З.НАРАН
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэлтэй ярилцлаа.

-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дарга Н.Энхбаярыг ямар үндэслэлээр УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь түтгэлзүүлсэн юм бэ. Энэ тухай уншигчдад дахин сануулбал?
-Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн олон улсын гэрээ болон Монгол Улсын Үндсэн хуульд “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан нь Н.Энхбаярын хувьд ноцтой зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн прокурорын орлогч, түүнчлэн Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч шүүх хуралдаанаас өмнө тодорхой эрх баригчдын улс төрийн захиалгаар Н.Энхбаярыг шууд гэмт хэрэгтэнд тооцож, СЕХ-нд албан бичиг явуулж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс хасахыг санал болгосон. Үүнийг СЕХ үг дуугүй гүйцэтгэсэн. Ингэхдээ тэд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 27.5.2-ыг удирдлага болгосон. Сонгуулийн хуулийн энэ заалт нь нэр дэвшүүлэхдээ тухайн хүний УИХ-ын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзнэ гэсэн агуулгатай. Н.Энхбаяр Монгол төрийг удирдах туршлага, мэдлэг чадвартай болохыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Түүнээс гадна хуучин ЗХУ-д тавьсан их өрийг тэглэх, бүтээн байгуулалтын их үйлс болох Мянганы замыг тавих, Монгол Улсын гадаад нэр хүндийг дэлхийн тавцанд дээшлүүлэх зэргээр эх орныхоо тусгаар тогтнолд онцгой хувь нэмэр оруулсантай маргах хүн нэг их олдохгүй байх. Энэ хувь хүний энэ их хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэж, түүний нэрийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс хассан нь Монголын түүхэнд дахин гарч байгаа улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэгэн бодит жишээ болж түүхэнд үлдэх болж дээ.
-Үндсэн хуулийн цэц Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хассан асуудлаар хэзээ хуралдаж хариу өгөх бол?
-Н.Энхбаяр төдийгүй шударга ёсны эвслээс УИХ-д нэр дэвшсэн зургаан хүний улс төрийн эрхийг хоморголон хассан үйл явдал 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр болж өнгөрсөн. Эдгээр нэр бүхий Монгол Улсын зургаан иргэн 2012 оны зургадугаар сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандахдаа сонгогдох эрх, түүнчлэн тодорхой нам, эвсэлд нэгдсэнийхээ төлөө ялгаварлан гадуурхагдаж, хэлмэгдүүлтэд өртөгдөхгүй байх эрх, үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх эрхээ хамгаалуулахын төлөө цэцэд өргөдөл гаргасан. Харамсалтай нь цэцийн гишүүн Т.Лхагваа цэцэд маргаан үүсгэх хууль зүйн үндэсгүй байна гэсэн хариуг зургадугаар сарын 25-ны өдөр өгсөн. Энэ өдөр бол нэр дэвшүүлж дуусах хамгийн сүүлчийн өдөр. Т.Лхагваад хууль зүйн боловсрол байхгүй, хуульч биш. Цэцийн гишүүн бол угтаа Үндсэн хуулийн шүүхийн шүүгч хүн. Энэ хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн өмнөхөн цэцийн гишүүн болгуулсан. Гэтэл цэцийн есөн гишүүн дотор туршлага, дадлагатай хэд хэдэн гишүүд байхад Т.Лхагваад бидний өргөдлийг хуваариладгийн нарийн учир юунд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Үндсэн хуульд заасны дагуу цэцийн гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүн байх ёстой. Т.Лхагваа бол энэ шаардлагад нийцэхгүй. Т.Лхагваа өргөдлийн хариуг өгөхдөө Н.Энхбаярыг жишээлэхэд, урьдчилан хоригдож байхдаа эрүүгийн байцаан шийтгэх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалтыг үл биелүүлсэн гэсэн үндэслэгээ гаргасан байна лээ. Гэтэл цэцийн гишүүн бидний өргөдлийг шийдвэрлэхдээ цэцийн тухай болон цэцэд хэрэг маргааныг шийдвэрлэх тухай хуулийг баримтлах ёстой. Хэрэв дараах дөрвөн үндэслэлийн аль нэг нь байгаа бол цэцийн гишүүн маргаан үүсгэхгүй байж болно. Нэгд, Цэцэд өргөдөл гаргах холбогдох шаардлагыг хангаагүй. Гэтэл бидний хувьд хуулийн шаардлагыг хангасан учраас цэц өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Хоёрт, тухайн маргаан цэцэд харьяалагдах ёстой. Манай улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүний сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагаас гаргасан шийдвэрийн маргааныг цэц хянан шийдвэрлэнэ гэсэн байгаа. Гуравт, Цэцэд эрх бүхий субьект өргөдөл гаргах ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр иргэний хувьд нэг бүрчлэн өргөдөл бичнэ гэсэн үг. Энэ шаардлагыг нэр бүхий зургаан хүн бүгд биелүүлсэн. Дөрөвт, уг маргааны талаар урьд нь цэц хянан шийдвэрлээгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, цэцийн хүчин төгөлдөр ямар нэгэн шийдвэр гараагүй байна гэсэн үг. Ийм нөхцөлд цэцийн гишүүн зөвхөн маргааныг үүсгэж цэцийн хуралдааны бэлтгэлийг хангах ёстой байсан. Хөөрхий, Т.Лхагваа ядахдаа хуулийнхаа өмнөх заалтыг сайтар уншиж асуудлыг шийдвэрлэх байсан. Намайг болохоор МАН-ын бага хурлын гишүүн байсан гэж бичсэн байна лээ. Шударга бусын туйл болсон Ц.Нямдоржийг огцруулахаас элгээрээ өмгөөлөн хамгаалсан МАН-д намайг заавал байлгах гээд байгаа Т.Лхагвааг юу гэж хэлтэй юм билээ. Тийм учраас Т.Лхагваагийн гаргасан тогтоолд бид давж заалдах гомдлыг зургадугаар сарын 26-нд гаргасан. Удахгүй цэц энэ асуудлыг шийдвэрлэнэ.
-Н.Энхбаяр даргын нэрийг хассан нь улс төрийн зорилготой сонгуулийн шоу байсан уу. Хуульд юу гэж заасан байдаг вэ?
-Н.Энхбаяр төдийгүй Шударга ёсны эвслээс эрх баригчид үнхэлцэгээ хагартал айж байна гэдгээ харуулсан нэг ёсны нотолгоо болсон.
-Хэрэв цэц Н.Энхбаяр даргын талд шийдвэр гаргаж нэр дэвших эрхийг нь сэргээвэл хууль бус шийдвэр гаргасан СЕХ хариуцлага хүлээх хууль байдаг уу?
-СЕХ-ны гишүүд олонхийн санал хураалтаар шийдвэрлэсэн гэж би сонссон. Энэ шийдвэр бол нэг ёсны улс төрийн хэлмэгдүүлэлт. 1920-оод оны эхээр Монголын нийгмийн оюуны цөм болсон хэсгийн эхлээд улс төрийн эрхийг хассан. Дараа нь хоморголон амь насыг нь егүүтгэсэн. Энэ аймшигтай түүхэн сургамж дахин давтагдах вий гэдгээс миний хувьд ихэд болгоомжилж байгаа.
-Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал долдугаар сарын 18-нд болно. Энэ шүүх хурлын шийдвэр хэрхэн гарах бол. Таны бодол?
-АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн удирдлага удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаярыг яллаж буй таван хэргийн талаар мэдээлэл өгсөн. Би мэргэжлийн хуульчийн хувьд энэ мэдээлэлд үндэслэн та бүхэнд хийсэн дүгнэлтээ хэлье гэж бодож байна. Нэг, “ТВ9” телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа завшсан гэж яллаж байгаа юм билээ. 90-ээд оны сүүлчээр Японы буддын шашны байгууллагын урилгаар Н.Энхбаяр болон Монголын бурхан шашинтны төв- Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нарын хүмүүс айлчлал хийх үеэр Японы тал Монгол Улсад буддын шашныг сурталчилахад зориулж телевизийн камер бэлэглэсэн юм билээ. Түүнийгээ авч ирэхдээ хэрэв Гандантэгчинлэн хийдэд буулгах юм бол тус хийдэд бэлэглэсэн болох учир Рэнбүүчий хийдэд хадгалсан. Телевиз байгуулахын тулд сувгийн тусгай зөвшөөрөл, байр, боловсон хүчин гээд маш их хөрөнгө оруулалт шаардагдсан. Тийм учраас Н.Энхбаяр хамба лам Д.Чойжамц хоёр тус бэлгийг авсанаас хойш бараг жил орчмын дараа уулзахдаа телевиз байгуулах тал нь тоног төхөөрөмжөө авъя, нөгөө талдаа тал мөнгийг нь өгье гэж тохирчээ.
Тэргүүн хамба телевиз байгуулж чадахгүй учир начраа хэлсэн. Ингээд Н.Энхбаяр хамба ламд 50 мянган ам.доллар өгсөн. Түүнийг нь хамба лам Гандантэгчинлэн хийдэд шилжүүлсэн. Үлдсэн тал үнийг нь үнэ төлбөргүй шашны нэвтрүүлэг хийж өгөхөөр тохиролцсоноо биелүүлсэн. Тэр тоног төхөөрөжид суурилаж байгуулагдсан ТВ9 телевиз Н.Энхбаярын гэр оронд биш харин монголчуудын тусын тулд олон нийт хүлээн зөвшөөрсөн телевизийн хүчтэй суваг болж өргөжсөнийг та бид сайн мэдэж байгаа. Манай улсын Эрүүгийн хуульд энэ үйлдэлд ял өгөх зүйл заалт байхгүй. Хоёрт, Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа хэвлүүлсэн номыг нь МИАТ компани БНСУ-аас тээвэрлэж ирсэн. Одоо тээвэрлэлтийн зардлыг нь гэмт хэргийн хохирол гэж АТГ үзэж байгаа юм билээ. Ерөнхийлөгчийнхээ хэвлүүлсэн номыг үнэ төлбөргүй тээвэрлэж чадахгүйдээ хүрсэн юм бол зардлын төлбөрийг нь нэхэмжлээд авна биз. Ер нь энэ бол гэмт хэрэг биш харин тээвэрлэлтийн гэрээний асуудал. Гурав, дөрөв дэх асуудал нь Улаанбаатар таймс, Өргөө зочид буудалд хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон, зарим талаараа хувьчлалтай холбоотой гэсэн асуудал юм билээ. Н.Энхбаярыг эдгээрт яллаж байгаа асуудал нь нэг талаар ойр дотных нь хүмүүс оролцсон. Нөгөө талаар сонгон шалгаруулалт хийгдээгүй гэж АТГ үзэж байгаа юм билээ. Одоо тэдгээр үл хөдлөх хөрөнгүүд үрэгдээгүй хэвээрээ байгаа. Хувьчлалын журам зөрчигдсөн юм бол улс буцаагаад авна биз, энд учирсан хохирол гээд байх юм байхгүй. Хамгийн сүүлд нь түүнийг яллаж байгаа бас нэг асуудал бол Монгол Оросын хамтарсан үйлдвэрийн ерөнхий захиралд нэгэн бизнесмэнийг харж үзээрэй гэж хэлсэнд нь буруутгаж байгаа юм билээ. Хэн ч гэсэн бие биедээ хэн нэгэн хүнийг харж үзээрэй л гэдэг биз дээ. Харин тэгэхдээ шийдвэр гаргах гэж буй этгээд хууль бус бол би чадахгүй л гэнэ биз. Зөвхөн тэгж хэлсэний төлөө хэн нэгэн хүнийг шоронд хатаах гэж байгаа бол эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн бүх Монголчууд шоронд амьдрах л үлдэж дээ.
-Хэрэв цэцийн шийдвэр та бүхний хувь нааштай болбол УИХ-ын гишүүн болох нь дээ. Таныг УИХ-д ороосой гэж хүсэж байгаа олон хүн байгаа. Тэд танаас Монголын хуулиудыг шударга болгож, ирээдүйдээ итгэлтэй амьдрах боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж хүсч байгаа?
-Миний хувьд анхны УИХ-д сонгогдож, хүнд хэцүү нөхцөлд хууль тогтоогчоор ажиллаж байсан туршлага бий. Нөгөө талаар би бол Монголын хууль зүйн шинжлэх ухааны томоохон төлөөллийн нэг. 2012 оны УИХ-д миний олон шавь нар сонгогдсон. Тэднийхээ дэргэд хуулийн хүнд хэцүү олон асуудалтай энэ биеэрээ орооцолдож явсан, хэн хүнд нэг их байхааргүй их туршлага, мэдлэг, чадвар надад хуримтлагдсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд би энэ удаагийн УИХ-д орж ажилламааргүй байна. Яагаад гэвэл хэтэрхий ганцаардана. Үнэнийг хэлэхэд Монголын нийгэмд үнэн гэдэг зүйл байхгүй болсон. Ичих эмээх булчирхай нь ажиллагаагүй болсон улс төрчдийн тоо эрс нэмэгдсэн. Үнэнч, шударга хүнийг эрүүл бус хэмээн үздэг УИХ битгий хэл түүнээс эрс өөр газарт байх ёстой олон хүн энэ УИХ-д орсон. Миний хувьд цэц асуудлыг яаж ч шийдвэрлэсэн хамаагүй. Гэхдээ хойч үе түүхэн баримт сөхөөд Монголын нийгэм ийм их шударга бус байсан юм уу гэж гайхширах түүхэн баримтыг эрх бүхий байгууллагаар гаргуулж үлдээе гэж бодож байгаа.