Ч.ҮЛ-ОЛДОХ

 “Ярилцах  цаг”-ийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа уригдлаа.

 

-Одоогоос жилийн өмнө  таньтай АН-ын ҮЗХ-ны хурлын тухай ярилц­лага хийж байснаа санаж байна. Түүнээс хойш та­ныг сураг алдарсан гэвэл хилсдэхгүй байх. Монголд байна уу, сүү­лийн үед ямар ажил хийж хэрэгжүүлж бай­гааг со­нир­хож болох уу?

-Ярилцлага авахаар зорьж ирсэн танай со­ниныхонд баярлалаа. Ца­гаан сар өнгөрөөд удаагүй байгаа болохоор  монгол­чууддаа сар шинийн мэнд дэвшүүлье.

Тийн ялгуусан хэмээх  усан могой жил  бүх хүнд аз жаргалтай, цог хий­морьтой, амар амгалан жил байгаасай гэж хүсье. Цаг хугацаа хурдан өнгө­рөх юм. Та бид уулзаж ярилцаж байснаас хойш бүтэн жил өнгөрчихсөн байна. Миний хувьд хоно­гийн 24 цаг ч заримдаа багадах гэмээр ажил ихтэй байх юм. Хүн хийж бүтээ­хийн төлөө амьдардаг. Тэгэхээр  төрд ч, хувийн хэвшилд ч ажиллаж бай­гаа хүн  өөрийн сэтгэлд нийцсэн тэр ажилдаа цаг заваа зөв хуваарилан ажил­ладаг.   Тэр  нь ний­гэм, олон нийтэд тустай байх ёстой гэж би боддог. Ихэнх хүн ганц амиа бо­дож, би л сайн сайхан амьдарч байвал боллоо гэж боддоггүй байх. Ажил хө­дөлмөр эрхэлж, тэр нь олон түмэнд тустай бай­гаасай гэж боддог. Тэгж амьдардаг байх. Би мон­голдоо ажиллаж амьдарч байна. Өнгөрсөн нэг жилд өөрийн эрхэлдэг байсан бизнесийн салбарт ажил­лаж байна. Би чинь ер нь бизнесийн салбарт ажил­лаж байгаад улстөр рүү орсон хүн шүү дээ. Сүү­лийн үед орхиод байсан ажлаа эмхлүүлж үргэж­лүүлж байна. Нэгэнт улстөрд  оролцох болсны хувьд хийх ажлууд бас байна. Тухайлбал баялаг бүтээж, нийгмийн тустай хөдөлмөр эрхэлж дэмжих, олон хүүхэд төрүүлж өсгө­сөн ээжүүдээ дэмжих, гээд олон ажил бий. Тэр болгоныг орхигдуулахгүй хийж байна.

-Тухайн үед таньтай ярилцаж байхад улс орны хөгжил, аюулгүй байдлын асуудлаар байр сууриа илэрхийлж байсныг санаж байна. Одоо АН засаг барьж байна, таны байр суурь өөрчлөгдсөн үү?

-Хөгжил гэдэг урагш­лахын нэр. Өчигдрийн төвшнөөс өнөөдрийн ний­гэмд ахиц дэвшил гарсан байх ёстой. Аливаа улс орны хөгж­ил дэвшлийн гол хэм­жигдэхүүн буюу хөгж­лийг урагшлуулагч оньсон түл­хүүр бол үйлдвэрлэл бай­даг. Хүн өөрөө өөрийн­хөө баялгийг бий болгох, улс орон өөрийн баялгаа бий болгоход энэ үйлдвэрлэл чухал юм. Мон­гол Улсын хөгжил дэвшлийн хөдөл­гөгч хүч нь  юуны өмнө хүнд үйлд­вэрүүд гэдгийг шинэч­лэлийн Засгийн га­зар ярьж байна. Би түүн­тэй санал нэг байгаа. ЖДҮ-ээс эхлээд хүнд үйлд­вэрээ хөгжүүлэх нь хөгжлийн хамгийн том гарц юм. Аль аль төв­шин­дөө энэ асууд­лаа ярьж, хийж нэлээд ахицтай явж байх шиг байна. Эдүгээ шийдвэрлэх шаардлагатай хамгийн чухал нэг асуудал бол утаа. Ялангуяа нийс­лэлийнх­ний хувьд. Мөн Дархан, Эрдэнэтийнхэн ч утааны асуудал ярьдаг болчихож. Үүнийг бид яаж шийдэх ёстой вэ. Нэгэнт гэр хо­рооллуудаа бүгдийг хөдөө орон нутаг руу нүүл­гэн шилжүүлэх боломж­гүй тул нэгэнт цугларсан сая гаруй хүн амаа орон  суу­цанд амьдруулах шаард­лагатай байгаа. Утаа­наа­саа салах, Улаан­баа­тар­чуу­даа ая тухтай амьд­руулахын тулд 100 мянган айлын орон сууц­ны хө­төлбөр хурдан хэрэг­жээ­сэй. Үүний тулд ба­рилгын салбарт гарч буй ахиц дэв­шил, цаг хэмнэх техно­логиудыг үйлдвэрт нэвт­рүүлээсэй гэж боддог. Ма­най улс жилийн дөр­вөн улиралтай барилга барихад хугацаа богино. Иймээс өвөл, зунгүй ба­рилга барих арга замыг эрэлхийлэх хэрэгтэй юм. Зундаа хэдэн карказ барь­чихаад хүлээгээд байвал бүтэхгүй. Энэ талаар сал­ба­рын яам нь нэлээд ажил­лаж байгаа юм шиг байна лээ.

-Сүүлийн үед улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд газрын тосны салбар чухал гэж их ярьж байна.  Танай Сүмбэр-Ойл компани энэ чиглэлд төсөл бэлтгэж оролцож байсан санагдана. Тэр юу болсон бэ?

-Газрын тосны  бүтээг­дэхүүн үйлдвэрлэдэг болох нь  ойрын үед заавал ший­дэх чухал асуудал. Шатах, тослох материал, бензин, дизель бол аливаа улс орны суурь үнийг бүрдүүлдэг чухал бүтээгдэхүүн. Ша­тахууны  үнэ нэмэгдэнгүүт маргааш талх, гурил, өр­гөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг маш тө­вөгтэй, 100 хувь гадны хамааралтай байна. Талх­ныхаа үнийг нэмэхгүйн тулд шатахууны үнийг тогт­мол барих шаардлага­тай. Үүний тулд Засгийн газ­раас олон тэрбум төгрө­гийг бензин, дизель им­портолдог компаниудад татаас маягаар өгч байна. Хэдий хүртэл ин­гэж торгоох вэ гэдэг асуу­дал тодорхой бус байна. Тэгэхээр зөв гарц эрэл­хийлэх хэрэгтэй. Тэрхүү зөв гарц нь газар доор байгаа нефтиэ гадагш  экспортлох бус дуслыг ч болтугай нутагтаа үлдээж, боловсруулж өөрийн үн­дэсний үйлдвэрлэлийг байгуулж, шата­хуунаа үйлд­вэр­лэж эхлэх шаард­лагатай юм. Манай компани 2009 онд Газрын тосны үйлдвэр байгуулах төсөл боловсруулж өнөөг хүртэл хөөцөлдсөөр дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзлээ. Тодорхой бус шалт­гаанаас үйлдвэр эхэлж чадалгүй өнөөг хүрсэн. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нефть боловсруулах үйлд­вэр байгуулна гэсэн бай­гаа. Байгуулж  ч эхлэх гэж байх шиг байна. Эхлэл нь том хүчин чадалтай үйлвэ­рүүдийн тухай нэлээд ярьж байна. Түүний зэрэг­цээ бага оврын хүчин үйлд­вэрүүдээ дэмжих бод­логоо орхихгүй байх гэж найдаж байгаа. Манай компани Зүүнбаянгаас олборлож байгаа 100 ор­чим мянган тонн газрын тосыг боловсруулсан. Өн­гөрсөн дөрвөн жилийн хугацаанд эхнийхээ сон­го­сон тех­нологийг хүртэл өөрчилж, өнөөдөр дэлхийн төвшинд хүлээн зөвшөө­рөгдсөн шилдэг техноло­гийг авч хэрэгжүүлэхээр эхний яриа хэлцлээ хийж, тос­ныхоо дээжийг гадаа­дын лабораторид шин­жил­­­гээнд оруулчихаад байж байна.

-Зүүнбаянгийн тос өт­гөн, фарафин ихтэй гэлц­дэг. Түүнийг боловсруула­хад техникийн боломжтой гэсэн үг үү?

-Зүүнбаянгийн тос өт­гөн нь үнэн. Түүнийг бо­ловсруулж 80-95 хувийн гарцтай үйлдвэр байгуулах сонголт хийсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн асуудал уч­раас үйлдвэр байгуулахад төрөөс дэмжинэ гэж най­даж байна. Эхний дэмж­лэг, шийдвэрүүд ч  гараад явж байгаад баяртай бай­на. Газрын тосны газраас үйлдвэр байгуулах нь зүй­тэй, “Сүмбэр-Ойл” ХХК-ний технологийг хэрэг­жүүлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг гарга­сан. Уул уурхайн яаманд хандаж  үйлдвэр барих зөвшөөрөл авах  хүсэлтээ өгчихсөн байгаа. Салба­рын яам дэмжинэ гэдэгт найдаж байна. Бид их бүтээн байгуулалт өрнөж буй Монголын говийн гур­ван аймаг өөрсдийнхөө хэрэгцээг хангах хэм­жээ­ний бензин шатахуун үйлдвэрлэх зорилт тавьж байгаа юм. Манай үйлдвэр 14-16 сарын дотор түлхүүр гардуулах нөхцөлөөр ашиг­лалтад орох боломж­той. Бага оврын үйлдвэр учраас модулын зарчмаар ажиллана.

-Та УИХ-ын гишүүн  байхдаа Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороог ахалж  ажилласан анхны эмэгтэй дарга  бай­сан. Тийм ч учраас энэ  асуудлыг  ярьдаг байх. Тэгэхээр нэг асуулт бай­на, газрын тос улс орны аюулгүй байдалтай хол­боо­той юу?

-Өргөн хүрээнд ярихад энэ их төвөгтэй асуудал. Юу юугүй үүцээ дэлгэж, манай авдарт хэчнээн тон­нын нүүрс, ийм хэм­жээ­ний алт байгаа шүү гэж юу юугүй дэлхий нийтэд зар­лаад байх нь улс орны аюулгүй байдал болон эдийн засгийн оршихуйд хэр нөлөөтэй гэдгийг бо­дох ёстой. Улс орны аюул­гүй байдлын салшгүй нэг чухал хэсэг бол эдийн зас­гийн аюулгүй байдал. Улс орны тугаар тогтнолын нэг хэсэг болсон эдийн зас­гийн аюулгүй байдлаа хан­гах, хамгаалах ёстой. Гэтэл манай эдийн засгийн аюулгүй байдал хөндөгдөж болохуйц нөх­цөл байдалд бид амьдарч байна. Яагаад гэвэл суурь үнэ өөрөөр хэлбэл бидний иддэг талхны үнийг зохи­цуулдаг нефтийн бүтээг­дэхүүн гаднаас 100 хувь хараат байна гэдэг маш төвөгтэй, үүнийг хүн бол­гон мэдэж байгаа. Эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд эхний ээл­жинд түлш шатахууны хараат байдлаас гарья гэ­сэн асуудлыг дэвшүүлж тавиад байгаа юм шүү дээ. Энэ бол чиний миний, баян ядуу, хөшин залуу гэхгүй нийт монголчуудын том эрх ашгийн нэг. Иймд төр, засаг санаачилга гар­гаж байгаа үндэсний ком­паниудаа дэмжих хэрэг­тэй юм. Бид Засгийн газ­раас мөнгө өг гэж нэхээ­гүй, ийм санал, санаа­чилга байна,  боловсруу­лах үйлдвэр байгуулснаар манай компанид ийм ашиг­тай, Монгол Улсын нийтлэг эрх ашигт ийм тустай байна гэдгийг ярьж, танилцуулж байгаа. Иймд тусгай зөвшөөрлийг олгохгүй бариад, хү­лээл­гээд байх уг нь шаард­лагагүй юм. Бид ажлаа яаралтай хиймээр байна шүү дээ. Бизнес хийж байгаа хүмүүст цаг үнэтэй. Гурав, дөрвөн жил хүлээж өөрийн үйлдвэрийн түлш шатахуунтай болно  гэдэг асар их зогсонги байдал. Ямар хэмжээний алдагдал хүлээх нь ч ойлгомжтой шүү дээ.

-Удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр мартын-8 болох гэж байна. Алдарт эхийн одон­той ээжүүдийн холбооноос Төрийн ордонд жил болгон зохион байгуулдаг  чуулга уулзалт болох уу. Энэ жилийн онцлог юу вэ?

-Жил бүр хийдэг энэ чуулган ээжүүдийн хүсэн хүлээдэг сайхан ажил болж уламжлагдсанд би баяртай байгаа. Яагаад гэвэл, Монгол Улсад ир­гэн төрүүлж өгсөн ээжүү­дийгээ үнэлэхгүй, дэм­жих­гүй байхын аргагүй. Үнэхээр хөдөлмөрөө үнэ­нээр нь үнэлүүлж байгаа хүмүүс бол одонтой ээжүүд юм. Ээжүүдээ дэмждэг нэг сайхан баяр маань энэ чуулга уулзалт. Ерөн­хий­лөгчийн ивээл дор Төрийн ордонд гуравдугаар  сарын 8-нд болдог. Алдарт эхийн одонтой ээжүүдийн хол­боо­ноос санаачлан “Хатан ээж” одон гардуулдаг бол­сон. Энэ нь олон хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэг­цээ тэднийгээ өндөр бо­ловс­рол эзэмшүүлж өсгө­сөн. Эхчүүдээ алдар­шуулж, тэдэнд өндөр хүнд­лэл үзүүлж буй хэрэг. Бүх ээжүүдээ шагнамаар, дэмж­мээр байдаг. Жил болгон шилдгийн шилдэг есөн ээжид Алдарт эхийн одонтой ээжүүдийн хол­бооноос “Хатан ээж” одонг гардуулдаг.  Ээж нарт зориулсан урлагийн тоглолт болно. Ээж нар өөрсдийн санаа бодлыг төрдөө  хэлэх, илэрхийлэх боломж нь мөн тэр өдөр тохиодог. Төрийн тэргүүн маань ээжүүдэд хандаж үг хэлдэг. Энэ бүхэн уламж­лалаараа зохион бай­гуу­лагдана. Дээр үед олон хүүхэд төрүүллээ гэж ад үзэгдэх шахуу юм болж, алдар гавьяагаа үнэлүүлж чадалгүй явж ирсэн хү­мүүс цөөнгүй бий. Тэдний гавьяаг үнэлж төрийн одон медалиар шагнах, тодор­хойлох  ажил явагддаг. Чуулган  “Монголын үрс маш олон болтугай” уриан дор  болдог. Зарим жил  “Монголын үрс оюунлаг байх болтугай”, “Монго­лын үрс эрүүл байх бол­тугай” гэх мэт тусгай уриа дэвшүүлж ирсэн. Энэ жил ээжүүдээс санал их ирж байна, төрийн тэргүүн­тэйгээ зөвлөнө,  энэ жи­лийн зорилго уриалга юу байх талаар шийдвэрээ гаргана. Бид ээжүүдээ дэмжиж байгаагийн цаана хөх толботой монгол удам тасрахгүй байх, монгол­чууд бид олуулаа байх, монгол генийг цэврээр нь авч үлдэх гээд олон асуу­дал бий.

-Асуултаа жаахан өөр­чилье. Та түрүүнд цаг завгүй ажилладаг  гэсэн. Амралтаа хэрхэн зохи­цуулж байгааг асуучихвал хэтэрхий хувийн шинжтэй зүйл ярилаа гэхгүй биз дээ. Яагаад гэвэл би таныг бясалгал хийдэг гэж дуул­сан юм байна?

-Өөртөө цаг гаргалгүй яах вэ. Хэнд ч гэсэн үнд­сэн ажлынхаа хажуугаар сонирхож хөгжүүлж бай­даг хообий гэж байна. Би аръяабалын бясалгал хий­дэг. Бас ном их уншдаг. Сүүлийн үед тэр дагуу судалгаа хийж эхэлсэн. Бясалгал, далд ухамсар, ертөнцийн үнэн гэж юу вэ, оршихуйн үнэн гэж юу вэ гээд олон ном уншиж байгаа. Германд сургууль төгссөн болохоор миний хоёр дахь хэл бол герман хэл. Цагаан сарын өмнө Герман руу яваад ирэхдээ далд ухамсарын тухай олон сайхан ном авчирсан. Хүн тодорхой хугцаа­тай­гаар ертөнцөд илгээгдсэн байдаг. Урт насаллаа гэхэд 100 гаруй наслана. Тэгэ­хээр материаллаг ертөн­цийн фикик амьдрал гэж болно. Түүний зэрэгцээ мөнхийн амьдрал гэж байна. Сүнсний, энергийн амьдрал гэж байдаг. Энэ зууныг “Бумбын эрин ирлээ” гэлцэж байгаа. Энэ цаг хугацаанд хүнд физик биеэрээ сэтгэж, хөдөл­мөрлөж, амьдрахаас гадна  энергийн төвшинд асууд­лыг зохицуулах боломж бий. Монголчууд хөх тэн­гэрээ шүтэж амьдарч ир­сэн. Тэгвэл тэнд ямар хү­чин оршиж байна, түү­нийг шүтэхээр яагаад хийморь нь босоо, дээшээ байна гэж үздэг вэ гээд олон асуулт гардаг. Тэр талаар уншиж, судалж нэг ёсондоо мэдээлэл таашаал авч байна гэх үү дээ.Энэ цаг үед бид асар их хөгжсөн орчинд амьдарч байна гэж ярьж байгаа ч нөгөө талаас доройтон буурч байгаа цаг үед амьдарч байна. Наад захын жишээ гэхэд мэ­дээлэл хүргэхэд электрон шуудан, эрчим хүч ашиг­лаж байгаа гэх ч түүний цаана цахилгаан соронзон орон, утаан  дотор амьдарч байна. Үүний хэмжээ нь хэтрээд ирэхээр хүн ядар­даг, дархлаа нь суларч өвддөг гэсэн ойлголт тодор­хой байна. Өнгөрсөн намар би найз нөхдийнхөө зөвлөснөөр харзанд орж эхэлсэн. Хүн байгалийн амьтан учраас байгальдаа ойртох тусмаа эрч хүч авдаг юм байна. Өвөл ар­ван­хоёрдугаар сард хар­занд орно гэхээр хүмүүс гайхаж, хатгаа авна гээд байдаг. Харзанд орсон  хүн л аз жаргалыг мэдэрч чад­на. Ийм байдлаар би чө­лөөт цагаа өнгөрүүлж байна.

-АН-аас УИХ-ын ги­шүүн, сайд, дэд сайд, яам, агентлагт өндөр алба ха­шиж байсан эрхмүүд элчин сайд,  зарим газарт   дар­гаар сэмхэн томилогд­чихсон байх жи­шээтэй. Та харин яагаад албан тушаалд очихгүй байгаа юм бэ?

-Олон хүн ингэж асуу­гаад байгаа /инээв/. Ма­най намд дагаж мөрдөх ёстой дүрэм гэж бий. Бо­ловсон хүчний бодлогод баритмтлах зарчмууд бий. Тэр бүхэн биелэгдэж бай­гаа байх гэж бодож байна. Төрд ажил, алба хашиж байсан хүн тодорхой хэм­жээний туршлага хуримт­луулсан байдаг. Түүнийг нь төр, засаг, нам ашиглах ёстой. Түүнээс  хэн байх, ямар намынх байх нь гол бус юм. Би намаасаа санал хүлээж байгаа, боломжит санал ирвэл татгалзахгүй. Гэхдээ надад өөрт маань хийж байгаа ажил бага биш байна шүү дээ. Гэх­дээ таны асуугаад байгаа тэр цаг надад ирэх байлгүй гэсэн хүлээлт байна.

-Төрд ажиллаж байсан хүний хувьд 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан  УИХ, Зас­гийн газрын  ажлыг хэрхэн харж байна?

-Ард түмний сонгол­тоор байгуулагдсан УИХ, Засгийн газар ажиллаж байна. Сонголт бол тодор­хой. Аль ч намд нь  дийлэнх олонхийн суудал өгсөнгүй. Шинэ Засгийн газар ши­нэч­лэлийн гэсэн нэртэй. Түрүүчийн Засгийн газ­руудын бодлогыг шинэ­чилж авч явна гэж ойлгож болох байх. Үйлдвэр­жил­тийн бодлого хэрэгжүүлж, улс орны хөгжлийг тэтгэх, газрын баялгийг зүгээр гадагш цацаад байх биш дотооддоо боловсруулж иргэдийнхээ идэх талхыг  арай нэмүү болгох  нь гэсэн ойлголттой байгаа. Тэгж ч байх шиг байна. Нэг зүй­лийг нэмж хэлэхэд, хүн алддагтай адил улстөрийн намууд ч бас алддаг юм байна. Юу гэвэл, түрүү­чийн Засгийн газрын үед бий болсон, тэр нь ил га­раагүй юм уу шийдэг­дээгүй байсан олон төвөг­тэй  асуудлыг ил гаргаж, алдах нь засч шинэчлээд явах нь гэж харж байгаа. Иргэдийн санаанд нийц­сэн, дорви­той төсөл хөтөл­бөрүүдийг хэрэгжүүлэх  юм шиг байна. Ард түмэн сонголтоо хийдэг,  түүнээс хойш төрийн байгууллага иргэдээсээ тусгаарлагдсан үйл ажиллагаа явуулж ир­сэн гажуудал бий. Тэгвэл иргэдээ сонсох аян өр­нүүлж, Засгийн газар  лав­лах утсаар иргэдийн сана­лыг авч, шийдвэрлэх зэрэг олон хэлбэрээр сонгогч, иргэдээ сонсч түүний үнд­сэнд хэрэгжилтийн ша­танд асуудлаа тодорхой болгож явъя гэж оролдож байна уу гэж харж байна. УИХ-д ч иргэдийн  санал гомдлыг хүлээж авч, шийд­вэрлэдэг байнгын хороо байгуу­лагдсанд  баяр­тай байгаа. Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа энэ хуу­лийн төс­лийг нь боловсруулж бат­луу­лаад бүрэн эрхийн ху­гацаа дууссан. Энэ нь ХБНГУ-ын парламентад  байдаг сайн бүтэц  байгаа юм. УИХ-ын гишүүд нэ­гэнт ард иргэдээс сонгогд­сон төлөөлөл учраас тэд­нийгээ төр эргэж сонсох ёстой шүү дээ. Парла­ментын бүтцэд гарсан бас нэг дэв­шилттэй зүйл бол эмэгтэй гишүүд олон болж, бүлэг байгууллаа.  Эмэгтэй ги­шүүн олон болсноор эр­чүү­дийн маань олж ха­рахгүй байсан на­рийн нандин асуудлуудыг олж харж байна уу гэж дүгнэж байна.