Ч.ЗОТОЛ, Э.ОРХОН

Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн угсаатны судлал, нийгэм, соёлын антропологийн салбарын эрхлэгч, доктор  Б.Баатархүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-Монголчуудын уламж­­лалт баяр цагаан сар айсуй. Энэ өдрүүдэд муу үг хэ­лэхийг тэвчиж, эв найр­тай байхыг чухалчил­даг. Гэтэл идээ будаа, бэ­лэг сэлт бэлтгэхэд мөн­гө нь хүрэл­цэхгүй, өргөн хэ­рэг­лээний барааны үнэ тэн­гэрт хадаж иргэд бу­хим­­­даж байна. Энэ мэт тул­­гамдсан асуудлыг хэр­хэн шийдэх ёстой гэж харж байна?

-Сүүлийн хэдэн жил  хү­мүүс цагаан сарыг зар­дал ихтэй баяр болгож ху­вир­гаснаас зарим нь тээр­тэй гэж үздэг болсон. За­луу­чууд ца­гаан сараас зуг­таж, за­рим нь золгохгүй гар барь­даг болсон байна. Тий­мээс цагаан сарын бо­дит утга алдагдаж эхэл­сэн гэж болно. Үүнд үнд­сэн хоёр шалтгаан бий. Нэг­­дүгээрт, уламжлалт ца­гаан сарын идээ ундаа нь мал аж ахуйн бүтээг­дэ­хүүн байсан. Учир энэ баяр бол малчин, нүүдэлчдийн баяр юм. Цагаан сараар та­­вих мах, шүүсээ өвлийн идэш хийх үеэрээ бэл­дэнэ.

Таваг  засах цагаан идээгээ намар идээ, цагаа элбэг дэлбэг үед бэлд­чихдэг. Хүүхдийн гар цайл­гахад өгдөг бэлэг сэлтэд  ааруул хурууд, боорцог, хонины шийр  өгдөг байсан. Цагаан сараар бэлтгэдэг бүх бүтээгдэхүүн нь  малаас гараглтай  учраас малчдад бэрхшээлтэй зүйл байгаа­гүй. Гэтэл улс орон хөг­жиж, хүмүүс  суурьшмал амьдралтай болсноор олон өөрчлөлт гарсан. Энэ нь мал аж ахуйгаасаа салах нэг үндэс  болж байна. Тиймээс идээ шүүснээс эхлээд бүхий л  зүйлээ заавал худалдаж авах шаардлага гарч ирсэн. Энэ нь  хүмүүст зардал чирэгдэл болж байна. Хоёрдугаарт, цагаан сараа тэмдэглэж ирсэн уламж­лал нь алдагдчихсан. Хүмүүс цагаан сараар  мөнгө барьж золгох ёстой юу. Заавал ууц тавьж, тавгийн идээ засах ёстой юу гэх зэргээр асуудаг нь тухайн хүн уламжлалт зан үйлээ мэдэхгүй байгаатай холбоотой. Мөн бие  биеэ дуурайх хандлага ч байна. Үүнээс үүдээд цагаан сараас зайлсхий­дэг болсон. Цагаан сар  үндэсний баяр гэдэг утгаа алдаж дарамт гэж ойлгодог болсон.

-Тэгэхээр уламжлалаа эргэж хар, баяр тэмдэглэж ирсэн утга учрыг сайн ойлгож, хэрхэн зөв тэм­дэг­лэх талаас анхаарах ёстой  гэсэн үг үү?

-Цагаан  сар  эртний Хүннүгийн үеэс тэмдэг­лэж ирсэн баяр. “Сүүн сар”, “Үрс сар”, “Хувь сар”, “Хувилгаан сар”  зэргээр нэрлэж байсан. Социализмын үед малчид, нэгдэлчдийн баяр зэрэг олон янзаар нэрлэж ирсэн. Өмнө нь “Хувь сар”  гэж нэрлээд намар тэмдэг­лэдэг байсан.  XIII зуун буюу 1206 онд Чингис хаан одоогийн Монгол  Улсын бий болох үндсийг  тавьсан. Тиймээс тулгар улсаа байгуулсны төрийн баяр гэж тэмдэглэдэг байс­ныг хавар болгож цагаан сар гэж нэрлэх болсон түүхтэй.  1921 онд Ардын хувьсгал ялсны баярыг долдугаар сарын 11-нд тэмдэглэдэг болсонтой  адилхан цагаан сар нь тулгар төр байгуулагдсаны түүхэн ач холбогдлыг тэм­дэглэж байгаа баяр юм. Гэтэл энэ утгыг хүмүүс тэр  бүр мэддэггүй.

Цагаан сараар эрхэм­лэдэг олон ёс байдгийн нэг нь золгох ёс. Гэтэл золгох ёс  анх  Чингис хааны үед “Орондоо унтах завгүй олзлон булаалдаж байв, хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн булаалдаж байв”  гэж Монголын нууц товчоонд бичсэн  шиг тийм ороо бусгаа цаг үед олон аймгуудыг нэгтгэж тулгар төрийг байгуулсан учир эв нэгдлийн бэлгэдэл болгож үүссэн байна. Тийм учраас золгохдоо цагаан даавуу барьж зол­годог байсан. Энэ нь эв нэгдлийн билэгдэл юм. Үүнээс гадна гар хоосон биш гэдэг утга санааг агуулдаг. Малчид гэхэд л эрт цагт   сур барьж зол­годог байсан шүү дээ. Энэ нь тухайн хүнд өгөх бус гар хоосон биш гэсэн са­нааг илтгэдэг. Энэ нь явсаар  юм барьж золгох бус өгч золгох болж хувирсан.

-Хадаг барих ёс ямар байдаг вэ?

 -Хадаг барих ёс  Мон­голд шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор үүсч бий болсон. Хадаг  тухайн үед  хүн бүрт байдаггүй ховор нандин эд байсан учраас өөрийн онцгой хүндээ  барьж золгодог ёстой бай­сан. Золгох ёсны гол утга санаа нь  эв нэгдлийн билэгдэл юм.

-Ууц тавих нь дотроо  хэдэн янз байдаг. Гэхдээ заавал тавих ёстой юу, эсвэл?

-Мон­голчууд битүү­ний өдрийг махан идээний баяр, шинийн нэгнийг цагаан идээний баяр гэдэг байсан. Өөрөөр хэлбэл,  битүүн нь эртний “Хувь сар”-ын баяр юм. “Хувь сар”  гэдэг нь нам­рын улиралд тэмдэглэдэг баяр. Яагаад гэхээр намар ангийн улирал гэж үздэг учраас  ангийн махнаасаа өөрсдийн овог аймагтаа хувь тараадаг байснаас улбаатайгаар тэгж  нэрлэ­дэг байсан. Нэг ёсондоо цагаан сараар бэлэг өгөх ёс биш хувь тараадаг ёстой байсан юм. Энэ нь манайд  сүүлийн үед хүн бүрт бэлэг өгөх болж хувирсан.

Цагаан сараар айл бүр ууц тавьдаггүй. Ууцыг хаад язгууртан, төрийн өндөрлөгүүд өөрийн эрэм­бэ дарааллын дагуу бүхэл ууц тавьдаг. Жирийн ард иргэд хэдий баян байсан ч ууц тавьдаггүй байсан. Жирийн иргэн ууц тавина гэдэг нь хаад ноёдтойгоо тэрсэлдсэн, ихэрхсэн,  ёс алдсан хэрэг болдог байх жишээтэй. Жирийн иргэд   жижиг ууц буюу эсвэл сүүлийг тайрч тавих, дал дөрвөн өндөр зэрэг махны­хаа дээжийг тавагладаг байсан. Харин хуримын зан үйлд ууцыг түлхүү хэрэглэдэг тохиолдол байсан.

-Тавгийн идээг бид өнөөдөр олон үе зассан ул боовоор ойлгодог болсон. Эртний заншилд ямар байв?

-Тавгаа  цагаан идээ­гээр засдаг байсан. Гурил  бол  манайд сүүлд бий болсон хүнсний бүтээг­дэхүүн шүү дээ. Эрт  үед голын сав дагуу   тодорхой хэмжээгээр  тариалан  эрхэлж  байсан. Гэхдээ тариагаа зуурах, цайнд хийж идэх зэргийн арвайн гурил байсан. Түүнээс биш бууз, ул боов хийх хэмжээний гурил айл өрхүүдэд байгаагүй. Бууз, банш ч гэсэн сүүлийн үеийн хоол. Тийм учраас тавгийн идээ нь ааруул хурууд, өрөм тос  байсан. Хэдий тийм ч  орчин үед олон төрлийн хоол хүнс бий болсон учраас ямар хоол унд хэрэглэх нь ту­хайн айлын хэрэг. Гэхдээ билэгдэлт хоол нь тавгийн идээ болон мах шүүс, цагаалга юм.

-Цагаалгаа хэрхэн бэлт­гэдэг байв? 

-Цагаан сарын билэг­дэлт хоолны нэг нь цагаалга. Цагаалга гэхээр бид сүүлийн үед агшаасан үзэмтэй будаа байх ёстой мэтээр ойлгоод байна.  Гэтэл цагаан будаа бол монголчуудын уламжлалт цагаалга биш. Цагаалгад  сүү, тараг, аарц орно. Ши­нийн нэгний өглөө айлд ороод хамгийн түрүүнд цагаалга амсаад дараа нь цай хоолоо иддэг. Энэ нь муу бүхнийг ариутгаж байгаа ариун хоол юм. Тийм учраас цагаан сар, шинийн нэгнийг цагаан өдөр буюу цагааны өглөө гэж нэрлэдэг. Идэж уух, золгохыг цагаалах гэж нэрлэдэг. Мөн цагаан са­раар зөвхөн цагаан хувцас өмсдөг байсан байгаа юм.

-Зүг гаргах ёс ямар учиртай вэ. Хүн болгон зүг, мөрөө гаргах уу?

-Цагаан сарын ши­нийн нэгний өглөө зүг гаргах ёс гэж бий. Зүг гаргаснаар тухайн жилийн бүх ажил үйл, эрүүл мэнд бүгдийг нь даатгадаг. Гэтэл зүг гаргахыг бид гэр бүлийн бүх гишүүд гаргах ёстой гэж ойлгодог. Гэвч тухайн гэр бүлийн гэрийн эзэн л зүг мөрөө гаргах учиртай юм. Энэ зүг гаргах зан үйл нь эрт дээр үеэс үүдэлтэй.

Сүүлийн үед цагаан сар нь хоолны баяр  юм шиг харагддаг болсон. Айлд орохоор идээ ундаа, архиар шахдаг. Гэтэл Чин­­гис хааны үед 40 хүрээд дөнгөж амс гэдэг алтан сургаал байсан. 40 хүрээгүй хүнд архи хийж өгөх шаардлагагүй. За­луучуудад архи өгөөд Монголын ёс гурав гээд уулгадаг. Гурван  хундага архи уусан хүн дараагийн айлд ороод дахиад гурван хундага ууна ингэж явсаар хавтгайрсан архидалт үүс­дэг. Тиймээс залуу хүнд архи хийж өгөх шаардлага байхгүй. Хөгшчүүл өөрс­дөө залуучуудыгаа архинд өөгшүүлж байна.

-Цагаан сараар үндэсний хувцсаа өмсдөг. Гэхдээ нарийн зааж өгсөн зүйлүүд байна уу?

-Цагаан сарын бас нэг эрхэмлэдэг зүйл нь хувцас. Түүхэн сурвалжид Марко Пологийн тэмдэглэснээр Монголчууд хаад ноёд, харц ядуус бүгд ялгаагүй цагаан дээл өмсөж зол­годог байсан гэсэн  байдаг. Тэгэхээр бид өнөө үед цагаан дээл өмсдөггүй юм гэхэд үндэсний дээл хувцсаа зөв боловсон өмсч  золгох хэрэгтэй. Нөгөө талаар цагаан сараар ши­нэ дээл өмсөхийг эрхэм­лэдэг. Одоо үед заавал шинэ дээл гэхгүй ч ямар нэг шинэ хувцас оймс, цамц зэргийг өмсөх юм. Шинэ хувцас өмсөж бай­гаа нь тухайн жилдээ хув­цас болон эд зүйлээр тас­рахгүй байхын билэгдэл.

-Ахмад настнаа хүн­дэтгэх, баярлуулах тухайд төрийн бодлого байв уу?

-Цагаан сарын бас нэг билэгдэл нь ахмад настнаа хүндэтгэсэн баяр. Тийм ч учраас ахмад настнаа онцгойлон хүндэтгэж ту­хайн нутаг усныхаа ахмад настай хүнд хүндэтгэл үзүүлж золгодог. Үүний­хээ хариуд ахмадуудаасаа ерөөл сонсдог. Энэхүү ерөөлийг залуус  маш их билэгшээдэг. Мөн төрийн зүгээс ахмадууддаа хайр хишгээ харамгүй хайр­ладаг байсан. Чингис хаа­ны зарлиг хүртэл бий. 70 наснаас дээш ахмадуудад хайр хишгээ түгээх, 120 нас хүрсэн бууралд улсын эх өтгөс цол олгож надад бараалхуул гэсэн байдаг. Олноо өргөгдсөн Монгол Улс буюу 1911 онд ман­жийн эрхшээлээс анги­жирсны  дараа Богд хаан 70 наснаас дээш ахмадууддаа төрийн хайр хишгийг үзүүлдэг байсан зэрэг түүх бий. Төрийн зүгээс ахмадуудаасаа гадна ялтнуудад өршөөл үзүүлдэг байсан. Онц хүнд гэмт хэргээс бусад хөнгөн  буюу санаандгүй байдлаар хэрэг хийсэн зэрэг ялтанд өршөөл үзүүлдэг уламжлал байсан.