Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх орон намын  нарийн бичгийн дарга И.Эрдэнэбаатартай ярилцлаа.

 

-Эх орон нам 2008 болон 2012 оны  УИХ-ын сонгуулиар гарч ирж чад­сангүй. Нэг хэсэг бужиг­нуулж явсан энэ намынхан  улстөрийн үлэг гүрвэлүүд боллоо гэвэл хүлээн зөв­шөөрөх үү?

-Таны хэлж байгаатай санал нийлэхгүй байна. Улстөрийн хүчин байтугай  хувь хүний амьдралд өгсч уруудах янз бүрийн тохиол бий. Тэр нь ямар шалтаг, шалтгаанаас болсон нь анхаарал татахаас тийм ч  сонирхолтой  биш. Манай нам өмнө ямар байсан түүн шигээ үйл ажилла­гаагаа явуулж байгаа. 2008 оны хувьд улс орны хэм­жээнд өвөрмөц сонгууль болсныг хүмүүс мэднэ.  2012 оны сонгуульд  бид хууль журмын дагуу оролц­­сон. Үр дүнгийн хувьд бахархаж ярих зүйл алга. Харин орон нутгийн сонгуулийн тухайд бодлого баримталсан. Орон нутаг дахь намын байгуул­лагуудаас санал авсан. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй  улс төрийн хүчнүүдийн  алин­тай нь эвсвэл үр дүнтэй байна гэдгийг өөрсдөө шийдэх эрх мэдлийг нь өгсөн. Иймээс тухайн нут­гийн онцлогоос хамаарч янз бүрийн блок болж сон­гуульд орсон. Эх орон намын ид мандаж байсан үеийнх шиг амжилт гар­гаагүй. Гэхдээ зарим сум, багт дангаараа шахам эрх барих  хэмжээнд очсоныг дурьдах нь зүйтэй. Бид өөрсдийн давуу тал, арай гайгүй байгаагаа ярихаас илүү өнөөдөр улстөрийн хүчнүүдэд нэг зүйл чух­лаар тавигдах ёстой. Ту­хайл­бал, улс төр хийхийн тулд байх  уу, эсвэл улс орон тогтвортой, ард түмэн хангалуун чинээлэг, төрт ёсоо дээдэлсэн тогтолцоог бий болгох уу гэдэг эцсийн үр дүн байх учиртай.

Хоосон улс төр ярьж,  хөөсөөр хөөцөлдөх  утга­гүй. Тиймээс манай  нам  үйл ажиллагаагаа явуулж, сонгуульд  оролцож, бусад улс төрийн хүчнүүдтэй ч   хамтарч  ажиллаж,  санал солилцож байна.

-Гэхдээ улстөрийн нам сонгуулийн мөрийн хөтөлбө­рөөр дамжуулж өөрсдийн бодлого, зорилгыг тодорхойлж, улмаар түүнийгээ төрийн бодлогод суулгахын  төлөө  ажилладаг шүү дээ. Энэ талаас авч үзвэл Эх орон нам хаана явна гэж асуумаар байна?

-Эх орон нам анх байгуу­лагдаж байх үеийг  дурсах дуртай байдаг. Учир нь бид тухайн үед Монголд үйлдвэр­жилт, тэр дотроо бүсчилсэн хөгжил  чухал.  Монгол орон газар нутгийн хэмжээгээр том ч  цөөн хүн амтай, зах зээлийн багтаамж муутай, геополитик талаас нь  авч үзвэл  нь хоёр том гүрний хооронд оршдог. Иймд  хөгжлийн өвөрмөц  бодлого хэрэгтэй гэж үзэж, 2000 оны  УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хийж байсан. Тэр хөтөлбөр  өнөөг хүртэл хэрэгжээд явж байна. Бусад улс төрийн хүчнүүд   биднээс санаа авахаа авч, баяжуулахаа баяжуулж, бид ч тэднээс санаа авахаа авч явсан зүйлүүд байгаа. Иймээс манай намын 2000-2012 онд УИХ-ын сонгуульд тус, тус оролц­сон мөрийн хөтөлбөрүүд хэрэгжээд явж байна гэж болно. Бид биш ч хэн нэгэн цааш хэрэгжүүлээд  авч явж байна гэдэг нь бид хэ­рэгжүүлсэнтэй ялгаа­гүй. Монгол Улс өмнө нь нэг улсаас хамааралтай бай­сан бол ардчилал, зах зээлд  шилж­сэнээр  бага­гүй хүндрэлүүдийг туул­сан. Дахиад ч бартаатай замыг  туулж таарна. Нэг зүйлийг онцлоход  бидний өмнө харилцаж ирсэн ганц  түнш, 1990-ээд оноос хойш орж ирсэн дэлхийн тэргүүлэх зэргийн гэж ярьдаг олон улсын банк, санхүүгийн байгууллага  нэг зүйлд алдаа гаргаж байж гэж бид дүгнэдэг. Ерөөс Мон­гол орны онц­лог, нүүдлийн мал аж ахуй хөдөө аж ахуйгаас хамаа­ралтай явж ирсэн замна­лыг тооцож үзэхгүй бай­сан. Ингэж буруу тоо­цоолж явсны хар гайгаар шилжилтийн үедээ яваад байсан. Сүүлийн үед шилжилтийн гэж ярихаа байж. Шилжиж дууссан нь ч мэдэгдэхгүй, дуу­саагүй нь ч мэдэгдэхгүй. Ийм байдлаар 20-иод жилийг ардаа хийсэн. Гэхдээ мэдээж олон зүйлд  хөгжил явагдсан. Ойрын хэдэн жилийг аваад үзэхэд уул уур­хай эрчимтэй хөгжих хандлага байна. Ашигт малтмал, байга­лийн баялгаа ашиглах талд гүнзгий орлоо. Одоо энэ торгон агшинд  Монгол Улс алдахгүй байх ёстой. Төрийн бодлого эмх цэгц­тэй, түүнийг тодорхойлж байгаа улс төрийн хүчнүүд хариуцлагатай, гишүүд нь ёс зүйтэй, ажил хэрэгч байх учиртай.

-2012 оны сонгууль угтаад Эх орон намын дарга хадаг бариад нам хэсч явна гэх мэдээлэл дуулдсан. Өөрөөр хэлбэл, эвсэх, хамтрах  тухай байр сууриа илэрхийлсэн ч   та бүхний  саналыг хүлээж  авах улс төрийн хүчин байгаагүй юм уу?

-Бид 2008 оны сонгуу­лийн дараачаас  бүх улс төрийн хүчнүүдтэй ойр  ажиллаж ирсэн. Пар­ла­ментын гаднах намуудтай хэлцэл хийж байсан. Хоёр намын хүч түрэмгийлсэн байдлаас гарах ёстой, гуравдагч хүчний орон  зай үгүйлэгдэж  байна гэсэн яриа, хэлцлүүд  ч нэлээд хийгдсэн. Харам­салтай нь биелээгүй.  Гэхдээ улс төрийн байдлыг дүгнэхэд МАХН гэдэг улс­төрийн шинэ  нам байгуулагдсан. Нэг талаас шинэ нам шиг, нөгөө талаас хуучин намын үргэлжлэл ч юм шиг. Тэд МҮАН-тай эвсч сонгуульд орсон. Өнөөдрийн парламентын бүтцийг аваад үзэхэд хоёр нам давамгайлдаг байдал харьцангуй гайгүй болсон. Гэхдээ л  бусад улс төрийн  хүчний  болоод иргэдийн хүсч байсан  үр дүнд хүрээгүй нь ойлгомжтой. Үүнд өөр янз бүрийн нөхцөл, шалтаг, шалтгаан байгаа байх. Ний, нуугүй хэлэхэд зарим нь эрүүл  эрүүл улс төрийн  хүчин, тийм улс төрчийг гаргаж ирэхийг эрмэлздэггүй. Түүн дээрээ нэгдэж чадахгүй байх, эсвэл өөр ямар нэгэн байдлаар  хориг саад тавих явдал  мэр сэр байсаар байна. Тухайлбал, УИХ бүрэлдээд багагүй хугацаа өнгөрч байхад ард түмний саналыг авч  сонгогд­сон гишүүдийн хэн нь орж ирэх тодорхойгүй байдлаар явж байгаа нь монгол төр ариусаагүй байгааг харуулж буй хэрэг. Иймд төрөө  тунга­лагшуулж, ариун шударга болгох  ёстой.

-Ингэхэд “Эх орон намын дарга Б.Эрдэнэбат намаа байтугай, эх орноо орхиод гадаадын иргэн болжээ”  гэх мэдээлэл дуулдсан. Энэ үнэн бол эх орноосоо дүрвэхэд хүрсэн ямар шалтаг, шалтгаан түүнд байгааг  нууж хаалгүй хэлэхгүй юу?

-Наадах чинь  улстөрч­дийн зүгээс  зориуд цац­даг, манай намын даргын нэр хүндийг унагах гэсэн оролдлого. Б.Эрдэнэбат дарга Монголд, Улаанбаа­тарт ажиллаж, амьдарч байна. Бид найз нөхдийн хувьд,  нам улстөрийн ажлаар ч байнга уулзаж, ярьж байдаг. Сая хүртэл таньтай уулзахын өмнөхөн  утсаар ярьсан.  Харин түүний тухайд хүмүүс ямар зорилгоор гадагшаа гараад явчихсан, Монголд амьдрахгүй байгаа гэж яриад байдгийг би ерөөсөө ойлгохгүй байна.

-Энэ жил Ерөнхий­лөгчийн сонгууль болно. Танай намын дарга Б.Эр­дэнэбат  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан санагдана.  Энэ удаа Эх орон нам пар­ламентын гадна байгаа ч аль намаас нэр дэв­шигчийг, тэр дотроо  хэнийг дэмжих  бол?

-Ерөнхийлөгчийн сонгуу­лийн хугацаа ойртож байна. Хуулиараа  бол парламентад суудалтай намууд нэр дэвшүүлэх эрхтэй. Манай нам парламентын гадна байгаа учраас боломжгүй. Харин сон­гууль дөхөөд ирэхээр улстө­рийн хүчнүүд эвсч нэгдэх, бие биеэ дэмжих асуудлууд бий. Үүнийг үгүйсгэхгүй. Хуулийн хүрээнд аль нэг намтай эвсэх, хамтрах асуудал нээлттэй.

-Та  хэд хэдэн Засгийн газарт, тодруулбал Эвслийн Засгийн газарт  Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан сайд, Эв нэгдлийн Засгийн газарт Байгаль орчны сайдаар ажиллаж байсан.  АН-ын байгуулсан Шинэчлэлийн  Засгийн газрын бодлого, ажлын эхлэлийг  хэрхэн харж байна?

-Засгийн газрын эхний алхмууд, цаашид хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан  ажлыг дэмжиж байна. Төр нээлттэй байх ёстой. Гүйцэтгэх засаглал байна уу, хууль тогтоох дээд байгууллага байна уу, засаглалын энэ хэлбэрүүд нээлттэй, ардчилсан байж иргэдээс дэмжлэг авах, өөрсдийнхөө алдааг олж харах боломжтой. Энэ өнцгөөс нь шинэ алхам, шинэ бодлого хэрэгжүүлж байна гэж ойлгож байгаа. Үүнийгээ цааш үргэлжлүүлж үр дүнг нь үзэх хэрэгтэй. Монголчууд  шинийг сэддэг, аливаа зүйлийн эхлэлийг сайн тавьж чаддаг. Харин яваандаа түүндээ дасч ажлын эрч хүчээ алддаг гэмтэй. Иймд анхны эрч хүчээ бүү алдаасай, зорьсондоо хү­рээ­сэй гэдгийг онцолж хэлмээр байгаа юм. Юу юуны туханд хүрэлгүй   тэр нь тийм байна, энэ нь ч ийм гээд муулж  шүүмжлэх хаашаа юм. Учиргүй магтах зүйл  мөн  алга. Цаг хугацааны хувьд ч  үр дүн нь даруй харагдах зүйлүүд байхгүй л дээ. Бүхэл бүтэн улс орны хэмжээнд, доголдсон системээр явж ирсэн, түүнээсээ гарахыг эрмэлзэж байгаагийн хувьд бүгдийг зөв тооцоолж, эхнээс нь алдаагүй хийх л  чухал. Ганц хоёр зүйл дээр  жишээ хэлэхэд, бондын асуудал байна. Дэлхийн зах зээл дээрээс хэдэн тэрбумаар нь хөрөнгө босгосон нь муугүй эхлэл. Энэ бол асар их хугацаа шаарддаг ажил. Богино хугацаанд тэнд хүрч чадаад, дэлхийн улс орнуудад итгэл үнэмшил төрүүлж байж бондоо худалдсан байж таарна. Харин түүнийгээ үр дүнтэй зарцуулах хэрэгтэй.

-Бонд ашигтайг та   ямар үндэслэлээр хэлэв?

-Би үйлдвэржүүлэх чиг­лэлд ажиллаж ирсэн инженер хүн. Нөгөө талаас манай на­мын бодлого үндэсний үйлдвэрийг хөгжүүлэхэд чиглэдэг. Үндэс­ний үйлдвэрээ хөгжүүлэх­гүйгээр улс орон хөгжихгүй. Бид зөвхөн  газар тариалан, мал аж ахуйгаасаа хамааралтай­гаар  хөгжихгүй. Дэлхий ний­тийн чиг хандлага өөр болсон. Ийм учраас үйлдвэржүүлэх бодлого чухал. Энэ чиглэлд шинэчлэлийн Засгийн газар явж байгаад  сэтгэл хангалуун байна. Дээр нь албан бус эх сурвалжуудаас авсан мэдээ­нээс үзэхэд  бон­дыг үйлдвэрлэл бий болгоход зарцуулах бодлого түлхүү явж байгаа юм билээ. Нэг жишээ хэлэхэд, бид жилд сая гаруй тонн цементийг гадаадаас авдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл,  Монголдоо ирж буй хуримт­лалыг  гадагш нь гаргачихаад байна. Үүнийг  бууруулах хэрэгтэй. Ядаж  тавин хувь хүртэл бууруулах ёстой. Дараа нь үйлдвэрлэлээ нэмэгдүүлээд явж болно шүү дээ. Тухайлбал, төмрийн хүдрээ түүхийгээр гаргаж байхаар Монголдоо баяжуулж болно шүү дээ. Гангийн үйлд­вэрлэлийг ч дотоодоо  хөгжүү­лэх боломж бий. Өнөөдөр л хийхгүй бол дахиад арав, хорин жилээр хойш чулуудагдахад хүрнэ. Ийм учраас хөгжлийг түргэтгэхэд Засгийн газар нааштай алхам хийж байна гэж харж байгаа.

-Шинэчлэл хийхэд, улс орныг хөгжүүлэхэд төр, засаг цэгцтэй бодлого явуулах ёстой гэж та түрүүнд хэлсэн. Тэгж чадаж байна уу, та юу гэж үзэж байна?

-Бодлого цэгцтэй байх ёстой. Нөгөө талаас  сөрөг хүчний асуудал бий. Мөн туршлагатай сайн боловсон хүчний нөөцийг  цааш ашиглаад явах чухал. Гэтэл хоёр сая гаруй  хүн амынхаа  ихэнхийг гадагш ажиллах хүч болгоод гаргачихаж байна. Үлдсэнийг нь нас 40 гарсан л бол ажилд авахгүй байх жишээтэй. Энэ буруу тогтолцоог халах хэрэгтэй. Үүний тулд төр бодлого явуулах ёстой. Өнөөдөр тухайн салбар­таа 20, 30 жил ажилласан мэргэжилтэй ажилтан, инже­нерийн  олж авсан туршлага юугаар ч сольж болшгүй юм. Дөнгөж сургууль төгсөөд ямар нэгэн байдлаар диплом өвөрт­лөөд ирж байгаа  залуус тэдний зиндаад хүрч мэргэшиж чадтал асар их зөрүү бий. Ахма­дуудынхаа дадлага туршлагыг хаялгүй төрийн бодлогын нэг хэсэг болгож авч явахын зэрэгцээ залуучуудынхаа  эрч хүчийг уялдуулж цогцоор авч явах зайлшгүй шаардлага байна.

-Бонд ашигтай гэсэн таны байр суурьтай санал нийлэхгүй байна. Надтай адилхан бодолтой хүн цөөнгүй байж таарна. Энэ чинь ирээдүйдээ тавьж байгаа өр биз дээ?

-Өөр арга алга байна шүү дээ. Үнэхээр зоригтой алхам хийж томоохон хөрөнгө оруу­лалт хийе гэвэл бид гаднаас мөнгө босгохоос аргагүй. Би­дэнд тэр мөнгө алга. Тэгэхээр аргагүй байгаа биз дээ. Боломжийг ашиглах хэрэгтэй ч эрсдэлгүй  ажил гэж байхгүй. Үүний тулд зөв зарцуулах чухал. Богино хугацаанд үр дүнгээ өгөх ямар төслүүд байна. Түүнийгээ зөв сонгох  хэрэгтэй.

-Оюутолгой, Тавантолгойн  жишгээс харахад манайхан урьдчилгаа зээл аваад улстөрийн сонгуульд санал авах зорилгоор л цацчихдаг шүү дээ. Ийм байдал давтагдвал аюултай юм биш үү?

-Нам харсан, нутгархсан, мөнгө авах гэсэн  байдлаар явалгүй аль болох үр өгөөжөө өгөх зүйлд хандуулбал ашигтай. Зарим хүн  бүх төсөл, хөтөлбөрөө бэлэн болгочихоод авах ёстой байсан гэж  ярьж байсан. Онолын хувьд тэр үнэн.  Гэхдээ хэзээ төсөл, хөтөлбөр нь бэлэн болж хөрөнгө оруулалтаа авах байсан юм бэ гэдэг талаас  бодоход  зөв алхам болсон. Өнөөдөр хувийн хэвшлүүд ч гэсэн хөрөнгө босгож өөрсдөө юмаа хийгээд явж байгаа жишээ бий. Төр харин түүнийг нь бодлогын хувьд дэмжиж чадвал нөөц боломжууд  бий. Ямар төслүүдийг санхүүжүүлэхээ  төр зөв тодорхойлж шийдэх  л хамгаас  чухал.

-Үйлдвэрлэлийн тухайд манай улс ЖДҮ гэж олон жил ярилаа. Гэтэл үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмждэггүй юм биш үү. Гоё нэр дуулдаад байдаг яваад очихоор үйлдвэрлэгчид гэж баахан зовлон тоочсон, бичиг цаасаа  батлуулах гэж ядсан  хүмүүс  л байдаг?

-Тэр үнэн.  Төр бодлогоо тодорхойлох хэрэгтэй.  Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж байгааг нь бодлогоор дэмжиж,  Эрээнд очиж хэвлүүлж ирээд үнээр өрсөлдөж байгаа тохиолдолд татвараа нэмэх замаар хяналт тавих ёстой.  Гэтэл эсрэгээрээ үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг хавтгайд нь  татвараар дарамталчихдаг.  Дөнгөж босч ядаж  байгаа хэсгийг нь татвараас бүрмөсөн чөлөөлчих хэрэгтэй шүү дээ. Хөдөө орон нутагт гар аргаар хийж байгаа хүмүүсийн зах зээлд эзлэх хувийн жин бага, хийсэн юмыг  нь Эрээнээс орж ирсэн бараанууд үнээр  унагадаг. Төрөөс дэмжлэг алга. Иймд төр асуудлыг цогцоор авч үзэх хэрэгтэй.