П.АМГАЛАН

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) нь Боловсролын Ерөнхий Хуулийн “17.15. Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд боловсролын зэрэг, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх судалгаа, үнэлгээ хийх, баталгаажуулах сантай байна” гэсэн заалтын хүрээнд чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд  ижил чиг үүрэг бүхий олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, "Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай" дэлхий дахины болон бүс нутгийн конвенцын хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

Боловсролын баримт бичиг баталгаажуулах чиг үүргийн үйл явцтай холбоотойгоор иргэд, олон нийтийн цахим сүлжээнд дараах асуудлуудыг хөндсөн тул албан ёсны мэдэгдэл хүргэж байна.

1.Үйлчилгээний хураамжийн талаар: БМИҮЗ нь магадлан итгэмжлэх, чанарын баталгаажилтыг хангах чиг үүргийг эрхэлдэг тул бусад ижил түвшний олон улсын байгууллагуудын адил үйл ажиллагаа болон санхүүгийн бие даасан, хараат бус байгууллага юм. Тодруулбал улсын төсвөөс санхүүжилт авдаггүй. Бид баримт бичиг баталгаажуулалтын үйлчилгээний өртөг, гарах зардлыг нягтлан тооцоолж, иргэдэд ирэх санхүүгийн ачааллыг хөнгөвчлөх үүднээс өмнө нь 150,000 төгрөг байсан үйлчилгээний хураамжийг БМИҮЗ-н захирлын 2025 оны 03 сарын 20-ны өдрийн А/71 тоот тушаалаар 30,000 төгрөг болгон бууруулсан болно.

2.Баримт бичгийн баталгаажуулалтын шаардлага: Диплом баталгаажуулах үйл явцад нотариатаар баталгаажуулах болон баталгаат орчуулга шаардах нь иргэний гадаадад эзэмшсэн боловсролын баримт бичгийн үнэн зөв, хүчин төгөлдөр байдлыг хангах, түүнийг үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц нөхцөлийг бүрдүүлэх, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн архив, бичиг хэрэг хөтлөлтийн холбогдох хууль, журамд нийцүүлэх зорилготой юм.Үүнд:

• Хууль эрх зүйн үндэслэл: Эдгээр бичиг баримтын шаардлагууд нь БШУ-ны Сайдын 2024 оны А/143 дугаар тушаалаар батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөлтийн журам"-ын дагуу хэрэгжиж байна.

• Нотариатын баталгаа: Энэ нь тухайн баримт бичиг эх хувьтайгаа нийцэж буйг хууль ёсны дагуу нотлон баталгаажуулж, ирээдүйд үүсэж болох эрх зүйн маргаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг.

• Баталгаат орчуулга: Монгол хэлний тухай хуулийн 6-р зүйлийн 6.1.6-д боловсролын баримт бичиг монгол хэлээр хөтлөн явуулна гэж заасны дагуу баталгаат орчуулгыг хуулийн дагуу авдаг. Баталгаат орчуулгыг албан ёсоор эх хэл дээр хүлээн зөвшөөрөгдөхүйц, үнэн зөв, найдвартай байдлыг хангах зорилготой.

3. Баталгаажуулалт яагаад зайлшгүй шаардлагатай вэ?

2025-2026 оны хичээлийн жилд БМИҮЗ-д иргэдээс ирсэн хүсэлтээс олгосон сургуулийн албан ёсны бүртгэлээр баталгаажаагүй нийт 19 диплом илэрсэн. Диплом баталгаажуулах нь ашиг орлого олох зорилготой ажил биш бөгөөд шударгаар суралцаж төгссөн иргэдийн эрх ашгийг хамгаалах, ажил олгогчдыг үнэн зөв мэдээллээр хангах, хуурамч дипломын хууль бус үйлдлийг таслан зогсоох өндөр ач холбогдолтой.

4. Цахимжуулалт ба E-Mongolia системийн нэвтрүүлэлт

Бид иргэдийн цаг хугацааг хэмнэх үүднээс баталгаажуулах хүсэлтийг 2025 оноос цахимаар (онлайнаар) хүлээн авдаг болсноос хойш цахимаар нийт 577 иргэний хүсэлтийг шийдвэрлэсэн байна. БМИҮЗ нь боловсролын баримт бичгийн баталгаажуулалт хийдэг ба баталгаажсан эсвэл баталгаажаагүй мэдээллийг Боловсролын Ерөнхий Газарт /БЕГ/ хүргэдэг. БЕГ баталгаажилтын мэдээлэлд үндэслэн Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем /HEMIS/-д бүртгэж оруулдаг болно. Үйлчилгээний нөхцөлийг улам бүр хялбарчлах зорилгоор төрийн мэдээлэл солилцооны системүүдтэй нягт уялдуулан E-Mongolia системд гадаадад төгссөн диплом баталгаажуулалтын бүртгэлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэд лавлагаа авах боломжийг бүрдүүлэхийн тулд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Эх срвалж:www.zms.mn