Б.ТУУЛ
Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан орчны бохирдлыг багасгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг энэ оны гуравдугаар сард багтаан хэрэгжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт Эрүүл мэндийн сайд Н.Удвал албан даалгавар өгөв.
Сүүлийн жилүүдэд ус, хөрсний бохирдол, хур хогноос үүдэлтэй халдварт өвчнүүд ялангуяа гэдэсний халдварт өвчин , “А” вируст гепатит, цусан суулга, сальмонеллёз өвчин ихэсчээ. Тухайлбал, Булган, Хэнтий, Өмнөговь аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт А вируст гепатит, Говьсүмбэр, Дорноговь аймагт цусан суулга өвчний дэгдэлт гарсан байна. Тиймээс дараах албан даалгаврыг өгчээ. Үүнд:
¨ Харьяа нутаг дэвсгэрийн гудамж, талбай, гуу жалганд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэх, мал амьтны сэг, зэмийг зайлуулах арга хэмжээг зохион байгуулан сар бүрийн 1-ний өдрийг “ Их цэвэрлэгээний өдөр” болгон хэвшүүлэх
¨ Хог хаягдлын цэг, нийтийн бие засах газар, цэвэрлэх байгууламж, бохирын цооногийг стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээний дагуу шинэчлэх, халдваргүйтгэх, шавьжгүйтгэх арга хэмжээг зохион байгуулах.
¨ Унд, ахуйн хэрэглээний усны эх булаг, ус түгээгүүрийн шугам сүлжээ, ус нөөцлөх сан, шахуургын станц, ус түгээх байранд холбогдох дүрмийн дагуу хамгаалалтын бүс тогтоож, бохирдолтоос хамгаалах арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих.
¨ Усан сан, ус түгээх байранд цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариутгал тогтмол хийж цаашид улирал бүр хийж хэвшүүлэх. Хүн амын унд ахуйд түгээж байгаа усны чанарт хяналт, шинжилгээ хийлгэж, усны чанарыг сайжруулах арга хэмжээ авах.
¨ Сум, дүүрэг, хороо, баг бүрт ариун цэврийн сайн дурын идэвхтэнг ажиллуулж, тэднийг урамшуулах асуудлыг шийдвэрлэх.
¨ Эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлсэн сум, дүүрэг, хороо, баг, айл өрхийг шалгаруулан сурталчилах.
¨ Эрүүл аж төрөх ёс, орчныг бохирдуулахгүй байх, халдварт өвчнөөс сэргийлэх талаар цуврал сургалт, сурталчилгааны арга хэмжээг эрчимтэй зохион байгуулахыг даалгав.
¨ Албан даалгаврын хэрэгжилтийг гарган 2013 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн дотор Эрүүл мэндийн яаманд ирүүлэх. Тус яам энэхүү албан даалгаврын хэрэгжилтийг 2013 оны Эрүүл мэндийг дэмжих сар / дөрөвдүгээр сар/ -д дүгнэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ гэлээ.