Б.ТУУЛ

Төв аймгийн Лүн сумын дунд сургууль өдгөө 90 жилийнхээ түүхэн ойтой  золгож байна.  Буурал түүхтэй энэ сургууль өнгөрсөн жил нутаг уснаасаа төрөн гарсан их хүмүүн, монголчууд бидний дунд Да лам хэмээн алдаршсан Гомбын Цэрэнчимэдийн   нэр төр, алдар гавъяаг дурсан хүндэтгэж нэрэмжит сургууль нь болжээ. Тус сургуулийн захирал С.Наранцогтой уулзаж, боловсролын салбарт хийж байгаа өөрчлөлт, шинэчлэлтийн талаар ярилцлаа.

-Юуны өмнө танд  багш нарын баярын мэнд хүргэе. Төгссөн сургуу­лиа­раа орж ирсэн чинь хүүхэд насны дурсамж сэргээд сайхан санагдаж байна?

-Баярлалаа. Би ч бас ярилцлагынхаа эхэнд багш, сурган хүмүүжүүлэг­чид болон боловсролын салбарын нийт ажилта­нууддаа  Монголын багш нарын баярын 47 дахь өдрийн мэндийг хүргэе. Багш нарын баяр бол  өнгөр­сөн жил хийсэн бүтээснээ тайлагнаж, ирэх жилийн­хээ ажил үйлсийг төлөвлө­дөг баяр. Монголын багш нарын хувьд энэ өдөр маш их баяр, бахархлын өдөр байдаг. Тиймээс Мон­голын үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт  бүхий л  эрдэм мэдлэгээ харамгүй зо­риул­сан ахмад үеийн­хэн­ болон  боловсролын салбарт хамтран ажил­лаж байгаа хамт олондоо чин сэтгэлийн халуун мэнд­чилгээг өргөн дэвшүүлье!

-Лүнгийн сургууль энэ жил 90 жилийнхээ ойтой золгож байгаа гэж дуул­сан. Ойгоо угтсан ажил хэр амжиж байна даа?

-Тийм ээ. Манай сур­гууль Богдхан аймгийн яамны бага сургууль нэр­тэй 1923 онд нэг багштай, 25 хүүхэдтэй байгуулаг­даж байсан түүхтэй, айм­гийн анхны сургууль юм. Энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ой угтсан бэлтгэл аж­лууд төлөвлө­гөөний дагуу явагдаж байна. Энэ хуга­цаанд сургал­тын агуул­га, хөтөлбөр, төлөв­лөгөө, арга зүй, сургал­тын орчинг шинэчилж, өөр­чилөх гээд олон ажил хийгдсэн. Мөн сур­гуулийн орчин, мате­риал­лаг нөхцөл бололцоог дээшлүүлэх талаар нэлээд ажлыг хийж, хэрэгжүүл­лээ. Тухайлбал, бид  су­руулийнхаа орчин, сургал­тын нөхцлийг сайжруу­лахаар БШУЯ-наас 34 сая төгрөгийн хөрөнгө  оруу­лалт хийсэн. Энэ улсын төсвийн хөрөнгө оруулал­таар бид багшийн хөгж­лийн тан­химаа тохи­жуулж, сур­гууль­даа иж бүрэн дарал­тат хөгжим, үндэсний бөхийн сургал­тын иж бүрдэл, электрон самбар зэргийг авч багш сурагч­дын­хаа ажиллах, сурах орчин нөхцлийг сайж­руул­сан. Мөн техно­логийн кабинет байгуул­сан, су­рагч­дынхаа ширээ санд­лыг сольсон гээд  дурьдвал их олон ажил байна.

-Хэдийгээр сурагчдын амралт эхэлсэн ч багш нар нь өнөөх л завгүй хэвээ­рээ, ой угтсан ажил их байгаа нь анзаарагдаж байна. Буурал түүхтэй энэ сургууль 90 жилийн­хээ ойн босгон дээр Да лам Г.Цэрэнчимэдийн нэ­рэм­жит болсон гэсэн үү?

-Тэгсэн, манай сур­гууль 2012-2013 оны хи­чээлийн шинэ жилийн нээл­тийн үеэр  Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Тэргүүн сайд Да лам Гомбын Цэрэнчимэдийн нэрэм­жит болсон.  Хичээлийн шинэ жилийн нээл­тэд маань гавьяат багш Д.Сэ­рээтэр, Ардын жүжигчин Г.Мягмар­наран, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Бавуугийн Лхаг­васүрэн гээд энэ сур­гуулийн маань анхны төг­сөгчид, ахмад үеийнхэн хүрэлцэн ирсэн. Мөн “Да лам Г.Цэрэн­чимэд сан”-гийнхан, тэд­ний ураг төрлийн хүмүүс ирж нээлтэд оролцсон. 

-Төв аймгаас олон сайхан алдартнууд төрөн гарсан байдаг. Тэдний зарим нь энэ сум, энэ сургуультай хувь заяагаа холбосон байдаг. Тэр ут­гаа­раа олон сайхан авьяаст­нуудын өлгий гэж хэлж болно. Одоо ч энэ сургуульд урлаг, спортод авьяастай олон хүүхэд суралцдаг. Тийм болохоор та ойдоо барьж буй бэлгийн богцоо задал­вал ямар вэ. Ойгоо угтаад урлагийн тоглолт зэхэж байгаа гэж дуулсан?

-Манай сургуульд урлагийн аль нэг төрлөөр олон жил тасралтгүй хи­чээл­лэж өөрийгөө хөг­жүүл­сэн сурагчид олон бий. Мөн үндэсний болоод чөлөөт бөхийн спортоор амжилт гаргасан сурагчид ч бас бий. Тийм болохоор ойгоо угтаад хүүхдүүдтэй­гээ хамтраад урлагийн тоглолт, концерт  бэлддэг юм уу гэсэн бодолтой суугаа юм. Түүнийг хэлж байгаа байх.

-Салбар бүрийн сайд, дарга нар солигдоод энд тэнд ид ажил өрнөж байна. Үүнийг зарим нь “Зас­гийн газрын шинэчлэл”  хэмээн нэрлэж байх шиг байна. Боловсролын сал­барт хот, хөдөөгийн багш нарыг сургалтад хамруу­лах, багш, сурагч хоёрыг зэрэг хөг­жүү­лэх бодлого яваг­даж байна. Харин танай сургууль энэ тал дээр хэр анхаарч ажиллаж  байна вэ?

-Орон нутгийн болон төвлөрсөн сургалтад манай багш нар тогтмол суудаг. Одоогоор манай багш нарын ихэнх нь мэр­гэжил дээшлүүлэх сургал­тад хамрагдаад байна. Мөн сургууль дээрээ багш нарын боловсрол, мэргэж­лийг дээшлүүлэхээр 10 гаруй сургалт зохион бай­гуулсан. Саяхан бүсийн сургалтыг сургууль дээрээ зохиосон. Үүнд долоон сумын 100 гаруй багш оролцсон. Мөн “Амжилт­тай боловсрол” ТББ-тай хамтарч сургалт зохион байгуулсан. Багш нарын­хаа дунд боловсролын шинэч­лэлийн талаар турш­­лага, санал солилцох ажлыг хийж байна. Мөн сур­гуульд дээр багш нарын ур чадварын урал­даан зар­лаж, тэргүүлсэн багш нарын заах аргыг бусад­тай­гаа хуваалцаж байна. Ер нь бол жил бүр заах аргын ур чадварын уралдаан зарла­даг. Өмнө нь энэ урал­даанаар багшийн заах арга зүйг  анхаардаг бай­сан бол одоо боловсролын шинэч­лэл­тэй холбоотой­гоор хүүх­дийн хандлагыг чухалчил­даг болсон. Хүү­хэд юунд анхаарч байна. Юуг сонирхож байна. Ямар хичээлд амжилттай оролцож байна гэх зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа.

-Хөдөөгийн зарим сумдад багшлах  боловсон хүчин дутмаг байдаг. Та­най сум хотоос холгүйхэн, тэгээд ч зам дагуу байрла­даг болохоор харьцангуй гайгүй байдаг байх?

-Манай сур­гуульд багшлах боловсон хүчин хүрэлцээтэй бий. Одоо­гоор 100 гаруй мэргэжлийн багш байна. Нийт багш нарын 50 гаруй хувь нь тэргүүлэх заах аргын зэрэгтэй.

-Танай сургуульд одоо хэчнээн хүүхэд суралцдаг вэ. Мал аж ахуй, газар тариалан хосолж хөгжсөн газар болохоор сумын төвийн хүүхдүүд, хөдөө­гийн хүүхдүүд холи­мог байдаг байх. Ер нь сурагч­дын дотуур байрны хүрэл­цээ хангамж хэр байна?

-Манайх одоо 300 гаруй сурагчтай. Орон нутгийн сургуульд зайлш­гүй хэрэгтэй зүйлийн нэг бол  малчдын хүүхдүүд байрлах дотуур байр байдаг. Манай сургуулийн дотуур байр 75 хүүхдийн хүчин чадалтайгаар анх баригдсан. Одоо нэлээд олон жил болж байна. Дотуур байранд маань малчдын 70 гаруй хүүхэд байрладаг.

-Аль ч байгуул­лагад ороход  төсөв мөнгө хүрэл­цэхгүй байна гэсэн гомдол гарч байдаг. Хэдийгээр бүх боломжоо дайчлаад ажил­лаж байгаа ч энэ асуудлыг бас ярихгүй байж болдог­гүй. Танай сур­гуулийн хувьд?

-Манай сургууль харьцангуй гайгүй. Гэхдээ хувьсах зардлаас шалтгаа­лаад зарим төсөв хүрэл­цэх­гүй байна. Тухайлбал, томилтын зардалд манайд бүтэн жилд 470 мянган төгрөг хуваарилсан байна. Олон багш нарын сур­галтад хамрагдах, ажлаар явах, аймгийн хэмжээний уралдаан тэмцээнд орол­цоход энэ мөнгө хүрэлц­дэггүй. Одоогоор манайд хуваарилсан мөн­гөнөөс гадна 800 мянган төг­рөгийн өр үүсээд байна. Мөн халаалтын түлшинд асуудал их байна. Манайх “Бага­нуур элч” гэдэг компа­нитай нүүрсний гэрээ бай­гуулж нүүрсээ өөрс­дийн унаагаар хотоос зөөж байгаа. Жилд 416 тонн нүүрс зарцуулдаг. Тээврийн зардал,  жолоо­чийн цалин гээд зардал багагүй гарч байна. Иймэр­хүү асуудал дээр анхаарч, бодлогоор дэм­жээд өгвөл бусад нь  гайгүй.