МУУҮА-н Гүйцэтгэх захирал Н.АЛГАА

1994 оны Ашигт малт­малын тухай хуульд анх удаа “стратегийн ашигт малтмал” гэсэн нэр томъёо хуульчлагдаж, дараа нь 2006 оны Ашигт малт­малын тухай хууль бат­лагдан мөрдөгдөж эхэл­сэнээс хойш “стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд”-ын  тухай хүн болгон ярьдаг болсон бөгөөд дараа нь “стра­тегийн ач холбогдолтой аж ахуйн нэгж” гэж баахан ярьж байгаад багадсан юм байлгүй “стратегийн ач холбогдолтой аж ахуйн салбар”-тай болж авч хуульчл­ав.

Одоо тэгээд яах юм бол “стратегийн ач хол­богдолтой  эдийн за­саг”, эсвэл “стратегийн ач холбогдолтой засгийн га­зар, УИХ” гээд, аягүй бол   “стратегийн ач хол­бог­дол­той хамтран амьд­рагч” гэ­сэн нэр томъёог Гэр бү­лийн тухай хуульд оруулж хуульчлах нь холгүй бол­жээ. 

Тэгэхээр “стратеги” гэдэг үг их чухал үг бо­лол­той юм. Цахим хуудсуу­даар аялж уг үгийн утга учир, гарал үүслийн тухай болон  цаашилбал стра­те­гийн ашигт малтмалын тухай мэдээллийг олж ун­шиж ойлгосоноосоо ун­шигч та бүхэнтэй хуваал­цахыг хүсэж энэ нийт­лэлийг тэрлэж байна.  

 

Ашигт малтмалтай холбоотойгоор “стратеги” гэдэг үг хайхад  “strategic minerals” (стратегийн ашигт малтмал) , “critical minerals” (нэн чухал ашигт малтмал) гэж хоёр нэр томъёо голчлон таарах ба стратегийн ач холбог­долтой орд гэдэг нэр томъёо Орос, Монголын ашигт малтмалын тухай хуультай холбогдон олдож байх юм. Эргэцүүлээд бодоход уг нь ойлгомжтой юм шиг, яагаад вэ гэвэл Орос улс болон манайд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед улсын төсвийн хөрөнгөөр нээсэн ашигт малтмалын ор­дуудтай,  (манай Таван­толгойн нүүрсний орд, тэдний Удаканы зэсийн орд мэт) тэдгээр нь нээгдсэнээс хойш ашиг­лалтад оролгүй удсан, төрийн өмч давамгайлсан компаниар ашиглах бод­логоор  дээрх ангиллыг буй болгож хуульчилсан бо­ловч ашиглалтад оруулж чадахгүй удсаар байгаа адил тал байна.

Харин стратегийн ашигт малтмалын талаар маш олон нийтлэл, су­далгаа байх ажээ. Испани улсын Геологийн алба­наас 2011 онд гаргасан “Стратегийн ашигт малтмал: Өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв” гэсэн нэртэй судалгааны 70 хуудас тайлан ч бас байна. Энэ тайланд ашигт малт­малыг стратегийн ба нэн чухал гэж хоёр ангилсан байна. Тайланд тухайн ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн хомс­долын эрсдэл  ба түүний эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь бусад төрлийн түүхий эдтэй харь­цуу­лахад өндөр байвал нэн чухал ашигт малтмал гэж тайлбарлаад стратегийн болон нэн чухал ашигт малтмалын ялгааг дараахь байдлаар тодорхойлсон байна.

Батлан хамгаалахын зориулалтаар ашигладаг ашигт малтмалыг стра­тегийн (strategic), ний­лүүлэлтийн хомсдол нь эдийн засагт хохирол уч­руулж болох ашигт малт­малыг нэн чухал (critical) гэх ба нэн чухал ашигт малтмал нь стратегийн байж ч болно байхгүй байж ч болно  харин стратегийн ашигт малтмал нь үргэлж нэн чухалд тооцогдоно гэсэн байх юм.

Түүнчлэн Wikipedia.org вэб хуудсанд “стратегийн ашигт малтмалыг  тухайн улсын хөгжлийн төвшинг харгалзан тодорхойлдог” гээд стратегийн гэж тодор­хойлсон ач холбогдолыг нь хоёр жишиг болгон авч үзсэн байна.

Нэгд нь, эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудад ашигт малт­малыг батлан хам­гаалахын үйлдвэрлэлийн зорилгоор, эсвэл эдийн засагт  нэн чухал  ач хол­богдол бүхий  үйлдвэрлэл, худалдаанд хэрэглэгддэг бол; хоёрт нь, үндэсний нэн тэргүүний  ашиг со­нирхолыг хангахад шаард­лагатай (дотоодын зах зээлийг эрдсийн бүтээг­дэхүүнээр хангах, эдийн засгийг эрчимтэй хөг­жүүлэх, экспортын ор­логыг нэмэгдүүлэх зэрэг) гэж  нэн чухалд тооцож болох ашигт малтмалын нөөц болон нийлүүлэлт хомсдолтой бол стратегийн гэж тодорхойлсон байх юм.

Улс орнууд ашигт малтмалд ач холбогдол өгч стратегийн гэж үзэн төрийн бодлогоо то­дорхойлж хэрэгжүүлэхдээ дараах арга хэрэгслийг хэрэглэдэг байна.

Богино хугацаанд:

1. Үндэсний батлан хамгаалах үйлдвэрлэлд ашигладаг ашигт малт­малын нөөцийг нэ­мэгдүүлэх

2. Дотоодын зах зээлд шаардагдах ашигт малт­малын нөөцийг бий болгох

3. Ашигт малтмалын дотоодын үйлдвэрлэлд улсын төсвөөс татаас өгөх

4. Ашигт малтмалын хайгуул, олборлолтыг хөхүүлэн дэмжих

Урт хугацаанд:

1. Ашигт малтмалын нийлүүлэлтийн эх үүс­вэрийг олшруулж нэмэгдүүлэх

2. Металл болон ма­териал судлалыг эрчим­жүүлж зарим ашигт малт­малын бүтээгдэхүүнийг орлуулах боломжийг судлах

3. Гадаад худалдааны бодлогоор зохицуулах

Дээрх бодлогын нэг жишээг манайхан их иш татдаг даа. АНУ нь гангийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг жоншийг стратегийн ашигт малтмал гэж тодорхойлон ихээхэн хэмжээгээр нөөцөлдөг гэж. Гэвч АНУ зөвхөн жонш бус бас боксит (14 1/2 сая тон), манган  (2.2 сая тон), хром (1.8 сая тон),  цагаан тугалга (185 мянган тон), кобальт (19 мянган тон), тантал (635 тон), палладий (1.25 сая трой унц), цагаан алт (453 мянган трой унц)  улсын нөөцөд хадгалдаг байна.

Ер нь аж үйлдвэрлэлд түүхий эд болгон хэрэглэдэг 80 гаруй төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний 30-50 хувийг  ямар нэг байдлаар экспортоор авч хэрэглэдэг тулд стратегийн   малтмалд хамааруулж ирсэн байна.

Манай улсын хувьд эдийн засгийн хөгжлийн талаарх төрийн бодлогын хувьд үндэсний эрх ашиг маань яг өнөөдөр юу байна аа? Хөгжлийн стратеги нь юу байна аа?

Ойрын 10-20 жилд манай улсын эдийн зас­гийн хөгжлийн хөдөлгөх хүч нь мөн гэж нийтээр хүлээн зөвшөөрсөн уул уурхайн салбарын хувьд энэ нь юу байна аа?

Ашигт малтмалын хайгуулыг дэмжиж хүний нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй нийтийн өмч болох ашигт малтмалын ордыг хайж, олж нээн, олборлож, борлуулж экспортын орлогоо нэмэг­дүүлэхэд байна уу? энэ асуудлыг зохицуулах гэж 1994 оноос хойш Ашигт малтмалын тухай хуу­лиудаар төрийн бодлогоо тодорхойлж ирсэн бөгөөд одоо дөрөв дэх хуулийн төслийг нийтээр хэ­лэлцүүлж буй)

Эсвэл хүний нүдэнд харагддаггүй, гарт ба­ригддаггүй Монголын газар нутгийн хаана нь байгаа нь мэдэгдэхгүй тэр ашигт малтмалын ордыг Модун Шанью, Эзэн Чингисээс маань үл­дээсэн баялаг гэж өхөөр­дөн хойч үедээ хадгалахад байна уу? (иргэний хө­дөлгөөнийхэн болон популист улстөрчдийн үзэл бодол)

Эсвэл олборлосон ашигт малтмал маань до­тоодын үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах нэн тэргүүний шаардлагад байна уу? (нүүрсний хувьд дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангаж байгаа, харин барилгын үйлдвэрлэлд шаард­лагатай цемент, арматурын төмөр гэх мэт зарим эрдсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах шаард­лага бол байгаа.

УИХ-аас баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суу­рилсан Үндэсний хөгж­лийн цогц бодлого” гэдэг баримт бичигт “Монгол Улс экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн  өсөлт, хөгжлийн стратегийг сонгож байна” гэж тодорхойлоод улмаар “Хөдөлмөрийн бүтээмж, хөрөнгө оруу­лалтын үр ашгийг тас­ралтгүй дээшлүүлж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгоно.  Эхний үе шатанд уул уурхайн олборлох үйлд­вэрлэлийг түлхүү хөг­жүүлж, цаашид бүтээг­дэхүүнээ гүн боловс­руулдаг болно.” гэсэн байх юм.

Дээр дурдсаныг болгоовол манай улсын хувьд ашигт малтмал хайх, олборлох талаарх төрийн бодлогын хувьд үндэсний эрх ашиг маань яг өнөөдөр “хувийн хөрөнгө оруулалт давамгайлсан экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн уул уурхайн олборлох үйлдвэрлэл” байх нь ойлгомжтой байна.

Тэгвэл  бодит  нөхцөл, байдал,  боломж нь өнөөдөр ямар байна вэ?

1000 оролдлого тутмаас аз таарвал есөн жилд, аз муутай бол 50 жилд манай Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойтой дүйцэ­хүйц орд нэгийг  нээж олох боломжтой гэж судлаачид хэлж байна. Монгол улсын нийт газар нутгийн 15 хувь нь тусгай хам­гаалалттай газар нутаг (манай улс энэ хэмжээг 30 хувьд хүр­гэхээр олон улсын өмнө амлачихсан тул удахгүй 30 хувьд хүрэх байх), 30 гаруй хувьд нь хайгуул, олборлолт хийхийг “урт нэртэй хууль”-иар хориг­ло­чих­сон, 20 гаруй хувийг нь орон нутгийн тусгай хэ­рэгцээнд авчихсан тул ойрын болон дунд хуга­цаанд ашигт малтмал хайх газар нутаг үндсэндээ 20 гаруй хувь л байна гэсэн үг. 2012 оны байдлаар манай улсын нийт газар нутгийн 13 хувьд нь 3000 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл (орд олохын төлөөх 3000 гаруй оролдлого) олгогдсон байгаагийн бараг 1200 нь “урт нэртэй хууль”-иар хориглочихсон бүсэд байгаа, хайгуулын тусгай зөвшөөрлийн ихэнх нь дуусгавар болох хуга­цаандаа дөхчихсөн (хайгуулын тусгай зөв­шөөрлийг нийт есөн жилийн хугацаагаар олгодог) зэрэг бодит нөхцөл байдлыг тооцвол том орд нээх боломж ойрын 50 жилд байхгүй болж байгаа юм байна.

УИХ-ын тогтоолоор батлагдсан стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын алдартай 15 ордоос 1992 оноос өмнө ашиглаад эхэлчихсэн нь Тавантолгой (жижиг),  Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний ор­д, Эрдэнэтийн зэсийн орд (төрийн өмч давам­гайлсан аж ахуйн нэг­жүүд), зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилж­сэнээс хойш ашиг­лаж эхэлсэн нь Нарийн сухайтын нүүрс, Оюу толгойн зэс,  Бороогийн алтны орд, Төмөртэйн овооны цайрын орд (хувийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүд), Тавантолгойн нүүрсний орд (том), Төмөртэйн төмрийн орд (төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүд) зэрэг орд байна. Ашиглаж эхлээгүй нь Мардай, Дорнод, Гурванбулагийн ураны ордууд, Цагаан суваргын зэсийн орд,  Бүрэнхааны фосфоритын орд,  Асгатын мөнгөний орд л байх шив дээ.  Сүүлийн хорь гаруй жил үе үеийн Засгийн газар болгоны мөрийн хөтөлбөрт эргэлтэд оруулах ордын жагсаалт дотор ёс юм шиг байж л байдаг, хувийн хэвшлийнхэн ашиг­лалтад оруулах гэж олон жил зүтгээд дийлэхгүй л байна даа. Яагаад болохгүй байна вэ маш сайн бодох л асуудал даа. Эдгээрийг стратегийн ач хол­богдолтой ордод хамаа­руулаад ч ашиглалтад орно гэж итгэхэд бэрх байна. Учир нь гэвэл ураны ордуудад ашиглалт явуулах төслийн 50-иас багагүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ гэж хууль гаргасан тул хөрөнгө оруулалт нь зогсчихоод байна.  Нөгөө гурван орд ашиглахад төр оролцоно гээд хөрөнгө оруулалтыг зогсоох (Асгат шиг), эсвэл оролцож эхэлсэнээр том Тавантолгойн араас явах магадлал өндөр байх шив дээ. Экспортын орлогыг эрс нэмэгдүүлэх бодит боломж нь өнөөдөр тусгай зөвшөөрөл нь хувийн хэвшилд байгаа хэдэн нүүрсний ордууд байна даа. Стратегийн ач холбогдол оо гэж.