Пүрэвдашийн Амгаланбаяр
Пүрэв-Очирын Лхагважаргал
Дугаар оюутны байранд амьдардаг оюутан Ч.Баянзул шөнө бүр амьсгал нь давчдаж сэрэх болжээ. Өрөөнийх нь хана таазанд үүссэн мөөгөнцөр, хөгц аажмаар хүрээгээ тэлж, цонхны ойролцоо харлан тодорсон нь түүний астмыг сэдрээж, өдөр тутмын амьдралд нь хүртэл нөлөөлөх болсон байна.
Анх оюутны байранд ороход нь хана, тааз замасктай байсан боловч удахгүй хөгц мөөгөнцөр ил гарч цонхныхоо ойр орчмоос харлаж эхэлжээ. Тэрээр багаасаа хөнгөн астматай байсан ч мөөгөнцөртэй орчинд амьдарснаар хүндрэн “Сурах эрхээ эрүүл мэндээрээ төлж байх шиг байна” гэж нөхцөл байдлын талаар хэллээ.
Энэ байдал Ч.Баянзулаар зогсохгүй гэрээсээ хол хөдөө орон нутгаас ирж суралцаж буй олон оюутанд тулгарч буй асуудал юм. Тэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхээ эдэлж чадахгүй, эрүүл мэндээрээ хохирсоор буй. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ “Оюутны байрны амьдрах орчин”-ыг хөндлөө.
“Хөгц мөөгөнцөр ургаж, дотоод орчинд эрсдэл учруулахаар хэмжээнд хүрсэн байна”

Монгол Улсын төрийн өмчийн МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, СУИС, ХААИС, ДХИС, ҮБХИС зэрэг томоохон сургуулиуд тусдаа хэд хэдэн дотуур байртай. Оюутнуудын хувьд дотуур байр бол өдөр тутмын амьдрал, суралцах хугацааны ихэнхийг өнгөрүүлдэг газар юм.
Мэргэжлийн хяналтын газраас мөрддөг шаардлагын дагуу оюутны дотуур байр зориулалтын барилга байгууламжтай байх, байршил тогтоохоос эхлээд зураг төсөл боловсруулах, шинээр барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг өөрчлөн засварлахдаа холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулсан байх ёстой гэсэн стандарт бий. Гэвч бодит байдал дээр эдгээр шаардлага хэрхэн хэрэгжиж буй нь дээрх жишээнээс харагдана.
Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Тэр дундаа сургууль, цэцэрлэг, орон сууц, ажлын байр, өрх гэр зэрэг орчинд 70-80 хувийг өнгөрүүлдэг учраас эдгээр орчны агаарын чанар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх ёстой гэдгийг НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Оюун-Эрдэнэ онцолж байлаа. Түүний хэлснээр, хөгц мөөгөнцөр нь ургах чадвар болон хоруу чанар үүсгэх онцлогоосоо хамаараад хүний эрүүл мэндэд нөлөө үзүүлдэг байна. Харин тус дотуур байрны орчинд үүссэн нөхцөл байдлыг авч үзвэл хөгц мөөгөнцөр ургаж, дотоод орчинд эрсдэл учруулахаар хэмжээнд хүрчээ. Тиймээс мэргэжлийн байгууллагууд зайлшгүй хэмжилт, шинжилгээ, хийж, тухайн хөгц мөөгөнцрийн төрөл зүйлийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Үүний үндсэн дээр тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлсэн юм. Учир нь, нүдэнд ил харагдах хэмжээнд ургасан хөгц мөөгөнцөр нь тухайн орчинд амьдарч буй хүмүүсийн эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлж эхэлснийг илтгэдэг байна.
Мөн тэрээр хөгц мөөгөнцөр үүсэх олон эрсдэлт хүчин зүйл байдгийг хэлсэн юм. Нэгдүгээрт, барилгын агааржуулалтын систем муу байгаа нь нөлөөлдөг. Жишээлбэл, төлөвлөөгүй эсвэл төлөвлөгөөнд тусгасан ч гүйцэтгэлийн явцад хийгдээгүй. Эсвэл буруу угсрагдсан агааржуулалт нь чийгийг гадагшлуулахгүй хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлдэг. Хоёрдугаарт, барилгын чанарын асуудал. Ус шүүрэх, дулаан алдах зэрэг хөгц мөөгөнцөр үүсэх орчныг бүрдүүлдэг аж. Гуравдугаарт, зориулалтын бусаар ашигласан барилга байгууламж нь дотоод орчны эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан хөгц мөөгөнцөр үүсэж байна гэдэг нь тухайн барилгын чанар муудаж буйн илрэл.
Цаашлаад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэв. Түүнчлэн хөгц мөөгөнцрөөс олон төрлийн хортой бодисууд ялгардаг болохыг тогтоожээ. Жишээлбэл, харшил үүсгэхээс гадна олон улсын судалгаагаар хавдар үүсгэгч бодис ч мөн хөгц мөөгөнцрөөс ялгардаг байна.Цаашлаад хөгц мөөгөнцөр нь барилгын чанарт нөлөөлдөг тул арга хэмжээ аваагүй тохиолдолд ашиглах боломжгүй болж, бүр нураах хэмжээнд хүрэх эрсдэлтэй байдаг ажээ.
МУБИС-ийн II байранд амьдардаг оюутан А-гийн хэлснээр жил бүр байрны төлбөр нь “засвар, сайжруулалт хийнэ” гэдэг тайлбартайгаа нэмэгддэг ч бодит байдал дээр ханан дээрх мөөгөнцрийг дараад л орхисон байдаг гэв. Мөн тэд төлбөрөө бүтэн, цаг тухайд нь төлөөд орсон ч таазнаас ус дусах, ханын буланд хар толбо үүсэхэд “Агааржуул”, “Өөрсдөө цэвэрлэ”, заримдаа “Та нарт таарахгүй бол өөр газар амьдар” гэж хэлдэг байна.
Харин бодит байдал дээр оюутан А шөнө ханиалгаж, хоолой нь хорсож, хамар нь битүүрч, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, хичээлдээ суухад хүртэл хүндрэлтэй болдог бөгөөд эм уугаад түр намждаг ч өрөөндөө ормогц шинж тэмдэг нь дахиад сэдэрдэг гэв. Тиймээс мөөгөнцөр, хөгц хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг УНТЭ-ийн уушгины зөвлөх эмч, харшлын эмч Ц.Батцэнгэлээс тодруулсан юм. Тэрээр “Амьсгалын замд мөөгөнцрийн халдвар нөлөөлбөл, харшлын урвал өдөөгдөж, улмаар амьсгалын замын олон төрлийн эмгэг үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харшил нь хамрын талстын үрэвсэл, гуурсан хоолойн харшлын гаралтай бронхит, гуурсан хоолойн багтраа буюу астма үүсэх эрсдэлтэй” гэлээ.
УНТЭ-т харшлын олон төрлийн сорил авдаг бөгөөд мөөгөнцрөөс шалтгаалсан харшилтай тохиолдол нэлээд зонхилдог байна. Түүнчлэн мөөгөнцрийн шалтгаант харшилтай хүмүүст гуурсан хоолойн багтраа буюу астма, харшлын ринит зэрэг түгээмэл илэрдэг аж. Хүний бие хэт мэдрэг байдаг учраас бүрэн эдгэрдэггүй бөгөөд харшлын урвал нь орчны аливаа цочроогч хүчин зүйлд амархан сэдэрдэг байна.Тиймээс амьдрах орчны нөхцөл, ялангуяа агаарын чанар хангалтгүй байвал амьсгалын өвчлөл буурахгүй, харин ч давтан сэдрэх хандлагатай байдаг ажээ.
Оюутнууд аюулгүй, эрүүл орчинд амьдрах үндсэн эрхээ эдлэхийг хүсэж байна
Оюутнуудын дотуур байрны төлбөр жил бүр нэмэгддэг гэх асуудал мөн яригддаг. Тухайлбал, МУБИС-ийн оюутны дотуур байрын төлбөр 2024-2025 оны хичээлийн жилд 655.000 төгрөгөөс эхэлж байсан бол 2025-2026 онд 859.000 эхэлж байна. Түүнчлэн гадаад оюутны болон сүүлд баригдсан “Оюутны өргөө цогцолбор”-ын I, II байрын төлбөр орчин нөхцөлөөсөө хамаараад бусад байраасаа өндөр юм. Түүнчлэн бусад сургуулийн оюутнууд ч мөн илүү төлбөр төлдөг. Өнгөрсөн жил “Оюутны өргөө цогцолбор”-ын төлбөр 994.500 төгрөгөөс эхэлж байсан бол энэ жил 1.250.000 төгрөгөөс эхэлж байна. Харин бусад сургуулийн оюутнуудын төлбөр 1.600.000 төгрөгөөс эхэлж байгаа юм. Сургуулиас оюутнуудтай 300 хоногийн гэрээ байгуулах бөгөөд өрөөндөө дөрвүүлээ байрладаг. Мөн “Оюутны өргөө цогцолбор”-т найман хүүхэд дундаа гал тогоо, ариун цэврийн өрөөгөө хэрэглэдэг тул түүнийгээ дагаад орчин нөхцөл сайжрах бөгөөд төлбөрийн ялгаатай байдал үүнтэй холбоотой байдаг аж.
Энэ талаар МУБИС-ийн Сургалтын орчны дэмжлэг үйлчилгээний төвийн менежер Ц.Ёндонсамбуугаас тодруулахад “Жил бүр инфляцын түвшин өсөж байгаатай холбоотойгоор дотуур байрны төлбөр нэмэгддэг. Учир манай дотуур байр нь аж ахуйн тооцооны зарчимд суурилдаг тул оюутнуудын төлбөрөөр дотуур байрны бүх үйлчилгээ явагддаг. Тухайлбал, 24 цагаар нэг байран дээр дөрвөн жижүүр байна. Дотуур байр хариуцсан багш, сантехникч, мужаан, үйлчлэгч гэх мэт ажилчдын цалин, ариутгал, хог ачих тээврийн төлбөр, гэрэл, сангийн шугам хоолойн эвдрэл засах засварын ажил зэрэгт төлбөрийн 90 гаруй хувь нь зарцуулагддаг. Манай дотуур байрнуудын ихэнх нь 1960, 1970-аад оны барилгууд юм. Хамгийн сүүлд “Оюутны өргөө цогцолбор”-ын I, II байр 2013 онд баригдсан. Хэдий сүүлд баригдсан ч эвдрэл гэмтлүүд гардаг” гэсэн юм. Харин үлдсэн нийт төлбөрийн үлдсэн 10 орчим хувиар барилгын засвар үйлчилгээг оюутнууд амарсан хойно ажилчид өөрсдөө хийдэг байна. Учир барилга байгууламжийн ид ачааллын үе тул хямд өртгөөр үйлчилгээ үзүүлэх ажилчид олддоггүй гэв.
МУБИС-ийн зүгээс хуйларсан обой, хагарсан цонх зэргийг сольж, засвар хийсэн өрөөнд оюутнуудаа оруулдаг бөгөөд хөгцөрч мөөгөнцөртсөн ханыг хусаж арилгаад шинээр буддаг байна. Мөөгөнцрийг арилгахын тулд өвөл засвар хийх боломжгүй учраас нэг жилд энэ бүх байрны бүх асуудлыг шийдэх бас боломж хомс байдаг гэв. Өнгөрсөн жил дөрөвдүгээр байрныхаа гадна фасадыг шинэчилж, дулаалж, энэ жил өөр нэг байраа дулаалахаар ажиллаж байгаа аж. Хэрэв бид дотуур байраа олон улсын жишигт нийцүүлж засварлана гэвэл оюутны дотуур байрын төлбөрөө одоогийнхоос гурав дахин нэмэх шаардлага бүрдэнэ. Аль болох олон оюутан боломжийн үнээр байранд хамруулах зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна гэдгийг хэлж байсан юм.
Оюутны дотуур байруудад стандартын шаардлага хангасан засвар хийгээд “СОР 17” хурлын зочдыг хүлээж авбал оюутны амьдрах орчинд үзүүлэх бодитой дэмжлэг болно
Тухайн улсын Засгийн газар эсвэл сургуулиас хямд өртөгтэй амьдрах орчноор оюутнаа хангаж, боловсролоо дэмжих нийгмийн үүрэг байдаг. Энэхүү нийгмийн үүрэгт Засгийн газар, хувь хүн, компаниуд дэмжлэг үзүүлдэг жишиг Европын орнуудад бий. Гэвч манайд энэ жишиг алга. Хуучны байруудаа өөрсдийн боломжоор тордож, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн байдалтай байсаар улс орны ирээдүй болсон оюутан залуус тав тухгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд амьдарсаар байна.
Дотуур байрнууд эхнээсээ 1960 онд баригдсан гэхээр зарим нь үеэ өнгөрөөж байна. Иймд Засгийн газраас шинэ барилга барих, мөн хувийн хэвшлүүд Монгол Улсын ирээдүйн боловсон хүчнийг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж ажиллах зэргээр олон талын оролцоо шаардлагатай юм. Магадгүй бид орчин нөхцөл сайтай шинэ байр мөрөөсөж суухаас урьтаад байгаагаа тордож суух нь нэн түрүүнд авч болох арга хэмжээний нэг байж болох юм. Ойрын шийдэл гэхэд, олимп, дэлхийн аварга гэхчлэн олон улсын арга хэмжээ зохион байгуулагдахад тухайн улс оронд юу үлдэх вэ гэдэг асуудал яригддаг. Мөн олон улсын хурал, семинар зохион байгуулагдахад тухайн асуудалд хандаж байгаа улс орны нэр хүнд, хандлага харагдахаас гадна уг үйл ажиллагаанд зориулсан дэд бүтцийн бүтээн байгуулалт мөн холбоотой. Бээжингийн олимпоор их сургуулиудад теннисний олимпын зэрэглэлийн талбай зэргийг байгуулж тухайн спортын төрлийг зохион байгуулсан. Лондон болон Парисын олимпоор оюутны хотхон, их сургуулиудын кампусуудыг дэмжиж, бүтээн байгуулалт хийж ажилласан туршлага бий.
Харин Монгол Улсад энэ оны наймдугаар сард болох “COP 17” хуралд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод нэгдсэн 197 улсын удирдагчид, сайд нар, иргэний нийгмийн байгууллагынхан, бизнесийнхэн гээд 10 мянга шахам хүн ирнэ гэх мэдээлэл бий. Энэ хуралтай холбоотойгоор манай оюутны байрыг стандарт шаардлагад нийцүүлж засварлаад зочид төлөөлөгчдөө хүлээж авах боломжтой юм. Энэ нь нийгмийн хариуцлагын хүрээнд багшлах боловсон хүчнээ тавтай, тухтай орчинд амьдрахад дэмжлэг үзүүлэх үлдэцтэй хөрөнгө оруулалт болно гэж харж болохоор байна. “COP 17” хурлаар цөлжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, хэлэлцэхээс гадна Монголд юу үлдэх вэ гэдэг чухал юм. Энэ хурал зохион байгуулагдсан, байгуулагдаагүй Монгол дахь зочид буудлууд ашиг орлого олж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Тиймээс энэ хуралд зарцуулж буй мөнгөнийхөө багахан хувиар оюутны дотуур байруудыг засаад орчин нөхцөлийг сайжруулаад зарим зочдоо авч болох юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 71 (7813)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn