Х.МОНГОЛХАТАН
Хорт хавдрын улмаас үхэлтэй нүүр тулж, өдөр хоногийг аргацаан буй хүнд өвчтөнд амар амгалан бурхны оронд одох боломж алга.
Тэд өвдөж шаналж, өвдөлтийн комоор цагаасаа эрт буцаж байгаа юм. Хөнгөвчлөх эмчилгээ эдгээр хүмүүст ямар их хэрэгтэй байгааг харуулсан “Тэвчээрийн хязгаар дахь тэнцвэргүй тулааны мөрөөр” нэртэй нийтлэл манай сонины энэ сарын 11-ний өдрийн дугаарт нийтлэгдсэн билээ.
Манай нийтлэлийн дараа олон уншигч редакцид хандаж, хорт хавдар гэх аюулт өвчний улмаас насан эцэс болтлоо зовж шаналж буй хүмүүст туслах ямар боломж байгааг судалж, төрийн эрх мэдэлтнүүдийн сонорт хүргэхийг хүссэн юм.

ХҮНД ӨВЧТӨНИЙ 92 ХУВЬ НЬ ЗОВЖ, ШАНАЛСААР НАС ЭЦЭСЛЭЖ БАЙНА
Баримт:
“Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат өвчтөн Л 65 насандаа өвдөлтийн шокоор нас барсан. Тэрээр элэгний хорт хавдартай байсан. Өвдөлт намдаах эм кодейн, морфины аль аль нь аймаг, суманд нь тасарсан байсан тул охиноо Улаанбаатар явуулж 10 хоног уух эм жороор авахуулсан боловч дахин эм авч чадалгүй өвдөлтийн улмаас нас барсан”
“Найдвар” хоспис эмнэлгийн тэмдэглэлээс...
III-IV шатны хорт хавдар, хүнд харвалтын улмаас үүссэн саажилт, элэгний хатуурлын улмаас үүссэн хэвлийн шингэн хуралт ба хордлого, бөөрний хурц дутагдал, зүрх, уушигны хүнд өвчин зэрэг монгол хүний нас баралтын түгээмэл шалтгаан болж буй хүнд өвчний үед хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Гэвч эдгээр хүмүүсийн наймхан хувь нь тусламж үйлчилгээ авч, үлдсэн 92 хувь нь хүнд өвчинд зовж, шаналсаар нас эцэслэж байгаа тухай баримтыг мэргэжлийн байгууллагууд гаргажээ.
Монгол Улсад жилд 17000 хүн нас барж байна. Эдгээр хүмүүсийн 60 хувь буюу дунджаар 9000 хүнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй байдаг. Тэдний 3003 нь (давхардсан тоогоор 2011 онд) Хавдар Судлалын Үндэсний Төвийн Хөнгөвчлөх эмчилгээний кабинетаас зөвлөгөө авч, 724 хүн хөнгөвчлөх эмчилгээнд хамрагджээ. Үлдсэн 8200 орчим хүн хөнгөвчлөх эмчилгээ авч чадалгүй өвдөж, шаналсаар хорвоог орхисон гашуун түүх байна.
Шаардлагатай тохиолдолд хүн бүрт хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх нь хүний эрхийн чухал асуудал юм. Эдгэрэх найдлагагүй болсон өвчтөн нас нөгчих хүртлээ өвчин зовиураа аль болох бага мэдэрч, хүний ёсоор амьдрахын тулд эмнэлгийн шаардлагатай тусламж авах эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг. Гэтэл манайд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлдэг цөөн тооны тасаг, хоспис байдаг нь өвчтөн эмнэлгийн үйлчилгээнд хамрагдахын тулд урт дараалал хүлээх шаардлагатай болгодог. Иймээс хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь ардчилсан төрийн чухал үүрэг юм.
БИЕ МАХБОД, СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД ШАНАЛГАН ЗОВООХ НЬ ХҮНЛЭГ БУС ЗҮЙЛ
Эдгэрэх найдваргүй гэж оношлогдсон, хүнд өвчнийхөө улмаас хүчтэй зовиур шаналгаа мэдэрч буй иргэнийг ихэнх эмнэлгийн байгууллага хүлээн авч, үйлчилгээ үзүүлэхдээ хойрго ханддаг. Энэ нь бусад нөлөөлөх хүчин зүйлсээс гадна өвчтөний зовиур шаналгааг хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлэх нь тухайн эмнэлгийн чиглэл биш, нөгөөтэйгүүр нас баралт гаргахгүйн тулд хүнд өвчтөн авахаас зайлсхийдэгтэй холбоотой аж.
Баримт
“...Би улсад 42 жил ажилласан. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг зохих ёсоор нь төлж ирсэн. Урьд өмнө өвдөж эмнэлэгт хэвтэж байгаагүй. Өвдөөд эмнэлгээр явж оношлуулахад зөндөө их мөнгө гарсан. Тэгээд дараа нь “Эмчилгээ авахгүй болсон байна. Гэртээ гар” гээд гаргачихсан. Одоо дотор муухайрч, цусаар огиод байхад түргэн тусламж ирж үзчихээд орхиод явчих юм. Авах эмнэлэг олдохгүй, хувийн эмнэлгүүд даатгалаас мөнгө олдохгүй гээд авахгүй юм.”
“Найдвар” хоспист хэвтэж эмчлүүлж буй өвчтөн Р
Байдал ийм л байна. Үнэндээ хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ авснаар эдгэрэх найдваргүй өвчтөн өвдөлт, сэтгэл санааны зовиур шаналгааг хамгийн багаар мэдэрч, ердийн амьдралаа үргэлжлүүлэх, үр хүүхэд, хань ижил, эцэг эхтэйгээ хэвийн харилцах, тоглож наадах, хайрлаж дурлах, шүтэж бишрэхээс эхлээд өвчнийхөө тухай үнэн зөв мэдээлэл авах, эмчилгээ, асаргааныхаа талаар шийдвэр гаргахад оролцох чадвартай болдог. Хамгийн чухал нь өвдөлт шаналгаагүй болсноор өвчтөн гэрийнхэндээ захиасаа хэлэх, гэрээслэлээ бичих, мөрөөдлөө биелүүлэх, дуусгаагүй ажлаа гүйцэлдүүлэх, уулзахыг хүссэн хүмүүстэйгээ уулзах зэргээр үхэлд “бэлтгэлтэй байж” тав тухтай, сэтгэл дүүрэн нас эцэслэх боломжтой юм.
Орчин үеийн өндөр хөгжиж буй анагаах ухааны төвшинд өвдөлт, бусад зовиурыг хөнгөвчлөх боломжтой атал тусламж, үйлчилгээ үзүүлэхгүйгээр өвчтөнг бие махбод, сэтгэлзүйн хувьд шаналган зовоох нь хэрцгий, хүнлэг бус харьцаа гэж үздэг. Тиймээс “Өвчтөнд хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээ үзүүлэхгүйгээр хүнд өвдөлт шаналалд хүргэж байгаа нь хэрцгий хүнлэг бус, хүний нэр төрийг гутаасан хандлагын хэлбэр мөн. Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол олон хүний өвчин шаналал зогсохгүй. Иймээс улс орон бүр хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ авахад саад тотгор болж буй дүрэм журмуудаа өөрчлөх талаар бүхий л боломжтой арга хэмжээ авах шаардлагатай” гэж НҮБ-ын эрүү шүүлт, хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон харьцаа буюу шийтгэлийн асуудлаарх Тусгай илтгэгч Манфред Новак онцолжээ.
Өвчтөн шаардлагатай тохиолдолд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авч чадахгүй байх нь Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн зургаа дахь заалт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын арванхоёрдугаар зүйлийг зөрчсөн үйлдэл юм.
ХОЖУУ ОНОШЛОГДСОН ХҮМҮҮСИЙН 61.4 ХУВЬ НЬ ЖИЛ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД Л АМЬДАРДАГ
Манай улсад 2010 оны байдлаар хорт хавдартай хэмээн оношлогдсон хүмүүсийн 79.1 хувь нь өвчнийхөө III, IҮ үе шатанд орсон үедээ оношлогджээ. Хорт хавдрын улмаас нас барсан хүмүүсийн 61.4 хувь нь анх оношлогдсоноосоо хойш нэг жил хүртэлх хугацаанд л амьдарсан байна. Эдгээр хүмүүс цус алдах, дотор муухайрах, огиж бөөлжих, гэдэс дүүрэх, суулгах, түгжрэх, амьсгаадах, амьсгал давчдах, ханиах, хэвтрийн цооролт, хавдрын эдгэрэшгүй шархны улмаас өвдөлтийн шоконд орж ихээхэн зовж шаналж нас бардаг байна.
Гэтэл хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хөгжсөн орнуудад хорт хавдрын үсэрхийлэл илэрснээс хойш өвчтөний амьдрах хугацаа дунджаар 2.5-4 жил байдаг аж. Иймээс хүндээр өвдөж, асаргаа шаардлагатай болсон өвчтөн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ маш чухал гэдэг нь харагдаж байна.
Баримт
“...Хорт хавдрын улмаас би ажил хийх боломжгүй болж цалин орлогогүй болсон. Эхнэр, дүү хоёр маань намайг байнга сахиж, асрах шаардлагатай болсноор ажил хийж чадахгүй байна. Асрамжийн мөнгө хэт бага тул гэр бүл, гурван хүүхэд маань байнгын санхүүгийн гачигдалтай, эм тарианы зардалд сар бүр 300 000-аас дээш төгрөг зарцуулж байна.”
“Найдвар” хоспист эмчлүүлж буй өвчтөн Ж
Энэ мэтчилэн Ойр дотны хүнээ асарч сувилахын тулд ихэнх тохиолдолд гэр бүлийн аль нэг гишүүн сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, тэр хэрээр өрхийн төсөв хүндэрч, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамт гэр бүлийг нөмөрдөг.
УЛСЫН ХЭМЖЭЭНД 150-210 ХӨНГӨВЧЛӨХ ЭМЧИЛГЭЭНИЙ ОР ХЭРЭГЦЭЭТЭЙ БАЙНА
Баримт
“... Хөдөөнөөс онош тодруулахаар эхнэр хүүтэйгээ хотод ирсэн. Хорт хавдар гэж оношлогдон, олон янзын эмчилгээг нэлээд удаан хугацаанд хийлгэсэн ч бие улам муудаж, сүүлдээ буцаж нутаг руугаа явж чадахааргүй болтлоо дордсон. Хүүхдүүд маань зарим малаа зарж, намайг асарч сувилахаар хотод шилжиж ирсэн.”
“Найдвар” хоспист эмчлүүлж буй өвчтөн А
Дэлхийн улс орнууд хүн амын насны бүтэц, өвчлөлийн байдал зэргийг харгалзан хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний орны хэрэгцээгээ тодорхойлдог байна. Тухайлбал, Исланд, Норвеги, Нидерланд, Люксембург, Польш зэрэг улсуудад 100000 хүн тутамд таван ор, Австралид 100000 хүн тутамд 6-7 ор, Шинэ Зеландад 100000 хүн тутамд 10 ор байхаар тодорхойлжээ. Дэлхийн улс орнуудын жишигтэй харьцуулан үзвэл манай улсад 100000 хүнд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний ор 5-8, Улаанбаатар хотод 50-80 ор, улсын хэмжээнд 150-210 хөнгөвчлөх эмчилгээний ор хэрэгцээтэй байна. Гэвч одоогийн байдлаар улсын төсөв, хувийн хэвшлийн санхүүжилттэй орны тоо улсын хэмжээнд нийт 40 байгаа нь шаардлагатай хэмжээнээс 81 хувиар дутуу байгаа юм.
Хөгжингүй улс орнуудын иргэдтэй харьцуулахад монгол хүний архаг, хүнд өвчнөөр өвдөх магадлал өндөр байгааг харгалзаж үзвэл манай улсад хөнгөвчлөх эмчилгээний ор 210-аас ч илүү байх шаардлагатай байна. Түүнчлэн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ хөдөө орон нутагт огт байхгүйгээс олон мянган хүний эрх зөрчигдөж байна.
“...Манай хороонд хорт хавдартай 10 гаруй хүн бий. Тэдэнд опийн гаралтай бэлдмэлүүд (opiate) кодеин, морфин зэрэг намуу цэцэгнээс гаргаж авдаг бодисууд, опийн эмүүд (opioid) төвийн болон захын мэдрэлийн тогтолцооны тусгай опийн рецепторт очиж нөлөөлдөг байгалийн ба нийлмэл гаралтай эмүүд, үүнд кодеин, морфин, оксикодон, фентанил зэрэг эмийг жороор олгохгүй байгаа. Жор нь ч байхгүй. Тийм шаардлага ч тавиагүй. Олон ажилтай, тайлан тооцоо их гаргадаг тул түүнийг хөөцөлдөж байгаагүй”
Өрхийн эмч Ө
2011 онд Эрүүл Мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар “Даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хөнгөвчлөх үйлчилгээ 90 000 төгрөг байхаар 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд тогтоожээ. Үүний зэрэгцээ Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ зүүлж буй байгууллагууд нь амьдралын төгсгөлийн шатанд үзүүлэх нэн шаардлагатай 60 нэр төрлийн эм, хэрэгслээр хангагдсан байх шаардлагатай байдаг.
Баримт
Жил бүрийн эцэст морфины нөөц цагаасаа өмнө дуусдаг учраас 10-12 сард өвчтөнд өвдөлт намдаах тунгаар биш нэр төдий амсуулах тунгаар өгч, өвчтөнийг зовоосоор байна. “Ивээл” хосписын захирал, гадаадын иргэн Х.Ш өвдөлттэй өвчтөн нь өвчин намдаах эм байхгүйгээс хэрхэн зовж шаналж байгааг нь хараад уйлж байсан.
Монголын Хөнгөвчлөх Тусламж Үйлчилгээ Нийгэмлэгийн гишүүдтэй хийсэн ярилцлагаас...
Зовиурыг хөнгөвчлөхөд шаардлагатай эмийг үнэ төлбөргүй олгох хууль тогтоомжийг баталсан боловч шаардлагатай эм хэрэгсэл огт хангалтгүй байна. Энэ нь өрхийн болон дүүргийн эмнэлгийн ажлын ачаалал их байгаагаас иргэдэд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй, нөгөө талаас тэдгээр эмнэлгийн удирдлагын алдаатай бодлого, эмч мэргэжилтнүүдийн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх арга зүй дутмаг байдагтай холбоотой юм.
ОДОО ЗАСГИЙН ГАЗРЫН Л АЖИЛ ҮЛДЛЭЭ
Энэ бүхнээс дүгнэхэд хорт хавдар болон бусад эдгэршгүй хүнд өвчний улмаас өдөр хоногоо хүлээж буй өвчтөний өвчин, зовиурыг бага боловч нимгэлэх талаар төрөөс шинээр авч хэрэгжүүлэх бодлого шаардлагатайг харуулж байна.
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас юм уу, төсвөөс зардлыг нь санхүүжүүлдэг эрх зүйн орчинг бий болгох шаардлагатайг Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 11 дэх илтгэл”-дээ зөвлөжээ.
Харин ХЭҮК-оос ирүүлсэн энэхүү тогтоолын төсөлд дурдсан санал, зөвлөмжийг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос Хөнгөвчлөх эмчилгээний төв байгуулах тогтоолыг энэ сарын 16-ын өдрийн хуралдаанаараа гаргаж Засгийн газарт /Н.Алтанхуягт/ ажил хэрэг болгохыг даалгасан юм.
Энэхүү тогтоолд өнөөгийн бодлогыг шинэчлэх, санхүүжүүлэх эрх зүйн орчинг бий болгох, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай нэгжийг бий болгож, орон тоо, цалин хангамжийн асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэхийг тусгасан байв. Өнөөдөр Монголд хорт хавдар болон бусад эдгэршгүй хүнд өвчний улмаас зовж, шаналж буй хүмүүст амьдралын сүүлийн өдрүүдээ амар тайван өнгөрүүлэхэд шаардлагатай эмнэлэг, эмч, сувилагч, эм тариа, эмчилгээ үйлчилгээг цогцоор нь шийдэж, хэрэгжүүлэх чухал үүрэг Засгийн газарт л үлдлээ.