Д.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.

 

-Ойрын өдрүүдэд МАН, МАХН хоёр хамт­ран ажиллах цаашлаад нэгдэх ёстой гэх болов. Та үйл явдлыг хараад хэрхэн дүгнэж байна вэ?

-МАН, МАХН гэдэг чинь уг нь нэг  нам.  Язгуур угсаа нь ч тийм. 1990 онд МАХН дангаараа засгийн эрх барихаас татгалзаж олон ургальч үзлийг дэмжихээ илэрхийлж бай­лаа. Энэ бол маш том зо­риг. Ийм л нам. Тэр үедээ Улсын дээд шүүхэд манай нам бол МАХН ч мөн, МАН ч мөн гэж бүртгүүлж байсан юм даг.

-Тэгвэл МАХН гэх нэр данстай байтлаа яагаад бусдад алдсан юм бэ?

-Дээд шүүхэд тэгж бичүүлсэн томъёолол бол бий. Ер нь түүх яривал манай нам МАН нэртэй байсан. Хожим хувьсгалт гэх үгийг оруулсан. Учир нь тэр үед Монголд цоо шинэ хувьсгалт өөрчлөл­түүдийг хийх томоохон хүлээлт нийгэмд байсан юм. Тэгээд ч нийгэмдээ хувьсгалт өөрчлөлтийг хийж чадсан түүхэн нам.  Монголын ард түмнийг бичиг үсэгтэй, соёл, бо­ловсролтой болгосон нам мөн үү гэвэл мөн. Нөгөө талаар тусгаар Мон­голын тусгаар тогтнолыг бай­гуулсан бас хамгаалсан шүү дээ.  Монголын тус­гаар тогтнол, хөгжил дэв­шил сэргэн мандахад хэн  оролцов гэхээр үе, үеийн МАН, МАХН.  Нэрээ өөр­чилж байсан үеийг хам­руулан хоёуланг нь хэлж байна шүү. Энэ утгаараа хоёр намын үйл хэргийг нь салгах боломжгүй. Нэрийг нь салгаж болно. Харин хийсэн ажил, үйлсийг нь салгах боломжгүй.  Иймээс нэг үйл ажилла­гаатай нам гэж ойлгох ёстой. Ард иргэд ч гэсэн тэгж ойлгож байгаа. Тий­мээс манай хоёр нам цааш­даа хамтран ажил­лахыг ойрын зорилт гэж үзэж байна. Ойрын зорилт бол хамтран ажиллах. Хэ­тийн зорилго нь нэгдэн нийлэх  юм.

-Тэгэхээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүү­дийн зүгээс нэгдэхийг эсэргүүцэж байгаа гэх юм. Ялангуяа, Ц.Нямдорж гишүүн хоёр нам нэгдвэл намаасаа гарна гэж мэ­дэгдсэн гэх мэдээлэл бай­на. Нэгдэх боломж байна гэж та хараад байгаа юм уу?

-Манай нам 200 гаруй мянган гишүүнтэй. Энэ олон хүний дотор өөр, өөр үзэл бодолтой хүн бишгүй бий. Хэн нэг нь өөр байр суурьтай байх нь байх л асуудал. МАН 1990-ээд онд олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрснөөс хойш намаас гарах, орох нь хэвийн үзэгдэл болсон юм даа. Тэр ч бүү хэл, тэр үед манай намаас шинэ нам төрж, цөөнгүй гишүүд маань ч гарсан байдаг. Тэглээ гээд бид хойноос нь юм яриагүй.  Дараа нь улс төрийн алба, сонгуу­лийн өрсөлдөөний явцад ч гэсэн нааш, цааш болсон зүйл зөндөө бий. Тэр бү­хэнд МАН хорсож гомор­хоод  байдаггүй. Яагаад гэвэл том нам учраас тэр.  Яахав, янз бүрийн үзэл бодолтонгууд бий л байх. Тэгэхдээ намын тулгуур ардчилсан зарчим бол олонхио­роо шийдэх болоод гаргасан шийдвэрээ хүн­дэтгэн биелүүлэх зарчим дээр явдаг учиртай. Тэ­гэхээр МАН, МАХН хоёр нэгдэж нийлэхэд болохгүй юм байхгүй. Би намуудын хуулийг боловсруулсан хүн. Уг хуулиар бол хамт­рах, нэгдэх эсэхийг на­муу­дын удирдах байгуул­лага мэднэ. Өөрөөр хэлбэл, МАН-ын Их хурал болоод Бага хурлуудын шийдвэр гарч байж нэгдэх эсэхийг шийднэ гэсэн үг. Түүнээс биш нийлэх хүсэлтэй бай­гаа хэдэн хүний санал илэрхийлэх, нийлэх хү­сэл­гүй байгаа нь үгээ хэлэх нь чухал биш. Үүнийг намын шийдвэр биш гишүүний тавьсан асуудал гэдэг талаас нь харах хэрэгтэй. Хэрэв нам шийдвэрээ гаргавал дагах байлгүй.

-Хэрэв танай хоёр нам нэгдэж чадвал МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэг яаж сөхөгдөх вэ?

-Энэ бол нэгдмэл нам бий болсны дараа ярих асуудал. Н.Энхбаяр бол улс төрийн том зүтгэлтэн, лидер хүн. Манай намын нэг зарчим бол ганц ги­шүүнийхээ төлөө ч гэсэн санаа тавьж байх ёстой байдаг. Намын дүрмийн дагуу гишүүнийхээ төлөө анхаарал тавих нь дам­жиггүй. Харин хуулийн асуудалд бол оролцохгүй.  Хэрэв манай хоёр нам нэгдэж нийлэх юм бол улам хүчтэй болж улс тө­рийн бодлого нь ч томорно. Энэ тохиолдолд Н.Энх­баярт нөлөөлөх нь хүчтэй байх болов уу.

-Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн тухай асуухгүй өнгөрч болохгүй нь. МАН Ерөнхийлөгчид нэр дэвших лидер олон ч юм шиг. Эсвэл цөөхөн ч юм шиг харагдаад байна. Хэрэв МАХН-тай нэгдвэл нэр дэвшигчээ яаж тодруулах юм. Нэгдэхгүй бол хэ­нийгээ нэр дэвшүүлэх вэ?

-Хоёр хувилбар байна. Нэгдсэний дараа нэр дэв­шүүлэх асуудал ярих уу. Нэгдэж чадахгүй бол хамт­ран ажиллах тохиолдлоор явах уу гэсэн хувилбар байна. Эдгээр хувилбарын аль нь байхаас шалтгаалж асуудлыг шийднэ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нөхцөлд хоёр нам хамтран ажиллах уу эсвэл нэгдэх үү гэдгээс хамаарч нэр дэвшигчийг ярина. Ер нь МАН-д Ерөн­хийлөгчид нэр дэвших хүн байлгүй яадаг юм. 45-аас дээш насны лидер улстөрч цөөнгүй байгаа шүү дээ.

-Таны хувьд хэнийг ялалт байгуулах боломжит хүн гэж харж байгаа юм?

-Нам тооцож үзнэ үү гэхээс хувь хүн өөрийнхөө бодлыг хэлээд суух нь зохимжгүй. Намын ги­шүүд олонхиороо шийднэ үү гэхээс Д.Дэмбэрэл энэ талаар ганцаараа яриад хэрэггүй. Тэгээд ч энэ бол хэдэн хүн яриад шийд­чихдэг асуудал ч биш.  Хамгийн гол нь суурь зарч­маа тооцох тухай. Ард түмний сэтгэлд нийцсэн хүнээ олж нэр дэвшүүлэх нь чухал юм.

-Танай нам өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргээ хэр гүйцэтгэв. Нэг талаар гүйцэтгэж чадаагүй гэж хэлэх хүн байна. Магадгүй сөрөг хүчин байх бололцоог нь ч  олгоогүй байж мэдэх юм. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Сөрөг хүчин гэж бие биенээ дайрч давшилж, шүүмжлээд байхыг хэл­дэггүй юм. Ингэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, улстөржсөн дайрал­туу­дыг хийх, эрх баригчдын ажил, үүргийг нь саа­туулахыг сөрөг хүчин гэ­дэг­гүй. Дээрээс нь эрх баригчдыг огцруулахыг шаардаж, түүгээрээ үнэл­гээ авахыг хэлэхгүй. МАН бол олон жил тасралтгүй эрх барьж байсан улс төрийн хүчин. Эрх барьж байсан байр сууриа бодоод асуудалд ухаантай хандах зарчмаар ажиллаж байна. Бодлогын хувьд буруу, зөвийг нь ялгаж чаддаг сөрөг хүчин байхыг хи­чээж байна. Түүнээс биш эрх баригчдыг огцруулна гэж дайрдаг, гудамжны жагсаал болгоныг зохион байгуулдаг байж таарах­гүй. Үгүй бол сонин хэв­лэлээр үнэн худал нь мэ­дэгдэхгүй гөвөөд л. Эсвэл чуулганы хуралдаанаар нэгэн рүү дайрч хэрүүл болгох ийм байдлаар ажил­лаж байгааг сөрөг хүчин гэж үзэхгүй. Сөрөг хүчин маш томоохон бодлого дэв­­шүүлэн тавьж чаддаг байх ёстой. Ард түмэн МАН-ын тавьж байгаа зарчим, бодлого зөв байна гэж хэлэх хүртэл үйл ажил­лагаа явуулах ёстой юм. Ер нь хуучин сөрөг хүчний хандлага үеэ өнгө­рөөж байна. Энэ нь манай орны хөгжилтэй холбоо­той. 

-Тэгэхээр их зөөлөн сөрөг хүчин болж харагдах юм биш үү?

-АН-ыг унагахын тулд юу ч хамаагүй ярьж хэлэх нь бидний зорилго биш. Бид тийм замаар явахгүй. Хэн рүү ч дайрч давш­лахгүй. Гэхдээ буруу зүй­лийг нь хэлж өгнө. Хянал­таа ч давхар тавина. Өнөө­дөр 1.5 тэрбум төгрөгийн бонд аваад үрлээ. Үүнийг хянах ёстой. Эдийн зас­гийн өсөлт, инфляцийг төр барьж чадаж байна уу гэ­дэгт хяналт тавих хэрэгтэй. Ард түмний амьжиргааг дээшлүүлэх талаар зохих ёсны арга хэмжээг авч байна уу гэдгийг бас хяна­на.  Жишээлбэл, Засгийн газрын цалин тэтгэврийн асуудалд баримталж бай­гаа бодлогыг нь шүүм­жилж байна. “Инфляци өсч байхад хөдөлмөрийн үнэлэмж жигд байж бо­лохгүй, цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийг асуудлыг төсөвтөө тусга” гэж шаард­сан. Гэвч  тусгахгүй байна. Инфляц буухгүй бол ард түмэн хохирно гэсэн үг. Тэдний орлого байнга буурна.  Энэ утгаа­раа сөрөг хүчнийг муу ажилласан гэж хэлэхгүй байх. Бидний тухайд болж бүтэхгүй зүйлийг нь бишгүй дээ хэлж өгсөн. Нөгөө талаар таны тавьсан асуулт үнэний хувьтай. Парламент эхэлснээс хойш цөөнхийг үл хүндэт­гэх байдал бий болсон. Цөөнхийг сонсохгүйгээр явдаг олонхи ард түмнийг сонсоно гэдэг нь худлаа. Нийт хүн амын 30 хувийнх нь санал авсан төлөөллийг сонсоогүй байж ард түм­нийг сонсоно гэдэг бол зүгээр л шоу. Энэ бол ард түмэнд ая тал засч, худал хуурмагаар нөхцөл байд­лыг харуулах гэсэн нэг илэрхийлэл. Нөгөө талаар парламентын ардчилал хумигдах байдалтай бай­на. Уг нь парламентад зөвшилцөл явагдаж байх ёстой юм. УИХ-ын 76 ги­шүүнийг бүрдүүлэх асууд­лаар тодорхой зөвшилцсөн гэж ойлгож болно.  Жи­шээл­бэл, Өвөрхангайн тойр­гийн хоёр гишүүнийг парламентад оруулах асуудал байна. Манай намын удирдлага болон АН-ын удирдлага хоорон­доо ярилцаад “Шүүхээр явж байгаа эх захгүй мар­гаанаа дуусгавар болгоё. Парламентаа бүрдүүлье. Олонхийн санал авсан хүмүүсээ оруулъя” гэж тохирсон юм билээ.  Най­маа биш, зөвшилцөл. Энэ зөвшилцөөнөөр бол С.Чин­зориг УИХ-д тан­гарагаа өргөх ёстой юм, угтаа. Хэрэв намуудын удирдлагын төвшинд ярь­сан юм бол хэлсэн амандаа хүрч байх учиртай.

-Үнэхээр ярьсан юм уу?

-Ярьсан гэж ойлгож байна. Бүлгийн хурал дээр “АН-тай ярилцаж байна. Бид Г.Батхүүг нь дэмжиж оруулъя. Харин манай зүгээс хамгийн олон хү­ний санал авсан С.Чин­зоригийг оруулъя гэж бид тохирлоо” гэсэн. Тохи­роод танилцуулсан гэдэг нь бүлгийн протоколд ч бий.  Гэтэл АН-ынхан зөвшилцөл хийчихээд үүнээсээ бултаад байх юм. Тэгсэн атлаа ард түмний санал сонсч байгаа мэтээр давхиад байх шаард­лагагүй.

-Тохироогоо биелүү­лэхгүй байгаа нь овлигогүй байгаагийн шинж байх?

-Нам овлигогүй гэвэл том дүгнэлт болно. Харин намын удирдлага хэлсэн  амандаа хүрэхгүй байгаа нь овлигогүй хэрэг. Өнөө­дөр УИХ-ын гишүүд хоёр статустай байна. Уг нь ингэж таарамгүй. Жи­шээл­бэл, МАН-аас сон­гогд­сон гишүүд нэг л байн­гын хороонд хамаарах эрхтэй. Харин АН-ынх болохоор гурван байнгын хороонд хамаарч байна. Энэ нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл байхгүй юу. УИХ-ын 76 гишүүн хэн ч гэсэн бие даагаад гарсан, том намын төлөөлөл ч бай бүгд ижил статус, эрхтэй байх ёстой. Түүнээс биш нэг нь олон байнгын хороонд хамаарах давуу эрхтэй байж таарахгүй. Манайд нэг ийм дутагдал бий. Хэн их хэрүүл хийж, сонин хэвлэлээр ярьж байгаа нь сүрхий хүн гэж харагдана. Ард түмэн тэгж харж бай­на. Тэгвэл тийм биш. Ха­рин хэн бодлогыг боловс­руулж, хэн зөв чиглэлтэй, хэн ард түмний эв нэгд­лийг хангасан, хэн хууль дээдэлсэн зарчмаар үйл ажиллагаа явуулж байгааг нь үнэлэх хэрэгтэй.

-Шинэчлэлийн Зас­гийн газрын гишүүдийн ярьж хэлэхийг нь сонсоход МАН засаглал барих үедээ юу ч хийгээгүй гэх юм. Хийх нь битгий хэл хэт хүнд суртлыг гааруулж, салбар бүрийг муутгаж гэж шүүмжилж байна. Тэдний дүгнэлтээр бол танай нам юм хийгээгүй болох нь?

-Энэ бас л шоу. Зас­гийн газраа  шинэчлэлийн гэж нэрлэсэн учраас үүний­гээ бодоод шинэч­лэл гэж яриад байгаа юм. Шинэчлэл гэхээр хуучин бүх зүйлийг үгүйгэх биш л дээ. Гадаадын хүмүүс ирээд ажиллаж байгаа юм шиг төрийн ажлыг хийж байгаа нь буруу. Хуучин хийсэн зүйл бол Мон­го­лын ард түмний өөрс­дийнх нь хийсэн зүйл.  Ялангуяа, мал аж ахуй, газар тариалан гээд үнд­сэн салбарт маш том өөрч­лөлт орсон. Хуулийн хувьд ч гэсэн. Авлигатай тэмцэх хууль, Ашиг сонирхлын тухай хууль гээд ха­риуц­лага тооцох олон сайн хууль гаргасан шүү дээ. Шинэчлэл гээд ард түм­нийг толгойг хий хоосон эргүүлэх биш харин ши­нэч­лэлийн баримт бич­гүүдээ УИХ-д оруулах хэрэгтэй. Өнгөрсөн зур­гаан сарын хугацаанд тийм шинэчлэлийн гэх нэг ч хууль  орж ирээгүй. Хэ­рэв шинэчлэх гээд байгаа юм бол бүтээлч ажил хийх ёстой. Олон нийтэд ха­рагдаж үзэгдэх ажил хий­гээч дээ.  Засгийн газрын­ханд зөвлөж хэлэхэд, бага ярьж, бүтээлч бай. Ард түмэнд харагдах юм хий. Битгий шоуд. Ялангуяа, урьд нь энэ салбар муу байжээ. Бид л сайжруулж байна гэж худлаа битгий шоу хий. Урдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллавал аяндаа юм хийсэн чинь хараг­дана.

-Та намрын чуулган хүртэл ямар ажил амжуу­лахаар зэхэв?

-Орон нутгийнхантай уулзаж байна. Удахгүй явж сонгогчтойгоо уул­зана. Тэдний санал бодлыг сонсоно. “Сөрөг хүчний ажиллагаа муу. Эрх ба­ригчид онц” гээд байгааг нь зөв залруулж хэлж өгнө. Сөрөг хүчин ийм бодлого, зорилго, ухаантай ажил­лана гэдгээ хэлэх нь ойл­гомжтой. Ажил их байна аа.