Б.НОМИН

 

“Заамар сум” гэхээр таны сэтгэлд ямар дүр зураг буудаг вэ. Алтны эрэлчдийн хөл, гар, хүнд машин механизмд сүйд­сэн байгаль. Үнэхээр ч байдал тийм байгаа.

Төв аймгийн Заамар сумын 20 гаруй хүүхэд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өглөө эртлэн босч, 250 км гаруй замыг туулан Улаанбаатарт ир­сэн байлаа. Заамар сумын Хайлааст багийн “Шижир алт” есөн жилийн дунд сургуулийн эдгээр сураг­чид Монгол Улсад байдаг 75 эко сургуулийн тоог нэгээр нэмэх чухал са­наач­лагыг гаргасан байна. Мэдээж, туршлага суд­лах, заавар зөвлөгөө авах шаардлага гарчээ. Тиймээс тус сургуу­лийн захир­гаа­наас сурагч­дынхаа энэ санаачилгад дэмжлэг үзүүлж, МУИС-ийн Экологийн боловс­ролын төвд ханджээ. “Бид сур­гуулиа байгальд ээлтэй болгохын тулд хийх ёстой хамгийн эхний алхам маань юу вэ, сурагчдад маань мэдээлэл, зөвлөгөө өгөөч” гэж.

Экологийн боловс­ро­лын төвийн багш ажилчид ийм хүсэлтийг үргэлж баяртайгаар хүлээж авдаг. Сургуулиа хэрхэн, яаж эко болгох вэ гэдгийг хүүхдүүдэд заахаас өмнө тэд бидний өмнө, дэлхий ертөнцөд тулгараад байгаа асуудлын талаар “Эколо­гийн ул мөр” сэдэвт хичээлийг заалаа.

 

БИД ДАХИН ӨӨР ДЭЛХИЙГ БҮТЭЭЖ ЧАДАХ УУ?

Дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрээд байна. Энэ тоо жилд ойролцоогоор 79 саяар нэмэгдэнэ гэж байгаа. Энэ бүх хүний идэх хоол, өмсөх хувцас, унах унаа, амьсгалах агаар, сэтгэлийн таашаал гээд бүхий л хэрэглээг байгаль дэлхий бидэнд өгчихөөд дараа нь тэр бүхнээс бий болсон хог хаягдал, хорыг задалж, өөртөө шингээн авдаг.

Цаг хугацаа өнгөрөх тусам хүн төрөлхтний хэрэглээ замбараагүй өсч, хязгаар гэж үгүй болов. Тэр бүхнийг бид зөвхөн байгалиас л авч хэрэглэж буй. Байгаль эх маань бидэнд “Би энэ бүх зам­бараагүй хэрэглээг цаа­шид хангаж дийлэхгүй болох нь” гэдэг анхны дохиогоо өгөөд байгаа нь дэлхийн хаа сайгүй болоод буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт юм.

Экологийн ул мөр гэдэг нь бидний хэрэг­лээгээрээ байгальдаа үл­дээж байгаа гарз хохирол юм. Дэлхий дээр байгаа бүхий л үржил шимтэй газрыг, өөрөөр хэлбэл ургамал ургаж, мал идэж, хүн амьдарч болох бүхий л газрыг долоон тэрбум хүнд хуваахад, нэг хүнд 1,8 глобал га /экологийн ул мөрийг хэмждэг нэгж/ ногдож байгаа юм.

Тэгэхээр дэлхийн долоон тэрбум хүн тус бүр 1,8 г га-гаас доош хэрэг­цээтэй амьдарч байвал манай дэлхий амар тайван оршин тогтносоор байх юм. Өөрөөр хэлбэл, бид он удаан жил /ойролцоогоор 4 тэрбум жил/ амьдрах нь. Эсрэгээрээ, хүн болгон экологийн ул мөрөө өсгөөд л байвал дэлхийн амьдрах нас тун удахгүй төгсгөл болно гэж үздэг. 

Монгол ахуй, малчдын амьдрал байгаль орчинд сөрөг нөлөө харьцангуй багатайг дэлхийн судлаа­чид тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, жинхэнэ байгаль орчинд ээлтэй амьдрал Монголын хө­дөөд л бий. Гэсэн ч Зөвхөн Заамар сумаас ирсэн эд­гээр 20 сурагчийн эколо­гийн ул мөрийг тооцож үзэхэд /тусгай аргач­лалаар/ өнөөх 1.8 г га-даа багтсан хэрэглээтэй хүү­хэд ердөө ганцхан байв. Тэгэхээр хотод амьдардаг хүүхдүүдийн глобал га-г бодож үзэхээс ч “айдас төрмөөр” юм шиг. Энэ их хэрэглээнд тааруулъя, гэсэн ч дэлхийг дахиад 4 тэр бум жил наслуулъя гэвэл бидэнд дахиад өөр дэлхий хэрэгтэй гэнэ. Хүн төрөлхтөн түүнийг бүтээж чадахгүй учраас хэрэг­лэгээ хянаж, байгаль дэлхийгээ хайрлахаас өөр сонголт бидэнд байхгүй.

Байдал нэгэнт ийм болсон учир 1994 оноос эхлээд дэлхий нийтэд “Эко сургууль” гэдэг ойл­голт бий болсон байна. Дэлхийн байгаль орчны боловсролын сангаас хэ­рэг­жүүлдэг энэ хөтөлбөрт 56 улс нэгдсэний нэг нь Монгол Улс. 2007 оноос Монголд хэрэгжиж эхэл­сэн энэ хөтөлбөр жил ирэх бүр хүрээгээ тэлсээр өдгөө 75 /”Шижир алт” сургуу­лийг оруулаад 76/ сургуу­лийг эгнээндээ нэгтгээд байна. Салбарын яам болон энэ чиглэлийн төсөл хөтөлбөрийн дэмжлэг­тэйгээр эдгээр сургуулийн үйл ажиллагаа амжилттай өрнөж байгаа.

Швейцарийн хөгж­лийн агентлагаас хэрэг­жүүлж буй төслөөс эдгээр сургуульд цаг ямагт дэмж­лэг туслалцаа үзүүлдэг. 2013 оныг БОНХЯ-наас Байгаль орчны боловс­ролыг дэмжих жил болгон болгон зарласан. Швей­царийн хөгжлийн агентлаг болон БОНХЯ-ны дэргэд Байгаль хамгаалах сан­гаас ойролцоогоор 200 сая төгрөгийн санхүүжилтийг эко сургуулиудыг дэмжи­хэд зарцуулах төлөвлөөд байгаа аж.

 

ТАНИЛЦ! ЭКО СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ЭХНИЙ АЛХАМ

Байгальд ээлтэй сур­гууль болохын ач холбог­дол юу вэ гэдэг асуултад Экологийн боловсролын төвийн багш, “Юуны өмнө та бүхний суралцах, ажиллах нөхцөл сай­жир­на. Энэ бол хамгийн гол зүйл. Цаашилбал байгаль орчны мэдлэг мэдээлэл сайжирна. Дэлхий нийт хаашаа яваад байгаа юм, би хаашаа явах ёстой вэ гэдгийг та бүхэн ойлго­сон байх. Цаашид санхүү­гийн хэмнэлт гаргана. Танай сургууль цахилгаан их зарцуулдаг чийдэнгээ хэмнэдгээр нь сольчихлоо гэж бодоход зарцуулдаг мөнгө багасгана. Цаашил­бал нутгийн иргэдийн оролцоог бий болгоно. Сургуулиа маш гоё, эко орчинтой болгочихоод аав, ээждээ, Засаг даргадаа, сумынхаа иргэдэд танил­цуулахад танай сумынхан тэр чигээрээ байгальд ээлтэй болж таарна.

Ийм сургуулийн хамгийн сайхан тал нь олон улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтоох боломжтой. Жишээлбэл, Швейцарийн хөгжлийн агентлагаас жил бүр эко сургуулиудын төсөлд дэмж­лэг үзүүлдэг юм. Сургуулийнхаа гадна талбайд мод тарья гэх мэт ямар нэг асуудлыг чинь шийдээд өгөх жишээтэй. Тэгэхээр танай сургуу­лийн хөгжилд хүртэл хэрэгтэй байх нь. Эко сургууль болохын тулд 7 алхамыг хийнэ. Энэ нь хүүхдүүд мундаг хүн болохын тулд 12 ангийг шат дарааллаар төгс­дөгтэй адилхан юм” гэлээ.

ЭХНИЙ АЛХАМ: ЭКО ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ

Эко зөвлөлийн цөм нь энэ сурагчид. Мэдээж, бие дааж шийдвэр гарга, төлөвлөгөө боловсруулахад хүүхдүүдэд туршлага дутах учраас зөвлөлдөө том хү­мүүсийн, тухайлбал сургуулийнхаа захирал, нийгмийн ажилтан, эсвэл эцэг эхийг татан орол­цуулаарай. Сурагчид ту­хайн сургуулийн эко зарч­мыг удирдана. Мэдээж, эко зөвлөлийг хүүхдүүд Та нар сайн дураараа бүр­дүүлэх ёстой. “Сургуулиа гоё болгоё, би өөрөө орчин үеийн хүүхэд байя. Дэлхийд дахин ямар алхам хийгээд байгааг би ч гэсэн мэдье” гээд санаачлагаа­раа орсон хүүхэд байх хэрэгтэй.

 

ДАРААГИЙН АЛХАМ: ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНДОО ҮНЭЛГЭЭ ХИЙХ

Та бүхний сумандаа очоод хийх хамгийн эхний алхам бол сургуулийнхаа гадна, дотно орчинд үнэлгээ хийх. Наад зах нь гаднах орчны чинь хог, хаягдал ямар байна вэ гэдгийг ажиглаарай. Эргэн тойронд чинь мод, зүлэг байна уу.  

Сургууль руугаа яваад ортол хүүхдүүд өглөөнөөс орой хүртэл гэрлээ асааж байна уу, эсвэл зөвхөн шаард­лага­тай үед асааж байна уу гэх мэтчилэн үнэлгээ хийнэ. Зорилго нь юу вэ гэхээр тэндээс өөрсдийн алдаа дутагдлыг олж хараад засч залруулах юм.

 

УДААХ АЛХАМ: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛ

Үнэлгээнийхээ дүнд тул­гуурлан үйл ажил­ла­гааныхаа төлөвлөгөөг боловс­руулна. Жишээл­бэл, сургуулийн гадна талд чинь хогийн сав байхгүй бол  “Энэ хичээлийн жилд бид тавдугаар сарын 31  гэхэд сургулийнхаа гадна гурван өөр өнгөтэй тус бүр нэг хогийн савтай болсон байна.Тэр нь хогийг ан­гилж ялгах зориулалттай байна. Хариуцах хүн: Эко зөвлөлийн дарга. Эсвэл эко зөвлөлийн хог хариуц­сан клуб. Оролцох хүн:  Сургулийн захирал, эсвэл нийгмийн ажилтан, тэр ангийн багш” гэх мэт. 

Ингээд хийх ажлуу­дын төлөвлөгөө гарлаа. Заримд нь мөнгө шаард­лагатай болно.  Тэр бол­гонд шаардлага­тай санхүү­жилтийг бичээд сургуу­лийн­хаа захиргаа, аймаг, сумынхаа ИТХ, орон нутгийн хөгжлийн сан, эсвэл өөр нэг компанид хандсан ч болно шүү дээ. 

 

ДӨРӨВ ДЭХ АЛХАМ: ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙХ

Нэгэнт төлөвлөгөө боловсруулчихсан боло­хоор түүнд чинь хяналт хэрэгтэй. Эзо зөвлөлийн үйл ажиллагааг эхний удад идэвхтэй өрнөж бай­гаад аажмаар алга болгох­гүйн тулд энэ хяналт маш чухал үүрэгтэй оролцоно. Хяналтын баг байгуулж, тэр нь  гаднаас ч, дотроо­соо ч бүрдсэн байж болно. Тэд эко зөвлөлийн төлөв­лөсөн ажлуудыг хянах юм. Магадгүй, хэ­зээ ч бие­лэшгүй ажил төлөвлөсөн байж болно. Гаднаа 3000 мод тарина гэдэг, нөгөөх нь 500 болчихоод байвал, “Та нарын төлөвлөгөө буруу байна. Чадах ажлаа л хий. Төлөвлөгөөндөө өөрчлөлт оруул” гэх мэтээр ололтыг чинь бататгаж, дутагдлыг нь арилгах ёстой. Бас нэг гол ажил нь олон нийтийг хамруулна. Эко зөвлөлийн ажил зөвхөн эко зөюлөл дотроо болоод байж болохгүй. Сургуулийн бүх хүүхдэд харагдаж байх ёстой. Түүнд хяналтын баг ажиллана.

 

ТАВДУГААР АЛХАМ: ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХОСЛУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ

Энэ алхам багш нарт хамаатай. Сургалтын хө­төл­бөртөө байгаль орчны сэдэвтэй шинэ хичээлүүд нэмж оруулна гэсэн үг. Бас нэг чухал зүйл нь яваандаа сургуульдаа чиг­лэл, чигэлэлийн клуб байгуулж болно. Нэг хэсэг нь сургуулийнхаа гадна талбайг модтой болгодог. Нөгөө хэсэг нь шувуу ажиг­ладаг. Бас хүүхдүү­дийг хог хаягдлаа ялгаж сургадаг клуб гээд сонирхол тус бүрээрээ нэгдэж болно.

 

ЗУРГАА ДАХЬ АЛХАМ: МЭДЭЭЛЛЭЭ ТҮГЭЭЖ ТАТАН ОРОЛЦУУЛ

Ингээд хийж, хэрэг­жүүлсэн ажлаа танил­цуулж хавар, эсвэл намар хичээл эхлэхээр Нээлттэй өдөрлөг зохион байгуу­лаарай. Мэдээллээ түгээж бусдыг татан оролцуу­ла­хад энэ тустай. Сумынхаа Засаг даргыг, эцэг эхээ уриад хийсэн ажил гарга­сан амжилтаа танилцуул. Гол нь харьцуулсан гэрэл зургийг хадгалж авч үлдэх хэрэгтэй.

 

СҮҮЛИЙН АЛХАМ: ЭКО КОД БУЮУ УРИАГАА БОЛОВСРУУЛАХ

Магадгүй энэ хамгийн түрүүнд хийх алхам байж мэдэх юм. Эко уриа, лого­той болох ёстой. Жишээл­бэл,  57 дугаар сургуулийн хүүхдүүд  эко зөвлөлдөө “Эко түүчээ” гэдэг нэр өгсөн байна.

Та нар өөрийнхөө үйл ажиллагааны онцлогт тохирсон байдлаар уриагаа гаргаж, логогоо хийгээ­рэй. Танай сумын байгаль орчинд тулгамдсан хам­гийн бэрхшээлтэй  асуудал юу байна, түүнтэй нь холбож болно.

57 дугаар сургуулийн­хан “Цэвэр ус, цэнгэг агаар, цэцэг навч” гэсэн уриатай байх жишээтэй. Гадаадын сургуулийн бас нэг уриа байна. “Мод тарья, дахин боловс­руулъя, хог хаягдлаа багасгая” гэж.

Эко сургууль болох долоон алхам ердөө энэ. Эдгээрээс хамгийн хэцүү нь гадаад дотоод орчинд мод тарих ажил юм. Тий­мээс Экологийн боловс­ролын төвийн багш нар “Шижир алт” сургуулийн хүүхдүүдэд хүлэмжинд цэцэг, гаднах талбайдаа хэрхэн мод тарих талаар хичээл заасан юм.

Ш.Янжиндулам: ЭКО СУРГУУЛЬ БОЛОХ САНАЛЫГ СУРАГЧИД МААНЬ ГАРГАСАН

 

Заамар сумын Хайлааст багийн “Шижир алт” есөн жилийн дунд сургуулийн нийгмийн ажилтан Ш.Янжиндуламаас цөөн асуултад хариулт авлаа.

 

-Төв аймгаас хамгийн анх эко сургууль байгуу­лах хүсэлт гаргасан нь танайх. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?

-Хүүхдүүд маань санаа­чилсан. Экологийн тэнцвэрт байдлыг хамгаа­лахад хүн бүрийн оролцоо хэрэгтэй учир манай сур­гуулийн удирд­лагууд үүнийг нь дэмжиж, хамт­ран ажил­лаж байна. Сур­гууль маань 522 сурагчтай. Эко бүлгэмдээ эхний ээл­жинд 20 хүүхэд элсүүлж аваад байна.

-Сумандаа очоод хам­гийн түрүүнд юу хийх вэ?

-Зөвлөлөө байгуулчих­сан болохоор юуны тү­рүүнд уриагаа бий болгож, логогоо хийнэ. Хавар болж байгаа учраас сургуулийн­хаа ойр орчмыг зүлэг­жүүлж, мод тарина.

-Танай суманд байгаль орчны хүндрэлтэй ямар асуудал гарч байна?

-Алтны томоохон уурхайнууд байгаа учраас байгаль орчин тэнц­вэргүй байна. Хавар байнга шо­роогоор шуурч байх жишээтэй. Сургуу­лийнхаа ойр орчимд но­гоон орчин бүрдүүлээд ирэхээр бусад байгуул­лагад ч үлгэр жишээ болох байх.