Б.УРАН

Монгол Улсын Ерөн­хий­лөгч санаачилсан хуу­лийн төслөө хойшлуулж, бүхнийг шинээр, ингэхдээ зөв эхлүүлэхээр шийд­вэрлэснээ өчигдөр мэдэгд­лээ. 2010 оноос хойш өдийг хүртэл дуншиж бай­гаа Ашигт малтмалын хуу­­­лийн шинэчилсэн най­руулгын төслийн талаар олон нийт, эрдэмтэн мэр­гэд багагүй шүүмжлэлийг түүнд дайсан бололтой. Манай улсыг хөрөнгө оруу­лагчдын анхааралд оруулдаг ганц зүйл нь уул уурхай. Уул уурхай, ашигт малтмалтай холбоотой бү­хий л харилцааг дангаараа зохицуулж байгаа одоо­гийн Ашигт малтмалын хуулийн онгорхой цоор­хойг нөхөх зорилгоор ши­нэчилсэн найруулгын төс­лийг Ерөнхийлөгчийн га­рын багийнхан боловс­руул­сан. Гэвч өмнөх хуу­лийн алдаа оноог засахаас илүү хөрөнгө оруулагчдыг үргээж, уул уурхайн орч­ныг төрийн хатуу хяналтад оруулах хууль болсон гэж шүүмжлэх нь олон байв. Ерөөс хуулийн үзэл ба­римт­лал нь тодорхойгүй, алдаа мадаг ихтэй, нур­шуу, дутуу дулимаг, явцуу төсөл болсон гэдгийг нь зүйл заалт бүрээр нь но­толж, баталцгаасан. Тэг­вэл Ашигт малтмалын шинэ хуулийг энэ хаврын чуулганаар оруулахаа бо­ли­лоо гэнэ. Тэр ч байтугай ажлын хэсгийг нь шинээр байгуулж, эхний ээлжинд Эрдэс баялгийн талаарх төрөөс баримтлах бодлогоо зөв тодорхойлохоор бол­лоо. Дээрээс нь Оюутол­гой, Тавантолгой гээд өм­нөх сургамжуудаа жаг­сааж байгаад шинэ хууль­даа тусгаж, хэрэгжүүлэ­хээр  тогтов. Энэ бүхний цаана ямар утга оршиж байна вэ. Багагүй хуга­цаанд Ерөнхийлөгчийн нэрийг дагалдуулж, олон нийтийн дунд маргаан үүсгэсэн Ашигт малтма­лын шинэ хуулийн төсөл түүний сонгуулийн шоу байсан гэж зарим нэг нь шууд хэлж байхыг “Coal Mongolia-2013”-ийн үеэр олж сонссон билээ. Уул уурхай, лиценз, орд газар гээд ярихаар олон нийтийн дунд байгаль сүйтгэгч, эрүүл мэндэд заналхий­лэгч, төсвийн мөнгийг шамшигдуулагч гэх мэт сөрөг ойлголт төрдөг нь үнэн. Шинэ хуулийн төсөл нь ч яг л эдгээр асуудлуу­дад хэт чиглэж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөж, бизнесийн ор­чин нөхцлийг мартсан бай­сан. Тэгвэл Ерөнхий­лөгч маань бүрэн эрхийн­хээ хугацаанд Ашигт малт­малын шинэ хууль гэгчээр сонгуулийн сур­тал­чилгаагаа хийж байсан болж таарах нь уу. Эцэст нь олон нийтээр хангалт­тай хэлэлцүүлсэн хуулийн төслөө буцаахаар бол­чих­лоо. Ерөнхийлөгчийн бү­рэн эрхийн хугацаа тун удахгүй дуусна. Түүнээс наана Ашигт малтмалын шинэ хуулийн төсөл дахин төрөхөд хугацаа нь даанч богинодох болов уу. Тэ­рээр өчигдөр уул уурхайн салбарынхны төлөөлөлтэй уулзах үеэрээ энэ тухайгаа хэлсэн. Бүр Ашигт малт­ма­лын хууль гэдэг нь ерөн­хий нэг хууль байгаад гео­логи, бичил уурхай, нөхөн сэргээлт, тусгай зөвшөө­рөл гээд тус тусдаа жижиг хуулиуд дор нь байвал яасан юм гэж байна. Яа­гаад өнгөрсөн хугацаанд үүнийгээ хийсэнгүй вэ, Оюутолгой, Тавантолгой гээд түүний ярьсан сур­гам­жууд зөвхөн ойрын жилүүдийн асуудал биш билээ. Сургамжийг Ерөн­хийлөгч хангалттай мэдэж байгаа. Тэгвэл яагаад хуу­лийн төсөлдөө тусгаж сайж­руулсангүй вэ. Энэ мэт олон асуулт, хариулт нь Ашигт малтмалын хуу­лийн шинэчилсэн най­руул­га нь түүний өөрийгөө суртлалчлах хэрэгсэл нь байжээ гэсэн дүгнэлтийг төрүүлэх шиг. Шинэ хууль асуудалтай, түргэн түүхий болсныг олон хүн шүүм­жилж байгаа. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн Д.Бат-Эрдэнийн хэлснээр төслийг олон нийтэд ил болгосны дараа бараг 500 хуудас санал ирсэн гэнэ. Харин дэд ажлын хэсгийн ахлагч, хуульч Д.Мөнх­туяа боловсруулсан хуу­лийн төслийг нь ойлгохгүй байгаад харамсаж байгаа­гаа илэрхийлэв. Түүний­хээр бол тун сайн болсон хуулийн төслийг эрдэмтэн мэргэд уншаад ойлгохгүй, буруу зөрүү яриад байсан болж таарах нь. Лицензийг замбараагүй олгодгийг болиулж, уул уурхайн ком­паниудад өндөр шал­гуур тавих нь хуулийн төслийн гол зорилго мэт байсан. Тэгвэл лицензийн тоотой зууралдахаас илүү ямар хэмжээний талбайг хамарч байгааг нь боди­тоор дүгнэж, зөв тооцоо­лохыг Уул уурхайн үндэс­ний ассоциацийн зөвлө­лийн дарга, “Алтандорнод Монгол” компанийн гүй­цэт­гэх захирал Б.Болд өчигдөр уулзалтын үеэр сануулаад авна лээ. Уул уурхайн салбарын төлөө­лөгчид Ерөнхийлөгчид ямар санал хэлснийг багц­лан оруулав. 

 

Хэн, юу хэлэв?

 

“Иргэдийн Алъянс” төвийн захирал Ж.ЗАНАА:

-Стратегийн эрдэс ба баялаг гэсэн тусдаа хуультай болмоор байна. Баялаг гэдэгт Монгол оронд ургадаг ховор өвс ургамал, хортон шавьжийг багтааж оруулъя. Монгол Улс ойн нөөцөөрөө бага. Хуурайшиж байгаа улс орны тоонд ордог. Тэгэхээр хэний ч хараа хяналтгүй гадагшаа зөөж байгаа ховор баялагаа хуультай болгомоор байна. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээ баялаг гэж тооцоод бусдыг нь хаяж болохгүй. Эдгээрийг нэгтгэсэн хууль гаргах хэрэгтэй. 

 

Геологич Б.ЭНХБОЛД:

-Хуу­лиасаа өмнө уул уурхайд ба­римтлах бод­логоо эх­лээд гаргая. Хууль бол бод­логыг хэ­рэг­жүүлэх ме­ханизм байх ёстой. Бод­лого нь байхгүй байхад тодорхой­гүй хууль гаргах гээд байдаг нь буруу юм. Бодлого нь үндэсний аюулгүй байдлын хүрээнд хар хайрцагны бодло­гоор явах ёстой. Хоёрдугаарт нийтэд ил тод байх ерөнхий чиг хандлагыг агуулах ёстой. Бодлогыг боловсруулахад Гадаад харилцааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам гэх мэт бусад яамдууд хамтарч ажиллах хэрэгтэй.

 

“Төлсөн Авснаа Нийтэл” Иргэний нийгмийн эвслийн зохицуулагч Н.БАЯРСАЙХАН:

-Малчдад 60 жилийн хугацаанд газрыг нь эзэмшүүлсэн байгаа. Гэтэл уул уурхайн лицензийг дав­хар­дуулж олгодог. Үүнийг зохицуул­даг хууль нь үйлчилдэггүй. Үүнээс болж малчин компани хоёр маргалд­даг. Үүнийг бодлогын хүрээнд авч үзээсэй. Бас уул уурхайн компаниуд сорчлон олборлолт хийснээр бичил уурхайчид үүсч байгаа юм. 60 мян­ган бичил уурхайчныг байлгахгүй гэж үзэж байгаа бол түүний цаана байгаа 200-300 мянган хүний амжиргааны асуудлыг авч үзээсэй.

 

“Алтандорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.БОЛД:

-Хайгуулын эрсдэлтэй шатанд банкууд санхүүжилт өгөхгүй. Өнөөгийн ашигт малтмалын хуулинд хайгуулын минимиум зардлыг нэг лицензэд гурван сая ам.доллараар тавьсан байгаа. Нийт лицензийн хэмжээ тав гэж тооцвол 15 сая ам.доллар олохын тулд хувьцааны санхүүжилт хайх болдог. Тэгэхээр компаниуд хайгуулд хөрөнгө оруу­ла­хын тулд хувьцааны санхүүжилт хайхаас аргагүй. Манайд уул уур­хайн 1000 компани үйл ажиллагаа явуулж байгаагийн 30 нь таван тэрбум төгрөгөөс дээш борлуулалт­тай. Дээрээс нь орон нутгийн орол­цоог хэрэгжүүлэхэд дүрмээ тодорхой болгомоор байна. Авлигын сүлжээ­тэй болох вий гэсэн болгоомжлол байна.

 

МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Н.АЛГАА:

-Бид ямар ч асуудлыг гурван талын зөвшилцлөөр шийдэх ёстой. Хуульд заасан ярвигтай асуудлууд олон бий. Тухайлбал, нэгэнт олгочихсон лицензийг цуцлахдаа маш тодорхой заалтуудыг оруулах ёстой. Нэгэнт лиценз олгочихсон бол тэр компанийн өмч үүсч байгаа хэлбэр шүү дээ. Мөн орон нутаг, иргэдийн оролцоог тэнцвэртэй байлгах хэрэгтэй юм.