Д.БОЛОРМАА
МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч, академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Саяхан хуралдсан МАХН-ын бага чуулганд МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийн өмгөөллийн явцын талаар та мэдээлэл хийсэн байна лээ. Мэдээллийг өөрийнхөө санаачлагаар хийв үү. Эсвэл намын удирдлагаас таныг урьсан уу?
-Бага чуулганы гишүүдэд мэдээлэл хийж өгөхийг МАХН-ын удирдлагын зүгээс надад хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу тодорхой чиглэлийн мэдээлэл өгсөн юм.
-Мэдээллийнхээ гол агуулгын тухай ярина уу. Таны мэдээллийг бага чуулганы гишүүд маш анхааралттай сонссон гэж дуулсан?
-Нэгдүгээрт Н.Энхбаяр дарга яагаад шоронд орох болов. Түүний учир шалтгаан юу байв гэдэг асуултад хариулт өглөө. Хоёрдугаарт, өмгөөллийн явц, үр дүн ямар байгааг ярилаа. Гуравдугаарт, Улсын дээд шүүхийн Ерөнхийн шүүгчид гомдол гаргасан. Энэ гомдлын явц байдал ямар байна вэ. Дөрөвдүгээрт, МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчдээс энэ хэргийн асуудалд юуг анхаарав гэсэн чиглэлээр ярьсан байгаа.
-Ер нь Н.Энхбаяр даргыг шоронд хийсэн шалтгааныг юу гэж тайлбарлаж ярив?
-МАХН-ын бага чуулганы гишүүд нэг л зүйлийг маш тодорхой ойлгосон болов уу. Хэрэв Н.Энхбаяр дарга бусдын адил амаа жимийж, одоогийн эрх баригчдад ая тал засч бялдуулчилж, зусардсан бол эрх чөлөөтэй байх байлаа. Тэр улс орныхоо эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж улс төрийн эр зориг гаргаагүй бол эрх чөлөөтэй, бидний дунд байх байсныг тодорхой хэлж өглөө. Н.Энхбаяр дарга төрийн гурван өндөрлөг хэмээх том албан тушаалыг сонгогчид, ард түмэн, улс төрийнхөө хүчний дэмжлэгээр хашсан. Энэ явцдаа асар их туршлага суусан. Зарим талаар алдсан зүйлээ ч ойлгосон. Энэ ч утгаараа Монголын нийт ард түмний баялаг болсон ашигт малтмалыг тэр тусмаа Монголын ард түмэнд ашиг тусаа өгч, амьдралыг нь өөд татаж болох ажил үйлсэд МАНАН гэсэн улс төрийн бүлэглэл явцуу эрх ашгийн үүднээс гадныхантай сүлбэлдэж байгааг тэр зоригтойгоор мэдэгдсэн шүү дээ. Монголын ард түмний эрх ашгийг гаргуунд гаргах МАНАН гэдэг ямар ч хяналтгүй улс төрийн хүчин бий болсон тухай зоригтой хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд МАНАН-гийн эсрэг өөрийн боломжийн хэрээр сөрж зогссон хүн. Үүнийхээ шанг нэг талаар хүртлээ. Нөгөө талаар энэ Монголын нийгэмд шударга бус явдал газар авсан. Сонгууль нь ч сонгууль биш болсон. Дээрээс нь тэр үеийн МАН буюу МАХН-ын хуучин удирдлагууд зүүний үзэл баримтлалын улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг тэргүүнд зэрэгт тавих бодлогоо өөрчилж, барууны үзэл баримтлал руу орсон. Үүнийг нь Н.Энхбаяр дарга эсэргүүцсэн. Энэ тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэн далангүй илэрхийлж байсныг манай уншигчид сайн мэднэ. Ер нь Н.Энхбаяр дарга бол өөрийнх нь тойрон хүрээлж байсан олон нөхөд итгэл найдварыг нь хөсөрдүүлж ар хударгаар нь шударга бус, хууль ноцтой зөрчиж байсныг нь ажлаа өгснийхөө дараа сайтар мэдэрсэн. Иймээс МАХН-ыг шинэчлэн байгуулж улс төрийн тэмцэл хийхээс аргагүй байдалд орсон нь энэ хүнийг шоронд суулгахад хүргэжээ гэсэн дүгнэлт байна. Уг нь манай гариг дээр “Үнэн үг алтнаас илүү үнэ цэнэтэй” гэсэн зүйр үг бий. Гэтэл Монголд болохоор “Үнэн үг хэлсэн хүнээ шоронд хийдэг” гэдгийг өнгөрсөн үйл явдал харууллаа.
-Та Н.Энхбаярын хэргийн өмгөөллийн үр дүнгийн асуудлаар юу ярив?
-Энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажилласны хувьд, хэргийн материалтай танилцсан хүний хувьд зохиомол хэрэг гэдэгт итгэлтэй байдаг. Монголын ард түмэн ч гэсэн гурван хоногийн шүүх хуралдааныг зурагтаар хараад ийм дүгнэлт хийсэн болов уу. Миний дүгнэлт үндэслэлтэй байсныг анхан шатны шүүх хурлаас хойшхи цаг хугацаа баттай харууллаа гэж бодож байна. Яагаад тэгэж бодов гэхээр Н.Энхбаяр даргыг анхан шатны шүүхээр таван хэрэгт шийтгэхийг оролдсон. Цагдаагийн болон АТГ-ын мөрдөн байцаах байгууллага, прокурор таван хэрэгт ялласан. БНСУ-д МИАТ-ийн нисэх онгоцоор хувийнхаа номыг тээвэрлэж, асар их хэмжээний хохирол учруулж байсан гэх хэргийг анхан шатны шүүх үнэнд гүйцэгдэн цагаатгаж хэрэгсэхгүй болгосон. Дээрээс нь Японы “Агон шү” байгууллагаас тэр үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн их хамба Д.Чойжамц нарт “Монголд буддын шашныг сурталчлах телевиз байгуулахад чинь дэмжлэг үзүүлж байна” гээд цөөн тооны тоног төхөөрөмж хандивласан. Үүнийг хувьдаа завшсан гэж анхан болон дунд шатны шүүхийнхэн хилс хэрэгт тулгасан байсан юм. Тэгвэл энэ хэргийг Улсын дээд шүүх хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралд гаргаж байсан үндэслэлүүд бодитой байсан нь Улсын дээд шүүхийн хуралдаанаар нотлогдсон гэсэн үг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, хууль бусаар Япон улсад мөрдөн байцаах ажиллагаа явуулсан, Японы талаас зөвшөөрөл аваагүй гэдгээ хүлээсэн учраас цагаатгасан нь энэ. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Х.Наранхүү “Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч байхдаа над руу нэг удаа утасдаад гайгүй бизнесмэн байгаа юм. Бөмбөлөг нийлүүлэх гэж байгаа. Түүнийг дэмжээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэгт үндэслэж шийтгэсэн байдаг. Энэ хэргийг Улсын дээд шүүхээс бас хэрэгсэхгүй болгосон. Ингээд үзэхээр таван хэрэгт ял төлөвлөснөөс гурвыг нь цагаатгасан байна. 100 хувь гэж үзэхэд 60 хувь нь цагаатгагдсан гэдэг утгаараа хилс хэрэг байжээ гэдэг нь тогтоогдож байна.
-Одоо ямар хэргүүд үлдсэн байгаа билээ. Өмгөөлөгчийн хувьд таны баримталж байгаа үндэслэл, гаргалгааг уншигчиддаа хүргэмээр байна?
-Одоо бол Н.Энхбаяр даргад хоёр хэрэг үлдсэн. Нэг нь нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудалтай холбогдсон асуудал. Нөгөөх нь нийслэлийн өмчит “Улаанбаатар таймс” сонинтой холбогдсон асуудал. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг судалж үзэхэд, Н.Энхбаяр дарга Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж хотын удирдлагад хууль бус үүрэг даалгавар өгч, саяны дурьдсан өмчүүдийн үнийг хямдруулах ямар ч үйлдэл хийгээгүй нь хөтөлбөргүй тогтоогдсон. Иймээс ч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид “Энэ хоёр хэргийг нийт гишүүдийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлье” гэсэн гомдлыг тавьсан.
-Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч “Эдгээр хэргүүдийг урьд нь шат дараалсан бүх шүүх хянан хэлэлцсэн. Ийм учраас дүгнэлт бичих үндэслэлгүй байна. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар дүгнэлт бичиж, энэ асуудлыг оруулахгүй” гэсэн хариулт өгвөл яах вэ?
-Тэгэхээр миний Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид бичсэн 28 хуудас гомдлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-ныхаа дугаартаа танай сонин бүрэн эхээр нь нийтэлсэн. Энэ гомдолд тодорхой хэргийн асуудал тавиагүй. Н.Энхбаяр даргыг энэ хоёр хэрэгт шийтгэхдээ 2009 оны Улсын дээд шүүхийн хууль бус тайлбараар шийтгэсэн гэдгийг тодорхой өгүүлсэн. Энэ утгаараа тайлбар хуульд нийцэж байна уу, үгүй юу. Эрүүгийн хуулийг Улсын дээд шүүхийн тайлбарласан практикийг цаашдаа хэрэгжүүлээд байх юм бол ямар үр дагавар Монголын нийгэмд авчрах бол гэдэг асуудал тавьсан. Тодруулбал, Н.Энхбаяр даргыг шийтгэсэн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл бол эрх мэдэл буюу албан тушаалынхаа байдлыг урвуулж ашигласан гэх заалт байна. Тэгвэл эрх мэдэл буюу албан тушаалын байдал гэж юу вэ. Энэ холбоос үг нь Монголын өгүүлбэрзүйд тухайн хоёр ба түүнээс дээш ухагдахуун эн тэнцүү, ижил утга санаатай гэдгийг илэрхийлдэг. Ийм учраас Монгол Улсын дээд шүүх хэлзүйн тайлбараа Монгол хэлний хэлзүйн тайлбараар зөв хийх асуудал үүсч байгаа юм. Гэтэл Улсын дээд шүүх эдгээрийг тайлбарлахдаа хоёр өөр утгатай юм шиг тайлбарласан. Албаны эрх мэдэл гэдгийг нь тухайн албан тушаалтны эрх үүргийг хуульд тодорхой заагаад түүнийгээ урвуулж ашигласан бол гэж. Албан тушаалын байдал гэдгийг тайлбарлахдаа хэдийгээр тухайн албан тушаалтны албаны эрх үүрэгт хамааралгүй боловч албан тушаалынх нь нэр нөлөөг хэлнэ гэж заажээ. Энэ бол ноцтой алдаа. Албан тушаалын нэр, нөлөө гэж юу хэлээд байгаа юм бэ. Хэн ч, яаж гуйвуулж тайлбарлаж болох үг. Өнөөдөр Монголын шүүгчид, Монголын хуульчид аливаа хэрэг маргааныг шийдэхдээ өөрийнхөө бодож санасан үзэл бодлоор биш Хууль зүйн шинжлэх ухаанд үндэслэх ёстой. Хууль зүйн шинжлэх ухааны гаргалгааг баримтлаагүй, зөвхөн улс төрчдийн захилга, дээд дарга нарынхаа тушаал даалгавраар энэ хэрэгт хандсан учраас өнөөдөр ийм байдалд хүрсэн гэдгийг МАХН-ын бага чуулганы хуралдаанд зориуд онцлон тэмдэглэсэн. Улсын дээд шүүх миний гаргасан гомдлын дагуу 2009 оныхоо Эрүүгийн хуулийн тайлбар зөв эсэхэд дүгнэлт хийх ёстой. Энэ зорилгоор л хуралдах ёстой.
-Шүүгчид энэ хэргийг дотоод итгэлээр шийдвэрлэсэн гээд байгаа. Үүнийг юу гэж ойлгож байна вэ?
-Дотоод итгэл гэж юу вэ. Энэ бол юу ч биш. Ер нь шүүхийн шийдсэн хэргийг хэдэн жилийн дараа үнэн зөв гэдгийг хэн ч хянуулж болно. 50 жилийн дараа тодорхой хэрэг хянаж болно. Тэр үеийн шүүгч дотоод итгэлээр ханджээ гэж үзэхгүй. Зөвхөн хуульзүйн шинжлэх ухааны үндэслэгээг баримталсан байна уу гэж үзнэ. Хэдэн мянган жилийн өмнө хүн төрөлхтөн энэ асуудлыг үнэн зөв бодитой тогтоох шинжлэх ухааны шалгуур байдаг гэдгийг тогтоосон. Тэрүүгээр нь тогтоо. Цаашдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид шүүгчид, хуульчид шийдвэр гаргахдаа хууль болоод хууль зүйн шинжлэх ухааны үндэслэгээ гаргалгаанд үндэслэнэ гэсэн заалтыг заавал оруулах хэрэгтэй. Өнөөдөр шүүхийн шинэчлэл гээд ярьж байна. Маш олон хуульд өөрчлөлт оруулж, шүүгчдийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, цалин пүнлүүг нь ч нэмж байна. Гэхдээ аливаа хэргийг шүүгчийн дотоод итгэл үнэмшлээр шийдэж огт болохгүй. Хэрэв шийдсэн бол шүүгч, хуульч болгоны толгойтой, тэдний мэргэжлийн ёс зүй, ур чадвартай, мэргэжилдээ үнэнч байх асуудалтай ярих ёстой. Ингэж байж Монголд шударга ёс тогтоно.
-Бас Эрүүгийн хуулийн 150-д заасан үндэслэлээр шийтгэсэн байх аа?
-Энэ зүйл ангийн субъект нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд байна гэж заасан байдаг. Тэгвэл Н.Энхбаяр дарга Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа ямар хөрөнгө итгэмжлэн хариуцсан юм бэ. Ерөнхийлөгчийн эрх, үүргийг Үндсэн хууль болоод Ерөнхийлөгчийн тухай хуульд л заасан. Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэсэн хууль зүйн нэр томъёо 1942 оны Эрүүгийн хуульд анх орж ирсэн юм. Тэр үеэс хойш юу гэж ойлгов гэхээр эд хариуцагч гэж. Нярав, нягтлан, коминдат эсвэл өлгүүрчин гэж. Тэгэхээр Улсын дээд шүүхийн нийт гишүүдэд ямар асуудал тавьж байгаа гэхээр бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэдгийг юу гэж тайлбарлах юм. Хэрэв үүнийг Улсын дээд шүүх тайлбарлаж чадахгүй юм бол энэ хуулийг баталсан УИХ албан ёсныхоо тайлбарыг хийх ёстой. Дээд шүүх ийм л асуудал хэлэлцэх учиртай. Түүнээс биш анхан шат шиг хэргийг нарийвчлан хэлэлцэхгүй.
-Та Улсын дээд шүүхийн нийт гишүүдэд энэ хэргийг хэлэлцэнэ гэдэгт хэр зэрэг итгэлтэй байна вэ?
-Эхний удаад тийм таатай хариу өгөхгүй байх гэж таамаглаж байна. Гэхдээ өргөдөл гаргагч талд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болтол, хурлаар оруултал нь өргөдөл бичих эрх хадгалагдаж байна. Яагаад гэхээр Улсын дээд шүүх үндсэн ажлаа хийх ёстой. Хууль буруу тайлбарласан ажлаа хүчингүй болгодог ажлаа хийх ёстой. Өнөөдөр Улсын дээд шүүх бол Монгол Улсад шударга ёсыг тогтоох, хуулийг сахиулах байгууллага. Энэ үүргээ биелүүлэх учиртай. Хэрэв энэ үүргээ биелүүлж чадахгүй юм бол Монголд хүний эрхийг хамгаалах, шүүхийн хууль зүйн баталгаа үгүй болно. Монголын иргэн бүр ирээдүйдээ итгэлгүй байна. Хэнд яаж ч хамаагүй гүтгүүлж шоронд орох, эрх чөлөөгөө хасуулах бүрэн нөхцөл бүрдсэн гэдгийг хэлье.