Б.ЭНХЗАЯА
УИХ-ын эрхэм гишүүд 2009 онд Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа “Хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээнд байгалийн шатдаг хий, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг авто тээврийн хэрэгсэл ашиглана” гэх заалтыг оруулж байв. Үүнтэй уялдуулан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт “Нийтийн тээврийн том оврын 800, бага оврын 1500 автобусыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх” тухай тусгасан. Уг ажлын үр дүнд агаарын бохирдол 20 хувиар буурна хэмээн тооцоолсон аж. Хамгийн гол нь уг заалтууд өнгөрсөн 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс ажил хэрэг болох ёстой байв. Болзолт хугацаанаас нэг жил хоёр сарын хугацаа өнгөрчээ. Нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэхээр дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн ажил юу болов.
“ТУР ТЕЛЕКОМ” ӨРСӨЛДӨГЧГҮЙГЭЭР ТЕНДЕРТ ЯЛЖЭЭ
“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны тогтоолоор том оврын автобусыг шингэрүүлсэн нефтийн хий болон дизель түлшний хосолмол хэрэглээнд шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг ажилд Засгийн газраас 3.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. ЗТБХБ-ын Төрийн нарийн Бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нь 2011 оны тавдугаар сарын 26-ны өдөр Агаарын бохирдлын Үндэсний хороонд энэ талаарх танилцуулга хийхдээ “Нэг автобусанд нэг төхөөрөмж иж бүрдлээр нь суурилуулахад 8.5 сая төгрөг (4930 евро), зөвхөн нэг төхөөрөмжийн үнэ 5.6 сая төгрөгийн (3250 евро) зардал гарахаар тооцоолсон” хэмээн мэдэгдэж байв. Гэтэл дэлхийн зах зээл дээр худалдаалагдаж байгаа энэ төрлийн сүүлийн үеийн, 24-36 сарын баталгаатай төхөөрөмжийн дундаж үнэ 1000-1500 еврогийн ханштай байдаг байна. Ж.Бат-Эрдэнэ даргын танилцуулсан үнийн санал дэлхийн зах зээлийн хамгийн өндөр үнэтэй төхөөрөмжүүдээс гурав дахин үнэтэй байсан нь анхаарал татдаг. Ямартаа ч “Цэвэр агаарын сан”-гаас өнгөрсөн 2011 оны наймдугаар сарын 19-нд тендер зарлахад “Тур телеком” гэх компани Украйны компанитай хамтран 3.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах төслөөрөө өрсөлдөгчгүйгээр ажил гүйцэтгэх эрхийг авчээ. Ингээд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам /хуучнаар, “Цэвэр агаарын сан”, “Тур телеком” компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу 400 автобусанд шатдаг хийн нэмэлт төхөөрөмж суурилуулах ажил 2011 оны арванхоёрдугаар сард эхэлсэн байна.
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТ БАЙГААГҮЙГЭЭС ХЭСЭГТЭЭ ЗОГСЧЭЭ
“Тур телеком” компанийнхан Украйны тоног төхөөрөмжийг Солонгосын “Daewoo” маркийн автобуснуудад суурилуулж эхэлсэн нь нийтийн тээврийнхэнд ихээхэн хүндрэл гарчээ. “Daewoo” автобусанд зориулсан тоног төхөөрөмж биш учир наад захын боолт бэхэлгээ тохирохгүй, цаашлаад аюулгүй ажиллагааны стандарт байгаагүйгээс уг ажил нэг хэсэгтээ зогссон байна. Өөрөөр хэлбэл, төхөөрөмж нь манай орны нөхцөлд ажиллаж болох туршилт хийгээгүй, ажиллуулах журам стандартгүй ирснийг нийтийн тээврийнхэн онцолж байв. Тиймээс энэ байдлаа нийтийн тээврийн компанийн инженерүүд холбогдох хүмүүст удаа дараа мэдэгдэж, “Хүнээ сургая, аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулж өгөөч” гэсний эцэст суурилуулалтын технологи, чанар дээрдсэн гэнэ. Гэвч аюулгүй ажиллагаа хангалтгүй байгаа аж. Нийтийн тээврийн жолооч нарын ур чадвар, замын хөдөлгөөнд оролцох соёл нь хийн түлштэй автобус жолоодоход аюулгүй ажиллагааны баталгаа байхгүйг эх сурвалж хэлж байна. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол гаргамтай жолооч нарын хувьд зорчигдын амь насаар туршилт хийж болзошгүй юм.
Стандарт, шаардлага хангаагүй технологийг “монголчлон” суурилуулах явцад цаг хугацаа алдсаар. Харин Зам тээврийн яам болон, Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобус компаниудад удаа дараа “Ажлыг үг дуугүй гүйцэтгэ” гэсэн шахалт, шаардлага ирснээр туршилтын ажлыг эхлүүлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компанийн тус бүр хоёр автобусыг туршиж үзэв. Анх хийн түлшинд шилжүүлэх төхөөрөмжийг “Автобус-1” болон “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компанид суурилуулж, турших ёстой байжээ. Гэвч “Автобус-1”-ийнхан энэ ажлаас татгалзаж, бүх юм “ок” болсны дараа компанидаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэнийг эх сурвалж хэлж байна. Туршилтаар “Цахилгаан тээвэр”-ийн хоёр автобусны дизель түлшний зарцуулалт 10 хувиар буурсан бол “Автобус-3”-ийнханд хэмнэлт гараагүй аж. Харин “Тур телеком” компаниа 10 битгий хэл 20, 30 хувиар дизель түлшний зарцуулалт буурсан хэмээн тооцоолсон гэнэ. Түүнчлэн агаарт хаягдаж байгаа түлшний хаягдал 97 хувиар буурч байна хэмээн дүгнэжээ. Компаниуд ажлын дүнгээ салбарын яамандаа танилцуулахад харилцан адилгүй дүгнэлт гарсан байж. Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сард Зам тээврийн яамнаас дахин туршилт явуулахыг үүрэгдэж, “Автобус-1” болон “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компанийн тав таван автобусыг туршиж эхлэсэн байна. Гэтэл ажлын ид дунд төхөөрөмж суурилуулагч “Тур телеком” компанийнхан “Нийслэлийн өмчийн харилцааны газрын зөвшөөрөл авах шаардлагатай боллоо” хэмээн ажлыг зогсоон, таг чиг болжээ. Автобус компаниуд алингаа мэдэхгүй гайхсаар л сууна. Харин Нийслэлийн тээврийн газрын холбогдох хүмүүс “Бидний оролцох ажил биш. Зам тээврийн яам, гүйцэтгэгч компани хоорондын гэрээт асуудал” хэмээн өөрсдөөсөө түлхэж байна. Ямартаа ч “Тур телеком” компанийнхан тендерийн төслийн 60 хувийг авсан болохыг эх сурвалж хэлж байна.
ТАВАН ЖИЛИЙН ДАРАА ЭХНИЙ АВТОБУС АКТАД ГАРНА
Хууль санаачлагчид тухайн үед 2009 онд “Хуулийн хугацааг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болгоё. Хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр наашлуулъя. 800 автобус цаашдаа орж ирнэ гэсэн. Энэ мөнгөөр 1400 троллейбустай болох боломжтой. Ингэснээр өнөөдөр автобусаар 500 төгрөгөөр зорчиж байгаа ард иргэд 180 төгрөгөөр явах боломжтой болж байгаа. Хуулиудаа хурдан батлаад түргэн хэрэгжүүлдэг болмоор байна” хэмээн ам бардам ярьж суусан. Тэр бүү хэл “Автобусуудыг хийн түлшээр цэнэглэхдээ явуулын станц ашиглах ч цаашид томоохон баазуудад зориулалтын станц суурилуулна. Дараагаар нь хувийн хэвшлийн долоон аж ахуйн нэгжийн 150 автобусыг хийн түлшинд шилжүүлнэ” хэмээн төсөл хэрэгжүүлэгчид мэдэгдэж байв. Гэтэл нийтийн тээврийн автобусны насжилт 10 жил буюу 450 мянган километр замыг туулдаг байна. Солонгосоос 2009 онд оруулж ирсэн “Daewoo” автобуснууд тав дахь жилдээ үйлчилгээнд явж байна. Зарим автобус нь аль хэдийнэ 250 мянган километр замыг туулчихсан байгаа аж. Тэгэхээр таван жилийн дараа эхний автобус актад гарч эхлэнэ. Нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэхээр 3.5 тэрбум төгрөгөөр эхлүүлсэн дөрвөн жилийн өмнөх ажил энэ мэтээр үргэлжилбэл “Тур телеком” компанийн туршилтын ажлыг санхүүжүүлсээр, татвар төлөгчдийн мөнгийг актад гарах автобустай хамт “баяртай” гэж хэлэх бололтой.