Төрийн шагналт зохиолч

Д.НЯМАА

 

Цагаан сарын шинийн нэгний өглөө говийн тэмээчид “Буур хаашаа харж хэвтсэн байна вэ” хэмээн хэлэлцдэг байсан гэх. Тэр нь шинээр гарч байгаа жилийн өлзий буяны цаг зүг аль тийшээ байх нь вэ хэмээн тандах гэсэн ардын бас нэгэн уламжлалт зан үйл болол­той. Тэгвэл тэмээний ту­хай бараг ярьж дурсахгүй болж орхисон өнөө үед бид “Буур хаашаа харж хэвт­сэн байна вэ” гэж бие биенээсээ асууж сураг­лахаар болчихсон байх шиг санагдана. Говийн малчдын энэ үгээр би тэ­мээчдийн тухай энэхүү дурсамж тэмдэглэлээ эхэлье юү. Монголын төр, засаг 1972 оны үеэс тэмээн сүргийг өсгөх, тэмээчдийг дэмжих талаар онцгой анхаарал тавьж эхлэхийг би мэдэрч явсан хүний нэг.

Энэ ажлын эхлэл нь Намын Төв Хорооны IX бүгд хурал (1971) гэдгээс улбаатай. 1973 онд “Тэ­мээн сүргийг өсгөх талаар авах арга хэмжээний ту­хай” тогтоол гарсан. Тэмээ өсгөсөн сумдыг урамшуу­лах “Мөнгөн буйл” шаг­нал бий болгосон. 1973 оны гуравдугаар сард Дундговь аймгийн Өлзийт суманд Тэмээчдийн анх­ны баяр наадам зохион байгуулж тэмээний урал­даан, буйл зорох, бурантаг томох тэмцээн зэрэг шинэ ажлыг зохион байгуулсан. Тэмээгээ түмд хүргэсний учир манай Өлзийт сум мөнгөн товхтой мөнгөн буйлаар шагнагдаж, дарга Н.Намшир “Алтан гадас” одонгоор энгэрээ цоолж байсан түүхтэй. Хамгийн сайхан нь 1975 оны арван­нэгдүгээр сарын хорьдоор Улсын тэргүүний тэмээч­дийн анхдугаар зөвлөгөөн Өмнөговийн Даланзадгад хотод их хөл нүргээнтэй болж өнгөрсөн. Энэ зөв­лөлгөөнд миний бие хо­тоос яваа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж оролц­сон юм. Тэр үед би тэмээний тухай олон шүлэг бичиж, 1974 онд “Тэмээний нутаг” яруу найргийн ном хэвлүүлс­ний учир МЗЭ-ийн шаг­нал хүртэж байсан юм. Бас 1975 оны зун говьд явж амрах зуураа нутгийн тэ­мээчидтэй уулзаж “Тэ­мээ­ний жаргалын орон” гэдэг томоохон тэмдэглэл бичиж “Утга зохиол, Ур­лаг” сонинд нийтлүүлсэн. Миний “Тэмээний нутаг” номоор Монголын радио­гийн сэтгүүлч Д.Пэлдэн гэдэг хүн 40-өөд минутын нэвтрүүлэг бэлтгэж, тэмээчдийн зөвлөгөөний өмнө радиогоор хэд хэдэн удаа нэвтрүүлж байсан зэрэг хэлэхээр юм бий. Түүнээс уламжлан тэ­мээч­­дийн зөвлөгөөний зарим баримт бичигт бус­дын хамт намайг ажил­луул­с­ан. Тэмээч­дийн сэдвээр зохиолч Б.Бааст сэтгүүлч С.Жамбалдорж, П.Төмөрбаатар нар тас­ралтгүй бичиж байсан. Б.Бааст, С.Удвал нарын “Мянган тэмээтийн хүү” шинэ жүжиг Өмнөговийн театрт тоглов. Алдарт дуучин П.Адарсүрэнгийн “Тэмээн дээрээс наран ойрхон” гэдэг дуу энэ үеэр орон даяар цуурайтаж эхэл­сэн... зэрэг ярьж дурсахаар юм олон бий. Энд би тэр болгоныг биш Монголын тэмээчдийн анхдугаар чуулганд орол­цож, тэмээ маллах арга  эрдэмээ солилцож явсан тэр үеийн алдарт хүмүүс­тэй нэг дор уулзсанаа нэхэн дурсмаар санагдлаа.

Манай эх орны Алтай, хангай, говь, дорнодын тал нутгаас тэмээчдийн хөлөглөсөн мөнгөн цагаан онгоц Өмнөговийн буу­далд шил шилээ даран газардаж байв.Онгоцны хаалга онгойход өвлийн дээл малгайтай газар газ­рын тэмээчид одон меда­лиа гялалзуулсаар бууж ирэхийг бид бахархан харж зогслоо. Тэдний дунд Н.Хүрээт, Д.Цэнд, Б.Үрч­гэр, Ж.Маань, Завханы Бумбаа зэрэг хөдөлмөрийн арваад баатар байсны дээр Сүхбаатар аймгийн  тэмээ­чин Л.Самдан гуай Даланзадгад хотод ирээд баатар болж байсан. Монголд анх удаа болсон тэмээчдийн энэ чуулганд Намын Төв Хорооноос Н.Жагварал, Т.Рагчаа, Л.Балдандаш, Ц.Балхаа­жав зэрэг албаныхан М.Даш сайд, эмэгтэйчүү­дийн хорооны дарга С.Удвал нарын хүмүүс очиж байсан юм.

Даш сайд илтгэл тавьж, Рагчаа дарга дэлгэ­рэнгүй үг хэлж байсныг би санаж байна. Тэрээр хэл­сэн үгэндээ тэмээний хо­рогдол их бай­гааг онцлон дурдаад “Ингэ нэг удаа сувайрснаар 700 гаруй хоногийн хугацаанд түү­нээс үр төл, сааль сүү, авах орлогыг алдан эдийн засгийн хувьд үлэмж хохи­рол гарч байна” гэсэн нь үнэхээр бодууштай санаа байв. Эх орны зүг зүгээс ирсэн тэмээчид, мал аж ахуйн мэргэжилтэн, тэмээ судлалын эрдэмтэд, удир­дах ажилтан, зохиолч сэтгүүлчид, киночид гээд тоолвол 300 шахам хүн улсын анхны энэ том чуулганд оролцсон юм билээ. Зохиолчдоос энэ чуулганд Удвал ахайтан, Бааст гуай бид гурваас өөр хүн байгаагүй. Бөхийн Бааст гуай Монголын зо­хиолчдын бүтээлээр “Ган­ган улаан тэмээ минь” гэдэг арваад хэвлэлийн хуудас ном эмхэтгэж гаргаад зөвлөгөөний үеэр тарааж байснаас бид олж авсан. Энэ номд “Хоёр тэмээг нэг бурантгаар хөтлөнө” гэсэн хээлтэй ингэний тухай оньсогоос эхлээд “Тэмээ говийн чимэг, Тэрэг хотын чи­мэг” зэрэг олон зүйр цэцэн үгс “Сэгс цагаан Богд”, “Хоёр хар буурын туурь”-иас эхлээд манай зохиолч­дын олон шилдэг бүтээл байсан. Ийнхүү тэмээч­дийн магнай тэнийсэн 1975 онд манай улс 610 гаруй мянган тэмээтэй, түүнийг 1730 суурьт мал­ладаг 5700 гаруй тэмээ­чидтэй гэж байсан. Хөдөл­мөрийн баатар тэмээчин арав хүрээд байв. Тэд энэ чуулганд анх бүгдээрээ цугларч уулзах шиг санагдсан. Эмэгтэй баатар Бумбаа гуай “Би Цэнд, Бямбасүрэн, Үрчгэр, Маань Самдан нартай анх уулзаж танилцлаа” гэж ярьж байсан. Олон жилийн турш тэмээний эх орон болж явсан Өмнөговь аймгийн даргаар ажиллаж байсан Т.Наранхүү гуай 2009 онд сэтгүүлч С.Зэв­сэгтэй ярилцахдаа. “Ма­най улс 1956 онд 856 мянган тэмээтэй байсны 196 мянга нь Өмнөговьд байсан... Харин манай Номгон сум 1956 онд 10 мянган тэмээтэй байсан бол одоо 3000 болсон. На­майг 1973 онд Өмнөговь аймгийн даргаар очиход манай аймаг 123 мянган тэмээтэй байсан. 13 жил ажиллаад 1986 онд буцахад 136 мянган тэмээтэй болж, өөрөөр хэлбэл жилд мян­ган тэмээгээр өссөн бай­даг” гэж ярьсан юм. Тэ­мээг ийнхүү өсгөж байсан цаг бидэнд бас байжээ. Тэр нь юуны өмнө сайн тэмээчидтэй холбоотой. Энэ тухай өгүүлбэл тэмээ маллах аргын талаар баат­рууд зөндөө ярив. Н.Хүрээт гуай “Тэмээ өөртөө ши­рүүн гараар хандсан хүнийг үзэж чаддаггүй” гэж байхад Ж.Маань гуай “Тэмээ чинь зөөлөн оролд­дог хүнийг андахгүй” хэмээн бататгаж байсан. Тэгвэл Д.Цэнд гуай “Тэмээг номхон байлгая гэвэл насан туршид нь энэрэнгүй хандах хэрэг­тэй” гэж ярихад Өвөрхан­гай аймгийн Тахь нугын тэмээчин Дашцэрэн гэдэг хүн “Эр чадлаар маллая гэвэл тэмээг хэн ч дийлэх­гүй” гэх зэргээр ам санаа нь айхтар нэгддэг юм билээ. Тэдний яриаг тус тусад нь уулзаж тэмдэглэж авахад ийнхүү нэг хүний үзэл бодол шиг таараад байдаг нь сонин санагдаж байлаа.

Тэмээ хариулахдаа анхаа­рах зарим нэг зүйлийн талаар Б.Үрчгэр гуай “Тэмээ хариулж яваа хүн агаарын даралт ямар байгааг сонирхож явах хэрэгтэй. Би шувууны нислэгээр агаарын даралтыг тоймлож явдаг” гэж байхад. Н.Хүрээт гуай “Тэмээг алсын бараа харагдах газар хариулахад дуртай байдаг юм” гэж байсан. Гэтэл Д.Цэнд баатар “Халууны тэмээ сүүдэрт их дуртай амьтан. Заг, хайлаасны сүүдэрт орчихоод гарахгүй шүү дээ” гэж ярьсан. Баат­рууд­тай ийнхүү ярьж бай­хад тэмээний зан аран­шин гэж судалмаар нарийн зүйл байх шиг санагдсан. Самдан баатар “Тэмээг ботголоход дэргэд нь хүн, мал, нохой байлгахгүй байхыг хичээх хэрэгтэй” гэж байсан. Тэгвэл хэзээ хойно Хөвс­гөлд явж байгаад цаатан­гуудтай уулзахад “Цаа төллөх үедээ хөлсдөг (бишүүрхдэг) учир нохой, хүн ойртуулж болдоггүй гэж ярьсантай тэмээчин баатрын яриа тохирч байгаа нь сонин. Шаргын говьд тэмээ хариулж явдаг Б.Үрчгэр гуай “Ингэ буй­лах чинь баяртай гунигтай хоёр янзын эгшиг аялгуу байдаг юм шүү дээ” гэсэн. Өөш манхны говьд нүүж сууж явдаг өвгөн тэмээчин Д.Цэнд “Тэмээ тууж сур­сан тэмээ өөрөө туугаад явдаг. Ачаа хөтөлдөг тэмээ ямарч өвс ургамал замд тааралдсан бөхийхгүй хөтлөөд явдаг” гэж ярив. Тэмээг буйллах талаар яриа өдөхөд Өвөрхангай аймгийн ахмад тэмээчин, баатар Цэрэнпунцаг “Буйлт гээд байдаг чинь тэр насанд нь заавал буйллах хэрэгтэй гэсэн үг юм гэнэ билээ” гэж байхад Цэнд баатар “Би тэмээг жил бүрийн зул сарын шинийн гурванд буйлла­даг” гэж ярьсан. Зөвлөл­гөөнд оролцсон доктор В.Бүнчин гуай “Тэмээний хамрыг анх цоолохдоо хамгийн нимгэн мөгөөрс­тэй “ат хонхор” гэдэг цэгийг олж хатгах ёстой. Эс тэгвэл тэмээ унах эдлэ­хэд хатуу хамартай бол­чихдог” хэмээн сануулж байв. Тэмээний эмчил­гээний талаар сонсож явс­наасаа дурсахад, Цэдэв гэдэг эрдэмтэн “Цэвэл­ванчигдоржийн” Тэмээ­ний эмнэг засал сударт хамууг эмчлэхдээ халиар өвсийг цэцэгтэй нь хамт өгөх хэрэгтэй гэж бичсэн байдаг” хэмээн мэдээлж байхад Бумбаа баатар “Бот­го чацга алдахад ал­тан гагнуур чанаж уулга­даг” гэж ярьсныг би дэв­тэр­тээ тэмдэглэж авчээ. Энэ зөвлөгөөний нэг гол анхаарал тэмээн сүргийн хорогдлыг багасгах, зог­сооход чиглэгдэж байсан нь ойлгомжтой. Тэмээний хорогдлын нэг томоохон шалтгаан нь ингэ сувай­рах явдал гэж үзсэн байх юм. Тийм учир “Энэ одоо” гэсэн үгийг яриандаа олон дахин хэрэглэдэг Шаргын говийн тэмээчин Б.Үрчгэр гуай “Манай суурь 15 бууртай. Тэдний ороог зэрэг оруулах хэрэгтэй. Долоо найм хоног зэллэ­сэн буурыг сүүлд нь хол­дуулж уяна. Тэгээд дэргэ­дүүр нь тэмээгээ тууж бэлчээхэд буурын ороо эхэлнэ. Орохтой нь зэрэг ингээ хувиарлаж өгнө. Тийм нөхцөлд ингэ сувиа­рах явдал байхгүй” гэж ярьсан нь сонирхолтой сургамж мэт санагдаж байв.

Ийм маягийн яриа хууч эргэн тойронд өрнө­сөн Улсын тэргүүний тэ­мээчдийн анхдугаар  зөвлөгөөн Гурвансайхан уулын үзүүр хормойд гурав хоног үргэлжилж билээ. Үүнийг дурсан өгүүлэгч миний хувьд гэвэл, зөвлөгөөний сүүлчийн өдөр 36 насны минь төрсөн өдөр тохиосон учир нэг буудалд хамт байсан газар газрын тэмээчин баат­рууд­тай түүнээ ёсолж өнгө­рүүлсэн минь мартаг­дахааргүй ховор тохиол болж сэтгэлд үлджээ. Өнөө үзвэл миний тэмдэглэ­лийн дэвтэр дээр арван баатрын гарын үсэг зураас­тай хадгалагджээ. Зөвлөгөөн дуусаад “Тэ­мээчдийн алдар” хаалтын үзэшлэг зохион байгуу­лахад би ноднин намар нь бичиж нийтлүүлсэн “Хү­рээт гуай Улаан талбайд” гэдэг шүлгээ уншсансан. Олон жилийн дараа энд өгүүлсэн бүхнийг нэхэн бодож суухад тэмээн сүрэг, тэмээчдийн талаар 1990 оноос хойш бид бараг ярьсангүй шиг. Ялангуяа Улсын Их Хурлын танх­мын үгсийн санд “Тэмээ” гэдэг үг огт хэрэглэгдэхгүй болчихоод удаж байна уу даа гэмээр. Уул уурхай, төмөр зам, нүүрс тээвэр гээд ярихдаа “тэмээ” гэж хэлэхээс илт цэрвэн бишүүрхэж байна. 1990-ээд оны эхээр “Тэмээний тухай хууль” гэсэн нэр томъёо ганц нэг хүний амнаас гардаг байснаа чимээ алдчихлаа. Өмнө­говь, Дундговь, Дорно­говь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг тэмээтэй нутгаас сонгогдсон эрхэм гишүүд, юу ч дуугарахгүй “тэсээд” явах нь гайх­маар. Шинэ үеийнхний ихэнх хэсэг нь хурдан морь, машин тэрэгний хойноос хөл алдаж олон мянган жилийн турш биднийгээ тээж явсан тэмээн жин, тээврийн хэрэгслээ ор тас мартаж орхилоо. Уулган шарын домогтой Галбын говь, Шанхайн хэцийг харах­даа тэмээнд нь биш чулуунд нь тэд нүд унагаж байна. Уг нь Монголын говь дэлхийн тэмээний эх орон, үлэг гүрвэлийн яс хадгалсан газар, эртний домог түүхийн өлгий нутаг. Хориод жилийн өмнөхөн тэмээгээр дэл­хийд толгой цохьдог арван орны нэгэнд манайх багт­даг байсан. Одоо түүнээ­сээ бараг мултарчих шиг боллоо. Гол нь өмч хувьч­лалаар тэмээн сүргээ сүй­рүүлээд хаясан. Тэр үед буур хаашаа харж хэвтсэ­нийг ч анзаарах хүн бай­сан­гүй. Харин эдүгээ үед “Буур байна уу” гэж эрж сурахад хүрч байна. Иймд тэмээн сүргийнхээ зүг “шинэчлэлийн” нү­дээр харах цаг яах аргагүй бол­чихсон төдийгүй хэтэрчих гээд байх шиг санагдсан учир үүнийг тэрлэвэй. Буур хаашаа харж хэвтсэн байна вэ? Гарах гэж бай­гаа Хараг­чин могой жи­лийн цагаан сарын ши­нийн нэгний өглөө гэхэд Монголын хамаг буур Төрийн ордны зүг харж хэвтсэн байх болтугай хэмээн залбирч явья.