МАХН-ын дарга Н.Энхбаяр Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригод хандсан байна.

 

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Танаа

 Гомдол гаргах нь

 Нэгэн зүйл. Миний бие хараат хууль, шүүхийнхний гаргасан илэрхий буруу шийдвэрийн “ач буян”-аар ялтан хэмээх “эрхэм” нэрийг зүүн хэлмэгдэж байна.

Өнгөрсөн жил хараат хууль, шүүхийнхэн намайг хууль зөрчин, үлэмж хэмжээний цагдаа дайчлан хүч түрэмгийлэн саатуулсан нь үнэн хэрэг дээрээ үнэн мөнийг олж тогтоох гэсэндээ биш, харин УИХ-ын сонгууль ойртсон байсан тул миний болон “Шударга ёс” эвслийн УИХ-ын сонгуульд амжилттай оролцох боломж бололцоог хаах зорилготой байсан нь эрх баригчдын дохио зангаагаар хөдөлдөг Сон­гуулийн ерөнхий хороо хэмээх байгууллага МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвслийн нэр дээр сонгуульд нэр дэвшсэн намайг болон бусад хүнийг нэр дэв­шигчдийн жагсаалтаас хууль бусаар хассанаар болон шүүхээс миний хөдөө орон нутагт томи­лолтоор явж, сонгогчидтойгоо уулзах ажлыг хориглож, Улаанбаатар хотоос гарч явж болохгүй тухай шийдвэр гаргаснаар батлагдсан билээ.

Энэ удаад хараат хууль, шүү­хийнхэн Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон тул надаас яагаад ч юм бэ айж эмээсэн, эсхүл өширхсөн зарим албан тушаалтны улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгавраар намайг хэрэг хийсэн мэтээр хилсээр гүтгэн гүжирдэж, үндэслэлгүйгээр, хүчээр ял тулган оногдуулж байгаа нь тэдний явуулсан хууль бус ажил­лагаа, хууль зөрчсөн шийдвэрүүдээр батлагдаж байна. Ингэж манай улсад шударга ёс алдагдаж, ардчилал адлаг­даж, хүний эрх, эрх чөлөө бүдүүлгээр зөрчигдөх явдал газар авч байна. Энэ бүх бусармаг явдлыг өөрийнхөө төлөө гэхээсээ илүү нийт монголчуудын­хаа эрх ашгийг бодон эсэргүүцэж, үнэн бодит байдлыг тайлбарлаж, ойлгуу­лахыг хичнээн оролдсон ч хараат хууль, шүүхийнхэн шат шатандаа зөвхөн өөрсдийнхөөрөө мугуйдлан зүтгэж, хуулийг гууль болгож, миний гомдлыг нухацтайгаар авч хэлэлцэх битгий хэл “тэмээ гэхэд ямаа гэж”, наад зах нь миний шүүх хуралдаанд биеэрээ оролцох эрхийг хүртэл хасах зэргээр янз бүрийн тээг саад учруулж, элдвээр хавчсаар өдий хүрлээ.

Миний бие хууль, шүүхийн бүх ажилтнууд хараат байдалд орсон гэж хэрхэвч хэлэх гээгүй бөгөөд харин харамсалтай нь өнөөдөр болтол надтай холбоотой зохиомол хэргийг бүрдүүлэх болон шийдвэрлэхэд чухамхүү хараат хууль, шүүхийнх­нийг “сайтар” сонгон шалгаруулан оролцуулж, тэд хууль бус үйл ажиллагаа явуулж, хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь олон талаар нотлогдож буй тул шүүхийн хууль бус шийдвэрийг хэрэгсэхгүй болгуулахын тулд Үндсэн хуулийн 55-р зүйл болон бусад хуулинд заасны дагуу “өөрийгөө өмгөөлөх эрхтэй” учир энэхүү няцаалт, гомдлыг дахин гаргаж байна.

Би өөрөө Ерөнхийлөгчөөр ажил­лаж байхдаа хэнбугай ч шүүхийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн байр суурийг хатуу баримталдаг, шүүгчдийн бие даасан, хараат бус байдлыг хүлээн зөвшөө­рөх нь ардчилалын цагаан толгойн эхний үсгийг мэдэхтэй адил дэндүү ойл­гомж­той, тодорхой зүйл мөн хэмээн үздэг, тийм ч учир шүүгчдэд хүндэт­гэлтэй ханддаг, тэдний ажилд хэзээ ч хөндлөнгөөс хутгалдан оролцох, буруугаар нөлөөлөх гэж оролддоггүй байсныгаа тод санаж байна.

Харамсалтай нь богино хуга­цаанд буюу ердөө гурав-дөрөвхөн жилийн дотор зарим шүүгчид шүүх, шүүгчид хараат байдалд орж болохгүй гэдгийг өөрсдөө төдийлөн сайн ухамсарлаж ойлгоогүй явсныг ийнхүү хараат байдалд орсон хууль, шүүхийнхний хууль бус ажиллагаа, хууль зөрчсөн шийдвэрийн улмаас эрхээ хумиулж, эрх чөлөөгөө алдсан миний бие мэдрэхээс дээдээр мэдэрч, энэхүү аюумшигт чиг ханд­лагыг нэн даруй таслан зогсоохын тулд албан тушаалтнуудаас айн амаа хамхиж суувал хэлмэгдүүлэлт улам гаарч, газар авна гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн ойлгож байгаа учир, тэгээд ч дув дуугүй дүмбийж сууснаар энэ алдаа завхрал засагдах­гүй гэдгийг мэдэж байгаа тул, гурав-дөрөвхөн жилийн дотор эрхбиш бүх шүүх, шүүгчид хараат байдалд орчихсон гэдэгт итгэхгүй байгаа учир, шударга шүүх, шударга шүүгчид үлдсэн байгаа гэдэгт найдаж буй тул энэхүү гомдлыг бичиж байна.

Уг нь Монгол Улсад шударга ёсыг тогтоох эрх бүхий, гэхдээ шүүхээс өөр байгууллага байдагсан бол тийшээ хандмаар байгаа боловч харамсалтай нь шүүх л шүүхийнхээ гаргасан алдааг засах эрхтэй, бас үүрэгтэй байдаг тул ийнхүү Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Танд хандан энэхүү гомдлыг бичиж байна.

Нэгэн зүйл. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүү­гийн хэргийн шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 775 тоот тогтоолд намайг болон Д.Чулуун­баатар, Д.Дуламсүрэн нарыг үндэслэлгүйгээр буруутган, хүчээр ял тулган оногдуулахын тулд дараах дүгнэлтүүдийг гаргажээ. Үүнд:

Нэг. “Өргөө” зочид буудлын талаар:

1.Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

2.Ц.Батбаяр, Н.Болормаа, Д.Дуламсүрэн нартай бүлэглэсэн,

3.“Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг хууль бусаар татан буулгасан,

4.Төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй,

5.“Өргөө” НӨҮГ-ын 453,7 сая төгрөгийн хөрөнгийг өөрийн хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанид шилжүүлсэн,

6.“Хар дун” компанийг “Эскон” компанийн охин компани болгон завшсан,

7.Онц их хэмжээний хохирол учруулсан гэжээ (МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 775-р тогтоол, хууд.55).

Хоёр. “Улаанбаатар таймс” сонины талаар:

1.Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

2.Т.Билэгт, Д.Чулуунбаатар нартай бүлэглэсэн,

3.“УБ таймс” сонины менеж­мен­тийн баг нь 2004.5.7-ны өдөр байгуулсан “Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-нд заасан бизнес төлөвлөгөө бүрэн хэрэгжээгүй, аудит хийгдээ­гүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байсан,

4.2008.9.8-ны өдөр НӨХК-ын 75-р тогтоол гаргуулсан,

5.“УБ таймс” сонин НӨҮГ нь 2,1 тэрбум төгрөгийн үнэтэй,

6.“УБ таймс” сонин НӨҮГ-ыг өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” ХХК ... нэр дээр хууль бусаар хувьчлан авсан,

7.“УБ таймс” компанийг өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн завшсан,

8.Онц их хэмжээний хохирол учруулсан гэжээ (МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 775-р тогтоол, хууд.55).

Гурав. Н.Энхбаяр нарыг ЭХ-ийн 150.3-р зүйлчлэн яллахын тулд:

1.НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Н.Болормаа, НЗДарга Т.Билэгт нар “нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд” мөн гэж үзсэн,

2.Дээрх эрх бүхий албан тушаалтнууд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, хууль болон журам зөрчиж, Нийслэлийн өмчийг хувьчлах, шилжүүлэх тухай хууль бус шийдвэр гаргасан,

3.Н.Энхбаяр албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан дээрх шийдвэрийг гаргуулах ажлыг зохион байгуулсан,

4.Нийслэлийн өмчийг өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанид шилжүүлэн завшсан,

5.Онц их хэмжээний хохирол учруулсан гэжээ (МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 775-р тогтоол, хууд.56-57).

Одоо дээрх буруу дүгнэлтүүдийг хуулийн дагуу нэгбүрчлэн няцаая. Үүнд:

 

НЭГ. “ӨРГӨӨ” ЗОЧИД БУУДЛЫН ТАЛААР:

 

1.“Н.Энхбаяр нь Ерөнхийлөг­чийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх тухайд Энд шүүх “албан тушаалын байдал” болон “урвуулан ашиглах” гэсэн хоёр үгийг ашиглан дүгнэлт гаргажээ. Энэ хоёр үг ЭХ-ийн 263-р зүйлд “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас ...” гэж бичигдсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 23-р тогтоолд: “1.Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан “албаны эрх мэдэл” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаал­танд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдэл гэж ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ” гэжээ. Тодруулвал Улсын Дээд шүүх “албаны эрх мэдэл” ба “албан тушаалын байдал”-ыг өөр өөр утга илэрхийлсэн, тус тусдаа хоёр ухаг­дахуун мэтээр ойлгон тайлбарлажээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ хоёр үг ЭХ-ийн 263-р зүйл, “Авлигын эсрэг хууль”-ийн “урвуулан ашиглах”-ыг тайлбарласан тайлбарт туссанаараа болон эрх зүйн, түүнчлэн хэл зүйн талаасаа хоорондоо хэрхэн уялдан холбогдохыг дараахь байдлаар тодруулая.

Мөн тогтоолд: “... албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа “урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар ойлгож хэрэглэнэ” гэжээ.

Тэгвэл “Авлигын эсрэг хууль”-ийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж ...” хэмээн тодорхойлсон байна. Тодруулвал энэ хуулинд “урвуулан ашиглах” гэдгийг гагцхүү “албан тушаалын эрх мэдэл”-тэй уялдуулан тайлбарласан байна. Харин энд “албан тушаалын байдал” гэсэн нэг ч үг, үсэг алга байна. Тэгэхээр энэ хуулиар “урвуулан ашиглах” гэдгийг гагцхүү “албаны эрх мэдэл”-тэй холбон ойлгож хэрэглэх ёстой ажээ. Ер нь Ром-Германы хуулийн тогтолцоо буюу Монгол Улсын баримталж байгаа хуулийн тогтолцооны онцлог бол хуулийг яг бичигдсэнээр нь, холбох үг, цэг таслалыг нь хүртэл харгалзан, ягштал баримталж хэрэг­лэх ёстой гэсэн зарчимтай билээ. Ийм нөхцөлд “албан тушаалын байдал”-ын хувьд түүнийг “урвуу­лан ашиглах”-тай холбогдуулахдаа “албаны эрх мэдэл”-тэй ижил утга санаа илэрхийлсэн үг хэмээн үзэж, хэрэглэх ёстой гэж ойлгогдож байна. Ингэх нь зөв гэдэг нь хэл зүйн талаас нь авч үзэхэд илүү тодорхой харагдаж байна.

Хэл зүйн талаас нь тайлбарлахад ЭХ-ийн 263-р зүйлд бичигдсэнээс үзвэл “албаны эрх мэдэл” ба “албан тушаалын байдал” хоёрыг хооронд нь “буюу” гэдэг холбох үгээр холбосон байна. Монгол хэлний “буюу” хэмээх холбох үг нь ижил утгатай хоёр үгийг холбодог, харин “эсхүл” гэдэг холбох үг нь өөр өөр утгатай хоёр үгийг холбодог. Жишээ нь “УИХ буюу хууль тогтоох байгууллага” гэхээс биш “УИХ, эсхүл хууль тогтоох байгууллага” гэхгүй. “Буюу” хэмээх холбох үгээр холбогдсон үгс нь дандаа ижил утга бүхий хоёр үг мөн байдаг тул “УИХ” нь хуулиар тогтоосон эрх мэдлийн хүрээнд ажиллах ёстой байгууллага, харин “хууль тогтоох байгууллага” гэдэг бол УИХ-ын нэр хүнд, нөлөөг хэлнэ” хэмээн өөр өөр утгатай хоёр үг болгон тайлбарлаж болохгүй.

Тэгэхээр хууль эрх зүй болон хэл зүйн аль ч талаас нь аваад үзэхэд “албаны эрх мэдэл” буюу “албан тушаалын байдал” нь ижил утга бүхий хоёр үг мөн бөгөөд Улсын Дээд шүүх эсрэгцүүлэн тайлбарснаар буруу тайлбар гаргажээ. Тэгвэл Үндсэн хуулийн 50.2-т зааснаар Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилвал хуулийг дагаж биелүүлэх ёстой. Ер нь өгүүлбэрт “буюу” ба “эсхүл” холбох үгсийн гүйцэтгэдэг үүрэг өөр өөр гэдгийг монгол хэлний сурах бичгүүдэд тодорхой тайлбарлан бичсэн байдаг.

Дээд шүүх “албан тушаалын байдал” гэдгийг “нэр хүнд, нөлөө” хэмээн тайлбарласныг өнөөдөр тухайн албан тушаалтан ямар ч үйлдэл хийгээгүй байхад хүртэл нэр хүнд, нөлөөгөөрөө өөртөө болон бусдад шахалт үзүүлж шийдвэр гаргасан, бусдаар гаргуулсан, бараг л “нүдээ ирмэх”-ээс авахуулаад “зүгээр сууж байгаараа хүртэл нөлөөлсөн” гэх зэргээр яагаад ч нотлогдохгүй хийсвэр үйлдлээр түүнийг буруутгаж, гэм зэмгүй хүнд хүчээр ял тулган оногдуулахад үндэслэн ашиглаж байгаа нь хуулийг буруу тайлбарласнаас болж хичнээн их хор уршиг учирч болохыг тод томруун харуулж байна.

Тэгээд ч “нэр хүнд, нөлөө” гэдэг нь дэндүү хийсвэр, ихээхэн субъектив шинж чанартай ойлголт мөн бөгөөд “нэр хүнд, нөлөө”-г нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоон нотлох боломжгүй билээ. Тухайн албан тушаалтан “нэр хүнд, нөлөө”-тэй гэдгийг хэн ч баттай хэлж, тогтоож чадахгүй.

Аливаа албан тушаалыг “нэр хүнд, нөлөө” биш, харин “эрх мэдэл” тодорхойлолно. Хуулиар хэн нэгэнд “нэр хүнд, нөлөө”-г олгож болохгүй, харин хуулиар “эрх мэдэл”-ийг олгож болно. Тухайн албан тушаалтан “нэр хүнд, нөлөө”-тэй байсан байгаагүй “эрх мэдэл”-ийнхээ хүрээнд л тодорхой шийдвэр гаргах үйлдэл, эс үйлдэл хийнэ. Тийм ч учир эрх мэдлээ “урвуулан ашиглах”, “хэтрүүлэх” гэх зэргийг хуулиар тогтоож, тайлбарлаж болдог, тэгэх ч ёстой байдаг. “Нэр хүнд, нөлөө” хэмээх туйлын хийсвэр зүйлийг “урвуулан ашиглах”, “хэт­рүү­лэн ашиглах” гэдэгтэй холбож ойлгох, хэрэглэх боломжгүй, хуулийн зүйл, заалтыг ийнхүү ойл­гож хэрэглэвэл гэм зэмгүй хүнд үндэслэлгүйгээр, таамаглалаар хүчээр ял тулган өгөх нөхцөл бүр­дэнэ. Тийм ч учир төрийн байгуул­лагуудын үйл ажиллагааг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах зарчим­тай уялдуулж, аль болохоор эрх мэдлийг нь хэтрүүлэхгүй байлгах зарчим баримталдаг бөгөөд үүнийг төрийн байгууллага хуулиар зөвшөөрөгдөөгүйг хийж болохгүй хэмээн хялбаршуулан томъёолдог билээ. Төрийн байгууллага ч аливаа тайлбар гаргахдаа төрийн байгуул­лагын эрх мэдлийг хэтрүүлсэн, өргөжүүлсэн, нэмэгдүүлсэн бодлого баримтлах нь төрийн онолын хувьд буруу юм. Төрийн эрх зүйн талаас нь аваад үзсэн ч Дээд шүүхийн “албан тушаалын байдал” гэснийг “албаны эрх мэдэл”-ээс салгаж, “нэр хүнд, нөлөө” хэмээх хийсвэр ойлголтоор утга санааг нь өргө­жүүлэн нэмэгдүүлж тайлбарласан нь буруу болжээ. Хууль бол хийсвэр, нотлогдох боломжгүй ойлголтонд биш тодорхой үйлдэлд үндэслэн үйлчилж баймааж шүүх шударга шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.

Мөн Дээд шүүх нь “албан тушаалын байдал” гэдгийг “албаны эрх мэдэл” гэдгээс “буюу” хэмээх хоёр ижил утгатай үгийг холбодог холбох үгээр холбогдсон байхад үл хэрэгсэн зориуд салгаж, өөр өөр утга бүхий хоёр үг хэмээн үзэж, “албан тушаалын байдал” бол “нэр хүнд, нөлөө” гэж тайлбарласан нь эрхээ хэтрүүлсэн, өөрт нь оногдоогүй, гагцхүү хууль тогтоох байгууллагын л эдлэх ёстой эрх мэдлийг хэрэгжүүлсэн байна.

 

Түүнчлэн гэмт үйлдэл, эс үйлдэл нь “... ямагт идэвхтэй хөдөлгөөнөөр заавал илрэх гэмт зан үйл” (МУ-ын ЭХ-ийн тайлбар ном, хууд. 70) гэж үздэг байна. Өөрөөр хэлвэл үйлдэл, эс үйлдэл нь заавал идэвхтэй үйлдэл байж, тэр утгаараа илрэх ёстой гэдэг нь нэн чухал ойлголт юм. Илрэх гэдэг нь нотлох баримтаар нотлогдох ёстой гэсэн үг. Нотлох баримтаар нотлогдоогүй байхад тус үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэг мөн хэмээн таамаглаж хэрхэвч болохгүй. Тийм ч учир ЭБШХуулинд шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй, мөн ЭХ-инд тус хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэж тодорхой заасан байдаг.

Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан байвал гэмт хэрэг нь төгс бүрдэл болсон тооцогддог. Хохирол хохиролдоо материаллаг хохирол. Гэмт хэрэг нь үйлдэгдсэн бол төгс бүрдэл баймааж сая гэмт хэрэгт тооцогдоно гэдэг зарчим нэн чухал билээ. Эс тэгвээс бодитой хохирол учраагүй байхад үйлдлийг бус санаа бодлыг гэмт хэрэгт тооцдог болох, ингэснээр хэн нэгнийг үзэл бодлынх нь төлөө гэм буруутай болгох, энэ нь мөн нотлох баримтанд тулгуурлаж биш, харин таамаглалаар хүчээр ял тулгах зэргээр гэм зэмгүй хүмүүсийг хавтгайруулан яллах балмад ажиллагаа болж хувирна. Үнэхээр гэмт хэрэг мөн бол бодитой хохирол учирсан үйлдэл байх гэдэгтэй хол­бож ойлгох, ийм зарчим баримтлах шаардлагатай. Энэ тухай “МУ-ын Эрүүгийн хуулийн тайлбар” хэмээх номонд: “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулснаар бүрдэл төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг мөн” (хууд.617) гэжээ. Харин хохирол учраагүй бол төгс бус бүрдэл бүхий үйлдэл болоогүй гэсэн үг, төгс бус бүрдэлтэй бол гэмт хэрэг гэж тооцогдохгүй. Тэгвэл “гэмт хэрэг байхгүй бол ял байхгүй, ял байхгүй бол гэмт хэрэг байхгүй” гэсэн зарчим үйлчилнэ.

Шүүхээс үндэслэлгүй шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчийн албан тушаалын байдал буюу “нэр хүнд, нөлөө”-г “урвуулан ашигласан” гэж дүгнэхдээ Н.Энхбаяр нь Ерөнхий­лөг­чийн эрх мэдлийн асуудлаар өөрөө ямар нэгэн шийдвэр гаргаагүй, бусдад ч нөлөөлөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдал ажиглагдаж байна. Нөгөө талаар “албан тушаалын байдлаа буюу “нэр хүнд, нөлөө”-гөө ашиглаж, “бараг зүгээр сууж байгаагаараа” нөлөө үзүүлж, бусдаар “Өргөө” зочид буудлын талаар шийдвэр гаргуулсан гэж үзэх гэж оролдож байгаа нь харагдаж байна. Тэгвэл нэгд, үйлдэл илрэх ёстой гэсэн зарчмын дагуу бусдаар шийдвэр гаргуулсныг тодорхой нотлох баримтаар нотлох ёстой. Хоёрт, хэн нэгэн хүн бусдын гаргасан шийдвэрийн төлөө хариуцлага хүлээх ёсгүй бөгөөд ЭХ-инд бусдын гаргасан шийдвэрийн төлөө огт өөр хүнд хариуцлага хү­лээл­гэх тухай зүйл, заалт байдаггүй. Харин ч хүн зөвхөн өөрийнхөө үйлдлийн төлөө өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн хатуу зарчим суусан байдаг бөгөөд энэ нь ЭХ-ийн 8.2-т бичсэнчлэн “Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэж илэрхийлэгджээ. Гуравт, “урвуулан ашиглах” нь “Авлигын эсрэг хууль”-инд тайлбарласны дагуу тухайн албан тушаалтан албан тушаалын байдлаа биш, чухамхүү албаны эрх мэдлээ ашиглаж, шийдвэр гаргаж, тэр нь гэмт хэргийн шинжтэй бол хариуцлага хүлээхээр тайлбар­лагдсан байгаа билээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Өргөө” зочид буудлын талаар “албаны эрх мэдлээ буюу албан тушаалын байдлаа” ямар нэгэн байдлаар “урвуулан ашиглаж”, өөрөө шийдвэр гаргасан, эсхүл бусдаар шийдвэр гаргуулсан гэд­гийн аль нь ч нотлогддоггүй билээ.

Энэ нь ч Ц.Батбаяр (Хавтаст хэрэг, 45-р хавтас, 196-199-р хуудас), Н.Болормаа (Хавтаст хэрэг, 150-151-р хууд. 2012.01.16.), Д.Дуламсүрэн (Хавтаст хэрэг, 45-р хавтас, 187-195-р хуудас, түүнчлэн 47-р хавтас,  202-213-р хууд.) нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуу­даар хангалттай нотлогддог. Тэд мэдүүлгүүддээ Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн хувьд “Өргөө” зочид буудлын талаар ямар нэгэн шийдвэр өөрөө гаргаагүй, мөн гаргуулахаар амаар болон бичгээр нөлөөлөөгүй, эсхүл үүрэг даалгавар өгөөгүй гэсэн байдаг. Түүнчлэн Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн хувьд “Өргөө” зочид буудлын талаар ямар нэгэн шийдвэр гаргуулах талаар өөр аргаар нөлөөлсөн гэдгийг нотлох амаар хэлэгдсэн, бичгээр үйлдэгдсэн нэг ч нотлох баримт байдаггүй.

Эцэст нь хуулийн логикоор бол хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа этгээд гэмт хэрэг хийгээгүй гэдгээ заавал өөрөө нотлох албагүй, харин түүний гэмт хэрэг хийсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байх нь тэр этгээд гэм буруугүй гэж тооцогдоход хангалттай үндэслэл болох ёстой байдаг. Энэ тухай ЭБШХ-ийн 36.4-т “Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийгөө гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэжээ. Энэ зарчмыг Үндсэн хуулийн 16.14-т заасан “шударга шүүхээр шүүлгэх эрхтэй, ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэсэнтэй уялдуулвал аливаа хүн анхнаасаа гэм буруугүй гэж тооцогдоно хэмээх хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой нэн чухал, суурь зарчим буй болно.

Энэ бүхнээс үзвэл Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг нь нотлох баримтаар нотлогддоггүй учир, түүнч­лэн “нэр хүнд, нөлөө”-г урвуулан ашиглах тухай хуулинд бичигдээгүй байгаа учир Н.Энхбаяр нь гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэх боломжгүй юм.

Тэгвэл гэмт хэрэг ба ял хоёр бол хоорондоо харилцан шүтэлцээтэй хоёр ухагдахуун мөн бөгөөд нэг нь байхгүй бол нөгөө нь байх ёсгүй бөгөөд энэ нь “гэмт хэрэг байхгүй бол ял үгүй” гэсэн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмаас урган гардаг.

2. “Ц.Батбаяр, Н.Болормаа, Д.Дуламсүрэн нартай бүлэглэсэн” гэх тухайд

Дээд шүүхийн 775-р тогтоолд Н.Энхбаяр нь Ц.Батбаяр, Н.Болормаа, Д.Дуламсүрэн нартай бүлэглэсэн, өөрөө зохион байгуулагч нь гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн Д.Дуламсүрэн нь хамжигч гэжээ.

Үндсэн хуулинд болон бусад хуулинд гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн зарчим байдаг. Тэгвэл Ц.Батбаяр, Н.Болормаа нарын асуудлыг шүү­хээр хэлэлцээгүй мөртлөө тэднийг гэмт хэрэг хийхэд бүлэглэн оролцсон мэтээр урьдчилан буруутган дүгнэж, эчнээгээр ял тулгаж байгаа нь дээрх зарчмыг ноцтой зөрчсөн балмад явдал мөн гэж дүгнэхээс өөр аргагүй. Ц.Батбаяр, Н.Болормаа нар хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд хуулинд нийцүүлэн шийд­вэр гаргасныг ямар ч үндэслэлгүй­гээр, нотлох баримтгүйгээр, бүр шүүхийн хуралдаанаар хэлэлцэл­гүйгээр, тэднийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шууд буруутгаж байгаа нь хүний эрх, эрх чөлөөг дэндүү бүдүүлгээр зөрчсөн ажиллагаа болж байна.

Мөн аливаа бүлэглэсэн хэмээх хэрэгт гүцэтгэгчийг нотлох барим­таар хөдөлбөргүй олж тогтоосны дараа л зохион байгуулагч, хамжигч, хамтрагчийг тогтоож болно. Энэ тухай “МУ-ын Эрүүгийн тайлбар” номонд: “Гэмт хэрэгт хамтран оролцож байгаа зохион байгуулагч, хатгагч, хамжигчийн үйл ажиллагаа нь зөвхөн гүйцэтгэгчийн үйлдлээр дамжин хэрэгждэг болохоор гүцэтгэгч бол хамгийн гол оролцогч юм. ... Гүцэтгэгчгүйгээр бусад оролцогчид, бусад оролцогчидгүйгээр гүйцэтгэгч гэсэн ойлголт байх ёсгүй” (хууд.118) гэжээ. Энэ бол гүйцэтгэгч байхгүй зохиомол хэрэг гэдгийг хууль, шүүхийнхэнд удаа дараа анхааруулсаар байтал хараат хууль, шүүхийнхний нэгэн төлөөлөгч болох Ё.Сагсай: “гүйцэтгэгч бий болох болно” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд зогсож байх жишээтэй (Нийслэлийн давж заалдах шатны 495-р магадлал). Энэ бол гэм зэмгүй хүмүүсийг шүүх хуралдаан болоогүй байхад эчнээгээр яллаж, урьдчилан буруутгахаар хэзээний төлөвлө­чихсөн байгаагийн бас нэгэн баталгаа мөн.

Тэгэхээр гүйцэтгэгч байхгүй байгаа хэрэгт зохион байгуулагч, хамжигчийн аль нь ч байхгүй нь ойлгомжтой асуудал. Тэгвэл Н.Энхбаяр нарт хүчээр тулгаад байгаа хэрэгт гүйцэтгэгч байхгүй байгаа бөгөөд тийм учир Н.Энхбаяр нь зохион байгуулагч биш, Д.Дуламсүрэн нь хамжигч биш болно. Ингэснээр бүлэглэсэн гэдэг нь буруу дүгнэлт болж байна.

3.“Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг хууль бусаар татан буулгасан гэх тухайд

“Засаг захиргаа, нутаг дэвс­гэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн Нутгийн өөрөө удирдах байгууллага хэмээх 9-р зүйлийн 9.2-т “...Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэд­гээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Түүнчлэн  “Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн Орон нутгийн өмчийн талаархи иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх хэмээх 77-р зүйлийн 77.1-д “Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэжээ. Мөн хуулийн 77.2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн төлөөлөгчдийн хурал дараахь бүрэн эрхтэй: 4/орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” гэсэн байна.

Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчид НИТХурлын хуралдааны чөлөө цагт түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж, орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах эрхийн дагуу 188-р тогтоол гаргаж, “Өргөө” НӨҮГ-ыг татан буулгажээ. Энэхүү ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн байна. Түүнчлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн Хамтарсан үйлдвэрийн газар байгуулах замаар хувьчлах хэмээх 57-р зүйлийн 57.1-д “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хувь нийлүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн хөрөнгөтэй нийлүүлж хамтарсан үйлдвэр байгуулах замаар хувьчилж болно. Ийнхүү хувьчлахдаа: 2/ төрийн өмчит хуулийн этгээдийг шинэчлэх, өргөтгөх зорилгоор бусад этгээдийн хөрөнгө нэмж оруулах” гэсний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид 188-р тогтоол, НЗДарга нь 555 тоот захирамж тус тус гаргаж, “Өргөө” зочид буудлыг татан буулган хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт оруулж, нэг хэсгийг нь хувьчлахдаа “Дун өргөө” хамтарсан компани бай­гуулж, УБ хот нь 470 орчим сая төгрөгийн үнэ бүхий нийслэлийн өмч хөрөнгийг хамтарсан ком­панийн 25 хувьтай тэнцэнэ хэмээн тооцон баталгаажуулж, ингэснээр “Хар дун” компаниар 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах гэрээ хийж, “Хар дун” компани ийм ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулснаар “Дун өргөө” хамтарсан компанийн 75 хувийг эзэмшихээр болсон байна. Үр дүнд нь ашигтай ажилладаг өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан байгуулагдаж, сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа 2011 оноос эхлэн ашигтай ажилласны ногдол ашгийг Улаанбаатар хотод төлж эхэлсэн байна.

Учир иймд “Өргөө” НӨҮГ-ыг шинэчлэх, өргөтгөх зорилгоор бусад этгээдийн хөрөнгө нэмж оруулахын тулд татан буулгаж, “Хар дун” компаниас оруулсан 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 75 хувьд нь, Нийслэл хотын 470 орчим сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг 25 хувьд нь тооцон “Дун өргөө” хамтарсан компани байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулал­тыг бодитойгоор татан оруулж хам­тарсан компани байгуулах замаар хувьчилсан нь “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирд­лагын тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-инд нийцсэн ажиллагаа болжээ.

Энэхүү ажиллагаа нь хуулийн дагуу хийгдсэнийг мөн дараах баримт нотолно. 2008 оны 6 сарын 30-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захир­гааны хэргийн шүүх хуралдаанаас 86 тоот тогтоол батлан гаргаж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 188-р тогтоол нь хууль зөрчөөгүй байна гэж тогтоосон байна (45-р хавтас, 139-157 хуудас).

4.Төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй гэх тухайд

“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 34-р зүйлд “1.Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дараахь аргыг дангаар буюу хослуулан хэрэглэнэ:

1/дуудлагаар худалдах,

2/уралдаант шалгаруулалт /төсөл сонгон шалгаруулах/,

3/төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгийг худалдах,

4/төрийн өмчийн хуулийн этгээдийг хамтарсан хэлбэрээр өөрчлөн байгуулах,

5/татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах,

6/менежментийн үр дүнг харгалзан хувьчлах,

7/давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах,

8/төсвийн санхүүжилтийг төл­сөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хувьч­лах.” гэж заажээ. Энд бүх хувьч­лалын аргыг бүгдийг нь төсөл сонгон шалгаруулах замаар явуулах ёстой гэж заагаагүй байна. Төсөл сонгон шалгаруулах нь хувьчлалын нэг л арга байна. Харин НИТХ Тэргүүлэг­чид болон НЗДарга нар “Өргөө” зочид буудлыг хамтарсан компани байгуулж хувьчлахдаа хуулинд бичигдсэн дээрх олон аргын “4/төрийн өмчийн хуулийн этгээдийг хамтарсан хэлбэрээр өөрчлөн бай­гуулах” гэдгийг баримталсан байдаг.

Энэ тухай тодруулан тайлбар­лахад “Засаг захиргаа, нутаг дэвс­гэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн Нутгийн өөрөө удирдах байгууллага хэмээх 9-р зүйлийн 9.2-т “...Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэд­гээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Түүнчлэн  “Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн Орон нутгийн өмчийн талаархи иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх хэмээх 77-р зүйлийн 77.1-д “Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэжээ. Мөн хуулийн 77.2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн төлөөлөгчдийн хурал дараахь бүрэн эрхтэй: 4/орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” гэсэн байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид НИТХурлын хуралдааны чөлөө цагт түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж, орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах эрхийн дагуу 188-р тогтоол гаргаж, “Өргөө” НӨҮГ-ыг татан буулгажээ. Энэхүү ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн байна. Түүнчлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн Хамтарсан үйлдвэрийн газар байгуулах замаар хувьчлах хэмээх 57-р зүйлийн 57.1-д “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хувь нийлүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн хөрөнгөтэй нийлүүлж хамтарсан үйлдвэр байгуулах замаар хувьчилж болно. Ийнхүү хувьчлахдаа: 2/ төрийн өмчит хуулийн этгээдийг шинэчлэх, өргөтгөх зорилгоор бусад этгээдийн хөрөнгө нэмж оруулах” гэсний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид 188-р тогтоол, НЗДарга нь 555 тоот захирамж тус тус гаргаж, “Өргөө” зочид буудлыг татан буулган хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт оруулж нэг хэсгийг нь хувьчлахдаа “Дун өргөө” хамтарсан компани байгуулж, УБ хот нь 470 орчим сая төгрөгийн үнэ бүхий нийслэлийн өмч хөрөнгийг хамтарсан ком­панийн 25 хувьтай тэнцэнэ хэмээн тооцон баталгаажуулж, ингэснээр “Хар дун” компаниар 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах гэрээ хийж, “Хар дун” компани ийм хэмжээний ихээхэн хөрөнгө оруулалт оруулснаар “Дун өргөө” хамтарсан компанийн 75 хувийг эзэмшихээр болсон байна. Хувьч­лалын ийм аргаар “Өргөө” зочид буудлын нэг хэсгийг хувьчлахад заавал төсөл сонгон шалгаруулах шаардлагатай гэж хуулинд бичиг­дээгүй байна. Харин үр дүнд нь ашигтай ажилладаг өндөр зэрэг­лэлийн зочид буудал, ресторан байгуулагдаж, сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа 2011 оноос эхлэн ашигтай ажилласны ногдол ашгийг УБ хотод төлж эхэлсэн байна.

Эцэст нь тэмдэглэхэд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан 188 тоот тогтоол бол хамтын шийд­вэр мөн бөгөөд хамтын шийдвэрийн өмнөөс Н.Болормаа хэмээх нэг хүнийг буруутгаж, эчнээ яллаж, бүлэглэсэн болгож тооцно гэдэг бол бас л хууль зөрчсөн шийдвэр мөн. Хэрэв Н.Болормаа нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг хийлгэл­гүйгээр түүний нэрийн өмнөөс ганцаараа дур мэдэн шийдвэр гаргасан бол хариуцлага хүлээлгэх тухай асуудал яригдаж болно. Харин НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хууль, журмын дагуу болж, хамтын шийдвэр гаргасан бол хамтын шийдвэрийн төлөө нэг хүн хариуцлага хүлээдэггүй бөгөөд хамтын шийдвэр нь буруу шийдвэр болсон гэж хуулийн дагуу тооцогдвол өөрсдөө шинэ, эсхүл өөр эрх бүхий байгууллага өөр шийдвэр гаргаж засдаг журамтай билээ. Тухайлбал, УИХ, Засгийн газрын хамтын шийдвэрийн төлөө УИХ-ын дарга, эсхүл Ерөнхий сайд хариуцлага хүлээдэггүй. Гаргасан хууль, тог­тоомж, шийдвэр нь буруу, хууль зөрчсөн гэж хуулийн дагуу тогтоогд­вол нэг бол УИХ, эсхүл Засгийн газар өөрсдөө шинэ шийдвэр гаргаж засна, эсхүл өөр эрх бүхий байгуул­лага өөр шийдвэр гаргаж, засч залруулдаг. НЗДаргын хувьд хуулиар НИТХурал, түүний хурал­дааны чөлөө цагт НИТХ-ын Тэр­гүүлэгчид эрх мэдлийнхээ хүрээнд хамтын шийдвэр гаргавал түүнийг биелүүлж, эргэж тайлагнах үүрэгтэй билээ. Д.Дуламсүрэнгийн тухайд бол асуудал танилцуулах л эрх бүхий албан тушаалтан болохоос биш, ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй билээ. Ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй албан тушаалтныг гаргаагүй шийдвэрийнх нь төлөө буруутгаж байгаа нь өөрөө хууль ноцтой зөрчиж байгаа явдал юм.

Хамтын шийдвэрийн төлөө нэг хүн хариуцлага хүлээдэггүйг ЭХ-ийн 8.1-д заасан байдаг. ЭХ-ийн 8.1-д “Эрүүгийн хариуцлагыг зөвхөн хувь хүнд хүлээлгэнэ.” гэжээ. Хамтын шийдвэр бол нэг хүний биш харин байгууллагын шийдвэр байдаг. НИТХурал, түүний хурал­дааны чөлөө цагт эрхийг нь хэрэг­жүүлдэг НИТХ-ын Тэргүүлэгчид бол хамтын шийдвэр гаргадаг бай­гууллага мөн тул түүнд хариуцлага хүлээлгэх хууль эрхзүйн ямар ч үндэслэл байхгүй билээ. Тэр тусмаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал­даанд бусад тэргүүлэгчдийн нэгэн адил нэг л санал өгөх эрхтэйгээр оролцсон Н.Болормаа бүхэл бүтэн нэг байгууллагын нэрийн өмнөөс эрүүгийн хариуцлага хүлээх эрх зүйн үндэс байхгүй. Хууль, шүүхийнхэн хуулийн дагуу ажилласан, эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэр гаргасан Н.Болормаа, Ц.Батбаяр нарыг үндэслэлгүйгээр буруутгаж, эчнээ яллаж байгаа нь хууль ноцтой зөрчсөн ажиллагаа мөн.

Учир иймд төсөл сонгон шал­гаруулалт явуулаагүй гэж Н.Болормаа, Ц.Батбаяр, Д.Дулам­сүрэн болон бусдыг буруутгах нь огт үндэслэлгүй дүгнэлт мөн бөгөөд энэ нь бүхэлдээ хуулинд нийцүүлэн явуулсан үйл ажиллагааг зориуд мушгин гуйвуулсан, хуулинд байх­гүй шаардлагыг хүчээр тулгасан, Н.Энхбаяр нарт хүчээр ял тулган оногдуулах гэж улайрсан, илэрхий Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжинд заасан иргэн “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэдэг зарчмыг ноцтой зөрчсөн балмад ажиллагаа болж байна.

5.“Өргөө” НӨҮГ-ын 453,7 сая төгрөгийн хөрөнгийг өөрийн хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанид шилжүүлсэн гэх тухайд

Нэгд, “Хар дун” компани нь Э.Батшугарын нэр дээр байгуулаг­даагүй. Энэ бол Б.Хуягийн байгуул­сан компани бөгөөд тус компани нь нэг гишүүнтэй бөгөөд тэр нь мөн Б.Хуяг билээ. Энэ нь “Хар дун” ХХК-ийг үүсгэн байгуулсан дүрэм, түүнд: “2007 оны 10 сарын 09 өдөр. Үүсгэн байгуулагч, захирал нь Б.Хуяг. Зочид буудал, гадаад худалдаа, аялал жуулчлал эрхлэн явуулах зорил­готой, ганц гишүүнтэй ХХК”  (Хавтаст хэрэг, 9-р хавтас, 170-172-р хуудас) гэж бичигдсэнээр, түүнчлэн “Хар дун” ХХК-ийн гэрчилгээ, түүнд: “Хар дун” компани нь Б.Хуяг гэсэн нэг гишүүнтэй, Б.Хуяг захиралтай” (Хавтаст хэрэг, 9-р хавтас, 179-р хуудас) гэж бичигдсэнээр, түүнчлэн Э.Бат­шугарын гарын үсгийн кримина­листик шинжилгээний дүн, түүнд: “2012 оны 03 сарын ШШҮХ-н кримналистик шинжилгээний ¹1050/1054 тоот дүгнэлтийн үзлэг ба  шинжилгээний хэсэгт 13 асуул­танд хариулсан байх бөгөөд ... 2007 оны 10 сарын 05 өдрийн “Хар дун” компанийг үүсгэн байгуулах шийдвэрт зурсан гарын үсгүүд нь Э.Батшугарын загвар гарын үсгийн хэв маягтай тохирохгүй байна”  (Хавтаст хэрэг, 18-р хавтас, 43-51-р хуудас) гэж бичсэн дүгнэлтээр тус тус давхар нотлогдоно.

Мөн Б.Хуяг “Хар дун” ком­панийг байгуулж байх үед Э.Бат­шугар нь гадаадад сурч, амьдарч байсан тухай Э.Батшугарын гадаад паспорт дээр хилээр орж гарсныг тэмдэглэснээр батлагддаг. Эдгээр нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тийм учир “Хар дун” нь Э.Батшугарын нэр дээр байгуулагдсан компани биш билээ. Ингэж хууль, шүүхийнхэн нотлох баримтаар тогтоогдсон үнэн бодит байдлыг зориуд мушгин гуйвуулж, илэрхий буруу дүгнэлт хийж, “тэмээ гэхэд ямаа гэж” байгааг хараат хууль, шүүхийнхний явуулж байгаа балмад ажиллагаа гэж хэлэхээс өөр аргагүй байна.

Хоёрт, Б.Хуягийн “Хар дун” компанид “Өргөө” зочид буудлын 453,7 сая төгрөг битгий хэл нэг ч төгрөгийг зүгээр буюу үнэгүй шилжүүлээгүй байдаг. Харин Улаанбаатар хот нь алдагдалтай ажилладаг байсан “Өргөө” зочид буудлыг дээр дурдагдсан хуулиудын дагуу, эрх мэдлийнхээ хүрээнд, хуулинд нийцүүлэн шинэчилж, үйл ажиллагааг нь сайжруулахын тулд өөрчлөн байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө татан оруулах замаар нэг хэсгийг нь хувьчилж, “Дун өргөө” хамтарсан компани байгуулахдаа:

А.”Өргөө” зочид буудал НӨҮГ-ын үнэлгээг “Ю Би Пропертиз” үнэлгээний компаниар хийлгэж, 468 сая төгрөгөөр тогтоолгосон (Хавтаст хэрэг, 9-р хавтас, 208-235 хуудас) ,

Б.Өөрийн өмчийн 468 сая төгрөгийн хөрөнгийг хамтарсан компанийн 25 хувьд тооцон батал­гаажуулж, “Хар дун” компанид 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан нөхцөлд хамтарсан компанийн 75 хувийг эзэмших болзол тавьж, гэрээ байгуулсан. Ингэснийг Нийслэлийн засаг даргын 2007 оны 11 сарын 07 өдрийн ¹555 захирамжийн 2-р хавсралтаар баталсан хамтарсан ХХК-ийн гэрээ, түүнчлэн НЗДТГ, НӨХГ болон “Хар Дун” ХХК-ийн хамтарсан “Дун-Өргөө” ХХК-ийн гэрээнд нэг талаас НЗДарга Ц.Батбаяр, нөгөө талаас “Хар Дун” ХХК-ийн захирал Б.Хуяг нар тус тус гарын үсэг зурсан баримт нотолно. Тус гэрээний тавдугаар зүйлийн 5.2-т үүсгэн байгуулагч талууд хамтарсан компанид оруулах хувь хөрөнгийн талаар дурьдсан байна. Үүнд: Нийслэлээс 468,000,000 төгрөг буюу 25%, “Хар Дун” ХХК-иас 1,404,000,000 төгрөг буюу 75%-ийн хөрөнгө тус тус оруулахаар заасан нь давхар батална  (Хавтаст хэрэг, 6-р хавтас, 32-36 хуудас).

В.”Хар дун” компани гэрээний үүргээ бүрэн биелүүлж, 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж, “Дун өргөө” хамтарсан компанийн 75 хувийг хууль, гэрээний дагуу эзэмших болсон, Улаанбаатар хотоос “Өргөө” НӨҮГ-ын нэг ч төгрөгийн хөрөнгийг үнэгүй аваагүй байдаг. Хөндлөнгийн шинжээчид шалгаад “Хар дун” компани нь “Өргөө” зочид буудалд 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бодитойгоор оруулсан гэдгийг тогтоосон байдаг.

Энэ бүхэн нь мөн л хавтаст хэрэгт авагдсан нотлох барим­туудаар хангалттай нотлогдож бай­гаа болно. Гэтэл харамсалтай нь хууль, шүүхийнхэн энэ бүхнийг зориуд орхигдуулж, анхнаасаа өөрсдөө зохиомол хэрэг үүсгэхдээ “зохиосон жүжиг”-тээ хэт хөтлөгдөж, үнэн бодит байдлыг тогтоохын оронд баримт сэлт, нотлох баримтыг мушгин гуйвуулж, илт буруу дүгнэлт хийж байна. Үүнийг бусармаг ажиллагаа гэж нэрлэхээс өөр аргагүй.

Харин 453,7 сая төгрөгийн хөрөнгө гэх зохиомол тоо хаанаас гараад ирэв? гэвэл дараахь байдал тогтоогдож байна. АТГ-ынхан “Хөрөнгийн үнэлгээний төв” (“ХҮТ”) компанийг хөлсөлж, тэдэнд захиалга өгсний дагуу тус компани “Өргөө” НӨҮГ-ын үнэлгээг дахин хийжээ. Тэдний хийсэн үнэлгээгээр 605 сая төгрөгийн үнэтэй гэж гарчээ. Хууль, шүүхийнхэн Улаанбаатар хотынхон “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын 75 хувийг “Хар дун” компанид үнэгүй шилжүүлсэн хэмээн ямар ч үндэслэлгүйгээр улайм цайм гүжирдэж, зохиомлоор тогтоосон үнэлгээний тоо болох 605 сая төгрөгийн 75 хувь болох 453 сая төгрөгийг “Хар дун” компанид үнэгүй шилжүүлж, Улаанбаатар хотод онц их хэмжээний хохирол учруулсан мэтээр илэрхий худал дүгнэлт хийсэн байдаг юм. Энэ бүхнийг дараахь байдлаар няцааж байна. Үүнд:

А.”ХҮТ” хэмээх үнэлгээний компани нь АТГ-ын захиалгаар “Өргөө” НӨҮГ-ын үнэлгээг хийхдээ тусгай зөвшөөрөлгүй байсан байдаг. 2010 онд УИХ-аас “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийг хэлэлцэн баталсны дараа 2010 оны 5 сарын 13-ны өдөр Сангийн сайдын 112 тоот тушаал гарч, шинэ журам батлагдсан байдаг. Энэ хууль, журам гарч байгаатай холбогдуулан үнэлгээний компаниуд шинээр тусгай зөвшөөрөл авах ёстой байсан байтал “ХҮТ” компани нь тусгай зөвшөөрлөө аваагүй байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог бөгөөд тэрхүү нотлох баримтанд “ХҮТ” компани нь 2007 оны Сангийн сайдын 353 дугаар тушаалаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй (Хавтаст хэрэг, 8-р хавтас, 51-р хуудас) гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байдаг юм. Энэ нь тус компани үнэлгээний болон шинжээчийн ажил хийх эрхгүй болсон байсан гэсэн үг юм.

Б.Улаанбаатар хот өмнө нь “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг үнэлүүлж, 468 сая төгрөгөөр тогтоолгосон байдаг. Харин “ХҮТ” компани нь “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг үнэлэхдээ 605 сая төгрөгөөр тогтоожээ. Үнийн зөрүү нь 135 сая төгрөг гардаг. Энэ зөрүү хаанаас гараад ирэв? гээд үзэхэд “Өргөө” зочид буудалд багтдаг, хуучин ясны сүрьеэгийн эмнэлгийн гал зуухны байр байсан “Дүнжин­гарав” хэмээх 60 орчим жилийн өмнө баригдсан барилгатай, 8 жижиг өрөөтэй буудлын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийг өмнө нь үнэлээгүй орхигдуулсан байсныг үнэлэхэд 135 орчим сая төгрөгийн зөрүү гарч байна гэж “ХҮТ” компанийхан тайлбарладаг.

В.”Дүнжингарав” буудлын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийг яагаад үнэлээгүй орхигдуулсан байдаг вэ? гээд судлахад Нэгд, тухайн барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ “Өргөө” зочид буудлын нэр дээр БОЯ-наас олгог­доогүй байсан байдаг. Нэгэнт гэр­чилгээгүй, хэмжээ нь тодорхойгүй, координат нь бичигдээгүй газрын газар эзэмших эрхийг үнэлэх бололцоо байгаагүй байдаг. Гэтэл “ХҮТ” компани нь АТГ-аас даал­гавар авч, “Дүнжингарав” буудлын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийхдээ ямар ч бичиг баримтгүйгээр, нарийн хэмжээ, координатыг тооцолгүйгээр хийсвэрээр үнэлсэн байдаг. Ийм хийсвэр үнэлгээнээс зохиомол үнэ гарчээ. Хоёрт, Улаанбаатар хот нь дээрээ барилгатай, дуудлага худал­даанд оруулахаар төлөвлөгөөгүй газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийдэггүй журамтай байдаг. Гуравт, Улаанбаатар хот нь “Өргөө” зочид буудлыг өөрчлөн байгуулж, хувийн хөрөнгө оруулал­тыг татах замаар нэг хэсгийг нь хувьчлах шийдвэр гаргаж, хамтар­сан компани байгуулах талаар “Хар дун” компанитай гэрээ хийхдээ “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын барилгыг нурааж, үйл ажилла­гааных нь чиглэл, зориулалтыг өөрчлөхийг хориглосон байдаг. Бодит нөхцөл ийм байхад “ХҮТ” компани нь дээрээ барилгатай, барилгыг нь зориулалтаас нь өөр байдлаар ашиглахыг хориглосон, дуудлага худалдаанд орох төлөвлө­гөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь олгогдоогүй байсан газрын газар эзэмших эрхийг хийсвэрээр үнэлж, зохиомол тоо гаргаж ирснийгээ 135 сая төгрөгөөр үнэлжээ. Н.Энхбаяр нарыг ямар нэгэн аргаар буруутгахын тулд “ХҮТ” компаниар иймэрхүү улайм цайм худлаа үнэлгээ тооцоо хийлгэсэн байдаг.

Г.”Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 3-р зүйлд “Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана.” гэжээ. “Иргэний хууль”-ийн 84-р зүйлд

“84.2.Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.

84.3.Газар, түүнээс  салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна” гэжээ. Түүнчлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 74-р зүйлд

“1.Орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн З дугаар зүйлд заасны дагуу нийтийн өмчийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ” гэжээ.

“Өргөө” зочид буудал НӨҮГ нь үйлдвэрийн газрын хувьд орон нутгийн өөрийн өмчид багтана, харин түүний бүтцийн “Дүнжин­гарав” буудлын барилга нь үл хөдлөх хөрөнгөд багтах нь тодорхой байна. Тийм учир дээрээ барилгатай газрыг газраас нь салгачихвал зориулалтын дагуу ашиглаж үл болох болчихдог барилгаас нь салгаж тусад нь үнэлэх ямар ч бололцоогүй гэдэг нь дээрх хуулийн зүйл, заалтаас ч ойлгогдож байна. Тийм болохоор Улаанбаатар хот нь дээрээ барилгатай газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийдэггүй, хийх ч бололцоогүй, харин дээрээ барилгагүй, дуудлага худалдаанд орох газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийлгэдэг журамтай байдаг байна. Үнэлгээний компаниуд ч “газрыг үнэлэх” гэдэггүй харин “газар эзэмших эрхийн үнэлгээ хийх” гэдэг нь учиртай юм. Дээрээ барилгатай газрыг барилгаас нь тусад нь эдийн засгийн эргэлтэнд оруулж болохгүй учир тийнхүү тухайн газрын газар эзэмших эрхийн гэрчилгээнд тулгуурлан, дээрээ барилгагүй газрын л газар эзэмших эрхийн үнэлгээг хийдэг ажээ. Энэ журмын дагуу “Ю Би Пропертиз” компани нь “Дүнжингарав” буудлын барил­гын доорхи газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийгээгүй нь хуулинд ч, эрүүл саруул ухаанд ч нийцэж байна. Хууль, эрүүл саруул ухаан хоёр яв цав нийцэж байж шударга ёс тогтоно, шүүх ч шударга шийдвэр гаргана.

Д.Улаанбаатар хот хуулийн дагуу “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг өөрчлөн байгуулж, хувийн хөрөнгө оруулалт татах замаар нэг хэсгийг нь хувьчилж, хамтарсан компани байгуулахдаа “Хар дун” компанид үнэгүй нэг ч төгрөгийг шилжүүлэх тухай шийдвэр гаргаагүй байдаг бөгөөд харин байгуулсан гэрээндээ “Хар дун” компани “Өргөө” зочид буудал НӨҮГ-т 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах болзол­тойгоор хамтарсан компанийн 75 хувийг эзэмшихээр тусгасан байдаг юм. “Хар дун” компани ч гэрээний дагуу “Өргөө” зочид буудал НӨҮГ-т 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруу­лалт орулж, хамтарсан компанийн 75 хувийг эзэшсэн байдаг юм.

Энэ бүхэн нь “Өргөө зочид буудал НӨҮГ-ын 453,7 сая төгрөгийг “Хар дун” компани руу шилжүүлсэн гэдэг нь огт үндэслэлгүй дүгнэлт гэдгийг тодорхой харуулж, нотолж байгаа юм. Уг нь энэ бүх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Харамсалтай нь хууль, шүүхийнхэн хийсвэр тоо болох 453,7 сая төгрөгийг “Хар дун” руу үнэгүй шилжүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлгүй, цэвэр гүтгэлгийн шинж чанартай дүгнэлтийг шат шатны шүүхийн шүүх хуралдаан дээр тоть мэт давтаж байгаа нь тэд үнэн мөнийг тогтоохыг огтхон ч хүсэхгүй байгааг дахин нотолж байгаа юм.

Харин ч бодит байдал дээр Улаанбаатар хот 468 сая төгрөгийн үнэ бүхий өөрийн өмчийг “Дун өргөө” хамтарсан компанийн 25 хувьд тооцон баталгаажуулж, “Хар дун” компани нь “Өргөө” зочид буудал НӨҮГ-т 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулснаар хамтарсан компанийн 75 хувийг эзэмших болсон байна.

Учир иймд Дээд шүүхийн 775 тоот тогтоолд бичигдсэн “Өргөө” НӨҮГ-ын 453,7 сая төгрөгийн хөрөн­гийг өөрийн хүү Э.Бат­шугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанид шилжүүлсэн гэх нь ор үндэсгүй, нотлох баримтаар нотлогдохгүй дүгнэлт болох нь дээрх няцаалтаар тогтоогдож байна.

6.“Хар дун” компанийг “Эскон” компанийн охин компани болгон завшсан гэх тухайд

“Хар дун” компанийг “Эскон” компани руу охин компани болгон шилжүүлсэн тухай нэг ч бичиг баримт, нотлогдох баримт байдаггүй. Энэ нь бүртгэл мэдээллийн байгуул­лага дээр байгаа бичиг баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.

Харин “Ремиф” компанийг “Эскон” компани руу шилжүүлсэн байдаг. Гэхдээ хууль, шүүхийнхний үзэж байгаагаар “Ремиф” ком­панийг “Эскон” компани руу шил­жүүлэхэд Н.Энхбаяр болон Э.Бат­шугар нар нь өөрсдөө нотариатч дээр биеэрээ очиж, гарын үсгээ зураагүй, өмнөөс нь хуулийн зөвлөхөөр ажил­лаж байсан Ш.Раднаасэд хөөцөлдөж зохицуулсан учир энэхүү шилжүүл­гийг хуулийн дагуу болоогүй, өөрөөр хэлвэл хүчингүйд тооцно гэж яллах дүгнэлтэнд бичигдсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолсон байдаг тул “Ремиф” компани ч “Эскон” компани руу шилжээгүй гэж тооцогдож байгаа. (Гэрч Г.Батжаргал /Нотариатч/-ын мэдүүлэг. Хавтаст хэрэг, 46-р хавтас, 141-р хуудас)

Нөгөө талаар “Эскон компани бол Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа иргэний хувьд байгуулсан компани бөгөөд ийнхүү компани байгуулахыг хуулиар хориг­лоогүй байдаг билээ. Ерөн­хийлөгчийн ажлаа өгсний дараа байгуулсан компанийг шүүхийн дүгнэлтэд бичихдээ: “Ерөнхийлөг­чийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, ... “Эскон” компани руу ... компани шилжүүлэн охин компани болгож завшсан” гээд байгаа нь өөрөө утгагүй дүгнэлт юм. Хэрэв Н.Энхбаяр нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө, эсхүл Ерөнхий­лөгчөөр ажиллаж байхдаа “Эскон” компанийг байгуулж, Ерөнхйилөг­чийн ажлыг хийж байхдаа түүн рүү ямар нэгэн компанийг шилжүүлж байсан бол “завшсан” байж магад­гүй хэмээн сэжиглэгдэж болно. Гэтэл Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа байгуулсан “Эскон” компанийг Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашигласан гэх үйлдэлтэй зориуд мушгин гуйвуулж хүчээр холбож байгаа нь цаг хугацааны хувьд ч, нотлох баримтын хувьд ч ямар ч үндэслэлгүй дүгнэлт юм.

“Завшсан” гэхийн тухайд бол МУ-ын Эрүүгийн хуулийн тайлбар номонд: “Завших гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байгааг ойлгоно.” гэжээ (хууд.380).

Түүнчлэн 2001, 2004 онуудад тус тус хэвлэгдсэн “МУ-ын Дээд шүүхийн тогтоолын эмхтгэл” номонд: “Эд хөрөнгийг “завших” гэмт хэрэг нь албан ажлын үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгавраар тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа этгээд энэ эрхээ ашиглан эзэмшилдээ байгаа хөрөнгөнөөс хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашиглахыг хэлнэ.” гэжээ (Улаанбаатар, 2001 он, хууд.175., Улаанбаатар, 2004 он, хууд.362).

Гэтэл Н.Энхбаяр нь Ерөнхий­лөгчөөр ажиллаж байхдаа нэгд, “Өргөө” зочид буудлыг “албан ажлын үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгавраар эрхлэн хариуцах эрхийг эдэлж байсан этгээд” байгаагүй, хоёрт, “эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа”-гүй тул “энэ эрхээ ашиглах” аливаа үйлдлийг хийгээгүй, гуравт, “эзэмшилдээ байгаа хөрөнгө”-гүй байсан тул “эзэмшилдээ байгаа хөрөнгөнөөс хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашиглах” аливаа үйлдэл хийгээгүй байдаг. Тэр тусмаа өөрөө шийдвэр гаргах, “хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашиглах” аливаа үйлдлийг хийгээгүй болно. Тийм учир Н.Энхбаяр нь “Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглан завшсан” гэх нь бодит байдалтай нийцэхгүй, нотлох баримтаар нотлогдохгүй буруу ташаа дүгнэлт болсон байна.  

7.Онц их хэмжээний хохирол учруулсан гэх тухайд

Хууль, шүүхийнхэн “Өргөө” зочид буудлын хувьд огт хохирол учраагүй асуудлыг санаатайгаар онц их хэмжээний хохирол учруулсан мэтээр буруу дүгнэж байгаа. Энэ нь дараахь байдлаар няцаагдана. Үүнд:

Нэг. Анх Улаанбаатар хотынхон “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 57-р зүйл буюу “Хамтарсан үйлдвэрийн газар байгуулах замаар хувьчлах” аргын дагуу “Өргөө” зочид буудлыг өөрч­лөн байгуулахдаа тус объектын үнэлгээг “Ю Би Пропертиз” үнэлгээний компаниар хийлгэхэд өмнө нь 250 орчим сая төгрөгийн үнэтэй байсан тус объект 468 сая төгрөгөөр үнэлэгджээ.

Хоёр. Улаанбаатар хотын НИТХ-ын Тэргүүлэгчид “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 57.2, 77.1, 77.2.4, 77.3-р зүйлүүдийг баримтлан, бүрэн эрхийнхээ хүрээнд 188-р тогтоол хэмээх хамтын шийдвэр гаргаж, НЗДарга түүнд нь үндэслэн 555 тоот захирамж гаргаж, “Өргөө” зочид буудал НӨҮГ-т хувийн хөрөнгө оруулалт татан оруулж, хамтарсан компани байгуулах замаар нэг хэсгийг нь хувьчлахдаа 468 сая төгрөгийн үнэтэй өөрийн өмчийн нэг ч төгрөгийг үрэгдүүлэлгүйгээр “Дун өргөө” хамтарсан компанийн 25 хувьд тооцон баталгаажуулж, харин “Хар дун” компани “Өргөө” зочид буудал НӨҮГ-т 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулс­наар “Дун өргөө” хамтарсан ком­панийн 75 хувийг эзэмших эрхтэй болохоор гэрээ хийсэн байдаг.

Гурав. “Хар дун” компани ч гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, “Өргөө” зочид буудал НӨҮГ-т 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж, хамтарсан компанийн 75 хувийг эзэшсэн байдаг юм. Өөрөөр хэлвэл өөрөөсөө 1,4 тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт оруулснаар хамтарсан компанийн нэг хэсгийг эзэмших болсон байна. Хөндлөнгийн үнэлгээчид “Хар дун” компани нь “Өргөө” зочид буудал НӨҮГ-т 1,4 тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт оруулсныг шалгаж тогтоо­сон байдаг билээ. Энэ бүхэнтэй холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгааг нэгэнт дурдсан билээ.

Дөрөв. Сүүлд АТГ-ынхан “Хөрөнгийн үнэлгээний төв” ком­панийг хөлсөлж, тэдэнд захиалга өгсний дагуу тус компани “Өргөө” НӨҮГ-ын үнэлгээг дахин хийжээ. Тэдний хийсэн үнэлгээгээр 605 сая төгрөгийн үнэтэй гэж гарчээ. Гэтэл энэхүү үнэлгээ нь хууль бус, үндэслэлгүй гэдэг нь дараах байдлаар нотлогддог. Үүнд:

А.”ХҮТ” хэмээх үнэлгээний компани нь АТГ-ын захиалгаар “Өргөө” НӨҮГ-ын үнэлгээг хийхдээ тусгай зөвшөөрөлгүй байсан байдаг. 2010 онд УИХ-аас “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийг хэлэлцэн баталсны дараа 2010 оны 5 сарын 13-ны өдөр Сангийн сайдын 112 тоот тушаал гарч, шинэ журам батлагдсан байдаг. Энэ хууль, журам гарч байгаатай холбогдуулан үнэлгээний компаниуд шинээр тусгай зөвшөөрлөө авах ёстой байсан байтал “ХҮТ” компани нь тусгай зөвшөөрлөө аваагүй байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог бөгөөд тэрхүү нотлох баримтанд “ХҮТ” компани нь 2007 оны Сангийн сайдын 353 дугаар тушаалаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй (Хавтаст хэрэг, 8-р хавтас, 51-р хуудас) гэсэн тэмдэг­лэгээ хийгдсэн байдаг юм. Энэ нь тус компани үнэлгээний болон шинжээчийн ажил хийх эрхгүй болсон байсан гэсэн үг юм.

Б.Улаанбаатар хот өмнө нь “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг “Ю Би Пропертиз” үнэлгээний компаниар үнэлүүлэхэд үнийг 468 сая төгрөгөөр тогтоосон байдаг. Гэтэл “ХҮТ” компани нь “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг үнэлэхдээ 605 сая төгрөгөөр тогтоожээ. Үнийн зөрүү нь 135 сая төгрөг гарсан байдаг. Энэ зөрүү хаанаас гараад ирэв? гээд судлахад “Өргөө” зочид буудалд багтдаг, хуучин ясны сүрьеэгийн эмнэлгийн гал зуухны байр байсан “Дүнжингарав” хэмээх 60 орчим жилийн өмнө баригдсан барилгатай, 8 жижиг өрөөтэй буудлын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийг өмнө нь үнэлээгүй орхигдуулсан байсныг үнэлэхэд 135 орчим сая төгрөгийн зөрүү гарч ирж байна гэж “ХҮТ” компани тайлбарладаг.

В.”Дүнжингарав” буудлын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийг яагаад үнэлээгүй орхигдуулсан байдаг вэ? гээд үзэхэд: Нэгд, тухайн барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ БОЯ-наас “Өргөө” зочид буудлын нэр дээр олгогдоогүй байсан байдаг. Нэгэнт гэрчилгээгүй, хэмжээ нь тодорхойгүй, координат нь бичигдээгүй газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийх бололцоо байгаагүй байдаг. Гэтэл “ХҮТ” компани нь АТГ-аас даалга­вар авч, “Дүнжингарав” буудлын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийхдээ ямар ч бичиг баримтгүйгээр, нарийн хэмжээ, координатыг тооцолгүйгээр хийсвэрээр үнэлсэн байдаг. Ийм хийсвэр үнэлгээнээс зохиомол үнэ гарчээ. Хоёрт, Улаанбаатар хот нь дээрээ барилгатай, дуудлага худал­даанд оруулахаар төлөвлөгөөгүй газрын газар эзэмших эрхийн үнэл­гээг хийдэггүй журамтай байдаг. Гуравт, Улаанбаатар хот нь “Өргөө” зочид буудлыг өөрчлөн байгуулж, хувийн хөрөнгө оруулалтыг татах замаар нэг хэсгийг нь хувьчлах шийдвэр гаргаж, хамтарсан компани байгуулах талаар “Хар дун” компанитай гэрээ хийхдээ “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын барилгыг нурааж, үйл ажиллагааных нь чиглэл, зориулалтыг өөрчлөхийг хориглосон байдаг. Тэгэхээр барил­гын доорхи газрыг өөр зариулалтаар тусад нь ашиглах бололцоогүй, тэгэх нь бүр хориглогдсон байжээ. Бодит нөхцөл ийм байхад “ХҮТ” компани нь дээрээ барилгатай, барилгыг нь зориулалтаас нь өөр байдлаар ашиглахыг хориглосон, дуудлага худалдаанд орох төлөвлөгөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь олгогдоогүй байсан газрын газар эзэмших эрхийг хийсвэрээр үнэлж, зохиомол тоо гаргаж ирснийгээ 135 сая төгрөгөөр тогтоожээ.

Г. “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 3-р зүйлд “Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана.” гэжээ. “Иргэний хууль”-ийн 84-р зүйлд

“84.2.Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.

84.3.Газар, түүнээс  салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна” гэжээ. Түүнчлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 74-р зүйлд

“1.Орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн З дугаар зүйлд заасны дагуу нийтийн өмчийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ” гэжээ.

“Өргөө” зочид буудал НӨҮГ нь үйлдвэрийн газрын хувьд орон нутгийн өөрийн өмчид багтана, түүний бүтцийн “Дүнжингарав” буудлын барилга нь үл хөдлөх хөрөнгөд багтах нь тодорхой байна. Тийм учир дээрээ барилгатай газрыг газраас нь салгачихвал зориулалтын дагуу ашиглаж үл болох болчихдог барилгаас нь салгаж тусад нь үнэлэх ямар ч бололцоогүй гэдэг нь дээрх хуулийн зүйл, заалтаас ойлгогдож байна. Тийм болохоор Улаанбаатар хот нь дээрээ барилгатай газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийдэггүй, хийх ч бололцоогүй, харин дээрээ барилгагүй, дуудлага худалдаанд орох газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийлгэдэг журамтай ажээ. Үнэлгээний ком­паниуд ч “газрыг үнэлэх” гэдэггүй харин “газар эзэмших эрхийн үнэлгээ хийх” гэдэг нь учиртай юм. Дээрээ барилгатай газрыг барилгаас нь тусад нь эдийн засгийн эргэлтэнд оруулж болохгүй буюу тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь олгогдоогүй, тийм харилцааны эрх үүсээгүй учир тусад нь үнэлдэггүй байна. Энэ журмын дагуу “Ю Би Пропертиз” компани нь “Дүнжин­гарав” буудлын барилгын доорхи газрын газар эзэмших эрхийн үнэл­гээг хийгээгүй нь хуулинд ч, эрүүл саруул ухаанд ч нийцэж байна. Хууль, эрүүл саруул ухаан хоёр яв цав нийцэж байж шударга ёс тогтоно, шүүх ч шударга шийдвэр гаргана.

Тав. Хууль, шүүхийнхэн “ХҮТ” үнэлгээний компаниийн гаргаж ирсэн 605 сая төгрөг гэх үндэслэлгүй, хийсвэр үнэлгээг баримталж, “Хар дун” компанид “Дун өргөө” хамтарсан компанийн 75 хувийг үнэгүй шилжүүлсэн хэ­мээн мушгин гуйвуулж буруутгадаг билээ. Гэтэл хэн нэгэн албан ту­шаал­тан ийнхүү үнэгүй шилжүүлэх тухай ямар нэгэн шийдвэр гаргасан тухай ямар ч бичиг баримт, нотлох баримт байдаггүй. Тэд ийнхүү му­гуйд­лан, үндэслэлгүйгээр зүтгэхдээ 605 сая төгрөгийн 75 хувь нь 453,7 сая төгрөг болно хэмээн тооцоолж, Н.Энхбаяр нар нь ийнхүү онц их хэмжээний хохирол учруулсан гэж “буруу ишэлсэн сүх шиг” зүтгэж, илэрхий буруу дүгнэдэг.

Зургаа. Бодит байдалд Улаан­баатар хотоос хуулийн дагуу гарга­сан шийдвэр, байгуулсан гэрээгээр “Хар дун” компани нь өөрийн хөрөнгөнөөс “Өргөө” зочид буудал НӨҮГ-т 1,4 тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт оруулж, тэгснээр гэрээний дагуу “Дун өргөө” хамтарсан компанийн 75 хувийг эзэмшихээр болсон байдаг билээ.

 Энэ бүхэн нь “Хар дун” компани “Өргөө зочид буудал НӨҮГ-ын 453,7 сая төгрөгийг үнэгүй авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэх нь огт үндэслэлгүй дүгнэлт гэдгийг тодорхой нотолж байна. Тур тусмаа энэ бүхэн нь Н.Энхбаяртай огт холбогдолгүй асуудал билээ.

Үргэлжлэл бий.