Д.МЯГМАР

Иргэдийн эх хэлний боловсрол сүүлийн жи­лүүдэд тааруу болж улмаар харилцааны болон бич­гийн соёлд муугаар нө­лөөлж байгаа талаар дээр доргүй ярих болсон. Тиймээс Засгийн газраас Монгол хэл бичгийн бо­ловс­ролыг сайжруулах тогтоолыг гаргажээ. Тө­рийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржавтай эх хэл­ний дархлааг хэрхэн сайж­руулах талаар ярилц­лаа.

-Иргэдийн эх хэлний боловсрол тааруу боллоо гэдэг. Тэр дундаа сургуу­лийн хүүхдүүдийн эх хэ­лээрээ алдаа мадагтай бичиж, буруу зөрүү ярьдаг болжээ. Иргэдийн хэл бичгийн боловсролыг сайжруулахын тулд ямар ажил хийж байна вэ? 

-Үнэхээр олон ний­тийн санаа бодолд тулгуур­лан зөв, зүйтэй сэдэв хөн­дөж асуудал болгож бай­гаа танай сонины хамт олонд талархал илэр­хийлье. Монголчууд эх хэлээрээ зөв бичиж, ярьж чадахаа болиод байгаа. Монгол хэл бичгийн бо­ловсролыг хамааран, ха­риуцдаг газар нь Боловс­рол, шинжлэх ухааны яам, түүний харьяа байгуул­лагууд. Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах зарим арга хэмжээний тухай 37 тоот тогтоол гар­гасан. Боловсрол, шинж­лэх ухааны сайд Л.Ган­төмөрт иргэдийн эх хэл­ний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харил­цааны соёлын төвшинг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулах үүр­гийг өгсөн. Мөн та бүхний санааг зовоож буй бага насны хүүхдийн эх хэлний боловсролд анхаарах заалт орсон байдаг. Тухайлбал бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхгүйг нь хөг­жүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэг­дүүлэхээр тогтоолд тусга­сан байна лээ. 

-Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид зөв бичгийн дүрэм огт мэддэг­гүй, найгүй алдаатай бич­дэг болжээ. Их сургуулийн зарим оюутан монголоор бичихийн оронд англи үс­гээр галиглаад сууж байх юм. Мартаж болохгүй эх хэлийг хойч үе маань уландаа гишгээд байгаа юм биш үү. Ийм байдлыг олж харж, засч залруулах ямар боломж байдаг юм бэ?

-Ерөнхий боловсро­лын сургууль төгсөгч, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбич­гийн хичээлээр шалгалт авч байх журам тогтоон 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үүнийг мөр­дүүлэхийг Засгийн газ­раас гаргасан тогтоолд тусгасан байгаа. Дээр нь монгол кирил бичгийн  үсгийн дүрмийг журам­ласан толь бичгийг ши­нэчлэн боловсруулж бүх нийтээрээ даган мөрдүү­лэ­хээр болсон. Мөн үс­гийн дүрмийн алдаа засах програм боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэхийг салбарын сайдад нь үүрэг болгосон байгаа. Тиймээс удахгүй энэ бүх асуудлыг цэгцлэх их ажил өрнөх байх.

-Монголчууд цөөн тоо­ны монгол үгийг олон янзаар бичих юм. Иргэд юунаас болж дурын дүр­мээ­рээ бичээд байгаа юм бол. Танайх энэ асуудлыг цэгцэлдэг байх аа?

-Монгол хэлний бо­ловс­ролыг маань үндсэн­дээ гурван агуу эрдэмтний дэг сургуулиар зохицуулж ирсэн. Цэндийн Дам­дин­сүрэнгийн, Бямбын Рен­чингийнх, нөгөөх нь Б.Лув­санвандангийн хэл бичгийн дэг сургууль гэж бий. Тэдний шавь нар багшаасаа өвлөсөн эрдэм ухаанаа өөрийн шавь нар­таа мөн л түгээсээр байна. Ингэснээр нэг л мэдэхэд энэ гурван их хүний шавь нар их, дээд, дунд сургуу­лиудаар тарж өөр, өөрийн дүрмээрээ монгол хэлбич­гийн ухааныг хөтлөн явуулж байгаа юм. Агуу хүмүүсийн эрдэм ухаан шавь нарт нь уламжлан ирэхийг хэн ч үгүйсгэхгүй. Гурван аварга мэдээж шавь нарынхаа толгойд суутал монгол хэлбичгийн дүрмийг тайлбарлаж өнөө­дүүл нь цааш нь  уламжил­саар монголчууд зарим үгийг хэрхэн зөв бичихээ мэдэхгүй болсон. Тиймээс манай албанаас олон ху­вил­бар бичлэгтэй монгол үгсийг жагсаалт гаргаж хэрхэн нэг мөр болгох талаар журамласан. 2011 оны нэгдүгээр сард Зас­гийн газрын тогтоол гарч 700 гаруй үгийг хэрхэн зөв бичих стандартыг бат­луул­сан. МУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, Нийслэлийн боловсролын газрын мон­гол хэлний мэргэжилт­нүүд, дунд сургуулийн монгол хэлний багш нар олон янзаар бичдэг үгийг дэлгэн тал талаас нь хэлэл­цэн шүүгээд хамтран шийд­вэр гаргадаг юм. Нэг үгийг янз бүрээр бичдэ­гийг ингэж нэг мөр болгон бичие гэж зөвшилцөлд хүрсэн. Түүнийг Монгол хэлбичиг хэмээх XII боть­доо оруулсан байгаа. Тэр­ний зөв, түүний буруу гэж бид ярих боломжгүй юм. Тэр аваргууд өөрийн гэсэн онол, дүрэмтэй болохоор зөв, бурууг ялгах боломж­гүй юм. Ц.Дамдинсүрэн гуайн гаргасан зөв бичих үсгийн дүрмийг баримтал­хаар болсон. Алийн болгон олон түмнийг төөрөгдүүлэх билээ. Шинжлэх ухааны  төвшинд өөр өөрийнхөө­рөө бичдэг л юм байгаа биз. Ард, иргэдийн бич­гийн боловсролыг нэг төв­шинд маргаангүй байлгая гэж шийдсэн. Жишээл­бэл, Байцаа гэдэг үгийг байцаа, байцай гэж хоёр янзаар бичиж байна. Ц.Дам­динсүрэн гуайн “Мон­гол үсгийн зөв бич­гийн дүрмийн толь”-д байцай гэж бичсэн байна.

-Олон хувилбартай монгол үг 700-гаар дуусч байна уу. Цаашаа нэмэг­дээд явах уу?

-Монгол хэл баялаг учраас цаашаа судалгаа хийнэ. Энэ нэг мөр болго­сон 700 гаруй үг бол ерөн­хий боловсролын сур­гуульд шууд өргөн хэрэг­лэгддэг үг биш. Энэ ажил цаашаа үргэлжлэнэ. Тог­тоолоор толь бичигт байгаа олон хувилбараар бичдэг үгнүүдийг нэг мөр болго гээж заагаад өгчихсөн. Энэ ажлыг ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн хийх ёстой. Манайх Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяаны байгуул­лага. Зарим хүн бидний ажлыг буруу ойлгоод, тэр хэрээрээ ташаа яриад бай­даг тал бий. Монгол хэл бичгийн асуудлыг хариу­цах ёстой атал Боловсро­лын яаманд “Үүнийг хий­гээрэй” гэж үүрэг өгсөн байна гэж буруу ойлгож ярих жишээтэй. Монгол Улсад амьдарч байгаа хэн ч гэсэн албан ёсны эх хэлээрээ утга төгөлдөр сайхан ярьж, зөв бичих учиртай. Анх би энэ ажлыг эхлүүлэх гээд ганцаараа таван сар цалингүй ажил­лаж байлаа. Удахгүй шинэ бүтэц хийнэ биз. Одоо манай алба гурван хүнтэй хэрнээ долоон хүний аж­лыг нугалж байгаа.  

-Түгээмэл хэрэглэдэг гадаад үгийг олон янзаар л бичих юм. Нэг мөр бол­гохгүй юм уу?  

-Монгол хэлэнд түгээ­мэл хэрэглэдэг 200 гаруй гадаад үгийг судлаад ин­гэж бичнэ гэж нэг мөр болгосон. Тухайлбал, гарааш, баар, генетик, лизинг, нано, патент зэрэг үгийг нэг янзаар бичихээр тогтсон байгаа.

-Гадаад хэлтэй хүмүүс олширч зарим үгийг орчуу­лахгүйгээр хүүхэд, залуус монгол хэлэнд шууд бичиж хэрэглэж байгаа нь эх хэлний ирээдүйг бүдгэ­рүүлж байх шиг?

-Тэр үнэн. Түгээмэл хэрэглэдэг 200 гаруй га­даад үгийг бид судлаад монголоор орчуулан хэ­рэг­лэх хувилбарыг гарга­сан. Жишээлбэл, брэнд гэдэг үгийг сор бүтээгдэ­хүүн, микро-г бичил, пар­кетыг шахмал шал, бону­сыг урамшуулал /цалин/ гэх мэтээр монгол үгээр хөрвүүлэн бичиж, хэлэх ёстой юм. Аман хэл бол бичгийн хэлнээс тү­рүүлж явдаг. Бид олон нийтэд түгээдэг хэрэгслийг ямар хэл, үгээр бичихийг бас хянаж, зөвлөж байгаа. Цаашдаа ч гэсэн Монголд ажиллаж, амьдарч байгаа хэн ч гэсэн эх хэлээ сайн судлаж зөв бичиж, ярьж байхгүй бол ажилд авах шалгуурт монгол хэлбич­гийн мэдлэгийн төвшинг шалгаж байхаар болсон шүү. Засгийн газрын 37 дугаар тогтоолын хоёр­дугаарт Төрийн албаны ажлын байр /албан ту­шаал/-ны тодорхойлолтод монгол хэл бичгийн мэд­лэгийн төвшинг харгалзаж ур чадварын шаардлагыг нэмж тусгахыг Төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосон байгаа. Ингээд зогсохгүй төрийн албан хэрэг хөтлөлтийн стандар­тыг бүх шатанд мөрдлөг болгож төрийн албан хаагч­дын мэдлэг, чадва­рыг дээшлүүлэх арга хэм­жээ авахын Засгийн газ­рын гишүүд, агентлагийн дарга нар, бүх шатны За­саг дарга нарт үүрэг бол­госон тул цаашдаа дээр, дооргүй эх хэлээ сайтар судлах хэрэгтэй болж байна.

-Төрийн хэлний зөвлөл судалгааны байгууллага юм уу. Олон хувилбарт үгийг судлан тогтоогоод л?

-Манайх судалгаа, шин­жилгээ, эрдэм шин­жил­гээний байгууллага биш л дээ. Гэсэн хэрнээ л шаардлага гараад л байнга судалгаа хийж байна. Тө­рийн хэлний зөвлөл угтаа төрийн захиргааны бай­гууллага юм. Соёлын ту­хай, Соёлын өвийг хамгаа­лах тухай хууль, Төрийн хэлний тухай хуультай холбогдож гарсан тог­тоо­луудыг хэрэгжүүлэхэд чиг­лэл өгдөг, хууль тог­тоомж нь яаж хэрэгжиж байгааг судлан хянаж, зөвлөмж өгөх нь бидний ажил. Зөвлөмж гаргахын тулд бид судалгаа хийнэ. Ямар ч байгууллага ажлаа хийхийн тулд тухайн сал­барынхаа хүрээнд судал­гаа хийдэгтэй ижил. Дээрх үгсийн шинжилгээ, судал­гааг хүрээлэнгүүд хийх ёстой. Тэд, судалгаа, шин­жилгээний дүгнэлтээ Төрийн хэлний зөвлөлөөр оруулж батлуулна. Бид батлаж тогтоол гаргуулаад нийтийн хэрэглээнд мөр­дүүлэхээр гаргадаг юм. 

-Улаанбаатар хотод  зар, сурталчилгааны сам­барт болон үйлчилгээний байгууллагуудын хаягийг гадаадаар бичих нь түгээ­мэл болсон. Энэ тал дээр ямар зохицуулалт хийдэг юм бэ?

-Засгийн газрын тог­тоо­лоор төрийн болон ху­вийн байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол кирил бичгээр бичиж бай­хыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон бай­гаа. Хэзээ нэг мөр болох нь цаг хугацааны асуудал юм.

Төрийн албан ёсны тухай хуульд цоорхой бай­гаа. Энэ хуулийг төрийн болон сургууль соёлын байгууллага хэрэгжүүлнэ гээд заачихсан. Гэтэл ху­вийн хэвшил хаягдчихсан. Гэхдээ Засгийн газрын 37 дугаар тогтоолд төр, ху­вийн гэлтгүй монгол кирид бичгээр нэг мөр бичихийг үүрэг болгочихсон байгаа. 2012 онд Улаанбаатар хо­тын Энхтайваны өргөн чөлөөнд байгаа бүх бай­гууллагын хаягийг ямар хэлээр бичсэнийг гурван жил дараалан судалсан. Жил бүр гаргасан жаг­саал­таа бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газ­рын дарга Ц.Болдсайханд өгч байсан. Манай зөвлө­лийн гишүүн учраас тэр. Одоо Улаанбаатар хотын Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч манай гишүүн болж ши­нэч­лэгдсэн байна лээ. Хаягаа хэрхэн өөрчилж, засах талаар хотын захир­гаанаас сүүлийн үед хийж байгаа ажил нь ингэж бидний ажилтай уялддаг юм. Төрийн албан ёсны бус хэлний хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг манайд байгуулагдан ажил­лаж байна. Ирэх тав­дугаар сард хэрхэн ажил­лах эхний хувилбар гар­чих байх. Тэр үед  хуулийн төслөө өргөн барина. Хуу­лийн нэрээ ч өөрчлөх байх.

-Танай албаны ажил их юм аа. Гурван хүн энэ их ажлын ард гарч чадах уу. Төсөв мөнгө нь хүрэх үү?

-Шинэ Засгийн газар гарч ирээд бидний ажлыг анхаарч өргөтгөх хэрэгтэй гэсэн. 2004 онд Төрийн хэлний зөвлөл анх байгуу­лаг­даад Ажлын албаны даргаар намайг томилсон юм. Сангийн яам надад хоёр жил төсөв өгөөгүй. Төсөвт тусгагдаагүй гэдэг юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга дээр 2007 онд орж долоон сая төгрөг авч ажлаа эхэлсэн юм. 2006 онд улсын төсөв батлахдаа бидэнд хэдэн төгрөг хуваарилж, манай алба тогтож үлдсэн. Хүний гарт л явж байлаа. Тэр үед ганцаараа ажилладаг бай­сан. 2007 оноос эхлээд нягтлан бодогч, монгол хэлний мэргэжилтэнтэй гурвуулаа олон хүний аж­лыг үүрч явна. Хуулиар манай зөвлөлд долоон хүн ажиллах ёстой. Л.Оюун­гэрэл сайд ажлын хуваа­риа гарга гэсэн. Би шинэ бүтэцийн хуваарь гарга­чихлаа. Асуудал нааштай­гаар шийдэгдэх байх.