Д.БОЛОРМАА

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хардлага, хэл амны “бай” болсон Оюутолгойн гэрээний тухай нээлттэй хэлэлцлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэрээний хувь нийлүүлэгчийн хурал болох гэж буйтай холбогдуулан УИХ-д мэдээлэл хийлээ. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцов. Хуралдааныг тоймлон хүргэе.

 Н.Алтанхуяг: 

-Оюутолгой компа­нийн хувь нийлүүлэгч­дийн хурал энэ сарын 6-нд болохтой холбогдуулан мэдээлэл хийж байна. Ер нь Оюутолгой компанийн үйл ажиллагаатай хол­богдуулан сүүлийн үед гарч буй мэдээллүүдийн талаар нэгдсэн ойлголттой болох нь төрийн бодлого зөв чиглэхэд чухал үүрэг­тэй.  Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд Оюу­толгой төслийн барилга, бүтээн байгуулалт эр­чим­тэй өрнөж байгаа хэдий ч эргэж харах, ярилцаж ойл­­­­голцох хэд хэдэн асуу­дал бий. Шийдвэрлэх шаард­­лагатай ху­римт­лагд­сан асуудлуудын нэн тэр­гүүнд “Рио тинто” ком­пани хөрөнгө оруу­лалтын зард­лаа өсгөсөн явдал.

УИХ-аар батлуулсан гэ­рээнд анхны хөрөнгө оруу­лалт 5.1 тэрбум ам.дол­лар хэмээн заасан байтал Оюу­толгойн хө­рөнгө оруу­лагчид энэ хөрөнгийг 7.1 тэрбум ам.доллар болгон 40 орчим хувиар өсгөсөн. Төсөлд оруулж буй хөрөнгө оруу­лалтын нийт зардал өсө­хөөр манай талд ирэх өгөөж, ногдол ашиг буур­на. Иймээс Засгийн газ­рын зүгээс хөрөнгө оруу­лалтыг хоёр тэрбум ам.доллараар нэмэг­дүүл­сэн шалтгаанаа тайл­бар­лахыг шаардах ёстой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацааны хөрөнгө оруу­лалтаа тодорхой мэдээлж байж цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө батлуулах шаардлага тавь­сан. Түүнчлэн, төслийн хөрөнгө оруулалт далд уурхай ажиллаж эхлэхэд нийлбэр дүнгээрээ 14.6 тэрбум ам.доллар байхаар Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ч энэ дүн одоо 24.4 тэрбум ам.долларт хүрэхээр 68 хувиар өсгөсөн тооцоо гаргажээ. УИХ-аар бат­луулсан хөрөнгө оруулал­тын дүнг нэмэн өөрчилж байгаа шалтгааны талаар Зас­гийн газар хөрөнгө оруу­лагчдаас тайлбар хүсье.

Ц.Даваасүрэн:

-Засгийн газар одоо л монголчуудынхаа төлөө дуугарч байгаад талархаж байна. Бидний хэдэн нөхөд Оюутолгойн гэрээг хөндөж тавьж байсан нь хий хоосон зүйл биш болох нь одоо батлагдаж байх шиг. Энэ гэрээг засах ёстой. Өнөөдөр гэхэд “Оюу­толгой” компани өнгөрсөн нэгдүгээр сарын татварыг төлөхгүй гэж мэдэгдсэн байна. Яагаад гэвэл урьдчилгаа татвар төлчихсөн гэж. Гэтэл тэр урьдчилгаа байдлаар өгсөн мөнгө нь татвартайгаа орж ирээгүй. Татвар бол татвар л байх ёстой. Дээрээс нь олсон бүх орлогоо гадаадад зарцуулна гээд байгаа. Засгийн газрын зүгээс дотоодод зарцуулах ша­халт тавих гэж байгаа нь маш зөв.

 

Н.БАГАБАНДИ НАРЫГ ЭРГҮҮЛЭН ТАТЪЯ

Д.Эрдэнэбат:

-Өнөөдөр Монголын хэдэн лиценз гадны хү­мүүсийн гарт байна. Монголчуудын нэр дээр байгааг нотолсон баримт бичиг байна уу. Оюу­тол­гойн гэрээнд ажилчдын нийгмийн асуудлыг ший­дэх орон сууц барих төсөл байсан уу, үгүй юу. Гадаа­дын хөрөнгө оруулалттай олон жилийн монополь байдлыг төр хязгаарлах үүрэгтэй. Үүнд Ерөн­хий­лөгч оролцоосой гэж хүсье. Өнөөдөр монголчууд эх орондоо эзэн болж чадах­гүй байна. Улсаа төлөөл­дөггүй, төрд ажилладаггүй ТУЗ-ийн гишүүд болох Н.Багабанди, н.Ганбат нарыг татах ёстой.

Н.Алтанхуяг:

-Тэр олгосон лицен­зийнх нь тоог мэдэхгүй юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Зөвхөн хайгуулын тус­­гай зөвшөөрөл гэхэд 245 байгаа нь нийт тал­байн 13.4 хувийг, харин ашиглалтын тусгай зөв­шөөрөл нийт талбайн 0.4 хувийг эзэлнэ.  Нийт лин­цензийн 157 нь хам­тарсан хөрөнгө оруу­лалттай аж ахуйн нэгжийн, 314 нь гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн мэдэлд байдаг гэсэн тоо баримт бий. Ашигт малтмалын хай­гуулын лицензийг түр хо­риглосноос хойш ли­цензийн асуудал нэлээд цэгцэрч эхэлж байгаа. Харин орон сууцны  тухайд улс авсан татвараасаа нийг­мийн асуудлыг шийдэх үү, эсвэл компани татвараа төлөөд өөрсдөө үүнийг хийх үү гэдгийг цаашид тодорхой болгоно.

С.Бямбацогт:

-Оюутолгойн гэрээ хэ­лэлцэх ёстой гол сэдэв. Оюутолгойн гэрээг бай­гуулсан  нь сайн болсон. Гэхдээ зөв, бурууг засч сайжруулах нь зүй ёсны асуудал. Хөрөнгө оруулалт өссөн нь бодит тооцоо баримттай тохирохгүй бай­­­на. Гаднаас өндөр үнээр оруулж ирсэн тех­ник, тоног төхөөрөмж, бараа материалаас бид баялгаа үнэгүй өгчихөөд байгаа юм биш үү.

Н.Алтанхуяг:

-Том ажлын эхлэлийг тавьсан нь үнэн. Гэхдээ дутуу дулимаг, алдаа ма­дагтай зүйлийг нь сайж­руулах ёстой. Засгийн газар хувь нийлүүлэгч­дийн энэ удаагийн хурлаар хөрөнгө оруулалтын бодит баримтыг тодорхой болгох, үнэлгээг бодитой тооцох, хот суурин байгуулах зэрэг асуудлыг ярих ёстой гэсэн байр суурьтай байгаа.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Хувь нийлүүлэгчдийн хуралд Засгийн газрыг төлөөлж оролцох Уул уурхайн сайд Д.Ганхуягт хэлэх үг байна.  “Нью-Йорк таймс” сонинд  “Рио Тинто” компани томоохон хохирол амссанаас болж зарим захирлаа огцруул­сан тухай мэдээлсэн бай­на. Учир нь тус компани Канад, Мозамбик дахь хоёр компаниасаа хасалт хийсэн гэнэ. Гэтэл Монголд болохоор хөрөнгө оруулалтын зардал өссөн гэж яриад байдаг. Энэ нь алдагдлаа Монголоос нө­хөх гэсэн бодлого юм биш үү. Үүнийг сайн анхаа­раарай.

 

“ОЮУТОЛГОЙ”-Д АУДИТ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

“Эрдэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг:

-“Оюутолгой”  ком­панийн 2012 оны төсвийг ТУЗ-ийн хурлаар тодорхой нөхцөлтэйгээр баталсан. Хөрөнгө оруу­лалтад хөнд­лөнгийн дүг­нэлт гаргуулна гэж тохирс­ны дагуу зөв­хөн 2011 оны санхүүгийн тайлантай хол­богдуулан гадаад, до­тоодын хоёр аудитын бай­гууллагаар шалгалт хийл­гэхэд нэг тэрбум 50 сая ам.дол­лараар хэтрүүлсэн байна гэсэн дүгнэлт гар­гасан.  Өнгөрсөн оны хө­рөнгө оруулалтын зардалд зайлшгүй аудит хийлгэх шаардлагатай.

Д.Лүндээжанцан:

-Улстөржихгүйгээр ин­гэж нүүр нүүрээ харж суугаад олон нийтийн өм­нө нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж ярилцаж байгаа нь талархууштай. Оюу­толгой төслийн хөрөнгө оруулалтын зардлын үн­дэслэлийг бодитой дүг­нэж, цахилгаан станц, том суурин бий болгох замаар гэр бүлийг тогтвортой ажил­луулах боломж байна уу. Монгол компаниуд ажил үйлчилгээ гүйцэтгэх оролцоог нэмэгдүүлэх та­лаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм бэ.

Н.Алтанхуяг:

-Тэнд ажиллаж байгаа гэр бүл тогтвор суурь­шил­тай ажиллах боломжгүй байгаа нь үнэн. Суурьш­мал байдал бий болгох талаар эргэлзэх зүйлгүй­гээр тууштай ажиллаж, “Рио Тинто” компанитай ярилцаж шийднэ.

 

ГАДААД, МОНГОЛ АЖИЛЧДЫН ЦАЛИН ЗӨРҮҮТЭЙ НЬ ҮНЭН

Д.Хаянхярваа:

-Оюутолгойд ажиллаж байгаа гадаад, монгол ажилчдын цалин маш их зөрүүтэй байдаг гэх юм. Энэ талаар Хөдөлмөрийн сайд хариулт өгөөч?

Я.Санжмятав:

-Манай яамнаас хий­сэн судалгаагаар гадаад, монгол ажилчдын цалин зөрүүтэй гэж гарсан. Гадаад ажилчид нь илүү цалин авдаг юм билээ.

З.Энхболд:

-Хуулиараа зөрүүтэй байж болохгүй. Адилхан цалин авах ёстой биз дээ?

Я.Санжмятав:

-Тийм ээ. Адилхан ца­лин авах ёстой гэв. Ийн­хүү гишүүд асуулт тавьж, санал хэлсний дараа Ерөнхийлөгч байр сууриа ийн илэрхийлсэн юм.

 

Д.Ганхуяг: 34 ХУВЬДАА ХҮҮ ТӨЛӨХ НЬ ШУДАРГА БУС

Ц.Элбэг­дорж:

-Нэмэлт хөрөнгө бол­гон яг хэдэн тэрбум доллар босгох гээд байгаа юм бэ.

 Ц.Сэдванчиг:

-6,6 орчим тэрбум доллар. Нэмэгдээд байгаа нь хоёр тэрбум гаруй.

Ц.Элбэгдорж:

-Түүний дөрвөн тэр­бум гаруйг нь “Рио Тинто” авна гэсэн байна. Энэ  юу гэсэн үг вэ. “Рио Тинто” оруулсан хөрөнгөө нэмэлт хөрөнгө босголоо гэж ав­чихаад Монголын 34 хувьд ногдох хөрөнгөд хүү бо­дуулаад сууж байх юм уу?

Ц.Сэдванчиг:

-Одоо босгох гэж буй дөрвөн тэрбум дээр яриад байгаа юм байна. Зургаан тэрбум гаруй доллар бос­гоод өнөөг хүртэл оруулсан дөрвөн тэрбум доллараа буцаагаад авна гэж бай­гаа.

Д.Ганхуяг: 

-34 хувьдаа хүү төлөх нь шударга бус. Гэхдээ надтай уулзахдаа буцааж хөрөнгө оруулсан мөнгөө авах тухай яриагүй. Давос явсан хойгуур л тийм зүйл ярьсан гээд байгаа. Ингэ­вэл мөнгө угаагаад аваад явсантай адил болно шүү дээ.

Н.Батбаяр:

-Саяхан ажлын хэс­гүүд уулзсан юм. Тэгээд өгсөн зүйлд “Банкаар зур­гаан тэрбум доллар босгоё. Дөрвийг нь Рио Тинто буцааж авна” гэж бичсэн байна. Үлдсэн хоёр тэрбум долларыг хөрөнгө оруу­лалтад ашиглана. Нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэр 7.1 тэрбум хэрэгтэй. Түүнээсээ хоёр тэрбумыг хасаад цаана нь дахиад 5.1 тэрбум доллар хэрэгтэй гэж бас бичээд албан ёсоор өгчээ.

Ц.Элбэгдорж:

-Зардал өссөн гээд бай­гаа. Дөрвөн тэрбум 425 сая долларыг анхны хө­рөнгө оруулалт гэсэн бай­на. 2012 оны гүйцэтгэлээр зургаан тэрбум 467 сая доллар болж, 47 хувиар өссөн гэжээ. Энэ ху­га­цаанд үйлдвэрийн удирд­лага менежментийн төлбөр гээд гурван хувиа авсан байгаа. Анхны ТЭЗҮ-д заасан хөрөнгийг 47 хувиар өсгөж үргүй зардал гаргачихаад удирд­лагын­хаа шагнал, зардлыг аваад сууж байна. Энэ нь Монголын талд зардал болж ирж байгаа биз дээ.

Д.Ганхуяг:

-Энэ талаар гэрээнд тусгасан зүйл байхгүй. Менежментийн төлбө­рийг өмнө нь “Айвенхоу Майнз” компани зар­цуулж байсан, Одоо “Оюу­толгой” компани авч зар­цуулах юм. Ямар ком­панид шил­жүүлэх юм бэ, гэ­рээгээ аваад ирээч гэсэн боловч өнөөг хүртэл үзүү­лээгүй байна.

Ц.Элбэгдорж:

-Би тодорхой зүйл асуугаад байна.  Монголын талд ногдох 34 хувьд дарамт болох уу?

Д.Ганхуяг: 

-Дарамт болохгүй.

Ц.Элбэгдорж:

-Хоёр дахь асуудал нь бид хугацааны талаар их ярилцдаг байсан, харин сая хөндөгдсөнгүй. Мон­голын талын 34 хувь нь энгийн хувьцаа гэж ойл­гож байна. Зээл төлж дуусаагүй бай­хад энгийн хувьцаанд ног­дол ашиг хуваарилахгүй гэсэн ойл­голт байдаг. Тэгэхээр ма­найх 34 хувийн зээлээ хүүтэй нь төлөх юм бол 2019 онд дуусахаар байсан. Гэтэл нэмэлтээр дахиад долоо, 14, 24 тэр­бум гээд авах юм бол нөгөө зээлээ төлөөд ног­дол ашиг хуваах хугацаа нь 2019 биш 2033 он болж хойшилно гэж ойлгож байна. Энэ үнэн үү. Мон­голын талд ирэх ногдол ашиг тэр нэмэлт зээлийн төлбөртэй хэрхэн уялдаж байна вэ?

Д.Ганхуяг:

-Энэхүү төсвийн нэ­мэлт хөрөнгө оруулалт нь 14.4 тэрбум доллар байгаа тохиолдолд 2019 оноос ногдол ашгаа авах ёстой. Одоо хөрөнгө оруулагч талын хувьд энэ тоо 24.4 тэрбум доллар болж өөрч­лөгдсөн учир багаар бо­доход долоон жилээр хойш­лох юм. Ингэснээр 2033 он болж хойшлогдсон гэсэн үг.

Ц.Элбэгдорж:

-Анхны хөрөнгө оруу­лалт хэзээ дуусах вэ. Хөрөнгө оруулагчийн со­нинд өгсөн ярилцлагыг харж байхад анхны баяж­мал гарснаар дуусах юм шиг. Өнгөрсөн арванхоёр­дугаар сард тууз хай­чилсан шүү дээ. Энэ арга хэмжээгээр дуусгавар болж буй гэсэн үг үү? 

Д.Ганхуяг:

-Баяжмалын үйлдвэр баригдсанаар анхны хөрөнгө оруулалт дууссан байх ёстой. Баяжмалын үйлдвэрийн барилгын ажил дуусаад  туршилтын ажиллагаа явуулж байна.

Ц.Сэдванчиг:

-Арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар гаргасан тооцоогоор бол хувьцааны санхүүжилт хоёр тэрбум. Хүү нь 705 сая доллар болсон.

 

ОЮУТОЛГОЙ ХИЛИЙН ЦААНА БАЙГУУЛАМЖ БАРЬЖЭЭ

Ц.Элбэгдорж:

-Хилийн цаана Оюу­толгой юу барьсан юм бэ.

Ц.Сэдванчиг:

-Яг хилийн цаана ямар хөрөнгө оруулалт хийгээд юу барьсныг газар дээр нь очиж үзэхээр ажлын хэс­гээс хүмүүс явсан. Өнөө, маргаашгүй ирнэ. Тэр үед нь энэ асуудлыг ТУЗ-өөр ярина. Ер нь авсан  мэ­дээллээр бол баяжмалаа түр хадгалах агуулах тэнд барьсан гэсэн.

Ийнхүү хэлэлцсэний эцэст нь Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж “Оюу­тол­гойн гэрээ тойрсон асуудал өмнө нь хэсэг хүний санаа зовсон асуудал байсан бол одоо Монгол төр гартаа оруулж авч байгаа нь чухал юм. Юуны өмнө Монгол Улс одоо Оюутолгойд хууль ёсны байр сууриа эзлэх ёстой. Оюутолгой бол бүтээн байгуулалт, төсөл хэрэгжүүлэгчид бол манай түншүүд. Бид гэ­рээ­ний  хэрэгжилтийг хя­нана, гүйцэтгэлийг хан­гуулна. Бид хөгжил дэв­шил, бүтээн байгуулалтыг говьдоо үлдээмээр байна. Оюутолгой хуулийг яаж хэрэгжүүлдэг, яаж ил тод, хариуцлагатай ажилладаг соёлыг Монголд үлдээх ёстой. Ер нь Оюутолгой компаниас ирж байгаа шиг чамлалттай байна. Оюутолгой ком­панийнхан Монголыг цөмлөөд гарна гэвэл уучлаарай” гэв.