Б.ЭНХЗАЯА
Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын дарга Г.Батхуягтай ярилцлаа. Тэрээр дуучин Ч.Бат-Эрдэнийн “Миний нутгийн нуур”, Б.Энхмэнд, Г.Чинболор нарын “Жиндээх салхигүй хорвоо”, Р.Дэлгэрмаагийн “Итгэлийн гэрэлтэй амраг”, С.Жавхлангийн “Эвийн хоёр хайр”, У.Далантай, Д.Цовоо нарын “Сэтгэлээ өгсөн хайр” зэрэг олны танил уран бүтээлийн хөгжмийг бичсэн эрхэм юм.
-Олны хүртээл болсон уран бүтээлүүдийг туурвиж, хэд хэдэн удаа тайлан тоглолтоо хийж байсныг тань санаж байна. Гэтэл сүүлийн үед сураггүй байсан, орон нутгийн театрыг удирдаж байж. Яагаад орон нутгийг зорих болов?
-Би СУИС-ийг концертмейстр мэргэжлээр төгсөөд сургуульдаа түр хугацаанд эстрад дуулаачийн концертмейстр багшаар ажилласан. Мөн оюутан байх хугацаанд зохиож байсан Дуучин Бат-Эрдэнийн “Миний нутгийн нуур”, Энхмэнд, Чинболор нарын “Жиндээх салхигүй хорвоо”, Дэлгэрмаагийн “Итгэлийн гэрэлтэй амраг”, С.Жавхлангийн “Эвийн хоёр хайр”, У.Далантай Д.Цовоо нарын “Сэтгэлээ өгсөн хайр”, С.Бичүүгийн “Будаггүй уруулын амт” уран бүтээлүүдээ үзэгчид, сонсогчдын хүртээл болгож 2006 онд “Монгол бөхийн өргөө”, 2007 онд “Улаанбаатар палас”-т уран бүтээлийн тоглолтоо хийж байсан. Тухайн үед орон нутгийн театруудаар дуучдын тоглолт зохион байгуулж их явдаг байсан юм. Тэр үед адилхан урлагийн мэргэжил эзэмшээд орон нутагт ажиллаж байгаа оюутан цагийн найзуудтай таарна. Тэдний театрын үйл ажиллагаандаа сэтгэл дундуур байгаа байдал, орон нутгийн ард иргэдийн дунд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэр хүнд унасан зэргийг хараад гайхах сэтгэгдэл төрдөг байсан юм. Байртай, машинтай, цалинтай, бүх юмаар хангагдсан хэрнээ яагаад тухайн орон нутгийнхаа ард иргэдийн урлаг соёлын хэрэгцээг бүрэн дүүрэн хангасан үйл ажиллагааг тасралтгүй явуулж болохгүй байгаа юм бол гэж их бодсон. Миний хувьд тухайн үед өөрийн гэсэн уран бүтээлийн өнгө аясаа олчихсон тодорхой хэмжээний урамшууллыг хийсэн уран бүтээлээсээ хүртчихдэг боломжийн нэр хүндтэй чөлөөт уран бүтээлч л байлаа. Гэхдээ надад нэг учир дутагдалтай санагддаг байсан зүйл нь эх захгүй өрсөлдөөн дунд улс орондоо хийсэн бүтээсэн зүйл багатайхан шиг Улаанбаатар хотод шигдээд суугаад байх нь утгагүй байсан юм. Тийм бодол дунд төөрч явахад тухайн үеийн БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат ах “Чи ингэж явж болохгүй хүүхэд байгаа юм. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдагч бол. Маргааш гэхэд тушаал чинь гарна. Чи цэргийн хошууч цолтой болно” гэсэн юм. Би цэрэгт яваагүй болохоор цэргийн газар дэмий байхаа гээд хүлээж аваагүй. Ингээд өөрийн бодол санаагаа дагаж 2008 онд хүн ам цөөтэй сум ч гэж хэлж болохоор Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын дарга болсон. Манай чуулга 20 гаруй ажилтантай, мэргэжлийн дөрөвхөн уран бүтээлчтэй байсан. Одоо бол аль ч аймгийн театр чуулгаас давуу мэргэжлийн уран бүтээлчидтэй 60 гаруй ажилтантай биеэ даасан нэрээ таниулсан чуулга болсон. Харин Дархан-Уулд үүнээс 10 дахин их боломж байгааг олж харсан юм.
-Орон нутгийн театрынхан төсөв санхүү, хүн хүчний хүрэлцээ муу гэж ярьдаг. Дарханд ямар боломж байв?
-Таны хэлсэнчлэн орон нутгийн соёл урлагийн байгууллага хүн хүчний дутагдалтай, төсөв санхүүгийн хүрэлцээ муу зэрэг асуудлыг олон жил ярьсан. Үүнээс гарах гарц нь төсөв санхүүг нэмэх биш юм байна. Удирдаж буй менежерүүдэд их учир байна. Тэдэнд улсаас батлагдсан төсөв, цалин хөлс, байр барилга, машин техник нь байна. Дархан-Уул аймгийн хувьд мэргэжлийн уран бүтээлчдээр дутагдана гэж байхгүй. Ажил хийх боломжгүй байна гэж хэлэх эрх байхгүйг ойлгосон.
-Залуучууд театрыг удирдаад багагүй хугацаа өнгөрчээ. Ямар уран бүтээлүүд туурвиж байна?
-Манай театр өнгөрсөн жил өвөл цагийн үзвэрийн нээлтийн тоглолтоо Английн хөгжмийн зохиолч Генри Персиллийн “Дидоно Эней хоёр” дуурь, Норвегийн хүүрнэлт жүжгийн зохиолч Генрих Ибсены НОРА буюу “Хүүхэлдэйн байшин” драмын жүжгийг тус тус өөрийн тайзнаа үзэгчдийн хүртээл болгосон. “Дидона Эней хоёр” дуурь бол гоцлол дуучид, найрал дуучид, найрал хөгжим,бүжигчид зэрэг маш их хүн, хүч шаардсан дуурь бөгөөд дэлхийн олон оронд тоглосон тайзны томоохон сонгодог бүтээл. Бид энэ дуурийг ОХУ –ын Дорнод Сибирийн Соёл Урлагийн Академи / ВСГАКИ, захирал хадагтай ПШЕНИЧКОВА.Р.И болон Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат захирал, Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн хамт олны дэмжлэгтэйгээр бүтээсэн. Мөн байгууллагын гадаад харилцааны хүрээнд ОХУ-Дорнод Сибирийн Соёл урлагийн акедемитай хамтран ажиллах гэрээ байгуулж дээрхи бүтээлийг өөрийн тайзнаа тавилаа. Энэ бүтээлийг туурвих явцад тус сургуулийн багш нар манайд сар гаруй ажилласан юм. Тиймээс хичээлийн цагт тооцуулж ОХУ-ын Дорнод Сибирийн Соёл урлагийн академийн мэргэжил дээшлүүлсэн сертификатыг 50 гаруй уран бүтээлчдэдээ олгосон.
-Өрсөлдөгчид нийслэлд байгаа гэлээ. Тэдэнтэй өрсөлдөхийн тулд багагүй хөдөлмөрлөх хэрэгтэй байх. Ямар менежмент хийж байгаа вэ?
-Зарим талаараа театр тайзнаасаа гараад явчихсан гэж хэлж болно. Бидний хувьд хэн хэзээ ирж тоглолт үзэх вэ гэж хүлээж суух биш, хэн юунд анхаарлаа хандуулж байна гэдгийг олж харах ёстой гэж боддог. Тэгж байж урлаг ард иргэдийнхээ өмнө алхах ёстой байх. Театрт үзэгч ирэхгүй бол тэднийг харааж зүхэх, бүдүүлгээр нь дуудах биш тэдний хүсэл сонирхлыг татаж чадаагүйдээ дүгнэлт хийх ч хэрэгтэй болох байх. Дор хаяж ард иргэд, үзэгчдийг гэрээсээ интернетээр, гар утсаар тасалбараа захиалчихдаг болгох хэрэгтэй. Үүрэн телефоны компаниуд маш олон гэрээт борлуулагчтай учир хүмүүс нэгжийг нь тасралтгүй авч үйлчлүүлж байдаг. Арилжааны банкууд азтай хэрэглэгчдэдээ байр, машин амлаж байна. Тэгвэл яагаад орон нутгийн театр анх удаа үзэгчдэдээ ийм боломж олгож болохгүй гэж. Үзэгчдийн эрэлт хэрэгцээг дөрвөлжин зааланд болсон болоогүй бүтээгдэхүүн харуулаад гаргах биш, давхар сонирхлыг төрүүлэх өрсөлдөөний зах зээл бүрдүүлэх боломжтой. Дархан бол загвар хот. Хот нь загвар байгаа бол иргэд нь оюунлаг байх ёстой. Чөлөөт зах зээл дээр өрсөлдөж байгаа хувийн студи продакшнууд, уран бүтээлчид тоглолтоо зохион байгуулах гэж Дархан-Уул аймагт маш их ирдэг. Үүнийг ч бид бодлоготойгоор үзүүлэх ёстой. Орон нутгийн театр ч тэдэнд бүхий л ашигтай цагаа өгчихөөд, өөрсдөө завсраар нь ажлаа хийдэг биш, өөрсдөө ажлаа төлөвлөчихөөд завсараар нь хэнд юуг үзүүлэх вэ гэдгээ соёлын бодлогын хүрээнд баримжаа авч ажиллана. Мэдээж Дарханчууд тоглолт үзэх эрх нь нээлттэй. Гэхдээ аль болох мэргэжлийн урлагийн бүтээлийг үзүүлэх, түүний завсар зайгаар зах зээлээ дагасан урлагийн төрлүүдийг сард, улиралд хэд байх ёстойг төлөвлөх хэрэгтэй. Мөн тэднийг бичлэг понаграммтай, үзэгчдийг хуурсан тоглолт, үзвэр үйлчилгээг орон нутгийн тайзан дээр тоглуулахгүй байх бодлого барьж ажиллана. Тэгэхээр Дархан-Уул аймгийн театрын дарга байгууллага дотроо ажиллаж байгаа 100 хүний тухай биш, 100 мянган хүний үзвэрийн соёлын төвшинг тодорхойлох бодлого явуулж байх ёстой гэж боддог.
-Мэдээж аль ч улс орны иргэдийн соёл хүмүүжлийг урлагаар олж авдаг. Урлагийн салбар өөрөө хөгжиж байж хүмүүсийг хөгжүүлж чадна. Тэр утгаараа танай театрын мэргэжлийн боловсон хүчин хэр байна вэ?
-Боловсон хүчин хангалттай. Азид гуравхан байдаг театрын барилгатай орон нутагт байгаа хамгийн том театр учраас урлагийн мэргэжилтнүүдийн шилдэг нь байх учиртай. Ажиллах орчин нөхцөл хангалттай, 100 гаруй өрөө тасалгаа бий. Гэтэл Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ардын жүжигчин, гавьяатууд нь өрөөндөө чихэлдэж байдаг. Театрынхаа уран бүтээлчдийг чадваржуулах үүднээс тун удахгүй орон даяар хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян зарлах гэж байна. Магадгүй Дорнод, Говь-Алтай аймгийн захын суманд ч авьяастай залуучууд байж болно. Монгол орны өнцөг булан бүрээс www.zaluuchuudteatr@yahoo.com э-мейл хаягаар өөрийн танилцуулга материалаа ирүүлэх боломжтой. Эхний шатанд материалтай танилцаж дараагийн шатанд ур чадварын шалгалт авах байдлаар нөөцөд бүртгэх зорилготой аян явагдах юм. Түүний дараа зах зээл өөр хаана байна тийшээ зорих алс хэтийн зорилготой байна. Ер нь орон нутгийн театрыг жилд ганц болдог “Гэгээн муза” наадамд очиж байр эзэлснээр нь биш, тухайн орон нутгийн ард иргэдийг хэрхэн үзэгч болгож бэлтгэж чадсан, хэрхэн дэлхий нийтийн болон эх орныхоо өв соёлыг сайн мэддэг үзэгч болгож төлөвшүүлж чадах амжилтаар нь дүгнэдэг болоосой гэж бодож явдаг.
-ОХУ-ын Дорнод Сибирийн Соёл урлагийн академитай хамтран ажилладаг гэсэн. Гадаад харилцаандаа хэрхэн анхаарч байна вэ?
-Гадаад харилцааг байгууллагаас гарч байгаа бүх харилцаа гэж ойлгодог. Бид энэ онд Улаанбаатар хотын Эрдмийн театр, чуулгуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж тэдний тоглолтыг дангаар болон хамтарсан хэлбэрээр театртаа тоглуулах төлөвлөгөөг гаргаад байна. Тэдэнд үзвэрийн танхимаа нээлттэй болгоё бүх талаар нь туслая. Тэдний Улаанбаатарт тоглож байгаа шилдэг тоглолтыг Дарханы ард иргэд хугацаа алдалгүй үзэг. Энэ ажлын эхлэл болгож олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан Улсын филармоны “Баян монгол” чуулгыг урьж хамтарсан тоглолт зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтод филармоны хөгжимчид, дуучид ирж манай театрын дуучид “Баян монгол“ чуулгын джаз найрал хөгжимтэй дуулах юм. Мөн эр цэргийн баярыг тохиолдуулан Монгол Улсын “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчдийг урьж хамтарсан тоглолт зохион байгуулах юм.
-Орон нутгийн театруудыг яагаад урьж болохгүй гэж?
-Мэдээж орон нутгийнхантай хамтран ажиллана. Орон нутгийн театрууд батлагдсан төсвөөр жилд 2-3 уран бүтээл хийдэг. Бусад үед нь зүгээр л суудаг. Тиймээс орон нутгийн театрууд руу санал тавиад байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн театрын даргаа танайд ийм уран бүтээл байгаа юм байна, манайд ийм бүтээл байна. Тэгэхээр танайх руу найруулагчаа хувцас тайзтай нь өгөөд явуулчихъя. Та ч сонгодог жүжгийнхээ найруулагчийг хувцас тайзтай нь өгөөд явуулчих. Адилхан л уран бүтээлчид байгаа юм чинь тайзан дээр нь хувцсыг нь өмсөөд тоглочихно. Манай театрын 10 жүжигчин тайз хувцсаа аваад явсан дээр үү, эсвэл найруулагч нь ганцаараа тайз хувцасаа аваад явсан дээр үү. Ийм эргэлтэд оруулах саналыг тавиад байгаа. Энэ ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүй. Тэгж чадвал манай театр гэхэд 12 сард 12 уран бүтээл үзүүлэх боломжтой болчихно.