Э.ОРХОНСҮРЭН

Шинэчлэлийн Засгийн газар Бо­ловсролын шинэч­лэлийг бага ангиас нь,  суурь   боловсролоос нь  эхэлж байгаа билээ. Тий­мээс энэ ажлын хү­рээнд “Хүүхэд нэг бүрийг хөг­жүү­лэх” хөтөлбөрийг   нийс­лэлийн гурван сур­гууль дээр хэрэгжүүлж байгаа.

Энэ нь боловсролын салбарт хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг учраас  дээрх гурван сур­гуулийн  багш нарыг сур­галтад хамруулах, бага ангийн сургалтын арга барилыг  шинэчлэх гээд хийх ажил багагүй байгаа аж. Тиймээс төслийг гар­дан хэрэгжүүлж буй багийн зөвлөх,  доктор, профессор  Ц.Няндаг багшийг  “Миний багш” булангийн зочноор урив. Тэрээр боловсролын сал­барт чиг шугам болгож буй  “Хүүхэд нэг бүрийг хөг­жүүлэх” онолыг бо­ловс­руулж, Гоц авьяастны  93 дугаар дунд сургууль дээр амжилттай хэрэг­жүүлжээ.

-Танд  багш нарын баярын мэнд хүргэе?

-Баярлалаа. Багш, сур­ган хүмүү­жүү­лэгчид болон боловсролын салбарын нийт ажил­тнууддаа  Монголын багш нарын баярын 47 дахь өдрийн мэндийг хүргэе. Монголын үр хойчид бо­ловс­рол олгох үйл хэрэгт  бүхий л  амьд­ралаа ха­рамгүй зориулсан ахмад үеийнхэндээ болон  бо­ловсролын байгууллагад хамтран ажиллаж байгаа багш нартаа чин сэтгэлийн ха­луун мэндчилгээ дэв­шүүлье.

-БШУЯ-наас хэрэг­жүүлж буй  “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” хөтөл­бөрийн хү­рээнд таныг их зүйл хийж байгаа гэж дуулсан.  Мөн энэ арга зүй, тех­нологийг таныг  анх бо­ловсруулсан гэх юм билээ. Энэ тухай тод­руулна уу?

-Хүүхэд нэг бүрийг хөг­жүүлэхийн тулд тэднийг ажилсаг, эвсэг болгох ёстой юм. Энэ хоёр аргад тулгуурлаж ажил­лавал хүүхэд бүрийг хөг­жүүлж болно гэдгийг  олон жилийн туршлагаас олж харсан. Хүүхдийг хөг­жүү­л­эхэд заавал англи хэл сурах, янз бүрийн авьяасыг нь хөгжүүлнэ гэж ойлгох шаардлагагүй. Эвсэг, ажилсаг болсон хүн ямар ч нөхцөлд,  амьд­ралаа аваад явах чад­вартай болдог. Сүүлийн үед яавал өсвөр үеийг нийтээр нь ажилсаг,  эвсэг болгох вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна. Залуус нийтээрээ ажилсаг биш байгаа нь өнөөгийн нийгмийн сэтгэл зовоосон асуудлын нэг юм. Тиймээс ажилгүй залуус олон байна. Мөн ажилсаг байлаа гэхэд эвсэг байх чанар дутагдаж байна. Энэ хоёр зарчмыг хүүхэд залуус эзэмших хэрэгтэй байна. 

-Тэгэхээр хүүхдийг ажилсаг, эвсэг байхыг сургуулиас зааж сургана гэсэн үг үү? 

-Бидний үед, өмнөх нийгмийн үед хүүхдийн хөдөлмөрийн бригад гэж  байдаг байсан.  1963 онд Ардын их хурлаас ерөнхий боловсролын сургуулийг амьдралтай, сургалтыг хөдөлмөртэй хослуулж боловсролын системийг сайжруулах хууль гарсан юм. Яагаад гэхээр 1960-аад онд улсын хэмжээнд 10 жилийн сургууль анх бий болж, ахлах ангид хөдөлмөр хийх чадвартай хүүхдүүд олноороо цуг­ласан. Тиймээс тэдний  хү­мүүжилд анхаарахын тулд сургуулийг амьд­ралтай, сургалтыг хө­дөл­мөртэй холбох хууль гар­сан. Би сурагчдыг хөдөл­мөрөөр иж бүрэн хү­мүү­жүүлэх ажлыг хариуцаж 20-иод жил ажилласан хүн. Энэ үед хүүхдүүдийн хө­дөлмөр, сургалтыг хос­луулан явуулах, тэднийг сурагчдын байгууллагаар нь дамжуулж хэрхэн  хү­мүүжүүлэх вэ гэсэн хоёр том асуудал гарч ирсэн. Энэ асуудлыг тухайн үеийн төр засгаас дэмжиж улс даяар нэвтрүүлэх тог­тоол гарч,  хот хөдөөгийн олон сургуульд хэрэгжиж байлаа.  Энэ бүхнээс хүүхэд ажил хийх явцдаа өөрчлөгдөж, ухаан суудаг юм байна гэдгийг олж харсан юм. Гэвч нийгэм  өөрч­лөгдсөнөөр бо­ловс­ролын хууль өөрч­лөг­дөж хууль эрх зүйн орчин байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хө­дөл­мөрөөр хүмүүжүүлэх бо­ломжгүй болсон юм.

-Тэгээд та  нийслэлийн 93 дугаар сургуулийг  бай­гуулсан хэрэг үү. Анхны төлбөртэй дунд сур­гуу­лиудын нэг байх аа?

-Хөдөлмөр, сургалт хоёрыг хослуулсан ёс сур­тахуунлаг, хүүхэд тө­лөвшүүлэх зорилгоор 1991 онд сургуулиа бай­гуулсан. “Шинийг са­наачлагчдын сургууль” гэдэг нэрээр байгуулах гэж хөөцөлдөөд “Гоц авьяастай хүүхдийн 93 дугаар сургууль” гэж нэрлэсэн. Тэр үед  би хөдөлмөр сургалтаар эрдмийн зэрэг цол хам­гаалаад удаагүй байсан. Хөдөлмөрчин хүний хамгийн дээд хү­мүүжил бол шинийг  са­наач­лагчдыг бэлдэх ёстой гэдэг үзэл миний гол зо­рилго байлаа.  Бо­ловсролын яамны харьяа сургууль байсан учраас багш нар 25 хувийн нэ­мэгдэл ца­линтай. Төсвөөс ца­линждаг ч эцэг, эхээс төл­бөр өгөх дүрэмтэйгээр байгуулагдсан. Сургууль байгуулагдаад эхний 2-3 жилдээ хөдөлмөрийн сур­галттай байсан.   Хэсэг хугацааны дараа хууль, эрх зүйн орчин өөрч­лөгдөж  анхны зорилго зохион байгуулалт байхгүй болсон юм. Харин энэ жилээс  шинэчлэлийн Засгийн газар  манай энэ үзэл санааг дэмжин бод­лого болгон  хэрэг­жүү­лэхээр ажиллаж байгаад баяртай  байна.

-Хөдөлмөр сургалт хоёрыг  хослуулах нь тийм ч шинэлэг санаа биш байж магад. Тэгсэн хэрнээ яагаад “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бод­логын гол тулгуур болоод байгаа юм бол?

-Шинэлэг  биш гэж хэлж болохгүй. Яагаад гэхээр одоогийн манай сургалт бол олон төрлийн “Шинжлэх ухаан” нэртэй хичээл заадаг. Шинжлэх ухаан тус бүрээс их мэдлэг эзэмшүүлэх гээд түүнийгээ  ойлгуулах арга боловсруулсан нь эцсийн үр дүндээ хүүхдийн сур­галт гэдэг зүйл  мэдлэг болоод хувирчихсан. Уг нь мэдлэг нь  чадвар болж  хүнийг хөгжүүлдэг. Чад­вар болоогүй мэдлэг хүүхдийг хөгжүүлдэггүй. Тиймээс мэдлэгжүүлэх сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг чадваржуулах болгон шинэчилж байгаа юм. Амьдралд  чадвар, ухамсар хэрэгтэй. Чад­варжуулах, ухамсарлуулах арга технологи манай сургалтын хөтөлбөрт байхгүй. Арван жилийн сургууль  төгссөн хүүхдүүд дээд сургуульд орохдоо элсэлтийн ерөнхий шал­галт өгч элсдэг ч тэднийг  ухамсрын,  ажлын үнэл­гээгээр шалгаруулдаггүй.  Хэн мэдлэгтэй нь дараагийн сургуульд орох эрхээ авдаг. Өнөөгийн багш нар мэдлэгжүүлэх аргыг сайн эзэмшүүлдэг ч мэдлэгээ  чадвар болгон  хэрэгжүүлэх  аргад сур­гахгүй байна. Гэвч амьдрал дээр хэн биз­несийн ухаантай чадалтай нь сайхан амьдарч байна. Гэтэл Ерөнхий бо­ловс­ролын сургуульд биз­несийн арга ухаан,  мөнгө олох арга заадаггүй. Тиймээс сургалтын аргыг өөрчлөх цаг болсон.  Бо­ловсролын тогтолцоонд хувьсал хийхгүйгээр энд тэндэхийн улсын тур­шилтыг авчирч,  хуучин тогтолцоонд нааж шин­гээх журмаар боловсрол шинэчлэгдэхгүй. Ерөнхий боловсролын сургуульд сурдаггүй нэг ч хүүхэд байдаггүй. Тэр ч бүү хэл 10 жил сурчихаад нийгэмд гологдол болгочихвол төсвийн 20 гаруй хувийг авдаг  боловсролын бай­гууллагын  буруу болно.  

-Боловсролын сал­барын суурь шинэчлэлийг юунаас эхэлвэл илүү хялбар байх бол. Ахмад багшийн хувьд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Энэ бол их том ажил. Юуны түрүүнд  сур­гуулийн хүүхдүүдийг сур­гахын өмнө  багш нарын ухамсрыг, сурган хү­мүү­жүүлэх онол арга турш­лагыг шинэчлэх хэрэгтэй. Учир нь мэд­лэгжүүлэх арга онолын сургалтаар  хэдэн зуун багш бэлдсэн. Одоо  ч бэлдэж байгаа. Тиймээс зарчмын өөрчлөлт хийх шаардлага байна. Ямар ч  юм багаасаа эхэлдэг учраас  бага сур­гуу­лийнхаа боловсролоос ши­нэч­лэлийг эхэлье. Бага ангийн багш нарын ухам­сар, арга туршлагыг нь өөрчлөх ажлыг эхлүү­лэхээр бидэнд итгэл хү­лээлгэсэн. Бидний ши­нэчлэл багшийн ажлыг асар их хөнгөвчилж байгаа. Эзэмшсэн арга барилыг өөрчилж байгаа нь эхний үед хэцүү ч  амьдралд ойртуулах тусам амархан болдог.

-Бага ангийн багш нарт шаталсан олон сур­галт явуулж байна. Тэд “Хүүхэд нэг  бүрийг хөгжүүлэх боломжтой” гэж ярьж байсан. Өмнө нь  яагаад сургалтаа ийм арга барилаар явуулж болоогүй юм бол?

-Аргагүй шүү дээ. Тэднийг багш болгож бэлт­­­гэх үеэс эхлээд  өрнийн сурган хүмүү­жүүлэх ухаанаар сургаад бэлдчихсэн. Өрнийн сур­ган хүмүүжүүлэх ухаан  дандаа мэдлэгжүүлэхээр голлож, мэдлэгийг нэг­дүгээрт тавьдаг. Хүнд мэд­лэг чухал боловч хэрэгтэй, хэрэггүй, зөв, буруу мэдлэг гэж байдаг. Тэгэхээр амьдралд хэ­рэгтэй, хүн болгон мэдвэл зохих мэдлэгийг сургуульд эзэмшүүлж чадаггүйгээс ийм болоод байгаа юм. Хүн бүрийн мэдвэл зохих мэдлэг их байх албагүй. Харин суурь гол мэдлэг нь миний хэлээд байгаа хүн болгоныг ажилсаг, эвсэг  болгох юм. Ажилсаг болоход их мэдлэг, эвтэй болгоход их ном судар заагаад байх хэрэггүй. Багаасаа эвсэг, ажилсаг, тусархаг болоогүй учраас том болоод эвсэг гэр бүл, хамт олон болохгүй. Тиймээс  нийгмийн сайн сайхан байх үндэс нь  нийтээр ажилсаг, эв нэгдэлтэй болох явдал. “Эвт шаазгай буга барина” гэдэг чинь энгийн мөртлөө яг хэрэгжүүлэхэд бэрх­шээлтэй. Үүнийг  хэрэг­жүүлээд ирэхээр багш нар хоорондоо өрсөлддөгөө больж, бие  биедээ тусална. Хүүхэд нь дагаад биенээ дэмжээд ирэхээр багш сурагчгүй өөртөө итгэлтэй болдог. Тэгэхээр  бүх юмны нууц ажилсаг, эвсэг болгоход оршиж байгаа юм.     

-Бага ангийн хүүхдийг эвсэг болгож болох байх. Харин анхнаасаа суурийг нь тавиагүй хүүхдүүдийг яах вэ? 

-Бага ангийн хүүхдийг сургуульд орсон цагаас нь  өөрийгөө арчлах дадал хэвшилтэй болгоно. Энэ дадал хэвшлийг суулгахад  эцэг, эх гол  нөлөөтэй. Харин өөрийгөө арчлах дадал хэвшил сууж байгааг сургууль нь  үнэл­дэг болох юм. Өөрийгөө арчилна гэхээр гутал хув­цасаа зөв өмсөхөөс эхлээд олон юм орно. Дараа нь 3-4 дүгээр анги болоод ирэхээр гэр бүлийнхэндээ туслах хичээл орно. Хүүхдийн хийсэн ажлыг  үнэлгээнд оруулаад ирэхээр хүүхэд дорхноо сурдаг. Өөрийгөө арчилж сураагүй хүн хүнийг ар­чилж сурна гэж байхгүй. Ажилсаг бол­гохын цагаан толгой нь өөрийгөө арчлах юм. Аав, ээждээ тусалж сураагүй хүн өөр хүнд тусламтгай болно гэж байхгүй. Үүнийг өмнө нь   чу­хал­чилдаггүй байсан. Албан ёсоор сургуулийн үзүү­лэлтэд оруулчихаар хүүх­дүүдийн ухамсар өөрч­лөгдөж  эвсэг, тусархаг болно. Цаашлаад дээд сур­гуульд элсэхэд нь  тэр  үзүүүлэлтээр  тодор­хойлдог болгох хэрэгтэй.

- “Олон жилийн хө­дөлмөр бараг л талаар болох гэж байтал Шинэч­лэлийн Засгийн газар дэмжлэг үзүүллээ” гэж та хэллээ. Өмнө нь энэ тухай хөндөөгүй байсан гэж үү?

-Гэнэт ойлгосон юм биш л дээ. Өчигдрөөс маргааш өөр болоод явдаг юм байна.  Өмнөх амьд­ралын туршлага байж л ухаарна уу гэхээс гэнэт бэлтгэлгүйгээр сайхан ухаарал хүнд ирдэггүй. Хүн өөрөө амьдралыг биеэрээ туулж тэмцэж байж шинэ юмыг ухаарах нөхцлөө хангадаг. 40 жилийн мөрөөдөл  энэ цаг үед биелж байгаад баяртай л сууна.  

-Энэ ажлын үр дүн хэзээ гарах вэ?

-Ер нь шинэ са­наа­чилга, шинийг нэвтрүүлнэ гэдэг тухайн үеийн хууль эрхзүйн орчныг зөрчих эрсдэл ихтэй байдаг. Шинэ замаар явах гэж байгаа учраас үр дүнгийн тухай ярих болоогүй. Хамгийн гол нь бид багш нарыг сургах,  хүмүү­жүүлэх онол арга зүйг хэр чадамгай түргэн өөрчилж чадахаас  хамаарна. Одоогоор манай багийн 10-аад хүн бага сур­гуулийн сургалтыг ши­нэчлэх хөтөлбөртэй ажил­лаж байна. Гурван сур­гуулийн 80-аад багш, 3000 хүүхэдтэй ажиллаж байна. Багш нарыгаа өөрс­дийн төвшинд авчрахад  хугацаа хэрэгтэй. Багш нарыг өөрчилсөний дараа тухайн арга барилаар сурагчдыг өөрчлөх юм. Тэгж байж  багш бусдад туршлагаа түгээх сургах нөхцөл бүрдэнэ. Гурван сур­гуу­лийн багш нар 30, 300 сургууль болж өр­гөжихөд  хугацаа хэ­рэгтэй. Үүнийг л  дэмжээд өгвөл  хууль эрхзүйн орчин бий болгоход дөхөм болно. Манай боловсролын газрын дарга, мэргэ­жилтнүүд бүгд хүлээн зөвшөөрч ухаарна гэдгээс их зүйл  хамаарна. Бидний яриад байгаа юмыг  яам дэмжлээ гэхэд хууль эрх зүйн орчин, өөрчлөлтийг ганц БШУЯ хийх боломжгүй.

-Бага боловсролын шинэчлэл буюу хүүхэд бүрийг хөгжүүлэх сур­галтын бас нэг онцлог нь цаасгүй сургалт. Энэ нь багш, эцэг эхчүүдэд нэлээд таалагдаж байх шиг байна?

-Одоогийн манай Ерөнхий боловсролын сур­гуулиуд   багш нараас  дүрэм журмын дагуу конспект дүрмээс эхлээд үзүүлэн таниулах  материал гээд хүүхдэд биш өөр хүнд үзүүлдэг зүйл бэлдүүлчихдэг. Нөгөө багш нь тэрийг бэлдсээр байгаад хүүхдээ сургахад анхаарал төвлөрч өг­дөггүй. Манай 93 дугаар сургууль энэ байдлыг хал­сан. Бид  хийсэн ажлын үр дүнгээр үнэлдэг учраас цаасаар  ажлаа тайлаг­надаггүй. Үр дүнгээ бодоод хэрэгтэй ажлыг л  хийхээс олон  ажил хий­сэн гэж хүнд харагдахыг боддоггүй.  Энэ аргыг л бага боловсрол хэрэг­жүүлэхийг зорьж байна.  Үүнтэй холбогдуулж баг­шийн ажлыг үнэлэх үзүү­лэлтийг шинэч­лэгдэнэ.  Юу хийснээр бус ямар үр дүнд  хүрснийг  тодор­хойлдог болох. Мөн одоо­гийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг өөрчилье. Энэ шалгалтыг сүүлийн үед    мэдлэгийн шалгуур үзүү­лэлт болгочихсон.  Тэгвэл бид чадварыг ухамсрыг үр дүнгийн үзүүлэлт болгох шинэчлэл хийх гэж байна. Чадварыг яаж олгодог, яаж үнэлдэг, ухамсрыг яаж олгодог, яаж үнэлдэг арга манай багш нарт бараг байхгүй байна. Үүнийг боловс­руулж сургаж хэвшүүлнэ гэдэг том ажил шүү дээ.  Манай 93 дугаар сур­гуулийн бас нэг онцлог нь самбаргүй сургалт явуулдаг. Самбартай боло­хоор  наашаа хар гээд  багш л заагаад байдаг. Одоо заадаг багш биш   чиглүүлдэг, хөтөлдөг багш болох ёстой. Хүүхэд болгоны самбар  дэвтэр нь байх ёстой. Багш самбар дээр ажиллахаар хүүхэд хараад хуулаад л байхаас өөрөө хийдэггүй. Харин дэвтрийг самбар болгох юм бол багш хүүхэд нэг бүртээ тулж ажиллах нөхцөл болдог.