Түрүүч нь http://www.polit.mn/Show.aspx?category=1403&wp:post_id=1248

ГУРАВ. Н.ЭНХБАЯР НАРЫГ ЭХ-ИЙН 150.3-Р ЗҮЙЛЧЛЭН ЯЛЛАХЫН ТУЛД:
1.НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Н.Болормаа, НЗДарга Т.Билэгт нар “нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд” мөн гэх,
2.Дээрх эрх бүхий албан тушаалтнууд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, хууль болон журам зөрчиж, Нийслэлийн өмчийг хувьчлах, шилжүүлэх тухай хууль бус шийдвэр гаргасан гэх,
3.Н.Энхбаяр албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан дээрх шийдвэрийг гаргуулах ажлыг зохион байгуулсан гэх тухайд
“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-нд:
3-р зүйлд “Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ.”
4-р зүйлд:
“1.Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ.
2.Төрийн нийтийн зориулалттай өмчид дараахь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна:
1/иргэдэд өмчлүүлснээс бусад газар;
2/газрын хэвлий, түүний баялаг;
3/ус, түүний доторх баялаг;
4/ой, түүний дагалдах баялаг;
5/ургамал, ан амьтны нөөц;
6/түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал;
7/археологийн болон палеонтологийн олдвор;
8/хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө.
4.Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /МУ-ын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн/, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүүлж, ашиглуулж болно.”
5-р зүйлд
“1.Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна:
1/төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө,
2/төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө,
3/төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд оногдох хувюь хөрөнг/,
4/улсын төсвийн болон төрийн тусгай сан,
5/төрийн тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц,
6/хуульд зааснаас бусад үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө.
2.Төрийн өөрийн өмчийн эд хэрэнгийг аж ахуйн зориулалтаар нь Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 69-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн ба эргэлтийн хөрөнгө гэж хуваана.
3.Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
4.Төрийн өөрийн өмчийн эд хэрэнгийг нийтийн зориулалттай өмчид, эсхүл өөр өмчид шилжүүлэх журмыг хуулиар тогтооно.”
6-р зүйлд
“Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна:
1/энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнг/,
2үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө,
3/эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө,
4/хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрнөг,
5/хууль, МУ-ын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу нийгэмчилсэн, дайчлан буюу хураан авсан эд хөрөнгө,
6/концессын гэрэний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө.
2.Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, туламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна.
3.Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамаарулна.”
74-р зүйлд
“1.Орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн З-р зүйлд заасны дагуу нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ.
2.Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна.”
75-р зүйлд
“Орон нутгийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна:
1/энэ хуулийн 6-р зүйлийн 1-4, 6 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгө,
2/төрийн өмчөөс хууль тогтоомжийн дагуу хуваарилж шилжүүлсэн эд хөрөнгө,
3/орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох ашгаар олж авсан эд хөрөнгө,
4/хуульд заасан бусад үндэслэлээр бий болсон эд хөрөнгө.”
77-р зүйлд
“1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.
2.Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй:
3/орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах.Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө,
4/орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих.
3.Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.
4.Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хурлын хуралдааны чөлөө цагт энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнахаас гадна орон нутгийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд өмчийн төлөөлөгчийг томилж түүний үйл ажиллагааг чиглүүлнэ.”
78-р зүйлд
“1.Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.
2.Засаг дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2/орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох,
3/орон нутгийн өмчийн төлөөлөгчийг томилох, өөрчлөх саналаа Хурлын Тэргүүлэгчдэд оруулах,”
81-р зүйлд
“1.Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.” гэжээ.
Орон нутгийн өмчийг тодорхойлсон, орон нутгийн өмчийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах талаар НИТХурал болон түүний Тэргүүлэгчид, түүнчлэн НЗДарга нарын эрх үүргийг заасан хуулийн тодорхой зүйл, заалтуудыг ишлэхэд ийм байна.
Энд НИТХ болон түүний Тэргүүлэгчид, НЗДарга нар нь “нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн” гэж тодорхойлсон нэг ч үсэг, үг алга байна. Харин “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 77-р зүйлд “1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.” гэж бичигдсэн байна. Тийм учир НИТХурал, түүний хуралдааны чөлөө цагт Тэргүүлэгчид нь “нийслэлийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэсний дагуу Улаанбаатар хотын орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхтэй, тийнхүү гаргасан шийдвэрийг нь НЗДарга хэрэгжүүлэх үүрэгтэй ажээ.
Улаанбатар хотын хувьд хамгийн энгийнээр тайлбарлавал “нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө” хэмээхэд гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгал, автобусны зогсоол зэрэг өмч нэрлэгдэх нь тодорхой. Харин Нөхөрлөл, компанийн тухай хуулийн дагуу бүртгүүлсэн, компанийн үйл ажиллагаа явуулж байгаа “Өргөө” зочид буудал НӨҮГ, “УБ таймс” сонин НӨҮГ нь орон нутгийн өөрийн өмч болох бөгөөд тэрхүү өмчийг хуулийн дагуу НИТХурал нь иргэдээ төлөөлөн өмчлөгч байх, түүнийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байхаар хуулиар зохицуулагдсан байна.
Ингээд дүгнэхэд Н.Болормаа, Т.Билэгт нарыг “нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн” гэж үзэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна. Тэгээд ч Н.Болормаа нь орон нутгийн өмчийн талаар ганцаараа шийдвэр гаргах эрхгүй, харин НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын хувьд хурлын хуралдааны чөлөө цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдахад түүнд оролцож, бусад Тэргүүлэгчдийн нэгэн адил нэг л санал өгөх эрхтэй албан тушаалтан байжээ. ЭХ-ийн 8.1-д “Эрүүгийн хариуцлагыг зөвхөн хувь хүнд хүлээлгэнэ” гэж зааснаас үзэхэд хамтын шийдвэр гаргадаг байгууллагын гаргасан хамтын шийдвэрийн өмнөөс нэг хүнийг сугалан хариуцлага хүлээлгэх гэж оролдох нь Үндсэн хууль болон бусад хуулинд заасны дагуу МУ-ын иргэн “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчим ноцтой зөрчигдөж байна гэж үзэхээс өөр аргагүй буруу ажиллагаа болж байна. Харин Н.Болормаа нь НИТХ-ын Тэргүүлэгчид тухайн асуудлаар хуралдаагүй, хамтын шийдвэр гаргаагүй байхад хуралдсан мэтээр хууран мэхэлж, өмнөөс нь ганцаараа дур мэдэн өмнөөс нь шийдвэр гаргасан бол түүнд хариуцлага хүлээлгэх тухай асуудал яригдаж болох талтай юм.
Түүнчлэн Т.Билэгт нь НЗДаргын хувьд НИТХурал, түүний хуралдааны чөлөө цагт НИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй тул “УБ таймс” сонины НӨҮГ-ын талаар шийдвэр гаргахад оролцсон байгаа нь ямар нэгэн хууль зөрчсөн ажиллагаа биш харин ч хуулийн дагуу ажилласан байна. Харин НИТХурал, эсхүл түүний хуралдааны чөлөө цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хамтын шийдвэр гаргасан байхад түүнийг хэрэгжүүлээгүй бол хууль, журам зөрчсөн байж болох талтай. Хуулийн дагуу ажилласныхаа төлөө гэм буруутайд тооцогдоно гэж байж болохгүй бөгөөд ийнхүү хүчээр тулган тооцох нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөчсөн ажиллагаа болно.
Түүнчлэн НӨХКомисс хамтын шийдвэр гаргадаг байгууллагын хувьд “УБ таймс” сонины хувьчлалын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хамтын шийдвэр гаргасныг ганцхан Т.Билэгтийг сугалан буруутгах нь мөн л эрх бүхий байгууллагын өмнөөс нэг хүнийг хүчээр буруутган ял тулган шийдвэрлэх гэсэн хууль бус оролдлого болно. Үнэн хэрэг дээрээ Т.Билэгт нь НӨХКомиссын хурал дээр тус комиссын бусад гишүүдийн нэгэн адил нэг л санал өгөх эрхтэй албан тушаалтан байсан байдаг. Ингэж түүнийг бусдаас илүү ялгаварлан гадуурхаж, эчнээгээр болон хүчээр буруутгаж, шүүхийн шийдвэрт тусгаж байгаа нь Үндсэн хууль, ЭХ-ийн иргэн “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчмыг зөрчиж байгаа явдал мөн билээ. Манай хууль, шүүхийнхэн хүний эрхтэй холбоотой энэхүү чухал зарчмыг хэн ч байсан яллана гэдэг талаас нь гуйвуулан ойлгодог бололтой. Гэтэл энэхүү чухал зарчим бол гэм буруугүй хүнийг ялгаварлан гадуурхаж, түүнд хүчээр ял тулган оногдуулахыг хориглосон утга, мөн чанартай билээ. Тийм ч учир түүнийг хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой нэн чухал зарчим гэж үздэг юм.
Харин Т.Билэгт нь НӨХКомисс хуралдаагүй, тухайн асуудлыг хэлэлцээгүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад тийнхүү хуралдаж, шийдвэр гаргасан мэтээр хууран мэхэлж, ганцаараа дур мэдэн өмнөөс нь шийдвэр гаргасан бол түүнийг буруутгах тухай яригдаж болох талтай.
Тэгээд ч Н.Болормаа, Т.Билэгт нарыг шүүх хуралдаанд биеэр нь байлгаагүй, тэдэнд хүчээр тулгаад байгаа асуудлыг шударгаар авч хэлэлцээгүй мөртлөө эчнээгээр, хүчээр буруутгаж, “бүлэглэсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль болон журам зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан” гэж дүгнэж байгаа нь Үндсэн хууль, ЭХ-ийн “хэнийг ч гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл гэм буруутайд тооцож үл болно” гэсэн нэн чухал зарчмыг ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа болж байна.
Нэгэнт Н.Болормаа, Т.Билэгт нар нь “нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн” гэж тооцогдох эрх зүйн үндэслэлгүй тул тэднийг ЭХ-ийн 150-р зүйл буюу гагцхүү “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд”-д хамаатай зүйлээр буруутгах эрх зүйн үндэслэл байхгүй юм. Тэр тусмаа тэднийг эчнээгээр яллаж огт болохгүй билээ.
Хоёрт, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хамтын шийдвэр болох 188 тоот тогтоол, НӨХКомиссын хамтын шийдвэр болох 75 тоот тогтоол нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 77.1, 77.3, 78.1, 81.1 дүгээр зүйлүүд-ийг үндэслэн хуулинд нийцүүлж, эрх мэдлийнхээ хүрээнд гаргасан шийдвэрүүд мөн билээ. Энэ нь Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 6 сарын 30-ны өдрийн 86 тоот тогтоолоор “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 188 дугаар тогтоол нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 77-р зүйлийн 3, 81 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчөөгүй байна” гэж дүгнэж тогтоосноор давхар нотлогдож байгаа юм (хавтаст хэрэг, хавтас 45, хууд. 139-157).
Гуравт, энэ бүхэнд огт хамаагүй, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хэзээ ч “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” байгаагүй Н.Энхбаярыг Н.Болормаа, Т.Билэгт нараар дамжуулан ЭХ-ийн 150-р зүйлд хүчээр хамаатуулж байгаа нь үнэхээр хууль ноцтой зөрчсөн ажиллагаа мөн билээ. Энэ бол ЭХ, ЭБШХ-иар хорьсон “ЭХ-ийг төсөөтэй хэрэглэж болохгүй”, “шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй” гэсэн зарчмуудыг зөрчиж байна. Мөн гэм буруугүй үйлдлийг гэмт хэрэгт хүчээр тооцож, ЭХ-ийн 10.1 буюу “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасныг зөрчиж, ЭБШХ-ийн 321.1.2 буюу “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, 321.1.3 буюу хуулийн жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн” гэж заасан зөрчлүүдийг гаргажээ.
Тэгээд ч Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Н.Болормаа, Ц.Батбаяр, Т.Билэгт нарт “Өргөө” зочид буудал НӨҮГ, “УБ таймс” сонин НӨҮГ-ын талаар ямар нэгэн шийдвэр гаргахыг ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаагүй нь эдгээр хүмүүсийн мэдүүлгүүдэд тодорхой бичигдэж, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдгийг өмнө нь дурдсан билээ. Нөгөө талаар ямар нэгэн албан тушаалтан хуулийн дагуу ажиллаж, хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан байхад заавал буруу шийдвэр гаргасан мэтээр мушгин гуйвуулж дүгнээд, тэгэхэд нь Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа нөлөөлсөн байх ёстой, тэр ч бүү хэл зохион байгуулсан хэмээн мугуйдлан зүтгэж, үндэслэлгүйгээр тулгаж, ялгаварлан гадуурхаж, хүчээр тулган ял оногдуулж байгаа нь шүүхээс Үндсэн хуулийн 16.10, 16.13, 16.14, ЭХ-ийн 10.1-р зүйлийг зөрчсөн, ЭБШХ-ийн 317.1.2, 317.1.3, 318.1, 319.1, 320.1, 320.1.2, 321.1.2, 321.1.3-т заасан зөрчлүүдийг гаргасан буруу дүгнэлт, хууль бус шийдвэр болсон гэж дүгнэх байдалд өөрийн эрхгүй хүргэж байна.
4.Нийслэлийн өмчийг өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанид шилжүүлэн завшсан гэх тухайд
Нэгд, Н.Энхбаяр нь “Эскон” компанийг Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа иргэний хувьд хуулийн дагуу байгуулсан юм. Учир иймд хууль, шүүхийнхний дүгнэж байгаачлан Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Эскон” компани руу өмч шилжүүлсэн хэмээн буруутгах нь хууль эрх зүйн талаасаа болон цаг хугацааны хувьд үндэслэлгүй дүгнэлт юм. Үүнийг МУ-ын “Нөхөрлөл, компанийн тухай хууль”-ийн холбогдох зүйл, түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан “Эскон” ХХК-ний талаархи лавлагаа, холбогдох баримт бичгүүд нотолно (Хавтаст хэрэг, 9-р хавтас, 3-48-р хууд.).
Хоёрт, “Эскон” компани руу нийслэлийн өмчийг шилжүүлснийг нотлох нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Харин Э.Батшугарын “Ремиф”, Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компаниудыг шилжүүлсэн байдаг. Энэ нь дараахь нотлох баримтаар нотлогдоно. Үүнд:
“Гэрч Г.Батжаргал /Нотариатч/-ын мэдүүлэг:
1.Б.Тулга нь 2010-02-08-ны өдөр “Эскон “ХХК-ний хувьцааны 25%-ийн 25 ш. хувьцааг өмчлөх эрхээ хариу төлбөргүйгээр Н.Энхбаярт шилжүүлэхээр зөвшөөрсөн хувьцаа шилжүүлэх гэрээ,
2.Н.Энхбаяр нь 2010-02-28-нд “Эскон” ХХК-ний бүх хувьцааг Н.Энхтуяад хариу төлбөргүйгээр шилжүүлсэн хувьцаа шилжүүлэх гэрээ,
3.Э.Батшугар нь 2010-03-03-нд “Ремиф” ХХК-ний 100%-ийн хувьцааг хариу төлбөргүй “Эскон” ХХК-д шилжүүлсэн хувьцаа шилжүүлэх гэрээг баталгаажуулах үед иргэн Н.Энхбаяр, Н.Энхтуяа, Э.Батшугар, Б.Тулга нар нотариатч дээр өөрийн биеэр хүрэлцэн ирээгүй.
Өмнө нь надтай Хууль зүйн яаманд хамт ажиллаж байсан Ш.Раднаасэд ирж уулзаад батлаад өгөөч гэж хүсэлт тавьсаны дагуу би баталгаажуулж өгсөн. Энэ хүмүүс ажил ихтэй болохоор өөрсдийн биеэр ирж амжихгүй гэж хэлдэг байсан.
Нотариатч хэлцэл хийж байгаа хүнийг өөрсдийн биеэр байлцуулах үүрэгтэй.”
(Хавтаст хэрэг, 46-р хавтас, 141-р хуудас)
Түүнчлэн:
Гэрч Ш.Раднаасэд /Хуулийн зөвлөх/-ийн мэдүүлэг:
“Би нотариатч Г.Батжаргалыг танина. Хууль зүйн яаманд хамт ажиллаж байсан. Батжаргал нотариатч дээр очиж, Н.Энхбаярын хамааралтай хэд хэдэн гэрээг баталгаажуулж байсан. Уг гэрээнүүдийн текст, агуулгыг би бичсэн. ... Н.Энхбаяр дарга ийм гэрээ хийх хэрэгтэй байна гэсний дагуу би бичиж өгсөн. Цаад учир шалтгааныг мэдэхгүй байна.”
(Хавтаст хэрэг, 46-р хавтас, 17-18-р хууд.)
Гэхдээ хууль, шүүхийнхэн ийнхүү шилжүүлснийг гэрч Т.Батжаргалын мэдүүлгүүдэд үндэслэн хүчингүйд тооцох ёстой хэмээн яллах дүгнэлтдээ бичсэн байдаг мөртлөө одоо болохоор Н.Энхбаярыг гэр бүлээр нь хэлмэгдүүлэхийн тулд үндэслэлгүй дүгнэлт гаргаж, “нийслэлийн өмчийг өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанид шилжүүлэн завшсан” хэмээн хүчээр буруутгаж байгаа энэхүү бусармаг үйлдлээс тод харагдаж байна.
Гуравт, хууль, шүүхийнхэн “Хар Дун” компанийг Э.Батшугарын компани мэтээр санаатайгаар мушгин гуйвуулж тооцоод, тэр компанийг “Эскон” компани руу шилжүүлсэн мэтээр илэрхий буруу дүгнэлт хийдэг. Энэ бол буруу дүгнэлт мөн гэдэг нь нотариатч Г.Батжаргалын дээрх мэдүүлгээр нотлогдоно. Түүнчлэн “Хар дун” ХХК-ийг үүсгэн байгуулсан дүрэм, түүнд: “2007 оны 10 сарын 09 өдөр. Үүсгэн байгуулагч, захирал нь Б.Хуяг. Зочид буудал, гадаад худалдаа, аялал жуулчлал эрхлэн явуулах зорилготой, ганц гишүүнтэй ХХК” (Хавтаст хэрэг, 9-р хавтас, 170-172-р хуудас) гэж бичигдсэнээр, түүнчлэн “Хар дун” ХХК-ийн гэрчилгээ, түүнд: “Хар дун” компани нь Б.Хуяг гэсэн нэг гишүүнтэй, Б.Хуяг захиралтай” (Хавтаст хэрэг, 9-р хавтас, 179-р хуудас) гэж бичигдсэнээр, түүнчлэн Э.Батшугарын гарын үсгийн криминалистик шинжилгээний дүн, түүнд: “2012 оны 03 сарын ШШҮХ-н кримналистик шинжилгээний ¹1050/1054 тоот дүгнэлтийн үзлэг ба шинжилгээний хэсэгт 13 асуултанд хариулсан байх бөгөөд ... 2007 оны 10 сарын 05 өдрийн “Хар дун” компанийг үүсгэн байгуулах шийдвэрт зурсан гарын үсгүүд нь Э.Батшугарын загвар гарын үсгийн хэв маягтай тохирохгүй байна” (Хавтаст хэрэг, 18-р хавтас, 43-51-р хуудас) гэж бичигдсэн дүгнэлтээр тус тус давхар нотлогдоно.
Дөрөвт, шүүхийнхэн “Медиа холдинг” компани нь 2008 оны 9 сарын 8-нд НӨХКомиссоос “УБ таймс” сониныг Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багт нь хувьчлахаар хамтын шийдвэр болох 75 тоот тогтоол гаргасны дараа “УБ таймс” сонин болон Д.Чулуунбаатартай зээлийн, түүнчлэн хөрөнгө оруулалтын гэрээ хийж, нийт дүнгээрээ 1 тэрбум орчим төгрөг зээл олгож, хөрөнгө оруулалт оруулсан байдаг. Тийнхүү гэрээ хийхдээ Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багийн хүсэлтээр гэрээ байгуулсан байдаг бөгөөд хэвлэл, мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Медиа холдинг” компани нь “УБ таймс” сонины цалин, байрны түрээс, сонин хэвлүүлэх зардал г.м.-ийг хариуцах, өр төлбөр (шүүхийн шийдвэрээр төлөх ёстой хэмээн тогтоогдсон НДШ, татвар, цалин г.м.)-ийг төлж барагдуулахаар тохирч, ийнхүү хамтран ажиллаж, ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсныхаа төлөө тус сонины 49 хувийг эзэмшихээр тохирсон байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн болон хөрөнгө оруулалтын гэрээгээр нотлогдоно (Хавтаст хэрэг, 2-р хавтас, 86-р хууд., мөн 5-р хавтас, 79-85-р хууд.). Ингэсэн нь хуулийн дагуу хийгдсэн, хууль зөрчөөгүй ажиллагаа мөн билээ. Нэг аж ахуйн нэгж нэг тэрбум орчим төгрөгийг зээл, хөрөнгө оруулалтын хэлбэрээр нөгөө аж ахуйн нэгжид зарцуулж, хариуд нь нөгөө компанийн тодорхой хувийг эзэмшихээр гэрээ хийх нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хооронд хийгддэг хэвийн ажиллагаанд тооцогдоно. Улаанбаатар хотын НӨХКомиссоос хамтын шийдвэр болох 75 тоот тогтоол гаргасан, хоёр компанийн хооронд зээл, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж ажилласан зэрэг нь цаг хугацааны хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч зөрчилгүй бөгөөд энэхүү хууль зөрчөөгүй ажиллагааг нэг болохоор “УБ таймс” сониныг “Медиа холдинг” компанийн нэр дээр хувьчилсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт гарган буруутгаж, эсхүл нийслэлийн өмчийг “Эскон” компани руу шилжүүлсэн мэтээр илэрхий буруу ташаа дүгнэлт гаргаж, түүндээ үндэслэн Н.Энхбаярт Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь өөрт нь огт хамааралгүй байсан, тэрээр ямар нэгэн байдлаар албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь нотлогдохгүй байгаа асуудлаар, түүнчлэн хуулийн хамааралгүй зүйлээр санаатайгаар нотлох баримтыг бодит байдлаас нь илт мушгин гуйвуулж, хүчээр ял тулган оногдуулж байгаа нь хууль ноцтой зөрчсөн ажиллагаа гэж тооцогдоно.
“Завшсан” гэхийн тухайд бол МУ-ын Эрүүгийн хуулийн тайлбар номонд: “Завших гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байгааг ойлгоно.” гэжээ (хууд.380).
Түүнчлэн 2001, 2004 онуудад тус тус хэвлэгдсэн “МУ-ын Дээд шүүхийн тогтоолын эмхтгэл” номонд: “Эд хөрөнгийг “завших” гэмт хэрэг нь албан ажлын үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгавраар тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа этгээд энэ эрхээ ашиглан эзэмшилдээ байгаа хөрөнгөнөөс хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашиглахыг хэлнэ.” гэжээ (Улаанбаатар, 2001 он, хууд.175., Улаанбаатар, 2004 он, хууд.362).
Гэтэл Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа нэгд, “Өргөө” зочид буудал НӨҮГ, “УБ таймс” сонин НӨҮГ-ыг “албан ажлын үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгавраар эрхлэн хариуцах эрхийг эдэлж байсан этгээд” байгаагүй, хоёрт, “эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа”-гүй тул “энэ эрхээ ашиглах” аливаа үйлдлийг хийгээгүй, гуравт, “эзэмшилдээ байгаа хөрөнгө”-гүй байсан тул “эзэмшилдээ байгаа хөрөнгөнөөс хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашиглах” аливаа үйлдэл хийгээгүй байна. Тэр тусмаа өөрөө шийдвэр гаргах, “хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашиглах” аливаа үйлдлийг хийгээгүй болно. Тийм учир Н.Энхбаяр нь “Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглан завшсан” гэх нь бодит байдалтай нийцэхгүй, нотлох баримтаар нотлогдохгүй буруу ташаа дүгнэлт болсон байна.
Дүгнэхэд Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “нийслэлийн өмчийг өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанид шилжүүлэн завшсан” гэх нь илэрхий буруу дүгнэлт болж байна.
5.Онц их хэмжээний хохирол учруулсан гэх тухайд
АТГ нь “ХҮТ” хэмээх үнэлгээний компанийг хөлслөн авч, захиалга өгч, “Өргөө” зочид буудал НӨҮГ, “УБ таймс” сонин НӨҮГ-ын үнэлгээг дахин хийлгэхэд тэр компани нь тэдгээр аж ахуйн байгууллагын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийлгэлүй орхигдуулсан байна, тэрхүү үнэлгээг хийж үнийг нь нэмэхэд “Ю Би Пропертиз” үнэлгээний компанийн хийсэн эхний үнэлгээний дүн нэмэгдэж байна. Энэ зөрүү нь учруулсан онц их хэмжээний хохирол хэмээн тооцож байгаа билээ. Энэ нь огт үндэслэлгүй, үнэн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт мөн билээ. Үүнийг дараах байдлаар няцаая. Үүнд:
Нэгд, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид хамтын шийдвэр болох 188 тоот тогтоол, түүнийг хэрэгжүүлэхээр НЗДарга 555 тоот захирамж тус тус гаргаж, “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг өөрчлөн байгуулж, “Хар дун” компанийн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг татан оруулснаар түүний нэг хэсгийг нь хувьчилж, “Дун өргөө” хамтарсан компани байгуулахад, түүнчлэн НӨХКомисс хамтын шийдвэр болох 75 тоот тогтоол гаргаж, “УБ таймс” сонин НӨҮГ-ыг хувьчлахад тийнхүү гарсан шийдвэрүүдэд нь тэдгээр аж ахуйн байгууллагын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийг эс үнэлэх тухай, тус тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох, эс олгох тухай тусгайлан бичигдээгүй байдаг. Энэ нь тухайн үед Улаанбаатар хотынхон нэгэнт дээрээ барилгатай, дуудлага худалдаанд оруулах төлөвлөгөөгүй газрын газар эзэмших эрхийг үнэлдэггүй журмын дагуу ажиллаж байсныг нотолдог (2007 оны НИТХ-ын Тэргүүлэгчдийн 188 тоот тогтоол, НЗДаргын 555 тоот захирамж, 2008 оны НӨХКомиссын 75 тоот тогтоол).
Хоёрт, үнэн хэрэг дээрээ тухайн үед “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг БОЯ-наас “Өргөө” НӨҮГ-ын нэр дээр олгоогүй байсан байдаг, түүнчлэн “УБ таймс” сонин НӨҮГ-ын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Улаанбаатар хотоос “УБ таймс” сонин НӨҮГ-ын нэр дээр гаргаагүй байсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар, тухайлбал Нийслэлийн газрын албаны дэд дарга Ц.Төрхүүгийн гарын үсэг бүхий албан тоот бичиг (хавтаст хэрэг, хавтас 5, хууд.20) зэргээр нотлогддог юм. Тэгэхээр нэгэнт дээрээ барилгатай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагууд “Өргөө” зочид буудал НӨҮГ, “УБ таймс” сонин НӨҮГ-ын нэр дээр гаргаагүй байсан байхад тэд өөрсдийнх нь нэр дээр гэрчилгээ нь олгогдоогүй газраар дамжуулж, хэн нэгэнд, ямар нэгэн субъектэд онц их хэмжээний хохирол учруулсан байж таарахгүй нь ойлгомжтой.
Гуравт, Тухайн үед дээрээ барилгатай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ хэний мэдэлд байсан, эсхүл хэний нэр дээр гарсан байсныг судлахад “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын дээрээ барилгатай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ БОЯ-нд, “УБ таймс” сонин НӨҮГ-ын дээрээ барилгатай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ Улаанбаатар хотод тус тус байсан байдаг. Тэгэхээр дээрээ барилгатай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ хэн хэний нэр дээр байсан, тэд онц их хэмжээний хохирол учруулсан байна гэж үзэхэд БОЯ нь улсад, Улаанбаатар хот нь өөртөө онц их хэмжээний хохирол учруулсан болж таарна. Гэтэл энэ нь бас л үндэслэлгүй, бүр утгагүй дүгнэлт болно. Учир нь аливаа гэрчилгээ, бичиг баримтын шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байхад тэгсэн нь тухайн гэрчилгээ, бичиг баримтыг өөр дээрээ авч хадгалсан байгууллагад хохирол учруулсан мэтээр тооцогдох үндэслэлгүй.
Дөрөвт, “Ю Би Пропертиз” үнэлгээний компани нь дээрээ барилгатай газрын газар эзэмших эрхийн үнэлгээг орхигдуулсан байна гэж үзээд хохирлыг энэ компаниас гаргуулахаар шаардая гэхэд мөн л үндэслэлгүй дүгнэлт, шаардлага болно. Учир нь дээрээ барилгатай, дуудлага худалдаанд оруулах төлөвлөгөөгүй газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийдэггүй журам байдаг. Түүнчлэн тухайн аж ахуйн нэгжүүдийн барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь БОЯ болон Улаанбаатар хотоос тэдгээр аж ахуйн байгууллагын нэр дээр олгогдоогүй байсан учир тэдгээр газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийх ямар ч бололцоогүй байсан байдаг. Тэр тусмаа газрын хэмжээ нарийн тогтоогдоогүй, нарийвчилсан координат нь гараагүй байсан байхад бодитой үнэлгээ хийх ямар ч бололцоогүй билээ.
Энэ бүхнийг үндэслэн бодит байдалтай нийцүүлэн, түүнчлэн үйлчилж байгаа хууль, журмыг баримтлан дүгнэхэд “Өргөө” зочид буудал НӨҮГ, “УБ таймс” сонин НӨҮГын барилгын доорхи, тусдаа дуудлага худалдаанд орох төлөвлөгөөгүй газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийх хууль эрх зүйн боломж байхгүй. Түүнчлэн хууль эрх зүйн харилцаа талаасаа үзсэн ч, энгийн эрүүл саруул ухаанаар бодсон ч хэн нэгэн субъектэд ямар нэгэн өмчийг эзэмших эрхийн гэрчилгээг олгоогүй мөртлөө түүнийг тэрхүү эзэмших эрхийн гэрчилгээ нь олгогдоогүй өмчийг завшиж, хэн нэгэнд онц хэмжээний хохирол учруулсан мэтээр яавч тооцож болохгүй юм. Шүүх өөрөө удаа дараа ийм утгагүй, эрүүл саруул биш, зохиомол, үндэслэлгүй, илэрхий буруу дүгнэлт гаргаад байгаа тул няцаалт нь хэтэрхий ойлгомжтой юмыг дахин дахин давтан тайлбарлаж байгаа мэт санагдаж болно. Гэхдээ энэ бол хууль, шүүхийнхний тоть мэт давтаад байгаа үндэслэлгүй дүгнэлтийг няцаахын тулд өөрийн эрхгүй давтагдаж байгаа тайлбар юм шүү.
Тэр тусмаа энэ бүхэн нь тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяртай ямар ч холбоогүй асуудал мөн бөгөөд Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг нь огт үндэслэлгүй дүгнэлт, түүнд үндэслэн гаргасан шүүхийн шийдвэр нь хууль зөрчсөн шийдвэр болж байгаа нь улам тодорхой болж, батлагдаж байна.
Эцэст нь дүгнэхэд хууль, шүүхийнхэн “Ю Би Пропертиз” үнэлгээний компанийн үнэлгээний дүн, “ХҮТ” компанийн гаргасан үнэлгээний дүн гэсэн хоёр өөр дүнгийн зөвхөн “ХҮТ” компанийн гаргасан үндэслэлгүй үнэлгээний зохиомол дүнг баримталж, тэр нь бодит байдалд нийцэхгүй байгааг үл харгалзан түүнд тулгуурлан онц их хэмжээний хохирол учруулсан мэтээр буруутгаж, мугуйдлан зүтгээд байгаа нь ЭБШХ-ийн 318.1, 319.1, 320.1, 323.1.2-ыг ноцтой зөрчсөн ажиллагаа болж байна.
Бодит байдал ямар байгааг тодорхой тоон дээр үндэслэн дахин тодруулая. Б.Хуягийн “Хар дун” компаниийн зарцуулсан хөрөнгийн тоог авч үзвэл хөндлөнгийн шинжээчдийн шалгаж тогтоосноор 1,4 тэрбум төгрөг болж байна. “Хар дун” компани нь Улаанбаатар хотоос үнэгүй нэг ч төгрөгийн эд хөрөнгө аваагүй нь түүний Улаанбаатар хоттой байгуулсан гэрээ, түүний заалтууд болон тэрхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, “Өргөө” зочид буудал НӨҮГ-т 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бодитойгоор оруулж, ингэснээр “Дун өргөө” хамтарсан компанийн 75 хувийг эзэмших болсноор нотлогдоно. Улаанбаатар хот нь “Өргөө” зочид буудлыг орчин үеийн өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан болгон өөрчлөн байгуулж, 468 сая төгрөгийн үнэ бүхий өөрийн өмчийг гэрээний дагуу “Дун өргөө” хамтарсан компанид 25 хувьд нь тооцон баталгаажуулснаар огт хохироогүй бөгөөд харин ч сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа 2011 оноос эхлэн тус байгууллагаас ногдол ашиг авч эхэлснээр нийслэлд ашигтай төсөл болсон гэж дүгнэгдэнэ. Харин шүүх үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргаснаар Б.Хуяг, түүний компани болох “Хар дун” компанийн “Өргөө” зочид буудалд бодитойгоор оруулсан 1,4 тэрбум төгрөгийг нэг ёсны “дээрэмдсэн” болж байна.
Нөгөө талаар Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг “Медиа холдинг” компаниас гэрээний дагуу зээлийн болон хөрөнгө оруулалтын хөрөнгө хэмээн нийт 1 тэрбум орчим төгрөгийг авч, “УБ таймс” сонин НӨҮГ-т болон нийслэлд зарцуулж, шилжүүлсэн байдаг. Энэ бол үнэхээр бодитойгоор зарцуулагдсан хөрөнгө мөн гэдэг нь “УБ таймс” сонин болон “Медиа холдинг” компанийн хооронд байгуулсан гэрээ, түүний хэрэгжилтийн санхүүгийн баримтуудаар нотлогдоно.
Улаанбаатар хот нь “УБ таймс” сонины барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Чулуунбаатар болон “УБ таймс” сонины нэр дээр гаргаагүй, өөртөө авч үлдсэн байдаг. Гэтэл “ХҮТ” компанийн зохиомол, үндэслэлгүй үнэлгээгээр “УБ таймс” сонины барилгын доорхи газрын газар эзэмших эрх 2,1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж, шүүх ийм хэмжээгээр Улаанбаатар хотод хохирол учирсан мэтээр буруу дүгнэж, хууль зөрчсөн шийдвэр гаргаж, Н.Энхбаяр нарт хүчээр ял тулган оногдуулсан байдаг. “УБ таймс” сонины барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ Улаанбаатар хотод өөрт нь байж байхад яаж Улаанбаатар хот хохирсон байхав дээ?! Улаанбаатар хот хохироогүйгээр барахгүй харин хожим нь хууль бусаар тус сонины хувьчлалыг буцааснаар Д.Чулуунбаатар, “Медиа холдинг” компанийн зарцуулсан 1 тэрбум орчим төгрөгийг нэг ёсны “дээрэмдэж”, тэднийг хохироосон байгаа билээ.
Тийм учир шударга ёс гэж байдаг бол “Өргөө” зочид буудал НӨҮГ, “УБ таймс” сонин НӨҮГ-тай холбоотойгоор Улаанбаатар хот огт хохироогүй бөгөөд харин жинхэнэ онц их хэмжээгээр хохирсон нь “Өргөө” зочид буудалд 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад, шүүхийн буруу шийдвэрээр өмч хөрөнгөө нэг ёсны “дээрэмдүүлэх” болоод байгаа Б.Хуяг ба “Хар дун” компани, 1 тэрбум төгрөгийн бодитой хөрөнгө зарцуулсан Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг ба “Медиа холдинг” компани Улаанбаатар хотоос үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргаж, тус сонины хувьчлалыг буцааснаар тэрхүү зарцуулсан хөрөнгөө бас л нэг ёсны “дээрэмдүүлсэн” болж, тус тус хохирч байна.
Б.Хуяг ба “Хар дун” компани, Д.Чулуунбаатар, “Медиа холдинг” компани “Өргөө” зочид буудал, “УБ таймс” сонинд оруулсан, зарцуулсан нийт хөрөнгө нь цэвэр дүнгээрээ 2,4 гаруй тэрбум төгрөг болж байна. Дээр нь зарцуулсан мөнгөний алданги, хүүг тооцвол 3 тэрбум гаруй төгрөг болно.
Хөрөнгө мөнгөний хохирлоос илүү шүүхийн буруу шийдвэрээр эрхээ ноцтой зөрчүүлж, эрх чөлөөгөө алдсан хүмүүс улам ихээр хохирч байна. Энэ бүхэнд огт холбогдолгүй Н.Энхбаяр нар шүүхийн үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэрээр хүчээр ял тулгуулснаар хохирч байна. Хохирлын тухай тайлбарлахад ийм байна.
Эцэст нь хууль хэрэглээний талаар саналаа хэлье. ЭХ-ийн 263-р зүйлд “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа” гэж “буюу” холбох үгээр холбосон ижил утгатай хоёр үг гэж ойлгогдохоор бичигдсэн байтал Н.Энхбаярыг заавал буруутгах, түүнд хүчээр ял тулган оногдуулахын тулд ижил утгатай хоёр үгийг өөр өөр утгатай болгож, нэгийг нь нөгөөгөөс нь салгаж, ямар ч үндэслэлгүйгээр, нотлох баримт байхгүй байхад “албан тушаалын байдал” бол албан тушаалтны эрх, үүрэгт нь хамааралгүй “нэр хүнд, нөлөө” мөн гэсэн УДШ-ийн гаргасан, хууль эрх зүй болон хэл зүйн аль ч талаас нь аваад үзэхэд хуультай харшилсан тайлбарыг ашиглан хүчээр ял тулган оногдуулж байгааг эсэргүүцэж байна. “Нэр хүнд, нөлөө” бол яавч хуулийн нэр томъёо биш. Дэлхийн аль ч оронд “нэр хүнд, нөлөө”-г ял болгон хувиргадаг шүүхтэй улс орон байдаггүй бизээ. Энэ нь хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, хэлмэгдүүлэхийг хориглосон Үндсэн хуулийн 16.10, 16.13 зэргийг зөрчиж байна.
Түүнчлэн Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн ажлаа хийж байхдаа ЭХ-ийн 150-р зүйлд бичсэнчлэн хэзээ ч “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” байгаагүй нь Ерөнхийлөгчийн тухай хуулиар батлагдана. Түүнчлэн НИТХТ-ийн дарга Н.Болормаа, НЗДарга Ц.Батбаяр, Т.Билэгт нар мөн адил “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” байгаагүй нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг хууль, тогтоомжуудаар батлагдана.
Түүнчлэн гүйцэтгэгч байхгүй хэрэгт Н.Энхбаяр зохион байгуулагч, Д.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн нар хамжигч хэмээн тооцогдох нь яахын аргагүй хууль, шүүхийн байгуулагаас явуулж буй хууль ноцтой зөрчсөн ажиллагаа мөн.
Хууль, шүүхийн байгуулагын гаргаж байгаа эдгээр зөрчил нь Үндсэн хуулийн 1.2, 16.14, 49.1, 50.2-р зүйл, ЭХ-ийн 3.2, 3.3, 10.1, ЭБШХ-ийн 318.1, 319.1, 320.1, 321, 1.2, 321.1.3 зэргийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Ийнхүү миний бие Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн шүүх хуралдааны 775 тоот тогтоол нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул Н.Энхбаяр нарын зөрчигдсөн эрх, алдагдсан эрх чөлөөг сэргээх, шударга ёсыг тогтоох, шүүхийн байгууллага, шүүгчид хараат бус байдлаар ажиллаж, шударга шийдвэр гаргаж чаддагийг батлан харуулах боломж олгох, тэгэхийн тулд ЭБШХ-ийн 347.2-т заасны дагуу Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хичээнгүйлэн хүсч энэхүү гомдлыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Танаа гаргаж байна.
Энэхүү гомдолд санал бодлоо чин сэтгэлээсээ бичихэд зарим нэгэн хүнд таалагдахгүй үг, өгүүлбэр орсныг үгүйсгэхгүй. Миний бие хэн нэгэнд онц муу болчихоод, өш хонзон санасандаа биш, харин өнөөдрийн Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө үнэ цэнэгүй болж, хөсөр хаягдаж, шударга бус явдал газар авсныг эсэргүүцэж тийнхүү гомдлоо бичсэн болно. Харин тэр нь буруу байжээ гэдгийг нотлох цорын ганц арга бол Н.Энхбаяр нарыг улам ихээр буруутгаж, улам хүчтэйгээр ял тулган оногдуулах биш, харин Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан хуралдаж, шударга шийдвэр гаргах явдал мөн, тэгсний дараа би зарим улс төрчид шүүх, шүүгчдийг хараат байдалд оруулсан байна хэмээн “буруу” ойлгож байсныхаа төлөө өөрөө хамгийн түрүүн уучлал гуйхад бэлэн байгаа гэдгийг Та өөрөө надаар хэлүүлэлтгүй сайн ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Эцэст нь хүсэхэд надад шүүхээс үндэслэлгүйгээр, хууль зөрчин, хууль бусаар, хүчээр ял тулган оногдуулахаас өөр ямар ч арга байхгүй байгаа бол тийм байх болтугай гэж хэлээд, харин намайг дагалдуулж бусад гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй шүү гэж үзэж байгаа учир гэм буруугүй бусад хүмүүс, тухайлбал Д.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн нар гэм зэмгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул тэдний хэрэг гээчийг хэрэгсэхгүй болгох, түүнчлэн Н.Болормаа, Ц.Батбаяр, Т.Билэгт нарын зэрэг бусад хүмүүс хууль зөрчөөгүй, эрх мэдлийнхээ хүрээнд хуулинд нийцүүлсэн шийдвэр гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, холбогдох хууль тогтоомжоор хөдөлбөргүй нотлогдож байгаа учир тэднийг Н.Энхбаяртай хүчээр холбогдуулан хэлмэгдүүлж бас л болохгүй тул тэднийг эчнээгээр буруутгасныг мөн адил хэрэгсэхгүй болгох ухаан Танд болон нийт шүүгчдэд байгаа бизээ хэмээн найдаж байгаагаа илэрхийлье. Энэ бол шүүхэд нөлөөлөх гэсэн хэрэг огт биш бөгөөд гагцхүү шударга ёсыг тогтоох юмсан, надаас болж гэм зэмгүй хүмүүс хэлмэгдүүлж огт болохгүй шүү гэж үнэн голоосоо хүсч байгаа учир гаргаж байгаа чин сэтгэлийн санал билээ.
Гомдол гаргасан
УДШ-ийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн шүүх хуралдааны хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр болох 775 тоот тогтоолоор эрхээ зөрчүүлж, эрх чөлөөгөө алдсан
Н.Энхбаяр
2013 оны 1 сарын 18. 401, 441-р анги, Улаанбаатар хот.