М.ГАНЦЭЦЭГ

Швейцарийн хэвлэ­лийн салбар манайхтай бараг адилхан. Сэтгүүлчид нь ч тоочиж мэдэхээргүй маш олон  хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Тэр дундаа олон сонинтой юм байна. Иргэд нь ч өдөр бүр сонин гарчиглана. Галт тэргэнд, автобусанд, гудамжинд сонин уншицгаана. Гур­ван сар тутамд иргэдийн дунд санал асуулга болдог учир түүний зар мэдээл­лийг сониноор голдуу хүргэдэг байна. Иймд иргэд өөрсдөдөө хамаатай мэдээллийг олж авахын тулд сонин байнга уншдаг гэнэ. Швейцарьт яагаад олон сонин байдгийн учир нь улс төрийнх нь ийм онцлог системтэй холбоо­той аж. Гурван сар болоод л нэг асуулгад тийм эсвэл үгүй гэж хариулах хэрэг­тэй болдог учир тухайн асуудлын талаар болон санал асуулгын зарыг со­ниноос цаг алдалгүй олж уншдаг байна. Тиймээс швейцарьчууд үргэлж сонин гарчигладаг гэнэ.

 

ОЛОНХ СОНИН ГЭР БҮЛИЙН ЭЗЭМШИЛД БАЙДАГ

Швейцарийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл хувийнх. Тэр дундаа олонх сонин гэр бүлийн эзэмшлийнх байдаг тухай  тус улсын хэвлэлийн гурван том группын нэг “NZZ”-ийн парламентын сурвалжлагч Маркс Хафлигер танилцууллаа. Түүнээс Швейцарийн хэвлэлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

 

-Танай улс өдөр тут­мын хэдэн сонин, теле­визтэй вэ?

-Маш олон. Үндэсний нэг телевиз бий. Мөн то­моохон өдөр тутмын дөрвөн сонин бий. Тэд 200 мянган захиалагчтай. Нэг шар сонин гайгүй нэр хүндтэй. “20 минут” гэсэн сонин 800 мянгаас нэг сая хувиар хэвлэгдэнэ. Учир нь тус сонин үнэгүй та­раагддаг. Гэхдээ чанартай нийтлэл гаргадаггүй ч мэдээллийг товч тодорхой, шуурхай хүргэдэг юм. Тус сонинг хүн бүр гудам­жинд, галт тэргэнд, автобусанд уншина.

-Бүх хэвлэл хувийнх гэсэн. Тэд хувьцаа эзэм­шигчдээ ил тод зарладаг уу?

-Олонх сонин гэр бүлийнх байдаг. Иргэд тэр сонин тэдний гэр бүлийнх гэдгийг анддаггүй.  Зарим нэг нь томоохон компанийн эзэмшлийнх. Тэнд зарим хүн цөөн хэдэн хувьцаа эзэмшинэ. Тэр нь сонины бодлого, үйл ажиллагаанд нөлөөлөхгүй.

-Сэтгүүлчид парла­ментаас хэрхэн мэдээлэл олж авдаг вэ?

-Хэвлэлийнхний оф­фис парламентын ордон, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам гээд чухал яамдын ойролцоо байр­лана. Тэнд 120-130 сэт­гүүлч ажилладаг. Швей­царийн хэвлэлүүд ху­вийнх болохоор бие даасан байр суурьтай ажилладаг. Парламент жилд дөрвөн удаа гурван долоо хоногоор хуралддаг учир богино хугацаанд олон асуудал хэлэлцдэг. Нэг удаагийн чуулганы үеэр 100-200 асуудал хэлэлцэнэ. Тэгэхээр олон асуудлаас нэлээд чухлыг нь сэт­гүүлчид мэдээлдэг. Хэ­лэлцүүлгийн үр дүнг мэдээлэхээс гадна сэт­гүүлчид дүгнэлт хийдэг. Чуулган амарсан ч гэсэн Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гариг бүр хуралдана. Засгийн газ­рын хурал хаалттай болдог.

-Засгийн газар хаалт­тай хуралдааныхаа мэ­дээл­лийг сэтгүүлчдэд өг­дөг үү?

-Засгийн газрын ху­рал­­­даанд долоон сайдаас гадна гурван хүн л орол­цоно. Түүний нэг нь Зас­гийн газрын Хэв­лэлийн албаны дарга. Тэрээр ху­ралдааны дараа  мэдээл­лийн хуудас бэлдэж хэвлэлийн оффист аваа­чиж тавьдаг. Тэрхүү цаа­сан мэдээллийг сэтгүүл­чид авна. Хэрэв онцгой чухал асуудал хэлэлцсэн бол долоон сайдын нэг нь хариуцсан салбарынхаа талаар хэвлэлийн оффист очиж мэдээлэл хийнэ.

-Хөшигний ард болсон нууц мэдээллийн араас гүйнэ биз?

-Сэтгүүлчид аль болох мэдээлэл олж авч дэлгэ­хийг хүсдэг. Нууц мэ­дээллийн араас явна. Олонх газар хэвлэлийн төлөөлөгчтэй. Тэднийг давж, тойрч гарч цаана нь хөшигний ардах мэ­дээл­лийг олж авах гэж хэрэндээ хичээдэг.

-Сэтгүүлч нууц мэдээ­лэл олж нийтэлснийхээ төлөө хариуцлага хүлээдэг үү. Хэвлэлийн эрх чөлөө­ний тухай хууль танай улсад бий юү?

-Мэдээлэл авах эр­хийн тухай хууль бат­лагдаад таван жил болж байгаа. Эх сурвалжаа нууц­лах боломж бүрдсэн. Сэтгүүлчид ч мэдээл­лийн­хээ эх сурвалжийг сайн нууцалдаг. Тийм болохоор мэдээлэл өгөх хүн аяндаа гараад ирдэг юм.

-Сенсаацтай мэдээлэл цацсаныхаа төлөө сэт­гүүлч эрүүгийн хэрэгт татагддаг уу?

-Баримтгүй л бол то­моохон компанийн талаар сенсаац дэгдээвэл сэт­гүүлч хэцүү байдалд орно. Тэгэхээр сэтгүүлчид маш сайн баримт олж авч бичдэг.

-Маргааныг шийд­вэр­лэдэг хэвлэлийн консул байдаг уу?

-Консултай. Тэд мар­гааныг шийдвэрлэх зар­чимтай ажилладаг. Холбооны радио телевиз олон нийтийнх ч төрөөс хараат бус. Тэр нь өөрөө удирдах байгууллагатай, маргааныг авч хэлэлцдэг.

 

НЭГ МЭДЭЭГ ГУРВАН СЭТГҮҮЛЧ ХАМЖИВ

Тус улсын хэвлэлийн салбар хямралын үедээ яваа аж. Санхүүгийн га­чиг­далд орж олон сэтгүүлч ажилгүй болж байгаа гэнэ. Тиймээс нэгдэж томоохон групп болох, том ком­паниуд хэвлэлийг худал­даж авч байгаа аж. Ялангуяа хэвлэмэл сонин зар сурталчилгааны ашгаа цахим ертөнцөд алдаж байгаа гэнэ. Сонин дээр таван франкийн үнэтэй зарыг цахим хуудаст нэг франкаар тавьдаг байна. Сонинууд алдагдалтай ажил­лаж байгаа учир сониныхоо үнийг нэмэх, нийтлэлээ зарж алдагдлаа нөхдөг байна.

Олон сонин томоохон цахим хуудастай нэгдэж групп болж байгаагийн нэг нь “Tamedia” группын “Newsnet”  мэдээллийн цахим хуудас юм. Түүний эрхлэн гаргадаг сони­нуу­дын нэг нь “Тагес Анзей­гер” сонин. Тус сонины ерөнхий редактор Михайл Марти манай парла­ментын сэтгүүлчдэд сонин болон цахим хуудсынхаа талаар танилцуулав. Тус сонин 500 мянга гаруй уншигчтай, 200 мянга гаруй байнгын захиа­лагчтай Швейцарийн томоохон сонин юм. 1893 онд байгуулагдсан. Гол мэдээлэл нь Цюрих хотын тухай бичнэ. Мөн цахим хувилбарыг нь гар утас болон IPAD-даа тохи­руулга хийж уншиж болно. Чухал мэдээлэл үргэлж шинэчлэгдэнэ. Хэрэв чу­хал мэдээлэл ирвэл дохио өгч утас нь дуугардаг байна. Гар утсанд товч мэдээлэл ирдэг бол IPAD дээр төлбөртэй уншина. Энэ нь хэвлэмэл сонины цахим хувилбар юм байна. Цахим хуудас нь манайхтай адилхан. Гол мэдээллээ толгой хэсэгт байрлуулна.

Биднийг тус сонины редакцид очих үеэр хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдээ топ мэ­дээний хэсэгт орсон байв. Энэ нь ирэх гуравдугаар сард болох санал асуул­гатай холбоотой юм. Цахим хуудаст тандалт ч нэлээд оржээ.  Тус улсын “Navortis” группын за­хирал сард 72 сая фран­кийн цалин авна гэсэн маргаан дөрвөн жил үргэлжилж буй. Үүнийг нь иргэд эсэргүүцэж хувийн компаниудын захирлын цалинг бууруулах талаар санал асуулга явуулах гэж байгаа аж. Санал асуул­гын өмнө тус группын хувьцаа эзэмшигчдийн хурал болсон нь энэ бөгөөд “Newsnet”-ээс хоёр сэтгүүлч тэнд ажиллаж байгаа аж. Нэг нь ажлын байрандаа сууж тэндээс дамжуулсан товч мэдээл­лийг топ мэдээнд оруулж байв. Харин хурал сур­валжилж яваа хоёр сэт­гүүлч дэлгэрэнгүй нийт­лэлээ хэвлэмэл сонинд нийтлэх ажээ. Бид “Newsnet”  группын ажил­тай танилцаад гарахын өмнө топ мэдээ солигдсон байлаа.   “Navortis” груп­пын хурлын төгсгөлд захи­рал нь 72 саяыг авахаас татгалзсан тухай мэдээл­жээ. Ийм шийдвэр гар­гахад хэвлэлийнхний ша­халт нэлээд байсныг “Newsnet”-ийн ерөнхий редактор Михайл Марти онцлов.

 

РЕДАКЦ ӨНЦӨГ ТУЛГАДАГГҮЙ

Бидний туршлага со­лилцсон дараагийн сонин бол Цюрих хотод байдаг “NZZ” групп юм. Тэд Герман хэлээр гаргадаг сонин, цахим хуудастай. 1780 онд байгуулагдсан, дэргэдээ хэвлэх үйлдвэртэй, 200 гаруй ажилтантай том сонин юм байна. Тус сонины Эдийн засгийн албаны дарга Петер Фишер биднийг угтав. Тэрээр 2008 оны УИХ-ын сонгууль, 2009 оны Ерөн­хийлөгчийн сонгуулийг Монголд ирж сурвалжилж байжээ. Мөн Орос, Хята­дад сурвалж­лагчаар ажиллаж байсан турш­лагатай сэтгүүлч юм бай­на. Одоо албаны дарга болсон тул Монголын Ерөн­­­хийлөгчийн сонгуу­лийг сурвалжилж амжих­гүй ч, сэтгүүлчээ явуулах бодолтойгоо хэл­лээ. Тус сонин гадаадаас мэдээлэл нэлээд бэлтгэдэг байна. Гадаадын 40 гаруй оронд сэтгүүлчээ илгээсэн томоохон групп аж. Долоо хоногт зургаан дугаар гаргадаг. Швейцарийн хамгийн том сонин биш ч гэлээ чанартай нийтлэ­лээрээ алдартай гэсэн.  Тус сонинг 250 мянган хүн уншдагаас гадаадад 50 мянган ун­шигч­тай гэж үздэг байна.

Швейцарьт сэтгүүлч­дийн ажил өглөөний 06:00 цагт эхэлнэ. Сэтгүүлчид долоо хоногт 42 цаг ажиллах ёстой. Түүнээс өдөрт 8-9 цаг л ажиллана. Өглөө эрт  ирсэн сэтгүүлч өдөр ажлаа дуусгана гэсэн үг. Өглөөний  9:00 цагт бүх сэтгүүлч ажилдаа ирсэн байх учиртай. Мөн сонины дизайнерууд өдөр ажилдаа ирнэ. Үдийн 15:00-18:00 цагийн хооронлд чөлөөт сэтгүүлчид цахим хуудас руу мэдээлэл оруулна. Ту­хайл­­бал, гадаадад ажилла­даг сэтгүүлчид мэдээллээ илгээдэг бйна. Цахим хуудасны мэдээлэл  24 цагийн турш солигддог ажээ.

Бидний очсон “NZZ” группын өдөр тутмын сонин дүрэмтэй бөгөөд түүндээ сэтгүүлчийн эрх үүргийг зохицуулжээ. Ре­дак­циас шаардлага тул­гадаггүй. Олон мэдээ би­чих хэрэгтэй гэсэн ажлын шаардлага тавина, эсвэл чиглэл өгөхөөс биш ямар нэгэн асуудлын бод­лого, өнцөг тулгадаггүй гэнэ. Энэ байдлаараа Монго­лын хэвлэлээс ялгаатай. Түүнээс өдөр тутмын үйл ажиллагаа, нүүр хуваа­рилалт зэрэг нь манайхтай яг адилхан. Швейцарийн сэтгүүл зүйд эрх чөлөө хангалттай. Хэн ч, юу ч бичиж болно. Гэхдээ хий­сэн бүхнийхээ төлөө ца­лин авахгүй. Хэрэггүй зүйл бичдэггүй гэсэн үг. Сэтгүүлчдийн нэг сарын цалин тогтмол байдаг. Сэт­гүүлчид болон редак­цийн удирдлагууд нь санхүүгийнхэнтэй хол­боо­гүй, улс төрийн албан тушаал хашдаггүй  байх ёстой. Хэрэв ийм байвал ашиг сонирхлын зөр­чилтэй гэж үзээд хэв­лэлд ажиллах боломжгүй.

Сэтгүүлчдийн хөдөл­мөр минут тутамд үнэ­лэгдэнэ.  “Tamedia” груп­пын “Newsnet”  мэдээл­лийн цахим хуудас л гэхэд сэтгүүлчдийн бүтээлийн үр дүнг хувиар тооцдог системтэй хянах самбар редакцдаа байрлуулжээ. Хэн хэдэн мэдээ бичсэн, түүнийг нь хэдэн хүн унш­сан зэрэг мэдээлэл ил тод гарна. Хэн сайн, муу ажил­лаж байгааг дарга нар болоод өөрсдөө тө­вөггүй мэдэх боломжтой аж. Сэт­гүүлчийн үнэлгээ ил тод байхын хэрээр бүтээмж, өрсөлдөөн ч их байдаг гэнэ.