Д.БОЛОР

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Маршалын албаны тухай хууль санаачилжээ. Хуулийн төсөл нь яамных нь нэгжид боловсруулагдаж байна. Маршалын хууль ямар эрх зүйн харилцааг зохицуулах тухай эхлээд дуулгая. Шүүх хуралдааныг хянах, сэжигтэн, ялтанг хуяглах үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн ажлыг гүйцэтгэх тухай юм байна. Үүнийгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяанд байгуулах юм байх. Харин салбарын сайд энэ хуулийг санаачилсан шалтгаанаа тайлбарлахдаа “Өнгөрсөн онд хошууч генерал Ч.Амарболд нарын шүүх хурал боллоо. Гэтэл хэв журам сахиулах ёстой өнөөх цагдаа нар нь дарга нартаа хууль ёсны шаардлага тавьж чадахгүй байсан. Тэгэхээр цагдаа нарыг өөрсдөөр нь мануулж сахиулах нь учир дутагдалтай гэж үзлээ. Нэгнээ өөгшүүлэх шинжтэй” гэж хариулав. Энэ нь Монголын шүүхийн байгууллагад цагдаа нартай холбоотой шүүх хурал байнга болж байдаг мэтээр ойлгогдож байна. Ийм шалтгаанаар хууль санаачилсан болж байгаа юм. Хэрэв шүүхийн цагдаа нар сэжигтэн, ялтанг “манах”, хуяглаж чадахгүй байна гэж үзвэл шүүхийн шийдвэрийн тусгай бүлгийг энэ талд нь мэргэшүүлж болох юм. Гэтэл энэ нь төсөвт ямар дараатай алба бол. Шинээр бүтэц, бүрэлдэхүүн болгож байгаа учраас багагүй хэмжээний төсөв шаардах нь ойлгомжтой. Тухайлбал, Маршалын алба нь Маршалын албаны төв байгууллага болон тойргийн журмаар зохион байгуулагдсан Маршалын албад буюу “Тойргийн маршалын албан”-аас бүрдэх гэнэ. Төв байгууллага нь хэд, хэдэн бүтэцтэй байхаар төлөвлөжээ. Үүнд, мөрдөн шалгах, эрэн сурвалжлах алба, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах алба, гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах алба, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах алба, тусгай бүлгээс бүрдэх юм байна. Маршалын албаны төв байгууллагын дарга нь маршал, дэд дарга нь тэргүүн дэд маршал, дэд маршал, тойргийн Маршалын албаны дарга нь тойргийн маршал, дэд дарга нь тойргийн дэд маршал цолтой. Үүнээс харахад Маршал хэмээх хүндтэй цолыг хуяглагч нарын дарга зүүх эрхтэй болох бололтой. Энэ алба өнөөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаасаа ч том байх төлөвтэйг илтгэж буй. Дээрээс нь шүүгч, тэдний гэр бүлийн аюулгүй байдлыг хангахаар тооцож байгаа нь Маршалын алба хамгаалагчийн үүрэг давхар гүйцэтгэх бололтой. Харин энэ хуулийн нэг авууштай тал нь гэрч, хохирогчийг хамгаалах тухай заалт байна. Гэмт хэргийг шалган тогтоох, нотлох ажиллагаа нь үндсэндээ гэрч, хохирогчийн мэдүүлэгт үндэслэдэг. Энэ утгаар гэрчүүдийг бусдаас санхүүгийн дэмжлэг аваад гэмтэнг гэмгүй болгодог байдлынх нь эсрэг энэ хууль чиглэх гэнэ. Тэгээд ч гэрчийг хамгаалалтад аваагүйгээс амь насаа алдах тохиолдол нэг бус удаа гарснаас гадна дарамтлах, худал мэдүүлэг өгүүлэх зэрэг хууль бус үйлдлүүд гарч байгаа учраас үүнийг зохицуулах зэвсэг болгон ашиглах гэнэ.