Ч.ҮЛ-ОЛДОХ

Энэ удаагийн зочноор Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл уригдлаа.

-Сангийн дэд сайд бо­лох гэнэ, Эдийн засаг, хөгжлийн яам руу очихоор болжээ гэсэн олон мэдээ­лэл гарч байсан ч эцэст нь та Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаар томи­логд­сон. Хашилтад хэлэ­хэд, энэ салбартай ойр байх ямар сонирхол танд байсан юм бэ?

-Миний хувьд хаа нэг­тээ оч­чихъё гэсэн санаа бодол байгаагүй. Анхнаа­саа маш тодорхой байсан. Аль нэг салбар аваад явъя эсвэл Үйлдвэр Хөдөө Аж ахуйн яаманд дэд сайдаар очмоор байна, бүр болох­гүй шиг бол Зам тээврийн дэд сайд болъё өөр газар очихгүй гэдгээ  намынхаа нөхдүү­дэд хэлсэн. Энэ салбарт ойр байх сонирхол надад маш их бий. Нэг­дүгээрт, би салбарын өмнө байгаа проблемыг очи­хоосоо өмнө сайн харж байсан. Хоёрдугаарт, хэр­хэн яаж шийдэж болох вэ гэдгийг төсөөлж байсан. Нөгөө­тэйгүүр, Монгол­чууд бид хоосон улс төр­жиж, ахуй амьд­ра­лаасаа их холдоод байгаа юм.

Хүн шиг амь­дарч улс шиг хөгжье гэвэл нам, улс тө­рөөсөө илүү мал, ногоо, үйлдвэр аж ахуйгаа хөгжүүлэх хэ­рэгтэй. Энэ талаас харахад манай яамны ажил яаж явахаас мон­голчуудын ажил амьд­рал ихээхэн шалт­гаалах учиртай. Ийм амин чухал үйл хэрэгт зүтгээд үзье л гэсэн юм.

-Ингэхэд та салба­рын сайдтайгаа хэр гар нийлж байна. Нам, улс төр болоод үзэл бодлын зөрүү гарах юм уу.  Яагаад ингэж асууж байна гэхээр төмөр замын асуудлаар Х.Баттулгатай ойлголцож чадаагүйгээс МҮАН-ын дарга М.Энх­сайхан ажлаа өгсөн. Гэтэл та МҮАН-ын дэд дарга байдаг? 

-Концепцийн хувьд Х.Баттулга сайдын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлэх гэсэн бодлогыг ойлгож, дэмжиж байгаа. Хамт ажиллах гэж хүссэн маань ч үүнтэй холбоотой. Яг үнэндээ улс орны хэмжээнд ярьж бай­гаа томоохон төслүүдийн голлон санаачлагч нь Х.Баттулга сайд байсан нь харагдаж байгаа.  Энэ нь миний дээр хэлсэнчлэн илүү прагматик, бодитой хандаад байгаад л байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ улсад чинь цэгцтэй бодлого алга, төлөвлөөд уламжлаад хөгжүүлээд ирсэн юм алга байна шүү дээ. Тэгэхээр хэн нэгэн томоохон идеа, төсөл гаргаж ирээд түүнийгээ  гардаж аваад хөөцөлдвөл ажил хэрэг болох нь ойлгомжтой. Нөлөөтэй, боломжтой хүн гардаад явбал шууд л төрийн бодлого болох жишээтэй. Олонхи нь ийм төсөл ярихгүй, амьдралаасаа хөндий яваад байна. Ярьж, бодож байгаагийнх нь бяр чадал хүрэхгүй, бодлого болгож чаддаггүй.  Харин төрийн бодлогод орсон төслийн хэрэгжүүлэгч нь хэн байх вэ гэдэг бол өөр асуудал. Одоо Х.Баттулга сайдын өмнө өөрөө гардан хийх гэхээр хардалтад өр­төөд, өрөөл бусдад даал­гаад орхихоор зогсчих гээд хэцүү л байх шиг байгаа юм. Манай компаниудын гүйцэтгэх чадвар, олон улсын хэмжээний томоо­хон төслүүдэд оролцох туршлага нимгэн байгаа явдал нь санаачлан эх­лүүлсэн хүмүүст хэрэг­жилтэд хутгалдах байдалд өөрийн эрхгүй оруулаад байна. Мега төслүүдийн хэрэгжилтэд   олон талын үндэслэл, судалгаа­тай­гаар шинжлэх ухаанчаар хандахгүй бол болохгүй байх.  Зүгээр манайхны хийдэг шиг аж ахуйн ар­гаар гэдэг байдлаар ханд­вал  улс орноо ч, өөрсийгөө ч хүнд байдалд  оруулна. Энэ талаасаа бол Х.Энх­сайхан дарга том дохио өглөө. Маш богино хуга­цаанд бүрхэг, өрөөсгөл ханд­лагатай байсан төмөр замын асуудлыг нийгэмд задалж тавьснаараа цаа­шид эрсдлийг бууруулж, эдийн засгийн хувьд ашигтайгаар шийдвэрлэх гарцаа олж харахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ уг нь улсын проблем юм. Даанч төрийн үйл ажил­лагааны систем маш муу байна.

-Юу гэсэн үг вэ. Та чинь өөрөө тэр төр, систем дотор нь ажиллаж байгаа биш үү?.

-Агуулга, хэлбэрийн хувьд бол төр байна. Би үйл ажиллагааны систе­мийн тухай л яриад байна. Энэ бол бодлого, хэрэг­жүүлэх механизм, бүтэц, залгамж чанар, чиг үүр­гийн хуваарь гээд олон  зүйлийн цогц юм. Одоо хар л даа, Ардчилсан нам төвтэй Засгийн газар байгуулагдаад манай яам маш том бүтцээр бий бол­сон.  Урьд өмнө байгаагүй цоо шинийг эхлүүлж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Одоо явж байгаагаа сайн, муу гэдгийг бусад нь дүгнэх байх. Харин хууч­наа ингээд муутгачихлаа гэсэн зүйл огт гарахгүй байгаа нь ерөөс хуучин нь үгүйлэгдэхгүй байгаатай л агаар нэгэн юм. Энэ юу хэлж байна вэ  гэхээр системгүй газар юу ч тохирно гэдэгтэй л адил байгаа юм.  За­римдаа атар эзэм­шиж, хоршооллын хөдөлгөөн эх­лүү­лэх гээд бужигнаж байсан 1950, 60 аад онууд­тай адил байх шиг байна.  Одоо бид Со­циалист капи­та­лиз­мыг өөрөөp хэлбэл, эв хамтын хөрөн­гөтний нийгмийг  бий болгон цогцлоох хэрэгтэй байна.

-Таныг ярилцлагад урихаар хэд хэдэн удаа утас цохисон ч таны зав болохгүй өнөөдрийг хүрлээ. Ер нь ажил, ачаалал их байна уу. Таны яаманд ирэхээс өмнө харж, төсөөлж байсантай  хэр ойр байна.  Төлөвлөж байсан ажлуудаа ажил хэрэг болгож чадах нь уу? 

-Төрийн байгуул­ла­гуудын нэг тийм тогт­чихсон уламжлалт загвар форматууд байдаг юм. Шинэлэг арга барилаар л өөрчлөхгүй бол яг л нэг урьд урьд жилүүдийнхээ хүснэгтүүдийг тоо толгойг нь өөрчлөөд  явдаг. Яг бодит байдалд юу болоод байгаагаа олж дүгнэж чаддаггүй.  Ийм байдлаар явсаар байгаад дотоодын үйлдвэрлэлийн бодлого байхгүйтэй адил болсон байна.  Энэ бол миний төсөөлж байсантай яг дүйж байна. Одоо ХАА-н гаралтай бараа түүхий эдийн бирж байгуулъя гэж байгаа.  Энэ бол их хүнд ажил. Гэхдээ хэзээ нэгэн цагт Монгол Улсад заавал бий болох учир хэн нэгэн барьж авах л хэрэгтэй. Саяхан арьс ширний бонд гэж гаргалаа. Гэтэл энэ салбарын үйлдвэрүүдийг буулгах, нүүлгэх асуудал тулгараад байна. Ноолуу­рын цаг ирж байдаг. Гэтэл  түүхий эдээ худалдан авах мөнгө байдаггүй.  Нийс­лэлийн мах, сүүний асуудал байна. Хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн хөгжлийн бодлого алдагд­санаас тех­ник, технологи, боловсон хүчний дорой­толд гүнзгий орчихсон байдаг.  Хүнд үйлдвэрийн бодлого ялангуяа хэрэг­жилт бол ерөөсөө Дарханы төмөр­лөгийн үйлдвэрээс хойш таг зогссон. Одоо  харин уул уурхайд түшиг­лэсэн томоохон төслүүд эхэлж байна.  Дундардаг руугаа халууран хошуурч байгаа энэ үед ундардаг сал­ба­руудаа дэмжин хөг­жүүлэх салбар хоорондын уялдаа тэнцвэрийг хангах гэдэг бол цаг хугацаа алдаж болохгүй ажил   гэж бодож байна. Гэтэл энэ жил хамгийн их ажлын байр бий болгодог хөнгөн үйлдвэрийн салбарт улсын төсвөөс   нэг тэрбум  төгрөг тусгасан байх жишээтэй. Энэ чинь л миний дээр хэлээд байсан амьдралаас хол бодлого явж байна  гээд байгаагийн тод жишээ юм.

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд болсноос хойш багагүй хугацаа өн­гөрч байна. Энэ салбарын  шинэчлэл юунаас эхлэв. Цаашид ямар зорилт тавьж байна?

-Үйлдвэржилтийн ши­нэ эрин үеийг зарласнаар эхэлж байна гэж хэлэх байна. Засгийн газраас үйлдвэржилтийн байр­шил, чиглэлийг тогтоох, хүнд, хөнгөн үйлдвэрийн талаар төрөөс барих бодлогыг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан бараа та­ваарын биржийг ажил­луулж эхлэх гэж байна. Цаашид хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн циклд то­хир­сон эргэлтийн хө­рөн­гийн эх үүсвэрийг зохис­той шийдвэрлэх замаар үндэсний үйлдвэрүүдийн тогтвортой хөгжлийг хангах явдал чухал байна. Өнөөг хүртэл явж ирсэн  гал унтраах байдлаар цаашид явж болохгүй нь харагдаж байна.  Зөвхөн арьс шир, ноос ноолуурын үйлд­вэрлэлээс бид хоёр тэрбум долларын борлуу­лалт хийх боломжоо ашиг­лаж чадахгүй хорьхон хувь буюу 400 сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ чинь ундардаг баялаг шүү дээ.

-Манай улс мал аж ахуй давамгайлж байсан бол алдаа эндэгдэл ихтэй ч гэлээ  үйлдвэржилт, уул уурхай эрчимтэй  хөгжиж  байна. Цаашид хөгжлийн  ямар загвараар хөгжих ёстой гэж үздэг вэ?

-Уул уурхай, эрдэс бая­лагт түшиглэсэн эдийн засагтай болох нь гар­цаагүй. Харин байгаль орчиндоо ээлтэй техно­логиор, үе шаттай, төлөв­лөгөөтэйгээр, нийгэм эдийн засгийн бусад сал­бартаа наалдацтайгаар, үндэсний компаниудын шингээх чадвар, гүй­цэт­гэх чадварыг нэмэгдүүлж ашиглах нь онцгой чухал. Бороо гоулд шиг 500 сая жил бүрэлдсэн баялагийг таван жилд ухаад аваад явчихвал алсдаа алдас болно шүү.  Одоо чинь лицензтэй болгон ухна зөөнө, үйлдвэр байгуулна гээд л явцгааж байна. Орон нутгийнх нь удирд­лага нь мэдэн будилж, иргэд нь мэдэхгүй хужаа нарын л үйлдвэр гэсэн газрууд энд тэндгүй л бай­на. Зоригтой  цэгцлэх шаард­лага байна даа, уг нь.

-Монголын уул уур­хайн компаниуд, лиценз эзэмшигчид маш их хөрөнгөжиж байна гэж ярьдаг. Энэ чинь хөгжиж байгаагийн илрэл биш үү. Ийм замаар л хөгждөг юм биш үү?

-Дээр үед бол ийм маягаар хөгждөг байсан байх аа. Одоо бол гео эдийн засгийн асар том дайн дэлхий даяар болж байна. Нөөцийн эх үүсвэрийн төлөө үзэлцэж байна шүү дээ.  Тэр лиценз гэдгийн чинь цаана энэ эдийн засаг, геополитик чинь хамт явж байгаа юм. Тийм учраас л гадныхан лицен­зүүдийг тав гуравхан төг­рөгөөр худалдаж аваад байна. Тэр нь өнгөн талдаа манайхан баяжаад хөг­жөөд байгаа юм шиг ха­рагдуулаад байна. Ард түмний нэрээр хамгаалах чадвартай төр нь тавиад туучихсан юм чинь амин ганц голтой хувь хүн яаж хамгаалж чадах юм.  Гоё машинтай, гоё хаустай болохын тулд ирээдүйн мянган төгрөгөө өнөөдөр 20, 30 төгрөгөөр зарчихдаг. Түүнийх нь цаана улсын эдийн засгийн аюулгүй байдал, цаашилбал тус­гаар тогтнол хэврэгшээд л... 

-Тэгээд яах вэ?

-Энэ улсад эх зах, жаахан зангараг  хэрэгтэй үүний тулд төр шиг төртэй болох хэрэгтэй байна. Ерөн­хийлөгчийн засаг­лалтай болох хэрэгтэй байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ.

-Одоо танай салбарын тухай сэдэв рүүгээ эргэж оръё. Чингис бондын мөн­гөө хэзээ хуваарилах вэ, танай салбар хэр дэм­жигдэж байна?

-Чингис бондын мөн­гийг хуваарилах гэж бөөн асуудал босоод байна. Эр­чим хүч, зам, тээвэртээ хуваарилах нь зөв л дөө. Гэхдээ хамгийн анхдагч нь татварын бааз суурийг нэмэгдүүлдэг, улсын сан хөмрөгийг арвижуулдаг, нэмүү өртөг үйлдвэрлэж, ажлын байр олноор бий болгож, нийгмийн асууд­лыг иж бүрнээр нь шийд­дэг үйлдвэрүүдийг бий болгоход л тэргүүн ээл­жинд анхаармаар байна. Чухам тэгж байж, бондоо эргэн төлөх улмаар тэр дэд бүтэц, зам харил­цааг хөг­жүүлэх эх үүсвэр чинь ундардаг болно. Энэ та­лаас нь харвал зүгээр нэг яамдын дунд механик ху­ваарилалт хийхгүй байл­гүй  гэж найдаж харж бай­на. Бодлогын зөвлөл су­далж, хэлэлцэж байгаа. Сайн бодоцгоовол үйлд­вэр, хөдөө аж ахуйгаа л дэмжих замаар хэдэн сайн саалийн үнээтэй болох хэрэгтэй байлгүй дээ.

-Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал анхаарал татаж байна. Тухайлбал, МАН-ын ги­шүүд МАХН-тай нэгдэх хөдөлгөөн өрнүүлж эхэл­сэн. Хоёр намын асуудлыг хэрхэн дүгнэж байна?

-Намууд хамтарч ажил­­лах нь хэвийн үзэгдэл шүү дээ. Харин нэгдэх нийлэх тухайд бол эхлээд эвсэж байгаа намтайгаа асуудлаа цэгцэлж байж дараагийн асуудал ярина  шүү дээ. Тэгэхээр одоо­гоор МАН, МАХН хоёрыг нийлүүлэхийг эсвэл ний­лээсэй  гэж хүсэгчид бо­дитойгоор байна гэж л үзэх байна. Манай Үндэс­ний Ардчилсан нам, хувьс­­галт нам хоёрын “Шударга Ёс Эвсэл” улс төрийн зах зээлд том орон зай эзэлж байгаа. Цаашид ч гуравдагч хүчтэй улс төрийн хүчин, магадгүй тэргүүлэх хүчин үүсэх боломж бий юу гэвэл бий. Ингэхийн тулд эвсэл дот­роо эрх тэгш байж, ха­рилцан итгэлцэл, хамтын нягт ажиллагаа бий болгох нь чухал байна. Өнөөд­рийн байдлаар МАХН  70 хувь, манай нам 30 хувийн саналын эрхтэй гэдэг байдлаар түрээд яваад байгаа. Ийм байд­лаар хол явахгүй. Тэгэхээр ойрын үед эрх тэгш харилцаанд орох асуудлыг шуурхай ярилцана. МАХН энэ байр сууриа хадгалж, ма­най намынх­ныг байнгын өрхийн дарамтанд байлгах замаар 2016 оныг угтах санаатай   гэвэл бид гэрлэлтээ салгах тухай ярихаас аргагүйд хүрнэ.

Хамтраад компани байгуулахдаа би 70 хувийг нь эзэмшинэ, бүх менеж­мент бодлого минийхээр явнаа гээд байвал өөрийгөө хүндэтгэдэг хэн ч зөвшөөрөхгүй биз дээ. Манай намын үндэсний ардчилсан үзэл хаа нэгтээ живэхийг би л хувьдаа зөвшөөрч чадахгүй.

-Зарим хэвлэл  Н.Энх­баяр улстөрийн шалтгаа­наар хоригдсон учраас  МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвслээс Ерөн­хийлөгчийн сонгуульд  М.Энх­сайханыг дэвшүү­лнэ гэсэн таамаг дэв­шүүлсэн байна лээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ эртэдсэн асуулт байна. Эвсэл Ерөнхий­лөгчийн сонгуульд дангаар оролцох уу, эсвэл өөр бусадтай хамтарч оролцох уу, ер нь эвсэл оролцох уу үгүй юу гээд олон асуудлыг урьдаар шийдэх хэрэгтэй байна.