Түрүүч нь http://www.polit.mn/Show.aspx?category=1403&wp:post_id=1247

ХОЁР. “УЛААНБААТАР ТАЙМС” СОНИНЫ ТАЛААР:
1.Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх тухайд
Энд шүүх “албан тушаалын байдал” болон “урвуулан ашиглах” гэсэн хоёр үгийг ашиглан дүгнэлт гаргажээ. Энэ хоёр үг ЭХ-ийн 263-р зүйлд “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас ...” гэж бичигдсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 23-р тогтоолд: “1.Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан “албаны эрх мэдэл” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдэл гэж ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ” гэжээ. Тодруулвал Улсын Дээд шүүх “албаны эрх мэдэл” ба “албан тушаалын байдал”-ыг өөр өөр утга илэрхийлсэн, тус тусдаа хоёр ухагдахуун мэтээр ойлгон тайлбарлажээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ хоёр үг ЭХ-ийн 263-р зүйл, “Авлигын эсрэг хууль”-ийн “урвуулан ашиглах”-ыг тайлбарласан тайлбарт туссанаараа болон эрх зүйн, түүнчлэн хэл зүйн талаасаа хоорондоо хэрхэн уялдан холбогдохыг дараахь байдлаар тодруулая.
Мөн тогтоолд: “... албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа “урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар ойлгож хэрэглэнэ” гэжээ.
Тэгвэл Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж ...” хэмээн тодорхойлсон байна. Тодруулвал энэ хуулинд “урвуулан ашиглах” гэдгийг гагцхүү “албан тушаалын эрх мэдэл”-тэй уялдуулан тайлбарласан байна. Харин энд “албан тушаалын байдал” гэсэн нэг ч үг, үсэг алга байна. Тэгэхээр энэ хуулиар “урвуулан ашиглах” гэдгийг гагцхүү “албаны эрх мэдэл”-тэй холбон ойлгож хэрэглэх ёстой ажээ. Ер нь Ром-Германы хуулийн тогтолцоо буюу Монгол Улсын баримталж байгаа хуулийн тогтолцооны онцлог бол хуулийг яг бичигдсэнээр нь, холбох үг, цэг таслалыг нь хүртэл харгалзан, ягштал баримталж хэрэглэх ёстой гэсэн зарчимтай билээ. Ийм нөхцөлд “албан тушаалын байдал”-ын хувьд түүнийг “урвуулан ашиглах”-тай холбогдуулахдаа “албаны эрх мэдэл”-тэй ижил утга санаа илэрхийлсэн үг хэмээн үзэж, хэрэглэх ёстой гэж ойлгогдож байна. Ингэх нь зөв гэдэг нь хэл зүйн талаас нь авч үзэхэд илүү тодорхой харагдаж байна.
Хэл зүйн талаас нь тайлбарлахад ЭХ-ийн 263-р зүйлд бичигдсэнээс үзвэл “албаны эрх мэдэл” ба “албан тушаалын байдал” хоёрыг хооронд нь “буюу” гэдэг холбох үгээр холбосон байна. Монгол хэлний “буюу” хэмээх холбох үг нь ижил утгатай хоёр үгийг холбодог, харин “эсхүл” гэдэг холбох үг нь өөр өөр утгатай хоёр үгийг холбодог. Жишээ нь “УИХ буюу хууль тогтоох байгууллага” гэхээс биш “УИХ, эсхүл хууль тогтоох байгууллага” гэхгүй. “Буюу” хэмээх холбох үгээр холбогдсон үгс нь дандаа ижил утга бүхий хоёр үг мөн байдаг тул “УИХ” нь хуулиар тогтоосон эрх мэдлийн хүрээнд ажиллах ёстой байгууллага, харин “хууль тогтоох байгууллага” гэдэг бол УИХ-ын нэр хүнд, нөлөөг хэлнэ” хэмээн өөр өөр утгатай хоёр үг болгон тайлбарлаж болохгүй.
Тэгэхээр хууль эрх зүй болон хэл зүйн аль ч талаас нь аваад үзэхэд “албаны эрх мэдэл” буюу “албан тушаалын байдал” нь ижил утга бүхий хоёр үг мөн бөгөөд Улсын Дээд шүүх эсрэгцүүлэн тайлбарснаар буруу тайлбар гаргажээ. Тэгвэл Үндсэн хуулийн 50.2-т зааснаар Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилвал хуулийг дагаж биелүүлэх ёстой. Ер нь өгүүлбэрт “буюу” ба “эсхүл” холбох үгсийн гүйцэтгэдэг үүрэг өөр өөр гэдгийг монгол хэлний сурах бичгүүдэд тодорхой тайлбарлан бичсэн байдаг.
Дээд шүүх “албан тушаалын байдал” гэдгийг “нэр хүнд, нөлөө” хэмээн тайлбарласныг өнөөдөр тухайн албан тушаалтан ямар ч үйлдэл хийгээгүй байхад хүртэл нэр хүнд, нөлөөгөөрөө өөртөө болон бусдад шахалт үзүүлж шийдвэр гаргасан, бусдаар гаргуулсан, бараг л “нүдээ ирмэх”-ээс авахуулаад “зүгээр сууж байгаараа хүртэл нөлөөлсөн” гэх зэргээр яагаад ч нотлогдохгүй хийсвэр үйлдлээр түүнийг буруутгаж, гэм зэмгүй хүнд хүчээр ял тулган оногдуулахад үндэслэн ашиглаж байгаа нь хуулийг буруу тайлбарласнаас болж хичнээн их хор уршиг учирч болохыг тод томруун харуулж байна.
Тэгээд ч “нэр хүнд, нөлөө” гэдэг нь дэндүү хийсвэр, ихээхэн субъектив шинж чанартай ойлголт мөн бөгөөд “нэр хүнд, нөлөө”-г нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоон нотлох боломжгүй билээ. Тухайн албан тушаалтан “нэр хүнд, нөлөө”-тэй гэдгийг хэн ч баттай хэлж, тогтоож чадахгүй. Аливаа албан тушаалыг “нэр хүнд, нөлөө” биш, харин “эрх мэдэл” тодорхойлолно. Хуулиар хэн нэгэнд “нэр хүнд, нөлөө”-г олгож болохгүй, харин хуулиар “эрх мэдэл”-ийг олгож болно. Тухайн албан тушаалтан “нэр хүнд, нөлөө”-тэй байсан байгаагүй “эрх мэдэл”-ийнхээ хүрээнд л тодорхой шийдвэр гаргах үйлдэл, эс үйлдэл хийнэ. Тийм ч учир эрх мэдлээ “урвуулан ашиглах”, “хэтрүүлэх” гэх зэргийг хуулиар тогтоож, тайлбарлаж болдог, тэгэх ч ёстой байдаг. “Нэр хүнд, нөлөө” хэмээх туйлын хийсвэр зүйлийг “урвуулан ашиглах”, “хэтрүүлэн ашиглах” гэдэгтэй холбож ойлгох, хэрэглэх боломжгүй, хуулийн зүйл, заалтыг ийнхүү олйгож хэрэглэвэл гэм зэмгүй хүнд үндэслэлгүйгээр, таамаглалаар хүчээр ял тулган өгөх нөхцөл бүрдэнэ. Тийм ч учир төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах зарчимтай уялдуулж, аль болохоор эрх мэдлийг нь хэтрүүлэхгүй байлгах зарчим баримталдаг бөгөөд үүнийг төрийн байгууллага хуулиар зөвшөөрөгдөөгүйг хийж болохгүй хэмээн хялбаршуулан томъёолдог билээ. Төрийн байгууллага ч аливаа тайлбар гаргахдаа төрийн байгууллагын эрх мэдлийг хэтрүүлсэн, өргөжүүлсэн, нэмэгдүүлсэн бодлого баримтлах нь төрийн онолын хувьд буруу юм. Төрийн эрх зүйн талаас нь аваад үзсэн ч Дээд шүүхийн “албан тушаалын байдал” гэснийг “албаны эрх мэдэл”-ээс салгаж, “нэр хүнд, нөлөө” хэмээх хийсвэр ойлголтоор утга санааг нь өргөжүүлэн нэмэгдүүлж тайлбарласан нь буруу болжээ. Хууль бол хийсвэр, нотлогдох боломжгүй ойлголтонд биш тодорхой үйлдэлд үндэслэн үйлчилж баймааж шүүх шударга шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
Мөн Дээд шүүх нь “албан тушаалын байдал” гэдгийг “албаны эрх мэдэл” гэдгээс “буюу” хэмээх хоёр ижил утгатай үгийг холбодог холбох үгээр холбогдсон байхад үл хэрэгсэн зориуд салгаж, өөр өөр утга бүхий хоёр үг хэмээн үзэж, “албан тушаалын байдал” бол “нэр хүнд, нөлөө” гэж тайлбарласан нь эрхээ хэтрүүлсэн, өөрт нь оногдоогүй, гагцхүү хууль тогтоох байгууллагын л эдлэх ёстой эрх мэдлийг хэрэгжүүлсэн байна.
Түүнчлэн гэмт үйлдэл, эс үйлдэл нь “... ямагт идэвхтэй хөдөлгөөнөөр заавал илрэх гэмт зан үйл” (МУ-ын ЭХ-ийн тайлбар ном, хууд. 70) гэж үздэг байна. Өөрөөр хэлвэл үйлдэл, эс үйлдэл нь заавал идэвхтэй үйлдэл байж, тэр утгаараа илрэх ёстой гэдэг нь нэн чухал ойлголт юм. Илрэх гэдэг нь нотлох баримтаар нотлогдох ёстой гэсэн үг. Нотлох баримтаар нотлогдоогүй байхад тус үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэг мөн хэмээн таамаглаж хэрхэвч болохгүй. Тийм ч учир ЭБШХ-нд шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй, мөн ЭХ-нд тус хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэж тодорхой заасан байдаг.
Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан байвал гэмт хэрэг нь төгс бүрдэл болсон тооцогддог. Хохирол хохиролдоо материаллаг хохирол. Гэмт хэрэг нь үйлдэгдсэн бол төгс бүрдэл баймааж сая гэмт хэрэгт тооцогдоно гэдэг зарчим нэн чухал билээ. Эс тэгвээс бодитой хохирол учраагүй байхад үйлдлийг бус санаа бодлыг гэмт хэрэгт тооцдог болох, ингэснээр хэн нэгнийг үзэл бодлынх нь төлөө гэм буруутай болгох, энэ нь мөн нотлох баримтанд тулгуурлаж биш, харин таамаглалаар хүчээр ял тулгах зэргээр гэм зэмгүй хүмүүсийг хавтгайруулан яллах балмад ажиллагаа болж хувирна. Үнэхээр гэмт хэрэг мөн бол бодитой хохирол учирсан үйлдэл байх гэдэгтэй холбож ойлгох, ийм зарчим баримтлах шаардлагатай. Энэ тухай “МУ-ын Эрүүгийн хуулийн тайлбар” хэмээх номонд: “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулснаар бүрдэл төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг мөн” (хууд.617) гэжээ. Харин хохирол учраагүй бол төгс бус бүрдэл бүхий үйлдэл болоогүй гэсэн үг, төгс бус бүрдэлтэй бол гэмт хэрэг гэж тооцогдохгүй. Тэгвэл “гэмт хэрэг байхгүй бол ял байхгүй, ял байхгүй бол гэмт хэрэг байхгүй” гэсэн зарчим үйлчилнэ.
Шүүхээс үндэслэлгүй шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчийн албан тушаалын байдал буюу “нэр хүнд, нөлөө”-г “урвуулан ашигласан” гэж дүгнэхдээ Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудлаар өөрөө ямар нэгэн шийдвэр гаргаагүй, бусдад ч нөлөөлөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдал ажиглагдаж байна. Нөгөө талаар “албан тушаалын байдлаа буюу нэр хүнд, нөлөө”-гөө ашиглаж, “бараг зүгээр сууж байгаагаараа” нөлөө үзүүлж, бусдаар “Өргөө” зочид буудлын талаар шийдвэр гаргуулсан гэж үзэх гэж оролдож байгаа нь харагдаж байна. Тэгвэл нэгд, үйлдэл илрэх ёстой гэсэн зарчмын дагуу бусдаар шийдвэр гаргуулсныг тодорхой нотлох баримтаар нотлох ёстой. Хоёрт, хэн нэгэн хүн бусдын гаргасан шийдвэрийн төлөө хариуцлага хүлээх ёсгүй бөгөөд ЭХ-инд бусдын гаргасан шийдвэрийн төлөө огт өөр хүнд хариуцлага хүлээлгэх тухай зүйл, заалт байдаггүй. Харин ч хүн зөвхөн өөрийнхөө үйлдлийн төлөө өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн хатуу зарчим суусан байдаг бөгөөд энэ нь ЭХ-ийн 8.2-т бичсэнчлэн “Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэж илэрхийлэгджээ. Гуравт, “урвуулан ашиглах” нь Авлигын эсрэг хуульнд тайлбарласны дагуу тухайн албан тушаалтан албан тушаалын байдлаа биш, чухамхүү албаны эрх мэдлээ ашиглаж, шийдвэр гаргаж, тэр нь гэмт хэргийн шинжтэй бол хариуцлага хүлээхээр тайлбарлагдсан байгаа билээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ын талаар “албаны эрх мэдлээ буюу албан тушаалын байдлаа” ямар нэгэн байдлаар “урвуулан ашиглаж”, өөрөө шийдвэр гаргасан, эсхүл бусдаар шийдвэр гаргуулсан гэдгийн аль нь ч нотлогддоггүй билээ.
Энэ нь Т.Билэгт (Хавтаст хэрэг, 45-р хавтас, 91-93-р хууд.), Ж.Саруулбуян (Хавтаст хэрэг, 46-р хавтас, 191-220-р хууд.), Д.Чулуунбаатар (Хавтаст хэрэг, 45-р хавтас, 60-66-р хууд.) нарын болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Тэд мэдүүлгүүддээ Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн хувьд “УБ таймс” сонин НӨҮГ-ын ямар нэгэн шийдвэр өөрөө гаргаагүй, мөн гаргуулахаар амаар болон бичгээр нөлөөлөөгүй, эсхүл үүрэг даалгавар өгөөгүй гэсэн байдаг. Түүнчлэн Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн хувьд “УБ таймс” сонин НӨҮГ-ын талаар ямар нэгэн шийдвэр гаргуулах талаар өөр аргаар нөлөөлсөн гэдгийг нотлох амаар хэлэгдсэн, бичгээр үйлдэгдсэн нэг ч нотлох баримт байдаггүй.
Эцэст нь тэмдэглэхэд хуулийн логикоор бол хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа этгээд гэмт хэрэг хийгээгүй гэдгээ заавал өөрөө нотлох албагүй, харин түүний гэмт хэрэг хийсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байх нь тэр этгээд гэм буруугүй гэж тооцогдоход хангалттай үндэслэл болох ёстой байдаг. Энэ тухай ЭБШХ-ийн 36.4-т “Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийгөө гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэжээ. Энэ зарчмыг Үндсэн хуулийн 16.14-т заасан “шударга шүүхээр шүүлгэх эрхтэй, ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэсэнтэй уялдуулвал аливаа хүн анхнаасаа гэм буруугүй гэж тооцогдоно хэмээх хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой нэн чухал, суурь зарчим буй болно.
Энэ бүхнээс үзвэл Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг нь нотлох баримтаар нотлогддоггүй учир, түүнчлэн “нэр хүнд, нөлөө”-г урвуулан ашиглах тухай хуульнд бичигдээгүй байгаа учир Н.Энхбаяр нь гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэх боломжгүй юм.
Тэгвэл гэмт хэрэг ба ял хоёр бол хоорондоо харилцан шүтэлцээтэй хоёр ухагдахуун мөн бөгөөд нэг нь байхгүй бол нөгөө нь байх ёсгүй бөгөөд энэ нь “гэмт хэрэг байхгүй бол ял үгүй” гэсэн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмаас урган гардаг.
2.Т.Билэгт, Д.Чулуунбаатар нартай бүлэглэсэн гэх тухайд
Дээд шүүхийн 775-р тогтоолд Н.Энхбаяр нь Т.Билэгт, Д.Чулуунбаатар нартай бүлэглэсэн, өөрөө зохион байгуулагч нь гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн Д.Чулуунбаатарыг хамжигч гэжээ.
Үндсэн хуульнд болон бусад хуулинд гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн зарчим байдаг. Тэгвэл Т.Билэгт нарын асуудлыг шүүхээр хэлэлцээгүй мөртлөө тэднийг гэмт хэрэг хийхэд бүлэглэн оролцсон мэтээр урьдчилан буруутган дүгнэж, эчнээгээр ял тулгаж байгаа нь дээрх зарчмыг ноцтой зөрчсөн балмад явдал мөн гэж дүгнэхээс өөр аргагүй. Т.Билэгт нар нь хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд хуулинд нийцүүлэн шийдвэр гаргасныг ямар ч үндэслэлгүйгээр, нотлох баримтгүйгээр, бүр шүүхийн хуралдаанаар хэлэлцэлгүйгээр, тэднийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шууд буруутгаж байгаа нь хүний эрх, эрх чөлөөг дэндүү бүдүүлгээр зөрчсөн ажиллагаа болж байна.
Мөн аливаа бүлэглэсэн хэмээх хэрэгт гүцэтгэгчийг нотлох баримтаар хөдөлбөргүй олж тогтоосны дараа л зохион байгуулагч, хамжигч, хамтрагчийг тогтоож болно. Энэ тухай “МУ-ын Эрүүгийн тайлбар” номонд: “Гэмт хэрэгт хамтран оролцож байгаа зохион байгуулагч, хатгагч, хамжигчийн үйл ажиллагаа нь зөвхөн гүйцэтгэгчийн үйлдлээр дамжин хэрэгждэг болохоор гүцэтгэгч бол хамгийн гол оролцогч юм. ... Гүцэтгэгчгүйгээр бусад оролцогчид, бусад оролцогчидгүйгээр гүйцэтгэгч гэсэн ойлголт байх ёсгүй” (хууд.118) гэжээ.
Энэ бол гүйцэтгэгч байхгүй зохиомол хэрэг гэдгийг хууль, шүүхийнхэнд удаа дараа анхааруулсаар байтал хараат хууль, шүүхийнхний нэгэн төлөөлөгч болсон Ё.Сагсай: “гүйцэтгэгч бий болох болно” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд зогсож байх жишээтэй (Нийслэлийн давж заалдах шатны 495-р магадлал). Энэ бол гэм зэмгүй хүмүүсийг шүүх хуралдаан болоогүй байхад эчнээгээр яллаж, урьдчилан буруутгахаар хэзээний төлөвлөчихсөн байгаагийн бас нэгэн баталгаа мөн.
Тэгэхээр гүйцэтгэгч байхгүй байгаа хэрэгт зохион байгуулагч, хамжигчийн аль нь ч байхгүй нь ойлгомжтой асуудал. Тэгвэл Н.Энхбаяр нарт хүчээр тулгаад байгаа хэрэгт гүйцэтгэгч байхгүй байгаа бөгөөд тийм учир Н.Энхбаяр нь зохион байгуулагч, Д.Чулуунбаатар нь хамжигч гэдэг нь үндэслэлгүй дүгнэлт мөн. Ингэснээр бүлэглэсэн гэдэг нь ч буруу дүгнэлт болно.
3.“УБ таймс” сонины менежментийн баг нь 2004.5.7-ны өдөр байгуулсан “Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-нд заасан бизнес төлөвлөгөө бүрэн хэрэгжээгүй, аудит хийгдээгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байсан гэх тухайд
“Менежментийн гэрээ”-ний бизнес төлөвлөгөө бүрэн хэрэгжээгүй, аудит хийгдээгүй, гэрээний үүргээ бүрэн биелээгүй гэдгийн тухайд энэ бол ЭХ-ийн 8.2-т заасны дагуу “Гэм буруутай этгээд үйлдсэн гэм хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэсэн зарчмын дагуу үзэх ёстой асуудал мөн бөгөөд үүнд Д.Чулуунбаатар, тэр тусмаа Н.Энхбаяр огт хамаагүй юм.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр тулгуурлан тодруулвал “УБ таймс” сонины менежментийн багийн ахлагчаар Ж.Саруулбуян ажиллаж байхдаа Л.Сэргэлэнг дур мэдэн менежментийн багт оруулах тухай гэрээ байгуулсан байдаг. Тэр гэрээгээр Л.Сэргэлэн нь “УБ таймс” сонинд хөрөнгө оруулалт оруулж, хариуд нь тус сонины 40 хувийг эзэмшихээр тохиролцсон байдаг юм. Харин тэр гэрээг нь Улаанбаатар хот зөвшөөрөөгүй байдаг талаар хавтаст хэрэгт байгаа нотлох баримтууд, тухайлбал Ж.Саруулбуян, Л.Сэргэлэн нарын хоорондоо байгуулсан гэрээ, түүнчлэн тэрхүү гэрээг Улаанбаатар хот хүлээн зөвшөөрөөгүй тухай Ж.Саруулбуян (хавтаст хэрэг, хавтас 46, хууд 191-220), Н.Ариунтуяа (хавтаст хэрэг, хавтас 45, хууд. 43-50) нарын мэдүүлгүүд нотолдог.
Тийнхүү дур мэдэн байгуулсан гэрээг нь Улаанбаатар хот зөвшөөрөөгүй байхад Л.Сэргэлэн дураараа аашилж “Улаанбаатар таймс” сонины барилгыг зочид буудал болгох нэрийдлээр нураах ажлыг ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, зураг төслөө гаргалгүй, төсвөө зохиож бэлдэлгүй эхлүүлсэн байдаг. Тэрхүү ажиллагааг Улаанбаатар хотын мэргэжлийн хяналтын байгууллага зогсоож, холбогдох зөвшөөрлүүдээ авах, зураг төслөө гаргах зэрэг шаардлагыг тавьсан байдаг бөгөөд энэ тухай нотлох баримтууд мөн хавтаст хэрэгт авагдсан байгаа.
“УБ таймс” сонин нь орлогын эх үүсвэрээ барилгаа түрээсэлж бүрдүүлдэг байсан бөгөөд барилга нь нурсан тул орлогын эх үүсвэр нь хаагдаж, үйл ажиллагаа нь доголдож, өр ширэнд баригдаж, “Менежментийн гэрээ” хэрэгжих боломжгүй болсон байна. Энэ талаар Ж.Саруулбуян (хавтаст хэрэг, хавтас 46, хууд 191-220), Н.Ариунтуяа (хавтаст хэрэг, хавтас 45, хууд. 43-50) нарын мэдүүлгүүдэд тодорхой дурдагдсан байдаг билээ.
Энд хоёр тал хоёулаа учир дутагдалтай ажиллажээ. Нэг талаас менежментийн багийн ахлагч Ж.Саруулбуян болон Л.Сэргэлэн нар хариуцлагагүй ажиллаж, сонины байшин барилгыг Улаанбаатар хотын зөвшөөрөлгүйгээр нурааж, барилгыг зориулалтын бусаар ашиглахыг завдаж, сонины үйл ажиллагааг доголдуулж, орлогын эх үүсвэргүй болгож, өр ширэнд баригдуулсан байдаг. Нөгөө талаас Улаанбаатар хот нь хяналтаа хангалтгүй тавьсан, Ж.Саруулбуян, Л.Сэргэлэн нарын хариуцлагагүй ажиллагааг тэр даруй таслан зогсоох зэрэг арга хэмжээ аваагүй, аудитын шалгалт оруулаагүй зэргээр хайнга ажилласан байдаг. Энэ тухай Ж.Саруулбуян (хавтаст хэрэг, хавтас 46, хууд 191-220), Н.Ариунтуяа (хавтаст хэрэг, хавтас 45, хууд. 43-50), Г.Маналжав (хавтаст хэрэг, хавтас 45, хууд. 75-77) нар мэдүүлгүүддээ мэдүүлж нотолсон байдаг. Харин энэ бүхэнд Д.Чулуунбаатар, тэр тусмаа Н.Энхбаяр нь ямар ч хамаагүй бөгөөд холбоогүй гэдэг нь нотлох баримтуудаар нотлогддог.
Нэгэнт Ж.Саруулбуян, Л.Сэргэлэн нарын хариуцлагагүй болон Улаанбаатар хотын болон хайнга ажиллагаанаас болоод “УБ таймс” сонины ажиллагаа доголдож, сонин их хэмжээний өртэй болж, санхүү эдийн засгийн хувьд болон боловсон хүчний нийгмийн хангамжийн асуудлаар хүнд байдалд орсон нөхцөлд “УБ таймс” сониныхон өөрсдөө хүнд хэцүү байдлаас гарахын тулд Д.Чулуунбаатар сэтгүүлчийг тус сонины эрхлэгч, менежментийн багийн гишүүн, багийн ахлагчаар томилж ажиллуулсан байдаг. Энэ тухай Ж.Саруулбуян (хавтаст хэрэг, хавтас 46, хууд 191-220), Н.Ариунтуяа (хавтаст хэрэг, хавтас 45, хууд. 43-50), Ш.Ундармаа (хавтаст хэрэг, хавтас 45, хууд.35-42) нарын өгсөн мэдүүлгүүдэд тодорхой дурдагдсан байдаг.
Д.Чулуунбаатар менежментийн багийн ахлагчийн хувьд “УБ таймс” сониныг Ж.Саруулбуян, Л.Сэргэлэн нарын оруулсан хүндхэн байдлаас гаргахын тулд Улаанбаатар хотын холбогдох нэгж, тэдгээрийн дарга, удирдах албан тушаалтнуудад хандан: тус сонины нэг бол хувьчлах, эсхүл Улаанбаатар хот өөртөө буцааж авах тухай аль нэгэн шийдвэр гаргахыг хүссэн байдаг. Энэ нь Т.Билэгт (Хавтаст хэрэг, хавтас 45, хууд. 91-93), Г.Маналжав (Хавтаст хэрэг, хавтас 45, хууд.75-77), Д.Чулуунбаатар (Хавтаст хэрэг, 45-р хавтас, 60-66-р хууд.) нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Энд мөн адил Н.Энхбаяр хөндлөнгөөс нөлөөлсөн тухай нэг ч нотлох баримт байдаггүй билээ.
Улаанбаатар хот “УБ таймс” сонины асуудлыг судлахад: нэгд, “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-иар төр, засгийн аль ч шатны байгууллага дэргэдээ хэвлэл, мэдээллийн байгууллагатай байж болохгүй тухай хуульчилсан байдаг, хоёрт, тус сонины барилга нь Ж.Саруулбуян, Л.Сэргэлэн нарын хариуцлагагүй ажиллагаа, Улаанбаатар хотын өөрийн хайнга байдлаас болж нурсан байдалтай, ингэснээр сонин өөрийн орлогын эх үүсвэргүй болсон, гуравт, сонинд их хэмжээний өр төлбөр хуримтлагдсан, дөрөвт, Улаанбаатар хот өөрөө “УБ таймс” сонины байшин барилгыг засах, өр төлбөрийг төлж барагдуулах хууль эрх зүйн үндэслэлгүй, мөн санхүүгийн бололцоогүй байсан, тавд, тус сонины барилгыг нурааж, газрыг нь дуудлага худалдаанд оруулвал нийгмийн салбарын хувьчлалын талаар “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хэмээх 651-р зүйлийн 4-р заалт, “Менежментийн гэрээ”-ний заалтууд, түүнчлэн хэвлэл, мэдээллийн байгууллагын хувьчлалын үндсэн зарчимтай зөрчилдөх зэрэг хүндхэн нөхцөл байдал бий болсон байжээ. Ийм үед Улаанбаатар хот өөртөө хамгийн ашигтай хувилбар болох хувьчлах шийдвэрийн гаргасан байдаг бөгөөд энэ шийдвэрийн “ач”-аар Ж.Саруулбуян, Л.Сэргэлэн нар “Менежментийн гэрээ”-г бүрэн биелүүлэх ажлыг орхигдуулсан, “УБ таймс” сонины барилгыг нураасан, тус сониныг өр төлбөрт оруулсан гэх зэрэг хариуцлагаас мултарч, үйл ажиллагаа нь доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон сонины ачааны хамаг хүнд нь Д.Чулуунбаатарын нуруун дээр ирсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, тухайлбал НӨХК-ын 75-р тогтоол, “Худалдах болон худалдан авах тухай гэрээ” зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Харин ийм нөхцөлд Улаанбаатар хот нь “УБ таймс” сониныг Ж.Саруулбуян, Л.Сэргэлэн нарын нэр дээр хувьчилсан бол шүүхийнхний дүгнэлтдээ бичээд байгаа шиг “Менежментийн гэрээ”-г бүрэн биелүүлээгүй байхад хувьчилсан гэсэн сэжиглэл байж болох юм гэж бодогдоно. Гэхдээ хожим Л.Сэргэлэн нь “УБ таймс” сонины хувьчлалыг хуулийнхан тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлагатай үгсэн хуйвалдаж, хууль бусаар буцаасны дараа Улаанбаатар хотоос “УБ таймс” сонинд оруулсан гэх, үнэн хэрэг дээрээ санхүүгийн баримтаар эцэслэн нарийвчлан тогтоогдоогүй, эх үүсвэр нь бохир (“Хадгаламж” банкны захирлын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж ОХУ-ын банкнаас залилангийн аргаар зээл нэртэйгээр авсан мөнгөний нэг хэсэг гэгдэх) мөнгө болох 500 сая төгрөгийг тухайн жилийн Улаанбаатар хотын төсөвт тусаагүй байсан ч хууль бусаар гаргуулан авсан байдаг. Энэ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн байдаг.
Энэ бүхнээс дүгнэхэд Улаанбаатар хот нь “УБ таймс” сонины талаар хувьчлах шийдвэр гаргаж, тус сонины бүх хүндрэлийг Д.Чулуунбаатарт үүрүүлж байхдаа хууль, шүүхийнхний мэдэн будилж сэжиглээд байгаачлан Д.Чулуунбаатарт онцгой талтай хандсан гэхээсээ илүү Л.Сэргэлэнд талтай хандсан гэж хэлэхэд буруудахгүй бизээ. Ямар ч байсан түүнийг “УБ таймс” сонины үйл ажиллагааг доголдуулсан, орлогын эх үүсвэргүй болгосон, УБ хотын өмчид дур мэдэн зохих зөвшөөрөлгүйгээр халдаж, хохирол учруулсан гэж үзэх, хариуцлага тооцох, үгүйдээ гэхэд нураалгасан өмч хөрөнгөө сэргээлгэх ажил хийлгээгүй нь харин ч хачирхалтай санагдана.
Хэрэв Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хэн нэгэнд чухамхүү ийм байдлаар хандсан бол “албаны эрх мэдэл” буюу “албан тушаалын байдал”-аа ашигласан гэж дүгнэж болох байсан бизээ. Гэтэл Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “УБ таймс” сонины асуудлаар Т.Билэгт нарт нөлөөлөөгүй, Д.Чулуунбаатар нарт онцгой хөнгөлөлт үзүүлэх эрмэлзэлтэйгээр ямарваа нэгэн үйлдэл хийгээгүй нь дээрх тайлбар, нотлох баримтаар хангалттай нотлогдож, бодит байдлаар батлагдаж байна. Хамгийн наад зах нь шүүхийнхний сэжиглээд, дүгнээд байгаа шиг тэгэж их нөлөөлсөн байдаг юм бол яахлаараа Улаанбаатар хот нь Д.Чулуунбаатарт Л.Сэргэлэнгийн хариуцлагагүй ажиллагаанаас болж “УБ таймс” сонинд буй болгосон санхүүгийн бүх хүндрэлийг үүрүүлсэн байдаг билээ?
Учир иймд “УБ таймс” сониныг “Менежментийн гэрээ”-г бүрэн биелүүлээгүй байхад хувьчлах шийдвэр гаргасан нь Н.Энхбаяртай ямар ч холбоотой асуудал биш юм. Харин Улаанбаатар хот нь тэртээ тэргүй “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-иар дэргэдээ хэвлэл, мэдээллийн байгууллагатай байх эрхгүй болсон байсан тул хүндхэн асуудлыг өөрөөсөө зайлуулж, өөртөө ашигтай шийдвэр гаргаж, Д.Чулуунбаатарт “УБ таймс” сонинтой холбоотой ачааны хүндийг, ялангуяа эдийн засаг, санхүүгийн алдагдал, өр төлбөрийг үүрүүлсэн гэж үзвэл үнэнд ойрхон болно.
4.2008.9.8-ны өдөр НӨХК-ын 75-р тогтоол гаргуулсан гэх тухайд
2008 оны 9 сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын НӨХКомиссоос “УБ таймс” сониныг Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багийн нэр дээр хувьчлах тухай шийдвэр гаргасан байдаг.
Нэгд, тус шийдвэрийг гаргахад Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн ажлаа хийж байхдаа нөлөөлсөн гэж үзэж болохуйц нэг ч үйлдэл нотлох баримтаар нотлогддоггүй. НӨХК нь өөрөө бие дааж нийслэлийн өмчийг хувьчлах эсэх шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага мөн билээ.
Хоёрт, ямар нэгэн албан тушаалтан, байгууллагын гаргасан шийдвэрийн өмнөөс тэрхүү шийдвэртэй холбоогүй Н.Энхбаяр хариуцлага үүрэх хууль эрх зүйн үндэс байхгүй. Энэ зарчим ЭХ-ийн 8.2-т “Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ.” гэж бичигдсэнээр тусгалаа олсон байдаг.
Гуравт, НӨХКомисс бол муу ч гэсэн хамтын шийдвэр гаргадаг байгуулага мөн. ЭХ-ийн 8.1-д “Эрүүгийн хариуцлагыг зөвхөн хувь хүнд хүлээлгэнэ.” гэж бичигдсэн байгаа. Хуралдаж, олонхиороо шийдвэр гаргадаг байгууллагын өмнөөс Т.Билэгт хэмээх нэг хүнд хариуцлага хүлээлгэх гэх нь хууль ноцтой зөрчиж байгаа ажиллагаа мөн билээ.
УИХ, Засгийн газар зэрэг хамтын шийдвэр гаргадаг байгууллагын шийдвэрийн өмнөөс УИХ-ын дарга, эсхүл Ерөнхий сайд хариуцлага хүлээдэггүй. Тэгэх ч үндэсгүй. Харин хамтын шийдвэр гаргадаг байгууллагын хурлыг хуралдуулалгүйгээр өмнөөс нь хэн нэгэн албан тушаалтан дур мэдэн ямар нэгэн шийдвэр гаргасан бол тухайн албан тушаалтантай хариуцлага тооцох асуудал яригдаж болно.
Дөрөвт, НӨХКомиссоос 75-р тогтоол гаргахад НӨХКомисс ирцээ бүрдүүлсэн, асуудлыг хууль, журмын дагуу хэлэлцэж, олонхиороо шийдвэрлэсэн нь НӨХК-ын 75-р тогтоол болон НӨХКомиссын хуралдааны тэмдэглэлээс тодорхой байдаг. Хэрэв хамтын шийдвэр буруу байсан бол тэр байгууллага өөрөө шинээр, эсхүл өөр эрх бүхий байгууллага өөр шийдвэр гаргаж засч, өөрчилдөг билээ.
Тийм учир НӨХКомиссоос 2008 оны 9 сарын 8-ны өдөр 75-р тогтоол гаргасантай холбогдуулан тэр тусмаа Н.Энхбаярыг буруутгаж байгаа нь хууль, шүүхийнхний хийж байгаа илэрхий буруу дүгнэлт, хууль зөрчсөн шийдвэр юм.
5.“УБ таймс” сонин НӨҮГ нь 2,1 тэрбум төгрөгийн үнэтэй гэх тухайд
Дээд шүүх “УБ таймс” сонины НӨҮГ-ыг 2,1 тэрбум төгрөгийн үнэтэй мэтээр илт нэг талыг баримтлан, өрөөсгөл дүгнэлт хийж, ЭБШХ-ийн 319.1-ийг зөрчин зохиомол үнэ гаргажээ. Үүнийг дараахь байдлаар няцааж байна. Үүнд:
Нэг. Анх “УБ таймс” сониныг бүрэн бүтэн барилгатай, орлогын эх үүсвэртэй, өр ширэнд баригдаагүй, үйл ажиллагаа нь доголдоогүй байхад “Ю Би Пропертиз” үнэлгээний компани 370 орчим сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ үнэлгээг хийлгэхэд Н.Энхбаяр, Т.Билэгт, Д.Чулуунбаатар нар ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэх нотлох баримт байдаггүй.
Хоёр. “УБ таймс” сонины менежментийн багийн ахлагч байсан Ж.Саруулбуян Т.Бадамжунайн шахалтаар дур мэдэн урьд өмнө хэвлэл, мэдээллийн байгууллагад огт ажиллаж байгаагүй Л.Сэргэлэнг “УБ таймс” сонины НӨҮГ-ын менежментийн багийн гишүүнээр авах, Л.Сэргэлэн тус сонинд хөрөнгө оруулах, хариуд нь тус сонины 40 хувийг эзэмшдэг болох тухай гэрээ хийсэн байдаг. Энэ нь Ж.Саруулбуянгийн мэдүүлэг (Хавтаст хэрэг, 46-р хавтас, 191-220-р хууд.), Ш.Ундармаагийн мэдүүлэг (Хавтаст хэрэг, 45-р хавтас, 36-40-р хууд.), Т.Бадамжунайгийн мэдүүлэг (Хавтаст хэрэг, 45-р хавтас, 96-101-р хууд.), Л.Сэргэлэнгийн мэдүүлэг (Хавтаст хэрэг, 45-р хавтас 10-27-р хууд.), түүнчлэн Л.Сэргэлэнтэй байгуулсан гэрээ (Хавтаст хэрэг, 2-р хавтас, 170-176-р хуудас) зэргээр нотлогддог. Улаанбаатар хот нь энэхүү гэрээг хууль, журам зөрчсөн хэмээн үзэж, батлаагүй байдаг. Тэгсэн ч Л.Сэргэлэн нь “УБ таймс” сонины барилгыг зочид буудал болгохын тулд гэсэн нэрийдлээр (“Менежментийн гэрээ”-гээр тус сонины барилгыг зориулалтын бусаар ашиглахыг хориглосон байдгийг зөрчиж) тус сонины барилгыг нурааж эхэлсэн байдаг. Чингэхдээ Улаанбаатар хотоос болон холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл аваагүй байдаг, түүнчлэн барилгын зургийн төслөө гаргаагүй, төсөв хөрөнгийн эх үүсвэрээ бэлдээгүй байсан байдаг. Л.Сэргэлэн нь “Хадгаламж”-ийн банкны захирлын гарын үсгийг хуурамчаар зурж, ОХУ-ын банкнаас зээл нэртэйгээр залилангийн аргаар 1,2 сая ам.долларын хэмжээтэй мөнгө авсан гэж яригддаг. Энэ тухайгаа өөрөө ч мэдүүлэгтээ дурдсан байдаг (Хавтаст хэрэг, 45-р хавтас 10-27-р хууд.). Өөрөөр хэлвэл Л.Сэргэлэн нь дур мэдэн “УБ таймс” сонины барилгыг нурааж эхлэхдээ зарцуулсан мөнгө нь эх үүсвэр нь бохир мөнгө байсан байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага “УБ таймс” сонины барилгын ажлыг шалгаад холбогдох зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй, төсөвгүй явагдаж байсныг нь илрүүлж, эдгээр зөрчлийг арилгаж засахыг үүрэг болгож, барилгын ажлыг нь зогсоосон байдаг. Л.Сэргэлэн энэ шийдвэрийг шалтаглан барилгын ажлыг зогсоож, нураасан барилгаа сэргээн засварлалгүй байж байгаад сүүлд нь “УБ таймс” сониныхны хөрөнгө оруулалтаа хийж дуусгахыг шаардсан шаардлагаас зугтсан байдаг. Энэ нь Н.Ариунтуяагийн мэдүүлгээр нотлогддог (Хавтаст хэрэг, 45-р хавтас, 43-46-р хууд.). “УБ таймс” сонин нь барилгаа түрээсэлж, орлогын эх үүсвэрээ бүрдүүлж байсан бөгөөд нэгэнт барилгыг нь нураасан учир түрээсийн байр руу нүүж, орлогын эх үүсвэргүй болж, өр ширэнд баригдаж, үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн байдаг. Улаанбаатар хот ч энэ бүх зөрчилд хайнга хандсан нь Л.Сэргэлэн дур зоргоороо авирлахад тус дөхөм болсон байдаг гэж дүгнүүштэй. Үнэхээр хохирол учирсан гэвэл Л.Сэргэлэнгийн дур зоргын, хууль, журам зөрчсөн ажиллагаанаас болж Улаанбаатар хотод хохирол учирсан гэж тооцвол үнэнд дөхнө бизээ. Гэтэл Улаанбаатар хот нь хожим Л.Сэргэлэнд Улаанбаатар хотын төсөвт суугаагүй байсан 500 сая төгрөгийг найр тавин гаргаж өгсөн нь анх тэрээр Н.Энхбаярын эсрэг гүжирдлэгийн шинжтэй гомдол гээчийг, түүнийг нь хууль, шүүхийнхэн үндэслэж Н.Энхбаяр руу “дайрах” боломж бололцоо олгосны хариуд нь өгсөн шагнал гэлтэй.
Гурав. АТГ нь “ХҮТ” үнэлгээний компанийг хөлслөн, түүнд захиалга өгч “УБ таймс” сонин НӨҮГ-ыг дахин үнэлүүлсэн байдаг. Гэтэл “ХҮТ” компани нь хөрөнгийн үнэлгээ хийх, шинжээчээр ажиллах хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлгүй байсан байдаг. УИХ-аас 2010 онд “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийг баталж, Сангийн сайд 5 сарын 13-нд 112 тоот тушаал гаргаж, шинэ журам байталсан байдаг. Энэхүү журмаар өмнө нь авсан, хугацаа нь дууссан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүйд тооцож, шинээр тусгай зөвшөөрөл авахыг журамласан байдаг билээ. Гэтэл “ХҮТ” компани нь 2007 оны Сангийн сайдын 353 дугаар тушаалаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй (Хавтаст хэрэг, 8-р хавтас, 51-р хуудас) гэсэн байдаг бөгөөд тэрхүү тусгай гэрчилгээнийх нь хугацаа өнгөрсөн, хүчингүй болсон байдаг юм. “ХҮТ” компани нь хүчингүй болсон тусгай зөвшөөрөлтэйгээр шинжээчээр ажиллан үнэлгээ хийж, түүний хийсэн үнэлгээг бодитой хэмээн үзсэн нь ЭБШХ-ийн 79.4 буюу “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг ноцтой зөрчсөн ажиллагаа болсон гэж үзэх бүрэн үндэстэй.
Дөрөв. “ХҮТ” компани нь “УБ таймс” сонин НӨҮГ-ын үнэлгээг дахин хийхэд тус сонины барилга нь нурсан, үйл ажиллагаа нь доголдсон, өр ширэнд баригдсан, орлогын эх үүсвэргүй болсон байдаг. Өөрөөр хэлвэл өмнө нь “Ю Би Пропертиз” компанийн үнэлгээ хийхэд байснаас хамаагүй дордсон байдалтай болсон байжээ. Гэтэл “Ю Би Пропертиз” компанийн үнэлгээ 370 орчим сая төгрөг, харин “ХҮТ” компанийн үнэлгээ 2,1 тэрбум төгрөг болсон байдаг. Ийм их зөрүү хаанаас гараад ирэв? гэхэд дараахь байдал тодордог. Үүнд:
А.”Ю Би Пропертиз” үнэлгээний компани нь тодорхой бичиг баримт, журамд үндэслэн бодитой тооцоо хийж, үнэлгээ гаргасан байдаг. Тухайлбал дээрээ барилгатай, дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь олгогдоогүй, тэгээд ч барилгыг нь зориулалтын бусаар ашиглахыг хориглосон гэрээтэй байгууллагын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийдэггүй журамтай байдаг. Тийм учир тус компани “УБ таймс” сонин НӨҮГ-ын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийгээгүй байдаг.
Б.Харин “ХҮТ” компани нь дээрээ барилгатай, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь “УБ таймс” сонин НӨҮГ-ын нэр дээр олгогдоогүй, тийм учир газрын хэмжээ, нарийн координат нь гараагүй, барилгыг нь зориулалтын бусаар ашиглахыг хориглосон гэрээтэй байгууллагын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийж, дээрх их хэмжээний зөрүүг зохиомлоор гаргаж, Улаанбаатар хотод учруулсан хохирол мэтээр тооцсон байдаг. Тийнхүү зохиомол үнэ гаргаж ирсэн нь өөрсдийнх нь Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр нотлогддог. “ХҮТ” компанийн захирал Р.Зоригт нь “УБ таймс” сонины барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийхдээ “Сэнтрал тауэр” барилгын доорхи газрыг тухайн үед “Эм Си Эс” компанийн захирал Оджаргал, “Мон Уран” компанийн захирал Наранхүүгээс 1 сая ам.доллараар авсантай жишиж гаргасан гэж мэдэгдсэн байдаг. Түүнээс “тийм хэмжээний мөнгөөр авч, өгөлцсөнийг өөрсдөөс нь сонссон уу, эсхүл тэгснийг нь батлах гэрээ зэрэг бичиг баримтыг үзсэн үү?” гэж асуухад “өөрсдөөс нь сонсоогүй, бичиг баримт хараагүй, гэхдээ өөр найдвартай эх үүсвэрээс сонссон” гэж хариулж байх жишээтэй. Энэ нь дараахь байдлаар жишин ашиглаж болохгүй, үндэслэлгүй мэдээлэл гэж тооцогдоно:
-нотлох баримт бичиггүй, хов живийн шинжтэй мэдээлэл,
-“Сэнтрал тауэр”-ын барилгын доорхи газрын хувьд дээрээ барилгагүй газар байсан, харин “УБ таймс” сонины хувьд дээрээ барилгатай газар байсан,
-“УБ таймс” сонины хувьд барилгынх нь доорхи газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Улаанбаатар хотоос “УБ таймс” сонин, Д.Чулуунбаатар нарын нэр дээр гаргаагүй байдаг,
-“УБ таймс” сонины барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байсан учир тус газрын хэмжээ, нарийн координат гараагүй байсан тул бодитойгоор үнэлэх боломжгүй байсан байдаг.
Иймэрхүү маягаар үндэслэлгүй мэдээлэлд тулгуурлан зохиомол өндөр үнийг санаанаасаа ургуулан бодож гаргаж ирсэн байдаг бөгөөд түүнийг бодитой үнэлгээ хэмээн үзэж, онц их хохирол учруулсны нотолгоо гэж тооцох ямар ч эрх зүйн боломжгүй билээ.
Тав. Улаанбаатар хот нь “УБ таймс” сонины барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг өөр дээрээ хадгалж авч үлдчихсэн байхад яаж Улаанбаатар хот хохирсон байх вэ? Тэр тусмаа тус сонины барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулж аваагүй “УБ таймс” сонин, менежментийн багийн ахлагч Д.Чулуунбаатар, бүр хаа хамаагүй Н.Энхбаяр нар яаж тэр газраар дамжуулж Улаанбаатар хотод хохирол учруулсан болох вэ?
Зургаа. 2011 онд Д.Чулуунбаатарыг мөрдөн байцаах нэрийдлээр олон сарын турш шоронд хорьсон хойгуур түүнийг эзгүйчилж тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлага Л.Сэргэлэнд мөнгийг нь өгөөгүй байна гэсэн шалтгаар “УБ таймс” сонины хувьчлалыг хууль бусаар буцаасан байдаг. Тэгэхээр Улаанбаатар хотод ямар хохирол учирсан байх вэ?
Бодит байдал ийм байгаа тул “ХҮТ” компани нь “УБ таймс” сониныг 2,1 тэрбум төгрөг хэмээн зохиомол үнэ гарган үнэлсэн (Хавтаст хэрэг, 8-р хавтас, 10-41-р хуудас), түүнийг нь тулгуурлан Н.Энхбаяр нар Улаанбаатар хотод онц их хэмжэний хохирол учруулсан мэтээр тооцогдох нь илэрхий буруу дүгнэлт, шийдвэр болно.
6.“УБ таймс” сонин НӨҮГ-ыг өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” ХХК ... нэр дээр хууль бусаар хувьчлан авсан гэх тухайд
2008 оны 9 сарын 8-ны өдөр НӨХК-омиссоос “УБ таймс” сониныг хувьчлах тухай хамтын шийдвэр гаргасан байдаг. Энэ хамтын шийдвэрийн дагуу тус сониныг Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багт хувьчлахаар шийдвэрлэсэн байдаг бөгөөд Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компанийн нэр дээр хувьчлах тухай нэг ч үсэг, үг байдаггүй билээ. Энэ нь дараах нотлох баримтаар нотлогдоно. Үүнд:
НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХУВЬЧЛАХ КОМИССЫН ТОГТООЛ
2008.09.08 ¹75 Улаанбаатар хот.
Менежментийн гэрээний үр дүнгээр хувьчлах тухай
Нэг. “Улаанбаатар таймс” менежментийн багийн бүрэлдэхүүнд До.Чулуунбаатарыг нэмж оруулан, менежментийн багийн ахлагчаас Ж.Саруулбуянг чөлөөлж, До.Чулуунбаатарыг багийн ахлагчаар ажиллуулахаар тогтоосугай.
Хоёр. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн дагуу “Улаанбаатар таймс” сонинг Засаг даргын Тамгын газрын харъяалалд ажиллуулах боломжгүй болсон, өр төлбөр, санхүү эдийн засгийн үйл ажиллагаа нь хүндэрсэн, менежментийн гэрээгээр олон жил ажиллаж байгаа зэргийг харгалзан “Улаанбаатар таймс” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг менежментийн гэрээнд заасан үнэ болох 369.724.000 төгрөгөөр худалдан авахыг санал болгосугай.
Гурав. Менежментийн багаас оруулсан хөрөнгө оруулалтын өр, нийгмийн даатгал, татвар, дээврийн ажил хийсэн гүйцэтгэгчид төлөх болон бусад бүх өр төлбөрийг “Улаанбаатар таймс” сонины менежментийн баг барагдуулах тухай хугацаат гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн өмчийн харилцааны газар М.Ганбаатар, менежментийн багийн ахлагч До.Чулуунбаатар нарт үүрэг болгосугай.
Дөрөв. Худалдан авах үнэ, өр төлбөр барагдуулах тухай саналыг зөвшөөрсөн нөхцөлд энэ тогтоол гарснаас хойш 3 хоногт багтаан гэрээг дуусгавар болсон тухай мэдэгдэхийг гэрээний талуудад мэдэгдсүгэй.
Тав. “Улаанбаатар таймс” НӨҮГазрын худалдах үнэ 369.724.000 төгрөгөөс “Улаанбаатар таймс “менежментийн багийн төлсөн 36.972.400 төгрөгийн дэнчинг хасаж 332.751.600 төгрөгийн төлбөрийг 14 хоногт багтаан гүйцэтгэхээр “Худалдах худалдан авах тухай гэрээ” байгуулахыг Нийслэлийн засаг даргын дэргэдэх Өмчийн харилцааны газар /М.Ганбаатар/-т даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, ӨМЧ ХУВЬЧЛАХ КОМИССЫН ДАРГА
Т.БИЛЭГТ
ӨМЧ ХУВЬЧЛАХ КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
М.ГАНБААТАР
(2-р хавтас, 125-127-р хууд.)
Түүнчлэн:
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг
ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР
2008.09.09 6/860 Улаанбаатар хот.
“УЛААНБААТАР ТАЙМС” НӨҮГазрын менежментийн багийн ахлагч До.ЧУЛУУНБААТАР-Т
Мэдэгдэл хүргүүлэх тухай
Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 75 тоот тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины үндсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, өр төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгээр нийгмийн салбарын хувьчлалын хүрээнд тус байгууллагын менежментийн багт 369.724.000 төгрөгөөр хувьчлахаар тогтсоныг мэдэгдье.
ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Г.МАНАЛЖАВ
(4-р хавтас, 72-р хууд.)
Түүнчлэн:
Тооцоо нийлсэн акт
НИТХТэргүүлэгчдийн 2003 оны 128, 141-р тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2003 оны 101-р тогтоолыг үндэслэн НӨХКомиссын 2008 оны 75-р тогтоолоор “Улаанбаатар таймс” НӨҮГазрыг нийслэл Улаанбаатар хотын сонин хэвлэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нөхцөлтэйгээр “Улаанбаатар таймс” менежментийн баг /Д.Чулуунбаатар/-т менежментийн гэрээний үр дүнг харгалзан худалдахыг санал болгохоор шийдвэрлэсэн.
Тогтоолын дагуу 2008 оны 9-р сарын 12-нд Худалдах худалдан авах гэрээг байгуулсан болно.
“Улаанбаатар таймс” менежментийн баг /Д.Чулуунбаатар ахлагчтай/ нь төлбөрийг дараахь байдлаар хийж гүйцэтгэсэн. Үүнд:
2008 оны 09 сарын 12-ны өдрийн шилжүүлгээр НӨХГазрын Улаанбаатар банкин дахь 2611036439 тоот дансанд Долгорын Чулуунбаатараас 36.972.400 төгрөг,
2008 оны 9 сарын 26-ны өдөр Капитрон банкнаас НӨХГазрын Улаанбаатар банк дахь 2611009529 тоот дансанд 332 751 600 төгрөгийг Д.Чулуунбаатараас тус тус шилжүүлсэн байна.
Нийт 369.724.000 төгрөгийг тус газрын дансанд шилжүүлсэн байна.
Тооцоо нийлсэн:
Өмчийн Харилцааны газрын нягтлан бодогч Х.Жаргалсайхан
Тооцоо нийлсэн актыг үйлдсэн:
Нийслэлийн өмчийн харилцааны Газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга Г.Маналжав Мэргэжилтэн Ц.Оюунсайхан
“Улаанбаатар таймс” багийн ахлагч Д.Чулуунбаатар
(4-р хавтас, 75-р хууд.)
Эдгээр тогтоол, бичиг баримтаас харахад НӨХКомиссоос 75 тоот тогтоол гаргахдаа “УБ таймс” сониныг Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компанийн нэр дээр хувьчилсан гэсэн нэг үг, үсэг байхгүй байгаа юм. Харин “УБ таймс” сонины Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багт нь хувьчлахаар шийдвэрлэсэн байна. Д.Чулуунбаатар ахлагчтай баг ч Улаанбаатар хотоос тавьсан саналын дагуу төлөх ёстой төлбөрийг бүрэн төлж гүйцэтгэсэн байна. Дээрх тогтоол, бичиг баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа билээ. Үнэн бодит байдал ийм байхад хууль, шүүхийнхэн анхнаасаа энэ бүхнийг мэдэхийн дээдээр мэдсээр байж санаатайгаар мэдэн будилж, буруу дүгнэлт хийж, заавал Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компанийн нэр дээр хувьчлуулсан болгох гэж юунд ингэтлээ улайран зүтгэж, шат шатны шүүхийн шүүх хуралдааны шийдвэрт зориуд тусгана вэ? гэж асуух л үлдэж байна даа.
Тэгээд ч хожим нь Улаанбаатар хотын удирдлага хуулийнхантай үгсэн хуйвалдаж, тэдний өгсөн албан бичгийг баримталсан нэртэйгээр, түүнчлэн Л.Сэргэлэнгийн мөнгийг өгөөгүй байна гэсэн шалтгаар “УБ таймс” сонины хувьчлалыг хууль бусаар буцааж, Д.Чулуунбаатар нарын тус сонинд оруулсан 1 тэрбум төгрөгийг нэг ёсны “дээрэмдсэн” байдаг. Тэгэхээр Д.Чулуунбаатар нар хэн нэгнийг хохироосон биш харин өөрсдөө хохирсон нь тодорхой байна.
7. “УБ таймс” компанийг өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн завшсан гэх тухайд
Нэгд, Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа биш харин Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа иргэний хувьд хуулийн дагуу “Эскон” компанийг үүсгэн байгуулсан байдаг. Тэгэхээр хууль шүүхийхний “Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Эскон” компани руу ... компанийг шилжүүлэн завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан” мэтээр дүгнээд байгаа нь цаг хугацааны хувьд ч авцалдахгүй, хууль эрх зүйн хувьд ч үндэслэлгүй буруу дүгнэлт мөн. Үнэхээр Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө буюу ажиллаж байхдаа “Эскон” компанийг байгуулчихаад Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа “Эскон” компани руу ямар нэгэн өмч хөрөнгийг шилжүүлсэн бол тийнхүү сэжиглэх үндэслэл байж болох байсан. Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Эскон” компанитай байгаагүй гэдгийг миний АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгүүд бэлхнээ нотолно.
Хоёрт, МУ-д Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ажлаа өгчихөөд тодорхой хугацаанд компани байгуулахыг хориглодог хууль байсан бол ямар нэгэн компани байгуулан ажиллуулах гэж оролдсоныг буруутгаж болох байсан бизээ. Гэтэл тийнхүү хориглосон хууль байдаггүй. Тийм болохоор “Эскон” компанийг Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа байгуулсныг буруутгаж, түүний явуулсан ажиллагааг Ерөнхийлөгчийн ажлаа хийж байхдаа хийсэн үйлдэл мэтээр дүгнэх нь яахын аргагүй буруу дүгнэлт мөн.
Гуравт, “Эскон” компани руу “УБ таймс” компанийг охин компани болгон шилжүүлсэн явдал огт байхгүй билээ. Энэ нь бүртгэл, мэдээллийн байгууллагад байгаа бичиг баримтаар нотлогдоно. Тийм учир “УБ таймс” сониныг “Эскон” компани руу охин компани болгон шилжүүлсэн гэх нь ямар ч үндэслэлгүй, буруу ташаа дүгнэлт мөн.
Дөрөвт, Харин “Медиа холдинг” компанийг “Эскон” компани руу шилжүүлсэн байдаг. Энэ нь хуулиар хориглосон үйлдэл биш билээ. Гэхдээ хууль, шүүхийнхний үзэж байгаагаар “Медиа холдинг компани”-ийг “Эскон” компани руу шилжүүлэхэд Н.Энхбаяр болон Н.Энхтуяа нар нь өөрсдөө нотариатч дээр биеэрээ очиж, гарын үсгээ зураагүй, өмнөөс нь хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Ш.Раднаасэд хөөцөлдөж зохицуулсан учир энэхүү шилжүүлгийг хуулийн дагуу болоогүй, өөрөөр хэлвэл хүчингүйд тооцно гэж яллах дүгнэлтэнд бичигдсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолсон байдаг тул “Медиа холдинг” компани ч “Эскон” компани руу шилжээгүй гэж тооцогдож байгаа Энэ нь гэрч нотариатч Т.Батжаргалын мэдүүлгээр нотлогддог гэж тооцогддог (Хавтаст хэрэг, 46-р хавтас, 141-р хуудас).
Тавд, Уг нь дээрх тайлбарыг бичих хэрэггүй байсан мэт санагдаж болох юм. Учир нь шүүхийн шийдвэрт “Эскон” компани руу “УБ таймс” сониныг охин компани болгон шилжүүлсэн гэсэн болохоос “Медиа холдинг” компанийн тухай бичигдээгүй байдаг. Тэгээд ч Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжинд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой зүйл, заалтууд эхнээсээ хүнийг гэм буруугүй хэмээн тооцдог зарчимд суурилсан байдаг. Энэ зарчим ЭХ, ЭБШХ-ийн холбогдох зүйл, заалтуудад ч суусан байдаг. Тухайлбал, ЭБШХ-ийн 36.4-т яллагдаж байгаа хүн “өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан байдаг. Харин хэн нэгний гэм буруу нь нотлогдохгүй бол тэр хүн гэм буруугүй гэж тооцогдоно гэсэн зарчим үйлчилдэг.
Гэтэл хууль, шүүхийнхэн Н.Энхбаяр нарын гэм буруу нь нотлогдоогүй байхад л хүчээр ял тулган оногдуулж байгаа нь Үндсэн хууль, бусад хуулинд заасан “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байгаа ажиллагаа мөн. Н.Энхбаяр л бол гэм буруугүй байсан ч заавал гэм буруутайд тооцож, хүчээр ял тулган оногдуулна хэмээн улайран зүтгэж байгаа нь хууль, шүүхийнхний мушгин гуйвуулан гаргаж байгаа дүгнэлт, хууль зөрчсөн шийдвэрээс үнэртээд зогсохгүй, бүр амтагдаад, баригдаад байна гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй.
Яаж ингэж үндэслэлгүй, заримдаа бүр огт худлаа дүгнэлт хийж, түүндээ тулгуурлан, огт нотлогдоогүй асуудлаар гэм зэмгүй хүмүүсийг хүчээр гэм буруутайд тооцож, ял тулган өгөхийн тулд “Монгол Улсын нэрийн өмнөөс” гэсэн үг хэлээд, хууль зөрчсөн шийдвэр гаргаад зогсож чаддаг байнаа? гэж өөрийн эрхгүй бодоод, гайхаад, ойлгох гээд чадахгүй байна даа. Дээрээс өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд шүүхийн нэрийг барьж, ертөнцийн хамгийн үнэт зүйл болох, ямар ч хөрөнгө мөнгөтэй зүйрлэхийн аргагүй хүний эрх, эрх чөлөөг хамгийн бүдүүлэг аргаар зөрччихөөд юу ч болоогүй юм шиг царайлаад явж байдаг шүүгч гэж ямар хүн байнаа? Цаг цагийн Вышинский, түүний “сайн шавь нар болсон Сагсай, Сарантуяа мэтийн нэг ёсны “хуулийн алуурчид”-ыг тэд өөрсдөө хүн мөн үү, биш үү? гэж асуухаас өөр аргагүй байдалд хүрч байна. Шууд хариулт өгөхөд хэцүү. Гэмт хэрэг мөн эсэхийг үйлдэл, эс үйлдлээр тогтоодогтой адил хүн мөн биш гэдгийг байгаа гаднах нүүр царай, бие галбираар нь гэхээс илүү түүний үйлдлээр нь тогтоох шаардлагатай.
Энэ өнцгөөс харвал гаднаа хүний дүр төрхтэй ч үйлдлээрээ араатан, адгууст тооцогдох ёстой хүн хэд байдаг бол? Харамсалтай нь тийм хүн-араатан хууль, шүүхийн байгууллагад олон байхвий дээ гэж санаа зовних юм. Тэгвэл хаана очиж шударга ёсыг тогтоолгож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалуулах вэ?
“Завшсан” гэхийн тухайд бол МУ-ын Эрүүгийн хуулийн тайлбар номонд: “Завших гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байгааг ойлгоно.” гэжээ (хууд.380).
Түүнчлэн 2001, 2004 онуудад тус тус хэвлэгдсэн “МУ-ын Дээд шүүхийн тогтоолын эмхтгэл” номонд: “Эд хөрөнгийг “завших” гэмт хэрэг нь албан ажлын үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгавраар тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа этгээд энэ эрхээ ашиглан эзэмшилдээ байгаа хөрөнгөнөөс хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашиглахыг хэлнэ.” гэжээ (Улаанбаатар, 2001 он, хууд.175., Улаанбаатар, 2004 он, хууд.362).
Гэтэл Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа нэгд, “УБ таймс” сонин НӨҮГ-ыг “албан ажлын үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгавраар эрхлэн хариуцах эрхийг эдэлж байсан этгээд” байгаагүй, хоёрт, “эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа”-гүй тул “энэ эрхээ ашиглах” аливаа үйлдлийг хийгээгүй, гуравт, “эзэмшилдээ байгаа хөрөнгө”-гүй байсан тул “эзэмшилдээ байгаа хөрөнгөнөөс хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашиглах” аливаа үйлдэл хийгээгүй байна. Тэр тусмаа өөрөө шийдвэр гаргах, “хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашиглах” аливаа үйлдлийг хийгээгүй болно. Тийм учир Н.Энхбаяр нь “Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглан завшсан” гэх нь бодит байдалтай нийцэхгүй, нотлох баримтаар нотлогдохгүй буруу ташаа дүгнэлт болсон байна.
8.Онц их хэмжээний хохирол учруулсан гэх тухайд
Улсын Дээд шүүх “УБ таймс” сонины НӨҮГ-ыг 2,1 тэрбум төгрөгийн үнэтэй мэтээр илт нэг талыг баримтлан, өрөөсгөл дүгнэлт хийж, ЭБШХ-ийн 319.1-ийг зөрчин зохиомол үнэ гаргажээ. Үүнийг дараахь байдлаар няцааж байна. Үүнд:
Нэгд, анх “УБ таймс” сониныг бүрэн бүтэн барилгатай, орлогын эх үүсвэртэй, өр ширэнд баригдаагүй, үйл ажиллагаа нь доголдоогүй байхад “Ю Би Пропертиз” үнэлгээний компани 370 орчим сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ үнэлгээг хийлгэхэд Н.Энхбаяр, Т.Билэгт, Д.Чулуунбаатар нар ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэх нотлох баримт байдаггүй.
Хоёрт, “УБ таймс” сонины менежментийн багийн ахлагч байсан Ж.Саруулбуян Т.Бадамжунайн шахалтаар дур мэдэн урьд өмнө хэвлэл, мэдээллийн байгууллагад огт ажиллаж байгаагүй Л.Сэргэлэнг “УБ таймс” сонины НӨҮГ-ын менежментийн багийн гишүүнээр авах, Л.Сэргэлэн тус сонинд хөрөнгө оруулах, хариуд нь тус сонины 40 хувийг эзэмшдэг болох тухай гэрээ хийсэн байдаг. Энэ нь Ж.Саруулбуянгийн мэдүүлэг (Хавтаст хэрэг, 46-р хавтас, 191-220-р хууд.), Ш.Ундармаагийн мэдүүлэг (Хавтаст хэрэг, 45-р хавтас, 36-40-р хууд.), Т.Бадамжунайгийн мэдүүлэг (Хавтаст хэрэг, 45-р хавтас, 96-101-р хууд.), Л.Сэргэлэнгийн мэдүүлэг (Хавтаст хэрэг, 45-р хавтас 10-27-р хууд.), түүнчлэн Л.Сэргэлэнтэй байгуулсан гэрээ (Хавтаст хэрэг, 2-р хавтас, 170-176-р хуудас) зэргээр нотлогддог. Улаанбаатар хот нь энэхүү гэрээг хууль, журам зөрчсөн хэмээн үзэж, батлаагүй байдаг. Тэгсэн ч Л.Сэргэлэн нь “УБ таймс” сонины барилгыг зочид буудал болгохын тулд гэсэн нэрийдлээр (“Менежментийн гэрээ”-гээр тус сонины барилгыг зориулалтын бусаар ашиглахыг хориглосон байдгийг зөрчиж) тус сонины барилыг нурааж эхэлсэн байдаг. Чингэхдээ Улаанбаатар хотоос болон холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл аваагүй байдаг, түүнчлэн барилгын зургийн төслөө гаргаагүй, төсөв хөрөнгийн эх үүсвэрээ бэлдээгүй байсан байдаг. Л.Сэргэлэн нь “Хадгаламж”-ийн банкны захирлын гарын үсгийг хуурамчаар зурж, ОХУ-ын банкнаас зээл нэртэйгээр залилангийн аргаар 1,2 сая ам.долларын хэмжээтэй мөнгө авсан байдаг. Энэ тухайгаа өөрөө мэдүүлэгтээ дурдсан байдаг (Хавтаст хэрэг, 45-р хавтас 10-27-р хууд.). Өөрөөр хэлвэл Л.Сэргэлэн дур мэдэн “УБ таймс” сонины барилгыг нурааж эхлэхдээ зарцуулж байсан мөнгө нь эх үүсвэр нь бохир мөнгө байсан байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага “УБ таймс” сонины барилгын ажлыг шалгаад холбогдох зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй, төсөвгүй явагдаж байсныг нь илрүүлж, эдгээр зөрчлийг арилгаж засахыг үүрэг болгож, барилгын ажлыг нь зогсоосон байдаг. Л.Сэргэлэн энэ шийдвэрийг шалтаглан барилгын ажлыг зогсоож, нураасан барилгаа сэргээн засварлалгүй байж байгаад сүүлд нь “УБ таймс” сониныхны хөрөнгө оруулалтаа хийж дуусгахыг шаардсан шаардлагаас нь зугтсан байдаг. Энэ нь Н.Ариунтуяагийн мэдүүлгээр нотлогддог (Хавтаст хэрэг, 45-р хавтас, 43-46-р хууд.). “УБ таймс” сонин нь барилгаа түрээсэлж, орлогын эх үүсвэрээ бүрдүүлж байсан бөгөөд нэгэнт барилгыг нь нураасан учир түрээсийн байр руу нүүж, орлогын эх үүсвэргүй болж, өр ширэнд баригдаж, үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн байдаг. Улаанбаатар хот ч энэ бүх зөрчилд хайнга хандсан нь Л.Сэргэлэн дур зоргоороо авирлахад тус дөхөм болсон байдаг гэж дүгнүүштэй. Үнэхээр хохирол учирсан гэвэл Л.Сэргэлэнгийн дур зоргын, хууль, журам зөрчсөн ажиллагаанаас болж Улаанбаатар хотод хохирол учирсан гэж тооцвол үнэнд дөхнө бизээ. Гэтэл Улаанбаатар хот нь хожим Л.Сэргэлэнд Улаанбаатар хотын төсөвт суугаагүй байсан 500 сая төгрөгийг найр тавин гаргаж өгсөн нь хууль зөрчсөн ажиллагаа болсон юм. Яасны төлөө, юуны шагналд авсан мөнгө вэ?
Гурав, АТГ нь “ХҮТ” үнэлгээний компанийг хөлслөн, түүнд захиалга өгч “УБ таймс” сонин НӨҮГ-ыг дахин үнэлүүлсэн байдаг. Гэтэл “ХҮТ” компани нь хөрөнгийн үнэлгээ хийх, шинжээчээр ажиллах хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлгүй байсан байдаг. УИХ-аас 2010 онд “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийг баталж, Сангийн сайд 5 сарын 13-нд 112 тоот тушаал гаргаж, шинэ журам байталсан байдаг. Энэхүү журмаар өмнө нь авсан, хугацаа нь дууссан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүйд тооцож, шинээр тусгай зөвшөөрөл авахыг журамласан байдаг билээ. Гэтэл “ХҮТ” компани нь 2007 оны Сангийн сайдын 353 дугаар тушаалаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй (Хавтаст хэрэг, 8-р хавтас, 51-р хуудас) гэсэн байдаг бөгөөд тэрхүү тусгай гэрчилгээнийх нь хугацаа өнгөрсөн, хүчингүй болсон байдаг юм. “ХҮТ” компани нь хүчингүй болсон тусгай зөвшөөрөлтэйгээр шинжээчээр ажиллан үнэлгээ хийж, түүний хийсэн үнэлгээг бодитой хэмээн үзсэн нь ЭБШХ-ийн 79.4 буюу “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг ноцтой зөрчсөн ажиллагаа болсон гэж үзэх бүрэн үндэстэй.
Дөрөв, “ХҮТ” компани нь “УБ таймс” сонин НӨҮГ-ын үнэлгээг дахин хийхэд тус сонины барилга нь нурсан, үйл ажиллагаа нь доголдсон, өр ширэнд баригдсан, орлогын эх үүсвэргүй болсон байдаг. Өөрөөр хэлвэл өмнө нь “Ю Би Пропертиз” компанийн үнэлгээ хийхэд байснаас хамаагүй дордсон байдалтай болсон байжээ. Гэтэл “Ю Би Пропертиз” компанийн үнэлгээ 370 орчим сая төгрөг, харин “ХҮТ” компанийн үнэлгээ 2,1 тэрбум төгрөг болсон байдаг. Ийм их зөрүү хаанаас гараад ирэв? гэхэд дараахь байдал тодордог. Үүнд:
А.”Ю Би Пропертиз” үнэлгээний компани нь тодорхой бичиг баримт, журамд үндэслэн бодитой тооцоо хийж, үнэлгээ гаргасан байдаг. Тухайлбал дээрээ барилгатай, дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь олгогдоогүй, тэгээд ч барилгыг нь зориулалтын бусаар ашиглахыг хориглосон гэрээтэй байгууллагын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийдэггүй журамтай байдаг. Тийм учир тус компани “УБ таймс” сонин НӨҮГ-ын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийгээгүй байдаг.
Б.Харин “ХҮТ” компани нь дээрээ барилгатай, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь “УБ таймс” сонин НӨҮГ-ын нэр дээр олгогдоогүй, тийм учир газрын хэмжээ, нарийн координат нь гараагүй, барилгыг нь зориулалтын бусаар ашиглахыг хориглосон гэрээтэй байгууллагын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийж, дээрх их хэмжээний зөрүүг зохиомлоор гаргаж, Улаанбаатар хотод учруулсан хохирол мэтээр тооцсон байдаг.
Тав, Улаанбаатар хот нь “УБ таймс” сонины барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг өөр дээрээ хадгалж авч үлдчихсэн байхад яаж Улаанбаатар хот хохирсон байх вэ? Тэр тусмаа тус сонины барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулж аваагүй “УБ таймс” сонин, менежментийн багийн ахлагч Д.Чулуунбаатар, бүр хаа хамаагүй Н.Энхбаяр нар яаж тэр газраар дамжуулж Улаанбаатар хотод хохирол учруулсан болох вэ?
Зургаа, 2011 онд Д.Чулуунбаатарыг мөрдөн байцаах нэрийдлээр олон сарын турш шоронд хорьсон хойгуур түүнийг эзгүйчилж тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлага Л.Сэргэлэнд мөнгийг нь өгөөгүй байна гэсэн шалтгаар “УБ таймс” сонины хувьчлалыг хууль бусаар буцаасан байдаг. Тэгэхээр Улаанбаатар хотод ямар хохирол учирсан байх вэ?
Бодит байдал ийм байгаа тул “ХҮТ” компани нь “УБ таймс” сониныг 2,1 тэрбум төгрөг хэмээн зохиомол үнэ гарган үнэлсэн, түүнийг тулгуурлан Н.Энхбаяр нар Улаанбаатар хотод хохирол учруулсан мэтээр мушгин гуйвуулж үзсэн нь бодитой бус тооцоо, дүгнэлт болно.