С.ЦЭЦЭГМАА Д.ОЮУНЧИМЭГ

 

Бурхан хүнийг бий болгосон. Бусдыг нь ба­рилгачид бүтээсэн гэдэг сайхан үг бий. Юу гэвэл Монгол Улсын гавьяат барилгачин, Үндсэн хууль батлалцсан АИХ-ын де­путат Л.Төмөр­­­баатар гуай­тай уулзах зав­шаан то­хиосон юм.

Тэрээр “Уг нь ба­рил­гын­хаа тухай л ярих бай­лаа. Арай дутуу ярь­чихлаа” хэмээн сэтгэл гонсгор буйгаа хэлж байлаа.

1960 онд яамны то­ми­лолтоор Барилгын тех­никумд орж, сайд, даргынхаа өөдөөс жишим ч үгүй ярьдаг горзгор хүү одоо “Ган нэгдэл” компа­нийн захирал хийж буй бөгөөд 1990 оноос хойш төрийн алба хашаагүй ажээ.  Л.Төмөрбаатар ба­рилгын конторын даргаар ирээд барилгын ма­те­риалын олон үйлдвэ­рүүдийг байгуулж, барил­гач­дын нийгмийн асууд­лыг шийдвэрлэх, Өвөр­хангай аймгийн барилгын байгууллагыг улсын хэм­жээний том трест болгох хүртэл хүчин зүтгэсэн хүн. Тиймээс “Барилгын Төмөрбаатар” гэж тухайн үеийн “Засгийн газрын мэдээ” сонинд нийтлэж байжээ. Хүн төрүүлсэн эцгээсээ гадна гаршиж хийсэн ажлаараа овоглох нь нэр төрийн хэрэг билээ. Тэрээр Барилгын техник мэргэжлийн сур­гуулийн багшаас ажлын гараагаа эхэлж улмаар аймгийн барилгачдыг удир­даж, аймгийн орлогч дарга бо­лон дэвшиж явсан нэгэн. Урьд нь олон нийтийн байгууллагын хаягтай бай­сан өдгөө төрийн бус байгууллагын цалингүй ажилд морь, нохой мэт зүтгэж. Өвөрхангай айм­гийн Ба­рил­гачдын холбоо, МАН-ын ахмадын холбоо, Ажил олгогч эз­дийн холбооны тэргүүлэгч, Аймгийн ИТХ-ын төлөө­лөгч, МАН-ын хорооны тэргүүлэгч гээд олон ажилд сэтгэл, зүтгэлээрээ зүтгэж явсан хүн юм.

 

“А” ҮСЭГ ЗААЛГААД 60 ЖИЛ БОЛЖЭЭ

Ловонгийн Төмөр­баатар Баянхонгор аймгийн Баянбулаг суманд бичин жилийн зуднаар айлын ууган хүү болон мэндэлжээ. 1953 онд бага сургуульд орж эрдмийн гараагаа эхэлсэн байна. Анх найман настай байхад нь сургуульд оруулах гэхэд нь хадан цохион завсар нуугдаж үлдсэн ч есөн настайдаа сургуульд сурч, түүнээс хойш 60 жил өнгөрчээ. Тэрээр сургууль төгссөнөө бус “А” үсэг анх заалгаснаа тэмдэглэхээр шийдсэн байна. Ан­гийнхнаа дурсаж суухдаа аргагүй л балчир хүү шиг сэтгэл нь хөөрч байлаа. Энэ жил түүний хувьд маш онцлог гэнэ. Учир нь сургуульд орсны 60 жил, хөдөлмөрийн га­раагаа эхэлсний 50 жи­лийн ой тохиож буй. Нут­гаасаа гараад аль хэдийнэ 40 жил өнгөрчээ. Тэрээр МУИС-ийн Иргэний ба үйлд­вэрийн барилгын ин­женерийн ангийг улаан дипломтой дүүргэсэн. Түүнийг төрөлх сургууль нь багшаар үлдээх гэсэн боловч салбарын яам нь мэр­гэжилтнээр авах гэж анкет бөглүүлж. Харин Өвөр­хангай аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга В.Бүнчин Барилгын яамны сайд О.Тлейханы дэмж­лэгтэйгээр аймгийнхаа Барилга угсралтын кон­торын дар­гаар ажил­луулсан байна. Ийнхүү Баянхонгор аймгийн уугуул, Өвөр­хангай айм­гийн өргөмөл хүү бо­лон барилгатай насны амьд­ралаа хол­божээ.

 

МАЛД ГЯРХАЙ ХҮҮ САНАМСАРГҮЙ БАРИЛГАЧИН БОЛЖЭЭ

Айлын том хүү учраас аав, ээж нь нэлээд эрх­лүүлсэн ч, би буруу эрхлээгүй хэмээн нүүр бардам хэлж сууна. Ба­гадаа олон таван үггүй, хүнд тусархуу, малд нүдтэй хүү байсан учраас нутгийн иргэд ам сайтай байжээ. Үнэхээр ч олон юм яриад байхааргүй дөл­гөө­хөн, эр хүний гүндүүгүй зан гэдэг ийм байдаг бо­лов уу гэлтэй налайсан хүн байлаа. Малд гярхай хүү гавьяат ба­рилгачин, компанийн захирал, Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат гээд түүнд дурсах, ярих сэдэв их байлаа. Л.Төмөрбаатар гуай бага насаа ийн дурсав.

-Сургуульд орохгүй гээд нуугдаж байсан тухайгаа тодруулаач?

-1952 оны намар манай сургуулийн багш н.Банзрагч биднийг авч явахаар саахалтын айлд ирсэн сургаар одоогийн “MCS” компанийн за­хирал Ж.Оджаргалын аав бас нэг найзынхаа хам­таар гурвуулаа гэрийнхээ урд талын хадан цохионд нуугдаж билээ. Бодвол ээж аав минь хонь малд явсан гэсэн үү нэг юм хэлсэн л байх. Бид гурав ч хадан цохион завсраар явахыг нь харж суусаар нэлээд удсан юмдаг. Тэ­гээд хойтон нь гарцаагүй баригдаад явж билээ.

-Сургуульд ороход ямар санагдаж байсан бэ?

-Миний дүү надаас 3-4 насаар дүү. Гэтэл намайг дүүтэй минь хамт сур­гуульд оруулж байсан юмдаг. Ингээд Баянбулаг сумын бага сургуульд дөрвөн жил сурсан. Анх сургуульд ороход юу ч мэдэхгүй хүүхэд байсан. Одоо цаг өөр болж хүүх­дүүд сургуульд орохдоо ядаж л тоо тоолж, үсгээ цээжилчихсэн байх юм. Намайг сурч байх үед үзэг, үзгэн бал гэж бай­сангүй, бэхэнд дүрж байгаад бичдэг байлаа. Харин маш цэвэрхэн сайхан бичиж сурсандаа.

-Малд хайртай хүү яаж яваад барилгачин болсон бэ?

-Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар орж Төмөр замын техникумд шалгалт өгч галт тэрэгний жолооч болно гэж ирж билээ. Гэвч миний хүссэн анги байгаагүй, харин нягтлан бодогчийн анги байсан ч би ороогүй. Тэр үед барилгын техникум гэж сайхан сургууль байна гэж сонсоод яваад очтол өмнөх сургуульдаа шалгалт өгөөд тэнцсэн учраас сурлага сайтай хүүхэд байна гээд намайг авч байлаа. Ингэж л их барилгатай амьдралаа холбосон юм даа.

Төрөлхийн гэмээр на­муухан ярих түүнтэй ярьж суухад гүндүүгүй монгол эр хүн ийм байдаг болов уу гэлтэй. Энэ хүнд аливаад нуруутай, голчтой хандаж хүний замыг зөв залж, чиглүүлж чадах авъяасыг бурхнаас түүнд харамгүй заяасан бо­лолтой. Энэ нь түүний ажил амьдралын гараа, хамт ажилласан нөхөд, ханийнх нь ярианаас илт байлаа.

 

БОР ШАВРЫН 20 ЖИЛИЙН ОЙ САНААНД ОРОМГҮЙ БАЯР БОЛОВ

Л.Төмөрбаатар ба­рилгын ажлын өнгө буд­гаас эхлээд өчүүхэн төдийн согогийг мэддэг тор­гон мэдрэмжтэй. Тэ­рээр ханын цаасны өчүү­хэн зөрүүлгийг хүртэл өөлж, шаврыг хүрзээр нэг эргүүлээд л зуурмаг нь таарсан эсэхийг мэднэ. Барилга, байгууламжийн тухай ярьж суухдаа агаарт дүүлэн нисэх шувуухай шиг сэргэлэн юм билээ. Хэн ч үл анзаарах өчүүхнийг олоод өөлнө. Шороо чимхэж имрээд, тоосыг илж үзээд чанар чансааг нь лабораторийн нарийн шинжилгээтэй дүйхүйцээр хэлж чадна. Тэр барилгын мэргэжлээр халгиж цалгиж явдаг боло­хоор мэргэжлийн алдаа гаргаж амаа барьж явсангүй. Ер нь хамгийн хүнд бэрхшээл бол ажлын мэдлэг хомс байгаагаас үүдэлтэй байдаг. Харин Л.Төмөрбаатар энэ бэрх­шээлийг дайруулалгүй, тойруулж чадсан нэгэн. Ямарваа цагийн хөгжлийн хэмжүүр барилга, бай­шин. Өвөрхангайд 35 жил барилга барьж, цагаар бсдөг хүүхэд гэлтэй өргө­жүүлэн, тэлж байлаа. Аймаг танигдахгүй болтлоо барилгажсан нь инженер Л.Төмөр­баа­тар­тай салшгүй холбоотой. Тэрээр өнгөрсөн хуга­цаанд Өврийн сайхан хан­гайд 300 гаруй барилга барьжээ. Барилгачид өөр өөрийн өвөрмөц ааш араншинтай. Тэр хамт олныхоо аргыг олохдоо гаргуун. Барилгачин бү­рийн сэтгэлд хүрэх ганц­хан хувь түлхүүрийг тэр найдвартай хадгална. Тийм­дээ ч удирдах авъяастай нэгэн анх Өвөр­хангайн барилга конторын дарга болохдоо гурван зорилго тавьсан. Түүнийг биелүүлэхийн төлөө ажил­лаж нэгдүгээрт, төлөв­лөгөөгөө биелүүлдэг тэр­гүүний байгууллага болсон, хоёрдугаарт, хамт олноо төлөвшүүлсэн, гу­равдугаарт үйлдвэрлэлийн баазтай болсон байна. Үүнийг найман жилийн хөдөлмөрийн үрээр бү­тээжээ. 1979 онд барил­гачдын баяр, конторынхоо 20 жилийн ойг тэмдэглэх саналыг аймгийн даргад тавьсан ч хүлээж аваагүй байна. Учир нь “Бор шаврын 20 жилийн ой гэж юу байсан юм бэ” гэж хэлж байж. Залуу насны аагаар тэр заавал тэм­дэглэх болно хэмээн шийд­сэн нь хэний ч са­наанд оромгүй баяр болов. Тухайн үед С.Жалан-Аажав дарга барилгачдын баярт оролцсон байна. “Аймгийн барилгачдын баярт намын төв хорооны гишүүн том дарга оролцоно гэдэг бол хаа ч байгаагүй зүйл байлаа. Тиймээс хөдлөхгүй байсан дарга нар хүртэл гүйлдэж байсан” хэмээн дурсан ярих нь түүнд таатай байсан нь ойлгомжтой. 1992 онд “Ган нэгдэл” компанийг үүсгэн байгуулж өдгөө 20 жилийн нүүрийг үзжээ. Хийсэн бүтээсэн юмтай, хэлж ярих үгтэй байх сайхан юм. Барилгын салбар ард­чиллын шуурганд уруудаж байхад босгосон компани өдгөө Өвөрхангайд ба­рилгын ажлаа тасралтгүй үргэлжлүүлсээр байгаа. Тэр барилгачидтайгаа амь нэг гучин хэдэн жил явж иржээ. Тэднийгээ яри­хаараа “Миний хэдэн ба­рилгачид гараа эвэрштэл, хацраа сайрттал гадаа ган­даж хөдөө хөхөрч цаг наргүй ажиллаад товолсон хугацаанд барилгаа ашиг­лалтад өгч намайг олон удаа баярлуулсан даа” гэх түүнийг харахаар баярласандаа уйлах нь уу гэлтэй.

 

ӨВРИЙН ХАНГАЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ТӨРЖЭЭ

Монгол Улсын гавьяат барилгачин Л.Төмөрбаатар барилгын салбарын нэрт зүтгэлтний нэг. Тэр Өвөрхангай аймгийн Өвдөг худгийн Тоосгоны үйлдвэр, барилга трестийн үйлдвэрлэлийн баазын цогцолбороос авахуулан Арвайхээр хот бүх сумдад сүүлийн 30 жилд ба­ригд­сан барилгуудыг удирдан, зохион бай­гуу­лахад гар бие оролцжээ. Эндээс ха­ра­хад түүнийг хэдийгээр Баянхонгорын уугуул ч Өвөрхангайг ба­рилга­жуулж, хөг­жүү­лэхийн төлөө төрсөн юм шиг хэ­мээн хэлэх хүн олон таарсан юм. Ажилчдын нийгмийн асуудлыг шийд­в­эрлэхэд байнга анхаарч барилга трестийн ам­ралтын газар, ажилчдын орон сууц, ба­рилгын талбайн хотхон байгуулах гээд идэвх са­наачлагатай ажиллаж байжээ. Хүний эвийг олж ажил хийлгэх торгон мэд­рэмжтэй. Нэгэн цагт АИХ-ын Тэргүү­лэгчдийн орлогч асан, гавьяат хуульч доктор, профессор С.Жалан-Аажав “Өвөр­хангай аймгийн барилга трестийн дарга Л.Төмөр­баатар мундаг чадварлаг, сайн дарга юм. Энэ хүн ажилчдынхаа төлөө байнга анхаарал тавьдаг, хүнийг удирдах өвөрмөц арга барилтай, ажлаа эв зүйг нь олж зохицуулж чаддаг ирээдүйтэй залуу” гэж хэлж байжээ. Түүний хийсэн бүтээсэн нь ч үүнийг гэрчилнэ. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг энэ биз ээ.

НАСНЫ ХАНИА ЗӨВ СОНГОСОНДОО БАЯРЛАЖ СУУДАГ

Үе үехэн ач охиноо эрх­лүүлэн тойглох нь ар­гагүй л “75-аар буугаад өгчихсөн” гэдэг шиг аясаар нь байх юм. Ха­жууд нь шулганах бяцхан гүнжийг өвөөгийн “атаман” гэнэ. Бяцхан ач охин нь эмээ гэхээсээ илүүтэй өвөө гэдэг ажээ. Түүнийг газар гиш­гүү­лэлгүй эрхлүүлдэг бо­лолтой. Ач охин Н.Цэл­мүүн нь ой гаруйтай, хэв­лүүхэн нь аргагүй шул­ганана. “Өвөөдөө хайр­тай” гээд үнсэх бяцхан охиныг ха­раад өхөөр­дөхгүй байхын аргагүй. Тэрээр гурван зээ, хоёр ачтай. Түүний эхнэрийг Доржийн Бямбаа гэдэг. Хазайхад нь түшиж, халтирахад босгож, урам, зориг, хайр энэрлийг харамгүй өгдөг ханьтайгаа 1965 онд гэр бүл болжээ. Өдгөө гурван охин, ганц хүүтэй. Түүний гэргий Д.Бямбаа гуай “Энэ хүний хүчинд өдий зэрэгтэй сайхан амьдарч явна. Цай ч чанаж чадахгүй жаахан охин анх гэрлэж байлаа. Бидний үед хурим найр хийж сүйд болж бай­гаагүй” гэлээ. Гэрт нь ороход амттай сайхан цайтай, ааль сайтай, аргагүй л залууст үлгэр болох сайн гэргий гэдэг нь андашгүй харагдана.

Гэргий Д.Бямбаа ийн хуучилсан юм.

-Анх гэр бүлийнхээ хүнтэй яаж танилцаж байсан бэ?

-Аав, ээж минь хөдөө малчин. Эгч, дүү, бид гурав зэрэг сургуульд орж сумын төвд гэр барин өвөлждөг байлаа. Би есдүгээр ангид орох жилээ аймгийн төвд ажилд орж байлаа. Тэгж байгаад л нөхөртэйгээ та­нилцсандаа. Туранхай өн­дөр цагаан залуу байсан. Өглөө ажилдаа явах бүртээ тааралддаг байсан юм. Нэг удаа найз охиндоо “Би энэ залуутай дандаа таараад байна” гэж билээ. Гэтэл найз минь “За энэ чинь их учиртай даа” гэж байсан даа. Тэгээд удалгүй бүжгэнд орж яваад танилцаж байлаа.

-Таны ханийн ямар зан чанар хамгийн их таа­лагдсан бэ?

-Хүнд тусархуу, дуу цөөтэй, даруухан залуу байлаа. Хамгийн их таа­лагдсан нь түүний халамж. Би аав, ээжийн гар дээр өссөн учраас гэрийн ажил мэддэггүй. Нэг гэрт орсны дараа миний хань “Эмэгтэй хүн чинь өглөө босоод өрхөө татаад цайгаа чанадаг юм” хэмээн зааж байсан юм.

-Анх гэр бүл болж байх үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-Бид хоёр хэнд ч хэлэлгүй нэг гэрт орчихоод гурав хоногийн дараа аав, ээждээ очиж билээ. Тэгэ­хэд манайхан “Хаагуур тэнэж яваад ирэв” гээд аашилж байсан юм. Тэ­гээд бид хоёр ойр тойрныхоо найз нөхдийг оруулан жижигхэн цайлж билээ. Цагаан ортой, өвгөн минь дэлгүүрт ду­гаарлаж, гараа самар­дуулж байж нэг бор авдар авч анх гэр бүл болсон доо.

-Хүүхдүүдээ хэрхэн өсгөж, хүмүүжүүлсэн бэ?

-Тэр үед төрөхөөсөө өмнө 45 хоног, төрсний дараа 45 хоног амардаг байлаа. Хүүхдүүд маань ясли, цэцэрлэгээр хүмүүжсэн дээ. Нярай хүүхдэд одоогийнх шиг памперс гэж байсангүй. Тиймээс 2-3 солих өмд, өлгийний даавуу аваачиж өгдөг байлаа. Тэр үеийн хүүхдүүд голдуу хагархай өмдтэй байсан.

-Айлын эхнэр, нөхөр хоёрт муудаж сайдах юм гардаг шүү дээ. Энэ үед хэн нь түрүүлж буулт хийх вэ?

-Өө тэгэлгүй яахав огт муудалцдаггүй хүмүүс гэж байхгүй. Миний хань ч их хүлээцтэй сайн хүн. Би л элдэв юм ярьж байдаг. Өвгөн минь дуугарахгүй.

Гэрийн хоёр багана шиг ээнэгшин дассан хоёр буурлыг харахад сайхан байлаа. Олон жил өөрийнхөө барьсан байшинд амьдарна гэж зүтгэлээ. Одоо ч нас нь дээр гарч. Нүүрсээ зөөхөд түүрт­дэг болж. Тиймээс паартай байшинд амь­дардаг юм уу даа гэж өвгөнөө хэлэхэд нь баярлаж сууна хэмээн хууч­лана. Цагийн эрхээр биесээ мэдэрдэг болсон хоёр буурал хөдөлгөөн, нүдний харцаар биесийнхээ хэлэх үгийг уншиж байх шиг. Бие биеийнхээ хүчээр өдий зэрэгтэй явна гэж тэрүүхэндээ хоёр биенээ магтахыг нь харах сайхан юм. Өдгөө цагийн залуу хосууд өтөл буурал болохдоо биесээ ингэж энхрийлэн хайрлаж, хүн­дэлж, амьдрах ухаанаас нь суралцаасай гэж бодож суулаа. Хоёр буурлын амьдрал улам өөдрөг байж, үр ачаа тойруулан жарган суухын ерөөл дэвшүүлье.