Г.ТУЯА

 Шашин судлаач, гэвш Д.Хоролбаттай ярилцлаа.

-Жинхэнэ хадаг гэж юу байдаг түүний мөн чанарын тухайд судалгааны ажил хийгээд багагүй хугацаа өн­гөрсөн гэж дуулсан. Монголчуудын сэтгэлийн бүр гүнд нь байдаг атлаа тэр бүр хүн бариад ав­даггүй энэ сэдвийг хөндөж ажиллах болсон тухайгаа сонирхуулахгүй юу?

-Хадаг хаа сайгүй, бүр хүний хөлөөр хүртэл жаа­хан дээшлүүлж харвал шонгийн мод хашаанд уясан зангидсан байх жи­шээтэй. Энэ нь хадаг өөрөө хадаг биш бараа болсны анхны шинж. Ха­дагны мөн чанар, би­лэг­дэл ямар байдгийг сү­сэг­тэн олон мэдэхгүй бай­на. Байдал ийм байхад лам нар бид л олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхгүй бол өөр хэн гэж.

-Та хадагны мөн ча­нарын тухай судалгааны онолын түвшинд бус энгийн ойлголтоор товч мэдээлэл өгөхгүй юу?

-Хадаг бол тэнгэрийн эд. Энэ тухай эртний түүх сударт олонтаа өгүүлсэн байдаг. Монголчууд хад­гийг тэнгэрээс га­ралтай ертөнцөд байдаггүй эд учир өнгө нь үүрийн гэгээ татах үеийн тэнгэрийн хаяаны өнгийг жихэнэ тэнгэрийн өнгө гэж үзэж ирсэн ард түмэн. Тэн­гэрийн эд учраас таван цогц шинжийг агуулсан байх ёстой. Иймд хөнгөн зөөлөн, уян бат бэх ча­нарыг билэгдэн хүр хор­хойн мяндсан шүлсээр нэхсэн хадгийг хэрэглэж байсан байна. Мөн мөнгөн ембүү, мөнгөний үндсэн өнгийг хадганд бэлэгдэн түүнийг газар тавих, тоос тортог хүргэхийг цээрлэн заавал баринтаг моотуу цаасанд боон залдаг байжээ. Хадаг хэмээх нэрийн утга нь бурхан шүтээн, багш дээдсийн хөрөг, тэргүүтэнд тахих, шүтээнд мөргөх үед ам­галан жаргалан даатгах, мэнд амар мэдэх гэсэн утгатай бөгөөд тэр утгын дотоод сэтгэл нь хиргүй цагаан, торго мэт ариун бэлэгдлээр нь харамж өр­гөх гэсэн утгыг илэр­хийлдэг.

-Хадгийг монголчууд зан заншилдаа өргөн хэ­рэг­лэж ирсэн. Бэр гуйх, шинэ гэр барих, даахь үргээх гэх мэт. Тэр бүрийд ямар  хадгийг хэрхэн хэрэглэвэл зохилтой вэ?

-Одоо манайхны өргөн хэрэглэж байгаа таван өнгийн хадаг байна. Цагаан өнгө нь өвчин зовлон, ад зэтгэрийг арил­гах амирлуулах үйлийг бэлэгддэг учир эмчээс эм залах, гүрэм засал хийл­гэх, сэтгэлийн ариун ца­гааныг илэрхийлж өр­гөдөг. Шар өнгө нь нас буян, идээ эд арвижуулах, хийморь лундаа цог золбоо сэргээх зэрэг дэлгэрүүлэх үйлийг бэлэгддэг учир хаад ноёд, ихэс дээдэс, лам багш, эцэг эх зэрэг хүндтэй хүмүүст барина. Энэ мэтчилэн эрхшээх үйлийг бэлэгдсэн улаан өнгө, номхотгох буюу хатуу үйлд хар буюу хар өнгийг зөөлрүүлж ар­гад­сан хар хөх өнгө, түүний үйлсийг бүтээхийг бэ­лэг­дэж ногоон өнгийн хадаг хэрэглэдэг байжээ. Эртний түүхэн ёс заншил мартагдсанаас өнөөдөр хар өнгийг домносон хөх хадгийг юунд л бол юунд хэрэглээний хадаг бол­го­чихсон байгаад маш их харамсдаг. Монголчууд эрт дээр үеэс хэв хадгийг хүүхэн гуйх, бэр мөр­гүүлэх, шинэ гэр барих, хурим найр, нуган үрийн даахь үргээх зэрэг өргөн хэрэглээнд хүндэтгэн залж  байжээ. Мөн  өөрийн улс орноо тэнгэр мэт үүрд орших болтугай хэмээн сайн бэлэг бодож мун­ташгүй хишигт, мохошгүй зоригт Хөх Монгол хэмээн нэрлэж цагаан, цагаан цэнхэр хадгийг өргөн хэ­рэг­лэж ирсэн нь түүхэн учиртай.

-Дээр үеийн хашир хөгшчүүл “хадганд их учир бий” гэж ярьж байхыг сонссон. Хадагны ард их том ухаан байх шиг санагддаг?

-Тэгэлгүй яахав. Дээр үед хадаг арилжааны хэ­рэгсэл болж байсан байна. Мөнгөний оронд хадаг өгөөд мал хуй арилжиж байсан тухай түүхэн баримт бий. Жишээ нь гурван метр гаруй урттай баранзад хадаг бодын үнэтэй байсан гэдэг.Хадаг тэр хэрээр үнэ цэнэтэй ховор эд байжээ. Хүнтэй эе эв тасрахад хадаг барьж учир начираа ололцдог байсан байна. Түүхэн зо­хиолд хадаг бол жудаг гэж бичсэн нь ч бий. Хадаг бол жудагтай зан үйлийн илэр­хийлэл байжээ.  Хүмүүс хоорондоо утга учиргүй хадаг барил­цахгүй. Хадаг барьж ирсэн гийчний хүслийг бие­лүүлсэн буюу биелүүлэх бол хадаг тогтоох ёс үйлдэнэ. Эс бөгөөс явдал суудлаа учирлаад хадгийг эргүүлж барих, хадаг тогтоохгүй байх өөрөөр хэлбэл хадгаар үг хэлээ ололцдог заншил одоо ч байдаг. Хадгийг энгийн маягаар барих, өвдөг сө­хөрч барих хоёр янз байдаг. Лам, багш, эцэг эх, их хүн бас элдэв тахилга, аргадан гуйх үйлд өвдөг сөхрөн хадаг барих ёс бий. Монголчууд адуун сүрэгт онцын хүндэт­гэлтэй хан­даж ууган уна­ганд хадаг уях ёс үйлддэг байжээ. Баян чинээлэг айлын хөрөнгө зоорь бол­годог үнэт зүйлийн нэг нь хадаг байсан байна.Хадаг хадгалвал буян тогтоно гэсэн үг ч байдаг. Самбай хадгийг хамгийн их хадаг гэж нэрийдэн хэдэн ар­ваар нь хадгалдаг байжээ. Мөн бурхны болон то­моохон зүтгэлтэн хүний мутрын тэмдэг дарсан буюу тамга дарсан хадгийг бас тахисан бурхандаа өргөсөн, даллагын су­мандаа уясан хадгийг хад­галдаг.

-Сар шинэ болох гэж байна. Хадагтай золгох ёсны тухайд тайлбар өгөөч. Зарим хүн хадаг барьж байхад, зарим нь ха­дагаа хуруундаа тогтоо­чих­­сон золгож байх жишээтэй?

-Хадагтай золгох, ха­даг барьж золгох нь зол­гогчоо хүндэтгэж бай­гаагийн илэрхийлэл бо­ловч ялгаатай тал бий. Хадгийг энгийн байдлаар хоёр гартаа тэнүүн сайхан барихад зориулан уртааш нь гурав нугалан, хадгийн амыг барих хүнийхээ өөдөөс харуулна. Хадгийг хоёр гардан хүлээн авахдаа хадагны толгой талыг баруун гар дээрээ тавьж, зүүн гар тал руугаа эвхэн хураана. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа хоёр гардан өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигжий хурууныхаа хоорондуур доош унжуулан золгохыг хэлнэ. Хадгийг барихдаа хадаг өгөх, тавих, барих , зүүх, хив татах, няндар өргөх, уяах, гар цайлгах, дашдуулан барих эдгээр нь тус бүртээ өөр өөрийн ёсолгоотой. То вангийн сургаальд хүний эрхэмлэх юм нь хүн эцэг эхийн ачийг үргэлж санан санан явж эс чадавч цагаан сарын шинийн нэгэнд эцэг эхдээ их сёлол үйлдэн хадаг барин золгож, өдөр бүр уух идэх, дөрвөн ца­гийн хувцасыг дутуугүй, хичээн олдсон амттанг идүүлж, хөнгөн дулааныг өмсүүлж сайхан хүндэл гэж заасан байдаг нь их сургамжтай үг.

-Далай лам, Богд хаанд хадаг барин мөр­гө­хөд эр­гүүлээд мөрөн дээ­гүүр нь тохож байгааг кинонд дүрсэлсэн байдаг. Энэ ямар учиртай юм бол?

-Төвд ёсоор буцаагаад хүзүүнд тохож өгдөг. Төвд ёс, монгол ёс тэс өөр.

-Тэнгэрийн өнгөтэй жинхэнэ дээр үеийнх шиг тийм нандин хадаг эртний эдлэлийн дэлгүүрт ганц нэг харагддаг. Яг ийм хадгийг хаанаас олж болох вэ. Та үүнийг эрж хайж үзсэн үү?

-Гандангийн хашаан дотор байдаг шашны дэл­гүүрт хааяа худалдаа­лагд­даг болсон байна билээ.  Одоо цагт хийхгүй бү­тээхгүй юм гэж байхгүй болсон байна.

-Нийлэг эдлэлээр хийсэн торгон гэх хадаг хэ­рэглэх болсоор удлаа. Ха­дагны мөн чанар ог­шоогүй хадгийг олон тоо­гоор хад­галж, хураасан айл байдаг. Хадгийг энэ хуу­рамч байна гээд хаях нь байтугай угааж, огтолж, хумиж ба­заж, доор тавьж болохгүй гээд олон цээрлэл ч бий. Ийм тохиолдолд яах нь зөв вэ?

- Хувь хүний сүсэг мэднэ. Нэгэнт энэ хадаг биш гээд цээр санаж байгаа бол гал, ус, агаа­раар ариусган сэтгэлийн засал хийж болно шүү дээ. Хадаг бол хүндэтгэлийн эрхэм зан үйл учраас ха­дагны мөн чанар миний дээр хэлснийг шингээсэн байх ёстой л доо.

- Баярлалаа. Та сар шинэдээ сайхан шинэ­лээрэй.

-Монгол түмэн минь түвшин амгалан байх болтугай.