
Э.ОРХОН, Э.ӨНӨР
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Багшийн хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Бага, дунд ангийн багш нарын заах арга зүйг өөрчилж, сургалтын чанарыг сайжруулах зорилготой эхэлсэн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт өнөөдөр дуусна. Монгол улсын нийт ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын заах арга зүйг сайжруулахын тулд аймгуудыг төвийн, говийн, баруун, зүүн бүсээр нь хуваан сургалтаа явуулсан юм. Өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт болсон зүүн бүсийн аймгуудын багш нарын сургалт өндөрлөсөн. Заах арга зүйн шинэчлэлийн сургалтад бага, дунд ангиудад 5-6 жил ажилласан залуу багш нар хамрагдаж байгаа юм. Боловсролын чанарыг шинэчлэхэд багш бүрийн оролцоо хамгаас чухал гэдгийг салбарын яам онцолж буй. Тиймээс нийслэлд хүрэлцэн ирж сургалтад хамрагдсан орон нутгийн багш нарын сэтгэгдлийг сонслоо. Тэд бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын чиглэл, Багшийн ажлын эрхзүйн орчин, Багш мэргэжлийн онцлог, Багшийн харилцааны ур чадвар, мэргэжлийн ёсзүй, анги удирдсан багш эцэг эхтэй харилцах ур чадвар, хүүхдийн хөгжил, Ахлах ангийн сурагчдид мэргэжил сонгох чиглэл зэрэг сэдвээр номын дуу сонслоо. Сургалтын үеэр зарим багш нартай уулзаж, цөөн хором ярилцлаа.
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш Р.Цэрэн-Очир:
БАГШ БОЛ ХАМГИЙН САЙН СУДЛААЧ БАЙХ ЁСТОЙ
-Сургалт нэлээд үр дүнтэй болсныг орон нутгаас ирсэн багш нар онцолж байна. Таны хувьд энэ сургалтыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Долоо хоног үргэлжилсэн сургалтад олон сэдвээр хичээл, лекц орлоо. Их сургуульд үзэж, судалж байснаа эргэж сэргээсэн өдрүүд ч байлаа. Боловсролын салбарын шинэчлэлтэй холбоотой шинэ содон мэдээлэл цуглуулсан үе байлаа. Миний хувьд энэ сургалтад сууснаар багш хүн хамгийн сайн судлаач байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Багш хүн судлаач байснаар шавийнхаа юуг хүсч, мөрөөдөж байгааг олж мэдэхээс гадна түүний нууц авъяасыг нээж чадна. Мөн тэрхүү судалгаан дээр үндэслээд тэдэнд сонирхолтой хичээл зааж, гэрийн даалгаварт нь нөлөөлж чадна. Сайн судалгаа багш нарт заах хичээл, өгөх даалгавараа хэрхэн оновчтой төлөвлөхөд ихээхэн тус болж чадах юм байна. Багш нар шавьтайгаа өдрийн ихэнх цагийг хамтдаа өнгөрөөдөг ч хүүхэд бүрийг таниагүй л байдаг шүү дээ. Харин тэднийг нэг бүрчлэн танихад судалгаа хамгийн том үүрэг гүйцэтгэдгийг сургалтад суух явцдаа олж мэдсэн багш нар олон байна.
-Багш нарыг хүүхдийг хүмүүжүүлэх идэвхитэй арга барилд суралцахыг уриалж байгаа. Таны хувьд хүүхэд бүртэй тулж ажиллах гол зарчим юу байх вэ?
-Багш бүрт хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх анхны мэдэгдэхүүн байгаа. Үүн дээрээ дөрөөлөөд сургалтын аргууддаа бага зэрэг өөрчлөлт хийж идэвхитэй аргуудыг л сонгох юм. Тэрнээс биш сургалтын идэвхтэй аргууд гэж огт мэдэхгүй шинэ зүйл биш шүү дээ. Миний хувьд хүүхдийг амьдралд илүү ойрхон байлгахыг чухалчилж байна. Тухайлбал, Байгалийн ухааны хичээлээр модны талаар хичээл орсон бол түүний ач холбогдлын талаар уншуулаад, бичүүлээд байхдаа гол нь биш тэднээр мод тариулж, тарьсан модыг нь өөрөөр нь арчилж, услуулж байхыг илүүд үзэж байгаа.
-Ахлах ангийн сурагчид мэргэжлээ зөв сонгоход эцэг, эхчүүд, багш нарын оролцоо их чухал. Тэднийг мэргэжлээ сонгоход багш нар юунд анхаарах ёстой вэ?
-Хүүхдүүд ихэвчлэн мэргэжлээ аав, ээжийнхээ оролцоотойгоор эсвэл найзынхаа нөлөөтэйгээр сонгодог байсан үе бий. Харин сүүлийн үед хүүхдүүд өөрийнхөө хүсэл сонирхолд тулгуурлаж мэргэжлээ сонгодог болсон санагддаг. Нэг үеийг бодоход хүүхдүүд мэдээлэл авах боломж нь бүрдсэн. Сонирхож байгаа мэргэжлийнхээ талаарх мэдээллийг өөрөө цуглуулах нөхцөл нь тэдэнд байна. Гэхдээ сумын сургуулийн хүүхдүүд өөрийнхөө сонирхсон, хүссэн мэргэжлээ гэр бүлийн нөлөөгүйгээр сонгож чадахгүй л байгаа. Бусдын нөлөөгөөр мэргэжлээ сонгосноос болж хичээлээ таслах, сургуулиа орхих, 1-2 жил завсардах гээд эдийн засгийн болон цаг хугацааны хохирол их байдаг. Ийм байдал одоо ч гэсэн байсаар л байна. Тиймээс багш нар тэдний ур чадварыг үнэлж, хүсэл сонирхолыг нь сонсох хэрэгтэй. Үүнийг нь аав, ээжид нь мэдээллэх нь бас чухал.
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын биологийн багш Д.Жавхлантөгс: 
ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН БАГШ НАР МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ ТУХАЙД НЬ АВЧ ЧАДДАГГҮЙ
-Багш, сурагч нэг бүрийг хөгжүүлье гэсэн хөтөлбөртэйгөө хэр уялдаатай сургалт болж байна вэ?
-Энэ сургалтад ирсэн багш нар азтай байна. Яагаад гэхээр хамгийн анх удаа ийм сургалтыг зохион байгуулж байгаа юм байна. Орон даяар зохион байгуулж байгаа учраас олон багш нар ирсэн байна. Энэ сургалтад ирснээр боловсролын шинэчлэлийн талаар дутуу ойлголттой байснаа мэдэж авлаа. Яаж өөрчлөгдөх, цаашид юу хийх зэргийг нэлээд нарийн мэдэж авч байна. Багшийн хөгжил, сургалтын идэвхтэй аргууд зэрэг олон зүйл мэдэж авлаа. Энэ удаагийн сургалтыг залуу багш нарт зориулж байгаа нь бас онцлогтой юм байна.
-Ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод багшийн үүрэг оролцооны талаар сургалт орсон гэсэн. Багш нар мэргэжил сонголтод ямар үүрэг гүйцэтгэх ёстой юм бол?
-Багш нар өнөөдрөөс эхлээд судлаач болж байна. Өмнө бид хүүхдүүдийг ерөнхийд нь дүгнэдэг байсан бол одоо тухайн хүүхэд юунд дуртай байна. Юунд тэмүүлж байгааг нь олж мэддэг судлаачдын үүрэгтэй боллоо. Хамгийн гол нь хүүхдийн өөрийх нь сонгож байгаа мэргэжлийн онцлогийг хэлж өгөх юм. Тиймээс хүүхдүүдийг дургүй зүйлрүүгээ хэн нэгний шахалтаар орохоос нь зайлсхийлгэх явдал юм.
-Хүүхэд, багш бүрийг хөгжүүлье гэж байгаа. Хүүхдийг хөгжүүлэхийн тулд багш өөрөө хэрхэн хөгжих ёстой юм бол?
-Багш хүн ажлын байран дээрээ тасралтгүй хөгжиж байх ёстой байдаг. Гэтэл хөдөө орон нутгийн багш нар мэдээллийг цаг тухай бүрт нь авч чадаагүйгээс хоцрох асуудал бий. Гэхдээ хүүхдээ хөгжүүлэхийн тулд багш илүү их мэдээ мэдээлэлтэй нэг алхамын урд байх ёстой. Үүний нэг алхам нь багш нарын сургалт юм. Сургалтаар олж авсан мэдээллээ баяжуулж хөгжих хэрэгтэй гэдгийг сургалтад ирснээр мэдэж авлаа.