Х.ХУЛАН

 

Туул голын сав газарт хууль зөрчиж олгосон тал­байд гольфийн талбай бай­гуулсан солонгосуу­даас байгаль орчинд уч­руул­сан хохирол нэхэм­жил­сэн шүүх хурал өнгөр­сөн долоо хоногт болох байв. Гэвч Нийслэлийн газ­рын алба татан буугд­сан учир энэ хэрэгт хариу­цагч байхгүй гэж үзээд шүүх хурал хэсэг хуга­цаанд хойшилсон юм. Ямар­ боловч, газрын алба гэдгийн цаана тодорхой хүмүүс болоод, тушаал шийдвэрт гарын үсэг зур­сан эзэн байж таарна. Га­зар нь татан буугдсан ч, гарын үсэг зурсан эзэн “бурхан” болчи­хоо­гүй бол иймэрхүү хэрэгт ха­риу­цагч ол­дох­гүй байна гэдэг утгагүй тайлбар юм. Харьяалагдаж байсан алба нь татан буугд­сан нь ха­риуц­лагаас мултрах хал­хавч болох юм бол эзэн холбогдогчгүй хэргийн тоо энэ хүрээд төгсөхгүй нь ойлгомжтой.

Нэг жишээ дурьдъя. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Халзангийн да­ваа­ны урд энгэрийн нарс, шилмүү­сэн ойн арваад га газрыг “Тод хөгжил” ком­па­нийн­хан өнгөрсөн зунаас эхэлж хашаалжээ. Ойн тухай хуульд заас­наар ойн сан бүхий газрын эргэн тойрны 100 метрээс до­тогш талбайд газар ашиг­лах эрх хэнд ч байх­гүй. Бас хамгаалалтын бүсийн ийм ойд зөвхөн түлээний зориулалтаар гоожин бэлтгэх, гишүү түүхээс бусад үйл ажилла­гааг хориглосон байдаг.

“Тод хөгжил” компа­нийн хашаалсан энэ газарт анх 10 гаруй айл зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байж. Тэд эдгээр айлын эрхийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлснийг Сүх­баатар дүүргийн Газрын албаны дарга Ж.Батсай­хан гарын үсгээрээ батал­гаажуулж өгчээ. Хэдий­гээр газар олгох эзэмшүү­лэх эрх нь тухайн дүүргийн Газрын алба, Засаг даргын бүрэн эрхэд байдаг ч энэ нь Ойн тухай хууль, өөр ямар ч хуулийг зөрчиж болно гэсэн үг биш юм. Гэтэл яагаад ч юм, “Тод хөгжил”-ийнхөн Ж.Бат­сайхан дар­гын тусламж­тайгаар Хал­зангийн даваанд 1.4 га газрыг үйлчилгээ­ний зориулалтаар  эзэмших эрхтэй болчихож. Гэхдээ энэ нь үнэхээр хангалтгүй санагдсаныг тэдний тэлж хашаалсан талбай гэрчилнэ.

Цаасан дээр зөвшөөр­сөн нь хэдийгээр хагас га боловч тэдний “өөрсөддөө зөвшөөрсөн” газрын хэм­жээ, хүсэл хоёрт хязгаар гэж байхгүй бололтой. Одоогоор тус компанийн  хашаалсан талбай нүдэн баримжаагаар арван га. Үүнээс ч том хашаал­чихсан байсныг Нийслэ­лийн байгаль хамгаалах газраас хэр чадлынхаа хэмжээнд эсэргүүцэж, хэл ам болсны эцэст ийм хэм­жээнд “татчихаад” байгаа нь энэ гэнэ. Одоогийнхоос хэд дахин их, бүр хоёр дүүр­гийн нутаг дамнуулж хашаа хатгахаар ой дотор нүх ухсаныг та зураг дээ­рээс харж байна. Халзан­гийн давааны энэ хэсэг газар Сүхбаатар, Сон­гинохайрхан, Чингэлтэй дүүргийн зааг нутаг юм. “Тод хөгжил”-ийнхөн Сүхбаатар дүүргийн Газ­рын албаны даргаас авсан зөвшөөрлөөсөө хальж, Сонгинохайрхан дүүрэг хүртэл хашааны суурь цутгах нүх ухсан байсан нь тэр юм.

Анхнаасаа тус компа­нид газар олгосон нь хууль бус, авсан газраа арав, хорь дахин тэлсэн учраас Нийслэлийн бай­галь хамгаалах газраас өн­гөрсөн зун Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Тус дүүргийн прокурор уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гээд хэрэгсэхгүй болгосон байна.

Харин Ойн тухай хуулийг зөрчсөн учир эко­логид учруулсан хохирлын төлбөр болгож 800 мянган төгрөгөөр торгосон байна. Энэ нь хашаалсан тал­байнхаа хэсэг бут, сөөгийг сүйтгэсний нөхөн төлбөр. Цаашид, тодруулбал ирэх хавраас энэ хашаан дотор ямар хэмжээний ой устаж, хүнд техникт “гишгүүлж” дуусахыг хэн ч мэдэхгүй байна.

“Тод хөгжил” компа­нийн хашсан ойд биднийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр очиход манаач нь хашааныхаа хаалгыг тайлж өгөв. “Ямар ком­пани байдгийг мэдэхгүй, манаач буулгана гэсэн болохоор л ирж буусан” гэж байна.

Өндөр, өндөр ургасан нарс, шилүүсүүд ийм хэмжээнд хүртлээ их цаг хугацааг туулсан байж таарна. Ийм шигүү ойд “Тод хөгжил”-ийнхөн мод тарих гэж газар эзэмших зөвшөөрөл аваагүй нь мэдээж. Хэрэв томоохон амралтын газар, жуулчны бааз ажиллуулахаар төлөв­лөсөн бол энд ирэх хав­раас эхлээд хүнд даацын машин механизмын хү­чээр хэчнээн га ой сүйдэж мэдэх нь.

Эрүү үүсгэх боломж­гүй, тайрсан бут, сөөг­нийхөө хохирлыг төлчих­сөн, газар эзэмшүүлэх гэрчилгээнд гарын үсэг зурсан эзний ажиллаж байсан газар татан буугд­сан учраас Халзангийн давааны энгэр хэсгийн үзэсгэлэнт ой ингээд зөвхөн “Тод хөгжил”-ийн мэдэлд үлдчихлээ гэж үү.

Үндсэн хуульд заас­наар ой, ус бол төрийн өмч. Гэтэл өнөөдөр Халзангийн да­вааны энэ ой төрийн биш, “Тод хөгжил”-ийн өмч болчихоод байна. Ой мод яг ийм жишгээр төр гэдэг дээврийн дор харьяалаг­дахаа больж буйгийн ганц­хан жишээ энэ юм.

 

 Үргэлжлэл бий