Ч.ҮЛ-ОЛДОХ
Ч.Үржинбадам нэртэй хүн хэр олон байдгийг мэдэхгүй. Энэ нэрийг сонссон хүмүүсийн олонх нь “Шоуны хатан хаан”-уу гэцгээдэг. Нэрээрээ, дүрээрээ, хийж бүтээснээрээ аль хэдийнэ хүмүүсийн танил болж амжсан түүнийг хаана, юу хийж явааг сонирхогчид цөөнгүй. “Удмын заяа”, “Ихрүүдийн баяр”, “Ааваараа бахархана”, Ээжийн бүүвэйтэй хорвоо” гээд хүний сэтгэлийн нандин утсыг хөндсөн олон сайхан ажлын автор болохоор тэр байх. Мөн тэр болгоныг хүнд хүргэж, олныг өөртөө татаж чадсаны илрэл болов уу. Олон талын авьяас, ур чадвар шаардсан урлагийн энэ өвөрмөц салбарт Монголын “Шоуны хатан хаан” хэмээн өргөмжлөгдсөнөөс хойш өнөө хүртэл хэн ч түүний энд хүрээгүй. Тийм болохоор ч түүнийг хүмүүс хүндэлж, бас эрж сурж байдаг болов уу.
Шоуны хатан хаан сүүлийн жилүүдэд “Хөвсгөл усан зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгааг уншигчид дуулсан байх. “Сүхбаатар” хөлөг онгоцны аяллыг хэрхэн амттай, сонирхолтой, дурсамжтай болгож, аялагч, жуулчдыг татаж буйн зах зухаас сонссон биз. Нэг ёсондоо тэрээр усан замын аялал жуулчлалыг урлаг соёлтой холбож өргөжүүлэн, хөгжүүлснээрээ дахиад л анхдагч болж, бас нэгэн өвөрмөц шоуг далай ээжийн мандал дээр бий болгож чадсан байна. Дандаа шинийг сэдэж, түүнийгээ хийж хэрэгжүүлэх гэж цаг хугацаатай уралдаж явдаг Ч.Үржинбадам энэ удаа ч мөн л завгүй явна.
Далай ээж мөсөн дахаа нөмрөх үеэр амсхийдэг тэрээр бусад цагт нь УИД-ийн таван давхарт байрладаг “Интертайнмент” төвөө ажиллуулдаг. Фитнес, аэробик уран сайхны гимнастик, гоо сайхны цогц үйлчилгээ явуулдаг болохоор ачаалал ихтэй. Тэгээд ч жил бүрийн гуравдугаар сарын эхээр бүр ч завгүй болчихдог. Түүнтэй “Ачлал буянт ээж”, “Ачлал буянт аав” шагнал гардуулах цэнгүүний үеэр уулзсан юм.
-Ээж, аавуудын баярыг хэд дэх жилдээ хийж байна. Энэ жилийн онцлог юу вэ?
-”Ээжийн бүүвэйтэй хорвоо” цэнгүүн маань 24 дэх жилдээ, “Ааваараа бахархана” цэнгүүн 14 дэх жилдээ болж байна. Энэ хугацаанд хүмүүс хөдөө орон нутаг, сумдаас хүсэн хүлээж байгаад хүрэлцэн ирж оролцдог. Хүмүүсийн хүсэн хүлээдэг баяр болсонд нь би баяртай явдаг. Жил, жилийн баяр онцлогтой, оролцох хүмүүс нь ч сонирхолтой байдаг. Амжиж бүртгүүлж, оролцож чадаагүй нь дараа жил ирнэ гээд буцдаг. Анх “Найм дахь гариг” төвийнхөө нэрийн утгаар найман аав, ээжийг үр хүүхэд, ач зээтэй нь оруулж нэвтрүүлгээ хийж ирсэн. Нэлээд олон жил ийм маягаар зохиосон. Хүмүүс яагаад манай төвийг зорьж ирдэг вэ гэхээр хүүхдүүд нь аав, ээжтэйгээ нэг дор цугладаг гэр бүлийн баяр. Арван хэдэн жил хамт гэр бүлээрээ зургаа авахуулаагүй хүмүүст ийм боломж нь олддог. Ямар сайндаа бид өргөмжлөлөө өөрчилж цом болгоё гэхээр оролцогчид маань дургүйцэж байхав. Хамтдаа авахуулсан зурагтайгаа, түүх өгүүлсэн, эсвэл дурсгалтай гоё агшныг багтаасан зурагт өргөмжлөлдөө хүмүүс дуртай байдаг. Мөн телевизийн нэвтрүүлэг болж гарахаас гадна өөрсдөд нь цомог болж үлддэгээрээ онцлог. Оролцогчид маань их төлөв ам дамжиж ирдэг. Нэг нэгнээсээ сонсч дуулаад манайхыг зорьж ирдэг юм. Энэ жил хамгийн холоос гэвэл Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Ард түмний авьяастан Агаар гэж дуучин ээж ирж оролцлоо. Таван хүүхэд төрүүлж, өсгөсөн хүн юм. Сүхбаатар аймгаас, Өвөрхангай Бүрд сумаас хүмүүс ирсэн. Мөн Багануураас ирж оролцлоо. Уг нь бид найман ээж, аав оруулъя гэж боддог. Гэтэл холоос нэгэнт зориод ирсэн хүмүүсийг яах билээ. Ингээд зочид маань арав гаруй болчихдог. Бас нэг онцлог нь аав, ээж хоёр нь хамт оролцдог болохоор хүмүүс их дуртай байдаг юм. Энэ удаа бөхийн спортын хамгийн олон төрлөөр хичээллэдэг аймгийн арслан Давааням аав, ээжтэйгээ хамт орлоо. Даваанямын аав Дашчойлин хийдийн зурхайч Алтангэрэл гуайг монголчууд андахгүй. УДЭТ-ын ерөнхий найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар мөн аав, ээжтэйгээ оролцлоо. Зочдын маань хамгийн өндөр настай нь Сүхбаатар аймгаас ирсэн 83 настай Жигмэд гуай байна. 10 хүүхэд, 72 ач, зээтэй буурал манай баярт ирж оролцсон нь их сайхан байлаа. Өвөрхангай аймгийн Бүрд сумаас мянгат малчин, ард түмний гавьяат Гомбо-Очир гуай ирсэн. Хүүжий гэж замын цагдаагийн газарт насаараа ажилласан, мөрдөн байцаагч, олон сайхан хүүхдийн аав өөрийн төрсөн эгчтэйгээ хамт ирж оролцлоо. Хадам ээжийгээ өөрийнхөө ээжтэй хамт оролцуулж байгаа хүмүүс ч бий. Нэг ёсондоо гэр бүлийн баяр болгож өргөн тэмдэглэж байна даа.
ИРЭХ ОНД “ЭЭЖИЙН БҮҮВЭЙТЭЙ ХОРВОО” ЦЭНГҮҮНИЙ 25 ЖИЛИЙН ОЙ БОЛНО
-Ирэх жил 25 жилийн ой гээд бүр ч өргөн тэмдэглэх байх даа?
-Яаж хийх вэ гэж бодоод л байна. Хамгийн анх оролцсон 25 оролцогчоо урих уу, ямар хэлбэрээр зохиох вэ гэдгээ одооноос бодож байна. Хамгийн анх хийхэд манай Н.Сувдаа багш ээжтэйгээ, Ардын жүжигчин А.Долгор эгч хадам ээжтэйгээ, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Т.Баясгалан, Ц.Төвшинтөгс, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, тамирчдаас Ц.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од нар орж байлаа. Ер нь урлаг, спортын алдартнууд бүгд орсон шүү. “Чингис хаан”-ийн Жагаагийн ээж, аав хоёр нь хоёулаа гавьяат, өөрөө гавьяат, манай нэвтрүүлэгт хамтдаа орж байсан. Ирэх жил анхны зочдоо урина гэвэл 600-гаад ээж, аав бий. Тэдэн дотроосоо тус бүр 25 хүнийг урих уу гээд бодоод л байна. Түүнээс гадна Монголын ихрүүдийн баяр байна. Олон жил хийж ирсэн, хүлээлт ихтэй баяр. Сүүлийн үед хөдөө сумдад хийдэг болсон. Энэ мэт хүлээгдэж байгаа ажил их байна.
-Ойрын үед өөр ямар ажил зохион байгуулж, хөтлөх вэ?
-Энэ долоо хоногийн эхээр “Номин холдинг”-ийн 4500 ажилтан дотроос 50 гаруй залуучууд оролцсон “Төгс бүсгүй”, “Төгөлдөр залуу” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Түүний шүүгчээр ажиллаж байна. Дараа нь Мөрөн рүү ниснэ. Гуравдугаар сарын 7-нд “Хөвсгөл нутгийн тэнгэрлэг бүсгүй” анхны буянлаг арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа. Түүний хөтлөгч, найруулагчаар ажиллана.
-Ингэхэд “Монгол киноны дууны баяр”, “Удмын заяа” цэнгүүнээ яагаад хийхээ больчихсон юм бэ?
-Хүмүүс хийгээч гэж их шаарддаг юм /инээв/. Олон ажил хийдэг болохоор заримыг нь амжихгүй юм байна шүү дээ. “Удмын заяа” нэвтрүүлэгт удмаараа барилгачин, тээвэрчин, эмч, багш, урлагийнхан оролцож ирсэн. Тэр дотроос урлагийн удмынхны найман том цэнгүүн зохион байгуулж 40 гаруй уран бүтээлч оролцсон. Мөн гэр бүлээрээ оролцдог “Хань” цэнгүүн хийж байсан. Энэ мэт олон юм нэхэгдэж явах юм. Завгүй болохоор хийж чадахгүй байна.
-Ингэхэд удахгүй Хөвсгөл далай руугаа явах байх. Ихрүүдийн баяраа хийж амжих нь уу?
-Тавдугаар сарын эхээр явна. Хөвсгөл далайн аялал, жуулчлалыг соёл урлагтайгаа холбоод нэлээд өргөжүүлж хөгжүүлж байна. “Сүхбаатар” хөлөг онгоцоор хүмүүс аялахын зэрэгцээ караоке дуу, бүжгийн тэмцээнд оролцож, хуримын бал сарын баяраа тэмдэглэдэг сайхан уламжлал тогтсон. Хүмүүс ч баяртай байдаг юм. Уйдах завгүй хоёр цаг аялуулдаг юм даа, бид. Энэ жил “Сүхбаатар хөлөг” онгоцонд Эрхүү хотоос ирсэн сэлбэгээр засварын ажил эхэлж байгаа. Тиймээс үйл ажиллагаагаа ч эрт эхлүүлнэ. Ажлын төлөвлөгөө ингэж таарсан учраас энэ жил ихрүүдийн баяр хийж амжихгүй. Гэхдээ ихрүүдийнхээ тухай төр, засагт хэлэх үгээ танай сониноор дайя гэж бодож байна. Хэлмээр зүйлүүд ч байна.
-Тэр нь юу билээ?
-2012 оны арваннэгдүгээр сард шинэчлэлийн Засгийн газраас 133 дугаар тогтоол гаргаж, дөрвөн нас хүртэлх ихэр хүүхдүүдэд хоёр ихэрт 2, гурван ихэрт 9 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн ч өнөө хүртэл хэрэгжихгүй байгаад харамсч байна. Тэр шийдвэрийг хэрэгжээсэй гэж олон хүн хүлээж байгаа. Мөн бидний тавьж байсан хүсэлт, зорилт алхам алхмаар хэрэгжиж байгаад төр, засагтаа баярлаж явдаг. Засгийн газрыг шийдвэрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Түүнээс гадна ихэр хүүхдүүдийг тээж яваа эхчүүдийг төрөхийн өмнө болон төрсөний дараах сувилалд хамруулах, гурван ихэр сургуулийн насны хүүхдүүдийг хувцас, ном хичээлийн хэрэгслээр нь хангах, гурвын гурван хүүхдээ их, дээд сургуульд сургах гэж байгаа эцэг, эхчүүдэд тэтгэлэг дэмжлэг олгох асуудалд төр анхаардаг байгаасай. Ядаж 30 хувийн хөнгөлөлт үзүүлдэг болоосой.
СОЁЛ УРЛАГТ 40 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ
-Таныг “Нэг ангийн хоёр” кинонд тоглосноос эхлэн сурагчийн ширээний араас соёл, урлагийн байгууллагад зүтгэсэн хүн гэж боддог. Ингэхэд энэ салбарт хэдэн жил зүтгэж байна?
-Энэ жил миний соёл, урлагийн байгууллагад зүтгэсний 40 жилийн ой тохиож байгаа. “Нэг ангийн хоёр” киноны Цэрмаагийн дүрд 1973 онд тоглож байлаа. Түүнээс хойш өнөө хүртэл энэ салбарт 400 гаруй ажил санаачлан, зохион байгуулж, найруулж, хөтөлж ирсэн байна. Энэ ажлынхаа жагсаалтыг гаргасан. Тэр дотроос хүмүүст хүлээлттэй, олон түмний зүгээс хийгээч гэж шахаж, шаардаж байдаг нь аав, ээжүүдийн баяр юм. Өнөөдөр энэ баяраа хийж байгаадаа баяртай байна. “Сансар” телевизийн “Сэтгэлийн дэм” нэвтрүүлэгт хоёр жил дараалан буяны ажилд оролцсон. Хорих ангид ээж нь байгаа, асрах сургуулийн хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулах уулзалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхүүдийн шинэ жил, 200 гаруй сонсголын бэрхшээлтэй хүмүүст дохионы лекц уншуулах буянлаг ажил хийсний төлөө “Сайн үйлсийн эзэн” шагнал хүртсэн. Мөн “Шилдэг нийгмийн зүтгэлтэн эмэгтэй удирдагч” шагналын эзэн болсон. “Монгол Улсын онц тээвэрчин” боллоо. Энэ бүхэнд баяртай байгаа.
-Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, онц тээвэрчин, сагсан бөмбөгийн спортын мастер гээд нэг ёсондоо та гурван салбарын шилдэг болсон юм байна шүү дээ. Ямар санагдаж байна?
-Олон сонирхолтой ажил хийж иржээ. Тэр болгоныг маань үнэлж ирсэн олон сайхан хүмүүсийн сэтгэлийн дэм юм даа. Түүгээрээ л хийж бүтээж явна.
-Олон ажлын зэрэгцээ амьдрал ахуйгаа авч явна, гэр бүлдээ цаг гаргах гээд үүрэг бий. Хэрхэн амжуулж байна?
-Өөртөө цаг гаргахдаа муухан шүү. Гэхдээ хүүхдүүд өсч, АНУ-д сурахын зэрэгцээ ажиллаж байгаа болохоор ээжийн ачаа багассан. Том хүү тогооч, бага хүү кофений менежер мэргэжилтэй. Ач охин есөн нас хүрч байна. Жилдээ 1 сар хүүхдүүд дээрээ очоод ирдэг. Бусад үед ажил их, ачаалалтай байдаг. УИД-ийн таван давхар дахь “Интертайнмент” төв дээрээ фитнес, аэробик, бүжиг, ёог, гоо сайхан гээд олон чиглэлээр үйлчилгээ явуулдаг. Монголд ажиллаж амьдарч буй гадаадын 10 гаруй улсын иргэн манай фитнес төвд хичээллэдэг. Үйлчлүүлэгчдийн 70-80 хувь нь 18-25 насны залуус байдаг. Байнга хөл ихтэй бужигнаж байдаг юм.
ХҮН БОЛГОН АЖИЛДАА СЭТГЭЛТЭЙ ХАНДДАГ БОЛЧИХВОЛ МОНГОЛ ХӨГЖИНӨ
-Түрүүн та ихэр хүүхдүүдийн нийгмийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Нийгмийн олон салбарт, олон чиглэлд ажиллаж ирсэн хүний хувьд шүүмжлэлтэй хандах, эсвэл шинэ санаа нэмэрлэх зүйл байна уу?
-Шинэчлэлийн алхмуудыг зөв гэж харж байгаа шүү. Харин түүнийгээ хаячихалгүй аваад яваасай гэж бодож байна. Мөн хэлмээр зүйлүүд ч байлгүй яахав. Утаа, замын түгжрэл, гэр хорооллын хог шороо, замын хажуугаар хараа хяналтгүй гүйлдэж байгаа бага насны хүүхдүүд байна. Дээр нь нэмж хэлэхэд траншейны амьдрал хэзээ устах вэ, монголд гээд өчнөөн юм байна. 1990-ээд онд гурван ихэр хүүхэд төрөөс гурван жил улсын асрамжид байдаг байсан. Одоо гурван жил байтугай гурав хоног улсын асрамжид байх гээд чадахгүй байна. Гэртээ байгаа бие муутай хүмүүс, тэр дотроо гурван ихэр хүүхэд ч байна. Тэр бол эрүүл мэндийн салбарын эмзэг асуудал. Ингээд яриад байвал олон юм байна. Хүн болгон хийж байгаа ажилдаа эзэн болж сэтгэлтэй хандаад сурчихвал монгол хөгжинө шүү дээ. Хэн ч бай бүгд тийм л байх ёстой гэж би боддог. Гэтэл гудамжинд хүнд юм бариад явж байгаа нэгэндээ тусалдаг залуус бидний үеэр төгсгөл болсон юм уу даа. Тэр үеийн хүнлэг чанар, сайхан сэтгэл уламжлагдаасай гэж бодох юм. Сүүлийн үеийн нэг асуудал бол тамхийг хязгаарласан хууль гаргасныг маш их дэмжиж байгаа. Өөрийгөө буюу өрөөлийг хордуулж байгаа олон хүн тамхинаас гарна гэдэгт итгэж байна. Түүнтэй адил олон сайхан хууль гараасай.
-Одоо таны уран бүтээлийн ажлыг сонирхмоор байна. Энэ жилийн том бүтээл юу байв?
-15 дуутай цомог гаргасан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Балхжавын ая, миний шүлэг “Бурхан ээж минь” гэдэг сайхан дууг минь дуучин Отгонтөгс дууллаа. “Хоёр буурлаа түшиж явъя” шүлэгт маань Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од ая хийж, дуучин Найдандорж дуулсан. Урлагт 40 жил зүтгэхдээ хийж бүтээснийг маань харуулсан “Сонин содон 30 жил”, миний шүлгийн дууны “Сэтгэлийн үгс” цомог, телевизийн 30 гаруй нэвтрүүлгийн зочин болсон бичлэг бүхий “DVD”-гээ хүмүүсийн гар дээр тавилаа.
-Хүмүүсийн аав, ээжийг баярлуулсан олон сайхан баярыг та санаачилж, хийсэн. Одоо ч хийж явна. Ингэхэд таны аав, ээж ямар хүмүүс байв. Амьд сэрүүнд нь баярлуулж чадсан уу?
-Ээж, аав хоёр минь их залуудаа бурхан болсон. Би айлын том нь, гурван дүүгээ өсгөж хүмүүжүүлсэн. Хүний амьдралд зовлон, жаргал ээлжилдэг. Нэг өдөр сайхан, нөгөө өдөр нь уйлах, зовох үе гарна. Миний аав Амгалангийн хороо гэж байхад одоогоор Найрамдал дүүрэг буюу Амгалангийн хорооны дарга байсан юм. Дүүргүүдэд хөдөлмөр, нийгмийн хангамжийн хэлтсийг анх байгуулахад Хан-Уул дүүргийн хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Ээж минь ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгсч Амгалангийн ногооны комбинатын анхны ажилтан болсон. Сүүлд ногоо дахин боловсруулах цехийн болон худалдаа, нийтийн хоолны газрын намын даргаар олон жил ажилласан. Аав, ээж минь удирдах ажил хийж байсан нь миний удирдан зохион байгуулах чадварт ихээхэн нөлөөсөн болов уу. Хоёр буурал минь бурхны оронд байгаа ч охиноо кинонд тоглож байхыг харсан. МХЗЭ-ийн 19, 20 дугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдсоныг харсан. Тийм болохоор тэр хоёр минь миний амжилт, сайн явааг хараад баярласан байх гэж боддог.
-Аль нутгийн хүмүүс байв?
-Аав минь Хөвсгөл аймгийн Галт сумынх, ээж Увсын Тариалангийн хүн байлаа. Тийм болохоор би Хөвсгөлийн нутгийн зөвлөлийн ажилд ч очно, Увс аймгийнхад ч оролцоно. Би Улаанбаатарт төрсөн ч ээж, аавынхаа нутаг усныхантай байнга холбоотой байдаг. Манайхан намайг хоёр нутагтай гэдэг юм.
-Нэг л өдөр ээжийнхээ үргэлжлэл болох үүрэг хүлээж, дуунд гардагчлан ижийг орлосон ижий болохдоо дүү нартаа юуг чухалчилж захиж байв?
-Аав, ээж хоёроо орлож үлдэж байгаагийн хувьд олон юм бодогдож байсан. Гол нь дүү нараа мэргэжилтэй болгохсон, эрүүл өсгөхсөн гэж бодож байсан даа. Ер нь хүмүүсийн хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол эрүүл мэнд шүү. Эрүүл байвал хүн юуг ч, ямар ч зүйлийг бүтээж чадна.
БИ НУРУУН ДЭЭРХ АЧААНААСАА БАГАХНЫГ НЬ БУУЛГАЖ ХАЯСАН
-Аав, ээж минь надад ихээхэн нөлөөлсөн гэж та хэллээ. Багадаа ямар хүн болъё гэж бодож байв. Кинонд тоглоод л урлаг руу орчихсон уу?
-Жаахан байхдаа эрээн даавууны өөдөс нийлүүлж зүйгээд палааж хийгээд өмсчихдөг байлаа. Загвар зохион бүтээгч болох том мөрөөдөлтэй явсан. Харин аравдугаар ангид байхдаа “Нэг ангийн хоёр” кинонд тоглоод урлагийн хүн болсон. Арван жилээ төгсөөд кино драмын ангид орсон. Миний багш Г.Жигжидсүрэн, Д.Маамхүү, Н.Сувдаа гээд Монголын алдартай кино найруулагч, жүжигчид. Ийм хүмүүсийн шавь болсноороо бахархдаг. Манай ангид гавьяатууд олон бий. Ардын жүжигчин П.Цэрэндагва ах байна. Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, хошин шогийн нэрт жүжигчин Б.Батзаяа, гавьяат жүжигчин Ө.Нарангэрэл, соёлын тэргүүний ажилтан Д.Энхтуяа, Б.Цэгмид гээд олон сайхан авьяаслаг уран бүтээлчтэй нэг ангийн тоосонд бужигнаж төгссөн. Аймгуудад ч манай ангийнхан сайн ажиллаж, сайхан амьдарч яваа. Кино драмын анги төгсөхөд намайг Монгол кино үйлдвэрийн жүжигчин, дуу оруулагчаар хуваарилсан. Тэнд очиход “Ягаан Гажид” нэрээр алдаршсан гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш багш тосч авсан. Одоо болтол багштайгаа ээж, охин хоёр шиг байдаг. Кино драмын ангид байхдаа УДЭТ-т дадлага хийхэд миний багш Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Г.Гомбосүрэн нар байсан юм. Олон сайхан багшийн гар дамжиж номын дуу сонсч, урлагт зүтгэсэндээ баяртай байдаг. Сүүлд би Г.Гомбосүрэн багшдаа зориулж сүүлийн таван жилд нь өвлийн өвгөнийх нь менежерээр ажиллаж байсны хувьд багшийнхаа дүр төрхийг оруулж, 1960-аад оноос хойш хийж байсан уран бүтээлийнх нь бичлэгээс “Цасан ширхэг” дууны клип хийлгэсэн.
-Та олон зүйл санаачилж, хийж бүтээж чадсан. Дахиад ч шинээр эхлүүлж, цаашид хэрэгжүүлэхээр гаргаад байгаа төсөл, төлөвлөгөө олон байгаа байх. Та ингэхэд зорилгодоо хүрсэн үү?
-Миний хамгийн анхны сэтгэл хангалуун болсон зүйл юу гээч /инээв/. Би эхлээд хоёр хүүгээ мэргэжилтэй болгочихлоо нуруун дээрээсээ том ачаагаа буулгачихлаа гэж бодсон. Гэтэл тэгдэггүй юм билээ. Араас нь хоёр хүүхдийнхээ ажил амьдрал сайн яваасай гэж бодож, тэр талаас нь анхаарах, өөрийн дуртай ажлаа үргэлжлүүлэх олон ажил ундарсан. Өнөөдөр намайг найман настай балчраас наян настай буурал хүртэл таньдаг болсноос үзэхэд нуруун дээрх ачаанаасаа бага зэргийг аваад хаячихсан гэж боддог шүү дээ.
-Та бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр мартын 8-ны босгон дээр уулзаж, ярилцлаа. Манай уншигчдад хандаж та юу хэлэх бол?
-Ээжүүддээ, эхчүүддээ, монголынхоо бүх хүнд баярын мэнд хүргэж, өөрийн унших дуртай дөрвөн мөртөөр мэндчилгээ дэвшүүлье. Энэ бол миний 24 жил “Ээжийн бүүвэйтэй хорвоо” цэнгүүнээ хааж хэлсэн үг байгаа юм.
Үрийн бүүвэй аялах нь дэлхий ивээлгэх ачлал
Үлэмж энэрэнгүй хайр нь дээдийн эрхэм жаргал
Эх бүхний алдрыг наранд магтаж өргөе
Эцэшгүй хуурын татлагаар насыг нь мялааж явцгаая.