Щвейцарийн Женев хотноо болж байгаа ДЭМБ-ын гүйцэтгэх зөв­лөлийн 132 дугаар хурал­даанд оролцож буй Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ-ын Ерөнхий захи­рал Доктор Маргарет Чантай албан ёсны уул­залт хийжээ. Уулзалтын үеэр сайд Н.Удвал Др. Чаны удирдлага, ман­лай­лал дор хийгдэж байгаа тус байгууллагын бод­логыг Монгол Улсын зү­гээс дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан Шинэч­лэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг танилцуулсан бай­на. Мөн өвчтөний аюулгүй байдал болон эмийн аюулгүй байдлыг хангах, эрсдлийн удирд­лагыг нэвтрүүлэх зэрэг чиглэлд онцгой анхаарал хандуулах тухай ярилцаж, эрүүл мэндийн салбарын удирдлагын чадавхийг бэхжүүлэх талаар ДЭМБ-ын зүгээс анхаарч, энэ чиглэлийн тусгай сургалт, хөтөлбөр хэрэгжүүлж өгө­хийг Ерөнхий захирлаас хүсчээ. Үүний хариуд Др. Маргарет Чан сайд Н.Удвалын тавьсан хү­сэлт, санаачлагыг хүлээн авч, өөрийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажил­лахаа мэдэгджээ. Газар нутаг том, хүн ам сийрэг суурьшсан танай орны хувьд эрүүл мэндийн тус­ламж үйлчилгээг жигд хүртээмжтэй, цаг алдал­гүй хэрхэн хүргэдэг талаар сонирхож, энэ талаар тодруулж судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Н.Удвал сайд Др. Маргарет Чаныг 2013 онд багтаж Монгол Улсад айлчлал хийхийг урьсан юм. Харин хатагтай Др. Маргарет Чан урилгыг талархан хүлээж товыг дипломат шугамаар тохиролцохоор боллоо гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.