэл, мэ­дээллийн хэрэгсэл нэг гарт төвлөрч байна. Олон улс оронд хэвлэл, мэдээллийн жижиг хэрэгслүүдийг то­мууд нь худалдаж авах, нэгтгэх, нөгөөтэйгүүр том хэвлэл, мэдээллийн хэ­рэгс­лүүдийн дунд зах зээл­­­­­­­гүй болох замаар жиж­­­гүүд нь устаж үгүй болох үйл явц хүчтэй явж байгаа.

-Үүнийг дагаад төв­лөр­сөн том хэвлэл, мэ­дээллийн хэрэгслүүд яв­цуу ашиг сонирхлыг хам­гаал­сан пиар, суртал ухуул­­га хийх нь давам­гайл­лаа гэсэн шүүмжлэл дуулдсан?

-Бодит мэдээлэл өгөхгүй байна. Тэд өөрс­дөө цензурдэгч болж ху­вир­лаа гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөх болсон. Хэв­лэл, мэдээллийн хэрэгс­лийн төвлөрөл хүчтэй бо­лохын зэрэгцээ мэдээл­лийн шинэ хэрэгслүүд, интернэт мэдээллийн орон зай цоо шинээр тэлж гарч ирсэн. Үүнийг ажиглагчид уламжлалт сэтгүүл зүйн төвлөрлийг задлах таатай нөхцөл бүрдлээ гэж үзэж байгаа юм. Нэг ёсондоо үзэл суртлыг арилгах, түү­нээс татгалзах  боломж гэж дүгнэж байна. Өнөөдөр твиттер, фейсбүүкээр  хэрэг­тэй мэдээллээ олон нийтэд цацаад хүргэчих таатай  боломж бүрдсэн. Нөгөө талаас мэдээлэл хүчтэй хэрэгсэл учраас үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрх ашгийн үүднээс редакторлосон мэдээлэл хүрч байх ёстой. Энэ утгаар твиттер, фейс­бүүкээр  мэдээлэл хүрээд эхлэх юм бол улс үн­дэст­ний нэгдмэл байдал,  тогт­вортой байдал, аюул­гүй байдалд эрсдэлтэй гэж үздэг. Ийм хандлагууд бий болж байна. Тиймээс нийг­­мийн мэдээллийн хэ­рэгслүүд уламжлалт  мэ­дээллийн хэрэгслүүдийг үгүй хийж чадахгүй. Мэр­гэжлийн сэтгүүл зүйн сал­бар, олон нийтэд мэдээлэл хүргэх, боловсруулах арга технологи үндсэндээ хэ­вээр хадгалагдана. Гэхдээ шинэ мэдээллийн хэрэгс­лийн нөлөө асар их байгаа. Тэр нь хэт цензурыг хал­сан уян хатан байдлыг бий болгож байгаагаараа дэв­шил болсон.

-Ярилцлагынхаа  төгс­гөлд  сэтгүүлзүйн салба­рынхан, үзэг нэгт нөхөд, шавь нартаа хандаж та юу хэлэх бол?

-Өнөөдөр Монголын хэвлэл, мэдээллийн сал­барт ажиллаж буй хүмүүст  түүхт 100 жилийн ойн бос­гон дээр баярын  мэнд­чилгээ дэвшүүлье. Хэвлэл, мэдээлэл гэдэг нэр хүнд­тэй ч хүчир хүнд салбарт бэрхшээлийг үл ажран төдийгөөс өдийг хүртэл зүтгэж ирсэн үе үеийн хэвлэл, мэдээллийн  сал­барынхан, өнөөдөр ажил­лаж байгаа сэтгүүлчдэд амжилт хүсье. Дээр нь нэмж хэлэхэд, чөлөөт хэв­лэлийн төлөө нийгэмд, иргэдэд, тэдний мэдэх эрхэд нь үйлчилдэг үйл­чилгээний хэлбэр болсон хэвлэл, мэдээллийн сал­бар­таа чин үнэнч шудар­гаар зүтгэж, үүргээ бие­лүүлцгээе гэж уриалах байна. Үүргээ биелүү­лэ­хийн тулд бидэнд мэр­гэжлийн тодорхой төв­шин, үүргээ ухамсарласан байдал  чухал юм шүү.