Д.БАТЧУЛУУН

 

Сүү. Энэ бол эмэгчин хөхтөн амьтны хөхний булчирхайнаас ялгардаг тэжээллэг шингэн. Хүн болоод хөхтөн амьтан энэ ертөнцөд мэндлээд л сүү­гээр амлуулж хорвоотой танилцдаг. Хүн төрөлхтөн амьтдыг гаршуулж эхэл­сэн мөчөөс л сүүг хүн­сэн­дээ хэрэглэсэн баримтууд байдаг юм байна. Энэ нь ойролцоогоор МЭӨ 9000 жилийн тэртээ гэсэн үг л дээ. Шинэ чулуун зэвс­гийн үед л гэхэд хүмүүс сүүг хүнсэндээ хэрэглэж байсан нь баримтаар нот­логдсон. Тэгэхээр хүн тө­рөлх­төний хүнсний гол хэрэглээний нэг яах арга­гүй сүү, сүүн бүтээгдэхүүн байсаар иржээ. Цаашид ч байх биз ээ. Яагаад гэвэл сүүнд агуулагдаж буй эр­дэсүүд, кальц нь хүний биед нэн шаардлагатай бодисууд хэвээр байсаар байх болно.

Монголчууд бид сүүг хүнсэндээ хэрэглэх баялаг туршлагатай, өөрийн гэсэн соёлтой, өвөрмөц технологитой ард түмэн. Таван хошуу малынхаа сүүгээр тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээ­дэм, бяслаг гээд олон төр­лийн бүтээгдэхүүн үйлд­вэр­лэдэг. Бүр уламжлалт мал аж ахуй эрхлэх явцдаа ямар малын сүү ямар эрх­тэнд, ямар өвчинд тустайг хүртэл тогтоочихсон бай­даг. Үнээний сүү ужиг ханиад, хижиг, шижин өвчинд, ямааны сүүг хо­доод­ны болон бөөрний үрэвсэлд уудаг. Тэгвэл хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ингэний сүүг зүрх­ний өвчин эмчлэхэд хэ­рэг­лэдэг байна. Ер нь бол монгол малын сүү бүхэл­дээ амин дэм, эмчилгээ­ний бүтээгдэхүүн гэдгийг эрдэмтэн зохиолч Бямбын Ренчин гуайн хэлсэн хэд­хэн үгээс ойлгож боло­хоор юм билээ. Францын нэгэн эрдэмтэн түүнээс “Монголчууд хүнсэндээ мах, гурил хоёр л хэрэглэх юм. Жимс, ногоо төдий­лөн идэхгүй юм аа” гэхэд тэрээр “Францууд та нар өөрсдийгөө жимс, ногоо их хэрэглэдэг улс гэж боддог байх. Гэтэл сайндаа л арваад төрлийн ногоо хэрэглэж байгаа шүү дээ. Харин монголчууд бид тэр өвс, ногооноос 500 гаруй төрлийг нь мах сүүгээрээ дамжуулан хүнсэндээ хэ­рэг­лэдэг. Гэхдээ та бүхэн­тэй адил химийн бодисоор бордсон ургамал бус бай­галийн цэвэр бүтээгдэ­хүүн хэрэглэдэг юм шүү. Бас та нар жимс, ногоогоо огт боловсруулалтгүй хэ­рэг­лэж байхад бид малаа­раа дамжуулж боловс­руулж хэрэглэдэг” гэсэн байдаг юм. Энэ бол мал хэмээх байгалийн амьд боловсруулах үйлдвэрээр дамжуулан мах, сүүгээ хэрэглэдэг уламжлалт ёс­ныхоо давуу талыг товч­хон, ойлгомжтой тодор­хойлсон хэлбэр болов уу. Харамсалтай нь бид бай­галийн эм болсон цэвэр монгол сүүгээ хүнсэндээ хэрэглэж чадаж байна уу гэдэгт л асуудал байна.

40,4 сая толгой малтай Монголд мах, сүү нь маг­наг торго шиг болсон гэ­вэл та итгэх үү. Үндэсний статистикийн хорооны гаргасан тооллогын дүн­гээр нэг монгол хүнд 13 толгой мал ногдож байна. Дэлхийд бол энэ их том үзүүлэлтэд орно. Гэтэл ийм их малтай хөдөө аж ахуйн орон байж сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ нийт хэрэгцээний дөнгөж 27-хон хувийг дотоодоосоо хангаж байна шүү дээ. Үлдсэнийг нь бид гаднаас өндөр үнээр авч байна гэсэн үг. Бөмбөрцөгийн нөгөө талаас зөөж авчир­сан, бүр тодруулбал тээв­рийн зардал шингэчихсэн үнэтэй сүүг бид хүнсэндээ хэрэглэж байна. Цайны сүүгээ БНХАУ, ОХУ, Гер­ман, Франц, Украйн, Польш, БНСУ, Дани, Автс­рали, Шинэ Зелан­даас зөөж хэрэглэдэг гэ­хээр л харамсалтай дүр биш гэж үү. Хамгийн гол нь дотоодоосоо хэрэг­цээ­гээ бүрэн хангах болол­цоотой байхад бид жилдээ 30 сая ам.долларыг гад­наас сүү, сүүн бүтээгдэ­хүүн худалдаж авахад зар­цуулж байна. Үнэхээр их мөнгө шүү. Бид 30 сая ам.доллараар хуурай сүү  худалдаж авч байна шүү дээ.

Рекламаараа уралдаж байгаа сүүний үйлдвэрүүд маань өдөр тутамд 6 тонн хуурай сүүг шингэлж зах зээлд нийлүүлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Тонн тутмыг нь зургаан сая төгрөгөөр худалдаж авч буй хуурай сүүг яагаад монгол сүүгээрээ орлуулж болдоггүй юм бэ. Төр бага­хан дэмжлэг үзүүлчихвэл монгол сүүгээ, үнээний цэвэр шингэн сүүгээ хүн­сэн­дээ хэрэглэх боломж бүрдэх юм. Нэг өдрийн шингэлж зардаг хуурай сүү авах мөнгөөр 30 үнээ­тэй 1000 фермийн сүүг бүтэн нэг жил худалдаж авахад хангалттай хүрнэ гэдгийг мэргэжлийн хү­мүүс нь тодорхойлчихсон байна. Хамгийн гол нь сүүний үйлдвэрүүд, фер­мерүүдээ холбоход л асуу­дал бий. Өөрөөр хэлбэл, орон зайн хувьд хол байна. Талаар нэг тархсан малч­даас буюу жижиг нийлүү­лэгчдээс сүүг төвлөрүүлэн авахад хүндрэлтэй гэсэн үг. Тиймээс л төрийн зохи­цуулалт сүүний салбарт дутагдаад байгаа юм. Төр маань шийдэхэд хялбар асуудлыг шүүрч аваад хийчихдэг хэрнээ, хүнд хэцүү, ажиллагаа ихтэй   асуудлыг тойрдог байж болохгүй. Ноос ноолуур, арьс шир гээд хадгалж, тээвэрлэхэд хялбар бү­тээг­дэхүүний үйлдвэрлэ­лийг дэмждэгтэй адил мах сүүний үйлдвэрлэлийг дэмжих  ёстой.

Хүн амын дийлэнх хэ­сэг нь төвлөрөн амьдарч буй Улаанбаатар хотыг экологийн цэвэр монгол сүүгээр хангахын тулд мэдээж фермерүүдийг дэм­жих ёстой. Асгасан шагай шиг тарсан нүүд­лийн мал аж ахуйгаас илүү­тэй фермерийн эр­чимжсэн мал аж ахуйг дэмжих цаг болжээ.  Цөл­жилт, бэлчээрийн хомсдол гээд олон эерэг үр дүнг тоочихоос илүүтэй хүн амын талаас илүү хувь нь төвлөрөн амьдарч буй Улаан­баатар хотынхон шингэлсэн хуурай сүү бус цэвэр монгол сүүгээ ууя. Зөвхөн энэ л зорилго сүү, сүүн бүтээгдэхүүний сал­ба­рыг төрөөс дэмжих хан­галттай шалтаг, шалтгаан.

Улсын хэмжээнд 10-аас дээш саалийн үнээтэй 523 аж ахуйн нэгж бий. Эдгээр нь 19298 саалийн үнээтэй бөгөөд ихэнх нь Улаанбаатар, Төв, Сэлэн­гэ, Дархан-Уул, Орхон гэсэн төвийн бүсийн айм­гуудад үйл ажиллагаа явуул­даг юм байна. Эдгээр фермерүүдийн сүүний үнэ зундаа навс унаж, өвөлдөө ялимгүй өсдөг ч борлуу­лалт нь 10 дахин буурдаг байна. Тиймээс үнийг нь тогтвортой байлгаж, фер­мерүүдээ сүүний үйлдвэ­рүүдтэй холбоход төр дэмж­лэх үзүүлэхэд болох­гүй юмгүй.

Жилийн дөрвөн улир­лын туршид сүүгээ яаж борлуулах вэ, тэжээл хаа­наас авах вэ, малын үүл­дэр угсаагаа хэрхэн сайж­руулах вэ гэсэн олон асуу­далтай тулгарч байгаа малчдаа, фермерүүдээ урам­шуулаад үзье л дээ. “Атрын III” аянаар бид тариаланчдаа дэмжээд ямар үр дүнд хүрлээ. Ноос, ноолуурын салбарынхан­даа бид ямар дэмжлэг үзүүлж, өнөөдөр ямар ам­жилтад хүрээд байгаа би­лээ. Хамгийн сүүлд л гэхэд арьс, ширний салбарыг төрөөс дэмжих бодлого гарлаа. Одоо тэгвэл сүү, сүүн бүтээгдэхүүн үйлд­вэрлэгчдээ дэмжье, тэдэн­дээ тусалъя. Хүн амын хүнсний аюулгүй байдал гэдэг юунаас ч чухал болов уу. Тэгвэл энэ асуудлаа шийдэх гарц нь байна. Ерөөсөө л сүүний литр тутамд урамшуулал ол­гоод, суурь үнийг нь тог­тоочихъё. Тэгвэл зун литр тутам нь 200 төгрөг болтлоо хямдарч, өвөлдөө 2000 төгрөг болж үнэ нь өсдөг сүүний үнийн савалгаа ч арилна. Хэрэглэгчдэд ч хэрэгтэй биш гэж үү.  Ий­мэрхүү зохицуулалтыг зөв­хөн бид сэтгээд байгаа ч юм биш. Олон улс оронд хүн амынхаа хүнсний аюул­гүй байдлыг ханга­хын тулд, үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд суурь үнийг тогтоодог хэлбэрийг ашиглаж байна. Тухайн жилийн шатахуун, тэжээ­лийн үнэд тулгуурлаад л сүүний суурь үнийг тог­тоо­чихдог. Тэгээд нийлүү­лэгчдээ бодлогоор, урам­шууллаар дэмжчихдэг тог­толцоо л доо. АНУ-д фер­мерүүддээ нэг литр сүү тутамд нь манайхаар 400 төгрөгтэй тэнцэх урам­шуу­лал олгодог юм байна. Урд хөршүүд маань охин тугал тутамдаа 500 юанийн урамшуулал авдаг гэсэн. Үүн шиг л бид сүү ний­лүүлэгч нартаа, бүр тод­руул­бал малчиддаа, фер­мерүүддээ сүүнд нь урам­шуулал өгье. Сүүний үйлд­вэрүүдээ хөнгөлттэй зээ­лээр дэмжье. Тэгвэл мон­голчууд бид хот, хөдөө гэж ялгалгүй монгол сүүгээ уух боломж бүрдэнэ шүү дээ. Ядаж л Ерөнхийлөгч шинэ жилээр оргилуун дарсны оронд өргөж буй аягатай сүү нь “МОНГОЛ СҮҮ” байг л дээ. Импор­тын сүү бус, монгол сүүгээ бүгдээрээ ууя.