Б.СОЛОНГО

Лаагаар өнгөлсөн алим, тариа шахуулсан тахианы мах, 45 хоногт бэлэн болдог салат навч гээд бидний идэж, ууж байгаа хүнсний бүтээг­дэхүүнтэй холбоотой маш олон сөрөг мэдээлэл бий. Гэвч бидний хэн нь ч түүнд итгэдэггүй. Итгэхийг хүс­дэггүй. Учир нь  хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор хан­гадаг бидний хувьд өөр сонголт байхгүй юм. Дээхэн үед иддэг байсан сайхан үнэртэй амттай алимыг одоо хайгаад ч олохгүй.

Супермаркетын тавиур дээр өрөөстэй гял цал жимснүүдээс ямар ч үнэр ханхлахгүй. Бас тэд муудахгүй.

Хэдэн өдрөөр ч хамаагүй сэрүүхэн газарт байж л байдаг болчихож. Энэ бүхний цаана бидний эргэн тойрон дахь амьдрал хувьсан өөрчлөгдөж, тэр хэрээр хэрэглэж байгаа бүтээгдэхүүн ч органик шинжээ гээж байгаа нь энэ. Дэлхийн хүн төрөлх­төн өдрөөс өдөрт өсөн нэ­мэгдэж, тэр хэрээр хүнс тэжээлээ хүргэхийн тулд, мөн эдийн засгаа хэм­нэхийн төлөө хадгалалт удаан даадаг, хэмжээ размерийг нь томсгодог олон аргыг шинжлэх ухаан нээсэн. Энэ ололтуудыг дэлхийн хүн төрөлхтөн, эрдэмтдийн зарим нь эсэргүүцэж байхад, мөн зарим нь хүлээн зөвшөөрч, дэмжиж байна. Харин та юу гэж боддог вэ.

“Зууны мэдээ” сонин “Хүнсний аюулгүй байдлыг шошгоор хангая” сэдвийг эхлүүлж, цуврал нийтлэлийг хүргэхээр бэлтгэж байна. Тэр дундаа эрдэмтдийг өнөө хэр нь хоёр хувааж, талцуулж байгаа хувиргасан амьд организм буюу генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний талаар танин мэдэхүйн зорил­готой мэдээ, мэдээллийг бэлтгэлээ. Хамгийн гол нь бид идэж, ууж байгаа бүтээгдэхүүнээ хортой, эсэхэд эргэлзэхээс илүү ямар нөхцөлд боловс­руулсан, хаана савласан, ямар бодис орсон, генийн өөрчлөлттэй хүнс мөн эсэхийг тухайн барааны шошгон дээрээс таньж мэддэг болох нь чухал юм. Өнөөдөр хэн нэгэн дэлгүүрийн лангуун дээрээс тусгай кодтай алим худалдан авахдаа орос уу, фүжи юу, эсвэл хятад уу гэдгийг нь асуухаас биш хувиргасан амьд организмаас га­ралтай эсэхийг сонирх­доггүй. Тухайн бүтээг­дэхүүн дээр ч монгол хэ­лээр бүрэн ойлгомжтой тайлбар байдаггүй. Тий­мээс бидний зорилго бол импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн шошгожуулах. Харин эцсийн сонголт нь худалдан авагч танд үлдэг.

 

GMO БИДЭНД ХАМГИЙН ИХ ХАМААТАЙ

GMO гэдэг нь гене­тикийн өөрчлөлттэй хүнс, барааг илэрхийлдэг америк нэршил. Албан ёсны монгол нэр нь хувиргасан амьд организм. Харин оросоор ГМО гэж тэмдэглэдэг. Цаашид нийтлэлдээ GMО гэсэн нэршлийг ашиглая. Ийм хүнсний ургамалд ихэвч­лэн улаан лооль, эрдэнэ шиш, төмс, рапс, хурган гуа, улаан лууван, алим, усан үзэм, байцаа, чэс, өргөст хэмх, улаан буудай, шар буурцаг, цагаан будаа, хөх тариа, лавс буюу хөвөнлөг ургамал, тамхи багтдаг аж. Манай оронд энэ бүтээгдэхүүнүүдийн ихэнхийг тариалдаггүй, импортоор авдаг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр GMO гэсэн сэдэв нь би­дэнд хамгийн их хамаатай болж таарч байна. Эдгээр бүтээгдэхүүнийн удамшлын материалыг өөрчлөх замаар шинж ча­нартай амьд биеийг гарган авч байгальд урьд нь бай­гаагүй генетикийн шинэ бүрдлийг үүсгэх явцыг GMO гэж нэрлэдэг. Яагаад ингэж өөрчлөх бо­лов.  Өндөр ашиг шимтэй ургамал, амьтан, эм гар­ган авах нь шим тэжээл сайтай, хүрэлцээтэй, өр­төг зардал багатай гээд эдийн засгийн хувьд олон давуу талтай. Дэлхий ний­тээр бүрэн технологижих, бэлэнчлэх сэтгэлгээнд шилжиж байгаа нь цаад утга учир нь гэж хэлж ч болно. Дэлхийд тариалж буй өдөр тутмын хүнс, шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөнгийн ургамлын 26-77 хувь нь хувиргасан амьд организм буюу GMO байдаг аж. Энэ талаар олон улсын хэвлэл, танин мэдэхүйн цахим хуудаст маш олон төрлийн танил­цуулга бий. Орчуулан үз­вээс өөр хоорондоо зө­рөөтэй баримтууд ч байдаг. Тэгэхээр өөрийн орны эрдэмтдийн судалж, орчуулснаар зарим мэ­дээллийг хүргэе. Хүнс, хоол судлаач, доктор, профессор, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Октябрь энэ тухай нэгэн нийт­лэлдээ ингэж бичсэн байна. Хамгийн анхны генийн өөрчлөлттэй хүнсний ур­гамлуудыг АНУ-ын “Мон­санто” корпораци гаргаж авчээ. Энэ кор­пораци 1988 онд анхны трансген арвайг суул­гасны дараа генийн өөрч­лөлттэй хүнсний бү­тээг­дэ­хүүнүүд худалдаанд гарч эхэлжээ. Үүнээс 1-2 жилийн дараа зах зээлд биотехнологийн фирмүүд генийн өөрчлөлттэй улаан лооль, эрдэнэ шиш, төмс, тамхи, шар буурцаг, рапс, хурган гуа, улаан лууван зэрэг олон төрлийн ур­гамлын гаралтай бүтээг­дэхүүнийг нийлүүлэх болжээ. 

Тухайлбал, АНУ-д тран­с­­­ген төмсөнд ко­лорадын цох хорхойг алж устгадаг аалзнаас генийг нь авч суулгасан бол хүйтэнд тэсвэртэй улаан лоолийг гаргаж авахдаа генийн бүтцэд нь Хойд Америкийн далайн за­гасны генийг суулгаж, ган гачигт тэсвэртэй гэх улаан буудайн сортыг гаргаж авахын тулд хилэнцэт хор­хойн генийг ашигласан байна. Түүнчлэн сүүлийн үед АНУ-д генийн инже­нерчлэлийн аргаар гарган авсан төмсний шинэ сорт нь шаралтын явцад тос бага шингээдэг чана­раараа чипс хэмээх шар­сан төмс үйлд­вэрлэгчдийн анхаарлыг өргөн татах болсон бол Швейцарт хортон, шавьжид өртөхгүй ургадаг эрдэнэшишийн шинэ шинэ сортуудыг гар­ган авснаар энэ төрлийн ургамлын та­риалалтыг ихээхэн нэ­мэгдүүлж чаджээ. Шинэ зууны эх гэхэд дэлхий дээр нийтдээ 46 сая гаруй гектар (Зарим эх үүсвэрт 60 сая гектар) талбайд генийн өөрчлөлттэй хүнсний ургамлуудыг та­риалах болж генийн инженерчлэлийн аргаар гарган авсан ургамал, ногоо жимсний  нэр төрөл 50-иас хол давжээ. Дэлхийн биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувь АНУ-д, 10 хувь Европт, үлдэх 10 хувь нь Япон болон бусад оронд ногдож байна. Трансген ургамлыг хамгийн их тариалдаг ор­нуудын жагсаалтыг АНУ, Канад, Франц, Хятад, Аргентин улс тэргүүлж байгаа бөгөөд трансген ургамлын экс­портын 90 хувийг эрдэнэ­шиш, шар буурцаг эзэл­дэг. Энэ нь био­технологи, генийн ин­же­нерчлэл дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний үйлд­вэрлэлийн чухал салбар болж хөгжиж буйг гэр­чилж байна гэжээ.

 

GMO ХОРТОЙ ЮУ?

 Генийн өөрчлөлттэй хүнс ямар сөрөг үр дагавар авчирдаг талаар дэлхийн эрдэмтэд одоог хэр нь нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй. Хэн ч түүнийг хортой гэж батлаагүй, бас хоргүйг нотлоогүй. Дэлхийн зарим оронд нүүр­лэдэг өлсгөлөн гуй­ланчлалыг даван туулахад генийн өөрчлөлттэй хүнс тусалдаг гэж зарим нь үзэж байхад, нөгөө хэсэг нь органик бүтээг­дэхүүний төлөө тэмцэж байна. Ялангуяа GMO-ийн эх орон гэгддэг Аме­рикад бослого хүртэл гарч байсан. Орос, Европын хэрэглэгчид бүтээг­дэхүүний шошгон дээрх “non GMO” “без ГМО”  зэрэг тэмдэглэгээг чу­халчлан үздэг. Генийн өөрчлөлттэй хүнсийг заавал шошгожуулж байхыг үйлдвэрлэгчдээс шаарддаг байна. Европын холбоо, Япон, Австрали зэрэг орнууд заавал шошгожуулах журамтай, харин АНУ зэрэг орнууд сайн дурын үндсэн дээр шошгожуулна гэж заасан байдаг. Хэдийгээр өнөө­дөр генийн өөрчлөлттэй хүнснээс болж эрүүл мэндээрээ хохирсон гэсэн тохиолдол, баталгаа бай­даггүй ч алсдаа хүний удамшилд хор хөнөөл үзүүлнэ гэж үздэг эр­дэм­тэд бий аж. Тухайлбал, хүний идсэн хоол хүнс хоол боловсруулах замд орсноор ферментүүдийн үйлчлэлд орж эцэст нь аминхүчлүүд ба генүүд болж задардаг. Амин­хүчлүүд нь хүний бие организмд хүч чадал өгдөг бол генүүд нь бие орга­низмыг нөхөн бүтээхэд оролцдог. Энэ үйл явц нь ходоод шулуун гэдэсний хананд эдгээр генүүд ши­мэгдэж орохоос эхэлнэ. Тэгвэл бие организмд урьд өмнө хэзээ ч байгаагүй генүүдийг хүний ходоод боловсруулж чадах­гүй­гээс  дотор гаж хөгжил буюу мутаци эхэлдэг. Генийн өөрчлөлттэй хүнсийг байнга хэрэг­лэснээс болж аюултай харшлууд шинээр үүсэх, хүнсний хүнд хордлогууд, өмөн үүгийн нэг гол шалт­гаан болоод зогсохгүй хүний үр хөврөлийн болон бие эрхтний гаж хөгжил буюу дээр өгүүлсэн мутаци үүсэх шалтгаан, эрсдлийг нэмэгдүүлж байгаа, түүнчлэн хүний организмыг анти­биотикуудад мэдрэмжгүй болох явдлыг ихэсгэж байгаа талаар олон эр­дэмтэн судлаачид ан­хааруулдаг байна. Гэвч манай гаригийн хүн ам улам өсөн нэмэгдэнэ. Ийм тохиолдолд богино хугацаанд асар их ургац өгдөг, хямд төсөр үнэтэй, чанар илчлэгийн хувьд органикаас дутахааргүй ургамал тариалж түү­гээрээ хүнсний бү­тээг­дэхүүн үйлдвэрлэхээс өөр аргагүй гэдгийг байнга илэрхийлдэг хэсэг ч бий. Хэдийгээр өнөөг хүртэл эцсийн дүгнэлтэд хүрч чадаагүй байгаа ч хэ­рэглэгч бид бүхэн GMO-оос татгалзах , эсвэл хэ­рэг­лэх эрхтэй. Монголын зах зээлээс генийн өөрч­лөлттэй бүтээгдэхүүнийг түрж гаргавал дэлгүүрийн лангуун дээр юу ч үлдэхгүй гэсэн явган яриа ч байдаг. Тиймээс бид таньж сурах хэрэгтэй байгаа юм. Аль нь GMO, аль нь органик болохыг ялгаж мэдчихээд хэрэглэх эсэхээ өөрсдөө шийдэж болно. Үүний тулд шошго хэрэгтэй. Импор­тоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг монгол хэлээр, үгүй ядаж англи хэлээр бүрэн шошго­жуулбал хүнсний аюулгүй байдал тэр хэрээр хангагдана гэсэн үг.

 

МАНАЙД ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ОРЧИН НЬ БҮРДСЭН

Энэ асуудлыг зохи­цуулдаг Картагены протоколд Монгол нэгдэн орсон. Мөн ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд ху­виргасан амьд организмыг бүртгэх, шошгожуулах талаар зааж өгсөн байдаг. Хуульд заасныг эн­гийнээр тайлбарлавал импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн байгууллага нь эрсдлийн үнэлгээ хийх ёстой. Хэрэв үнэлгээ хийгээгүй бол импортоор оруулахгүй. Мөн хүнсний түүхий эд болон бүтээгдэхүүний шошго нь нэр, үйлд­вэрлэгчийн хаяг, хэмжээ, тоо ширхэг, үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах хугацаа, орц найрлага, хэрэглэх арга зэргийг агуулсан байна. Ху­вир­гасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шош­год Монгол Улсад болон олон улсад хэрэглэдэг тэмдэг, тэмдэглэгээг тавьсан байхыг заажээ. Ямар боловч хууль эрхзүйн орчин нь бүрдсэн. Ерөнхий заалт нь ийм боловч чухам яаж хэрэгжүүлэх талаар нарийн журам гараагүй. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хүнсний бүтээг­дэхүүнийг шошгожуулах журамд санал авч эхэлсэн байна билээ. Хамгийн гол нь Эрээнээс тонн тонноор нь нийлүүлж байгаа али­манд хуулийн хэрэгжилт хэрхэн тусах вэ гэдэг нь чухал байгаа юм. Ма­гадгүй бидний хөндөж буй энэ сэдэв холбогдох төрийн байгууллагын бо­ловс­руулж буй журамд санаа, оноо нь болох буй за. Хэрэв тэгж чадвал нийт­лэлийн маань зорилго биелэх нь тэр. Хүнсний аюулгүй байдлыг хан­гахын тулд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ таньж, мэдэж сурцгаая. Энэ талаарх цуврал нийт­лэлүүдийг дараа да­раагийн дугааруудаас дахин уншаарай.