Д.БОЛОР

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ИТХ-ын дарга Б.Готовтой ярилцлаа. Тэрээр боловсролын салбарт 18 жил тасралтгүй ажилласан Ардын багш. Харин 2004 оноос эхлэн улс төрд хүч үзэж яваа нэгэн. 2004-2008 онд сумын Иргэдийн хурлын дарга, 2008-2012 онд Засаг даргаар ажилласан бол энэ удаа хуучин албандаа улиран ажиллаж байгаа юм.

 

-Жаргалан сумыг Эрээн нуураар нь уншиг­чид сайн таних учраас энэ тухай яриагаа эхэлье. Эрээн нуур эргээд сэргэсэн гэ­сэн. Хүн ардын хүч хөдөл­мөр байв уу. Бай­галийн өөрийн хүч нөлөө­лөв үү?

-Эрээн нуур болоод Хүнхэр зусланг түшиглэж аялал жуулчлал хөг­жүүлэх сумын хөтөлбөр бо­ловс­рууллаа. Ма­най суманд байгалийн үзэсгэлэнт га­зар олон бий. Ямар сайн­даа, хамба Д.Чойжамц “Хүнхэр байхад Утай гүмбэн рүү явах ямар шаардлага бай­на” гэж шүүрс алдаж байхав. Утай гүмбэнд нэгэн агуйд ороод ариус­даг гэдэг шүү дээ. Тэгвэл тэр тийм агуй Хүн­хэрт бий. Эхийн хэвлийд орсон юм шиг ариусаад гараад ирнэ. Ариусах агуй­гаас  гадна өвчин анагаах, эрүүл­жүү­лэх олон төрлийн рашаан ч бас Хүнхэрт байна. Одоо­гоор Хүнхэрт амарч зу­гаалах, байгалийн гай­хамшиг харж сэтгэл бая­сах иргэдийн олонхийг гадаадын иргэд эзэлдэг. Цаашдаа энэ төрлийн биз­нес хөгжүүлэхэд ан­хаарах нь чухал. Өөрөөр хэл­бэл, Хүн­хэрийн менеж­ментийг зөв хийх хэрэг­тэй.  Одоо­хон­доо энэ зус­лан аймгийн захиргааны мэдэлд бий. Үүнийг ме­нежментийн хувьчлалаар мэргэжлийн байгууллагад нь өгөөд сайж­руулах ёстой. Дотоод тохижилт, аж ахуйн та­лаас нь сайжруулаад өгвөл хүний таашаал тө­рүүл­сэн үзэсгэлэнт газар, ра­шаан нь бүгд бий. Үүнээс гадна Эрээн нуур, Ажиг нуур, Их Монгол элс, тоо­рой мод, Завхан гол гээд үзэсгэлэнт бай­гальтай. Эрээн нуур сэр­гэсэнд нут­гийн зон олон маань та­лархаж байна. Үүнийг түшиглээд аялал жуулч­лал хөгжүү­лэхээр хи­чээж байна. Зарим төр­лийн сан­хүү­жилтийг нь шийдсэн байгаа.

 

Говь-Алтай аймгийн Жаргалан сум. Нийслэл хотоос 1130, аймгийн төвөөсөө 90 гаруй километрийн зайд оршдог. Баруун талд нь Хасагт хайрхан уул, хойд хэсгээр нь Жаргалан уул сүндэрлэх бөгөөд говь хангай хосолсон нутаг. Эрээн нуур, Ажиг нуур, Завхан гол, Хүнхэр зуслангийн тухай та лав сонссон биз ээ. Тэгвэл энэ бүхэн Жаргалан суманд гоо үзэсгэлэнгээ гайхуулан оршин байдаг юм.

 

-Аялал жуулчлалын тулгуур хүч нь дэд бүтцийн асуудал юм?

-Нэгэн үеэ бодвол ма­най суманд үүрэн те­ле­фоны хоёр оператор ажил­лаж байна. Дээр нь байн­гын цахилгаан, эрчим хү­чинд холбогдоод дөрөв дахь жилдээ болжээ. Ха­рин зам харилцааны ту­хайд сайн гэж хэлэхгүй. Аймгаас сум, сумаас баг хоорондын зам сай­жир­сан зүйл алга. Гэхдээ бай­галийн өөрийнх нь зам харгуй сайн учраас заавал засмал зам барина гэж туйлшраад байх шаард­лагагүй.  Байгалийнх нь зам засмалаас илүү гэхэд хилсдэхгүй.

-Жаргаланчууд 2010 оны зуднаар малынхаа тэн хагасыг алдсан байх аа. Энэ алдагдлаа нөхөж амжсан уу?

-2010 оны их зуд жар­галанчууд бидний сэтгэлд их юм үлдээжээ. 160 мян­ган малаас ердөө 48 мянга нь үлдсэн. Их зуднаар мал босоогоор осгож, өдөрт хэдэн мян­гаараа хорогдож байсан. Тэр үе манай малчдын сэтгэлд том хар толбо бо­лон үлдсэн. Гэвч байгалийн хүчин зүйлийг яалтай билээ. Одоо бол малчдын маань сэтгэлд гэрэл тусч малынх нь тоо бага багаар өсч байна. Өнгөрсөн жилийн тоолло­гоор 81 мянган мал­ тоо­луулсан. Энэ нь жарга­ланчуудыг уйга­гүй хөдөл­мөрч, шантарш­гүй сэтгэ­лийн хаттайг харуулсан хэрэг. Хачирхалтай нь, бод өсөхгүй юм. Энэ жил  2000 адуу, 1200 гаруй үхэр, 600 тэмээ байна гэ­сэн тооцоо гарсан. Цаашдаа бод тэр дундаа үхэр өсгөх бодлого барим­талж байна. Үүний тулд  сум хөгжүүлэх сангаас үхэр авъя гэсэн хүмүүст хөнгөлөлттэй үнээр зээл олгож байгаа.

-Иргэдийн амьжир­гааны төвшинг дээшлүү­лэх, ажилгүй иргэдийг ажилтай болгох чиглэлд  хэрхэн анхаарч байна?

-Их зуднаар малгүй болсон малчид  ажилгүй иргэдийн эгнээнд шилж­жээ. Өмнө нь  албан ёсны бүртгэлээр ажилгүй иргэн  24 байлаа. Харин зуд­наас хойш энэ тоо огцом өссөн. Гэхдээ бид бай­галийн давтагдашгүй хү­чин зүйл байлаа гэж ха­лаглаад суу­хаас илүү мал­гүй болсон иргэдээ мал­жуулах төсөлд хамруулсан. Тодруулбал, 120 гаруй сая төгрөгийн мал­жуулах арга хэмжээ зо­хио­жээ. Үүний дүнд цөөн­гүй айл унах морь, ха­риулах богтой болсон бай­на.

-Жаргалан хязгаар сум. Улсын төсвөөс хан­галттай төсөв мөнгө баталж өгсөн үү?

-Байгалийн үзэсгэлэнт газар, үүх түүхээр нь мон­гол­чууд мэднэ.  Өнөөдөр бусад сумдын адил чадах хэмжээндээ хөгжиж бай­на. Яахав, нийслэлтэй ойрхон болоод дэд бүтэц хөгжсөн, хүн ам ихтэй сумдын хажууд хөгж­лөөрөө хоцрох байх. Харин нийслэлээс алслагдмал сумдуудтай харьцуулахад боломжийн хөгжиж, зарим тулгамдсан асуудлаа шийдэж байгааг хэлэх хэрэгтэй. Энэ жи­лийн тухайд сумдыг хөг­жүүлэх, орон нутгийг хөг­жүүлэхэд Шинэчлэлийн Засгийн газар нэлээд ан­хаарч байгаа нь талар­хууштай.  Үүний нэг нь орон нутагт хөгжлийн сан нэртэй мөнгө.  Энэ мөнгө суманд хүмүүс амьдрах, нийслэл хот руу чиглэсэн их нүүд­лийг зогсооход оршино. Мэдээж юу хийх вэ гэдгээ багийнхаа иргэ­дээс сана­лыг авч нь эрэмбэл­лээ. Үндсэндээ 45 санал гарснаас 20 ажил хийе гэж баталсан.  Эхний ээлжинд сумынхаа тохижилт руу хандана. Хоёр дахь зүйл нь бэлчээр усжуулалт, газар зохион байгуулалт руу хандая гэж шийдлээ. Ялангуяа, энэ жил Жар­галангийн ой тохиох уч­раас сумынхаа өнгө төрх, дэд бүтцэнд онцгой ан­хаарах учиртай. Гудамж­ны гэрэлтүүлгийн тоо нэ­мэх, төв гудамжаа тохи­жуулах, ногоон бай­гуу­ламж нэмнэ. Сумын тө­вийн хөгжлөөс гадна хө­дөөгийн хөгжилд ч гэсэн анхаарах ёстой. Зөвхөн сумандаа зам барьж, ба­рилга нэмснээр хөгжлөө гэж үзэж бо­лохгүй. Хэ­дийгээр Эрээн нуур маань сэргэсэн байсан ч түүнтэй хаяа залгах Ажиг нуур ширгэсэн байдаг. Ажиг нуур руу ус оруу­лахаар тодорхой хэм­жээний сан­хүүжилт тавьж байна. Ул­саас тодорхой хэмжээний төсөв олгосон учраас ма­най суманд бага ч атугай хөгжил мэдрэгдэх болсон. Түүхэндээ сум руу хөрөнгө оруулалт хийж байгаагүй. Зөвхөн сур­гууль, цэ­цэр­лэгийн ба­рилгыг засах төдий хан­даж байсан бол одоо сум өөрсдөө хөгжлөө тодор­хойлоод төсвөө зар­цуулаад явах боломжтой болсон нь сайшаалтай хэрэг. Хамгийн гол нь ногдсон төсвөө ил тод, нээлттэй зарцуулах нь чухал юм.

 

Жаргалан сум аль эртнээс  алдарт хурдан хүлэг, хүчит бөхөөрөө цуутай.  Их  хүчтэнүүдийн нэг дархан аварга Ш.Батсуурь энэ суманд төрж өсөн, дээлийн сугаа тасартал үеийн хөвгүүд, адуу малтай ноцолдож өссөн гэлцэнэ. Өдгөө түүний шийрийг хатаах бөхчүүд ч байна. Улсын начин Д.Шоовдойхүүгийн хүү Ш.Тогтохбаяр, аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр нарыг нэрлэж болох юм.

 

-Луу жилийн төгсгөл, могой жилийн эхэнд су­мынхаа ажил үйлсээр тэргүүлэгчдийг шалга­руулсан байх. Хэн танай сумын түүчээ нь болов?

-Жаргаланчууд бол хөдөлмөрч ард түмэн. Тэд үүр, үдэш ялгахгүй мал ахуй гээд ажиллаж байдаг малч түмэн. Хөдөлмөрч иргэдийнхээ зарим тө­лөөл­лийг сар шинийн үеэр шагнаж урамшуулсан айм­гийн сайн малчнаар Ж.Тай­­­ван­хүү, сумын сайн малчнаар Ц.Сүхбат, М.Баярсайхан, алдарт уяа­­чаар н.Нямзориг, Х.Эр­дэнэбат нар шалгарсан.