Х.Хулан

 Орон нутгийн эрчим хүчний үйлдвэрийн 2012 оны тэргүүний хамт олон, Дорноговь аймгийн “Чандмань-Илч” компаниас энэ удаагийн “Монгол Улсын төлөө” булан маань хүрч байна.

     Тэд Оросын алдарт жанжин Суваровын хэлсэн “Энхийн цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага урсана” гэсэн үгнээс иш татсан,  “Зуны цагт хөлс их унагавал өвлийн цагт нус бага гоожино” гэсэн уриатай. Хошин ч гэсэн энэ урианд үнэн 100 хувь бий. Албан байгууллага, айл өрхийг ус, дулаанаар таслалгүй өвөлжих, эдийн засгийн эргэлтгүй болдог дулааны улиралд санхүүгийн бэрхшээлээс байгууллагаа аврах төлөвлөгөө боловсруулах гээд “хөлс унагах” ажил мундахгүй.

     Дорноговь аймгийн төв болон хөдөөгийн дөрвөн сум /Айраг, Иххэт, Өргөн, Зүүнбаян гэх мэт/-ыг дулаан, цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлдэг энэ хамт олон Монгол Улсад хамгийн хямд буюу хэт бага ангилалд багтах үнийн тарифтай. Гэсэн ч зөв менежментээр байгууллагаа алдагдлаас аварч яваа учраас эрчим хүчний салбартаа оны тэргүүний хамт олон болсон нь энэ юм. Түүнчлэн эрчим хүчний салбарын орон нутгийн эрчим хүчний үйлдвэрийн 2012 оны шилдэг инженер ч энэ хамт олноос шалгарчээ.

     2012 оны шилдэг ерөнхий инженер, “Чандмань-Илч” компанийн ерөнхий инженер Д.Мөнхбаатартай ярилцсанаа хүргэе.

-“Чандмань-Илч”-ийнхэн Монголд хамгийн бага үнээр үйлчилдэг юм байна. Мэдээж, энэ нь алдагдал авчирдаг байх?

- Бидний үйлчилгээний үнэ хэт бага ангилалд ордог юм. Ингэснээр  нэг талдаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулах боломжийг нь хангаж  өгч байгаа.Нөгөө талаас иргэдийн амьжиргааны өртөгтэй холбоотой. Мэдээж, үнэ хэт бага байгаа нь манай байгууллагыг найдвартай ажиллахад чөдөр тушаа болдог. Алдагдалтай ажилладаг. Тэглээ гээд тэр хэвээрээ яваад байхыг боддоггүй л дээ.

      Манайх барилгын тусгай зөвшөөрөлтэй. Ихэнх ажилчин маань өвөл ажиллаад зун амардаг. Тэгэхээр бидэнд хүний нөөц байна гэсэн үг. Өвөл ашиглаж байсан техникээ зун ашигладаггүй. Техникийн нөөц бас байна. Шугам сүлжээний ажил хийх мэргэжлийн маш их нөөц, туршлага гэх мэт олон талын боломж байгаа. Тиймээс зундаа тендерийн ажил гүйцэтгэж авсан мөнгөөрөө алдагдлаа нөхдөг юм.

-Тендерийн ажил хэр олддог вэ. Өрсөлдөгч олон байгаа шүү дээ?

- Нийслэлийн том компаниудыг нэлээн “айлгадаг”  компани даа, манайх.  Яагаад гэхээр, тэдгээр компаниуд өвлийн улиралд ажилладаггүй болохоор зардал өндөр гардаг. Бусад дайвар зардлууд тэдний ажлаас гарах болдог. Харин манайх ажлын хувцас, багаж зэвсэг зэргээ үндсэн үйлдвэрлэлдээ хэрэглэж байгаагаа ашиглаад тендерт ордог болохоор нэмэгдэл зардлууд гардаггүй юм. Тэгхээр бидэнд ашиг олох боломж илүү байдаг.

-Танай үйлчилгээний хүчин чадал хэрэглээгээ гүйцэж байна уу. Дорноговьд шинэ бүтээн байгуулалтууд өрнөж байна, ажил улам л нэмэгдэж байгаа байх?

- Үнэхээр хүндрэлтэй байгаа. Аж үйлдвэрийн парк байгуулах сургаар Дорноговьд сүүлийн арван жилд нэмэгдсэн бүтээн байгуулалттай яг тэнцэх хэмжээний бүтээн байгуулалтыг сүүлийн хоёрхон  жилийн дотор дахиад хийчихсэн байна. Барилгажилт ингээд огцом нэмэгдээд ирэхээр шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болж байна.  Маш хурдан хөрвөх чадвартай байхгүй бол бид хөгжлөөс хоцрох гээд байна. Тиймээс яаралтай арга хэмжээ авахаар зураг төсөл хийлгэж байгаа. Хуучин гурван зуухтай. Энэ жил нөөц бололцоогоо ашиглаад нэг жижиг зуухыг шинээр нэмж ашиглалтад оруулах гэж байна.

-Танайх улсаас татаас авдаг уу?

-Үгүй. Цэвэр өөрийн орлогоор л үйл ажиллагаа явуулдаг. Яахав, Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжинэ гээд судалгаа хийгээд дөрвөн жил болчихлоо. Энэ зунаас хэрэгжих болов уу.

-Тэр төслөөр юуг шийдэх юм?

-Цэвэр усны мянган метр кубын усан сангаас бууж байгаа шугамыг солино. Мөн дулааны нэлээд хэдэн шугамыг, бохир усны шугамтай хамт солино. Шугам сүлжээ томорсонтой холбогдуулаад станц дотрхи зарим тоноглолд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарсан. Бид жилдээ 500 сая гаруй төгрөгийн засвар хийчихдэг юм. Тэгж байж л өвлийг өнтэй давах гол нөхцөл бүрдэнэ. Манай эрчим хүчнийхний дунд нэг хошин үг байдаг юм. “Зуны цагт хөлс их гоожвол өвлийн цагт нус бага гоожино” гэж. “Энхийн цагт хөлс их гоожвол дайны цагт цус бага урсана” гэсэн Суваров жанжны хэлсэн үгнээс иш татсан хэрэг/инээв/.  

-Тэгээд яасан, энэ жил ер нь хэр “их нус гоожиж” байна?

-Гайгүй. Сая шинэ жилийн өмнөхөн цэвэр усны шугам хагарсан. Юунаас болсон бэ гэхээр, бид хөрөнгийн бололцооноос болоод автопаркийн шинэчлэл хийж чадаагүй, экскаватор муутай байсан юм. Хөлдүү шугам ухаж чадахгүй нэлээн хэд хоночихсон.

-Танайх хамгийн сүүлд хэзээ үйлчилгээнийхээ үнийг нэмсэн бэ?

-Цэвэр усныхаа үнийг 2010 онд нэг нэмсэн. Байгууллагуудын дулааныг жаахан нэмсэн. Айл өрхийн дулаан 2007, 2008 оныхоороо л байна. Найман айлын орон сууцны хоёр өрөө байрыг галлаж халаадаг байсан бол дор хаяж 30 шуудай нүүрс орно. Бидний тэр айлуудаас авч байгаа мөнгө хоёр шуудай нүүрсний үнэд ч хүрэхгүй. Гэтэл олон хүний ажлын хөлс, машин техник гээд биднээс маш өндөр зардал гардаг. Ойролцоогоор тооцоход тийм хоёр өрөө байрыг халаахад 80-аад мянган төгрөг манайхаас гарч байгаа ч бид тухайн өрхөөс 8000 төгрөг л авдаг юм шүү дээ.

-Сайн менежментгүй байсан бол ч...?

-Тэгвэл тэгээд дампуурна. Бусад аймгийн бодвол Дорноговь орон сууц олонтой. Дээрээс нь манай байгууллага олон “чиргүүлтэй”. Усаа “чирж” явна. Хөдөөгийн хэдэн салбараа “чирнэ”.  Дөрвөн сумынхтайгаа нийлээд манайх 280 гаруй ажилтантай.

-Танайх орон нутгийн өмчит компани. Нутгийн удирдлагаас ер нь ямар дэмжлэг үзүүлж байна бэ?

- 2011 онд Засгийн газраас 600 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлсэн. Тэр нь их тус болсон. Өнгөрсөн жил цахилгаан тэжээлийн шинэчлэлт хийх гэж, цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжөө янзлахад 130-аад сая төгрөгийг орон нутгаас гаргаж өгсөн. Энэ жилээс төсвийн эрх орон нутагт ирсэн болохоор өөрсдөө зарах мөнгө овоотой болсон шиг байгаа юм. 1,3 тэрбум төгрөг тавьсан. Тэрэнд их баярлаж байгаа. Энэ мөнгөөр гол шугамаа өргөтгөөд авах боломж гарна. Гэсэн ч бусад юмаа засч, залруулдаг ажил хэвээрээ л байна. Улс орны эдийн засаг ч харьцангуй сайжирч байна. Тэрийгээ дагаад бага багаар техникээ сайжруулаад л байгаа. Гэхдээ яг жинхэнэ станцын шаардлагад хүрэхэд бас болоогүй байгаа.

-Айл өрх, албан байгууллагыг хөлдөөх гээд хөл алдаж байсан үе байв уу?

-Байлгүй яахав. 2001 оны үед нэг хэсэг орон сууцыг хөлдөөсөн. Тэгээд бөөнөөрөө пояльникдаад явж л байсан. Тэрнээс хойш жилээс жилд гайгүй болсоор байгаа. Тэгж бөөнөөр нь хөлдөөсөн тохиолдол гараагүй. Мэр сэр, ганц нэг хэсэг дээр жижиг сажиг юм мэдээж гарч л байсан. Хөлдөөхгүй байх гэдэг нэг ойлголт. Нөгөө “Алаагүй ч гэсэн амраагаагүй” гэдэг шиг халааж сүйд болсон юмгүй мөртлөө хөлдөөхгүй байх үе бас гарч байсан. Хүн асуухад хөлдөөчихөөгүй, тэгэхдээ бас нэг их халаачихаагүй тийм үе байсан. Одоо бол халааж байгаа. Ямар ч байсан температур 80-90 градустай байна. Гадаа -31 хүрэх юм бол бид халаалтыг 95 хүргэх ёстой.

    Харин нэг асуудал бий. Бид яахав, ингээд “нусаа бага гоожуулах”-ын тулд гүрийж байгаад  аль болох энд тэндээс олсон юмаа нийлүүлээд засвар хийчихэж байгаа юм. Гэтэл иргэд, хэрэглэгчид маань өөрсдөөсөө хамаарсан тоног төхөөрөмж, шугам сүлжээгээ янзлахдаа их хойрго байдаг. Дундын өмчлөлийн хуулиар дулааны шугам иргэний өөрийнх нь өмч шүү дээ. Тэрэндээ анхаарал тавьдаггүй. Ямар сайндаа хүмүүс ирээд,  “Манай нэг өрөөний паар шатчих гээд байгаа мөртлөө нөгөө өрөөнийх нь огт ажиллахгүй юм” гэдэг. “Бид хүргэх ёстой үйлчилгээгээ танай гэрт хүргэчихсэн байна. Та  өөрөө тэр халахгүй байгаа шугамаа солих ёстой. Энэ үүргээ биелүүлээгүйгээс болоод бидний хангаж байгаа дулааныг та өөрөө авч хэрэглэж чадахгүй байна гэж” бид учирладаг юм. Манайхан чинь хавар болонгуут бүгдээрээ намрыг үзэхгүй юм шиг алга болцгоодог. Бид зунжин тендерийн ажил хийж олсон мөнгөөрөө намар нь санд мэнд засвараа хийж авдаг юм. Яг тэгээд биднийг ид завгүй байхад иргэд зэрэгцээд “Манай тэр ч юм болохгүй байна, би энийгээ тэгнэ, ингэнэ” гээд л бужигначихна. Иймэрхүү хүндрэлүүд бас гардаг юм.

-Танайх нийтдээ 280 гаруй хүн ажилладаг юм байна. Хүн хүч хангалттай гэж ойлгож болох уу?

-Аль 2000 оны үед байсан бүтэц тэр чигтээ байна шүү дээ. Тэрнээс хойш бидний үйлчилгээ үзүүлдэг хэмжээ өргөжөөд ирэхээр хүн хүч ч гэсэн нэмэгдэх ёстой юм байна. Яахав, орон нутагт мэргэжлийн боловсон хүчин жаахан дутмаг байна.

-Танай аймаг МСҮТ-тэй шүү дээ. Тэндээсээ төгсөгчдийг аваад ажиллуулах боломж хэр байдаг юм?

-Инженерүүд энд бэлтгэгдэж байгаа. Уг нь олон хүүхэд төгсдөг ч хаашаа шингэчихээд байдаг юм, алга болчихоод байх юм байна шүү дээ. Харьцангуй цөөхөн хүүхэд олж авдаг. Гагнуурчин аваад гайгүй сайхан юм сургаад ирэнгүүт уул уурхайн компаниуд цалингаар зодоод аваад явчихаж байгаа юм. 10, 20-иор нь сургаад л алдаад байна. Хүний эрх юм чинь яалтай билээ. Манай ажил хүнд болохоор сайн сурдаг шиг байгаа юм. Амархан дадлагаждаг. Манайд ажиллаж байсан таван ч хүн гагнуурын багш хийж байна.

-Хүмүүст илч халуун түгээдэг хүнийхээ хувьд та ямар үед өөрийнхөө хийсэн ажилд сэтгэл хангалуун байдаг вэ?

- Миний хамгийн дуртай зүйл юу гээч, өвлийн хүйтэнд гэртээ подволктой сууж байгаа хүнийг харах. Үйлчилгээний байгууллагуудаар ороход хүмүүс хөнгөн нимгэн  сууж байхыг харахаар сэтгэл нэг их гоё болоод явчихдаг юм. Энэ бол манай 300 гаруй ажилтны  бүгдийнх нь халтайхдаа халтайж, баярлахдаа баярлаж зүтгэж явсны үр дүн. Ороод очиход гадуур хувцастай сууж байх юм бол дотор эвгүй болоод, өөрөө буруутай юм шиг санагдаад явчихдаг юм. Ерөөс тийм шүү дээ. “За байз, манайхаас болсон юм болов уу, эдний шугамнаас болсон юм болов уу” гээд л бодно.

     Цаашид бидэнд хийх ажил маш их бий. Ихэнх станц улсаас татаас авдаг болохоор Багануурын станц энэ тэр их цэвэрхэн, гоё шүү дээ. Манайх тийм хэмжээнд хүрээгүй. Хүрэхийн төлөө манай хамт олон зүтгэх болно. Нэг үеэ бодвол хонгилын үзүүрт гэрэл байтугай, том бамбар харагдаад байгаа.

“Монголд хамгийн бага үнийг мөрддөг”

“Чандмань-Илч” компанийн Ерөнхий нягтлан бодогч Э.Наранбаатартай ярилцлаа.

-Танай компани жилд хэчнээн төгрөг эргэлтэд оруулдгийг сонирхож болох уу?

-Жилдээ дөрвөн тэрбум төгрөгийн орлоготой. Эргээд тэр хэмжээний зардал гардаг юм. Жилийн алдагдлын хэмжээ 100-200 сая төгрөг байдаг. Бидний бизнес төлөвлөгөөгөөр бол 500-600 сая төгрөгийн алдагдал гардаг. Зундаа тендерийн ажил их хийдэг учраас, тэрнээс олсон ашгаараа алдагдлаа бууруулж байгаа.

-Өр авлага их бий юү?

-Мэдээж, дулааны станцад байлгүй яахав. 300-гаад сая төгрөгийн авлагатай. Мөн хэмжээний өр төлбөртэй, баланс бариад л явж байгаа. Сүүлийн 2010 оноос хойш санхүүгийн байдал маань харьцангуй тогтворжиж байна. Бидний яриад байгаа нөгөө тендерийн ажлаас л тогтворжиж байгаа юм. Яг өөрийнхөө үйл ажиллагаагаар явна гэвэл улам бүр алдагдалд орно. Яагаад гэхээр бид 2010 оны нэгдүгээр сараас хойш дулааныхаа үнийг огт нэмээгүй. Тухайн үед яг зардалдаа тааруулж нэмсэн. Тэрнээс хойш шатахууны үнэ хэд дахин өссөн билээ. Дээр нь нүүрс, тээврийн хөлс, төмөр зам, бараа бүтэгдэхүүн өргөн хэрэглээний үнэ бүгдээрээ өссөн. Инфляц ямар түвшинд өснө, тэр хэмжээгээр үнээ нэмж барьж авахгүй бол алдагдалд ордог.

-Үнэ нэмэх төлөвлөгөө бий юү?

-Төлөвлөгөө гаргаад холбогдох газрудад хүргүүлсэн байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооныхон өнгөрсөн 2011 онд манайхтай танилцаж, дүгнэлт гаргасан юм. Монголд хамгийн баг үнэ тарифыг Дорноговийн дулааны станц мөрдөж байна гэсэн. Монголд 180 төгрөгөөр метр квадратаа тооцдог дуулааны станц манайхаас өөр хаана ч байхгүй.  Доод тал нь 320 төгрөг гэж байгаа юм. Аж ахуйн нэгжид 1000 төгрөг гараад явчихсан. Харин манайх НӨАТ-тайгаа 950 төгрөг байгаа.

   Өнгөрсөн жил үнэ нэмнэ гэж байгаад жаахан хойшлуулсан. “Өнөө маргаашдаа нэмэх боломжгүй, долдугаар сарын эхнээс нэмж болох юм” гэж зөвлөлийнхөн хариу өгсөн. Сүүлийн үед хэрэглэгчийн тоо эрс нэмэгдэж байна.

 -Цэвэр усаар хангах үйлчилгээний үнэ ямар байгаа вэ?

-Усны үнийг 2011 онд нэмж байсан. Айл өрхөд 60 мөнгө, албан газарт хоёр төгрөг 50 мөнгөөр хүрч байна. 80 хувь нь бохир байдаг. Цвэр усаар хангах ажилдаа бид нэлээд алдагдал хүлээдэг. 20 хэдэн км-ээс цэвэр усаа татдаг юм. Гуван өргөх станцаар өргөдөг, станцууд дээр бүгдэд нь  машинист бий. Зөөврийн худаг бас бий. Аймагтаа 16 худагтай. Ус түгээгч нэг худгийн сарын борлуулалтын орлого 120 мянга орчим байхад нэг ажилчны цалин 200 мянга байх жишээтэй. Нэг худгаас бид 80-90 мянган төгрөг лав алдаж байгаа юм. Дээр нь хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, хувцас гээд бүгдийг нь хангана.

-Улсын төсөвт жилд хэчнээн төгрөг төвлөрүүлж байна?

-Татварт жилдээ 700 сая, нийгмийн даатгалд 200 сая төгрөгийн орлого төвлөрүүлж байна. Жишээлбэл, татварын албаны дээд шагнал Хөх дэвтэрийг өнгөрсөн жил бид авсан. “Шилдэг татвар төлөгч”-өөр жил болгон тодордог. Бид зөвхөн өнгөрсөн арванхоёрдугаар сард гэхэд татварт 120 сая, нийгмийн даатгалд 60-аад сая төгрөг төвлөрүүллээ.