Д.АРИУН
Лу.Гантөмөр сайд их дээд сургуулиудын захирлыг сонгон шалгаруулалтын сүүлчийн шатанд өөрөө оролцохоор шийджээ. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын томилсон комисс эхний шатны шалгаруулалтыг хийж, сургууль тус бүрт гурван нэр дэвшигчийг шигшиж үлдээх аж. Тунаж үлдсэн гурваас тухайн их сургуулийг толгойлох хүний нэр тодорно. Боловсрол, шинжлэх ухааны сайд их дээр сургуулиудын захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан бөгөөд одоогоор дөрвөн суудлын төлөө өрсөлдөхөөр 50 нэр дэвшигч бүртгүүлээд байгаа. Тодруулбал, МУИС-ийн захирлын суудал 14, ШУТИС, ХААИС-ийнх тус бүр 10, ЭМШУИС-ийнх хамгийн олон буюу 16 өрсөлдөгчтэй байгаа юм.
Манай улсын урдаа барьдаг, нэр хүндтэй топ дөрвөн сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан нь шинэчлэлийн Засгийн газрын яамдын ажлын нэг онцлог болох бололтой. Лу.Гантөмөр сайдыг ийм шийдвэр гаргасны дараахан Эрүүл мэндийн яам бас энэ жишгийг дагаж, эмнэлгүүдийн хуучин дарга нарыг үүрэг гүйцэтгэгч болгож, сонгон шалгаруулалт зарласан билээ.
Ингэж араасаа бусдыг дагуулсан Лу.Гантөмөр сайдын шийдвэр цаашдаа элдэв томилгоонд шударга жишиг болж үлдэх үү, үгүй юу гэдэг эзнээ олж, захирлаа томилох эсэхээс ихээхэн хамааралтай. Тэр дундаа эдгээр сургуулиас МУИС-ийн ректороор хэнийг томилов гэдгээс чухам хана нь харагдана гэдгийг хэлэх хүн олон байна.
Сүүлийн үед элдэв томилгоонд нутгархлаа, төрийн алба төрлийн алба боллоо гэсэн шүүмжлэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дагалдаж байгаа. Боловсролын сайд Увс нутгийнх. Бас би Японд сургууль төгссөн, надтай адилхан хүн захирал болох ёстой гэж туйшрахгүй биз ээ. Хэрвээ ингэж нутгархсан, бүлэглэсэн сонголт хийвэл төрийн албыг жалга довны алба болгож байгаа муу нэр, луу данснаас салж чадахгүйгээр барахгүй, томилгооны нэр хүндийг ч улам унагах нь лавтай.
Төрийн мэдэлд байдаг эдгээр дөрвөн сургууль өөрөө манай улсын боловсролын салбарын нэр хүндийг тодорхойлж байдаг. Монгол орны цаашдын хөгжлийг авч явах ирээдүйг бэлтгэх учраас захирлыг сонгон шалгаруулахдаа өмнөх шиг нь холион бантан хийж болохгүйг шинэчлэлийн Засгийн газрын Боловсролын сайд онцгой анхааралдаа авсан биз ээ. Их сургууль гэдэг улсынхаа оюун санааны төвөөс гадна, нөгөө талаар улс орны нэрийн хуудас болж, гадаадад танигдсан, бас зарим оронд хүлээн зөвшөөрөгдсөн гээд олон онцлог бий. Энэ мэт онцлогоос нь шалтгаалж, Монгол Улсын топ дөрвөн сургуулийн захирлыг сонгон шалгаруулахдаа гадаад дотоодод танигдсан гэдгийг онцгойлон авч үзэх ёстойг мартаж болохгүй. Мөн жинхэнэ профессор цолтой, гадаад хэлийг төгс эзэмшсэн байх гэдгийг харгалзахгүй өнгөрч болохгүй. Наад зах нь л нэр хүндтэй их сургуулийн захирал гэсэн чинь хаа сайгүй орчуулагч дагуулаад яваад байвал жинхэнэ онигоо биз дээ.
Эзнээ олсон зөв томилгоо төрийн ажлын нэр хүндийг өргөж байгаагийн жишээ бол О.Магнай. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ажил өмнөх дарга нарын үед ямар байлаа, өнөөдөр ямар байгаа билээ. Үнэхээр байгууллагынхаа нэр шиг ажиллаж чадаж байгааг захын хүн хэлнэ. Тэгвэл Их сургуулиудын удирдлагуудын сонгон шалгаруулалт ийм оновчтой болж, Монголын боловсролын нүүр царай болсон сургуулиулын ажил урагшлах уу, ухрах уу гэдгийг шийдэх том хариуцлага Л.Гантөмөр сайдад ирээд байна. Хэрхэн яаж шийдэхийг нь зөвхөн хүлээх л үлдэж.