Ч.ҮЛ-ОЛДОХ

Монголын бурхны  шаш­ны төв, Гандантэг­чинлэн хийдийн туурийг тавилцсан зүтгэлтнүүд хийгээд түүхийн амьд нэв­тэрхий толь болсон анхдагчдаас өдрийн од мэт цөөхөн үлджээ. “Амьд­ралын тойрог”-ийн маань гол баатар Гандантэг­чинлэн хийдийн цорж лам, Эгэл баатар Г.Диваа­самбуу гуай бол тэдний нэг. Туулж өнгөрүүлсэн он жилүүдэд нь цаг үе янз бүрээр солигдож  байсан ч  тэрээр лам дээлээ тайлал­гүй явж ирсэн цорын ганц хүн юм. Тиймээс хоёргүй сэтгэлтэн, ховор хувь зо­хиолтон гэмээр.  Г.Диваа­самбуу гуайнх энэ жил Гандангийн дэнжид өнтэй сайхан өвөлжиж байна. Мөн гарч буй могой жи­лийг ихээхэн өнгөтэй уг­таж буй юм. Учир нь ха­риу нэхэлгүй тус хүргэсэн сайн үйлсийн эздийг тод­руулдаг “Эгэл баатар-2012” санал асуул­гад орол­цогчид түү­нийг “Эгэл баатар”-аар өр­гөм­жилсөн билээ.

Энэ тухайд тэрээр “Амьд явсны хэрэг бүтлээ”   хэмээн баяртай сууна. Мөн санал асуулгад нэрийг нь дэв­шүүлсэн хүмүүс, сүсэгтэн  олондоо баярлаж бай­гаагаа дуулгаж, сайн сайхныг хүсч байгаагаа уламжлав. 

 

МОГОЙ ЖИЛИЙН НОЁН НУРУУ ТӨВШИН БАЙНА

 

1960 оноос өнөө хүртэл 53 жил Ганданг хөг­жүүлэх, буян номын ажлыг дэг жаягийн дагуу явуулахад зүтгэж ирсэн түүнээс   Гандантэгчинлэн хийд анх  ямар дүр төрхтэй байсныг  сонирхвол “1960-1970 онд  хийд олон ламтай болж бурхны шавь нарын тоо нэмэгдэж байсан. Ном мэддэг хуучны хүмүүс олон байлаа. Харин сүү­лийн үед цагийн аясаар буурлууд  маань насан өөд болж, ер нь миний үеийн  хууччуул цөөрч байна. Ахмадууд гэвэл далан хэдэн оны үед Гандан­тэнгчинлэн хийдэд орсон нас сүүдэр 99 хүрч байгаа өвгөн ламтан манай урдхан талд бий. Сонсгол муу, хараа нэлээд муудсан дуулдана.  Миний үеийнх­нээс 1977 оны үед лам байсан, сүүлд эмийн үйлд­вэрийн даргаар ажил­лаж байсан Лувсаннамжил гэдэг хүн уншлагад сууж байгаа. Энэ жил нас сүүдэр  85 хүрсэн. 90 хүрч байгаа Гончиг гэж лам бие  нь барагтай  хэвтэрт орсон. Нас сүүдэр   80 хол гарсан өндөр нас­тнууд бараг үлд­сэнгүйдээ, бид хэдээс өөр алга. Харин 70 гаруй на­салсан  өвгөн лам хэд бий” хэмээн ярьж байна.

 Цагаан сар дөхсөн учраас Гандангийн өндөр  дэнж хүн зоны хөл ихтэй байгааг сонирхвол   Ган­дантэгчилэн  хийд  өвлийн  сүүл сарын 1-нээс эхлэн балингаа хийж эхэлсэн, хуучин тооллоор 20-нд дууссаныг өвгөн ламтан дуулгав.  Ургаж буй жилийн  тухайд ерөнхий  ноён нуруу  нь тэгш сайхан байна хэмээн хууччуул үзэж байгаа гэнэ. Цорж ламтан ч ийм бодолтой сууна. Битүүнээс   эхлээд лам нар ном хурах учраас ажил ихтэй болдог. Хурал номын ажлыг  цорж лам­тан зохион байгуулдаг учраас жилийн жилд завгүй байдаг. Харин энэ жилээс хөл нь өвдөх бол­сон тул хааяа хүнээр тү­шүүлж хуралд очдог бол­сон гэнэ. Жилийн жилд битүүний өдрөөс эхлэн Гандангийн  хурал номын ажил ундардаг тул бие гайгүй бол очно хэмээн ярилаа. 

 

СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧЭЭС ГАДНА БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ 

 

Хүн ардыг соён гэгээ­рүүлэхэд оруулсан түүний  хувь нэмрийг олон нийт сайн мэддэг. Тэгвэл  бү­тээн байгуулалтын ажилд  ханцуй шамлан зүтгэсэн он жилүүд түүнд цөөнгүй. Гандантэгчинлэн  хий­дийг  мөргөлийн дугантай болгоход гардан зохион байгуулж,   шашны дээд сургуулийг үүсгэн бай­гуулахад гар бие оролцож, 1970 оноос хойш тус сургуулийн хичээлийн   болон  лам нарын  байрыг  удирдаж бариулсан, 1960 онд бүх аймгийн сүм хийдэд очиж газар дээр нь танилцаж сүм хийдтэй болох их ажлыг эхлүүлсэн гээд дурьдвал урт жагсаалт хөвөрнө.

Хариуцлагатай, найд­вартай гээд олон шал­гуураар түүнийг дээрх ажлуудад тохоон томилж байсан нь ч харагддаг. Тухайлбал,  1961 онд Эрдэнэзуу хийдийн 108 суварга, лаврин дуганыг засахад Гандантэгчинлэн хийдээс 300 орчим мянган төгрөг гарган засварын ажлыг эхлүүлэхэд түүнийг  нярваар тохоон томилсон байдаг. Мөн Эрдэнэ­зуу хийдийн орой дахь нацагдорж оройт ган­жирыг алтдах ажлыг бие даан хийж  гүй­цэтгэжээ.

Мөн  Буддын шашны таван  гол урсгалын  нэг улааны шашныг уламж­лалыг таслалгүй сэргээн авч ирсэн хүн бол Г.Диваа­самбуу юм.  Өдгөө Гандантэгчинлэн хийд дэх улааны урсгалын ганц хийдийг бүхий л дэг жаягийнх нь дагуу сэргээн босгож, төрхөнд нь оруул­сан хүн бол мөн л тэр. Зүүн хүрээ дацанг сэргээн бос­голцож, “Мамба дацан”-гийн хурлын зо­хион бай­гуу­лалт, бүхий л дэг жаягийг бий болгосон, 750 гаруй жилийн түүхтэй Гарма Гаржүд Үржин­пэрэнлайлин хийдийн ном судрыг таслалгүй авчир­сан. Мөн хийдийг нь дэг жаягаар нь бүтээн бос­госон, Сүхбаатар аймгийн төв дэх Эрдэнэ Мандалын хийдийг сэргээн босгоход хувь нэмрээ оруулсан гээд олон ажилд түүний нэр байнга дурьдагддаг билээ.

Хийдийн нярваас өг­сүүлээд   цорж лам  хүртэл ийнхүү  буян номын ажилд зүтгэхдээ тэрээр Гандан­тэгчинлэн хийдийн бүхий л ажлыг ийнхүү  ну­га­лал­цаж иржээ. Тэр дотроо хийдийн төсөв сан­хүүтэй холбоотой асуудал, нэг, хоёрдугаар гарын үсэг зөвхөн түүний гараар дамждаг байснаас үзэхэд шударга, хичээнгүй  байсны илрэл. Ашиг хонжоо харсан  шунахай нэгэн байсан бол түүнд  яахан энэхүү  итгэл, хүндлэлийг  үзүүлэх билээ.

“ГАНДАНТЭГЧИНЛЭН”-ИЙН ГАДААД ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАГЧ

 

Тэрээр 1994-1996 онд Мэгжид Жанрайсиг  бурхныг шүншиглэх ажлыг зохион байгуулжээ. Нэг зүйлийг онцлоход  1937 оноос хойш монголд төвд хэлээр ном бүтээсэн хүн байхгүй. Тэгвэл Мэгжид Жанрайсиг бурхны шүн­шигт юу орсныг төвдөөр бичсэн ганц хүн нь Г.Диваа­самбуу ламтан юм. Мөн Далай лам болон  Гармаба урсгалын нэрт зүтгэлтэн Гарма Гар­жүдийн солдивыг  бичжээ. Баргийн хүн төгс сурахад хэцүү төвд хэлийг нэв­тэрхий судалж, гаргуун  эзэмшсэн  түүний эрдэм чадлыг   тухайн үед Далай лам онцолсон байдаг. 1979 онд Далай лам Монголд анх удаа заларсан цагаас эхлэн бүхий л үед энэ ажилд санаа тавьж, гадаад харилцааг зохицуулж, га­даадын зочид төлөө­лөгчдийг урих, Монголд зочлох ажлыг зохион бай­гуулах ачааг цорж ламтан  үүрч ирсэн байна. Мөн Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах үйлсэд зүтгэж, Азийн буд­дистуудын Энх­тайванчдын их хуралд хэд хэдэн удаа  төлөөлөгчөөр оролцож  тэргүүлэгч ги­шүүнээр сонгогдон ажил­лаж ирсэн гавьяатай нэгэн. Ганц жи­шээг  дурь­дахад Бээжинд болсон буддистуудын их хуралд төлөөлөгчөөр орол­цож,  “Итгэл” гэдэг номыг дөр­вөн хэлээр   уншиж, дэлхий дахиныг гайхш­руулж байсныг олон хүн мэдэх биз ээ. Бурхны номд нэвтэрсэн  цорж ламтан өдгөө хүний хойтохыг дааж, бодийг хөтлөгч  номыг гайхам­шигтай сур­сан. Түүнээс өөр төгс сур­сан хүн үгүй гэлцдэг. Хэ­дий­гээр Гүр Даваа Ренбүүчи ламтан Монголд ирсэн ч  цорж ламтан түүний зэрэгцээ тэрхүү номыг авч ажлыг нь хөн­гөвчилж ирснийг шашин зүтгэлтнүүд ярьж байна.

 

НОМ УНШААД ЗОГСОХГҮЙ  БҮТЭЭЖ ТУУРВИНА

 

Бусдыг энэрэх буян номын ажилд   өөрийгөө зориулан шамдсан тэрээр найман өнчин хүүхдийн эцэг. 1960 онд ханиа өөд болсноос хойш хүүхдүүдээ  хүний гар харуулалгүй өсгөж өндийлгөсөн нэгэн. Хөвгүүдээсээ том хүү Д.Тайван­­сайнхандаа  бурхны ном заасан анхны багш нь юм. Өдгөө тэрээр аавынхаа ажил үйлсийг залгамжлан  Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдийн тэргүүнээр ажил­лаж, улааны урсгалыг Монголд хөгжүүлж  явна.

Гандантэгчинлэн хийдийн хурал, бясал­галуудыг дааж, голлон зохион байгуулж, хурал номын ажлыг хооронд нь зангидах ажлыг зохи­цуулдаг  хүн бол цорж ламтан гэдгийг түрүүнд өгүүлсэн.   Тэгвэл  хурал уншлагыг хүмүүс өөр өөрийн өнцгөөс янз бүрээр хардаг. Үнэндээ бол олон түмний амьдралыг амар­жуулах, амгалан тайван байлгах, амьдрал ахуйг нь өөдрөг, бие эрүүл, ухаан саруул байлгах үүднээс сайн сайхны төлөө хурал номын ажил зориулагддаг хэмээн Г.Диваасамбуу ламтан  өгүүлж байна.  Нөгөө талаар буян номын ажил монголчуудын уламжлал, ёс заншлыг шингээснээрээ онцлог, үр өгөөжтэй, ач холбогдолтой гэнэ. Хүн ард, хүүхэд залуустаа энэ талаас нь тайлбарлан таниулах нь тэдний үүрэг аж. Бурхан, номын ажил гэж юу болох, юунд зориулагддаг хийгээд, ёс заншлын олон талт зориулалтыг өөрийн биеэр мэдэрсэн, бурхны шашин хэрхэн дэлгэрсэн болон Гандантэгчинлэн хийд үүссэнийг мэдэх  түүхийн амьд “Нэвтэрхий толь”-ийн  хувьд цорж ламтан арав гаруй ном бүтээсэн нь уншигчдын гар дээр бүгд очжээ. Шашин түүх, соёл, ёс уламжлалаа хадгалж хам­гаалах, түгээн дэлгэрүүлэх бүхий л ажилд Г.Диваа­самбуу ламтан ийнхүү зүтгэж, бүтээж яваа  соён гэгээрүүлэгч, бүтээн байгуулагч Энэ цагийн эгэл баатар юм.