Б.ЭНХТУУЛ

“Хүн бүрийн алганы хээ адилгүй байдаг шиг хүн болгоны амьдрал, ааш араншин, авъяас билэг, амьдрал ахуй, зовлон жаргал, хайр дурлал хүртэл адилгүй. Хүмүүсийн дотоод сэтгэлийн ертөнц, ертөнцийг үзэх үзэл нь хүртэл өөр. Гэсэн хэдий ч бүгд л амьдрах гэсэн нэгэн их хүсэл зорилго тээж явдаг. Амьтан хүртэл ялгаагүй шүү дээ. Их говийн элсэн дунд мацаж яваа үлэг гүрвэл, их далайн усанд сэлж яваа нялцгай биет хүртэл амьдрах л гэж яваа” хэмээн ярих энэ эрхэм уншигч таны эртний танил, буурал найрагч Пунцагийн Бадарч гуай юм.
“Амьдралын тойрог”- тоо эзэн хайж яваад энэ удаад эрхэм найрагч ахынд зочлов. Хааяахан цэнхэр дэлгэцийн өмнө заларч, Буддын сургаал ярих аль эсвэл “Есөн эрдэнийн орон”-оо намуухан уншиж, сонор мялаах зохиолч ах өвлөөс хойш уулзах хүсэлтийг минь хүлээж аваагүй юм. Харин энэ удаад цааргалсангүй, “Хүрээд ир” гэсэн хариуг дуулгав.
“ЯРУУ НАЙРАГ БОЛ ЗАЛУУ НАСНЫ ЗҮЙЛ ЮМ. БИ ОДОО ШҮЛЭГ БИЧИХГҮЙ”
“Баяр наадмаас хойш бороо хур татарсангүй. Зуслангийн айлууд үер ус, шавхай шалбааг ихтэй гээд эхнээсээ ороод ирсэн байна лээ” хэмээн хэд хоногийн өмнө нэгэн таксины жолооч ах хуучилж байсан. П.Бадарч гуайнх ч бас “Наадмын дараа хэд хоног зуслан гарсан. Бороо хур элбэгтэй болохоор нь ороод ирлээ” гэж байна. Өмнө нь тэднийх Сонгинохайрхан дүүрэгт олон жил амьдарч байсан аж. Харин өнгөрсөн жилээс хотын төвд нүүж иржээ. Баянгол дүүрэгт байрлах шинэ байрандаа хөгшинтэйгээ, ач хүүтэйгээ гурвуулаа амьдардаг аж. Биднийг очиход тэднийх хүн цөөтэй угтав.
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай бол Монголын утга зохиолд уянгын хэц татсан гавьяатай нэгэн. Түүний шүлгүүдээс амьдрал, хайр, ухаарлын үнэ цэнийг олж авдаг болохоор монголчууд түүнийг хайрлаж, хүндэлж явдаг юм. Ингээд эрхэм найрагч ахтай орчлонгийн эрээн бараан, амьдрал, уран бүтээлийн тухай яриа өрнүүлсэн юм.
Пунцагийн Бадарч гуай 1960-аад оны үеэс уран бүтээлээ туурвиж, 1980-аад онд утга зохиолын их урсгалд нэгэн цутгалант гол мөрний ай сав бүрдүүлсэн уран бүтээлчийн нэг. Тиймээс бидний ярилцлага уран бүтээлийн сонин хачнаас эхлэв.
“Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвиад байна даа. Сураг сонсох нээ шүлэг бараг бичихгүй байгаа, дуурь бичээд байгаа гэх юм” гэвэл “Харин тийм. Шүлэг бараг бичихгүй байна. Сүүлийн тав, зургаан жил дуурь бичиж байна даа.
Дуурь гэснээс , би анх 1978 онд анхныхаа дуурийн цомнолыг бичиж байсан юм. Тэр үед монгол дуурь маш ховор байсан. “Учиртай гурав”-аас хойш гарсан монгол дуурь бол Д.Сэнгээ гуайн “Үнэн” гэж дуурь байлаа. Тэгээд 1978 онд хөгжмийн зохиолч Г.Дарамзагд над дээр ирээд, “Нэгдэлжих хөдөлгөөний 20 жилийн ой болох гээд байна. Том хэмжээний бүтээл хэрэгтэй байна, Түдэвийн “Нүүдэл суудал” романаас сэдэвлэж дуурь бичих үү” гэдэг юм байна. Тэгээд бид хоёр Л.Түдэвтэй очиж уулзлаа. Төлөвлөгөөгөө гаргачихаад, Түдэвт нэг үзүүлчихээд амралтын газар явж дуурийнхаа цомнолыг бичээд, дуурийн театрт анх тавьж байлаа. “Нүүдлийн замд” гэдэг нэртэй нэг бүлэгтэй, гурван үзэгдэлтэй их сайхан дуурь болсон. Тэгж анх дуурийнхаа гарааг эхэлсэн юм даа
Шүлэг, яруу найраг бол залуу насны зүйл юм. Залуу насанд амархан баярладаг, хөөрдөг, айдаг, гунидаг, гутардаг байсан бол одоо нас өндөр болоод ирэхээр хэр баргийн юманд сэтгэл хөдлөхөө больчихдог юм байна. Тийм болохоор одоо ер нь шүлэг бичихгүй” гэж байна.

“ҮЗЭЖ, ХАРСАН ЗҮЙЛЭЭ ТЭМДЭГЛЭЭД ДУРСАМЖИЙН НОМ БИЧИЖ БАЙНА”
П.Бадарч гуайн анхны дуурь 1979 онд дуурийн театрын тайзнаа тавигдаж байсан. Түүнээс хойш олон сайхан түүхийн сэдэвтэй дуурь бичиж, хот, хөдөөгийн театрт үзэгчдийн хүртээл болгосон. Тухайлбал, Ардын жүжигчин Д.Лувсаншаравтай “Их хааны хатад” дуурь бичиж Дархан хотын Хөгжимт драмын театр тавиад, дараа нь Баян-Өлгийн театр казах хэлээр хүртэл орчуулан тоглож байсан. 2003 онд Төрийн шагналт Б.Шаравтай бас “Чингэс хаан” дуурь бичсэн. Энэ бүтээлийг нь дуурийн театрынхан одоог хүртэл тоглодог. Энэ тухай асуувал “Би 2002 онд Чингис хаан дуурийн цомнолыг бичсэн. Нэг их удаагүй дээ, хоёр, гурван сар л болсон байх. Тэгээд түүндээ урамшаад , Д.Лувсаншаравтай ярьж байгаад Чингисийн дөрвөн их хатад Бөртэ, Есүй, Есүгэн, Хулан нараар дуурь бичсэн. Энэ дуурь дөрвөн үзэгдэлтэй, дөрвөн өөр өнгөтэй, дөрвүүлээ өөр, өөр зөрчилтэй. Тэгээд Монголын Чингис хааны хатад Чингис хаанд болоод Монгол Улсын төрд ямар гавъяа байгуулсан юм бэ гэдгийг харуулах гэж, энэ цомнолыг бичсэн юм. Д.Лувсаншарав их сайхан ая хийж, Дархан хотын театрт анх тоглож байлаа. Том хэлбэрийн дуурь анх удаа хөдөөний театрт тавигдаж байгаа нь тэр. Дараа нь 2007 билүү 2008 онд Баян-өлгий аймгийн театрт казак хэл дээр тоглосон. Дараа нь Д.Лувсаншаравын 75 насны ойн баяр дээр Дархан хотын Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглосон.
Одоо тэгээд дуурьтай ноцолдохын хажуугаар нэг дурсамжийн ном бичиж байна. Нэг их том мундаг, цаг үеийн гэдэг ч юм уу, шинжлэх ухааны талаар, гүн ухааны, сэтгэл зүйн хувьд ч гэдэг юм уу дүгнэлт энэ тэргүй, зүгээр л өөрийнхөө үзэж харсан сонин тохиолдлуудаа бичиж байгаа. Өнөөх хүн болгоны алганы хээ адилгүй, өндөгний хээ өөрчлөгддөггүй гэдэг шиг хүн бүхний туулсан амьдрал өөр өөр байдаг болохоор ийм баримтат зохиол сургамжтай бөгөөд ертөнц дахиныг танин мэдэхэд, хувь хүнийг танин мэдэхэд, амьдрал гээч юмыг ухаж танин ойлгоход хэрэг болох болов уу гэж бодож суугаа юм. Одоо яг дунд сургуульд байсан үе дээрээ ирээд байгаа. Ер нь ч тэгээд өнөөдрийн ХХI зуунд, сүүлийн 20 жилд анзаарч байхад хүмүүс ямар зохиол уншиж байна гэхээр баримтат уран сайхны зохиол, дурсамжийн зохиол, амьдрахуйн тухай сургамжит зохиолуудыг их уншиж байна. Мөн шинжлэх ухааны тайлалуудыг сонирхож байна” гэв. Бидний уран бүтээлийн яриа энэ хүрээд түр завсарлав.
“ААВЫГ МИНЬ ХҮМҮҮС ХАРУУЛЫН ПУНЦАГ ГЭДЭГ БАЙВ”
Эрхэм найрагчийн шүлэг, зохиолыг нь захын хүнээс асуухад хэн ч хэлнэ. Ялангуяа “Есөн эрдэнийн орон”, “Эхийн сэтгэл”, “Зургаан мөнгөн мичид “ зэрэг шүлгээс нь төвөггүйхэн уншина. Харин хувийн амьдралыг нь хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тиймээс аав, ээжийнх нь тухай асууж, аль нутаг усны хүмүүс байсныг нь сонирхов.
“Миний ээж Төв аймгийн Баянцагаан сумынх. Аав маань Хэнтий аймгийн Батноров сумынх. 1920-иод оны үед Ардын харуул гэж гарч байхад аав минь харуулд явдаг байсан гэдэг. Аавыг минь хүмүүс Харуулын Пунцаг гэдэг байв. Төв аймгийн урд талаас, Дундговиос ч бас хүмүүс нүүж байсан юм гэнэ лээ. Тэр үед Харуул зэвгийн Найдан, харуулын Цэдэн гэж айлууд нутагладаг байсан. Намайг бага байхад, аав, ижий хоёрыг минь нутгийнхан нь, үеийнх нь хүмүүс харуулынхан гэдэг байсан. Тэр үед харуулын айлууд эсгий нөмрөгтэй үүдтэй, модон мухлаг тэрэгтэй байдаг байсан. Манай нутагт тийм мухлагтай айл гурав, дөрөв байдаг байлаа. Тэгээд хүмүүс дурандаад л харуулынхан гэдгийг андахгүй. “Цагаан сүйх тэрэгтэй харуулынхан л нүүж явна, Пунцагийнх юм уу Цэдэнгийнх юм уу” гэдэг байсан. Тэр үед миний ижий залуухан, аавыгаа дагаад харуулд очиж. Замаас нь манай аав Хэнтийгээс харуулд очихгүй юу. Тэгээд Данзангийн Нямсүрэнгийн байдаг Эрээнцавд очоод, ижийтэй танилцсан гэдэг. Тэнд таван жил болсон. Аав минь тэгэхэд 15 настай байсан гэдэг. Тэгээд аав, ижий хоёр маань энд ирээд айл болсон. Одоо энэ Чойрын хойд талд Нялга сум, Боржигон цэц вангийн хошуу гэдэг газар ирж байсан гэдэг юм. 1935-1936 он юм уу, хэдэн ч он байсан юм. Манай аав тэнд нэг хэсэг багийн дарга хийж байсан гэж ярьдаг юм “хэмээн сонирхолтой, сайхан хууч хөөрөв.
“ЭХНЭР БИД ХОЁР АЙЛ БОЛООД 52 ЖИЛ БОЛЖ БАЙНА”
Пунцагийн Бадарч гуай айлын ганц хүү бололтой юм. “Та аав, ээжээсээ хэдүүлээ вэ” гэсэн асуултад минь “Би чинь дөрвүүлээ, аав ээж хоёр нэг айлаас хоёр хүүхэд, нэг айлаас нэг хүүхэд өргөж авсан юм” хэмээн хариулж байсан. Биднийг ийнхүү яриа дэлгэх зуур П.Бадарч гуайн эхнэр орж ирэв. “Хөгшины маань бие тааруу” гэж байсан ч Ц. Ичиноров гуай “Бие чилээрхүү” гэсэнгүй бидэнтэй мэндлэн, бас ч үгүй П.Бадарч гуайг “Хүмүүст цай өгсөн үү”, “Та хэд ааруул, идээ ид”, “Талхан дээр өрөм тавиад ид” хэмээн дайлав. Тэрээр залуудаа яриа хөөрөөтэй, сэргэлэн цовоо, жавхаалаг бүсгүй байсан болов уу гэмээр хөнгөн шингэн харагдах аж.
Буурал найрагчийн зочны өрөө бэлэг дурсгалын зүйл олонтой, нүд хужирлах зүйл ихтэй юм. Гадна, дотны цуглуулга өрөөстэй. Тэр бүгдийг хаанаас хэн авчирсныг нь асуусангүй. Ганц нэг зүйлийг нь П.Бадарч гуай үзүүлж, сонирхуулав. Харин тэднийд бас нэг сонирхол татсан зүйл нь олон орны цай байна. Идээний дээж гэдэг утгаар нь ч тэр үү, энд тэндээс ирэхдээ хүүхдүүд нь, найз нөхөд нь цай их авчирч өгдөг гэнэ. Япон, солонгосын хаадын уудаг цай гээд гоё, ганган чамин хайрцагтай цайг ширээгээ дүүргэх шахам өржээ. Өнгө, өнгийн харцаг савтай эдгээр цайнаас гэрийн эзэд шилж сонгож уугаад сүйд болдоггүй гэнэ. П.Бадарч гуай “Би аль таарсаныг нь уучихдаг юм” гэж байна. Харин Ц.Ичиноров гуай “Бүгдээрээ адилхан юм байна лээ. Амт, шимт нь ялгаагүй л юм байна лээ” гэж байсан.
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай гэргийтэйгээ 1959 онд танилцаад, 1960 онд айл болжээ. Өдгөө 52 жил хоёр биеийнхээ дутууг нөхөж яваа аж. Түүний гэргий Цэндийн Ичиноров гуай Дорнод аймгийн Халх гол сумынх гэнэ. Тэрээр залуудаа геологийн салбарт олон жил ажиллаж байжээ. “Би жолооч хийгээд хөдөө, гадаа их явдаг байлаа. Монголд яваагүй газар гэж бараг байхгүй. Тэгээд сүүлддээ үр хүүхэд, ар гэрийнхээ ажлыг зохицуулах гээд номын худалдаанд орж, тэндээсээ тэтгэвэрт гарсан. Номын худалдаанд ажиллаж байхдаа их олон ном уншсан даа” хэмээн ярих аж. П.Бадарч гуайнх гурван хүүхэдтэй юм байна. Харин одоо хүүхдүүд нь өсч үржээд, нэлээд олон болсон бололтой. “Хүүхдүүд өсч үржээд, олуулаа болсон. Германд амьдардаг хүүгийнхээ хүү, охин хоёр одоо болтол хараагүй. Ач, зээ нар маань өвөө, эмээтэйгээ танилцаагүй л яваа” хэмээн ярих нь буурал найрагчийн үрийн үрд тэмүүлсэн, тэднийг хайрлаж, өхөөрдсөн сэтгэлийн их амар амгаланг илтгэх аж.
“ХӨДӨӨ БАЙСАН БОЛ МОРЬ МАЛ ЭРГҮҮЛСЭН, ХУДЛАА ЯРЬСАН ХААШАА ЮМ БАЙХ БОЛ”
Бага байхдаа П.Бадарч гуайн бичсэн зохиол бүтээлийг сурах бичиг болон сонин, сэтгүүлийн хуудсаас уншиж, “Есөн эрдэнийн орон” цэрэг эх орны сэдэвт олон сайхан шүлэг, зохиол бичсэн хүн гэж бодох бүрийд хүндлэх, бахархах сэтгэл төрдөг байж билээ. Түүний олон сайхан шүлэг, яруу найраг одоогийн шүлэг, зохиол бичдэг, өөрийгөө найрагч хэмээн цээжээ дэлддэг залуусыг “номын цагаан солиотон” болгож байсан. Тийм болохоор энэ хүн угаасаа л утга зохиолын л хүн юм шиг санагддаг байв. Гэтэл тэрээр “Би утга зохиолын ангид биш харин техникумд суралцаж байсан” гэж ярих нь сонирхолыг минь татав. Тэгээд ч бас тэр сургуулиа төгсөөгүй бололтой юм. “Би чинь сургууль соёл төгсөөгүй хүн шүү дээ. Хэзээ хойно Утга зохиолын дээд сургуульд хичээл зааж байгаад Утга зохиолын ажилтан гэсэн дипломыг 58 насандаа авсан. Техникумын нэгдүгээр курс төгсөөд намар нь сургуульдаа явах гэсэн чинь нэг л жаахан дургүйхэн. Тэгээд ямар сайндаа ноосны машинд суугаад явчихсан шүү дээ. Тэгээд энд ирээд хүн эмнэлгийн техникумын дэргэд нэг оюутны бригад байсан. Тэгэхэд анх Д.Нямаатай танилцсан юм.
Тэгээд буруудаагүй л юм даа. Хөдөө байсан бол би морь мал эргүүлсэн, худлаа ярьсан хаашаа юм байх бол. Аягүй бол шоронд орсон ч байж мэднэ. Аль эсвэл даалуу, мөрийтэй тоглоом тоглоод явж байх байсан биз. Тэгээд хулгай хийж ч магадгүй юм. Тийм болохоор өөрийнхөө зөн билгээр ч гэх юм уу хот надад нэг л сайхан санагдаад ирсэн юм уу даа” хэмээн Харуул Пунцагийн хүү Улаанбаатар хотын суугуул иргэн болсноо ийн хуучлав.
УУЛ УС, НАР САЛХИАР ХОЛБОГДСОН УРАН БҮТЭЭЛИЙН НАЙЗУУД
Бидний яриа цааш үргэлжилсээр, уран бүтээлийн найз нөхөд рүү орлоо. Ухааны их ундарга цалгилсан буурал найрагчид найз нөхөд олон бий. Гэр орноор нь орж, уран бүтээлийн яриа хөөрөө өрнүүлэх хүн ч цөөнгүй. Тэр дундаа олон уран бүтээл дээр хамтран ажилласан Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Төрийн шагналт Б.Шарав, Д.Бадарч гурав бол Хэнтий аймгийн уул, ус, агаар салхиар холбогдсон уран бүтээлийн сайн найзууд аж. Ингэж хэлэхийн учир нь Монголын уран зохиол, урлаг соёлд дахин хэзээ ч давтагдашгүй эх ундрагыг бүрэлдүүлж чадсан энэ эрхэм гурван хүн П.Бадарч гуайн аавынх нь нутаг буюу Хэнтий аймгийн уугуул улс гэнэ. Тийм болохоор буурал найрагч маань энэ бүхнийг их л билэгшээдэг аж.
Тэрээр “Хүний учрал, ерөөл гэж нэг юм байдаг юм билээ. Нэг сонин юм боддог юм. Миний олон сайхан дууг хийсэн хүн бол Төрийн шагналт Дэндэвийн Бадарч. Олон сайхан дуурь хамт бичилцсэн хүн бол Лувсаншарав гуай. Энэ хоёр чинь хоёулаа Хэнтий аймгийн Баянхутаг гэж нэг сумын хоёр. Бас Шарав байна. Хэнтийн Жаргалтхаан сумынх. Би энэ гуравтай их юм хийсэн. Хоёртой нь дуурь бичсэн. Ноднин Лууяагийн 85 насны ой болоод үерхдэг улсууд нь байхгүй болчихож. Тэгээд “Чи надад хань болоод өг. Нутгаа явж, төрсөн буурин дээрээ нэг очоод ирье” гээд Хэнтий рүү хамт явлаа. Бид хоёр хоёулаа туулай жилтэй. Лууяа 1927 оны туулай, би 1939 оны туулайтай юм.
Тэгээд би “Аавын минь нутгийн улсууд амьдрал уран бүтээлд минь ийм ойр байдаг юм болов уу гэж боддог юм. Д.Бадарч намайг ансамбельд ажилд авлаа. Бид хоёр жигтэйхэн гар нийлдэг, сайхан найзууд байлаа. Б.Шарав, Д.Лувсаншарав хоёртой дуурь бичлээ. Дуу ч бас бичсэн. Тэгээд дотроо би их билэгшээдэг юм. Аавын минь нутаг Хэрлэнгийн хоёр талын нутаг л даа бид чинь. Ер нь бол би Хэнтий талдаа хайртай шүү дээ. Тэгээд Д.Лувсаншаравтай нутагт нь очоод бүх ач, зээ нартайгаа явсан. Тэгээд хоёулаа Хэрлэнгийн хөвөөн дээр нэг өдрийн хагас суулаа. Хүүхдүүд нь сайхан хоол унд хийгээд л.
Тэгээд төв дээр соёлын ордонд нь Д.Лувсаншаравын нэг концерт болсон юм. Эндээс Түвшинтөгс, Улаанбаатар чуулгынхан гээд хориод жүжигчин хамт явсан. Тайзан дээр бид хоёрыг гаргалаа. Би үг хэллээ. Д.Лувсаншаравтай мөнгөн аягатай хадаг барилаа. Тэгсэн аймгийн дарга бас нэг мөнгөн аяга, хадагтай барилаа. Тэгэхээр нь би “За би Хэнтийн харъяат болно гэж байгаад нэг аяга дэлсчихлээ дээ” гэсэн чинь хүмүүс их инээлдэж байна лээ.