Д.БОЛОР, Ч.ЗОТОЛ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар Төрийн ордонд “хичээлд” сууж байна. Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд эхлээд удирдлагуудын тархийг цэнэглэх шаардлагатай бололтой. Энэ үүднээс Засгийн газраас нэгдсэн сургалт зохион байгуулж буй юм. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сургалтыг нээж хэлэхдээ “Шинэчлэл, өөрчлөлтийг Засгийн газрын гишүүд болоод аймаг, нийслэлийн дарга нар хийхгүй, иргэдээ сонсч, шийдвэр гаргахдаа тэдний санал, хүсэлтийг оролцуулбал сая шинэчлэл бий болно. Бүхнийг дарга шийддэг байдлаас татгалзаж, иргэдээрээ хэлэлцүүлж, тэднийг сонсч ажиллах учиртай”-г онцлов.
Мөн Засгийн газраас өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгахын тулд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд үнийн өсөлт саарч, суурь инфляц багасах үр дүн гарч байгаа талаар мэдээлж, Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх ажлуудыг танилцууллаа. Гүйцэтгэх засаглал 2016 онд багтаан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Энэ онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох 1347 км авто замын ажлыг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ.
Нийслэлд “Гудамж” төсөл хэрэгжиж, 33 замын уулзварыг дөрвөн замын уулзвар болгоно. Мөн Туул, Сэлбэ голын даланг дагуулан хотын нэг захаас нөгөөд хүрэх босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны хоёр замын ажлыг эхлүүлнэ. Оюутолгойн уурхайг эрчим хүчээр хангах, цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барина.
Шинэ төмөр зам хөтөлбөрийн хүрээнд барьж байгуулах 1800 км замын бүтээн байгуулалтад санхүүжилт олгохоор шийдвэрлэснийг орон нутгийн удирдлагуудад танилцуулав. Ерөнхий сайдын төсвийн багцын хөрөнгөөс аймгуудад битүү зах барих, оношлогооны төв байгуулах ажлыг хийнэ. Энэ ажилд орон нутгийн удирдлагууд санаачилгатай оролцохыг Засгийн газрын тэргүүн үүрэг болголоо. Аймаг, сум, дүүргийн удирдлагуудын нэгдсэн сургалтад оролцогчдын байр суурийг хүргэж байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга С.Амартайван: 
СУМЫН ХӨГЖИЛ ХҮНИЙ ХӨГЖЛӨӨС ЭХЭЛНЭ
-Аймагтаа хүн ам, газар нутгийн хэмжээгээр хамгийн томд тооцогддог сумын хувьд Эрдэнэцагаан онцлог байх. Засаг даргын албыг хүлээж авснаас хойш юунд анхаарч ажиллаж байна?
-Манай сум аймгаасаа алслагдсан хязгаар нутагт ордог. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөгжлийн төсөөлөл, ирээдүйн зураг сайхан харагдаж байгаа. Яагаад гэвэл манай сумаар дамжиж Бичигтийн олон улсын боомт хөгжих боломжтой болж байна. Бичигт-Эрдэнэцагаан-Баруун-Урт чиглэлийн засмал зам, төмөр замын асуудлуудыг ярьж байна. Дэд бүтцийн салбарт Засгийн газрын бодлогын хэмжээнд энэ асуудлууд яригдаж буй учраас шийдэгдэнэ гэж ойлгож байгаа. Дээр нь орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт аймагтаа нэлээд өндөр тавигдсан. Энэ нь хүн ам, газар нутаг, алслалт, татварын бүрдүүлэлт гээд олон зүйл хамаарч байгаа. Цахилгааны доголдол, шугамын шинэчлэлийг шийдэх, спортын ордон барих зэрэг хэд хэдэн ажлаас хөрөнгө оруулалтыг шийдсэн. Энэ нь орон нутаг өөрсдийн хөгжлийн асуудалд шийдвэрээ гаргасан эхний ажлууд энэ. Улсын төсвөөр 140 хүүхдийн цэцэрлэг баригдана, 2014 онд Тамгын газар, 2015 онд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Бичигтийн боомтод 100 хүүхдийн цэцэрлэг барих томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил биднийг хүлээж байна. Энэ бүхнээс харахад сум орон нутаг эрчимтэй хөгжих, хүмүүсийн амьдрах орчин тохитой сайхан болох, дэд бүтэц сайжрах дүр зураг харагдаж байгаа. Одоо бид хүний хөгжлөөс сумын хөгжил эхэлнэ гэж үзэж Иргэдийн оролцоо-шууд ардчилал нэгдсэн сургалтад цаашид иргэдээ хамруулж, энэ чиглэлд анхаарна.
-Тулгамдсан асуудлууд байна уу сумын хэмжээнд?
-Алслагдсан учраас дэд бүтэц, замын асуудал хүндрэлтэй байдаг. Одоогоор тулгамдаж буй бэрхшээлтэй асуудал харьцангуй гайгүй байна. Харин газар төлөвлөлт асуудалтай байгаа. Бүтээн байгуулалтын олон ажил байгаа ч өмнөх жилүүдэд төлөвлөгөөгүй газар олголт нэлээд явагдсанаас шийдэхэд хэцүү байна.
Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ-ын дарга:
МАНАЙ ИТХ ДӨРВӨН НАМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ
-Сумын ИТХ ажлаа юунаас эхлэв. Ямар чиглэлд анхаарч байна?
-Манай сумын нийт газар нутгийн 80 хувийг ойн сан эзэлдэг. Байгалийн баялаг ихтэй. Бусад сумыг бодвол иргэдийн амьжиргааны төвшин өндөр. Иргэд байгалийн дагалт баялгаасаа тодорхой хэмжээгээр ашиглаж, хувь хүртэж байдаг учраас амьжиргааны төвшин өндөр байдаг. Сум, орон нутгийн хөгжлийн чиг жижиг, дунд үйлдвэрлэл, байгалиа зөв зохистой ашигласан эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна. Сумын ИТХ-ын ажил бол Засаг даргыг ажиллах нөхцөл бололцоогоор хангахаас гадна, түүн дээр ямар байдлаар ажиллаж байгааг хянаж, зөвлөж, чиглүүлэх юм. Манайх бусад сумдыг бодвол харьцангуй ардчилсан парламенттай гэж болно. Дөрвөн намын төлөөлөлтэй. АН 13 суудал авч олонхи болсон. МАН гурав, ИЗНН дөрөв, МАХН нэг суудалтай. Өнгөрсөн хугацаанд сумын ИТХ өөрийн эрх мэдлийн хүрээнд нэлээд олон асуудлыг шийдвэрлэсэн. Сумыг 2012-2016 онд хөгжүүлэх Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, 2013 оны үндсэн чиглэлийг хэлэлцэж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарлаа. Иргэдийн дуу хоолойг төр, засагт хүргэх үүднээс Иргэний танхим шинээр байгуулах, сумын дүрмийг батлах зэрэг ажил эхлүүлээд явж байна. Гол сум, багийн иргэдийн санал, бодлыг шийдвэр гаргуулах төвшинд хүргэж, гарч буй шийдвэрт тусгуулах талд анхаарч байгаа.
-Байгаль орчны асуудал хэр хөндөгддөг вэ?
-Сумын нийт нутгийн 60 орчим хувийг лицензтэй талбай эзэлж байсан. Бид 2004 оноос эко сум болгох зорилт тавьж, лицензийг бууруулах, цуцлах талд анхаарч ирсэн. Одоо долоон хайгуулын лиценз таван аж ахуйн нэр дээр байдаг. Хайгуулынх байхгүй.
Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Г.Дүүрэн: 
ОРОН НУТАГТ АМ, АЖИЛ ЗӨРЖ БАЙНА
-Өвлийг өнтэй давав уу. Танай нутагт цагийн байдал ямар байна?
-Манай сум аймгийнхаа зүүн хагаст оршдог, малчид бэлчээрийн мал аж ахуй голлон эрхэлдэг. Энэ жил өвөлжилт сайхан орж, хавартай золголоо. Цагийн байдал сайхан байна.
-Энэ жил орон нутгийн төсөв нэмэгдсэн гэж их ярьж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна?
-Орон нутгийн төсөв нэмэгдсэн, төсөв захиран зарцуулах эрх мэдлийг нь шилжүүлсэн гэж ярьж байгаа ч бодит байдалд тийм биш байна. Орон нутгийн төсөв нэмэгдээгүй, харин ч хасагдсан. Сүүлийн гурван жилийн дүнгээс үзэхэд энэ жилийн төсөв ерөнхий дүнгээрээ өссөн, тодруулбал 40 саяар өссөн байгаа боловч түүний 30 сая нь цалин 10 саяыг нь бусад зүйлд нэмсэн ч Тамгын газрын томилолт, шатахууны зардлыг 50-60 хувиар бууруулсан байна. Өнөөдөр орон нутагт үйл ажиллагаа явуулъя гэхэд шатахууны болон томилолтын зардал хүрэлцэхгүй байна. Сарын 545 мянган төгрөгийн шатахууны зардал л гарсан байна. Өмнө нь сая гаруй төгрөг байсныг бараг 60-70 хувиар бууруулсан дүнтэй, зориуд ингэж хийсэн юм уу гэсэн хардлага төрөхөөр байна. Энэ талаар аймгийн удирдлагууд орон нутаг руугаа харсан бодлогыг хийж өгөх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол орон нутагт ажил, ам хоёр зөрж байна. Ерөнхийлөгчийн хэлснээр өнөөдөр томилдог, чөлөөлдөг албан тушаалтан Засаг даргын Тамгын газарт байхгүй. Ганц орлогчоо юм уу, багийн даргаа томилохоос илүү эрх мэдэл алга. Шинэчлэлийн Засгийн газраас цаашид орон нутаг руу харсан ажил зохион байгуулж, дэмжээч гэж хүсэх байна.
Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга В.Мөнхбат: 
БҮТЭЭЛЧ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЛАА
-Танай нутагт цаг үеийн байдал ямар байна?
-Энэ жил өвөлжилтийн байдал бусад сумаа бодвол гайгүй орсон. Хаваржилт цаашдаа хүндрэхгүй бол бэлтгэл сайн байгаа. Орон нутгийн сонгууль оройтож болсноос ИТХ, Засаг дарга ажилдаа хожуу орсон. Гэхдээ ажил хүлээж авснаас хойш иргэдээ ажилтай, орлоготой байлгах, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажилд анхаарлаа. Гол нь иргэдийнхээ санал бодлыг сонсч, тэднээс гарч буй санаачилгыг ажил хэрэг болгож, хамтран шийдвэр гаргахад анхаарч байна. Энэ жил аймаг сумын 90 жилийн ой болно. Ойгоо бүтээлч ажлаар угтах төлөвлөгөө гаргаж ажилдаа ороод байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат: НОГООГОО ЗАРАХ НЬ УРГУУЛАХААС ХЭЦҮҮ БАЙНА
-Таныг сумдаар ажиллаж байгаа гэж сонссон юм байна. Бүтээн байгуулалтын санал авч хэрэг үү?
-Сэлэнгэ аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа учраас сумдаар ажиллаж байна. Малчидтай ярилцах бишгүй юм бий. Ялангуяа, бүтээн байгуулалтын талаарх мөрийн хөтөлбөр боловсруулахад малчин, тариаланчдын маань санал чухал үүрэгтэй. Уг нь мөрийн хөтөлбөрөө боловсруулчихсан юм. Гэхдээ бидний тавьж хөтөлбөрт олон нийтийг хамарсан асуудал байна уу. Цөөн хүнд тулгарсан асуудлаар олон хүний асуудал шийдэх гээд байна уу, үгүй юу гээд саналыг нь сонсч байна. Үүний дараа бүтээн байгуулалт, жижиг, дунд үйлдвэрлэлүүдийг дэмжих хөгжлийн бодлогоо ярина. Сэлэнгийн хувьд энэ жил хамгийн чухал ажил гэвэл дэд бүтэц байгуулах тухай. Сүхбаатар, Хөтөл, Зүүнхараа хотод зам харгуйг нь сайжруулах шаардлага байна. Хэдийгээр хотын зэрэглэлтэй ч гэсэн аль 1980 онд хөрөнгө оруулалт хийгдснээс хойш засвар шинэчлэл хийгээгүй хотууд. Зам харгуйгаас гадна нийтийн орон сууц, дээвэр гээд олон хүндрэлтэй асуудал байгааг шийдэх ёстой. Хоёрдугаарт, залуу гэр бүлийг орон сууцжуулах тухай. Үйлдвэрлэлээсээ яагаад түрүүлж ярив гэхээр Сэлэнгэ аймгийн иргэд залуужиж байна. Ялангуяа, дээд боловсролтой ажлын байр хайсан залуучууд Сэлэнгэд амьдрах сонирхол ихтэй. Харамсалтай нь, амьдрах орон сууц нь байхгүй. Тиймээс хувийн хэвшлийнхэнтэй ярилцаад бодлогын хүрээнд орон сууцны хорооллыг барихаар зэхэж байна.
-Сэлэнгийг газар тариалангүйгээр төсөөлөхөд бэрх. Энэ чиглэлээр ямар ажил хийх юм?
-Газар тариалан гээд төмс хүнсний ногоо, үр тариагаас илүүтэй хөрсөнд анхаарал хандуулж байна. Сэлгээний ургамал ургуулах, тэжээлийн ургамал тарих шаардлага тулгарч байгаа юм. Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрийн хөгжил газар тариалангаа дагаж байна. Уг нь ургуулахад амархан юм. Харин боруулах нь хамгийн хэцүү болж байна. Иргэд маань дотоодын хүнсээ биш БНХАУ-ын төмс аваад байгаа учраас тэр шүү дээ. Үүнд төр, засгийн зүгээс ихээхэн анхаарал хандуулах шаардлага байна.
Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар: 
ЭНЭ ОНД 1000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО
-Хэнтий аймаг энэ онд 90 жилийнхээ түүхийг тэмдэглэнэ. Үүнийг дагасан бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа байх?
-Шинэчлэлийн Засгийн газраас орон нутгийн хөгжлийн санд 9.8 тэрбум төгрөг хуваарилж өгсөн. Энэ мөнгөний 60 хувийг 18 сумандаа тараалаа. 40 хувийг нь аймгийн төвд бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар болж байна. Урьд нь ийм хэмжээний хөрөнгө оруулалт очиж байсангүй. Тийм учраас энэ хөрөнгө оруулалт бол аймгийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын санхүүжилт болж байгаагаар онцлогтой. Энэ онд Хэнтий аймаг байгуулагдсны 90 жилийн ой болно. Аймгийнхаа ойтой хамт найман сум 90 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Энэ утгаараа ойгоо угтсан бүтээн байгуулалтын ажил аймаг төдийгүй суманд өрнөж байна.
-Аж үйлдвэрийг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд ямар ажил хийж байна вэ?
-Ард иргэдийг ядуурлаас гаргах хоёр чиглэлээр ажиллаж байна. Нэгдүгээрт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас ажлын байр бий болгох. Өөрөөр хэлбэл, ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэсэн үг. Үүний түүчээ болгож Малжуулах хөтөлбөрийг санхүүжүүлж байна. Хоёрдугаарт, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд чиглэж ажиллана. Энэ он гэхэд 1000 ажлын байр бий болгоно гэсэн зорилттой ажиллаж байна.
Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат: 
БУЛГАН НОГООН ХОТ БОЛНО
-Аймгаа хөгжүүлэх хөтөлбөр гэж гаргасан гэсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Аймгаа хөгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргасан. Түүний дагуу ажиллана даа. Манайд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас есөн тэрбум төгрөг очиж байна. Тэр мөнгийг Булган аймагт зөв хуваарилаад зөв шингээчих юм бол босоод ирэх боломж харагдаж байна. Түүнээс биш хор цацах эсвэл мод тоолно гэхчилэн ашиг багатай зүйлд төдийлөн зарцуулахгүй. Ногоон Булган болгоё гэсэн хөтөлбөртэй. Ногоон хөгжил зонхилсон ногоон аймаг болно.
-Ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд ямар ажил хийж байна вэ?
-Бид газар нутаг, уул уурхай руу орохгүй. Урьд нь тийм уламжлал байсан. Түүнийгээ хадгалаад явна. Хөдөө аж ахуй түшиглэсэн эдийн засгийн бодлого баримталж явна. Түүнийг түшиглэсэн жижиг, дунд үйлдвэр, ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүнд анхаарна. Дээр нь арвин ургац авдаг. Энэ чиглэлдээ түлхүү анхаарах төлөвтэй байна. Дараагийн бодлого бол аялал жуулчлал. Аялал жуулчлалаа дэлхийн стандартаар хийж чадвал Булган аймаг босоод ирэх чадвартай.
-Онцлог нь юу гэж?
-Түүхэн чиглэлийн аялал. Шороон бөмбөрөг гэж үзвэр бий. Азид байхгүй үзвэр. Цогтын цагаа балгас, хар балгас зэргээ түүхэн үзвэр болгохоор зорьж байна.
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Наранбат:
ЖИШИГ ХОТ БОЛГОХ ТОМ ЗОРИЛТТОЙ
Манай аймагт улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын 36 тэрбум төгрөгийн ажил байна. Орон нутгийн хөгжлийн санд 8.3 тэрбум төгрөг бий. Томоохон ажил гэвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нэлээд олон ажил байгаа. Нефть боловсруулах үйлдвэр 2015 оны төгсгөлд нээлтээ хийх төлөвлөгөөтэй. Монгол малын удмыг судлах том лаборитарийн асуудал шийдэгдлээ.
Түүнчлэн үйлдвэр технологийн парк болоод улсын нөөц хадгалах будааны зоорь манай аймагт барина. Ер нь жишиг хот болгохын тулд бишгүй ажил санаачиллаа. Үүнийгээ ажил хэрэг болгох л дутуу байна даа.