Д.БОЛОР
УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ц.Цолмон тэргүүтэй зарим гишүүн ОХУ, ХБНГУ-д ажиллаад иржээ. Тэд ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байр тойрсон маргааны үнэн, худлыг нь тогтоохоор зорьсон нь энэ.
-ОХУ болон Герман улсад суугаа Элчин сайдын яамны санхүүд шалгалт хийсэн гэсэн. Шалгалтынхаа дүнг танилцуулаач?
-Берлин дэх Элчин сайдын яам, Москва дахь Элчин сайдын яамны төсөв, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, зарцуулалтад хяналт тавих үүргээр ажиллалаа. Хяналтын ажил нь өмнөх онд хийгдэх ёстой байсан ч амжаагүй юм билээ. Тиймээс УИХ-аас шалгах үүрэг өгсний дагуу ажилласан юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Яг нарийн шалгалтыг нь Гадаад харилцааны яамнаас томилогдсон Ажлын хэсэг шалгасан. Герман улс дахь Элчин сайдын тухайд хотын төвд шинэ байр авсан юм байна. Өөрийн өмч болгоод авсан гэсэн үг. Яахав, тодорхой хуваарийн дагуу төлбөрөө төлж байгаа юм билээ. Ингэхдээ одоо ашиглаж байгаа байр нь ч Монголын эзэмшилд хэвээр үлдэнэ. Харин ОХУ-ын Элчин сайдын яамны тухайд гурван байр болоод нэг зуслангийн байртай юм байна. Манай байруудын нэг болох хоёрдугаар байр нь А, В гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Үүнийх нь А хэсгийг ОХУ-ын нэгэн компани түрээслэдэг. Ингэхдээ түрээсийнхээ барилгад засвар үйлчилгээ хийхийн тулд В хэсгийг нь бас засах шаардлага гардаг шиг байна. Өөрөөр хэлбэл, ижил загвартай учраас адилхан засч, сайжруулах ёстой болж байгаа юм. Гэхдээ засвар, ашиглалтын тухай гэрээ байгуулахдаа бол учир дутагдалтай зүйлүүд байсныг нь бид Элчин сайдын яамныханд засч залруулах даалгаврыг өгсөн. Бид зөвхөн зөвлөх байдлаар хэлэхээс нарийн ажил руу нь орох боломжгүй. Зөвхөн Гадаад харилцааны яамны Ажлын хэсгийнхэн дагнан ажиллах ёстой. Тэд түрээслэгч компани нь ямар хэмжээний ажил хийсэн, түүнийх нь үнэ өртөг хэр гарсан зэргийг нь нарийн тооцох учиртай.
-Зарагдсан гэсэн мэдээлэл худал байх нь ээ?
-Зарагдаагүй.
-Гэхдээ байраа түрээслэх шаардлага байгаа юм уу?
-Хуучин соц нийгмийн үед ОХУ дахь Монголын Элчин сайдын яаманд ажилладаг хүн олон байсан учраас цогцолбор байртай. Харин ажиллагсдын тоо цөөрсөн учраас сүүлийн 10 гаруй жил хэсэгчлэн түрээслэж байгаа бололтой. Тэр нь буруу ч зүйл биш. Өөрийн эзэмшлийн хөрөнгөө хий хоосон байлгахаар түрээслэж бага хэмжээний болтугай санхүү олох нь хууль бус үйлдэл биш юм. Түрээсэнд орж байгаа мөнгө нь төсвөөр дамжаад Элчин сайдын яамны санхүүжилтэд орно. Тэгэхээр манай улсын эдийн засагт ашигтай. Нөгөө талдаа ОХУ-тай алтан хөршүүд бас “ах” ч гэж хүндлэх нь бий. Энэ утгаараа улс төрийн нөхцөлд таатай, найрсаг, нөхөрсөг уур амьсгалыг хадгалахад ач холбогдолтой гэдгийг ойлгох нь зүйтэй.
-ОХУ болоод Герман дахь Элчин сайдын яаманд ногдох төсөв хэр хангалттай байдаг юм бэ. Эрх ямба олгодог болохоор төсөв хангалттай байх гэж ойлгож байна?
-Шалгалтаар төсөв нь багадсан, хүрэхгүй байна гэж яригдсангүй. Төвөөс баталж өгсөн орон тоо, төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулаад байхад боломжийн байна гэж ойлголоо. Харин эрх ямба гэдэг бол харьцангуй ойлголт. Гадаадад байгаа бусад орны Элчин сайд нарын авдаг цалин хөлсийг бодвол манайх бага. Бага гээд тэд ажилд хайнга хойрго хандсан юм алга. Ер нь эх орноо төлөөлж байгаа учраас тодорхой зардал мөнгийг нь гаргаж өгөх ёстой. Ялангуяа, ОХУ, Герман хоёр орны хувьд хамтын харилцаа их учраас ямар ч зардал зарцууллаа ч Монголд ашигтай. Яагаад гэвэл манай улсад аль ч талаараа туслах түнш орнууд юм.
-Түрээслэгч компанийн төлөөлөлтэй уулзав уу?
-Түрээслэсэн байртай танилцсан. Түрээслэгчийн тайлбарыг нь ч сонссон. Тэд бол барилгыг нь бэхжүүлж, засвар шинэчлэл хийснээ ярина лээ.
-Ямар үйл ажиллагаа явуулдаг юм бол?
-Бизнесийн чиглэлээр ажилладаг гэх юм билээ.
-Ер нь ОХУ, Германд хэдий хэмжээний төсөв олгосон байдаг юм бэ?
-Төсөв мөнгийг нь нарийвчлан хэлэх боломжгүй.
-Олгосон төсвийг ихэнхдээ юунд зарцуулж байх юм?
-Цалин хөлс болоод байгууллагын зардалд зарцуулж байна. Тэр зарцуулалтад дүрэм журам зөрчсөн зүйл байхгүй.
-Гадаадад суугаа монголчуудад уулзалт зөвлөгөөнөөс эхлээд тодорхой хэмжээг нь зарцуулах уу?
-Гадаадад суугаа Элчин сайд нар тухайн оронд суугаа Монголынхоо иргэдийн эрх чөлөөг хангах, сайхан амьдрах боломж нөхцлийг нь эрж хайх нь ойлгомжтой. Нөгөө талаас хоёр орны харилцааг хөгжүүлэх, тухайн хотуудад байгаа олон улсын байгууллагад Монголоо төлөөлөхөд чухал байр суурь эзэлдэг юм.
-Таны тэргүүлдэг байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацаанд ямар ажил амжуулав?
-Нийт 16 удаа хуралдаж давхардсан тоогоор 36 хуулийн төсөл хэлэлцсэн байна. Түүнчлэн олон улсын гэрээ хэлэлцээр, дипломат харилцаа тогтоох тухай, гадаад улсад суух Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах зэрэг зургаан асуудлыг Байнгын хороо, чуулганаар зөвшилцөн шийдвэрийг Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлжээ. Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлсэн асуудлын заримаас дурдвал “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл багтана. Монгол Улсаас Бутаны Вант улс, Бүгд Найрамдах Панам улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, “Авлигын эсрэг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох тухай асуудал багтаж байгаа юм.