Н.СҮХДОРЖ

Монгол Улсын Ерөнхийлөгч аймгуудын удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 430 сая төгрөгийг захирамж гаргаж зарцуулсан тухай мэдээллийг хэлж байсан. Энэ мэдээллийн дагуу ямар мөнгийг хааш нь яагаад зарцуулсан талаар хариу мэдээлэл авахаар Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэнтэй уулзаж ярилцлаа. Биднийг очих үед сумын Засаг даргын нэрэмжит өсвөрийн чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн тус суманд болж буйтай таарсан юм. Ингээд сумын Засаг даргатай хийсэн хөөрөлдөөнөө хүргэе.
-Танай сум хөл хөдөлгөөн ихтэй, багахан наадам болж байгаа мэт л байх чинь. Аймгийн хэмжээний томоохон тэмцээн болж байгаа юм байна. Энэ талаарх мэдээллээр яриагаа эхлэх үү?
-Өнөөдөр манай суманд Сэлэнгэ аймгийн өсвөр үеийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж байна. Энэ тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнийг сумын Засаг даргын нэрэмжит болгож байгаа. Цаашид уламжлал болгон зохион байгуулна. Манайх сумандаа спорт заалтай болоод таван жил, чөлөөт бөхийн дасгалжуулагч багш аваад дөрвөн жил болж байгаа. Энд Ерөө сумын 50 гаруй хүүхэд бэлтгэл сургуулилтаа хийдэг. Энэ богино хугацаанд манай хүүхдүүд чамлахааргүй амжилтыг үзүүлсэн. Дэлхийн аваргаас хүрэл, Азийн аваргаас мөнгө, улсын аваргаас нэлээд олон медаль авч эцэг эхчүүд биднийгээ баярлуулаад байгаа.
-Энэ бол тэмцээнээ нэрэмжит болгон өндөр ач холбогдол өгч байгаагийн тод илрэл болов уу. Та өөрөө спортын хүн үү?
-Зөвхөн чөлөөтөөр хязгаарлаагүй аймгийн хэмжээний хэд хэдэн том тэмцээнүүдийг сумандаа авч зохион байгуулсны ач холбогдол гарч байна гэж бодож байгаа. Би өөрөө биеийн тамирын багш мэргэжилтэй. Ерөө сумыхаа сургуульд 10 гаруй жил багшилсан, спортдоо элэгтэй, сэтгэлтэй явдаг. Бид чөлөөт бөхийнхөө хүүхдүүдийг түшиглээд клуб байгуулахаар бэлтгэл ажлаа ханган бүртгүүлэхэд бэлэн болсон. Өнөө маргаашгүй бүртгэл нь болчих байх. Тэгээд үйл ажиллагааг нь тогтмолжуулж өргөжүүлээд, аймгийнхаа БТСГ-тай хамтран ажиллана. Иймэрхүү аймгийн чанартай томоохон тэмцээн болоод дууссаны дараа эцэг эхчүүд хүүхдүүдээ хөтлөөд л хүрээд ирдэг юм.
-Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр таныг сумын Засаг даргаар улируулан сонгосон байна. Сумынхаа хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ ирээдүйн төлөө өмнөх жилүүдэд хийсэн бүтээсэн бүхэн тань Ерөөгийн ард түмний сэтгэлд нийцэж, итгэлийг нь хүлээж чадсан учраас дахин сонгосон болов уу гэж бодлоо. Энэ тал дээр таны бодол?
-Өнгөрсөн дөрвөн жил сумын Засаг даргын ажлыг хийлээ. Энэ хугацаанд багагүйг хийж бүтээж бас туршлага хуримтлуулсан гэж иргэд маань үнэлж байгаа байх. Би ч өөрөө анх ажил авч байсан үеэ бодвол харьцангуй дадлагатай болсон. Намуудын зүгээс ч тэр, иргэд маань ч тэр, дэвшүүлж байгаа нэр дэвшигчид маань ч тэр боловсон хүчний талаас нь түлхүү харсан юм болов уу даа. Чухамдаа сумын Иргэдийн Төлөөлөгчид маань сонголтоо хийхдээ сумаа цаашид хөгжүүлэхэд энэ хүний хүч илүү юм байна гэж намайг сонгосон байх гэж бодож байгаа. Би үүнийг албан тушаал гэдэг талаас харж хөөрч, догдолж хүлээж аваагүй. Харин маш их хариуцлагатай үүрэг даалгавар гэдэг талаас нь харж байгаа. Энэ үүргийг ирэх дөрвөн жилдээ нэр төртэй биелүүлж, сумандаа тодорхой хэмжээний хийсэн бүтээсэн юмтай, иргэдээ ажилтай, орлоготой байлгахыг хамгийн гол зорилгоо болгон ажиллана.
-Төлөвлөсөн томоохон ажлаа тодруулахгүй юу?
-Манайх чинь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийг тав хуваасантай тэнцэх хэмжээний газар нутагтай сум. Үүний бараг 80 гаруй хувь нь ойн сан бүхий газар нутаг байдаг. Ашигт малтмалын их баялагтай. Иймээс сумынхаа байгаль орчин луу чиглэсэн ажлын хүрээнд томоохон бодлого боловсруулж хөрөнгө төлөвлөөд, төсөл хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулаад байна. Энэ ажлыг ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Мөн усны тооллогоор манай суманд 222 гол, горхи, рашаан булаг байгаа гэж гарсан. Эдгээр усны түвшин жил ирэх тутам багасаж байгаа. Иймээс энэ асуудлыг анхааралдаа авч, усны түвшинг багасгахгүй байх арга хэмжээ авна. Дээр нь үйлдвэржилтийн асуудалд анхаарч, дэмжиж ажиллана. Манай Бугант тосгон чинь мод бэлтгэлээр дагнан амьдардаг. Ийм учраас тэндээс гарч байгаа түүхий эдээ ашиглаад боловсруулах үйлдвэр байгуулах бодол бий.
-Ам нээвэл уушиг нээ гэгчээр Ерөнхийлөгч аймгуудын удирдлагуудыг хүлээн авч уулзсан уулзалт дээрээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 430 сая төгрөгийг захирамж гарган зарцуулсан байна хэмээн мэдэгдсэн. Энэ юун мөнгө, ямар шалтгаанаар хаашаа зарцуулагдаад Ерөнхийлөгчийн сонорт хүрчихвээ?
-Харин тиймээ. Үүнийг би ч гайхаад олохгүй л байна. Ерөнхийлөгч маань хаанаас ямар мэдээлэл олж аваад ярьсан юм бол... Би Ерөнхийлөгчийн тамгын газрын холбогдох хүмүүстэй утсаар ярьсан. Тодруулж өгнө гэсэн хариу хэлсэн. Тэр зарцуулсан гээд байгаа мөнгө нь одоогоор дансанд орж ирээгүй байгаа мөнгө. Ямар ч сураггүй байгаа мөнгө шүү дээ. Ямар захирамжаа гаргаад, юунд зарцуулсан гэж яриад байгааг ойлгохгүй байна. Энэ мэдээлэл сумын иргэд, засаг дарга хоёрын хооронд зөрчил гарах хэмжээнд хүргэсэн. “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн мөнгийг хэрхэн яаж зарцуулах вэ гэдгээ сумын иргэдээ цуглуулан хуралдаж хаана ямар чиглэлд, юунд зарцуулахыг тэднээс санал авч хүсэлтийг нь үндэслэн дэс дарааллуулан бичиж эрэмблээд аймагтаа хүргүүлсэн. Бид ингэж иргэдээсээ асууж, тодруулж байж энэ мөнгийг хэрхэн юунд зарцуулахаа тогтсон гэдгийг онцлон тэмдэглэж хэлмээр байна. Бид шинэ төсвийн тухай хуульд захирагдаж ажиллах учраас энэ асуудлыг иргэддээ маш сайн тайлбарлаж таниулсан. Энэ мөнгийг аймгийн Засаг дарга батламжлаад энэ сараас эхлээд 11 сар хүртэл ээлж дараатай зарцуулна. Ойрын өдрүүдэд аймгийн Төрийн сангаас ямар ч мөнгө гараагүй. Төрийн сан дөнгөж сая л нээгдсэн. Сумдад ирэх сумын хөгжлийн мөнгийг Аймгийн Засаг дарга баталгаажуулсны дараа эрх нь үүсэх ёстой байдаг. Гэтэл ямар ч асуудал болоогүй, эрх үүсээгүй байгаа үед ийм асуудал яригдсанд тун их гайхаж байна. Өчигдөр манай суманд хурал боллоо. Гэтэл иргэд маань асууж байна. Та чинь санал асуугаад сүйд болоод байсан. Гэтэл та тэр мөнгөө өөрөө зарцуулчихсан юм биш үү? Энэ юу болж байгаа юм бэ? гэж. Би иргэддээ тайлбарлаж хэлсэн.
-Одоо сумын өвөлжилт хэр байна. Малчид хүндэрч байна уу?
-Манай сумын хувьд яг өнөөдрийн байдлаар малчид, мал бүхий иргэдэд хүндрэл гарах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Сумынхаа төвд цасны зузаан 20-25 см, хөдөөдөө 30-35 см, нягтрал 15 хувьтай байна. Хатуурал нягтралаас болж мал зутрах төлөв ажиглагдаж байгаа. Манайд ихэнхдээ 40 градус хүрч хүйтэрсэн. Хүйтэнд мал нэлээд турсан болохоор хавартаа нэлээд зутруу байх шинжтэй. Сумынхаа малчид мал бүхий иргэддээ зах зээлийн үнээс бага үнээр хужир, хивэг олгохоор болж, заримыг татаж аваад байна. Намартаа сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайн хангасан болохоор тэр хэмжээгээр одоогоор хүндрэл гарлаа гэсэн яриа гараагүй байгаа. Хүндрэлээс сэргийлэх үүднээс бид бололцоотой бүхий л аргыг авч ажиллаж байна. Сумын нутаг дэвсгэр дээр бэлтгэсэн хадланг гадагш нь өгөхийг хориглосон чиг өгсөн. Бид ирэх долоо хоногоос таван чиглэлээр холбогдох төрийн үйлчилгээг малчдад газар дээр нь очиж өгөхөөр бэлтгэлээ базаасан байгаа. Энд эмнэлэг болон төрийн зарим үйлчилгээнүүдийг үзүүлнэ.