Ч.ҮЛ-ОЛДОХ

 

“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Х.Цэвлээг урьж ярилцлаа.

 

-Монголд анхны сонин бий болж, үндэсний сэт­гүүл­зүй хөгжсөнөөс хойш 100 жил өнгөрчээ. Энэ хугацаан дахь хэвлэл, мэдээллийн байгууллагын  өнгө төрхийг та юу гэж дүгнэдэг вэ?

-Тэр цагт Цэвээн Жамсрановын гаргасан “Шинэ толь” нэртэй ганц сонин байсан. Одоо хэч­нээн болсныг мэдэхгүй. Тоолж гүйцэхгүйд хүрсэн юм биш үү. Ийм л  хэмжээ­гээр үүсэл хөгжил явж бай­на. Тухайн үед Цэвээн Жамсрановоос гадна Бадрах, Бодоо нарын 3-4 сэтгүүлч байсан шиг бай­гаа юм. Тэгвэл өнөөдөр мэргэжлийн сэтгүүлч 3000 гаруй болжээ. Гэхдээ 100 жилээр авч үзэхэд сүйдтэй том юм биш. Монголын сонин хэвлэл 100 жил бо­ло­ход танигдахгүй болтлоо хөгж­сөн. Өдөр тутмын сонин гэхэд л 20 гаруй, аймгууд тус тусдаа сонин­той болж долоогоос арав хоног ту­там гаргаж байх шиг бай­на. Өдөр тутмынх гэж до­лоо хоногт гурваас дээш удаа  гар­даг сониныг хэлдэг бай­сан.

Тэр ойлголт өнөөдөр хэвээрээ байгаа байх. Өмнө нь “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” гээд  нийтэд зориулагддаг сониныг тооцдог байсан юм. Одоо тоо, хязгаар ал­дагд­сан. Сонин олширс­ноор нийгэм сайхан болж, улс орон өндөр хөгждөг бол үнэхээр хөгжихөөр болсон. Гэвч сонины эцсийн үр дүн нь арай ч  тийм биш байх шиг.

-Манайд сэтгүүлчдийг хэрхэн бэлтгэж ирснээс эхлээд сүүлийн үеийнхний ур чадварын тухайд та юу хэлэх бол?

-Анхны сэтгүүлчид  сайн дурын идэвхтний журмаар   бий болсон. Д.Бодоо гэхэд л Монголын анхны шинэ үеийн зохиолч. “Шүрэн эрхи” туужийг  нь  та нар уншсан эсэхийг мэдэхгүй. Тэр чинь 1915 онд бичигдсэн зохиол шүү дээ. Тэгэхэд Д.Нацагдорж 10-тай бил үү, 12-той байсан. Тэгэ­хээр Д.Бодоо  анхныхаа туу­жийг гаргачихсан байж. Бас хэд хэдэн том шүлэг  бичсэн нь   байдаг. Анхны сэтгүүлчид идэвх­тэн бичигчдийн  байдлаар  гарч ирсэн. Мэргэжлийн  сургалтад суусан сэтгүүлч 1960-аад оныг хүртэл байгаагүй.  1960 оноос ЗХУ руу хүмүүсээ  явуулж сургасан. Тэднээс одоо  Т.Должин гуай байна. Их сургуулийн 2-3 багш бий. Тэд орост боловсрол эзэмш­сэн анхны сэтгүүл­чид. Түүний дараачаас “Үнэн” сонин  Зөвлөлтөөс сэтгүүлч урьж зөвлөх баг­шаар ажиллуулж байсан. Түүний  үндсэнд идэвхтэн бичигчид аяндаа мэргэж­лийн сэтгүүлч болж   хөгж­сөн гэх үү, мэргэшсэн гэх үү, ямар ч байсан нэлээд зүгширч жинхэнэ сэт­гүүл­зүй рүүгээ  орсон хэрэг.

-Сүүлийн үед улс­төрийн болон янз бүрийн ашиг сонирхлын үүднээс сонин, сэтгүүл, телевиз байгуулж байна. Хэвлэл, мэдээллийн байгууллагын анхны зорилго, тухайн үеийн бодлого юу байв?

-Өдөр тутмын сониныг   төрийн  бодлогоор бий болгосон, 1924 онд. Анхны “Үнэн” сонин тэгж бий болсон. Түүний өмнөх “Уриа” сонин мөн өдөр тутмынх байсан. Тэр со­нинууд нам, төрийн бодлогоор хүчээ авч гарч ирсэн. Түүнээс бизнесийн үйл ажиллагаа байгаагүй. Саланги явж ирсэн зүй­лүүд харин одоо л  нэгдчихээд явж байна. Тиймээс ч  сая Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний  тухай хууль хойшиллоо. 

-Тэр хуулийн тухайд та ер нь хэвлэлээр  дуу­гараагүй санагдана. Ямар бодолтой байна?

-Мэргэжлийн хүний нүдээр үзэх юм бол тэр дотор маш сонин асууд­лууд  байна. Хамгийн гол нь юу вэ гэвэл, Монголд хоёр зүйлийг ойлгохгүй,  зааглаж чадахгүй байгаа юм.   Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол  мөнгө олохын төлөө явуулж байгаа  бизнесийн үйл ажиллагаа. Тодорхой хүн хөрөнгө оруулж  түүнээсээ ашгаа авдаг. Сонин, телевизүүд   бүгд  ашиг аваад явж байгаа эзний үйл ажиллагаа. Сэт­гүүлзүй нь мэргэжлийн үйл ажиллагаа юм. Тэгэхээр сэтгүүлзүй, хэв­лэл мэдээллийн хэрэгсэл хоёр өөр юм. Нэг нь бизнес, нөгөө нь мэдээлэл. Гэтэл манайхан  юу гэж  үзэж байна вэ. Тэр хэлэлцүүлгүүдээр гэхэд л маш хөгийн юм ярьсан шүү дээ.  Мэргэжлийн багш хүртэл огт өөр юм ярьж  байх жишээтэй. Жишээ нь   буу,  сум хоёр өөр биз дээ. Бөмбөгдөгч онгоц, бөмбөг гэхэд л  хоёр өөр юм байхгүй юу. Ту­хайл­бал, хэвлэл, мэдээл­лийн хэрэгслүүд бол бөм­бөгдөгч онгоц, тэр  бөмбөгийг хүргэх газарт нь хүргэж өгдөг нэг ёсон­доо тээврийн хэрэгсэл. Сонин, телевиз, радио цөмөөрөө мэдээллийг  тээж, тухайн газарт нь  аваачиж эзэнд нь хүргэдэг тээврийн хэрэгсэл.  Жин­хэнэ бөмбөг нь мэргэж­лийн  редакциудын бэлт­гэж  байгаа мэдээ, нийт­лэл. Гэтэл тэр хоёрыг нэгт­гэчихсэн учраас  биз­несийн эрх ашиг руу орж  болохгүй шүү дээ. Хүний хувийн өмч, Үндсэн хуулиар олгогдсон  эрх   байхад бизнесийн үйл ажиллагааг  хааж болох­гүй. Харин мэдээлэлд нь оролцох уу, үгүй юу гэдэг өөр асуудал. Тэгэхээр биз­несийнхэн бидний биз­несийг хаах гэлээ гэж эсэргүүцэл илэрхийлэх нь зөв.

-Энэ асуудлыг бусад улс  орон яаж зохицуул­сан байдаг юм бэ?

- Би 1990-ээд  онд Англи, Германд явж байх­даа энэ асуудлыг судалж байсан. Хамгийн гол зүйл бол сэтгүүлчдийн хийж буй мэргэжлийн  үйл ажил­лагаа  чөлөөт сэтгүүл­зүйн зарчмаар  л  явах ёстой . Сэтгүүлзүй бол үнэнийг олох гэж эрж хайж байдаг, нөгөө нь мөнгө олох гэж яваа хоёр өөр үйл ажиллагаа  шүү дээ. Түүнийг  нэг гээд ойлгочихоор  нэг бол үнэ­нийг олох гэсэн сэтгүүлч­дийн үйл ажиллагааг  хаах гээд, эсвэл  мөнгө олох гэсэн эздийн  зорилгыг үгүй хийчих гээд байгаа учраас  хууль буцсан. Тэр хоёрыг зааглаж өгсөн хойно хэвлэл,  мэдээллийн тухай хууль жинхэнэ ёсоороо гарч ирэх ёстой байсан юм. Нэг удаа татах нь татлаа. Цаашид юу болохыг мэдэхгүй. Ойлголтоо засаагүй цагт сайн хууль гарахгүй.

1941 онд АНУ-д  мэргэжлийн  сэтгүүлчдийн “бослого” гарч байсан. Бослого гэсэн нэртэй бо­ловч биш. Тэд сэт­гүүлч­дийн  болон эзний үйл ажиллагаа хоёрыг тусад нь болгосон. Эзэд хөрөнгөө оруул,  ашгаа ав. Харин сэтгүүлчийн үйл ажил­лагаанд оролцох эрхгүй гэж үзсэн.  Тэгэхээр  “Би мөнгөө оруулчихаад шүүмжлүүлээд зогсч байх уу” гэдэг асуудал гарсан. Тэгэлгүй яах юм бэ.  Зөв байвал магтана, буруу бол шүүмжилнэ.Тэр чинь сэтгүүлчдийн эрж хайгаад байгаа  үнэнтэй холбоотой шүү дээ. Үнэнээр явж байгаа бол магтаж, үнэний эсрэг явсан байвал эзнийг хүртэл шүүмжлэх нь чө­лөөт сэтгүүлзүйн зарчим.

-Хөрөнгөө оруулчихаад шүүмжлүүлээд сууж байдаг эзэн байхгүй л болов уу. Тэгэхээр бид хуультай болж чадахгүй байна. Хуульгүй болохоор ямар ч хамгаалалтгүйгээр галын шугам руу гүйж орохтой адил. Түүнээс  шалтгаа­лаад эрэн сурвалжлах сэтгүүлзүй хөгжихгүй байх шиг?

-Уржнан бил үү дээ, Сэлэнгэд  очиж лекц уншихад яг ийм асуулт гарч байсан. Тэгэхээс аргагүй юм чинь яах юм бэ. Сэтгүүлзүйн зарчим тэр шүү дээ. Тэр эзнийг мөнгө олох гэж оруулсан болохоос  буруу юм хийсэн байвал өмгөөлж болохгүй. Нийгмийн эрх ашиг тэгж таарч байгаа юм чинь. Тэгэхээр дахиад хэлэхэд энэ хоёрыг ялгаж, салгаагүй, сайн ойлгоогүй цагт  Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гарахад төвөгтэй. Уг нь энэ хуулийн тухай  1989 оны үеэс ярьсан юм шүү дээ. 1990 онд намайг  сэт­гүүл­зүйн  VI их хурал зохион байгуулах комиссын дарга  байхад  хуулийн төсөл бараг бэлэн бол­чихсон байсан юм. Гэхдээ төсөл болохоор дутаг­далтай байлгүй яахав. Орос, Болгарын хуулиас   хуулсан юм чинь. Хуулсан ч гэсэн анхны хуулийн төсөл тэгж бий болсон. Түүнийгээ одоо хүртэл яриад явж байна. Өнөө хүртэл ганц ч хууль­гүй салбар шүү дээ сэт­гүүл­зүй. Тиймээс сэт­гүүлч­дийн эрх ч, биз­не­сийн эрх ашиг  ч хам­гаалагдаагүй. Үүнийг сэт­гүүлч мэргэжилтэй Ерөн­­хийлөгч маань ч ойл­гоогүй байна лээ. Ц.Эл­бэгдор­жийг мэргэжлийн сэт­гүүлч  учраас мэдэж байгаа байх гэсэн сүүлд ярьж байгааг нь сонсоход огт мэддэггүй царайтай ярьж байна лээ. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч хоёр өөр. Нэг нь үнэний, нөгөө нь мөн­гөний төлөө явж байгаа хоёр өөр зүйлийн чиг шугамыг салгалгүй нэг гээд ойлгочихоор нэгийг нь хаахаар нөгөө нь хохиролгүй яах вэ. Хэдэн хувиар хэрхэн түрээслэж, ашгаа яаж хуваарилах нь эзэн, мэргэжлийн бай­гуул­лага хоёрын хоо­рондын асуудал. Харин мэргэж­лийн багийн ажилд эзэн оролцох ёсгүй. Орол­цох юм бол  бизнесмэн, бизнесмэнийхээ зүрх рүү буудчихаж байгаа байхгүй юу. Ингэхээр яаж  явах юм бэ. Би эзэн гэмээ нь сонин байгуулсны зорилго нь мэдээлэл тараахдаа бус  хэн нэгнийг алахын тулд байна шүү дээ энэ чинь. Жишээ нь өрсөлдөг­чийн­хөө бизнесийг хаахын тулд сонин  худалдаж авч, нөгөөх рүүгээ гал нээж байна. Иймд тэр хүний галлах эрх хаалттай байх ёстой. Бизнесийн баг, сэтгүүлзүйн мэргэшсэн баг хоёрыг  ялгасан цагт л сайн хууль гарна.  Хууль гарах ёстой юу гэвэл гарах ёстой. Хуульгүй учраас өнөөдөр  сэтгүүлчдийн ч, бизнесийн байгууллагын ч эрх ашиг хам­гаалаг­даагүй байна. Манайх хууль эрхзүйт төртэй улс гээд байдаг атлаа жинхэнэ хууль хэрэгтэй салбартаа хуульгүй байгаа  нь энэ. Өнөөдөр нийгэм хэний араас яваад байгаа юм бэ, Ерөнхийлөгчийн үү.  Үгүй, сэтгүүлчдийнхээ араас явж байгаа шүү дээ. Тэг­вэл түрүүндээ явж байгаа сэтгүүлчдээ  хуулиар хамгаалахгүй яах юм бэ. Хэн дуртай нь тэднийг шоронд хийж, техникийг нь хэмх цохиод байх уу. Үүнийг чинь хуулиар хамгаалах ёстой шүү дээ.

-Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл санаач­лагчид сэтгүүлчдээс санал аваагүй. Энэ салбарт насаараа зүтгэсэн, хийсэн юмтай, хэлэх үгтэй  эрхмүүдийн  санаа, бодлыг  эрх биш сонссон байх гэж бодсон. Түүнээс гадна хэвлэл, мэдээллийн тухай хуулийн төсөлд  мэргэжлийнхнийг  заавал оруулах  ёстой байсан биз?

-Хэн  ч уулзаж яриа­гүй. Тэгсхийгээд хаячих­сан юм чинь аргагүй шүү дээ. Хуулийн асуудлаар мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүс ярихаас гадна  тэд өөрсдөө асуудлаа зөв ойлгосон байх ёстой. Мөнгөний эрх ашиг, үнэний эрх ашиг хоёрыг салгаж  харж чадаж байгаа цагт энэ асуудлын гарц олдоно. Тэгж чадахгүй хооронд нь хольчихоод байгаа цагт хууль гаргаснаас гаргаа­гүй нь дээр. Хуулиа гар­гаагүй цагт Монгол Улсад чөлөөт сэтгүүлзүй байхгүй. Энд зориуд хэлэхэд, Монголын сэтгүүлзүй сөнөх аюулд тулгарсан. Олон газар “Хаалтын гэ­рээ”-нүүд байгуу­лагд­чихлаа. Таван  сая төгрөг өгч гэрээ  байгуулчихаад  бид танайхыг дэмжинэ, танайх манайхыг суртал­чилна гэдэг. Түүнийхээ хажуугаар манай бодло­гыг мушгин гуйвуулах юм уу, саад хийж болохгүй гэсэн санааг аль нэг газар нь  оруулчихдаг. Үүнийг бид  “Хаалтын гэрээ” гэж нэрлээд байгаа юм. Ийм гэрээ салбар бүрт шахам байгуулагдсан. Жишээ нь, сая Оюутолгойн асуудал гарч ирж байна. “Оюутолгой” компани сүүлийн хэдэн жил хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд авлига өгч өөрсдөдөө хаалт босгочихсон. Захын сонин  тэднээс  улиралд 5-10 сая төгрөг  авч байгаа. Ингээд “Оюутолгой”-г  шүүм­жилж болохгүй гээд яваад байсан чинь сая   юу болж гарч ирэв. “Хаалтын гэрээ” гэгч тийм л зүйл. Оюутолгойн гэрээ цаашид юу болохыг хэн ч мэдэхгүй. УИХ-аар баталсан гэрээ нь байна. Залхааж,  цээрлүүлдэг олон улсын шалгарсан арга цаана нь байна. Ирак шиг  бөмбөгдүүлвэл яана.   Тэр нь  газрын тосны дөр­вөн том ордоо ашиг­луу­лаагүйгээс болсон. Гэтэл тийм нарийн мэдээллүүд хэвлэлээр бараг гараагүй. Цухас дурьдсан болоод мартсан. Тэгээд нээрээ Саддам Хусейн  цөмийн зэвсэг бэлдэж байсан юм байна гэж хүмүүс ойлгоод өнгөрч байгаа юм. Гэтэл цөмийн зэвсэг байсан бил үү, байгаагүй. Тэгээд Саддам Хусейн дүүж­лүүл­сэн. Энэ юу болов гэхээр олон ул­сын бизнесийн эрх ашиг­тай гүнзгий холбогдсон Оюутолгой мэтийн том төсөл аюултайг харуулж байна. Энэ асуудлаас ма­най улс яаж гарах юм бүү мэд.  Цаад тал гэрээгээ цуц­лахгүй нь мэдээж. Ма­гадгүй тэр асуудалд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан  Ж.Бейкер орчихсон яваа болов уу. Хэдэн жилийн өмнө Монголд ирж манай парламентад үг хэлсэн шүү дээ. “Та нар Оюу­толгойнхоо гэрээг бай­гуул” гэж айлдаад буцсан.  Тэр чинь хариугүй бөм­бөгдөх гээд яваад байгаа юм биш үү. Яагаад гэвэл Оюутолгой дэлхий дахи­ны шүлсийг гоожуулсан баялаг орд шүү дээ. Одоо сүүлийн үед  МИАТ-ийн асуудал байна.  Татварын ерөнхий газар мөн адил. Бага дээр нь эмчилсэн бол өөр л байх байсан. Таван сая төгрөг авчихсан юм чинь гээд харсан ч ха­раагүй юм шиг  хажуугаар нь өнгөрсөөр  байтал нэг мэдсэн МИАТ  Х.Бат­тулгын гарт орчих шахлаа  шүү дээ. Үндсэндээ Х.Бат­тулгын гарт орчи­хоод одоо нэг юм салж магадгүй аядаж байна. Н.Номтойбаяр нь авах байсан юм уу, Х.Баттулга нь авах байсан юм уу.  Хэн нь ч байсан хувийн гарт орох дөхлөө. Төмөр зам ч  мөн адил.  Монгол-Оросын хамтар­сан төмөр замын тодорхой хэсгийг  хэсэг бүлэг хүн  хувьчилж авах  гээд үгсч байх үед нь  асуудал дахин гарч ирж нэг тийшээ ший­дэгдэж магадгүй боллоо. Энэ байд­лаас харахад Мон­голын хэвлэл, мэдээлэл  сөнөхөд хүрсэн гэж хэлж болно доо.

-Тодорхой жишээ, ямар баримтууд танд байна?

 -Нэг сонин  баримт олоод тавьдаг маргааш нөгөө сонинууд  нь түүний эсрэг боорлочихдог болсон байна.  Бүр тэр чигээр нь залруулаад биччихэж байна. Түүнийхээ төлөө эзнээс мөнгө авч байгаа  хэрэг биз. Ийм байхад яаж үнэн  бий болох юм бэ. Үнэн шударга гэдэг юм үнэнээрээ байгаагүй цагт  Монголын ард түмэн  яаж жаргал амсах юм бэ. Ийм байгаа учраас Монголын сэтгүүл зүй сөнөх замдаа орлоо, сэтгүүлчид яагаад сэрэхгүй байна вэ гэж байгаа юм. Сэтгүүлчид өөрсдийнхөө үйл ажил­лагаагаар борлуулалтаа хийгээд явж чадахгүй, тэгээд авлига авч байна шүү дээ.  Авлигын эсрэг тэмцэнэ гэчихээд өөрсдөө авлига аваад зогсч байдаг. Үнэн байдал ийм л бол­чихоод байна. Монголд  үнэн алга. Нэг сонин нь баримт  гаргаад ирнэ, нөгөө нь бут цохичихно. Энийг нь гэх үү, нөгөө сониныг гэх үү. Хоёр  үнэн байдаггүй шүү дээ. Иймд Монголын хэв­лэл, мэдээллийн байгуул­лага, Монголд сонин, хэвлэл үүсч хөгжсөний 100 жилийн ойн үеэр онцолж хэлэхэд Монголын сэтгүүлчид  үнэний төлөө зангидсан гар шиг байх ёстой. Ямар ч нөхцөлд үнэний төлөө нягтарч чаддаг байх ёстой. Тус  тусдаа мөнгөний төлөө тэмцэж хэрхэвч болохгүй. Эзэд яах вэ, түүгээрээ явна л биз. Тэдний эрх ашиг, сэтгүүлчийн эрх ашиг хоёрыг тусад нь зааглах ёстой гэсэн санаа тэр л дээ. Жишээ нь, Сэт­гүүлч­дийн холбоо, Со­нинуудын холбоо, Теле­визүүдийн холбоо  гэдэг бол  эздийн байгууллага. Тэд бол бизнесийн  үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн сонинуудын хол­боо ч тэдний адил. Гэтэл түү­нийг сэтгүүлчдийн бай­­гуул­лага гээд андуур­чих­сан явж байна. Сэт­гүүлч­дийн  байгууллага чинь  Монголын сэтгүүлч­дийн эвлэл, түүний сал­барууд байгаа. Парла­ментын сэтгүүлчдийн холбоо гэдэг байгууллага байгаад байдаг. Мөн үү, биш үү гэдэгт  ч би эргэлздэг. Нэг талаас мөн ч юм шиг, зарим талаасаа сэтгүүлзүйд монополь тогтоох гэсэн оролдлого ч байж магадгүй. Тийм байж болохгүй шүү дээ. Иймд тэднийг ялгаж, салгах ёстой. Манай сэтгүүлчид юу бодож тунгааж байдгийг мэдэхгүй. Би өнөөдөр нас сүүдэр 80 гарлаа. Надад тэр сэтгүүлзүй хаалттай байна уу, ямар байна хамаагүй. Би хоосон хонохгүй нь мэдээжийн хэрэг. Иддэ­гээ идэж, уудгаа уучихаад өвдөж үхэх нь  үү, яаж үхэх нь вэ нэг л өдөр яваад өгнө. Гэвч дуугүй байж  болохгүй байна. Би сэтгүүлзүйтэй 1956 оноос эхлэн ноцолдсон, одоо 57 дахь жилдээ  явж байна. Тэгэхээр сэтгэл өвдөхгүй байх арга алга даа.